Монголын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга үүсэн байгуулагдсаныхаа 40 жилийн ойтой золгож байна. Өчигдөр тус чуулга хүндэтгэлийн концертоо Монголын хүүхдийн ордонд тоглов. Тоглолтын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишигтэй ярилцлаа.
-Та “Улаан бүч” чуулгатай анх яаж холбогдож байв?
-Юуны өмнө баялаг урын сантай, тогтмол хичээл, байнгын үйл ажиллагаатай энэ сайхан чуулгыг үүсгэн байгуулсан эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье. Дөчин жилийн түүхтэй энэ чуулгын бараг 35 жил нь надтай холбоотой гэхээр сэтгэл сайхан байх юм. Монголын радиогийн бичлэгийн их студид хүүхдийн цовоо, цангинасан дуу эгшгийн дунд бямба, ням гаригийн амралтын өдрөө өнгөрүүлсэн 30 гаруй жил ямар нэгэн цалин урамшуулалгүй байсан ч миний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе байлаа.
-Чуулга яаж байгуулагдсан түүхийг дурсвал?
-1970-аад оны дунд үед Нийслэлийн 39 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Галсандорж, Монголын радиод ажиллаж байсан хүүхдийн нэрт зохиолч М.Чимид, Монголын радиогийн хөгжмийн редакцийн даргаар 19 жил тасралтгүй ажилласан хөгжмийн нэрт зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Чимиддорж нар энэ чуулгыг үүсгэн байгуулсан юм.1979 оныг “Олон улсын хүүхдийн жил” болгон зарлаж, Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээж аваад чуулгаа чадварлаг 40 хүүхдээр бүрэлдүүлж ” Улаан бүч” хэмээн нэрлэсэн. Энд зайлшгүй нэрийг нь дурдах ёстой хүмүүс бас бий. Унгарын наадамд оролцоход удирдаач багшаар ажиллаж байсан хийлч, хормейстер З.Оюун, концертмейстер О. Сарантуяа /МУГЖ Осорын охин/ мөн радиогийн хүүхдийн редакцид олон жил ажилласан сэтгүүлч Б.Туяа нар манай чуулгын түүхэнд заавал дурдагдах ёстой юм.
-Гаргасан амжилтуудыг дурдвал?
-“Улаан бүч” чуулга Монголын пионерийн байгууллагын 60 жилд зориулсан ” Мөнгөн хонх” уралдаанд тэргүүлж, 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойд зориулсан эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд ” Тагтаа” дуугаа ардын жүжигчин Ч.Мөнхшүртэй дуулж, уг дуу шилдэг дуугаар шалгарсан. БНХАУ-ын Тянь Жин хотноо олон улсын хүүхдийн урлагийн наадамд, дараа нь Шанхай хотноо олон улсын хүүхдийн найрал дууны уралдаанд амжилттай оролцон цом хүртэж байлаа. Энэ мэт амжилт ололт олныг дурдаж болно. Өнгөрсөн жилүүдэд телекино концерт дөрвийг хийж, бие даасан болон ёслол хундэтгэлийн 200 гаруй тоглолтод оржээ.
-Чуулгаас олон алдартан төрөн гарсан байх даа?
-Манай чуулгаас олны танил алдар цолтой сайхан дуучид олон төрөн гарчээ. Нэрт хегжмийн зохиолч МУУГЗ Т.Чимиддорж гуай чуулгаа чадварлаг хормейстер У.Мөнхжаргалд хулээлгэн өгсөнд баяртай байдаг. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Ганчимэг, Харш хамтлагийн гоцлол дуучин С.Баасандорж, сүүлийн үед нийтийн дуунд нэлээд хүч түрэн гарч ирж буй дуучин Ч.Лхамсүрэн, дэлхийд Монголынхоо нэрийг опера урлагаар гаргаж байгаа дуучин Э.Анхбаяр нарын жишээ бий. Дурдаад байвал дуусахгүй байх.
-Тоглолтын үеэр үе үеийнхний уулзалт болох байх даа?
-Ахмад хормейстерууд ирээд “Улаан бүч” чуулгын үе үеийн төгсөгчид уулзах том баяр болно гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногт чуулгынхаа ойг тохиолдуулаад “Хүүхдийн найрал дууны урын сангийн өнөөгийн байдал” сэдвээр телевизийн хэлэлцүүлэг явагдсан. “Улаан бүч” чуулга 40 жил хүүхдийн найрал дууны урын санг бүрдүүлж ирсний хувьд нийгэм, эдийн засгийн албандаа хүсэлт тавьснаар энэ хэлэлцүүлэг маш амжилттай болж өнгөрсөн. Хүүхдийн найрал дууны урын санг энэ мөчид хөндсөн нь цагаа олсон хэрэг болсон. Тиймээс цаашдын ажил нь улам сайн өргөжих байх гэж харж байгаа.
-Анх байгуулагдаад тэр үеийнхээ сор хүүхдүүд л “Улаан бүч” чуулгад ордог байж. Тухайн үеийн хүүхдүүдийн мөрөөдөл болж байжээ?
-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ бүх л арга хэмжээнд оролцдог байсан. “Улаан бүч”-ийн гараагүй тайз Монголд байхгүй. Тэр үеийнхээ жинхэнэ сор хүүхдүүд л байдаг байлаа шүү дээ.
-Улс төрийн томоохон арга хэмжээ, гадаадын төлөөлөгчдөд цэцэг барьдаг хүүхдүүд нь бас л “Улаан бүч”-ийнх гэж сонссон юм байна?
-Тийм шүү. Монголд болж байгаа томоохон арга хэмжээнүүдийн урд л манай хүүхдүүд явдаг. Тухайн үеийн улс төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдэд цэцэг өгөх хүндтэй ажлыг зөвхөн “Улаан бүч”-ийн хүүхдүүд хийнэ. Тиймээс л хүүхдүүдийн мөрөөдөл болох нь аргагүй.
-Одоо тус чуулгын бүрэлдэхүүнд хэдэн хүүхэд бий вэ?
-Одоогийн үндсэн бүрэлдэхүүн 53 хүүхэдтэй байна. Урилгаар үе үеийн төгсөгчид ирж өчигдрийн тоглолтод дуулсан. Бүгд л хоолой нь хэвээрээ, хүүхдээрээ сайхан дуулж байна лээ.
-Саяхан “Болор одод” нэртэй хүүхдийн найрал дууны тэмцээн болжээ. Тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд ОХУ-ын ялалтын баярын ойн хүндэтгэлийн тоглолтод орно гэж сонслоо?
-Энэ найрал дууны тэмцээн ОХУ-д арван гурван жил зохиогдсон тэмцээн юм. Тэгээд оросууд олон улсын тэмцээн болгох зорилгоор Монголд анх удаа зохиосон. Түрүүлсэн хүүхдүүд Оросын Улаан талбайд ялалтын парадад дуугаа дуулна. СУИС-ийн лецей “Бадмаараг” ахлах сургуулийнхан шалгарч, 40 гаруй хүүхэд Оросод очиж дуулахаар болсон.