Categories
мэдээ цаг-үе

Ч.Жигжидсүрэн: Элс, шавар шороонд дарагдсан даац усыг лайдаж Ганга нуурыг хамгаалж болно

Өнгөрсөн зун Ганга нуур ширгэж байна гэж шуугисан ч намар нь буцаад ихэссэн. Гэвч энэ зун мөн л нуурын ус багассан байна. Энэ талаар Дарьганга сумын уугуул Ч.Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Та “Ганга нуур тийм амархан ширгэхгүй” гэж ярих юм. Гэтэл өнгөрсөн жил бараг ширгээд алга болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Байгалийн жамаараа бол Ганга ширгэхгүй л гэж боддог. Ганга дэргэдээ усан сантай, зарим шургасан булаг уснууд нь даацлан нуураа сэлбэсээр байдаг. Усаа татрахаар Ганга нуур өөрөө бороо хур уриад сэлбэгддэг, өөрийгөө цэвэрлэдэг зэрэг онцлог чанарыг нь нутгийн бид мэднэ л дээ. Гэхдээ цөлжиж, элс нүүж, ургадаг ургамлын бүтэц нь өөрчлөгдөж, гангийн халуун нөлөөлж байна. Бас орчны ус ширгэж, агаарын температур ихсэж байгаа нь үнэн.

Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа ч нөлөөлдөг байх. Олон мал усалж, булгийн усыг нуурандаа хүргэхгүй шалбааг болгож бэлчиж байна. Тархин дээр нь овоо босгож, газар доорх усан судлыг нь дарж, урсацыг багасгаж байна. Ингэхэд булгийн ус шургадаг, эсвэл эх ундаргаа сольдог. Улаанбаатарын хойно Шарга морьтод Дондогдуламын рашаан гэдэг сайхан булаг байсан, тархин дээр нь том овоо босгосноос хойш шургасан. Дарьгангад Дагшин булгийн тархин дээгүүр машин явдаг болсноос үүдэн Дагшин булаг эхээ гурван удаа солиод байгаа. Энэ булаг одоо эхээ солих боломжгүй болсон, булгийн эхийг хамгаалахгүй бол намагших замдаа орно гэсэн үг. Дагшин булгийг хамгаалахгүй бол Дуут нуур ширгэхэд хүрнэ гэдгийг сум орны удирдлагууд ойлгож байдаг болов уу.

Оргих булгийн тархин дээр босгосон овооноос болоод усны урсгал саарах, эх ундарга нь солигдох вий гэсэн айдас байдаг юм. Иймээс тэр овоог босгох эх үндсийг тавьсан хүмүүс лусын бумбаа зөөж, хойд мөргөцөг дээрх шувуун овоон дээр тахиасай гэж боддог. Ийм олон нөлөө байгаа учраас хүмүүс бид Гангадаа туслахгүй бол ганц байгалийн жам, Гангын хүч чадалд өөрийг нь даатгаж болохгүй болжээ.

-Ганга нууртаа нутгийнхан хэрхэн туслах вэ?

-Ганга нуурын зүүн урд, Оргих булгийн баруун хойно нуурынхаа хөвөөнд Гангын өрх гэж нэрлэдэг нэг том өрх байдаг юм. Тэр өрх нь хоёр метр орчим диаметртэй, хамгийн багадаа гурван метр гүн нүх. Энэ өрхийг Ганга нууртай газрын судлаар холбоотой, Гангын ус хэвийн байвал өрхний ус дүүрэн байна гэж өвгөд ярьдаг байсан. Гангын усны толь болсон өрхийг дарагдсан бол лайдаж, додомдож, усаар дүүргэх хэрэгтэй. Энэ өрх байнга устай байвал Гангад нэмэртэй. Энэ өрхөд хамгийн багаар бодоход есөн тонн ус багтана. Энэхүү өрхийг л Гангын усан сан гэж хэлж байна. “Өрх, нуур хоёр доогуураа усан судлаар холбоотой” гэдэг өвгөдийн домогт итгэвэл энэ нь харилцах сав л гэсэн үг. Харилцах савны нэг нь ажиллахгүй бол нөгөө нь ажиллагаагүй болно. Тэгвэл энэ эко систем бүхэлдээ ажиллахгүй, Гангыг доороос нь сэлбэдэг нэг суваг бөглөрчээ гэсэн үг. Уул уулаа түшдэг, ус усаа сэлбэдэг гэдэг билээ. Өрхний ус амсраасаа доош 40 см байлаа гэж бодвол Гангын усны түвшин мөн төчнөөн сантиметр буурсан гэж ойлгох хэрэгтэй. Өрх бол Гангын усан сан ч мөн, Ганга нуурын усны хэмжүүр ч болно.

-Ганга нуур 21 булагтай байсан домогтой гэдэг. Одоо хэд нь үлдсэн бэ?

-Би таван булгийн нэр мэднэ. Дөрвөн булгийг нь үзсэн. Дөрвөн булгийн нэг нь ширгэж, нөгөө нь шургасан. Үлдсэн хоёр булаг нь муухан амьтай байна. Гангад усаа өгдөг Оргих булаг, Баянбулаг, Хараатын булаг, Баруун, Зүүн нүдэн булгууд гэж байлаа. Хараатын булаг шургасан, Зүүн нүдэн булаг ширгэсэн. Баруун нүдэн булгийг үзээгүй, гэхдээ нэрийг нь мэднэ. Зүүн нүдэн булаг Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөгийн баруун хормойд байсан. Хараатын булаг нь Гангын баруун урд бургасны ёроолоос эх авдаг байсан. 1960-аад оны эхээр Ганга нуурын ус багасаж, ус нь зарим газраараа 3-4 метр дотогшилсон юм. Тэгэхэд Гангын баруун урд Хараатын булаг эх авч байсан бургасны чигт Ганга нуурын хатсан хэсэгт 16-18 даац ус нэвчин гарч ирсэн. Жижигхэн зууван дугуй хар нүхнүүдээс утас шиг нарийхан ус урсаж байв. Тэгэхэд манай өвгө эцэг дархан Т.Шонуу Гангын өрхийг очиж үзэж байлаа. Өвөө Гангын өрхийг очиж үзсэнийхээ дараа даац усыг үзэж, Хараатын булаг шургаад ус нь нэвчин гарч байж магадгүй гэж байлаа.

-Таны түрүүн хэлснээр нуурын баруун даац усыг лайдаж, додомдвол ус нэмэгдэх үү?

-Багахан тооцоо хийгээд үзэхээр нэмэгдэхээр харагдаж байгаа юм. Даацуудын нэгээс нэг минутад 100 грамм урсан гарна гэж тооцвол хагас жилд 420 тонн усаар нэмэгдэх боломжтой. Тэгэхээр элс, шавар шороонд дарагдсан эдгээр даац усыг лайдаж, сэргээн гаргаж ирэх хэрэгтэй байна.

Нутгийн ахмад хүмүүсээс сураглавал даац ус хаана байдагийг заагаад, хэлээд өгөх хүн байгаа даа. Гангын ус багассан тэр намар есдүгээр сарын сүүлээр хэд хоног бороо орж, усан манан татаад Ганга усаар дүүрсэн юм. Өнгөрсөн намар Ганга ширгэлээ, Гангын гаслан энэ тэр гэж байхад бороо орно, өвөл цас их орно гэсэн итгэл минь нэг ч хором буураагүй. Үнэхээр ч бороо орж, усан манан татаад Гангын ус сэргэлээ гэж зурагтаар харуулж байна лээ. Ганга тийм амархан ширгэхгүй ээ.

-Ганга нууранд хунгийн чуулган болдогоороо алдартай. Ус нь багассан сураг дуулсан болохоор хун чуулах болов уу гэж бодож байлаа. Гэтэл өнгөрсөн жил усны шувууд ирж чуулсан сурагтай. Өмнөх жилүүдэд чуулаагүй байж яаж мэдээд ирж байгаа юм бол?

-Хэн ч хариулах бэлээхэн нэг хариу байна. Хөдөөгийн гурван нуур, Холбоогийн хоёр нуур, Муруй нуур усгүй гэнэ. Дуут нуурын ус багассан сурагтай. Ийм учраас Ганга устай бол шувууд Гангад л бууж, сууна биз дээ. Ямар буцаад явалтай нь биш. Халуун орон руугаа нүүх нүүдлийн цаг нь арай болоогүй байдаг. Нөгөө нэг хариу нь Гангын ус бараг цэвэршсэн учир сэжигч, цээрч хун Гангадаа чуулж байгаа бололтой. 20 жилд Гангын усны ядаж 15-20 хувь нь цэвэршээ биз. Өнгөрсөн зун Гангын 70 хувь нь ширгэсэн гэсэн. Тийм үед борооны усаар сэлбэгдсэн болохоор усны 70 хувь цэвэршсэн. Сүүлийн 20 жилд Гангын усны 85-90 хувь цэвэршсэн гэсэн үг. Тийм болохоор хун чуулж, хунгаа дагаад бусад шувууд ирсэн байлгүй.

-Нуурын ус ширгэж байгааг лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой гэж ярих хүн байдаг юм билээ. Нутгийн олон түмэн нуураа тахих ёс, уламжлал байдаг болов уу?

-1995 онд лусын бумба тахиж, Оргих булгийн тархин дээр лусын бумба залсан гэдэг. Тэр тахилгыг зөв болсон эсэхэд эргэлздэг юм. Тахилгаас хойш хун шувууд Ганга нууранд чуулахаа больсон. Гангад жилийн жилд байнга байдаг хос мөнгөн шигтгээ мэт хоёр хун шувуунд Гангын лус савдаг амилан оршдог гэлцдэг. Гангын усанд байдаггүй зүйл нууранд орсон бол тэр хоёр хун Гангадаа ирэхгүй, бусад нь бас ирэхгүй гэсэн домог бий. 1995 оны есдүгээр сард Онгоны Хавиргын булаг, Шар бүрд, Дарьгангын Ганга нуурын лусыг тахиж гэнэ гэж сониноос уншсан. Тэрнээс сарын дараа Баяндэлгэр, Онгон, Дарьгангын нутгийг дамжсан их цасан шуурга болж зургаан хүний алтан амь үрэгдэж, үй олон мал үхэж, зарим нь хил давсан. Яагаад ийм юм болов гэдгийг бодох л хэрэгтэй. Ганга нуурыг буруу тахиж, Оргих булгийн тархин дээр овоо босгож, нуурын усанд буруу зүйл, бузар орсон учраас хун шувууд “сэжиглээд” өөр нуур усанд чуулдаг болсон гэж нутгийн иргэд ярьж байна.

-Ганга нуур өөрийгөө цэвэрлэдэг гэсэн. Яаж цэвэрлэдэг юм бол?

-Жилийн жилд намартаа салхигүй байсан ч Ганга нуур 2-3 өдөр саваа халин давалгаалж, нуурын зүүн тал тэр чигээрээ цагаан хөөсөөр эмжигддэг байлаа. Давалгаа зогсож, нуурын ус дотогшлон, цагаан хөөс арилахад түүний дороос өвс, хог, адуу малын баас, хонины хоргол зэргээс тогтсон жижигхэн шар гүвгэр гарч ирдэг. Тэр нь яваандаа хатаад малын хөл, салхины аясаар алга болдог юм билээ. Нуур давалгаалахад манай нутгийнхан Ганга нуур өөрийгөө цэвэрлэж байна, Ганга нүүрээ угааж байна гэдэгсэн.

-Хамгаалж байгаа нь тэр гээд тойруулаад хашаа татчихсан гэсэн. Ингэж хашаад байвал нуурын ус ширгэхгүй байхад нэмэртэй юу?

-Нуурынхаа хөвөөнд хэт ойр татвал ашиг муутай болов уу гэж санана. Хашааг Гангын хойд талаас эхлэн нар зөв тойруулан татахад миний бодлоор Гангын хойд дэрс, зүүн хойд дэрс, дэрстэй тойромыг, зүүн талаараа Оргих булгаас ихээхэн холуур нэг км орчим зайтай, урдуураа Баян булгийн зүлэг, баруун бургас, урд Олон модны хавь, ухнан шээгний бутнуудыг, Гангын баруун урдуур жумз ургадаг хэсэг талбайг, бас Хараатын булаг эх авч байсан хэсэг бургасыг, баруун талаараа Гангын нарийн хоолой руу явдаг замын зүүн талаар манхан дундуур, баруун хойд Олгой буланг шар манхтай нь багтаах хэрэгтэй. Харин Гангад мод тарихын тухайд би өөр бодолтой байдаг хүн. Ганга нуурын орчим мод тарих нь зөв боловч нуурандаа дэндүү ойрхон мод тарих нь ямар бол. Нуур, гол, булаг усанд хэт ойр мод тарих нь муу, хөрсний усыг ууршуулдаг гэж номоос уншсан. Ялангуяа улиасыг буруу таривал их муу гэнэ. Иймээс л хашаагаа том тат, тэгээд модоо нуур, булаг хоёроосоо жаахан зайтай тарь гэх гээд байгаа хэрэг. Тэгээд ч яг дэргэд нь тарьсан мод, бут тэр холоос ирж байгаа улаан шороог хорихгүй шүү дээ. Ганга нуурын баруун, баруун хойд талын дээр нь хэдэн суль ургаж, салхины аясаар тойрог зурсан, өөр ургамалгүй гөлөөн манхнуудын орой, ар шилээр л мод таримаар санагддаг юм. Бүр холоос Молцогийн уулны хавиас ч юм уу үелэн, үелэн мод, бут сөөг, өвс ургамал таривал хаврын улаан шорооноос Гангыг хамгаалахад нэмэртэй гэж санадаг. Тарих мод нь хайлаас байх. Усалгаа, арчилгаа багатай халуун дулаан, элсэрхэг хөрсөнд мэдээж хайлаас сайн ургана. Говьд ургадаг хөрс голдоггүй, ус бага шаарддаг жигд гэдэг мод байна лээ. Энэ мэтээс гадна элс сайн хорихыг нь бодвол бургас, гүйлсээ, морин харгана, харганаа таримаар санагдаж байна даа. Миний мэдэхээс элсэрхэг хөрсөнд сайн ургах нэг ургамал бол тэмээн хөх. Хуруугаар газар хонхойлоод гурван үр булахад гурвуулаа ургасан байсан.

-Одоо Засгийн газар Гангыг сэргээхэд зориулж хөрөнгө гаргана гэсэн. Таны бодлоор нуураа хамгаалъя гэвэл бодитой ямар ажил хийх хэрэгтэй вэ?

-Дээр ярьсан хэлснээ базаад хэлбэл, нэн яаралтай хийх бодитой үндсэн зургаагаас долоон ажил байгаа юм. Нэгдүгээрт, Гангын өрхийг гурван м-ээс доошгүй гүнтэй лайдаж, байнга усаар дүүргэж байх. Хоёрдугаарт, Гангын баруун урд, урд хатсан шавар элсийг хуулж, даац уснуудыг гаргаж ирэх. Гуравдугаарт,. Хашааг томсгон хашаан дотор болон баруун, баруун хойд манхнуудын орой, ар шилээр мод тарих. Дөрөвдүгээрт, Боломжтой үед нь цас, борооны усаар тогтмол сэлбэж байх. Цас зөөж Гангад хийхдээ эхлээд өрхөнд хий. Хараатын булаг эх авч байсан бургасны ёроолд асга, зүүн хойд, хойд талын дэрснүүдэд, Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөг дээр асга гэж хэлмээр байдаг. Асгасан цас чинь шууд хайлахгүй жаахан ч гэсэн тэснэ. Тавдугаарт, Оргих булгийн тархин дээрх овоог зайлшгүй зөөж, шилжүүлэх хэрэгтэй гэдэгт бат итгэж байна.

Монголчууд уул толгод, овоо, давааны оройд овоо босгодог болохоос ус, булгийн эхэн дээр овоо босгодоггүйг сануулах зөв шиг байна. Энэ тахилгыг санаачилж хэрэгжүүлсэн хүмүүс “Дагшин булгийн тархин дээр залаарай” гээд нутгийн гурван хүнд орхисон бумбаа эргэж сурагласан уу? Аливаа ажлыг хийвэл ул үндэслэлтэй тунгааж, угт нь тултал хийх хэрэгтэй. Түүнээс биш тийм юм байдаг гэнэ, тэгдэг гэнэ, тийм ийм ач тустай гэнэ гэсэн сураг төдийгөөр дур зоргоороо, хар муйхараар ажиллах нь хойшдоо хор хөнөөлтэй гэж боддог. Зургадугаарт, Гангын зүүн урд таван км орчим зайд нэг гүнийн худаг байсан. Түүнийг сэргээн засварлаж тэндээс Ганга руу хоолой татаж ус юүлж байж болох мэт. Хоолой татах боломжгүй бол нэг найдвартай хүнтэй хоёр тэмээн тэргээр ус, бас цастай үед цас зөөж байхаар гэрээ хийж болно. Нэг тэргэн дээр 200 л ордог тайлуу усны сав тавиад өдөрт тав эргэхэд нэг тонн ус Гангад орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *