Categories
мэдээ нийгэм улс-төр

​Чуулган: Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм. Уг саналыг чуулганаар мөн дэмжлээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ наймдугаар сарын 15-ны Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь харилцан адилгүй, олон шүүмжийг дагуулж байгаа ч төрийн эрх барих, хууль тоггоох дээд байгууллага, Үндсэн хууль дээдлэн, үндэсний эв нэгдлийг хангах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, няцаах байр суурийг баримталж үл болно. Өөрөөр хэлбэл ардчилсан эрх зүйт төр ёсны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэцийн эцсийн шийдвэрийг хүндэтгэн зохицуулах, залруулах үүргийг хүлээж байгаа нь Үндсэн хуулийн өмнө хүлээсэн хариуцлага юм.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *