Categories
мэдээ нийгэм

Ч.Гансүх нарын хэргийг шүүж байна

Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэж байна.

Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард таван өдөр хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан, хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу­тайд тооцож, татварын улсын байцаагчаар ажиллах эрхийг нь найман жилээр хасч, найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин шүүгдэгч Д.Энхбатад мөн найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Галмандах, О.Бямбасүрэн, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, гурван жил хорих ял оноосон билээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сард Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцээд Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2.8 тэрбум төгрөг гэсэн үнийн дүнд давхардал гарсныг засч, 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор болж, бусад холбогдогчид оногдуулсан ялыг хэвээр баталсан юм.

Тэдний хяналтын шатанд гаргасан гомдлыг Дээд шүүхэд яг одоо хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *