Categories
мэдээ спорт

Ч.Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- аад байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв. ОХУ-ын Буриадаас манайхны эчнээ танил буриадын шилдэг бөх Баяр Цыреновын удирдлага дор ес, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос зургаан тамирчин ирж Арвайхээрийн дэвжээнд хүч үзсэн. “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулсан тэмцээний аварга 300, мөнгө 150, хүрэл медальтан 50 ам.долларын эзэн болсон юм.

Нээлтийн ёслолын ажиллагаанд ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, түүний дүү хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, “Шинэ Өвөрхангай” төслийн санаачилагч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат эзийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Б.Ганбаатар, А.Цэдэнсодном тэргүүтэй албаны хүмүүс оролцсон.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 50 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 43 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *