Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Хүүхдүүд маань ямар ч дуурь, балетыг тоглох чадалтай гэдэг нь харагдлаа

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж Иоханн Штраусын “Сарьсан багваахай” оперетта (бэсрэг дуурь)-г тайзнаа тавьж анхны тоглолтоо Дорнод аймгийн хөгжимт драмын театрт хийлээ. Уг дуурийн ерөнхий удирдаачаар УГЗ Ч.Чинбат, ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажилласан байна. Тус коллежийнхон шинэхэн бүтээлийнхээ нийслэл дэх анхны тоглолтыг энэ сарын 5-ны өдөр буюу ирэх ням гаригт ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Энэ талаар Симфони оркестрын удирдаач УГЗ, профессор Чулууны Чинбаттай ярилцлаа.

Хөгжим бүжгийн кол­леж жил бүрийн хавар нэг сонгодог бүтээл тавьдаг болчихлоо. Энэ жил И.Штраусын “Сарьсан багваа­хай” опереттаг тайз­наа тавилаа. Ер нь ямархуу болов, оюутнууд хүүхдүүд тань хэр зэрэг тоглож байна?

-Ер нь манай сургууль жил болгон тайлангаараа нэг том бүтээл тавьдаг уламжлалтай. Энэ маань дөрөв дэх том бүтээл болж байна. Хоёр балет тавилаа. “Сарьсан багваахай” оперетта маань хоёр дахь дуурь болж байгаа юм. Тэгэхдээ дандаа бүрэн хэмжээгээр нь тавьж байгаа. Энэ бол оюутан сурагчдын маань ур чадвар, мэргэжлийн чадвар, мэдлэгээ амьдрал дээр үзүүлж байгаа томоохон хэлбэр л дээ. Оюутнууд маань бүгдээрээ өндөр сэтгэгдэлтэй тоглоод ирлээ. Дорнодын театр үнэхээр сайхан болжээ. Яг л дуурь, балетын театрын түвшний акустиктай сайхан театр баригдсан юм байна. Бид Дорнодын театрыг сонгосон гол шалтгаан бол “Сарьсан багваахай” тэнд анх тавигдсан жүжиг учраас тайз чимэглэл, хувцас хэрэглэл бүх юм нь тэнд байгаа. Тэр чухал хөрс суурин дээр нь очиж тоглолоо.

Г.Эрдэнэбаатар найруу­лагч 2000-аад оны эхээр анх ДБЭТ-т тавиад өнгөрсөн жил харин Дор­нодод тавьсан байх аа?

-Тийм ээ. Өнгөрсөн жил Дорнодын театрт тавьсан нь хөдөө орон нутгийн театрт дуурийг сонгодог хэлбэрээр нь бүрэн хэмжээгээр тавьсан анхны тохиолдол юм.

-“Сарьсан багваахай” хэдийгээр “бэсрэг дуурь” гэж байгаа боловч гурван бүлэгтэй, дуурийн хамт драмын элементүүд ихтэй жүжигчдээс чамгүй чадал шаардсан бүтээл. Оюутнууд бүрэн хэмжээний ийм жү­жигт хэр бэлтгэгдсэн байна вэ?

-Ер нь эхний бэлтгэл сургуу­лилтын үед хүүхдүүд нэлээн сандарсан байдалтай, том тайзан дээр гараад оркестроо сонсох зэрэг нь амар байдаггүй л дээ. Яг анхны тоглолт болоход өөрсдийгөө илэрхийлэх илэрхийлэл нь эрс сайжирсан, “би чадна” гэсэн урам зориг илт харагдаж байлаа. Дорнодын сургуулийн хүүхдүүд анхны үзэгчид маань боллоо. Их сайхан хүлээж авсан. Ер нь Дорнод хөдөө орон нутаг гэхээсээ илүү соёлын том төв болж байгаа нь харагдаж байлаа.

Театр нь хэдэн хүний суудалтай юм?

-Нарийн хэлж мэдэхгүй байна. Миний харснаар тав, зургаан зуун хүний суудалтай юм уу даа. Үнэхээр орчин цагийн сайн акустиктай театр байна лээ.

Штраусын энэ оперетта гол дүрүүд нь хэд хэдэн тенор, сопрано, тэгээд хоёр баритон, ганц нэг дунд хоолой дуулдаг жүжиг. Их гоё сопрано хоолойтой оюутан өмнөх жил “Дидона Эней хоёр” бэсрэг дуурьт дуулж байсан. Энэ удаа дуучид нь Дорнодын театраас бас оролцсон уу, танай хүүхдүүд дангаараа тоглов уу?

-Хоёр удаа тоглосон. Нэг нь манай сургуулийнхан дангаараа. Дуучид, гоцлол дуучид, оркестр, найрал дуучид, бүжигтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ манай оюут­нууд тоглолоо. Хоёр дахь удаад нь Дорнодод байх­­гүй бай­гаа зарим нэг гоцлоочдод манай сургуулийн оюутнуудаас оруулаад хамтар­сан тоглолт хийсэн. Манай оркестр далаад оюутан­тай, тэднийхээ 22-ыг нь авч явсан. Дорнодын театрын хөгжимчидтэй нийлээд тавь жараад хүний бүрэлдэхүүнтэй тоглолоо. Дуурийн театрын оркестртой адил бүрэлдэхүүн болчихож байгаа юм л даа.

Танай оюутны симфони оркестр гүйцэтгэл дуугаралт сайтайг хүмүүс мэднэ. Дор­нодын театрынхтай ний­лээд тоглоход удир­даа­­­чийн хувиар та ямар мэд­рэмжтэй ирэв. Штраусын энэ хөгжим нь өөрөө их гоё торгон нарийн чимэглэлтэй, чамин тансаг хөгжим шүү дээ?

-Штраусын энэ хөгжим бага насны хүүхдүүдэд хүртэл чихэнд нь хоногшчихсон хөгжим байгаа. Яагаад гэвэл, энэ хөгжмийн дийлэнх хэсэг нь хүүхэлдэйн кинонд дандаа дуугарч байдаг. “Мики маус” хүүхэлдэйн кинонд голдуу Штраусын хөгжим, ялангуяа “Сарьсан багваахай” бэсрэг дуурийн хөгжим маш их. Муур, хулгана хоёр төгөлдөр хуур дээр хоёулаа тоглоод л гарч байх жишээтэй. Тоглолтын дараа үзэгч хүүхдүүдээс мэддэг хөгжим байна уу гээд асуухаар бүгдээрээ тийм бай­на гэж хашхиралдаж байх жишээтэй. Хүүхдүүд энэ дуурийн хөгжмийг нь өмнө нь хүүхэлдэйн киноноос сонсчихсон учраас илүү ойр, илүү гоё байх шиг байна л даа. Зарим хүүхдүүд хөгжмийг нь сонсоод эхэндээ “Мики маус”-ынх шиг үйл явдал гарах болов уу гэж бодож байсан ч байж магадгүй. Хөгжим гэдэг тийм агуу юм аа гэдгийг би сая бас дахин мэдэрлээ л дээ. Бас нэг зүйлд их эмзэглэлээ. Ер нь одооноос энэ улс орон хөдөө орон нутгийн театруудыг бодох цаг болжээ. Бодлого боловсруулах цаг болсон байна шүү. Бид ярьсаар байгаад л хорин хэдэн жил боллоо шүү дээ. Одоо болоо юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдох юм.

Дорнодын театр бусад аймгийн театрууд дотроо хамгийн гайгүй нь байх. Хөгжим, хүн хүч цөөхөн байна гэсэн үг үү?

-Үндсэндээ бодлого хөдөө орон нутагт алдагдсаных шүү дээ. Дорнодын театрын хувьд гавьяат жүжигчин Боролдой гуай ёстой л цээжээрээ хамгаалсаар байгаад тараачихалгүй өдий хүрчээ. Олон аймагт сонгодог хөгжим оруулж ирж байсан үе бий. Ховдын театр, Дорнодын театр хоёр бол Монголд анх байгуулагдсан театрууд. Дээр үед тэнд хийл ч байлаа, виоленчель ч байлаа, контрабасс ч байлаа, үлээвэр хөгжмүүд гэхчлэн наяад онд их сайхан болж ирж байсан юм. Дараа нь хөдөөгийн амьдралыг, урлаг соёлыг зөнд нь хаячихсаны гай одоо харагдаж байна. Одоо хөдөөгийн театрууд ардын хэдхэн цөөхүүл хөгжмийн хэмжээнд л байна шүү дээ. Тийм байхад тэрийг хэн сонирхох юм бэ.

Бүрэн хэмжээний дуурийг удир­дахдаа та залуу хөгжимч­­дөөс чухам юу мэдрэв?

-Штраусын энэ жүжгийн удиртгал нь, дунд нь явдаг бүжгийн хөгжмүүд гээд ихэн­хийг нь ард түмэн концертын танхимаас их сайн мэддэг болчихсон. Жилийн турш би энэ дуурийн хөгжим дээр ажиллалаа. Үнэхээр сайхан хөгжим. Ялангуяа оюутнуудад мэргэжлийн талаасаа маш өгөөжтэй бүтээл боллоо. Энд би багш нарт их баярлаж байна. Сайхан дуучид, бүжигчид, сайхан хөгжимчид бэлдсэн байна. Энд чинь бүх төрлийн үлээвэр, цохивор хөгжим, бүх төрлийн утсан хөгжмүүд бүгд орчихсон байгаа. Ер нь тэгээд бид чинь уран бүтээлчид бэлдээд байна л гээд байдаг. Тэрийгээ харуулах боломж тэр болгон олддоггүй юм. Энэ талаасаа бидэнд их өгөөжтэй байна. Дуурийн дуулаачаар төгсч байгаа хүүхэд гэхэд л Дидонад ч тоглодог болчихсон, ямар ч дуурийн хэсгүүдээс тоглодог, тэр Кармен, Чио Чио сан гээд бүгдэд нь тоглодог болчихсон төгсч байгаа. Манай оюутнууд бол үнэхээр энэ зэргийн дуурийг тоглох чадвартай болчихсон байна. Чадалтай байна. Үүнээс ч цаадахыг нь тоглох чадвартай юм байна гэж би хувьдаа дүгнэлээ. Сайн дуучин төгсч байна. Сая манай энэ дуурийн гол дүрд дуулсан охин Москвагийн Гнесиний академид очиж шалгалт өгсөн чинь багш нар нь булаацалдаж авч байна шүү дээ. Дуучид маань тэнд очоод үнэлэгдээд байгаа хэрэг. Эндээс дуучид нь бас очиж олон улсын уралдааны тэргүүн байрыг нь аваад байгаа учраас тэр академид нь монголчуудыг үнэлж эхэлж байна л даа. Гадныхан үнэлээд байгаа болохоос эндээ бол таг чиг шүү дээ.

Танайх чинь сургууль. Дуурь, балет тавихад хөрөн­гө мөнгөө яаж босгодог юм бэ?

-Энд бидэнд ямар ч хөрөнгө мөнгө байхгүй шүү дээ. Гадаадын хөгж­мийн сур­гуулиуд бол өөр байдаг. Хэрвээ манайх консер­­ватор болчих юм бол Консерваторуудын холбоо­ноос тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шийдүүлэх, найруулагчийн, удирдаачийн туслалцаа гэхчлэн мэргэжлийн бүх төрлийн туслалцаа авч болно. Гагцхүү манай энэ коллеж гэдэг нэрнээс шалтгаалаад болохгүй байгаа юм. Бакалаврыг бид хийдгээрээ хийж л байна. Консерваторийн хэмжээнд.

Энэ жил П.И.Чайковс­кийн мэндэлсний 175 жилийн ой тохиож, дэлхий нийт тэмдэглэж байна. Танайх энэ хүрээнд тоглолт хийх үү?

-Хийнэ. Ирэх есдүгээр сараас эхлээд энэ рүү орох болов уу. Чайковскийн ойг энэ сургууль тэмдэглэхгүй өнгөрөх учир үгүй. Бид бол зөвхөн Чайковский гэлтгүй Монголынхоо хөгж­мийн зохиолчдын ойг ч манай сургууль л тэмдэглэж байна шүү дээ. Саяхан Гончиг­сумлаа гуайн ойг тэмдэглэлээ, Мөрдорж гуайн ойг тэмдэглэлээ. За тэгээд, Чойдог гуай гээд бүгдийг нь тэмдэглэх гээд үзээд л байна. Чайковскийн жилд бол бид мэдээж тоглолт хийж л таарна. Яагаад гэвэл бид Чайковскийн төгөлдөр хуурын концертыг зөндөө тоглож байлаа, оркестртой ч тоглож байлаа, хийлийн концертыг нь ч тоглож байлаа гэхчлэн. Бараг бүх тэнхим өөрсдийн концертоо хийдэг.

Ирэх ням гаригт болох бэсрэг дуурь дээр танай симфони оркестр бүтнээрээ сууна биз дээ?

-Тэгнэ. Арав, арваннэг­дүгээр анги, дээд сургуулийн бүх курсийнхэн бүгдээрээ сууна.

Чулуун гуайн нэрэмжит залуу хөгжимчдийн урал­даан энэ жил болох уу?

-Улсаас зохион байгуулдаг залуу хөгжимчдийг дэмждэг ганц уралдаан энэ шүү дээ. Улс хийнэ гэвэл ирэх арваннэгдүгээр сард хийж магадгүй. Энэ нь улсын мэдэлд байдаг, “Чулуун сан” зөвхөн хамтарч оролцдог юм.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *