Categories
гадаад мэдээ

“Covid-19” бүртгэгдээгүй 12 орны тухай

Коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн эсвэл дотроо тархсан нь бүртгэгдсэн 221 улс орон байгаа бол нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 12 бий.

1. АМЕРИКИЙН САМОА

  • Нийт хүн ам: 55’191 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэрийн хэмжээ: 200 км/кв

Өмнөд Номхон далайд байрлах АНУ-ын харьяа нутаг дэвсгэр. Үндсэн таван арлаас тогтох тус орон коронавирусийн дэгдэлт дэлхий даяар зарлагдах үеэс эхлэн хоёр сарын турш өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлажээ.

Нийслэл Паго Паго хотын эрүүл мэндийн байгууллагын хэлснээр коронавирус бүртгэгдээгүй нь гэнэтийн амжилт биш аж. Учир нь тус оронд 2019 оны сүүлчээр улаан бурхан өвчний халдвар тархаж байсан бөгөөд халдварын үед хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ шуурхай авч ажилласан байна. Коронавирус АНУ-д тархаж эхэлмэгч бүх сүм хийдийг хаасан гэж Америкийн Самоагийн ромын католик шашны тэргүүн Бишоп Петер Браун хэлжээ.

Улаан бурхан өвчний улмаас 2019 оны арванхоёрдугаар сард сургуулиудын үйл ажиллагааг хаагаад байсан бөгөөд коронавирустэй холбоотойгоор уг арга хэмжээг үргэлжлүүлсэн байна.

2. КИРИБАТИ

  • Хүн ам: 119,449 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 810 км/кв

Кирибати улс Хятад, Австрали, Шинэ Зеланд улсуудын тусламжтайгаар гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт коронавирусийг оношлох төхөөрөмжтэй болсон. Тус улсын коронавирусээс хамгаалах хамгийн том давуу тал нь Тувалу, Соломоны арлууд зэрэг оронтой адил байгалийн хүчин зүйл юм. Эх газраас алслагдсан 33 арлаас тогтох Кирибатид 2020 оны гуравдугаар сарын 28-нд онц байдал зарласан бөгөөд бүх нислэг, боомтуудаа хаасан байна.

Тус орны хувьд эрүүл мэндийн тогтолцоо сул байдгийн дээр тамхидалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг аж. Хүн амынх нь 57 хувь нь тамхи татдаг Кирибатид коронавируст халдвар тархвал маш олон хүн хүндээр өвчлөх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулаад байна.

3. КҮҮК АРЛУУД

  • Хүн ам: 17,564 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 240 км/кв

Шинэ Зеландын харьяаны муж улс хэмээн тодорхойлогддог Күүк арлууд нь халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд анх Шинэ Зеландаас бусад бүх нислэгээ цуцалсан. Харин 2020 оны гуравдугаар сарын 26-нд онц байдал зарлаж, хөл хорио тогтоон, Шинэ Зеландаас ирэх болон буцах нислэгийг хүртэл хаасан юм.

Гэхдээ тус орон 2020 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн өөрийн улсын иргэдэд хилээ нээсэн ба тухайн иргэд сүүлийн 30 хоногт зөвхөн Шинэ Зеланд болон Күүк арлуудын аль нэгд байсан байх шаардлагатай юм.

15 жижиг арлуудаас бүрдэх Күүк арлууд коронавирусийн шинжилгээгээ баталгаажуулахын тулд заавал Шинэ Зеланд руу явуулдаг. Нийслэл Аваруа хотод байрлах Раротонга арлын нийт эмнэлэгт хэвтэн эмчлэх боломжтой 80 ор байдаг боловч коронавирусийн хүндэрсэн өвчтөнийг эмчлэх ICU ор байдаггүй аж.

4. НАУРУ

  • Хүн ам:10,824 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 20 км/кв

Дэлхийн хамгийн жижиг арал улс, мөн хамгийн жижиг бүгд найрамдах улс Науругийн иргэд халдвар орж ирэхээс маш их айж буй. Учир нь тус улсад халдвар тархвал маш олон хүний амь эрстэх аюултай бөгөөд гаднаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх чадвартай орнуудын жагсаалтад 195 орноос 182-т бичигдсэн Науру улсын хүн амд чихрийн шижин, таргалалт, астма зэрэг өвчин элбэг бөгөөд эдгээр өвчин нь коронавиурсийн халдварыг хүндрүүлж буй билээ.

Эрүүл мэндийн систем нь тун ядмаг, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хэлбэрийн өвчтөн заавал гадаад орныг зорьдог байна.

5. НИУЭ

  • Хүн ам: 1,626 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 260 км/кв

Шинэ Зеландын харьяа муж улс болох Ниуэ нь бусад орнуудтай хийх нислэгээ бүрэн хориглосон бөгөөд Шинэ Зеландаас ирэх тусламжийн онгоцнуудыг хүлээж авч байгаа аж. Хэрэв Ниуэд халдварын тохиолдол илэрвэл заавал гадаад руу буюу Шинэ Зеланд руу явуулах шаардлага гарах тул аль болох тархаахгүй байхаар хичээж байна.

Тус бүс нутгийн арлын орнуудтай адил нийт иргэдийнх нь дунд чихрийн шижин, зүрх судасны өвчин элбэг тул өвчин хүндээр тусах магадлалтай аж.

6. ПАЛАУ

  • Хүн ам: 18,094 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 460 км/кв

2020 оны хоёрдугаар сарын 1-29 ны хооронд шат дараатай арга хэмжээ авч гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан Палау улсын ерөнхийлөгч Томми Ременгесо маш зоригтой шийдвэр гаргасан. Тэрээр аялал жуулчлалаа тэр чигт нь зогсоож, 340 гаруй арал дээр тархан суурьшсан 20 мянган орчим хүнийхээ амийг эдийн засгаас дээгүүр тавьсан бөгөөд үүнийхээ хүчинд халдварыг дотроо алдаагүй байна.

Гэвч улсын эдийн засаг хүндэрч, татварын орлого 60 хувиар буурсан талаар өнгөрсөн онд мэдээлж байсан. Палау улс бараг долоо хоногийн хугацаанд тусгаарлах байр бэлэн болгож, вирус шинжлэх лаборатори барьсан бөгөөд коронавирусийн шинжилгээг өөрийн оронд хийсэн бүс нутгийнхаа анхны арал улс болжээ.

7. СЕНТ ЭЛЕНА

  • Хүн ам: 6,077 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 390 км/кв

Өмнөд Атлантын далай дахь Их Британи улсын харьяа нутаг Сент Элена арлын хамгийн ойр эх газар нь Африк тив юм. Африк тивд 2020 оны гуравдугаар сарын 5-нд анхны халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үүнээс 7 хоногийн дотор Сент Элена арал Африк тивээс ирэх нислэг, усан онгоцнуудыг хоригложээ.

Галт уул дээр тогтох тус аралд дөрөвдүгээр сарын 20-нд анхны шинжилгээний сорьцууд Их Британиас ирсэн. Одоогоор Их Британиас бусад ихэнх нислэг, тээвэр, аялал жуулчлалаа цуцлаад буй Сент Элена арал дээр ирэх хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байна.

8. ТОКЕЛАУ

  • Хүн ам: 1,357 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 10 км/кв

Шинэ Зеланд улсын харьяа, гурван хэсэг арлаас тогтох уг нутаг дэвсгэр нь 2020 оны гуравдугаар сарын 19-нд гаднаас ирэх бүх хөдөлгөөнийг хориглосон. Гэхдээ дотооддоо аялах нь нээлттэй ба хүнс, бараа тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж.

Дэлхийн бусад өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүдээс хамгийн жижиг боловч өөрийгөө 100 хувь нарны эрчим хүчээр хангадаг цорын ганц орон юм.

9. ТОНГА

  • Хүн ам: 105,695 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 720 км/кв

2020 оны гуравдугаар сарын 29-нд онц байдал зарлаж бүхий л аялал жуулчлалаа зогсоосон Тонгагийн вант улс өөрийн иргэдээ авчрах эсвэл хандивын зүйлсийг авчрах үед л онгоцнуудыг нэвтрүүлж байгаа аж. Харин дотоодын хөл хориогоо сулруулсан бөгөөд дотор 40, гадаа 80 аас ихгүй хүн цугларахыг зөвшөөрсөн байна.

Мөн цэнгээний газар, зоогийн газруудыг нээж, спортын арга хэмжээнүүдийг хэвийн явуулж буй. Нийт 169 арлаас тогтох Тонгад Дэлхийн банкнаас коронавируст цар тахалтай тэмцэхэд 5.5 сая ам.долларыг хандивлажээ.

10. ТУВАЛУ

  • Хүн ам: 11,792 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 30 км/кв

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд онц байдал зарласан Тувалу улсад ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалаа хязгаарласан ч тус улсын эдийн засагт төдийлөн өөрчлөлт гараагүй. Учир нь Тувалу нь цөөн хэдхэн арлаас тогтдогоос гадна жуулчид харьцангуй бага ирдэг.

Жилд ердөө 200 жуулчин хүлээн авдаг нь тус улсад вирусийн халдвар тархахгүй байх бас нэгэн хүчин зүйл болсон гэж судлаачид үзэж буй.

11. ТУРКМЕНИСТАН

  • Хүн ам: 6,031,200 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 469,930 км/кв

Туркменистан нь Төв Азид Иран, Узбекистан, Казахстан, Афганистан улсуудтай хил залгаа оршдог. Тэдгээр орнуудад коронавирусийн халдвар аль хэдийн голомтлон тархсан. Туркменистан улс 2020 оны хоёрдугаар сарын эхээр Хятадаас шууд болон шууд бусаар ирэх бүх нислэгийг хаасан бөгөөд одоог хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь судлаачдын эргэлзээг төрүүлж буй. Мөн тус улсад бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй тул зөвхөн Засгийн газраас нь гаргасан баталгаагүй мэдээллийг дэлхий дахин авч байна.

Ерөнхийлөгч Гурбангули дотооддоо “коронавирус” гэдэг үг хэлэх, бичихийг хориглосон нь түүний авторитар засаглал ямар хатуу болохыг дэлхийд харуулсан. Одоогоор зөвхөн албан ёсны дипломат зочид болон, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлж байгаа ба тус улсад зочлохын тулд заавал коронавирусгүй гэсэн бичигтэй байх юм.

Нийслэл Ашхабад хотын олон улсын нисэх буудал маш хатуу дэглэм дор иргэдийг шалгаж, тусгаарлаж байгаа талаар хөрш орнуудын хэвлэлүүд мэдээлж буй. Хятад, Орос, Турк, Беларусь зэрэг орноосоо иргэдээ татан авсан ба иргэдийн халууныг хэт улаан туяаны термометр ашиглан хэмжиж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгч Гурбангули өнгөрсөн онд коронавирусээс сэргийлэх зорилгоор эмийн зориулалттай ургамал хэрэглэхийг зөвлөж байсан. Гэвч тус ургамлыг олон улсын шинжлэх ухаанаар коронавирусийн эсрэг үйлчилгээтэй гэж тогтоогоогүй юм.

Туркменистан хилээ хаасан ч улс орноо тэжээх хэмжээний бараа бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгдэх чадалтай хувийн хэвшлүүдтэй. Тиймээс бизнес эрхлэгчдээ маш сайн дэмжиж, цар тахлын үед улс орныхоо эдийн засгийг хямраахгүй арга хэмжээ авч буй гэж судлаачид үзэж буй. Хил хаасны улмаас гаднаас авч чадахгүй болсон зарим бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь тус орны хамгийн том онцлог болжээ.

12. УМАРД СОЛОНГОС

  • Хүн ам: 25,778,816 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 120,410 км/кв

Туркменистанаас 5 дахин их хүн амтай Умард Солонгос нь цар тахлын улмаас хамгийн түрүүнд хилээ хаасан улс юм. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд хилээ хаасан Умард Солонгос гаднаас нэвтэрсэн иргэдийг 1-2 сарын турш тусгаарлаж байсан. Гэхдээ мөн л халдварын голомт болох Хятад улстай хил залгадаг оронд коронавирус илрээгүй байгаа нь гайхал төрүүлж буй.

АНУ-ын аналист судалгааны баг Умард Солонгост аль хэдийн халдвар тархсан гэж үзэж байгаа ч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд тогтмол няцаасаар байна. Тоталитар дэглэмтэй уг оронд чөлөөт мэдээлэл хомс тул иргэд нь ялгаагүй нэг талын мэдээллийг авдаг байна.

Умард Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо маш сул бөгөөд халдварт өвчинд тэсвэргүй. Хэдийгээр олон эмчтэй ч багаж төхөөрөмж дутмаг аж.

Өмнө нь улаан бурхан, эбола вирус, SARS зэрэг өвчний улмаас Умард Солонгос хилээ хааж байсан удаатай. Халдвар тархаагүй гэж мэдээлж буй ч Хятадаас оношилгооны төхөөрөмж, шинжилгээний сорьц авсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн.

2020 оны хоёрдугаар сараас хойш дотоодын ихэнх арга хэмжээгээ цуцалж, амралтын газар, зоог, цэнгээний газруудаа хааж, иргэд нь маск зүүж эхэлсэн ба бүх сургуулиуд нь хаалгаа барьж байв. Мөн тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн онд эрдэмтэддээ коронавирусийн вакцин гарган авахыг даалгасан билээ.

Б.Ирээдүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *