Categories
мэдээ улс-төр

Ч.Ундрам: Боловсролын багц хуулийн гол зорилго нь ялгаатай байдлыг арилгах DNN.mn

Боловсролын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Монголд өнөөдөр бололцоотой айлын хүүхэд үнэлгээ өндөртэй сургуульд, бололцоогүй нь хуучирсан байшинд гал түлж сурч байна. Энэ нь бүхэл бүтэн нийгмийн давхаргыг бий болгох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш. Тиймээс сурагчид ижил тэгш гараанаас гарах бололцоог энэ хуулиар яаж хангаж байгаа вэ?

-Боловсролын хуулийг парламент анх удаа багцаар нь хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10, Мэргэжлийн боловсролын тухай хуульд долоо, Бага, дунд боловсролын тухай хуульд 13, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зургаан удаа тус тус өөрчлөлт хийсэн байна.

Ингэхдээ багцаар нь хэлэлцэж байгаагүй. Оруулсан өөрчлөлт нь ихэвчлэн томилгооны ч гэдэг юм уу, жижиг өөрчлөлтүүд байсан.

Тэр бүү хэл Мэргэжлийн боловсрол өөр яаманд харьяалагдаж байсан үе ч бий. Тиймээс 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн дараа анх удаа Боловсролын хуулийг багцаар нь өөрчлөхөөр энэ парламент ажиллаж байна.

Энэхүү багц хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зорилго нь хүүхэд бүрд амьдралын гарааны тэгш боломжийг боловсролоор дамжуулж олгох юм. Бид энэхүү зорилгыг тавихын өмнө өнгөрсөн 30 жилд юу болоод өнгөрөв гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийсэн. Өнгөрсөн 30 жилд бид боловсролын салбараа төдийлөн хангалттай анхаараагүй. Анхаарсан ч зарим буруу бодлогын улмаас боловсролын ялгаа гарсан. Манай улсад удахгүй давхарга үүсэх нөхцөлийг боловсролоор бүрдүүлсэн нь үнэн. Мөнгө төгрөгтэй, бололцоотой айлын хүүхэд хамгийн сайн орчинд, хамгийн сайн багштай, гадаад хөтөлбөртэй сургуульд сурч байна. Ингээд сурагчдын нэг хэсэг нь төгсөөд шууд гадаадын гайгүй сургуульд орох боломжтой болж байна. Мөн хотын төвийн лаборатори гэгддэг улсын төсвөөс арай ахиу мөнгө зориулагддаг сургуулийн сурагчид нь дотоодын сайн их сургуульд орох магадлал өндөртэй нэг хэсэг бий болж. Түүнчлэн захын хорооллын болон алслагдмал сумын сурагчид гээд ялгаатай амьдрах давхарга боловсролын салбараар бэлддэг болчихоод байна.

Сурагчдыг ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд нь амьдралын их өрсөлдөөнд ялгаатай гараанаас оруулж байгаа нь шударга бус байгаагаас гадна хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн хандлага шүү дээ. Тиймээс энэ хуулийн амин гол зорилго нь боловсролоор дамжуулж хүүхэд бүрд тэгш боломж олгож амьдралын ялгаатай байдлыг арилгахад оршино.

-Энэ ялгааны голлох шалтгаан нь сургалтын хөтөлбөр болов уу. Хөтөлбөртэй холбоотой ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улсад үндэсний, кэмбрижийн болон гадны бусад хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гадаадын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрийн гол ялгаа нь англи хэл.

Дэлхийн мэдлэгийн сан, шинэ нээлтүүд ихэнх нь англи хэл дээр хэвлэгдэн гарч, хамгийн бодит мэдээлэл, цаг хугацаа алдалгүй англи хэл дээр нийтлэгдэж байгаа энэ үед манай улс шиг цөөн хүн амтай орон иргэдийнхээ эх хэлний боловсролоос гадна англи хэлэнд анхаарах нь зүйтэй юм. Англи хэлтэй хүүхэд гадаадын шилдэг их дээд сургуульд сурах, сайн ном олж унших, шилдэг компаниудад орж ажиллахаас авахуулаад ажил, амьдралд нь олон давуу талтай. Сүүлийн үед Англи улсын Ерөнхий сайд, Лондон хотын захирагч, Дэлхийн банкны ерөнхийлөгч, цахиурын хөндийн том компаниудын гүйцэтгэх захирлууд гээд Энэтхэг, Пакистан гаралтай хүмүүс томилогдож байна. Энэтхэг, Пакистан улсуудын үндсэн гадаад хэл нь англи хэл учраас өөрийн боловсролоо дэлхийн түвшинд ашиглах давуу талыг олгож байна. Тийм учраас монгол хүүхдүүдэд эдгээр боломж байгаасай гэж бодож миний бие англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлэг хүртэл байгуулж ажиллаж байна. Бүх сургуульд тодорхой түвшнээс эхлээд заавал англи хэл заах асуудлыг хуулийн төсөлд оруулсан.

-Сургалтын хөтөлбөр улстөрчдийн “тоглоомын нүүдэл” болсон. Сайд солигдох бүртээ хөтөлбөр өөрчилдөг. Ер нь хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 жил тогтвортой байлгана гэж орж байгаа. Энэ нь хөтөлбөрийг тогтвортой байлгах том дархлаа болно гэж бодож байна.

Хөтөлбөртэй холбоотой өөр зохицуулалтаас дурдъя. Өнөөдөр Монголд гадны хөтөлбөртэй сургууль цөөнгүй бий. Тэрхүү сургуульд сурч байгаа хүүхдүүдийг монгол хүн гэдэг утгаар бэлтгэх ёстой. Монгол хэл, бичиг, уран зохиол, Монголын түүх зэрэг монгол хүнийг тодорхойлдог хичээлүүдийг заавал оруулах ёстой гэж үзсэн. Мэдээж хөтөлбөрийн нарийн агуулгыг хуулиар зохицуулах боломжгүй ч ерөнхий агуулгын шаардлага, зарчимуудыг тодорхойлсон.

Монгол Улсын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын баримталж байгаа бөгөөд үүнд өнөөдрийн дэлхий ертөнцөд амьдрахуйц өрсөлдөх чадамжтай байх ёстой гэдэг зарчим багтана. Ер нь улс орон бүрд ямар иргэн бэлтгэх вэ гэсэн хар хайрцагны бодлого байдаг. Тиймээс ч би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн асуудлыг их хөндөж байсан. Салбарын хүрээнд ч үндэсний хөтөлбөр чухал хэмээгдэж байгаа. Тиймээс зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт энэ хуулийн төсөлд орсон.

-Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлууд сүүлийн үед хөндөгдөх болсон. Хуульд энэ чиглэлээр ямар зохицуулалт орж байгаа бол?

-Боловсролын багц хуультай хамт Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль хэлэлцэгдэж Боловсрлын ерөнхий хуульд нэгтгэгдэж байна. Хуулиар албан боловсролоор зөв зан чанарыг хүүхдэд төлөвшүүлэх асуудал орж байна. Зан чанар гэдэг ойлголтын цаана ихэнх хүмүүсийн шаарддаг хөдөлмөрч байх, цаг баримтлах, ёс суртахуун гээд өргөн хүрээний асуудал багтана.

-Сурагчдын сургалт, хүмүүжлийг багш л хариуцах ёстой юм шиг орхидог болсон. Эцэг эхчүүдийн оролцоог хэр хангаж байгаа вэ. Өөр ямар чухал өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Боловсролын үр дүн хүүхэд, сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа дундаас гарч ирдэг. Ер нь боловсролын багц хуулийн гол өөрчлөлт нь хүүхэд нэгдүгээр ангидаа юу сурсан байх ёстой юм бэ, хоёрдугаар ангид юу чаддаг болсон байх вэ гэдэг мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг боловсруулсан. Бүх хүүхдийг 12 дугаар анги төгсдөг болгох зохицуулалт орж байна. Өнөөдөр сурагчдын нэг хэсэг нь дунд ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургууль руу, эсвэл мал дээр гардаг ч гэдэг юм уу 12 дугаар ангиа төгсөхгүй байх тохиолдол гардаг. Хүүхэд бүрийг 12 дугаар анги төгсгөснөөр гэмт хэргийн тоо болон ажилгүйдэл буурах зэрэг олон дам нөлөө гардаг тухай судалгаа байдаг юм билээ.

Мөн хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн бус хэв шинжтэй сургуулийн сонгодог жишээ бол Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль гээд байна. Өөрийн олсон орлого болон бусдын өгсөн хандив тусламжийн мөнгийг боловсролын байгууллагадаа, эсвэл салбараа хөгжүүлэхэд зарцуулдаг. Тиймээс ашгийн бус зорилгоор ажиллавал төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараахгүйгээр олж байгаа орлогоо тухайн сургууль болон салбараа сайжруулах чиглэлд зарцуулах нь. Харин ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө.

Ашгийн болон ашгийн бус мөн төрийн өмчийн бус сургуулиудад тодорхой хариуцлагуудыг үүрүүлж байгаа. Жишээлбэл, урьдчилж суудлын мөнгө авахыг хориглох зохицуулалт орсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах квот ногдуулж байна. Төрийн бус өмчийн, үндэсний цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудад сургалтын төлбөрөөс хамаарч хувьсах зардал олгоно. Гадны хөтөлбөрөөр зааж байгаа бол улсаас ямар ч зардал өгөхгүй байх зохицуулалт орсон.

Үүнээс гадна гадаадад олон монголчууд амьдарч байна. Тиймээс гадаад амьдарч байгаа хүүхдүүдэд Монгол хэл, соёлын боловсролыг олгодог байгууллагуудад хувьсах зардал олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад Монголын боловсролыг олгохоор үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг дэмжинэ гэсэн үг.

Түүнчлэн цахимаар суралцах боломжийг хуульд тусгаж байна.

Дээд боловсролын хувьд Монгол Улсын хөгжилд чухал жишээлбэл, металлургийн инженер, газрын тосны мэргэжилтэн ч гэдэг юм уу хомсдолтой байгаа чухал мэргэжлүүдэд төрөөс тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж бэлтгэнэ. Их сургуулийн санхүүжилтийн багагүй хувийг тэтгэлэг маягаар олгох өөрчлөлтийг ярилцаж байна. Ирэх долоо хоногийн байнгын хороо болон чуулганаар Боловсролын ерөнхий хууль хэлэлцэгдэнэ.

-Багшийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Багшийн нийгмийн асуудлыг өндөрт тавьж байгаа. Багш нарыг үе шаттайгаар сургана, хөгжүүлнэ. Мөн байр орон сууцаар хангах ч гэдэг юм уу нийгмийн асуудлыг авч үзэж байна. Жишээлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль болон политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад төлбөргүй суралцуулна гэсэн заалт орж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *