УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-УИХ 2019 оны төсвийг хуулийн хугацаандаа баталлаа. Төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр нь баталж чадсан уу?
-Төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Зардал дотроо танах зүйлүүд гарсан. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эх үүсвэрээс то-дорхой хэмжээгээр танасан. Байгалийн баялгаасаа авах татварыг нэлээд сайж-руулахаар болсон. Хил дээрх гаалийн байгууллагуудыг бүрэн камержуулж, рентген машинуудыг суурилуулах, машин бүрээс сорьц авдаг болох, нэгдсэн мэдээллийн систем гурван түвшинд бий болгох зэрэг ажлуудыг хийх мөнгөнөөс 20 тэрбум төгрөг хасагдсан. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөрөнгүүдээс 130 орчим тэрбум төгрөг хассан. Ирэх жил 189 тэрбум төгрөгийг аймгуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлнэ. Тэр мөнгийг аймгуудын ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэж хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэх байсныг татаж, УИХ дээр нэр төрлөөс салгаж ангилсан.
-Хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв болсон гэдэг шүүмжлэл их байна. Сангийн яамныхан энэ удаа төсөв оруулахдаа маш том алдаа гаргалаа гэх юм?
-Шүүмжлэл бол байх зүйл. Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гутааж, доромжлох зүйл угаасаа агуулга муутай байдаг. Аливаа шүүмжлэлийг төрийн байгууллагынхан чихээ онгойлгож байгаад сайн сонсч байх ёстой. 2019 оны төсвийг хийхдээ Сангийн яам нэлээд суусан. Тэр утгаараа нэлээд чамбай төсөв орж ирсэн гэж ойлгож болно.
-УИХ-ын нэг гишүүнд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Гишүүний мөнгө нэмэгдлээ гэдэг асуудал гарч байгаа?
-УИХ-ын гишүүдийн тойрогт эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, засварлах гээд олон асуудал байдаг. Тойргоос сонгогдсон гишүүддээ энэ бүх асуудлуудаа тавьдаг. Хөрөнгө оруулалтын ажлууд нь тухайн тойрогтоо төлөвлөгдөөд явдаг. Үүнийг УИХ-ын гишүүний мөнгө гэж хольж, хутгаж яриад, улстөржүүлж байгаа арга хэлбэр гэж харж байгаа. Түүнээс энэ мөнгө орон нутагтаа хийгдээд явдаг. Орон нутагт амьдарч буй иргэд энэ зовлонг мэддэг. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 их наяд төгрөг. Үүнээс ойролцоогоор 1.3 их наядын ажил нь гадны зээл тусламжаар хэрэгжинэ. Үлдсэн 1.4 их наяд төгрөг нь улсын төсвөөс хийгдэнэ. Гадаад, дотоодоос авсан өндөр хүүтэй арилжааны зээлүүдийн төлдөг хүүгийн хэмжээ жилдээ 1.4 их наяд төгрөг. Өнгөрсөн жил орчмын хугацаанд бид хүүгийн хэмжээг нэлээд бууруулж чадсан. 2019 оны төсөвт зээлийн төлбөрт 870 орчим тэрбум төгрөг тавигдсан. Зөвхөн хүүнд төлж буй мөнгийг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. Өмнө нь авсан зээлийнхээ хүүнд төлж байсан мөнгөө хөрөнгө оруулалт болгож чадаж байна.
-Гишүүдийн зүгээс төсөвт хэмнэлт хийх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Монголбанкныхан төсөв тэлж байгаатай холбоотойгоор мөнгөний бодлогод нөлөөлнө гэж байсан. Хэмнэлт хэр хийгдсэн бэ?
-Бид 2016, 2017 онд төрийн байгууллагын урсгал зардлыг нэлээд танасан. Тиймээс 2018 оны төсөвт бүх зардлыг бариад бодлогын хувьд өөрчлөлт орсон зардлуудыг нэмж байгаа. Тухайлбал, шинээр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд тэнд үйл ажиллагаа явуулах хүмүүсийн цалингаас эхлээд урсгал зардлыг нэмж өгсөн. Энэ мэтчилэн зүйлсийг нэмсэн. Зарим хүн 2019 оны төсөвт манай зардлыг 670 сая төгрөгөөр хасчихлаа гээд гомдол тавьж байна.
-Орон нутагт сургууль, цэцэрлэгийг нэгдсэн зураг төслөөр барина гэдэг асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Ирэх оны төсөвт зураг төсөвгүй 400 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга суусан гэдэг шүүмжлэл гарсан?
-2018 оны төсвийг хэлэлцэх үеэр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардал өөр байна гэдэг шүүмжлэл нэлээд яригдсан. Тэгэхээр жишиг төсвөөр хийх нь зүйтэй. Тухайн орон нутагт сургууль барихад дэд бүтцээсээ хэр зайтай байдаг зэргээс шалтгаалж хөрөнгө өөрчлөгдөх зүйл бий. Одоо бэлэн зураггүй гэдэг нь үнэн. Гэхдээ жишиг зураг байхад дахин мөнгө зарж зураг бэлдүүлнэ гэдэг нь улсын төсвийг үргүй зарцуулна гэсэн үг. Тиймээс жишиг зургаа л ашигламаар байна. Тэгэхгүйгээр барилга барих болгондоо зураг гаргаад улсын төсвийг үр дүнгүй зарцуулмааргүй байгаа юм.
-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг түлхүү олгож байгаа гэсэн?
-2019 оны төсөвт орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлыг ихээхэн тусгаж өгсөн. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг орон нутгийн өмч. Гэвч ашиглахтай холбоотой бүх зардал нь төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад сууж байна. Зарим сургуулийн захирал Улаанбаатар хотод ирж ширээ, сандал, засварын мөнгө хөөцөлдөж явдаг. Бүх сургуулийн захирлуудад тийм боломж байна уу, үгүй юу. Энэ бүхнийг хөөцөлдөхөд ямар их хэмжээний зардал гаргах вэ. Тэгэхээр энэ эрх мэдлийг нь орон нутагт нь өгч, ямар нэгэн төсөв мөнгийг нь хасалгүй суулгаж өгсөн.
-Агаарын бохирдлын мөнгийг бууруулсан. Агаарын бохирдол гэж хамгийн их ярьдаг хэрнээ яг шийдлээ олох гэхээр төсвийг нь танадаг гажиг бий болчихлоо. Шүүлтүүрийг эхнээс нь тэр чигт нь дэмжээд явж болсонгүй юу?
-Зуухны хоолойн дээр тавихаар тооцож оруулж ирсэн төхөөрөмж нь утааг гүйцэд шатаах зориулалттай байсан. Харамсалтай нь үүнийг хасчихлаа. Гэхдээ энэ хэмжээний их мөнгө биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр туршилтыг нь хийгээд явах хэрэгтэй.
-Төсөвт тодотгол хийх үү. Та энэ оны төсөвт тодотгол хийхгүй гээд хийгээгүй шүү дээ. Төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн болохоор тодотгол хийх магадлал өндөр байна л даа?
-Төсвийн тодотгол хийхгүй явж чадах уу гэж олон хүн асууж байсан. 2018 оны төсвийг тодотгохгүй явж болж л байна. Ингэснээр төсвийн сахилга батыг чанга барьж байгаа. Төсвийн төлөвлөлт дээр бид нэлээд сууж ажилласан. Төсөв тодотгохгүй гэдэг байр, суурь хэвээрээ. Төсвийн орлого давсан тохиолдолд төсөв тодотгохгүй. Орлого буурч байгаа үед төсөв тодотгоно гэдэг хуулийн заалттай.
-Засгийн газарт эрсдэлийн төлөвлөгөө байгаа юм уу?
-Бид орлогоо нэлээд харж төсөөллөө оруулж ирсэн. Эрсдэлээ тооцоолсон. 100 хувь эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Ирэх жилийн төсөв 10 хувийн эрсдэлтэй болсон гэдгийг УИХ-ын чуулган дээр хэлсэн. Ямар нэгэн эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ.
-Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийг 15 хувиар хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө аж, үйлдвэрийн комбинат байгуулъя гэдэг саналыг гаргасан?
-Засгийн газар 2019 оны төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үед Ерөнхийлөгчөөс ямар нэгэн санал орж ирээгүй байсан. Засгийн газраас УИХ-д 2019 оны төсвийн төслийг өргөн мэдүүлснээр Монгол Улсын төсөв УИХ-ын мэдэлд 100 хувь шилжиж байгаа юм. УИХ-д чухам ямар санал ирүүлснийг би мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч төсөл ирээгүй.
-Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавьж магадгүй байна. Хоригтой холбоотойгоор аж үйлдвэрийн комбинат байгуулах мөнгөө тусгуулах юм биш үү?
-Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх.
-Таны гарын үсгээр Хөгжлийн банкнаас 60 сая долларын зээлийг Голомт банкинд олгосон гэх мэдээлэл гарсан. Тайлбар өгөхгүй юу?
-Сангийн сайдын эрхлэх асуудалд Монгол Улсын төсөв, санхүүгийн зарим асуудал байдаг. Харин Хөгжлийн банк нь эрхлэх асуудалд огт хамаагүй. Би энэ зээлийн талаар мэдээлэлгүй байна. Арилжааны банкны авсан зээлийг Сангийн сайд мэдэх албагүй.
-ЖДҮХС-гийн зээл олгох дүрэм, журмыг нь шинэчлэх үү. Та өөрөө зээл авсан уу?
-Жижиг, дунд үйлдвэрээс би зээл авч байгаагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЖДҮХС-гийн мөнгийг хамгийн зөв, ашигтай зарчмаар олгодог болгохоор ажиллаж байна. Үр ашиггүй системээр татвар төлөгчдийн мөнгийг дамжуулмааргүй байна гэдэг байр суурь илэрхийлж ирсэн. Жижиг дундын сангууд дээр асуудал байгаа учраас бид үүнийг зогсоож цэгцэлж, зөв болгочихоод цаашдаа зээлээ олгох нь зүйтэй гэдэг байр, суурийг манай Засгийн газар баримталсаар ирсэн. ЖДҮХС-д энэ жил мөнгө суулгалгүй оруулж ирсэн ч Их хурал дээр нэмэгдээд явсан. ЖДҮХС-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл ордог байх хэрэгтэй. Олон нийтийн оролцоог хангасан, хяналтыг сайжруулж байж зээл олгохгүй бол болохгүй болсон. Ихэнх сангуудыг маш үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Зарим сангууд яамны урсгал зардлыг санхүүжүүлж ирсэн жишээнүүд бий. Энэ мэт буруу зүйл их байсан учраас ЖДҮХС-д хөрөнгө тавимааргүй байна гэж маш олон тайлбарлаж хэлсэн. 2018, 2019 оны төсөв хөрөнгө тавиагүй. Засгийн газар, Сангийн яамнаас бүх сангуудад шалгалт хийж байна. Иргэд, бизнес эрхлэгч, төрийн төлөөлөл орж ил тод журмаар шийддэг байх ёстой.
-Гэхдээ 2019 оны төсөвт ЖДҮХС-д 48 тэрбум төгрөг тавьсан биз дээ?
-Засгийн газраас мөнгө тавиагүй. Төсвийг хэлэлцэх шатанд УИХ санхүүжилт тавьсан.
-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Шатахууны үнийг тогтворжуулах ажлын хүрээнд Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?
-Олон улсын нефтийн үнэ тарифыг өнөөдрийн (баасан гариг) байдлаар нь харвал нэг баррель түүхий нефтийн үнэ 72 ам.доллар даваад байсан бол одоо 63.56 ам.доллар болж бүхэл бүтэн найман ам.доллараар буурсан. Тасралтгүй буурсаар байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөнгүүт нь сандарч ямар нэгэн арга хэмжээ авмааргүй байна. Сүүлийн үед тасралтгүй буурч байна.
-Гэтэл Монголд шатахууны үнэ тасралтгүй өсч байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Цаашид шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Засгийн газар онцгой албан татварыг тэглэсэн байгаа. Гэхдээ АИ 98 шатахууны татварыг тэглээгүй. Мөн дизель түлшний татварыг тэглээгүй. Дизель түлшийг уул, уурхайн компаниуд хэрэглэдэг. Тэгэхээр татаас өгнө гэхээр уул, уурхайн компаниудад мөнгө өгч байна гэсэн үг. Өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд өчнөөн их наяд төгрөг тараасан. Түүнд нефть импортлогч компаниудад өгсөн мөнгөн дүнг харсан байх. Энэ ажлыг дахиад хий гэж хэлж байна уу гэдэг нь асуудал юм. Зах зээл дэх үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зах зээлийн зарчмаараа явах. Явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн байгаа.