Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Галсан: Бороо оруулах төхөөрөмж агаарын чийгтэй урсгалыг хаасан “хана”-ыг соруулж авдаг

Монгол Улсын СГЗ, зохиолч Ч.Галсан өөрийн хөрөнгөөр Германаас худалдан авсан бороо оруулагч төхөөрөмжөө угсарч, ажиллуулаад эхэлжээ. Өөрийн өртөг нь 50 орчим сая төгрөг аж. Энэхүү төхөөрөмжийг дөрвөн жилийн өмнө Монголд оруулж ирэн ашиглаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш өдийг хүртэл хавар зуны улиралд тасралтгүй ашигласаар иржээ. Энэ төхөөрөмжийн талаар Ч.Галсан гуайтай холбогдон тодруулахад, “Миний төхөөрөмж СБД-ийн 20 дугаар хороо буюу Дамбад байдаг юм. Хотын төвөөс 18 орчим км-т. Төхөөрөмжийн үндсэн бүтэц нь 20 ширхэг дөрвөн метрийн урт болон 10 ширхэг 20 метрийн ган трубанаас бүтнэ. Энэ хоолойнуудыг тэнгэр рүү харуулж, агаарын чийгтэй урсгалд саад болсон “хана”-ыг нураадаг юм. Энгийнээр бол агаарын бохирдолт, хэт хуурайшил зэрэг нь далайгаас эх газар руу ирэх чийгтэй урсгалыг хаачихдаг. Тэрхүү хэт хуурай агаар буюу “хана”-ыг энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар соруулдаг. Ингэснээр “хана”-нд нүх үүсч, улмаар нурдаг. Ингэж чийгтэй агаар чөлөөтэй нэвтэрч, энд хур бороо ордог. Ажиллах зарчим нь ердөө энэ. Бороо оруулахын тулд өдөрт нэгээс хоёр удаа, хагас цаг орчим ажиллуулдаг. Гэхдээ эрчим хүч огт ашигладаггүй. Гүний худгаас хажуугийн мод үржүүлгийн талбай руу урсах усны эргүүлгээс төхөөрмж маань өөрөө багахан эрчим хүч гарган, ажилладаг” гэлээ. Мөн тэрбээр “Маргааш (өнөөдөр) миний энэхүү төхөөрөмжийг Дархан хотод болох үзэсгэлэн дээр олонд харуулах юм гэсэн. Хэрэв олны анхаарлыг татаж, зардал бага өндөр үр бүтээмжтэй болох нь тогтоогдвол олноор нь оруулж ирэх боломжийг судална гэсэн” гэлээ.

Бороо оруулагч төхөөрөмжийг Австрийн эрдэмтэн Вилхелм Райхийн судалгааны дагуу 2004 онд инженер Мажид Абделасиз дэлхийн хамгийн томд тооцогдох Сахарын цөлд туршиж ажиллуулж байжээ. Түүнээс хойш энэ нутагт ногоон баян бүрд бий болж, ургацаар баян нутаг шинээр үүсч, улмаар Алжирийн Засгийн газар хот суурин барьж эхэлсэн гэдэг.и Энэхүү төхөөрөмж ойр хавийн 50-100 км радиус доторх газар нутагт бороо оруулах хүчин чадалтай гэнэ.

М.УУГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *