Дэлхийн чансааны оноо олгох “Чингис хаан” гран при жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөлгөөн болон бөхчүүдийн оноолт олгох сугалаа өчигдөр Блю-Скай цамхагт боллоо.
Дэлхийн 187 оронд шууд дамжуулах энэ тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тодруулбал, тэмцээн зохион байгуулагчийн давуу хувиар манай улсаас нэг жинд дөрөв, нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ23, БНСУзургаа, ОХУ-аас 14, Азербайжен ес, Чех хоёр, Япон долоо, Казахстан дөрөв, Люксембург нэг, Хорват, Куба, Кыргызстан, Словен улсаас тус бүр гурван тамирчин оролцоно.
Өнөөдөр хэсгийн барилдаанууд 13:00 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бол маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорно. Сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.
Энэ удаагийн тэмцээн олимпын наадмын өмнө болж байгаа учир оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн байгаа аж. Гэсэн хэдий ч шагналын сан өндөр хэвээр байгаа юм. Тодруулбал, түрүүлсэн бөхийг 100 мянган ам.доллараар байлах юм байна.
“Энэ тэмцээнээр олимпын эрх олгохгүй. Олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүд тавдугаар сараар тасалбар болдог. Танай улс үүнээс дээгүүр ангиллын тэмцээн зохиох бүрэн боломжтой. Энэ нь ч “Чингис хаан” гранпригаас харагддаг. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд дээд ангиллын тэмцээн, уралдаан шүүдэг мэргэжлийн, өндөр ур чадвартай шүүгчид байгаа. Тэмцээнийг шүүхээр Ази, Америк, Европ тивээс ирсэн” хэмээн Олон улсын жүдо бөхийн холбооны спортын асуудал хариуцсан захирал Владимир Барта хэлсэн.
Эрэгтэйчүүдийн жингийн оноолт:
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Өлзийбаяр ОХУ-ын Д.Стерков нар учраа таарч, С.Болдпүрэв, Т.Баттулга, А.Эрдэнэбилэг нар гоц мөргөсөн. Харин -100 кг-д Кубын Ж.Армантерос манай бөх Т.Гантай, Л.Дашдулам Хятадын На Рисү, А.Баярсайхан Хятадын Тэ Ригүл, К.Одбаатар Азербайжений З.Коцойев нар эхний хэсэгт таарлаа.
+78 кг-д Кубын Ортиз Идализ Японы Ичихаши нар, М.Баттулга болон Г.Гармаа, Ж.Одхүү Хятадын Ли Нан, Г.Эрдэнэбилэг Оросын Шерметов нар эхний хэсэгтээ таарлаа.
Тэгвэл -90 кг-д манай жүдоч О.Лхагвасүрэн Оросын И.Иванов эсхүл Т.Батсайхантай, Хятадын Бү Рэжид Азербайжены Ф.Дадашов, Кубын А.Гонзалез Азербайжены В.Шарбатли эсхүл Т.Одхүүтэй, А.Гантулга Чехийн Д.Кламмерт аль эсхүл Хятадын Эригэмубатутай эхний хэсгийн барилдаанд таарсан юм. Оноолтыг сугалааны системийн дагуу санаандгүй байдлаар оноосон.
Хасах -80 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Нямсүрэн Солонгосын W.Jung, Хятадын L.Zha, Солонгосын H.Lee Казахстаны А.Махамбетов, Чехийн Ж.Мусил Люксембургын Б.Баянаа болон манай жүдоч Т.Ганхуяг, Азербайжаны А.Сафали М.Эрдэнэхүү, А.Батмөнх нар эхний хэсэгтээ хүч үзэх нь.
Харин -73 кг-д Слований Мартин Хойак Казахстаны Оразалин Нурлан, Б.Санжмятав нар, Азербайжаны Валиев Тэлман Оросын Фогэл Лео нар, Азербайжаны Гүлүзад Фаган Хятадын Ба Яндэлихэй, П.Бат-Эрдэнэ, мөн К.Наранхүү Б.Батцэцэг, А.Ганиев нар эхний хэсэгт учраа таарлаа.