Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Төрийн байгууллагын зүгээс 3 хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй || DNN.mn

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх юм. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй байхаар зохицуулжээ.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан.

Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийх аж.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх бөгөөд энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй хэмээн хуулийн төсөлд заажээ.

Хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *