Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: “Японы тагнуул”, “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо авлига гэдэг халхавчаар буцаад ирж байна DNN.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шүүхээс 2-4 жилийн хорих ял оноосон билээ. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв үү. Ямар учраас давж заалдаж байгаа юм бэ?

-Хөгжлийн банкны захирлаар 2013-2016 онд ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сард хянан хэлэлцсэн.

Энэ хурлаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн гурван хэргийг хэлэлцээд дөрвөн жилийн хорих ял оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэлүүд байгаа учраас хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчид Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад байна.

-Түүнийг ямар гурван хэрэгт холбогдуулан шалгасан билээ?

-“Арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан. “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж, ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар авах гэсэн нөхцөлийг хангагдаагүй байхад зээл олгож, “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Энхсайханд давуу байдал олгосон. “Худалдаа хөгжлийн банкны төв байрнаас Хөгжлийн банканд 3240 мкв талбай бүхий ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан” гэж прокуророос буруутгасан юм. Эндээс “Хадгаламжийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан” гэх үйлдлийг нь албан тушаалаа урвуулсан гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин нөгөө хоёр хэрэгт нь Н.Мөнхбатыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэхээр тогтоол гаргаад байна.

-Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэл байгаа гэж та дээр хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?

-Шүүх бол хуульд захирагдаж, хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Гэтэл тэгж чадсангүй. Улс төрийн нөлөөллөөр асуудалд хандаж, олон нийтийн хүсэл таашаалд нийцүүлэх гэж хууль ёсыг зөрчлөө гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа. 1937 онд “Японы тагнуул”, 1960-аад онд “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, сонин хэвлэлээр олон нийтийн тархийг угааж байгаад гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо өнөөдрийн ардчилсан Монгол Улсад “Авлига” гэдэг халхавчаар буцаад ирж байна. Жинхэнэ хулгайч авлигачдаа намнах биш, ажлаа хийсэн гэмгүй хүмүүсээр “туг тахьж” эхэллээ гэсэн айдас төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцүүдийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруугаар тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, илтэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг сахин хэрэгжүүлж чадсангүй.

-“Мон-Лаа” компани зээлээ бүрэн төлсөн гээд байгаагүй бил үү?

-“Мон Лаа” компанид зээл олгосон гэж өнөөдрийг хүртэл буруутгадаг. Гэвч зээл өнөөдөр бүрэн төлөгдсөн, Хөгжлийн банканд бодитоор учирсан хохирол байдаггүй. Иргэний хуулийн дагуу Зээл өгсөн, авсан асуудлыг өнөөдөр нийгэмд аюултай гэмт үйлдэл болгож хувирган, авсан зээлийн дүнг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол гэж тооцож хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Ийм үйл ажиллагаа Хөгжлийн банкаас хальж, арилжааны банкууд руу халдварлах юм бол зээл авсан, өгсөн хүмүүс, эрсдэлтэй зээлийн ангилалд орсон бүх зээл гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болно. Бүх зээлдэгч, зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнууд гэмт хэрэгтэн болж хувирах юм.

-Тэгвэл Худалдаа хөгжлийн банкаас ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Худалдаа хөгжлийн банкаас байр худалдан авах үйл ажиллагаа Иргэний хуулийн дагуу явагдсан. Тэр худалдан авсан байр өнөөдөр үрэгдэж, үгүй болоогүй. Банкны стандарт шаардлага хангасан уг байранд есөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг байрны үнэ цэнэ өнөөдөр огт алдагдаагүй. Тухайн байршил дахь оффисын байрны метр квадратын үнэ өссөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаануудаас харагддаг юм. Олон улсын санхүүгийн байгууллагад Хөгжлийн банк 27.5 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй гэж тайлан мэдээндээ тусгасаар ирсэн. Энэ нь банканд бодитой хохирол учруулаагүй байна гэж үзэх хуулийн үндэслэл болдог.

-Шүүх яг ямар хууль зөрчив?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбатыг ажиллаж байсан 2013-2016 онд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Н.Мөнхбатыг буруутгаж байгаа “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг шүүх зөрчлөө. Жишээлбэл, иргэн Доржийн үйлдсэн гэмт үйлдэл 2002 оны хуулиар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байсан гэж бодъё. Тэгэхэд 2015-2022 онд ялыг нь удаа дараа өөрчлөх, нэмж хүндрүүлэх замаар, хүнд гэмт хэргийн ангилал руу оруулж байгаад 10 жилийн өмнөх Доржийн үйлдэлд заавал хорих ял өгдөг байх жишгийг шүүхийн практикт тогтоож эхэллээ гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал юм. Арван жилийн өмнө болоод өнгөрсөн Доржийн гэм буруутай үйлдэлд ял оногдуулдаггүй байсан бол түүнийг заавал шийтгэж, хорихын тулд уг заалтыг хууль тогтоох байгууллагад олонх болсон нам өнөөдөр хүссэнээрээ хүндрүүлж өөрчлөөд, заавал ял оногдуулдаг маш буруу жишиг тогтоохыг эрмэлзэж байна.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг эргэж сэргээгээд яллаж байна гэсэн үг үү?

-Улсын дээд шүүх Хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар тайлбар гаргасан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг агуулгаар нь зөрчсөн байна гэсэн иргэдийн гомдолд үүссэн маргааныг Цэц их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэх процесс өнөөдөр явагдаж байгаа. Цэцийн эцсийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг түдгэлзүүлэх нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 онд Н.Мөнхбат нарт холбогдох энэ хэргийг түдгэлзүүлсэн байсан юм.

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн

хууль, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой заалтуудын алийг нь сонгож хэрэглэх нь зүйтэй вэ, аль нь Үндсэн хууль зөрчсөн байна вэ гэсэн маргаан үүссэн байгаа. Энэ маргаанд эцсийн цэг тавигдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүн таслах ажиллагаа явуулж болохгүй юм байна гээд хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгч захирамжаа гарган, Цэцийн эцсийн шийдвэрийг хүлээж байсан юм. Гэтэл Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2023 оны тавдугаар сард явагдаж байгаатай зэрэгцүүлэн хэрэгт шинээр орж ирсэн шүүгч гэнэт хууль бусаар энэ хэргийг сэргээсэн байсан.

-Та бүхэнд мэдэгдэлгүйгээр хэргийг сэргээчихэж байгаа юм уу?

-Уг нь хэргийг сэргээхийн тулд шүүхийн хэлэлцүүлэг хийж, улсын яллагч, хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчдийн санал, байр суурийг сонсох ёстой байсан юм. Гэтэл тэдэнд огт мэдэгдэлгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэг хийгээгүй, улсын яллагч, хэргийн оролцогч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлт, байр суурийг сонсоогүй. Шүүгч өөрөө шууд захирамж гаргаад түдгэлзээтэй байсан хэргийг сэргээсэн нь биднийг гайхаж цочирдоход хүргэсэн. Тэр ч бүү хэл шууд л шүүгдэгчдийн гэм буруугийн шүүх хуралдаан хийх товыг нь зарлаад бидэнд мэдэгдэж байлаа.

Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа давхацсан. Энэ хэргийн нэг оролцогч нь Н.Мөнхбат болон бусад хүмүүс шүүх хуралдаанд давхардаж оролцох нөхцөл боломжгүй байна гэх үндэслэлээр уг хурлын тов тухайн үедээ хойшлогдож байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т, ”Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ…” гэсэн заалт хүчин төгөлдөр байхад үүнийг шүүгч илтэд зөрчсөн. Түдгэлзээтэй байсан хэргийг сэргээж, улмаар шүүн таслах ажиллагаа явуулж, эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар ял оногдуулсан шийдвэр гаргасан учраас шүүхийн уг тогтоолыг ч хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхийн хууль зөрчиж гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэж, дээрх алдаануудыг засч залруулан, Н.Мөнхбатад холбогдох хэргийг хараат бусаар, гагцхүү хуульд захирагдаж, шударгаар шийдвэрлэн Шүүх эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Н.Мөнхбат гэдэг залуу сүүлийн арван жил шүүх, цагдаагаар явж байна. Түүний улс төрийн карьер нь ч дууслаа. Энэ нь ч дүүрчээ гэхэд гэр бүл нь яажшуухан амьдардаг юм бол?

-Иргэн хүн 10 жилийн турш хууль хяналтын байгууллагын хяналт доор амьдрах нь амар хялбар зүйл биш л дээ. Үүнийг биеэрээ туулж яваа, тэр хүн. Түүнтэй өдөр тутамд харилцаж, хэргийн бодит байдлыг оюун ухаанаар тунгаан бодож, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн өмгөөлөгч л ойлгодог юм билээ. Бодит бус, худал ташаа, хэтрүүлэгтэй мэдээлэл их явах тусам нийгмийн сэтгэл зүй түүнд хайрцаглагддаг юм байна. Худлыг үнэн, үнэнийг худал гэж хардаг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг олж харахыг хүсэхээ больдог бололтой юм. Энэ хугацаанд Н.Мөнхбат гэмт хэрэг үйлдээгүй, хууль бус ямар нэг зүйл хийгээгүй гэдэг байр сууриа АТГ, прокурор, шүүхэд байнга илэрхийлсээр ирсэн. Бас хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байв. Биеийн болон сэтгэл санааны асар их дарамт туулж яваа, энэ залуу. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсныхаа төлөө 30 гаруй настайдаа хэрэгт холбогдож шалгагдаж байсан бол өнөөдөр 40 насны босгыг хэдүйнээ давжээ. Хууль бус зүйл хийгээгүй гэдэг байр суурь дээрээ өнөөдөр ч, ирээдүйд ч бат зогсоно гэдгээ тэр илэрхийлдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

One reply on “Ч.Хүрэлбаатар: “Японы тагнуул”, “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо авлига гэдэг халхавчаар буцаад ирж байна DNN.mn”

Намын даалгавар гүйцэтгэдэг авлигажсан дампуу шүүхээс дампуу шийд гарч иргэдийн амьдралыг сүйрүүлж ханадаггүй атлаа төрийн хулгайчдаа хэрхэн хамгаалдаг нь аль эрт түмэн олонд ил болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *