Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Үндсэн хуульд ард иргэдэд УИХ-аас баталж буй хууль, гарч байгаа шийдвэрт хориг тавьдаг эрхийг үлдээх хэрэгтэй

Шилэн нам түншлэлийн санаачлагч Ч.Сосормаатай ярилцлаа.


-Юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын ирээдүйн болон дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хэрхэн уялдаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед бид салбар бүрийн судлаач, эрдэмтдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Үндсэн хууль өнөөгийн Монголын төдийгүй маргаашийн Монголынх хэмээн Б.Чимэд агсны хэлснийг бодож, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, улс орныхоо хэрэгцээ шаардлага, хэтийн бодлогыг судалж ул суурьтай хандах хэрэгтэй болов уу. Тухайлбал, Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэсэн заалт бий. Улс орон маань өнөөдөр Улаанбаатар хэмээх ганцхан хотын туйлт улс болчихсонд бүхий л зовлон оршиж байна. Хүн амын тал хувь нь бөөгнөрсөн учраас нийгэм, эдийн засаг, экологи, эрүүл мэндийн түмэн асуудлын занганд орчихож, бид. Тиймээс шинэ нийслэл байгуулж, нийслэлийг улс орны эдийн засгийн төв болгох замаар төвлөрлийг саармагжуулах, улмаар хөгжлөө тэлэх шаардлага үүсч байна. Түүнчлэн хөгжлийн тулгуур төвүүдийн бие даасан статусыг баталгаажуулах асуудал шийдлээ хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ мэт ирээдүйн Монголын асуудлууд тусгагдаагүй л байна даа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж улстөрчид хэлж байгаа. Гэтэл судалгааны ажлууд дутагдалтай байх шиг. Улстөрчид хар практикаар асуудалд хандах вий гэсэн болгоомжлол байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Харин цаг хугацааны хувьд өөр өөрөөр хариулах байх. Миний хувьд бэлтгэлээ базааж дууссан цагт л цаг нь болсон гэж хэлнэ. Энэ утгаараа УИХ-д нэг намын төлөөлөл үнэмлэхүй олонх болсон үед эцэг хуульд гар дүрэх цаг болсон гэж үзэж болохгүй. Аливаа эмчилгээ оношоо зөв тавихаас эхэлдэг. Оношоо олж чадвал эмчилгээ үр дүнд хүрэх нь дамжиггүй. Яг түүнтэй адил асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төрлийн судалгаа хийж байж зөв шийдлийг олдог. Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулийн хэрэгжилтийн алдаа оноог дэнсэлж, иж бүрэн үнэлгээг хийгээгүй өдий хүрчээ. Ул үндэстэй судалгааны ажилгүйгээр асуудлыг тэр дундаа засаглалын хямралыг шийдвэрлэх гэж зүтгэх нь сохроор хандаж байгаатай адил шүү дээ. Тухайлбал, Засаг захиргаа нутаг дэвсгэр, бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудлаар манайд дорвитой хийсэн судалгаа алга. Үүнийг хуулийн төслийн багийнхан ч өөрсдөө хэлж байна лээ. Тухайн асуудлаар хангалттай судалгаа байхгүй бол гар хүрэх ч хэрэггүй. Үндсэн хуулийн өөрчлөлт өөрөө хуулийн салбарын инновацийн үлгэр жишээ байх ёстой. Юуны өмнө шинжлэх ухаанч зарчмыг удирдлага болгож, судалгаа шинжилгээний ажлаар эхлүүлмээр санагдана. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн улс төрөөс хараат бус судалгааны багийг наанадаж 3-5 жил ажиллуулан, тулгамдаад байгаа асуудлуудаа тодорхойлж, шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулсан байх шаардлагатай баймаар. Харин үүний дараа л УИХ-ын хуулийн ажлын хэсэг нийгмийн олон талт төлөөллийг оролцуулан байгуулагдах нь зүйтэй болов уу. Цаашид “Үндсэн хууль судлалын төв” байгуулах хэрэгцээ шаардлага ч харагдаж байна.

-Үндсэн хууль төр ба ард түмний хоорондын үндсэн гэрээ юм бол төр дангаар мэдэн өөрчлөх эрх байхгүй биз дээ. Иргэдийн оролцоог хангаж, саналыг тусгаж чадаж байна уу?

-Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлт нь нийгмийн өргөн оролцоог хангасан үндэсний хэмжээний зөвшилцлийн үр дүн байх ёстойг үе үеийн эрдэмтэд анхааруулсаар ирсэн. Хэдийгээр манайх эцэг хуулиа олон давхар цоожоор хамгаалсан ч Б.Чимэд агсны хэлснээр “ноён урваач нохой шарваач” тул хэзээ ч тайвширч болохгүй. Эхний цоожийг ард түмний нэр барин “зөвлөлдөх ардчилал” нэртэй түлхүүр тааруулан нээсэн. Зөвлөлдөх ардчилал нь дүр үзүүлэх ардчилал болсныг бүгд л шүүмжилж байгаа. Энэ мэтчилэн Үндсэн хуулийн өөрчлөлт хийх технологийг зөрчин, оролцооны зарчмыг гажуудуулж байна. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт хийх дүр зураг харагдаж байгаа. Энэ бол их засвар. Эл тохиолдолд УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос илүү хувь нь ард нийтийн санал асуулга явуулахын төлөө санал өгнө гэж найдаж байна. Ер нь цаашдаа суурь үзэл баримтлал гэлтгүй эрх мэдэл хуваарилалттай холбоотой өөрчлөлт бүрт ард нийтийн санал асуулга явуулах заалтыг тусгавал Үндсэн хуулиа найдвартай цоожлох болно.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах төсөл, саналаа УИХ-д хүргүүлж,чуулганы хуралдаанд танилцуулсан. Олон асуудал энэ төсөл, санаачилга дээр яригдаж байна л даа. Зөв, буруу гээд л. Таны хувьд санал нэгдэж байгаа болоод зөрчилдөж байгаа зүйл юу байна вэ?

-Зүйтэй саналууд ч байсан. Бидний хэдэн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, намын гишүүд нэгдээд “Шилэн нам” санаачилга өрнүүлээд ажиллаж байна. Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн судалгаа хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан. Энэ чиглэлээр ажилладаг судлаачийн хувьд УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулахыг дэмжиж байгаа. Учир нь сонгууль бүрийн өмнө УИХ-д олонх болсон намын гишүүд үгсэн хуйвалдан сонгуулийн тогтолцоог өөрчилдөг зуршил бий боллоо. Саяхан МАН-ын бүлгийн гишүүд 2020 онд Монгол Улс нэг тойрог системээр сонгуульд орох тухай бүлгийн шийдвэр гарсан талаар мэдэгдсэн. Дэлхийд халагдсан хамгийн муу системийг яагаад дуурайхыг хүссэнийг мэдэхгүй байна. УИХ-ын гишүүд сонгууль, төсөв хоёрыг хэлэлцэхэд амбицаа дарж чадахгүй улс орныг үймүүлж байна.

-Ерөнхийлөгч нам байгуулахад 50001 хүний гарын үсэг цугларсан нөхцөлд нам гэж хүлээн зөвшөөрөх тухай заалт оруулж ирсэн. Энэ заалт дээр байр сууриа илэрхийлээч.

-Ерөнхийлөгчийн санал болгоод буй нийт сонгогчдын таван хувийн босго давсан нам Парламентад суудалтай болох, 50001 гишүүнтэй тохиолдолд намыг бүртгэх зэрэг асуудлыг эцэг хуульд суулгах шаардлагагүй гэж үзэж байгаа. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиар зохицуулж болно. Товчхондоо хэт туйлширч болохгүй. СЕХ намын дотоод сонгуулийг зохион байгуулдаг болж таарахгүй. Иргэдийн хийж чадах, хийх ёстой ажлыг булааж аваад байдаг төр бидэнд хэрэггүй. Үүний оронд гишүүдийнх нь өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төсвийн дэмжлэг олгох замаар дотоод ардчилал, засаглалыг сайжруулах боломж бий. Намын дотоод сонгууль тэр дундаа намын даргын сунгааг зохион байгуулахад төсвийн дэмжлэг олгодог болбол нэр дэвшигч нарт тэгш гараа, тэгш боломжийг олгож, бэл бэнчинтэй нөхдийн мөнгөнөөс салгаж өгнө. Эдгээр асуудлыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох тухай Ерөнхийлөгчийн саналыг олон нийт бас сайшаахгүй байх шиг байна. Таны санал юу байна?

-Олон нийт дэмжихгүй байгаагийн шалтгаан нь тоо биш, чанарын тухай асуудал болов уу. Тоог нэмлээ ч гишүүдээ чанаржуулж чадахгүй бол ямар хэрэг байх вэ. Бидний өмнө тулгамдаад байгаа Засаглалын гол хүндрэл бол төлөөллийн байгууллага төлөөлөх үүргээ хэрэгжүүлж чадахгүй болоод байгаа явдал. Өөрөөр хэлбэл сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг төлөөлөх бус өөрсдийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьдаг болсонд асуудал байна.

-УИХ-ыг хариуцлагатай төлөөллийн байгууллага болгох тал дээр та ямар шийдлийг санал болгох вэ?

-Сүүлийн жилүүдэд Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагын туршлагаас харахад үйлчилгээ хүргэгч тал буюу төртэй ажиллахаас илүүтэй үйлчилгээ хүлээн авагчид буюу иргэдийг чадавхжуулах замаар төрийг хариуцлагажуулдаг болжээ. Өөрөөр хэлбэл хариуцлагатай иргэдээс хариуцлагатай төрийг бүрдүүлэх зарчим руу шилжиж байна. Том гүрнүүдийн дунд орших хөгжлөөрөө цахилж яваа жижиг улсууд иргэдийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлж, шууд оролцоог олон талаар хангаснаар засаглалаа сайжруулсан туршлагыг би сонирхож судалдаг. Тухайлбал, Швейцарь, Уругвай, Гүрж, Коста Рика зэрэг улсад иргэд өөрсдөө хууль санаачлах эсвэл хуульд хориг тавих эрхтэй байдаг. Тэнд бүх нийтийн санал асуулгыг өргөн ашигладаг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн оролцоог хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлууд орхигдлоо гэж зарим судлаач шүүмжилж байсан. Энэ талаар таны байр суурь юу вэ?

-Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй өөрчлөлтийн төслийг харахад иргэдийн засаглах эрх, хяналтыг нэмэгдүүлэх санал санаачилга тун хомс байна. Төр эрх мэдлээ ард түмнээсээ авдаг нь үнэн л бол ямар эрхийг шилжүүлэх, ямар эрхийг нь өөрсдөө шууд эдлэхээ шийдэх эрхтэй байдаг. Монгол Улс байгалийн арвин баялагтай ч хүн ам цөөн, хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой. Ардчилал балчир, засаглал тогтворгүй, авлигын индекс өндөртэй улс. Ийм улс оронд иргэд нь байнгын сөрөг хүчин байж, төрөө давхар манадаг болж гэмээнэ улс орны аюулгүй байдал хангагдана. Тэгэхээр Үндсэн хуульд ард иргэддээ УИХ-аас баталж байгаа хууль, гарч байгаа шийдвэрт хориг тавьдаг эрхийг үлдээх хэрэгтэй. Ингэснээр иргэд өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг хамгаалах эрхээ сонгосон төлөөлөгчиддөө хэзээ ч бүрэн олгохгүй гэсэн үг. Иргэдэд эцсийн шийдвэр гаргах эрх үлдэнэ. Монголын ард түмэн улс орныхоо аюулгүй байдал, ардчилал, иргэдийн нийтлэг эрх ашгаа сахин хамгаалах улс төрийн шууд эрхтэй болно гэсэн үг. Улмаар ард түмэн үргэлж сөрөг хүчний байр сууринд ажиллах болно. Манаачаа давхар хийх болно. Манайд УИХ-д суудалтай намууд эвсэн сөрөг хүчингүй болох тохиолдол гарч байсан удаа бий. Сөрөг хүчингүй ардчилал гэж байдаггүй. Тиймээс иргэд мөнхийн сөрөг хүчин байх болно. Жишээ нь, Швейцарь улсад Парламентын баталсан хууль, гаргасан шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй бол гурван сарын дотор 50 мянган гарын үсэг цуглуулан хориг тавих эрхтэй. Хориг тавьснаар бүх нийтийн санал асуулга явуулах үндэслэл болно. Тиймээс ч Парламент хууль батлахаас өмнө иргэдийн оролцоог өргөнөөр хангаж, иргэний нийгмийн байгууллагатай зөвшилцөж, олон дахин нягталж байж хуулиа баталдаг улс төрийн соёл төлөвшсөн. Нөгөө талаар нийгмийн бүлэг давхаргууд, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төлөөлөлтэй зөвшилцөх механизм байнга хэрэгжиж байдаг.

-Иргэд хориг тавих эрхтэй болсноор Үндсэн хуульд заасан хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн УИХ хэрэгжүүлэх заалттай зөрчилдөх үү?

-Иргэд хориг тавих эрхийг эдэлснээр Парламентын хууль тогтоох эрх мэдэлд халдсан зүйл огт болохгүй. Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хууль ба бусад шийдвэрт хориг тавих бүрэн эрхтэй ч УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хүлээн авахгүй бол хориг хэрэгждэггүй. Хэдийгээр манай улс Парламентын засаглалтай ч хэмжээлшгүй эрхийг төлөөллийн байгууллагад олгоно гэсэн үг биш шүү дээ. Иргэд нь эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй хэвээр үлдэж байж ард түмний засаглах эрх бүрэн хэрэгжинэ. Иргэд нь засагладаг нийгэмд Парламент хэзээ ч бүлэглэлийн гарт орохгүй. Шинэ удирдагч гарч ирээд шинэчлэл нэрийн дор гэнэтийн радикал өөрчлөлт хийх боломжгүй. Иргэд нь эрх мэдлээ атгадаг нийгэмд дарангуйлагч төрөх хөрс суурь бүрдэхгүй. Хувь заяа нь өөрсдийнх нь гарт байгаа гэдгийг мэдэрсэн иргэд улам хариуцлагатай болдог. Төлөөллийн ардчилал төгс биш, олон сул тал бий. Шууд ардчилал ч дангаараа хэрэгжихэд түвэгтэй. Харин хослуулан оновчтой хэрэглэж чадвал үр дүнтэй. Ард иргэддээ эрх мэдлийг илүүтэй өгсөн тэр нийгэмд ардчилал хөгжиж, иргэдийн хяналтад оршдог төр тогтвортой оршдог.

-Үндсэн хуулийн өргөн барьсан төсөлд эдгээр саналууд тусгагдах боломжтой юу. Эсвэл цаг хугацааны хувьд оройтсон уу?

-Өнөөдөр улстөрчид иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай ярихгүй, бодлогын хувилбарууд дэвшүүлэхгүй байгааг гайхаж байгаа.

Энэ асуудлаар бид нийгэмд илүү чанга дуугарах хэрэгтэй байх л даа. Хэрвээ олон нийт дэмжиж, нийгмийн давлагаа үүсгэвэл хууль тогтоогчид нухацтай хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Үндсэн хуульд суурь үзэл баримтлал, зарчмын өөрчлөлт оруулахын өмнө ард түмнээсээ асуудаг, өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулга явуулж байж шийдвэрлэхээс Үндсэн хуулийн шинэчлэлээ эхлүүлье гэж уриалмаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *