Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн III хороонд сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм. Аяны нээлтэд АШУҮИС, АУС, Дотрын нэгдүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн, XIII хорооны ахлах эмч н.Нина болон холбооны гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
М.Оюунчимэг багш “Японы анагаахын сургуулийн оюутан 1970-аад оны сүүлчээр анх Азийн анагаахын оюутны холбоог байгуулсан. Энэ холбоо 2009 онд Монголд байгуулагдаж түүнээс хойш олон ажил зохион байгууллаа. Ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд нэг талаас эмч нөгөө талаас иргэдийн дунд гүүр болон ажилладаг байгууллага юм. Бид ирэх есдүгээр сард Монголын Анагаахын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулахаар зэхэж байна. Энэхүү анхдугаар чуулганаа угтан сайн үйлсийн аяныг зохион байгуулах санаачлагыг гаргаад НЗДТГ-т хандсан. Тамгын газрын захиргаанаас үйл ажиллагааг маань дэмсэний үндсэнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороонд ажиллаж байна. Энэ үеэр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, бага насны хүүхдийн цагаан хорхойн илрүүлэлт, цус багадалт илрүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлж байна” гэв.
Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн “Өнөөдрийн сайн үйлсийн ажлын хүрээнд “Илүү нь дутуугаа нөхье” аян эрүүл мэндийн үзлэгтэй цуг явагдаж байна. Өмнө нь ийм аяныг Сүхбаатар дүүргийн XVII хороонд зохион байгуулсан. Аяны хүрээнд хог цэвэрлэсэн хүмүүст бид купон олгодог. Иргэд цуглуулсан купоноороо бидний бэлтгэсэн хувцас, ном зэрэг эдэлж хэрэглэх зүйлийг авах боломжтой. Бид өнөөдөр 13-15 дугаар хороог дамнасан далангийн хогийг цэвэрлэнэ” гэлээ.
Уг аянд Орос Монголын хамтарсан III сургуулийнхэн нэгджээ. Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Даваажаргал “Илүү нь дутуугаа нөхье” аянд манай сургуулийн 11а, 11б, 11в ангийнхан нэгдэж, өөрсдийнхөө өмсч, зүүдэггүй эд хэрэгсэл, багадсан, томдсон хувцас, уншиж дууссан ном, сурах бичгийг хандивлаж байна. Бид энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байна” гэлээ.
0-5 насныхны цус багадалт, цагаан хорхойн халварыг илрүүлэх, цусанд сахар үзэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хөндийн эрхтэний хэт авиан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, наалдац, эсийн шинжилгээг хийхээс гадна нүдний нарийн мэргэжлийн үзлэг зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг дээрх гурван хорооны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр үзэж байна. Уг арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.