Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….….

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын БатЭрдэнэтэй ярилцлаа.


Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сурахаар мордсонСургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээИнгэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?

-Хоёр сарын өмнө Мон­голдоо ирлээ. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ хугацаанд эх орноо, ах дүү амраг садан, Монголын ард түмнээ ямар их санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сур­гууль соёлын тухайд гэвэл мастерын дараах сургалтад манлайлан удирдах чиглэ­лээр сураад төгслөө.

Удахгүй өөрийн бие даасан тоглолтоороо Монголын ард түмэндээ бэлэг барих гэж байна гэж дуулсанХамгийн сүүлд таван жилийн өм­нө тоглолтоо хийсэн байх аа?

-Бие даасан тоглолтоо хийлгүй дөрвөн жил гаруй,  бараг таван жил болчихсон байна. Энэ хугацаанд гэхдээ зүгээр байгаагүй.  Олон уран бүтээлчидтэй хамтран ажил­лаж, амралтаараа хоёр гур­ван ч дүү нарынхаа тоглол­тыг зохион байгууллаа. Найз нөхөд, уран бүтээлч андууд, ард түмнийхээ хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Хэдэн жил уран бүтээлийн тоглолт хийгээгүй болохоор аятайхан тоглолт хийчих юм­сан гэж л хичээж явна.  Дө­рөвдүгээр сарын 17, 18-нд тоглохоор төлөвлөсөн. Анх­ны бие даасан тоглолтоо  2003 онд хийж байлаа. Ту­хайн үед нээрээ “Хонхны нулимс” тоглолт маань тэр үеийхнийгээ залуусыг хошуу­руулж л байлаа. Зохиолын дуу ид хүчээ авч байсан үеийг ч хэлэх үү. Түүнээс хойш  нийт долоон удаа бие даасан тоглолтоо ард тү­мэндээ тай­лагнажээ. Зургаан удаа эх орноо нар зөв бүтэн тойрсон. Энэ удаагийн тог­лолт ч гэсэн өмнөх тоглолтуу­дын үргэлж­лэл байх болно. Харийн оронд хэдэн жил боллоо. Монголчуудтайгаа, тэднийхээ халуун алга та­шил­тан дунд хоёр оройг өн­гө­рөөмөөр бай­на шүү. Дуу­чин хүнд урам зориг эрч хүч өгч байдаг халуун сэтгэл, алга ташилтыг ахин мэдэрмээр байна. Энэ удаагийн тоглолт “Хонхны нулимс”-ыг тоглох гэж байсан үе шиг л эрч хүч, энерги, сэтгэл догдлолыг на­дад өгч байна даа. Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоос цаг хугацаа хүртэл удаан өнгөрөөд ч байх шиг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн боло­хоор санасанд нь хүртэл тоглочих юмсан л гэж хичээж явна.

Харийн оронд байхад Монголын тухай юу бодогдож байх юмТоглолтынхоо нэрийг “Монголын тухай”  гэж нэрийдсэн байсан?

-Тоглолт маань “Монго­лын тухай” гэдэг нэртэй. Ми­ний дуулсан уран бүтээлүүд тэрхүү цаг хугацаа “Монголын тухай” байсан бол цаашид ард түмэндээ хүргэх уран бүтээлүүд хүртэл “Монголын тухай” байх юм. Бид ер нь Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур амьсгалаас эх­лээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу бол­гон ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Нэг аав, ээжийн тухай дуулахад л Монгол аав, ээжийн тухай дуулдаг. Газар нутаг, эх орон, элгэн садан, уул ус, ургамал амьтан тэр бүгд Монголын тухай юм байна гэж бодсон. Р.Чойном агсны “Сүмтэй бударын чулуу” номонд

Гүн зузаан хөвчийнхөө тухай

Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай

Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай

Алдалсан ч үзүүр нь газар хүрдэггүй хадагны тухай гээд шүлэг байдаг. Тийм ч болохоор би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон. Ма­гад­гүй дэлхий дээрх долоон тэрбум хүнээс би монгол гэж ялгарах онцлог нь энэ байж мэднэ.

Харьд байгаа хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэвчиг бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх бодол адгаж эхэлсэн. Өнөө­дөр бид хэн байсан, хэн бай­гаа, одоо хэн болох гээд бай­гаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээ­сээ асуумаар санагд­сан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл монго­лоороо байх гээд бай­гаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээ нь бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гад­наас харахад болж бүтэж байгаа зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж  л байна. Монгол­чууд омогтой, ууртай болсо­ноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү дээ. Яваандаа энэ бүхэн илаар­ших байлгүй.

-Монголд ирээд Алтай нутгаараа очив уу. Өдийд уулсын сэрвээ­гээр эрэмгийн салхин исгэрсэн нэг тийм таа­вар ч гэмээр юм уу хавар болж байгаа байх даа?

-Сайхан хавар болж бай­гаа гэж бодож байна. Ах дүү хамаатан садангууд нутагтаа байгаа болохоор ийм байна, тийм байна гэж хэлдэг. Ирээд нутаг явж амжаагүй байгаа. Харин тоглолтоо дуусгаад 21 аймагтаа очиж ая дуугаа өргөнө.

Хэзээнээс аялан тог­лол­тоо эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 22-ноос эхэл­нэ. Нэг сарын дотор эх орноо бүтэн тойрчих болов уу гэж бодож байгаа.

-Манай хамтлаг дуучид аялан тоглолт хийхээ­рээ аймгийн төв томоо­хон хотуудаар л явчи­хаад ирдэг. Тэдний цаа­на өчнөөн суманд олон хүн уран бүтээлчдээр цангасан байдаг?

-Бүх сумдаар аялан тоглох боломж бий. Урлаг соёл хэнд  яаж хүрэх  вэ гэдэг Төрийн бодлого байх ёстой.  Соёлын тухай хуулинд ч байгаа. Уг нь сум бүрт ард иргэддээ үйл­чилдэг урлагийн хүмүүс нь байгаа. Ч.Бат-Эрдэнэ бүх сумдаар очно гэвэл асуудал­тай. Бүтэн жилийн хөтөлбөр боловсруулж байж бид сум бүрт очно. Магадгүй удахгүй тийм боломж нээгдэх биз. Өнөөдөр уран бүтээлчид өөрс­дийн уран бүтээлээсээ олж буй хэдэн төгрөгөөсөө зардалаа гаргаад орон ну­тагт очиж байгаа нь үнэлүүш­тэй. Бидний хэдэн уран бүтээлчид жим гаргаснаас хойш Монголыг сарын дотор тойрдог болсон. Тэр жимээр л яваад байгаа. Удахгүй энэ өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. “Хонхны нулимс” тог­лол­тоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо тойр­сон. “Хайрын хишиг” тоглол­тоос эхлээд хугацаа нь богино болсон. Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн хүмүүс бид хоёроос өөр байхгүй байхаа.

Ирландад байхдаа уран бүтээлээ хийж байв ууТаныг гавьяат болоод л таг болчихлоо гээд байгаа?

-Гавьяат болчихлоо гээд өөрөө л дуулаад байх нь тийм ч сонин биш. Өөрийн дотор байгаа зүйлээ гадагш нь гаргахын тулд уран бүтээлч дүү нартаа олон ч уран бүтээл зориулан хийж өглөө. Бат-Эрдэнэ өөрөө дуулж, тоглолт хийж байснаас бидний араас гарч ирж буй нэгэн бүлийнхээ за­луу­сыг дуучны дайтай болго­чих юмсан гэж хичээлээ. Дуу­чин Д.Намсрайноров, П.Идэр­жавхлангийн тоглол­тыг хийлгэлээ. Үүнийг хий­хийн тулд би төр түмнийхээ хайр хишгийг хүртсэн гэж ойлгож байгаа. Дэлхий дээрх бүх хүмүүсийн дотор Бат-Эрдэнэ гэж хэн бэ. Ямар байх ёстой вэ гэдгээ мэдэхийн тулд би Ирланд явсан. Монго­лынхоо урлагийг хариас нэг харъя. Дэлхийн урлагийн үнэт зүйлийг судалъя гэж л бодсон. Бид дотор талдаа талцсан, бужигнасан хүмүүс байгаад байдаг гаднаас ямархан харагдаж байгааг мэдэхийг хүссэн.

Урлагийн салбарт ам барих явдлыг цэгцэлье гээд байгааНийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?

-Нийтийн дуучид ам барь­даг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ. Монголчууд хаана ч явсан  ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг, дуулцгааж байна шүү дээ.   Урлаг гээд нэг том мод байлаа гэхэд түүнээс салбарласан мөчрүүдийг алийг нь ч муу хэлж чадахгүй. Яагаад гэхээр энэ чинь өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өнөөдөр хошин урлагийг муулаад л байна. Гэтэл цаа­на чинь хүмүүст өгөх ёстой эрч хүч, инээд баясал, тэмүү­лэл, итгэл үнэмшлийг өгч чадаж байгаа. Үүнийг муу­лаад л байж болохгүйтэй адил юм. Рок попын дуучин гэхэд л өөрийн үнэт зүйлтэй болохоор харин түүнийг нь судлах хэрэгтэй. Манайд энэ муу, энэ сайн гэсэн нэг ойл­голт яваад байгаа. Ийм байж болохгүй. Сайн, муу гэдгийг хэн шүүгээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрсний дараа түүх шүүгээд өгнө. Харин түүхийг хэн ч шүүдэггүй. Түүнээс биш хэн яаж дуулж байна вэ гэдэг нь сонин. Дуучид болгон л өөр өөрс­дийн гэсэн өнгөтэй шүү дээ. Дуугаа хэр­хэн амьдруулж байгаа нь л сонин.

Сүүлийн үед дууны яруу найраг элгээрээ хэвтэж байнаҮүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Шүлэг гэж яг юуг хэлдэг юм бэ. Тодорхойлсон тодорхой­лолт байна уу. Б.Галсансү­хийн “Бурхан чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц аа” гээд энэ шүлэг л байна шүү дээ. Үүнийг хэн шүүх юм. Харин логикийн алдаа байж болно. Ээжийн тухай бичиж байгаад ээжийгээ чулуутэй зүйрлэвэл цагаан цайлган сэтгэл энэ тэр нь алдагдах жишээтэй. Юуг яаж бичиж байгаа нь чухал биш. Түүнийг хүн хүлээж авч байна уу гэдэг нь чухал байхгүй юу. Шүлгийг ингэж бичнэ гэх юм бол бүгд нэг хайрцаганд орсон шүлэг бичнэ биз дээ. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж, туур­виг хамаагүй. Би бол бүр халбага, сэрээ, ундааны соруул­ны тухай дуу байхгүй байгааг гайхдаг. Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Бичих ёстой шүү дээ. Тэр дууны шүлгийг ойлгохгүй бол дахин дахин унш л даа. Хүмүүс яруу найрагч, шүлэгч л гээд байх юм. Яг алийг нь яруу найрагч, алийг нь шүлэгч гэж нэрлэдэг юм бэ. Хүний оюунаас гарсан өмчийн бү­тээ­лийг нэг нөхөр шүүмжилнэ гэдэг их зориг байгаа биз.

-Халтуурны гэгдэх за­хиалгын уран бүтээ­лүүд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуу­лаад байгаа даа?

-Уран бүтээл бүтээх нь уран бүтээлчидэд нээлттэй ганцхан тэр нь хуулийн дагуу л байх ёстой. Ямарваа нэгэн зүйлд хэмжүүр тогтоох гэдэг учир дутагдалтай. Оюуны өмчийн хууль гэж айхтар том юм байна шүү цаана чинь Монгол Улсын хил гараад л бүгд адилхан л хүмүүс. Тий­мээс бид бие биедээ хүндэт­гэлтэй хандаж хийж байгаа уран бүтээлийг нь ч гэсэн шүүмжилхээсээ өмнө зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнд хэмжүүр тавиад байх шаардлага ч байхгүй.

-Тэгвэл “Халуун элгэн нутаг” шиг ч юм уу. Тийм сайхан дуу төрөхөө байжээ гэх болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би энэ ойлголтоос хол байдаг хүн. Уламжилдаа суу­рилсан хөгжил яваад байгаа. Хөгжөөгүй юм бол энэ олон зохиолч байгаад яах юм. Тэр олон хөгжмийн зохиолч, дууч­дыг сургаад яах юм. Эд юу бүтээх гээд ингэж олноороо төрөөд байгаа юм бэ. Нийгэм хөгжихийн хирээр цаг мөч бүртэй уралдан хүмүүс хөг­жиж байна. Өглөө бүр хүмүүс шинэ сайхныг мэдэрч, харж байгаа. Уламжлал, шинэчлэ­лээ аваад л явж байгаа гэж боддог. Үүнийг хөгжил гэж ойлгож байгаа юм уу эсхүл хүний амьдрал үргэлжилсээр байгаа гэж ойлгож байгаа юм уу. Монгол Улс хөгжөөд бай­гаа юм уу эсвэл энэ чигтээ байсаар байх уу. Магадгүй бид 70 нас хүрчихээд “Бид­ний үеийнх шиг дуу гарахаа байж ээ” гэж байх ч юм билүү бүү мэд. Дууг хэдэн жил нас­лахыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хувь хүмүүсийн салах нийлэх олонд хамаагүй ч дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бү­рээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?

-Миний алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш үүнийг би яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамц­ныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж байна.

-Олон зүйл дээр сай­хан ярилцлаа. Таны ху­вьд “Монголын тухай” тоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу. Эсвэл бусдын адил хуу­чин дуунуудаа дуулах гэж байна уу?

-Мэдээж шинэ уран бүтээ­лээ үзэгчдэдээ хүргэнэ. Үүний зэрэгцээ шилдэг уран бүтээлүүдээ хүртэл эгшиг­лүүлнэ дээ. Хуучны сайхан дуунуудаа сэргээн дуулах болно.

-Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэвчиг үүн дотроо сэтгэлд тодхон дур­самж үлдээсэн ямархан бүтээл байдаг бол?

-Яалт ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь “Хонх­ны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны ну­лимс” дуу хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байх­даа халаасандаа мөнгөгүй байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны ну­лимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна даа. Гэхдээ анхны уран бүтээлд гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл юм .

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *