Categories
мэдээ нийгэм

Ч.Батзориг: Сайжруулсан нүүрсийг халж, хийн түлшний эх үүсвэр, хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдол, нүүрсхүчлийн хийг бууруулахыг зорьж, эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын ээлжит бус II хуралдаан дээр өчигдөр (2024.12.02) сайжруулсан шахмал түлшийг халж, цэвэр эрчим хүчний нэг төрөл болох хийн түлш буюу шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ шийдлийг танилцуулсан. Энэхүү төслийг санаачилсан, НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзоригтой ярилцлаа.


-Та НИТХ-ын ээлжит бус II хуралдаан дээр өчигдөр эрчим хүчний шинэ шийдэл танилцуулсан. Сайжруулсан шахмал түлшийг халах энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Өндөр хөгжилтэй Япон, Солонгосоос эхлээд Алс Дорнод, Сибирь, Алъяск, Якутын хойг гээд дэлхийн бүхий л орон өнөөдөр хийн түлш хэрэглэж байна. Бидний хөрш БНХАУ эрчим хүчний хэрэглээнийхээ 28 хувийг ОХУ-аас авч байна. 50 гаруй сая хүн амтай БНСУ нийт хэрэглээний 42 хувийг хийн түлш эзэлж, түүнийхээ 95 хувийг импортоор авч байна. Хийн түлш тухайн улсын эрчим хүчний хэрэглээнд нэлээн том байр суурь эзэлж байгаа юм. Манай улсын хувьд жилдээ 60 мянган тонн шингэрүүлсэн хий буюу газ хэрэглэдэг гэвэл “хэрэглээ бараг байхгүй” гэсэн үг. Газаар явдаг хэдэн автобус, машин, газын хэрэглээтэй томоохон аж ахуйн нэгжүүдийг эс тооцвол газын хэрэглээ бараг байхгүй. Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хий хамгийн их гаргаж байгаа хүчин зүйл бол 200 мянган айл, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 300 гаруй зуух байна. Жилдээ 130 мянган хүн түүхий нүүрс, 530 мянган тонн сайжруулсан гэж ярьж байгаа шахмал түлш хэрэглэж байна

-Сайжруулсан шахмал түлш нүүрснээс ч илүү хортой байна гэсэн яриа бий?

-Тодорхой хугацаанд, тодорхой үе шатанд сайжруулсан шахмал түлш түүхий нүүрсийг орлоод, өөрийн үүргээ гүйцэтгэсэн. 2018, 2019 оныг санаж байгаа бол агаарын бохирдлын хэмжээ, нөлөөлөл харьцангуй бага байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар цаашид явах боломжгүй гэдгийг нийт хүмүүсийн санал асуулга, нөхцөл байдал харуулж байна.

-Монгол Улс хийн арвин нөөцтэйг тогтоосон судалгаа бий юу?

-Манай улс байгалийн хий болон шингэрүүлсэн нефтийн, нүүрсний давхаргын үеийн хийн их нөөцтэй орон. Дэлхийн хийн түлшний 16 хувь манайд байна гэж байна шүү дээ. Канад, Австралийн хамтарсан экспедицүүд 2018 оноос эхлээд байгалийн хийн олборлолт хийх судалгаанууд хийж, нэлээд өндөр эерэг үр дүн гарсан. Монгол Улсад байгалийн хийн том ай сав газар байна гэсэн. Үүнийхээ нөөцийг тогтоогоод, олборлох, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах түвшинд явж байна.

-Хийн түлш рүү шилжих цаг хугацаа одоо мөн үү?

-Бид өнөөдөр гурван хүчин зүйлийг цэгцлэх ёстой юм. Нэгд, хийн түлш рүү шилжих нь цаг хугацааны хувьд мөн. Технологи нь олон улсад хөгжсөн. Олон улсын энэ технологийг хэрэглэх нь зүйтэй. Бидэнд нөөц нь байна. Энийг дагаад хоёр асуудал үүснэ. Нэгдүгээрт, Улаанбаатар, 21 аймгийн төвд айлуудын шөнийн цахилгааны хэрэглээг тэглэдэг. Энэ нь эрчим хүчний үнэ, хуримтлагдсан алдагдлын тодорхой хувийг эзэлдэг. Эрчим хүчний салбар энэ жил гэхэд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 280 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Хоёрдугаарт, манай эрчим хүчний чадлын дутмагшил 400 мегаватт байдаг. ОХУ-аас 300 мегаваттыг авдаг. Хий ашигласнаар энэ чадлын дутагдалд орох байдал багасна. Хий хэрэглээд, хоол ундаа хийгээд, цахилгаан дулаанаа авчихна. Цаашилбал, бойлур тавибал усаа халаах бололцоотой болно. Энэ нь эрчим хүчний салбарт маш том эерэг нөлөө үзүүлж эхэлнэ.

-Гурав дахь хүчин зүйл нь юу вэ?

-Хийн түлшний бие даасан эх үүсвэр баригдаад, 100 мянган өрх хийн түлшний хэрэглээнд шилжвэл 60 мянган тонн 250-300 мянган тонн болно. 200 мянган айл шилжлээ гэхэд 600-700 мянган тонн нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэглээ, хийн түлш нэмэгдээд ирэхээр хий боловсруулах үйлдвэр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Тэдгээрийн хүсэл сонирхлыг татаж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж эхэлнэ. Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн цахилгаан дулааныхаа эрчим хүчнээс хамааралтай сунаж тогтсон байдаг. Бие даасан, алслагдсан хороодыг яагаад орон сууцжуулж болохгүй байна вэ гэхээр дулааны эх үүсвэр байхгүйд байгаа юм. Бид дулааны эх үүсвэрүүд бариад эхлэхээр төвлөрөл багасна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энд хөрөнгө оруулалтаар өндөр хүчтэй юм орж ирэх гээд байгаа юм биш. Энэ бол цэвэр хувийн хэвшлийн оролцоотой хийгдэнэ. Бид өнөөдрийг хүртэл хөгжиж чадахгүй байсан нь хоёр хүчин зүйлээс шалтгаалж байна. Нэг хүчин зүйл нь, утаагүй шахмал түлшийг нэг тонныг нь бид 510 мянгаар үйлдвэрлээд, 150 мянгаар зарж борлуулдаг. Зөрүү санхүүжилтэд нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос жилд 300 тэрбум төгрөг олгож байна. Дээрээс нь сайжруулсан шахмал түлшийг тээвэрлээд, хадгалаад, борлуулалтын цэгээр 580 гаруй хүнтэй гэрээ хийгээд борлуулж байгаа зардал нь Улаанбаатар хотын төсөв дээр сууж явдаг.

-Ирэх оны төсөв дээр суусан уу?

-2025 оны төсөвт энэ гурван зардал нийлээд 56 тэрбум төгрөг болж байна. Өнөөдрийн байдлаар нэг их наяд 243 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос “Тавантолгой түлш”-ийн сайжруулсан шахмал түлшний зөрүү санхүүжилтэд олгож байна. 345 тэрбум төгрөгийг нийслэл Улаанбаатар хотноо түрүүн миний ярьдаг тээвэрлэх, хадгалах, борлуулах гэсэн гурван зардалд олгож байна. Борлуулагч нартай гэрээ хийгээд, нэг тонн тутамд нь борлуулсных нь төлөө 10 хувь буюу 150 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Тэгэхээр 350 тэрбум буюу 100 сая ам.доллароо сайжруулсан шахмал түлшиндээ ч, хийн түлш хэрэглэж байгаа хүндээ ч олгоод эхэлбэл сардаа 500-600 мянган төгрөгийн хийн түлш аравдугаар сараас ирэх оны дөрөвдүгээр сард буюу өвлийн улиралд хэрэглэнэ. Энэ хугацаанд нэг дундаж айл өрх 6х7 юм уу, 5х8-ын харьцаатай хүрэхгүй байшин барихад түүний ашиглалт 1 тонн ч хүрэхгүй. Түүнд 2.5 сая орчим төгрөг зарцуулагдана. Түүний хөнгөлөлтийг “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүжилт шиг олгоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр иргэндээ утаагүй шахмал түлш ашиглахад төлдөг байсантай адил тусна. Улсад өгдөг байсан санхүүжилтээ олгодгоороо олгоно.

-Жилдээ хэдэн айл өрхийн хийн түлшний дэд бүтцийг холбох боломжтой вэ?

-Бидний хийсэн үндсэн тооцооллоор, 100 мянган өрхөд 170 орчим тэрбум төгрөгийг жилдээ зөрүүний татаас болгож олгоно гэсэн үг. Нөгөө айлынх 500-600 мянга гарахад 50-70 хувийг нь хөнгөлвөл 150-200 мянгаа төлнө. Тэрүүгээрээ дулаана шийдэж, хоол цайгаа хийж иднэ гэсэн үг. Энийг бид ирэх жилүүдэд үе шаттайгаар, 2005-2026 оны өвлийн их ачааллын үед 15-20 мянган айл, дараа нь 2026-2027 оны өвлийн их ачааллын үед 40 мянган айл, 2027-2028 оны өвлийн их ачааллын үед 100 мянган өрхийн хийн түлшний дэд бүтцийг холбох ажлыг хувийн хэвшилтэй хамт хийж гүйцэтгэнэ. Нийслэлээс юу хүсдэг вэ гэхээр, үндсэн ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, тооцоо. Бид үүнийг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ. Олон улсад яг энэ хэмжээгээр бид нүүрстөрөгчийн хэмжээг багасгаж байгаа байхгүй юу. Энийгээ бид тооцох, үнэлэх олон улсын сертификаттай болно.

-Хийн түлшний хэрэглээнд шилжих эрх зүйн орчныг хэрхэн хангах вэ?

-Хийн хангамжийн хууль, дээрээс нь Хүлэмжийн хийг бууруулах тухай хууль гэсэн хуулиуд оруулах ёстой. Энэ хууль тогтоомжуудыг бид ирэх намрын чуулганаар өргөн барьж чадвал хаврын чуулганаар батлуулна. Үгүй бол хаврын чуулганд өргөн бариад, ирэх оны намрын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй байна. Ингэвэл бид carbon tax буюу өндөр хөгжилтэй орнуудын төлдөг төлөөснөөс carbon credit гэдэг юм цуглуулна.

-Хүлэмжийн хийн кредит гэж юу вэ?

-Бууруулсан нүүрстөрөгчийн хийн тонн тутмыг олон улсад арилжаалж эхэлнэ гэсэн үг. Өнөөдөр Азид нэг тоннд 5-10 ам.доллар төлж байна. Европын холбоонд 70-80 ам.доллароор зарж байна. Энэ жил COP29 олон улсын хуралдаан болж, carbon credit буюу хүлэмжийн хийн ялгаруулалтыг арилжаалах дүрмийг баталсан. Шинжээчид олон улсын хэмжээнд энэ кредитийн хэмжээ 100 ам.доллар давах нь ээ гэж үзэж байна. Ковидын дараа бараг 100 ам.доллар хүрсэн. Тэгэхээр бид энийгээ олон улсад арилжаалах, эсвэл томоохон, өндөр технологи хөгжсөн компаниудад зарах боломжтой. Өөрөөр хэлбэл, Toyota, Samsung ч гэдэг юм уу. Учир нь, хүлэмжийн хий ялгаруулдаг компаниуд хүлэмжийн хий бууруулж байгаа кредит худалдаж авдаг. Энэ хэмжээгээр олон улсад төлөх carbon tax нь буурч байдаг.

-Улаанбаатар хотод хүлэмжийн хийн хэмжээг бууруулах боломж бий юү?

-Үлэмж хэмжээгээр буулгах бололцоо бас байна. Цэвэр түлдэг түүхий ч бай, сайжруулсан ч бай түлшний хэрэглээг зогсоохгүй бол энэ нь шууд нөлөө үзүүлнэ гэсэн үг. Манай хүлэмжийн хий хөдөө аж ахуйгаас их хамааралтай. Хүлэмжийн хий их ялгардаг. Улаанбаатар хотын хувьд хөдөө аж ахуй багатай учраас саяын ярьсан хоёр том тогтмол зардал, хүлэмжийн хий ялгаруулаад байгаа уурын зуух, айл өрхүүдээ шилжүүлэхэд бид асуудлыг 60-70 хувьтай шийдвэрлэж чадна.

-Агаарын бохирдолд хуучин автомашины нөлөө их. Зарим хүн зөв хүрдтэй машин оруулж ирж асуудлыг шийдэх боломжтой гэж хэлдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр Улаанбаатарт хоногт 450 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрийн 80 хувь нь хуучин автомашин. Цаашдаа хот өөрөө шийдвэр гаргах ёстой. Энэ нь юу вэ гэхээр Улаанбаатар хотод стандартын бус, жижиглэнгийн шатах тослох материал хүхрийн хэт исэл ялгаруулж байгаа, заримынх нь хэлдгээр “найрка” заруулахгүй байх ёстой. Москва мэтийн томоохон хотууд дизель түлшний автомашин явуулахыг хориглож байна. Бид ямар ч байсан евро стандартын түлш зардаг стандарттай болох ёстой. Энэ бол миний бодол. Тийм ч учраас би ИТХ-д энэ саналаа илэрхийлнэ. Бидний цаашдын зорилт бол сайжруулсан гэх тодотголтой шахмал түлшийг шахаж гаргаад, үе шаттайгаар аажмаар 200 мянган өрхөө хийн түлшинд холбосон дэд бүтэцтэй болгох юм. Хажуугаар нь сэргээгдэх эрчим хүчээ давхар явуулна. Гэхдээ хийн түлшний эзлэх хувь 70, үлдсэн 20 хувьд нь сэргээгдэх эрчим хүчээ барих хандлагаа барина гэсэн төлөвлөгөөтэй төсөл оруулж байгаа юм.

-Хийн түлш хэрэглэнэ гэхээр тэсэрч дэлбэрнэ, аюултай гэсэн асуудал үүсдэг. Энэ дээр иргэдийг сургах шаардлагатай болох байх?

-Шинэ хууль тогтоомж орж байгаатай холбогдуулаад сургалтын болон чадавх бэхжүүлэх ажил гурван үе шаттай явах ёстой. Нэгд, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн хэрэгжилт хангахаар төлөвлөж байна. Энд шинэ агентлаг байгуулагдана. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлд цаашдаа хийн түлшний хангамж, удирдлага, хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч нэгдсэн агентлаг байх ёстой. Эдгээр хүмүүсээ бид сургаж боловсруулна. Өөрөөр хэлбэл, энэ улсуудыг бид 4, 5, 6 сарын албан ёсны сургалтад хамруулж, ажилтнуудаа бэлдэнэ гэсэн үг. Хоёрт, бид цаашдаа их дээд сургууль, инженер техникийн ажилтнууд, хийн хангамжийн шинэ анги гаргах төлөвлөгөөтэй. Энэ хавар төгсөж байгаа 12 дугаар ангийнхнаас хийн түлш, механикийн чиглэлээр гадаадад нэг сургуулиас 10 хүүхэд байдаг юм уу давхаргын сургалт явуулна. 2028 он гэхэд мэргэжилтэй механикууд, цаашлаад нэг жилийн дараа инженерүүдийг бид сургаж авчрах ёстой. Гурав дахь ээлж нь, яалт ч үгүй хийн түлш хэрэглэх иргэд. Хийн түлш мэдээж хүний хүчин зүйлээс хамаарах аюулын дохиотой. Гэхдээ дэлхийн бүхий л орон үүнийг хэрэглэж байна. Бидний тооцоогоор, энэ бол 4-5 жилийн ажил болно. Солонгос улс хоёр Солонгосын дайны дараа тусгаар тогтносон. Тэгэхэд хамгийн анх Америкаас газын хэрэглээ орж ирж байсан. Хийн хэрэглээнд шилжихэд 20 жилийг зарцуулсан гэж байгаа юм. Үнэхээр хэдэн мянган хүн үхэж байсан гэсэн. Энэ бүхний төгөлдөржсөн технологи, хуулийн зохицуулалтууд одоо бий. Тэр болгоныг бид нутагшуулах ажлыг хийнэ.

-Та энэ чиглэлийн мэргэжилтэй юү?

-Би дулааны цахилгааны станцын механик инженер.

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэхийг иргэд эсэргүүцэж байна. Нэмэх шалтгаан юунд байна вэ?

-Татвар нэмэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ татварын хэмжээг УИХ-аас хэдийнэ тогтоосон. Улаанбаатар хот болон бусад аймгууд татварын хувьд хууль хэрэгжүүлэх ажлаа хийж байгаа юм. Төлбөрийн хувьд, жишээлбэл авто зам ашигласны төлбөр 2010 оноос хойш 14 жил болсон. Энэ бол нэмэх асуудал биш. Миний бодлоор, энэ зүй тогтол нь зах зээлийн эдийн засгийн харилцаагаар шийдэгдэх ёстой юм. Тэрнээс биш та бид хоёр харж байгаад 3, 4 дахин нэмэх асуудал биш. Өөрөөр хэлбэл, 1м2-ын зам засвар, арчилгааны хөлс хэд болж байгаа вэ. Манай улс өөрөө бүтээгдэхүүн үйлдвлэрлэдэггүй. Асфальтаа хүртэл гаднаас авдаг орон шүү дээ. Тэгэхээр нэг км зам тавих өртөг, бутарсан чулуун үе, хөлдөлтөөс сэргийлэх үеийн хөлс норм хэд болж байгаа вэ, тэр үед хөдөлмөрийн хөлс хэд байсан бэ, одоо хэд байгаа вэ, импортын татвар, бусад харилцаа гээд ерөөсөө зах зээлийн эдийн засгийн харилцаанд чи ямар үнэ өртгөөр зам засвюар арчилж байгаа вэ тэрийгээ л тээврийн хэрэгсэл хэрэглэж буй хүнээс авах ёстой. Энэ бол бүх нийтээс авч байгаа асуудал биш. Улаанбаатар хотын 1.7 сая хүнтэй гэж үзвэл 600 гаруй мянган хүнээс л авна. Тээврийн хэрэгсэл хэрэглэж байгаа бол жилд 20 мянган төгрөг төлөөд, түүгээр зам засвар засаж чадахгүй байна гэсэн үг. Арван жилийн өмнө болоод байсан, 15 жилийн өмнө болоод байж. Одоо юмны үнэ өссөн учраас зах зээлийнхээ хуулиар тавьж байгаа хэмжээ байх. Энэ магадгүй 10 дахин ч өсч болно, эсвэл хоёр дахин бууж ч болно. Өртөг зардал ямар байна түүнээс л хамаарч байгаа юм. Тэрүүгээрээ явах ёстой. Би тийм байр суурьтай байна.

-Хуулиараа нийслэл төсвөө арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэж батлах ёстой. Улсын төсөв шиг “буцсан” төсөл оруулж ирээгүй байх гэж найдаж байна. Ер нь таны бодлоор хэр чамбай төсөл өргөн барьсан бэ?

-Улаанбаатар хотын захирагч өнөөдөр (2024.12.02) Иргэдийн хуралд албан ёсоор төсвөө өргөн барилаа. Үүнтэй холбогдуулаад аудитын дүгнэлт бас уншиж сонирхууллаа. Энэ төсөв урд урдын төслүүдээс үлэмж ялгаатай төсөв. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот түүхэндээ анх удаа төсөвт огт хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр олсон орлогоо хөрөнгө оруулалтдаа зарцуулна. Хоёрт, анх удаа гадаад дотоодоос орж ирсэн 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, 500 сая ам.долларын гадаад үнэт цаасны арилжааны мөнгөө зарцуулах гэж байна. 4.6 их наядын хөрөнгө оруулалтын ажил яригдаж байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дунд бүхэл бүтэн нийслэл Улаанбаатар хотод хамааралтай бүлэг байгаа. Энэ бүлэгт заасан томоохон ажлын дөрвөн жилийн хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын саяхан баталсан 12 мега төслөө хэрэгжүүлэхээр орж ирж байгаа төсөв.

-Хэмнэх боломжтой зардал байна уу?

-Хэмнэлтийн хувьд би өнөөдрийн аудитын дүгнэлттэй санал нэг байна. Тэвчиж болох урсгал зардлуудыг хасаж, танах ёстой. Төсөв тооцоогүй, төлөвлөгөөгүй мөнгүүдийг тавих ёсгүй. Төсвийн хуулиа барих ёстой. Харин хөрөнгө оруулалтын өмнө нь явж байсан ажлуудыг хэрэгжүүлэх, гүйцээх, шинээр хийх ажлууд дээрээ тавьж байгаад шинээр хийх ёстой. Би бондын мөнгөөр орон сууц барихыг дэмжихгүй байгаа. Харин бондын мөнгөөр орон сууц худалдан авагчдыг дэмжсэн бодлого хийх ёстой. Зарим банкууд манайх зээл өгнө, гэхдээ энэ хотхоны л худалдан авалтыг бид дэмжинэ гэдэг шиг Нийслэлийн орон сууны корпорацийн хэрэгжүүлж буй Сэлбэ юм уу, Баянхошуу дэд төвийн төслийг бид дэмжинэ. Та эндээс худалдан авбал танд бид зээл олгоно гэдэг юм уу ийм байдлаар эргэн төлөгдөх нөхцөл байдлыг илүү гаргах нь зөв. Нэгэнт орон сууц барьж байгаа, хувийн хөрөнгө оруулалтаар явж байгаа арга замыг тэр чигээр нь хөхиүлэн цааш явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2021 он буюу гурван жилийн өмнөхтэй харьцуулахад манайх шинэ хуулийн дагуу болон эдийн засгийн, засаглалын нэлээд бие даасан байдалтай болсон. Үүнтэй холбоотойгоор татварын орчин ч сайжирсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлдэг орлого мөн хэмжээгээр нэмэгдсэн. Эдийн засгийн хувьд өөрийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд боломжтой болсон. Тэр нь ч гэсэн өнөөдрийн орж ирж байгаа төсвөөс харагдаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хүн амын орлогын албан татвар нийслэлд гшууд ордог болсныг дэмжиж байна. Энэ бол зөв хандлага мөн. Нөгөөтэйгүүр, авто замын төлбөрийг нэмж байгаа нь татаасаар явдаг системээ болих ёстой гэсэн үг. Утаагүй шахмал түлшний тээвэр, хадгалалтын зардал 56 тэрбум. Энэ тодорхой хэмжээгээр буурч, байхгүй болох ёстой. Хоёрдугаарт, автобусны машин цагийн төлбөр буух ёстой. Уг нь Авто замын түгжрэлийг бууруулах хуулиар нийтийн тээврийн сан бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хувь автобусаа бүрэн шинэчилж байна. энэ үед машин техникийн татаасын төлбөр жилээс жилд огцом буурах ёстой.

Д.ЭРДЭНЭТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *