Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллуулахаар боллоо

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилуулахаар болсон байна. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар таныг томилуулахаар санал оруулсныг дэмжсэн юм байна, тийм үү?

-Удирдах зөвлөлийн хурлаар тийм асуудал яригдсан.

-Таныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулахаар УИХ-д нэрийг тань өргөн барихаар болсон гэж ойлгож болох уу?

-Удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллуулахаар боллоо. Энэ намын даалгавар.

-Та өмнө нь хэд хэдэн удаа Сангийн сайдаар ажиллаж байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллах туршлага бий юу?

-Хүнс хөдөө аж ахуйн салбар өргөн хүрээг хамардаг том салбар юм. Миний хувьд тэр чиглэлийн мэргэжил байхгүй. Гэхдээ эдийн засаг, санхүү тал дээр нь илүүтэй түшиглэж ажиллаарай гэдэг даалгаврыг өгчихлөө.

-Олны анхаарлыг татсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага. Та очсоноор уг сангаас гадна бусад сангуудад ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ. Сангуудыг ил болгох тал дээр хэр анхаарах бол?

-Мэдээж шүү дээ, олон сан бий. Засгийн газрын тэр олон тусгай сангуудыг цэгцлэх талаар Сангийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн удаа санал оруулж байсан. Харамсалтай нь дэмжигдэж бодлого болоогүй. Тиймээс Засгийн газрын тусгай сангууд нэлээд цэгцрэх ёстой, ил тод болох ёстой. Бид Төрийн санг яаж ил тод болгосон шиг ил тод болох ёстой гэж боддог.

-Та сангуудыг ил тод болгож чадах уу?

-Болгоно. Өөр арга байхгүй.

-Сангуудын үйл ажиллагааг ил болгоно гэхээр гишүүдийн зүгээс намаас тань шахалт ирэх юм биш үү. Сангуудын ард улстөрчид амь бөхтэй оршсоор байгаа шүү дээ?

-Яалаа гэж дээ. Нэгэнт тэр сангуудыг цэгцэл гэдэг даалгавар өгч байгаа болохоор ном журмынх нь дагуу цэгцлэхийг хичээнэ. Дан ганц Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан биш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяанд Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн хамаардаг. Тиймээс сангуудыг нэлээд цэгцэлж, хяналттай, ил тод болгох ёстой гэж боддог. Тэр утгаараа энэ тал дээр анхаарч өмнө нь эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

-Та эдийн засагч хүн. Гэтэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засаг, санхүү тал дээр анхаарч ажиллана гэлээ. Энэ том салбарыг босгоход эдийн засаг гэдэг бол зөвхөн нэг хөл нь юм биш үү. Малчид, тариаланчдаас эхлээд олон хүний хөдөлмөрийн асуудал яригддаг ярвигтай салбар шүү дээ?

-Тийм л дээ. Маш том салбар тул олон чиг-лэлд анхаарч ажиллах шаардлагатай. Аль болох тэр олон чиглэлд нь хүрч ажиллахыг хичээнэ. Өөр арга байхгүй. Мэдээж энэ аж ахуйн яам. Тиймээс аж ахуйн шуурхай ажлуудыг хийх ёстой. Дээрээс нь эдийн засгийнхаа үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай. Мөн Монгол Улсыг үйлдвэржүүлэх томоохон бодлого явуулах цаг нь болсон. Ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарт томоохон ахиц гаргахаар намын мөрийн хөтөлбөрт бий. Үүнийгээ зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүний цаана хүнсний аюулгүй байдлын том асуудал үлдэж байгаа юм. Гэх мэтчилэн тус бүрт нь анхаарч ажиллах ёстой л доо. Маш том салбар учраас надад их л том хариуцлага ирж байна.

-Сайдын суудалд тантай хүн өрсөлдсөн үү. Эсвэл таныг шууд хэлэлцээд явчихсан юм уу. Хэд хэдэн хүний нэр гарчихсан байсан даа?

-Надад даалгавар өгөөд Удирдах зөвлөлөөс шийдвэр гарсан.

-Намын дарга, Ерөнхий сайдын зүгээс таны нэрийг оруулав уу. Танай намыг чинь 32:32-ын бүлэгт хуваагдсан гээд байгаа шүү дээ. Энэ нь сүүлдээ ил цагаандаа гарсан. Та бол У.Хүрэлсүхийн эсрэг талын фракцид хамаарч байсан хүн шүү дээ?

-Хууль дүрмийн дагуу шийднэ. Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Энэ хүрээнд болсон.

-Удирдах зөвлөлийн хурлаар зарим хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдсан юм байна, тийм үү?

-Удирдах зөвлөл дээр яригдсан.

-Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахаар Ерөнхий сайд гарын үсэг зурж, Удирдах зөвлөлийн тогтоол гарсан гэх юм?

-Тогтоол гараагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *