Categories
мэдээ цаг-үе

Ч.Жачин: Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын дарамт шахалт дунд явснаа Д.Нацагдорж Э.Оюун гуайд хэлсэн байдаг

Монгол ардын цэргийн зөвлөлийн гишүүд. Зүүн гар талаас гурав дахь нь: Элбэгдорж Ренчино, Хатанбаатар Магсаржав, Д.Нацагдорж, Х.Чойбалсан (1923)

Д.Нацагдорж судлаач, хэл шинжлэлийн доктор Чойжилсүрэнгийн Жачинтай ярилцлаа.

-Их зохиолчийг Төв аймгийн Баяндэлгэр сумын төр захиргаа, хүн зон нь манай нутгийн унаган хүү гэж бахархаж, алдаршуулахыг хичээсээр ирсэн. Түүний унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт уу, аль эсвэл өөр газар уу ?

-Д.Нацагдоржийн төрсөн он, төрсөн газар, нас барсан он, нас барсан газрын тухайд ямар нэг эргэлзээ байхгүй. Эрдэмтдийн олж тогтоосноор Д.Нацагдоржийн арав гаруй анкет архивт хадгалагдаж байна. Тэдгээрийн хоёрт нь “Төв аймгийн Мөнгөнморьт сумын Мэлцэй (Мэлзэй) нэрт газар төрсөн”гэж тэмдэглэжээ. Мэлцэй буюу Мэлзэй гэсэн газрын нэр бол тун содон нэр. Ийм содон нэртэй газар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байхгүй. Харин Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Мэлз уул, Мэлзэй толгой гэсэн нэртэй газрууд байна. Мэлз нь ч тэр, Мэлзэй нь ч тэр чухамдаа Д.Нацагдоржийн төрсөн нутаг хэмээн нутгийнхан нь хэлэлцсээр ирсэн их, бага Гүн нуур, Галуутайн гол, Нүүрэнтэйн дэнж, Шилийн худаг, Аягын бүрд зэрэг газрын ойролцоо байна. Эдгээр газар нь эдүгээ Төв аймгийн Бяндэлгэр сумын нутагт харьяалагдаж байгаа болохоор Д.Нацагдоржийн төрсөн газар нь Төв амйгийн Баяндэлгэр сумын нутаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрэв энэ нутаг ус өөр аймаг, хот суманд харьяалагдахаар бол өөр аймаг сумын хүн болохбиз. Тэглээ ч төрсөн газар нутаг нь өөрчлөгдөхгүй. Үүнчлэн, Д.Нацагдоржийн төрсөн газар нь 1920 хэдэн оны үед Төв аймгийн Тогос уул суманд, 1930 хэдэн онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд хожим нь (1958 он) Баяндэлгэр суманд харьяалагдах болсноос Д.Нацагдоржийн амьд ахуй цагт Мөнгөнморьтын харьяанд байсан Мэлзэй, хожим нь Баяндэлгэрийн харьяанд ирсэн болохоор түүнийг эдүгээ Аяга, Мэлзэй, Нүүрэнтэй хаана ч төрсөн байлаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 1906 онд төрсөн гэх учиртай.

Үүнээс гадна их зохиолч маань төрж өссөн нутаг усныхаа нэрийг шүлэг зохиолдоо оруулсан нь бий. Баяндэлгэрийнхэн бол арав гаруй газрын нэр хэлдэг юм. Би хоёр газрын нэр хэлье. “Миний нутаг” найраглалд “Сайн эрс цугларсан байц бэрх газартай” гэж байдаг даа. Тэгвэл Гүн, Галуутай орчинд байдаг “Байц”, “Бэрх” гэсэн хоёр уулын нэрийг энд оруулсан байна гэж баттай хэлж болно.

Сүүлийн үед Д.Нацагдоржийн ананда Шригээс гадна өөр нэг охины тухай ярьж, бичих боллоо. Энэ ямар учиртай юм бол?

-1976, 1977 оны үед “Д.Нацагдоржийн музей”-н үзмэрт түүний “Миний хэнз хурга…” шүлгийг бичиж тавихдаа Цэрэндулам гэдэг хүний дурсамжийг хамт тавьсан байлаа. Түүнийг би үзээд Цэрэндулам гэдэг хүнийг сураглан уулзаж үгийг нь сонссон юм. Тэрхүү Цэрэндулам гэдэг хүн бол одоо зохиолч Б.Бааст зэрэг зарим хүний Д.Нацагдоржид хамааруулан ярьж байгаа хүн мөн. Тэр үед Цэрэндулам гуай хэлэхдээ: “Би Нацагдорж Пагмадулам хоёрын хүүхэд мөн. Аав надад “Хэнз хурга” шүлэг бичээд өгсөн нь үнэн” гэж байв. Ийм учраас тэр цагт амьд сэрүүн байсан Д.Нацагдоржийг мэдэх Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Б.Гомбо зэрэг хүмүүсээс энэ тухай асууж сураглахад “Юуных нь Нацагдоржийн охин байхав. Охинтой байсан бол Нацагдорж Пагмадуламаас салж чадахгүй байсан. Нинаг охиноо аваад нутаг буцсанаас хойш Нацагдоржийн зовж шаналж байсныг мэднэ. Ийм хүн чинь яаж хүүхэдтэй эхнэрээсээ өөрөө салахав. Харин Цэрэндулам бол Пагмадуламын төрсөн дүү мөн. Хүрээний гангачуул нас ахисан хойноо хүүхэд гаргавал түүнийгээ нууж, нас биед хүрсэн хүүхдийнхээ хүүхэд гэж ярих явдал байсан. Цэрэндулам өөрийгөө Пагмадуламын хүүхэд гэж боддог нь ийм юмнаас л улбаатай байх” гэсэн билээ. Энэ үгэнд итгэж болох юм. Учир нь 1925 онд хийсэн “МАХН-ын гишүүдийн нэр зэргийн бүртгэл” гэдэгт Пагмадулам өөрийгөө “гэргий” хэмээн хариулаад “нөхөр, хүүхэд, төрөл хэд буй” гэсэн асуултад “эцэг, эх, нөхөр, дүү 1” (Хатанбатын Мэндсайхан. Пагмадулам (Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, хувь заяа). УБ., 2016, 55 дахь тал) буюу хүүхэдгүй, харин нэг дүүтэй гэж хариулсан байна. Нэг дүү гэдэг нь түүний төрсөн дүү Цэрэндулам байж таарна. Иймд Д.Нацагдорж өөрийнх нь хэлснээр “ганц охинтой”, тэр нь Ананда Шри мөн.

Их зохиолч маань 1932 онд Европын шинэ жил тэмдэглэснийхээ төлөө, 1936 онд албаны гэрэл зургийн цаасыг албанд нь хэрэглэснийхээ төлөө шоронд орсон гэдэг. архи ууж яваад үхсэн ч гэдэг. Нацагдорж юуны учир ингэж хэлмэгдэж зовов?

-Д.Нацагдоржийн угсаа гарлыг 1930 оны үеийн янз бүрийн анкет бүртгэлд ямагт тайж хэмээсэн байх бөгөөд түүний тайж гарал нь Монгол Улсад “Зүүнтнүүд”, “Хэт хувьсгалчид” идэвхжсэн 1930-аад оны үед ангийн бус этгээд буюу “ангийн дайсан” гэсэн ойлголт болж, шорон гянданд хорьж, хэлсээр хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь илэрхий. Энэ хэцүү бэрх цагт түүнийг “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” хэмээн өмгөөлж, ажилтай үлдээж байсан баримт ч бас бий. Тухайлбал, Д.Нацагдорж 1929 оны хавраас 1930 оны хавар хүртэл тэр үеийн Төмөрийн заводад орчуулагчаар, 1930 оны хавраас “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байгаад 1931 оны 1 дүгээр сарын 15-д Шинжлэх Ухааны Хүрээлэнд (ШУХ)-д оюутан буюу эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон нь архивын баримтаар нотлогддог. ШУХ-д ажилд ороод зургаан сар болж байх тэр үе буюу 1931 оны зун Улсын хоёрдугаар шалгалт гэгч ШУХ-д иржээ. Тийнхүү шалгагдсан ШУХ-ийн ажилтнуудын бүртгэлд Нацагдоржийн нэр байх бөгөөд “эрхлэх хүний санал” гэсэн асуултад “ядуу ангийн тайж бөгөөд гадаадын сургуультай” гэсэн нь Д.Нацагдорж бол тайж боловч ядуу ангийн хүн, бас гадаадад сургууль ном үзсэн тул ажилд нь үлдээе гэсэн санал болно. Энэ саналыг тэр үеийн ШУХ-ийн дарга А.Амар, Л.Дэндэв нарын зэрэг удирдах хүмүүсийн хэн нэг нь өгсөн байж таарна. Энэ саналын ачаар Д.Нацагдорж ажилдаа үлдэж, бүтээл туурвилаа үргэлжлүүлж, 1937 оны 7 дугаар сарын 13 хүртэл амьд явж чадсан байна.

Д.Нацагдоржийг архи уудаг байсан, архи ууж хөлчүүрч яваад амиа алдсан гэж ярьж, бичих нь бий. Үнэхээр архи уусан хийгээд, архи уусан нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлсөн байж таарна. Гэхдээ шоронгоос илүү нөлөөлөөгүй нь мэдээж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд (1930-1937 он) тэрбээр, үнэхээр архинд орсон бол ШУХ-ийн хоёр ч тасгийн дарга (Одоогийнхоор бол хоёр хүрээлэнгийн захирал)-ын алба хашиж, түүх, хэл бичиг, уран зохиол, орчуулгын хэдэн зуун бүтээл туурвих боломжгүй нь ойлгомжтой. Харин архи уусан, зарим хүнд уусан мэт харагдсан шалтгаан нь өөр юм гэсэн баримт бас бий. Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын даралт шахалт хэлмэгдүүлэлтийн дунд амьдарч, бүтээхдээ архи ууж согтуурч явсан нь архинд дуртайдаа бус амьд явж, бүтээж туурвих гэсэн арга ядсан нэг арга байсан талаар Д.Нацагдорж, Э.Оюун гуайд ярьж байсан гэдэг. Энэ тухай тодруулж хэлье.

1970-аад оны сүүлээр ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайгаас Д.Нацагдоржийн тухай асуухад, “1937 оны хавар Д.Нацагдоржийг “Шороотын Цэвээн” хэмээн алдаршсан жүжигчин Чимэдийн Цэвээний хамт Дунд голын тэнд байсан Сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байхад нь “Их авгай” жүжгийн зохиолыг авахаар очсон юм. Тэгэхэд Д.Нацагдорж гуай “Ахиад шоронд орвол амьд гарч чадахгүй юм байна. Архи уугаад гэлдэрч явбал арай ч дахиад хийчихгүй болов уу” гэж ярьж байсан” гэсэн нь Д.Нацагдоржийн архи уусны уг шалтгааныг тодруулсан үг юм.

Харин 1950-аад оноос Д.Нацагдоржийн уг гарлыг ном зохиолд “хохь тайж” хэмээн тэмдэглэх болсон нь ангийн дайсан гэхээс зайлсхийх гэсэн бас нэг оролдлого байжээ. Үүнээс үзвэл Д.Нацагдоржийг хэлмэгдүүлсний уг шалтгаан нь түүний тайж гарал байсан байна. Ийнхүү Д.Нацагдоржийн язгууртан тайж гарал, амьд ахуй цагт хэлмэгдлийн бараан сүүдэр болон тусч байсан бол эдүгээ цагт эзэн Чингисийн удам гэсэн гэгээн гэрэл болон цацарч байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг. Заримдаа үндэслэгчдийн нэг гэдэг. Ингэж хоёр янзаар хэлэхийн учир шалтгаан байна уу?

-Үнэхээр зарим хүн яриан дундаа “үндэслэгч”, “үндэслэгчдийн нэг” гэсэн үгийг хольж ярих нь бий. Эрдэмтдийн бичсэнийг үзвэл Д.Нацагдоржтой нэг үе буюу 1920, 1930 оны үед зохиол бичиж байсан С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг зохиолчдын бүтээлийг Д.Нацагдоржийн бүтээлтэй эн зэрэгцүүлэн авч үзэхдээ эдгээр зохиолчдыг “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид” хэмээн үзсэнээс “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг” гэх ойлголт гарсан байна. Харин “Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” гэх санаа 1940-өөд оны үеэс эхлэн гарч, Монголын уран зохиол судлал, тэр дундаа Д.Нацагдорж судлалд хэвшиж тогтсон юм.

1945 онд Д.Нацагдоржийн 14 зохиолыг эмхэтгэж Д.Нацагдорж “Зохиолын түүвэр” нэрээр гаргахдаа академич Ц.Дамдинсүрэн, анх удаа Д.Нацагдоржийг “Шинэ цагийн ууган зохиолч” гэсэн байна. Түүнчлэн, 1955, 1961 онд гарсан Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр” болон “Зохиолууд” түүврийн оршил өгүүллийг мөн академич Ц.Дамдинсүрэн бичихдээ, “Монгол Ард Улсын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг”, “Нацагдорж манай сонгодог зохиолч мөн” гэсэн байна. Энэ санааг Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ойн хурал дээр Монголын зохиолчдын хорооны дарга С.Удвал тавьсан илтгэлдээ “…Нацагдоржийг Монголын орчин үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч гэж нэрлэсэн учир гэвэл зохиолыг зөвхөн хэн эхэлж бичсэнээр нь биш уран бүтээлийнх нь төрөл чанар, шинэ нээлт, социалист реализмын аргаар бүтээснээр нь түүний хувьсгалт уламжлалаар нь үнэлж зүй ёсоор үүсгэн бүтээгч гэж үзэж байна” (“Утга зохиол, урлаг” сонин. 1966 он 11 дүгээр сарын 18 №47(516)) хэмээн үндэслэгчийн асуудлыг ул үндэстэй тодорхойлсон байна.

Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж үзэх нь өнгөрсөн 20 дугаар зуунд ардын аман зохиол, бичгийн уран зохиолын хөрсөн дээр Монголын орчин үеийн уран зохиол бүрэлдэн хөгжсөн түүхийн эхний үед зохиол бүтээлээ туурвисан гэдэг зөвхөн цаг хугацааны утгаар хэлсэн хэрэг биш юм. Харин Монголын уран зохиолын хэл, дүр, дүрслэлийг дорно, өрнийн уран зохиолын боловсрол, суу билгээрээ, бүтээлч хөдөлмөрөөрөө цоо шинэ хэмжүүрээр шинэчлэн тогтоож, яруу найраг, хүүрнэл, жүжгийн зохиолын бүх төрөл зүйлээр хэзээд орчин үеийн байх сонгодог зохиолууд туурвисан учраас түүнийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээн үзэх үндэстэй байна.

Таны 2016 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж “Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлог” хоёр боть, 2017 онд доктор С.Чулуунтай хамтран “Дашдоржийн Нацагдорж, гэрэл зураг баримт” ном хэвлүүлснийг мэднэ. Харин сүүлийн үед их зохиолчийнхоо талаар ямар бүтээл туурвилтай байна вэ?

-2018 он гарсаар “Нацагдорж судлалын эрих” ном хэвлүүллээ. Энэ номд миний бичсэн “Нацагдорж судлалыг онцлох учир”, “Их Нацагдоржийн “Folk¬lore” дэвтэр” гэсэн хоёр өгүүлэл болон Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай үе үеийн судлаачдын бичсэн өгүүллүүд, Д.Нацагдоржийг таньж мэдэх хүмүүсийн дуртгалууд болон Нацагдорж судлалын 2000 шахам бүтээлийн ном зүйг багтаасан бөгөөд Нацагдорж судлалын асуудлыг намтар, бүтээл, ном зүй гэсэн гурван хүрээг бүрэн хамарснаараа судлаач, багш оюутан, өргөн олон уншигчдад сонирхолтой төдийгүй Нацагдорж судлалын шинэ үе өсөн дэвжихэд тус болно хэмээн найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *