Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсэхээ байжээ

Чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчид “Бид архи ууж ирчихээд хүүхдүүддээ агсам тавьдаг аавтай, хүчир­хийлэлтэй айлын хүүх­дүүд шиг, дарамт, доромжлол дор байдаг. Одоо цааш тэвчиж чадах­гүй” гэцгээж байна. Мон­голын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогт­баяр, гавьяат тамир­чин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар ингэж ярьж байна.

-Чөлөөт бөхийн холбоо энэ удаад тамирчдадаа хуурамч виз гаргуулснаас болж нэлээд том асуудал үүсч байх шиг байна. Монголын чөлөөт бөхийн холбоо энэ мэтээр зохион байгуулалт, хариуцлагын алдаа гаргадаг гэдгийг спорт сонирхогчид байтугай ард түмэн мэддэг болчихлоо?

Ц.Цогтбаяр:-Бид холбоон дотроо энэ асуудлыг зөндөө л хэлдэг байсан. Ийм юм болохгүй байна, тэгэхгүй бол болохгүй нь, та нөхөд минь анхаараач гэж. Бидний үгийг хүлээж авдаг улсууд нь цөөхөн байсан. Энэ нь яван явсаар эцсийн цэг дээрээ ирчихлээ. Бид дөрвийн хувьд ажил авснаасаа хойш маш олон зүйлийг тэвчиж, дуугүй өнгөрөөсөн. Эр хүний жудаг зааж, бөхийн ноён нуруу гэж нэг юм бий. Тэр болгоноо бодоод тэвчсээр, аль аль талдаа эвээ олохгүй байгаа биз гэж их л уужуу хандсан. Эцэстээ тамирчдадаа хуурамч виз өгч, хил давуулан тэмцээнд явуулна гэдэг байж боломгүй асуудал боллоо.

-Хуурамч виз гэдэг чинь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хэмжээний юм болно гэсэн үг үү?

Л.Энхбаяр: -Катарын талд манай хүмүүсийн нэр очилгүй, тэдэнд үнэхээр хуурамч биз өгч явуулсан бол энэ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг болж таарна л даа. Үүнийг шалгуулах хэмжээнд гомдлоо гаргана гэдгээ тамирчид маань хэлж байна. Гомдол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Бид олимп хүртэл бүх зүйлээ төвлөчихсөн байгаа. Тамирчдын удаан хугацааны хөдөлмөр, зорилго тэмүүлэл бүгд бий. Тэр бүгдэд энэ явдал маш том тээг саад болчихлоо. Бас тамирчин хүний сэтгэл зүйд том цохилт болж байгаа юм. О.Пүрэвбаатар: -2010 онд ахмадын ДАШТ-ий үеэр ийм явдал болсон. Тэр тэмцээнд хоёр тамирчин явсан юм.

Б.Баяраа: -Хурц, Нямдорж гэж хоёр залуу явсан юм. Тэд ДАШТ-д яваад мөн хуурамч визнээс болоод Москвагаас буцаад, фэйсбүүк хаягаараа бидэнтэй холбогдож билээ.

-Чөлөөт бөхийн эрэгтэй хүнд жин угаасаа амжилт гаргах биш, олигтой тамирчин байхгүй. Үндэсний бөх рүү яваад амжилт гаргахаа байсан гэж ярих хүмүүс танай холбоон дотор тааралдаж л байсан?

О.Пүрэвбаатар: -Ноднингийн аварга болсон, мөнгөн медаль авсан хоёр хүүхэд шүү дээ.

Ц.Цогтбаяр: -Ямар хүмүүс зохион байгуулалттайгаар ийм юм яриад байна вэ гэдэг сонин.

Б.Баяраа: -Хэн тэгж хэлж байна. Манай Чулуунбат гэхэд Азийн аваргаас хамгийн олон медальтай, Монголын түүхэнд. Найман медальтай. Хүдэрбулга Азийн аваргын 97 кг-ын жинд хоёр хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай. Дээрээс нь ноднин жил Ази тивийн аварга болсон бөх. Гомбодорж гэхэд Ази тивийн хошой хүрэл медальтай. Ийм яриа гаргаж байгаа хүмүүс бидний үйл ажиллагаа, амжилтыг, энэ түүхийг мушгин гуйвуулж байна. Нөгөө талдаа өөрсдийнхөө буруу үйл ажиллагааг далдалж зөөлрүүлэх гэсэн санаа.

-МЧБХ-ны удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагын менежментийг жишиг болгохыг хүсч буйгаа илэрхийлж байсан. Та бүхэн тогоонд нь ажилладаг хүмүүсийн хувьд холбооныхоо үйл ажиллагааны талаар юу ярих вэ?

О.Пүрэвбаатар: -Дагвадорж гэдэг хүн чөлөөт бөхийн холбоог авчихаад Монголын эрэгтэй багийг сайжирч байна гэж ярьж байгаа байхгүй юу, гадуур. Бид дуугүй л байдаг байсан. Яг үнэн хэрэгтээ эрэгтэй багийг ойшоодоггүй. Бид улсын зардлаар тэмцээнд явж, бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргаад эхлэнгүүт бидэн рүү эргэж харах санаа агуулсан. Бид өөрсдөө зүтгээд өдий зэрэгтэй амжилт гаргаад явж байхад тэр хүмүүс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй мөртлөө холбоо мундаг ажиллалаа, Дагвадорж чөлөөт бөхийн холбоонд орсноос хойш эрэгтэй багийн амжилт урагшиллаа гэж ярих болсон.

-Б.Баяраа багш гурван шавиа дагуулаад онгоцноос буунгуутаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Ц.Цогтбаяр дасгалжуулагч ч бас эх орондоо ирээд бодит явдлыг ярьсан. Ингэж олон нийтэд бүхнийг ярьснаас болж Д.Дагвадорж аварга та бүхнийг дарамталсан гэх юм. Тийм юм болсон уу?

О.Пүрэвбаатар: -Ерөөсөө л байнгын дарамттай шүү дээ. Тамирчдыг барилдаж байхад “Ялахгүй бол ална шүү” гэж байгаа юм. Дарамт биз дээ. Тэгэхээр тамирчин хүн биеэ бариад барилдаж чадахаа больчихдог. Амжилт гаргаад ирэхээр хүүхдүүд нь сайн болчихдог. Амжилтгүй ирэхээр хэдэн дасгалжуулагч нь л муу болчихдог. “Муу п…(зүй бус үг) та нарын хийж байгаа юм хаана байна” гээд л. Саяны энэ удаагийн дарамт биш, ерөөсөө иймэрхүү юм элбэг тохиолддог. Бид чимээгүй байсаар эцэстээ тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг л болж байна даа.

-Хуурамч визний асуудал юу болж таарав?

Ц.Цогтбаяр: (Катарын талаас ирсэн жинхэнэ визийг харуулав). Энэ виз дөрөвдүгээр сарын 16-нд, 25-нд Монголд ирсэн. Гэтэл хар даа, энэ хуурамч визнүүдийг (Хуурамч гэх визнүүдийг харуулав.сурв). Баруун доод буланд нь огноо байхгүй, зүүн доод буланд нь хаанаас ямар цахим хаягнаас ирсэн гэх мэдээлэлгүй, толгой хэсэг дэх араб бичиглэл нь байхгүй байгаа биз дээ. Үүнийгээ холбооны зүгээс тайлбарлахдаа “Бичиг үсэг мэдэхгүй хэдэн арабууд л юмаа дутуу бичээд явуулсан” гэж тайлбарлаад байгаа юм. Баримт нь энд байсаар байтал улайм цайм ингэж худлаа яриад байна.

Б.Баяраа: -Энэ визүүдийг хар даа. Катарын тал ингээд скайнердаад явуулах уу. Үгүй шүү дээ. Чөлөөт бөхийн холбоо энэ визүүдийг бидэнд өгсөн учраас бид итгээд авч явсан.

-Ямар учраас тамирчдын визийг хуурамчаар үйлдэв. Жинхэнэ визэнд нь өөр хүмүүсийг оруулчихсан юм болов уу?

Б.Баяраа: -Магадгүй. Батбаяр овогтой Маамуу гэнэ үү. Бид танихгүй. Тамирчдын визэн дээр ийм хүний визийг гаргуулчихсан байна лээ. Тэмцээнд барилдах тамирчдынх нь виз ирэхгүй удаад байхад хаа байсан бидний танихгүй Батбаяр Маамуу гэдэг хүний виз дөрөвдүгээр сарын 16-нд ирчихсэн байгаа юм.

-Д.Дагвадорж тэргүүтэй чөлөөт бөхийн холбооны удирдлагууд эх орондоо ирснийхээ дараа үүссэн асуудлаар ярилцах байх. Та бүхний хувьд цаашид яая гэж бодож байна. Ямар байр суурьтай байна вэ?

Ц.Цогтбаяр: -Энэ хуурамч визний үнэн мөнийг олно.

Л.Энхбаяр: -Нэгдүгээрт, холбоо маань үйл ажиллагаа явуулах ямар ч эрх зүйн чадамжгүй юм байна. Хоёрдугаарт, угаасаа ч хууль ном журмынхаа дагуу зохион байгуулагдсан холбоо биш. Бид хангалттай тэвчээд дуугүй байсаар ирлээ. Бид дөрвийн хувьд тэсээд дуугүй байгаад өнгөрлөө гэхэд тамирчдын эрх ашиг зөрчигдсөөр эцэстээ Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 2016 оны олимпоос медаль авах уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ мэт ноцтой асуудал үүсэх учир бид дуугарахаас өөр замгүй боллоо. Энэ холбоо үйл ажиллагаа явуулах ямар ч чадамжгүй болсон нь олон түмэнд харагдсан болохоор багш нарын зүгээс зохион байгуулалтын тал дээр тэмцлийн өөр ямар арга зам байна вэ, тэрийг хийнэ.

О.Пүрэвбаатар: -Олимпийн эрх авах тэмцээн дээр ийм асуудал гараад ирвэл бид яах юм бэ. Тийм биз дээ. Тамирчдын минь хөлс хүч, бидний хийж байгаа ажил салхинд хийснэ.

-Асашёорюүг зарим хүмүүс чөлөөт бөхийн холбоог удирдахад мэргэжлийн бус гэж үздэг. Аварга маань чөлөөт бөхөөр барилдаж байсан болов уу?

О.Пүрэвбаатар: -Сумогийнх шүү дээ. Жүдо бөхөөр хичээллэж байгаад сумо руу орсон.

-Монголын чөлөөт бөхийн холбоог гаднаас нь харахад ерөнхийлөгчийнхөө эргэн тойрноос салдаггүй, байнга эргэлддэг хүрээлэл байдаг юм шиг ээ?

О.Пүрэвбаатар: -Толгойг нь угаадаг хүмүүс байхгүй юу.

Ц.Цогтбаяр: -Тийм л болгочихоод байгаа юм.

О.Пүрэвбаатар: -Дагвадорж сумо барилдаад ирсэн. Энд ирээд чөлөөт бөхийг дээш нь гаргая гэсэн үнэн сэтгэл нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Чөлөөт бөхөд олон сая төгрөг зарцуулдаг л гэж яриад байдаг. Хаана, хэнд зарцуулсан юм бол. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Ямар ямар тамирчинд өгсөн юм. Эрэгтэй багт бүхэл бүтэн хоёр жилд 15 сая төгрөг өгсөн, нэг олон улсын тэмцээнд явахад. Баттай мэдээ.

Бид мөнгө гуйж үзсэн. Дандаа л “Мөнгөгүй” гэдэг. Тийм бол тэр их мөнгийг хаана, хэнд өгчихсөн юм. Энэ асуудлыг дахин ярих хэрэгтэй.

Л.Энхбаяр: -Дагвадорж аварга Дэлхийн бөхийн холбоонд хахууль өгдөг тухай хүртэл ярьж, шүүгчдийг нь хахуульдан байж медаль худалдаж авч өгдөг гэж биднийг доромжилсон.

О.Пүрэвбаатар: -Та нар медалиа чадлаараа авдаг гэж бодоо юу, мөнгөөр худалдаж авсан юм шүү гэх ухааны юм ярьсан, тайлангийн хурал дээр. Энэ бол тамирчдыг маш муухайгаар үл хүндэтгэсэн, хөлс хөдөлмөрийг нь үл тоосон явдал. Гавьяат тамирчин Г.Мандахнаран харахад нулимс гармаар барилдсан шүү дээ, чих, нүүрэндээ гэмтэл авч. Тэгж барилдаж медаль авчирч байхад “Мөнгөөр худалдаж авч өгсөн шүү, наад медалийг чинь” гэж ярьж болох уу. Тийм боловсролгүй байж болохгүй. Яг үнэндээ боловсролгүй хүн гэж хэлнэ. Дагвадоржийг хурлаар хэн ч сонгоогүй. Хууль бус ерөнхийлөгч мөртлөө юм л болбол тамирчид, багш нарыг дарамталдаг. Би урьд нь хэд хэдэн удаа ам зөрөөд л авсан.

Л.Энхбаяр: -Чөлөөт бөх бол Монголын үе үеийн хүмүүст үлгэр дуурайлал болж ирсэн том спорт. Гэтэл энэ спортын холбооны ерөнхийлөгчийн тамгыг хэн нэгэнд “Май” гээд бэлэглэчихэж болохгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу л бүх юм болох ёстой. Тэсвэрлэж болшгүй зүйлс тохиолдоод байна.

-Та бүхнийг Дохагаас ирснээс хойш холбооны зүгээс уулзсан хүн байна уу?

Б.Баяраа: -Одоогоор бидэнтэй уулзсан хүн алга л байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай багийг ахалж яваа гол хүн маань багийнхнаа хүлээн авч, албан ёсоор уулзах ёстой. Гэтэл эд нартай ганц ч уулзаагүй байгаа байхгүй юу. Нэг орж ирээд юу гэсэн гэлээ, Энхбаяр аа?

Л.Энхбаяр: -Юу болоод байна аа, та нар гэж асуухаар нь “Хил дээр ийм будлиан гарлаа” гэсэн чинь “Та нарын юу хийгээд яваад байгааг мэдэж байгаа шүү. Очиж байгаад та нартай уулзана аа” л гэсэн.

Б.Баяраа: -Та нарын юу хийгээд яваад байгааг чинь мэдэж байгаа шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ асуудлыг бид нар хийсэн болж таарч байна уу.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ДАШТ-ий олон медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний найман жингээс долоон медаль авсан гээд амжилт гаргасаар ирсэн. Гэтэл энэ Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө, хуучин болохгүй юм байна гээд болиулчихсан байсан Мэргэжлийн зөвлөл гэдэг юмыг Дагвадорж томилж гаргаж ирсэн. Энэ зөвлөлд эдгээр тамирчдын хажууд байж үзээгүй хүмүүс орчихсон байна лээ. Зөвлөлийн есөн хүний бараг зургаа нь тийм хүмүүс байсан. Зөвлөлийн сонгосон тамирчдыг тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцууллаа гэж бодъё. Хэрвээ муу барилдвал ирэхээр нь багш нар дээр нь хариуцлага тооцдог. Тэгсэн хэрнээ тэднийг сонгосон Мэргэжлийн зөвлөлд хариуцлага тооцдоггүй.

Энэ нь ямар ч учиртай юм, эсвэл Дагвадоржийг хүрээлэн байгаа, Мэргэжлийн зөвлөлд нэрээ өгөөд, өөр өөрсдийгөө сонгочихсон хүмүүс бидний ажлыг баллах гэж байгаа юм уу. Би хэрвээ Мэргэжлийн зөвлөлд байсан бол тамирчдыг сонго гэвэл “Би энэ хүүхдүүдийн бэлтгэлжилтийг сайн мэдэхгүй учир энэ ажилд оролцохгүй” гэх байлаа.

Ц.Цогтбаяр: -Ойдов багш, Нацагдорж гавьяат, Ням доктор нар Мэргэжлийн зөвлөлд орсноо 27-нд мэдсэн, гэнэт. Хуралд дуудаад Азийн аваргад орох багийн тамирчдаа сонго гэсэн. Бид тэрэн дээр нь эсэргүүцлээ илэрхийлсэн.

Б.Баяраа: -МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төмөрбаатар сонгогдсон. Бид өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, тамирчдаа “Дэлхийн цом”-д бэлтгэсэн. Америк руу, “Дэлхийн цом” руу явах багийн бүрэлдэхүүнээс миний нэрийг хасч байгаа юм, энэ хүн. “Олон багш явах гэж байгаа учраас хаслаа” гэсэн. Тэгэхээр нь би хувиараа хөөцөлдөж байгаад Христийн сүмийн шугамаар Америкт очиж байгаа юм. Та нар бод доо, багаа бэлдсэн багш нь Исүсийн нэрээр явсан. Шарандаа очоод багаа дэлхийд айрагдуулсан. Сая Азийн аваргад явах гэсэн чинь яасан олон хүн явдаг юм бэ гэж Ц.Сэрээтэр хэлж байгаа юм. Уяач хүн чинь морио уяж уячихаад сул тавиад явуулдаг билүү. Тэрийг яасан ойлгодоггүй хүн бэ. Энэ бол хувийн атаа хорсол, хувийн өс хонзон. Би гурван хүүхэдтэйгээ (Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг хэлэв.сурв) хоригдсон. Нэг хүүхэд маань ус уух гээд гурван минутын чөлөө аваад харгалзагчаар харгалзуулаад коридороор явж байгаа юм. Тэгтэл Төмөрбаатартай таарсан гэсэн. Төмөрбаатар чинь холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч.“Багш аа бид энд хоригдож байна. Гурван минутын чөлөө аваад ус уух гээд ингээд явж байна” гэж хэлсэн чинь “Өө, тийм үү. Юу болоод байгаа юм бэ, та нар” гэчихээд яваад өгсөн байна лээ. Ийм улсуудаар л Дагвадорж гэдэг хүн чинь хүрээлүүлчихээд байна.

О.Пүрэвбаатар: -Яахаараа төрийн байгууллагад ажилладаг хүн чөлөөт бөхийн холбоонд ажиллаад явж байгаа юм. “Хүч” нийгэмлэгийн цагдаа хүн ингэж ажиллах нь хуулинд тохирохгүй биз дээ.

-Азийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулах гэж явсан тамирчид маань харь улсын хил дээр гэмт хэрэгтэн адил хоригдоно гэдэг ичгэвтэр юм?

Б.Баяраа: -Гэмт хэрэгтэн шиг биш гэмт хэрэгтэн болоод хоригдсон.

Б.Баяраа: -Дэлхийд чөлөөт бөх гэдэг спорт хөгжөөд зуун жил болоход хуурамч визний асуудлаас болж тамирчид тэмцээндээ оролцож чадалгүй, хил дээр хоригдсон тохиолдолд анх удаа гарлаа. Түүхэнд анх удаа ийм ичмээр юм болж байна.

-Чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн шигшээ багаа орхигдуулаад эмэгтэйчүүлээ тордоод байдаг. Жаахан ялгавартай хандлага бий байх шүү?

Б.Баяраа: -Хүчтэй багтай болж чадлаа.

Ц.Цогтбаярт: -Азидаа л гэхэд багаар бодоход хоёрдугаар байрт орох багийг бэлдээд гаргаад ирлээ.

О.Пүрэвбаатар:-Манай эрэгтэй баг уржнан ДАШТ-д наймдугаар байрт орж дэлхийн шилдэг багийн нэг болсон. Өнгөрсөн жил ДАШТ-д зургадугаар байрт орж амжилтаа ахиулсан. Гэтэл эмэгтэй баг “Дэлхий цом”-д Монголд хоёрдугаар байрт орсон. Дараа нь тавдугаар байрт ороход юу ч яриагүй. Өнгөрсөн жил эрэгтэй баг маань Азийн аваргад хоёрдугаар байрт орсон. Өнөө жил холбооныхны буруугаас болж дөрөвдүгээр байрт орлоо. Медаль авах гурван тамирчин маань барилдаж чадсангүй. Гурвын гурван медаль шүү дээ. Багаараа түрүүлчих ч боломжтой байсан. Гэтэл эмэгтэй баг бүтэн бүрэлдэхүүнээрээ яваад хоёрхон медальтай ирлээ. Тэгтэл үүн дээр хариуцлага тооцдоггүй.

Шинэ жилийн баяр боллоо л гэнэ. Эмэгтэй тамирчдаа л шагнаад байдаг. Эрэгтэй тамирчид маань дандаа л бор зүрхээрээ яваа, гэр хорооллоос бэлтгэлдээ гүйгээд ирдэг ядарсан улсууд. Ийм юмыг мэдэхгүй мөртлөө өөрсдөдөө жаахан нэр төр олохын тулд янз бүрийн юм сэднэ. Нэг эмэгтэй тамирчинд байр өгөхийн тулд эхэлж зарлаж нэрээ гаргана, дараа нь түлхүүрээ өгч дахиж сурталчлуулна. Сүүлд нь гэрчилгээгээ гардуулахдаа дахиж нэрээ гаргах сонирхолтой. Нэг хүнд нэг байр өгөхдөө гурав өгдөг.

Энэ муу эрэгтэйчүүдийн баг юу л болов гэж дээ хэмээн тоохгүй байхад нь бид нар гараад ирэхгүй юу. Биднийг хүчтэй гараад ирсэн болохоор атаархсан байж магадгүй. Тэгээд баг маань мундаг болоод ирэнгүүт дотор нь орж ирээд энэ тамирчныг тэмцээнд явуулна, тэрийг явуулна гээд хутган үймүүллээ. Бүр аргаа бараад хуурамч виз гэх мэт ажил хийсэн байж магад. Энэ мэтээр хардаж, таамаглавал яаж ч таамаглаж болно.

-Аливаа спортын холбоог хөрөнгө чинээтэй хүн удирдах ёстой юм уу, эсвэл мэргэжлийн хүн удирдвал зүйтэй юу?

-Спортоо мэддэг хүн нь удирдах ёстой (Бүгд нэгэн зэрэг ингэж хэлэв)

О.Пүрэвбаатар: -Дагвадорж ингэж байгаа юм. Шигшээ багийн тамирчин хүн амжилтаасаа ухарна гэдэг байж болохгүй асуудал. Хариуцлага тооцно гэж байгаа юм. Өөрөө сумод түрүүлчихээд дараа нь өвдөг шороодоод л байсан биз дээ. Дандаа түрүүлээд байхгүй яасан юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа хүнийг спорт ойлгодог хүн гэж хэлж болох уу. Ямар ч тамирчинд өгсч урууддаг үе бий. Тийм биз дээ. Н.Түвшинбаяр аваргыг олимпоос алт авчихаад дараагийн олимпоос мөнгөн медаль авахад нь дахин аварга болсонгүй гээд хариуцлага тооцохгүй яасан юм. Үүнийг Дагвадорж мэдэхгүй байж “Тамирчин хүн гаргасан амжилтаа давтах ёстой” гэж тулгадаг. Ийм юм ямар ч спортод байдаггүй юм. Иймэрхүү юмыг мэдэхгүй байж бүхэл бүтэн холбоог удирдаж чадах уу.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *