Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Анар: Би УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн DNN.mn

Улсын Их хурлын гишүүн  Ч.Анартай ярилцлаа.


УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хаана ямар ажил алба эрхэлж байсан талаараа манай уншигчдад танилцуулахгүй юу?

Миний үндсэн мэргэжил системийн болон кибер аюулгүй байдлын инженер. Монголын цахилгаан холбоо 2001 оноос инженерээр ажиллаж байгаад дараа нь яг энэ холбооны чиглэлээрээ хувийн компаниа байгуулаад гарсан. Улмаар 2005 онд Жи-Мобайл үүрэн холбооны компанийг байгуулсан. Ер нь харилцаа холбооны салбарт л ажилласан. Дараа нь олон улсын технологийн компанид ажиллаж байгаад 2015 оноос эх орондоо юм хийх ёстой юм байна гэж үзээд “Анд Глобал” гэж компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байгаад 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу салбарын төлөөлөл гэж УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн юм уу даа.

– Улс төрд орох шийдвэрийг яагаад гаргав. Мөн олон улс төрийн хүчин байхад яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

Миний хувьд огт улс төр мэдэхгүй, сонирхдоггүй. Инженер мэргэжилтэй, дарга сайд нараа ч таньдаггүй л хүн байсан. Гол нь маш олон жил монгол хүний оюун ухаан, үнэ цэнэ, ур чадварт итгэх ёстой. Түүгээрээ бид дэлхийд гарах боломж байна. Үүнд нь зориулсан боловсон хүчин, шинжлэх ухаан, боловсролын суурь бодлогууд хэрэгтэй. Тэдгээр маань учир дутагдалтай. Залуучуудыгаа дэмждэг сэтгэлгээ, тогтолцоо, хандлага байдаггүй. Үүнийг төр уриалаад хууль эрх зүй болон бодлогын таатай орчныг үүсгэх ёстой шүүмжлэлийг хэлж ирсэн. Монгол залуучууд маань ур чадвартай мөртлөө гадны томоохон технологийн компаниудад гадны үнэ цэнэ баялгийг бүтээхийн төлөө ажиллаж байгаа. Би технологийн хүн учраас энэ талаараа л ярьж байгаа юм. Түүнээс олон салбарт ажиллаж байна. Энэ залуучуудыгаа ирүүлж, эх орноо илүү хүчирхэг оюун санааны суурьтай болгох хэрэгтэй гэж шүүмжилж ирсэн. Тэгээд МАН-ын зүгээс санал тавьж, та энэ бодлогуудыг өөрчлөхөд гар бие оролцооч гэсэн. Миний хувьд монгол залуучууд оюун санаанд суурилсан дэлхийн хэмжээний иргэн болох, улс маань ч гэсэн ийм болох гэдэг итгэл үнэмшлээр үүнийгээ хийх боломж нь энэ байсан. Харин МАН нь институцийн хувьд хамгийн төлөвшиж тогтсон учраас энэ саналыг нь хүлээж авсан.

 – Таны хувьд ур чадвартай монголчуудыгаа эх орондоо ирэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж шүүмжилдэг байсан гэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод энэ тал дээрээ ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Би гурван ажлын хэсэг ахалж байна. Тэдгээр маань бүгдээрээ яг энэ тал руу чиглэсэн. Тухайлбал, Төрийн процессын дахин инженерчлэлийн ажлын хэсгийг ахалж байна. Төрийн ажил, үйлчилгээг илүү хүн төвтэй, чирэгдэлгүй, орчин үеийн нийгэм, эдийн засаг, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх ажлын хэсэг байгаа юм. Өөрөөр хэлбэл, технологи ашиглаад төр-иргэн, төртөрийн байгууллагууд хоорондоо харилцахдаа хүнд сурталгүй, зардал чирэгдэл багатай, хурдан шийдвэр гаргадаг болох тал дээр асуудлыг судалж байна. Дараагийнх нь өндөр технологиор Монголын компаниуд хөгжихөөс гадна бусад улсын томоохон компаниуд манайд орж ирж, боловсон хүчин, соёл, менежментийг нь Монголд нутагшуулах ажил буюу Өндөр технологийн тусгай бүсийг үүсгэх хуулийн ажлын хэсгийг ахалж байна. Мөн шинэ хууль гарахад бусад хуультайгаа харилцан яаж уялдаж байна гэдэг асуудал хүндрэлтэй. Маш их механик процесстой, хүн суурьтай. Зарим тохиолдолд сайн хянаж чадаагүйгээс болж цоорхойтой, техникийн алдаатай, амьдрал дээр хэрэгжихгүй хууль батлах. Тэр нь шүүх дээр очиж шийдэгдэх асуудал их гардаг. Миний өөрийн амьдралд ч гарч байсан. Хуулиасаа давсан дүрэм, журам их байдаг. Тиймээс үүнийг хиймэл оюун ухаан ашиглаад хуулийг анхнаасаа боловсруулахдаа цэгцтэй байх нөхцөлийг бүрдүүлэхээр Хуулийн давхардал, зөрчлийг арилгах ажлыг хэсгийг ахалж байна. Эдгээртэй чиг үүрэг төстэй маш олон ажлын хэсэгт гишүүнээр орсон. Би өөрөө хувийн хэвшлийн төлөөлөл, технологийн экспертийн зүгээс бараг 10 гаруй ажлын хэсэгт ороод ажиллаж байна.

-Өндөр технологийг эх орондоо нутагшуулах, төрийн ажил, үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдэг нь өөрөө асар их зардал, хөрөнгө мөнгө гарч таарна. Үүнээс гадна энэ ажлыг амжилттай хийж хэрэгжүүлэх хөрс суурь нь манай улсын хувьд хэр байна вэ?

Тийм болж чадаагүй байгаа юм. Хамгийн гол асуудал нь бидний нийтлэг сэтгэлгээ, хандлагын асуудал. Хууль тогтоогчдын түвшинд гэсэн монголчууд бид ийм зүйлийг хийж чадахгүй. Тэр чинь асар өндөр хөгжилтэй улсын хийдэг ажил гэсэн ойлголт маш хатуу тогтчихсон байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх нь л хамгийн хэцүү байна. Бүх шатандаа бид хэрэглэгч улс болчихоод байгаа юм. Монголчуудыг биенийгээ үнэлж сураагүй. Дэмжиж, хамтарч ажиллаж, ирээдүйдээ итгэлтэй байх хандлагыг бий болгох нь хамгийн том ажил. Өндөр технологийг хөгжүүлнэ гэдэг чинь асар урт хугацааны бодлого. Энэ бодлогыг гаргаж ирээд эдийн засагт үр өгөөжийг нь хүртэнэ гэдэг дахиад хугацаа шаардана. Суурь хандлагыг өөрчлөхийн тулд бидэнд үлгэр жишээ хэрэгтэй. Тиймээс гадны компаниуд орж ирээд, таатай орчныг бүрдүүлээд, тэдгээрийгээ жишиг болгож явах ёстой. Энэ бол олон улсад маш сонгодог жишээ. Энэ моделийг Хятад улс хамгийн гайхамшигтай хэрэгжүүлсэн. Чадвартай хүмүүсээ өндөр цалингаар авч ирээд технологийн тэргүүлэгч гүрэн болоод эхэлчихлээ. Тиймээс үүнийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Бид гадны хөрөнгө оруулалт гэж их ярьдаг. Тэгвэл манай хөрөнгө оруулалтын орчин таныхаар хэр байна. Чухам юуг нь яаж өөрчилмөөр санагдаж байна вэ?

Цөмийн энергийн тухай хуулийн ажлын хэсэг дээр ажиллахад их ажиглагдсан л даа. Манай хууль тогтоох байгууллага дээр онол, практик хосолсон эдийн засагч нар маш их дутагдалтай. Орчин үеийн бизнесийн соёлын менежментийг хийсэн бизнес эрхлэгчдийн дуу хоолой маш сул байна гэж хараад байгаа юм. Монгол Улс чинь газар зүй, хүн ам зүй, нийгмийн онцлогтой. Үүндээ тааруулсан онол, практиктай хууль боловсруулах хэрэгтэй байхгүй юу . Гэтэл үүнийг амьдрал дээр яс махаараа мэдрээд үзчихсэн хүн цөөхөн учраас нэг бол гадны жишгийг дагадаг. Үгүй бол онолын мэдлэгтэй ч практикгүй хүмүүс хууль боловсруулалт дээр их орж ирж байна. Гэвч үүнээс илүү хамгийн том эрсдэл бол манай улс төрийн тогтворгүй байдал. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид хэлдэг. Миний хувьд гаднаас олон хөрөнгө хөрөнгө оруулалт татаж байсан. Харамсалтай Монгол руу хөрөнгө оруулалт татах үнэхээр хэцүү. Технологийн компаниуд дээр л гэхэд манай улсад оюуны өмчийг хамгаалах эрх зүйн харилцаа үнэхээр хүндрэлтэй. Тэгэхээр улс төр тогтвортой байх хэрэгтэй. Хууль тогтоомж нь амьдралтай, бодитой, практикт нийцсэн, урт настай байх ёстой. Судалгаа сайн хийсэн ч практик байхгүй. Амьдрал дээр яс махаараа зовлонг нь туулж үзээгүй хүмүүс хууль тогтоохоор бид дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих бүрд тэдгээртэй тааруулж засаад байгаа юм. Эргээд энэ нь бусад хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Гэхдээ хуучин цагаа бодвол Үндсэн хуулийн өөрчлөлт орсон нь сайн хэрэг. Нөгөө талаасаа урт хугацааны бодлогын эрх зүйн баримт бичгүүд батлагдсан. Тийм учраас эдгээртээ баригдаад явах байх. Ер нь бид хэдийгээр шүүмжилж байгаа ч гэсэн өнгөрсөн цаг үетэйгээ харьцуулахад сайжраад л яваад байгаа.

-Таны ахалж байгаа ажлын хэсэг ,ярьж байгаа тань ч гэсэн урт хугацаанд үр дүн нь гарах, нийгмийн болоод бүлгийн х а н д л а г ы г ө ө р ч л ө х тухай байх шиг байна. Тиймээс УИХ-ын гишүүн болоод эдгээр хандлагыг өөрчлөх тал дээр ямар ажлуудыг санаачилж хийж хэрэгжүүлж байна. Бизнес эрхлэгчидтэйгээ хэр ойр ажиллаж байна вэ?

Намрын чуулганы үеэр Төсвийн тодотголын ажлын хэсэгт ажилласан. Төсөв батлах гэж чуулган нэлээд сунаж ажиллалаа. Яг үнэндээ урдах ажил маш их байна. Чуулган завсарласан ч байнгын хороод, ажлын хэсгүүдийн хурал байнга л явагдаж байна. Тэр утгаараа аваад үзэх юм бол бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр хангалттай ажиллаж амжаагүй байгаа. Ямар асуудал байна, энэ бодлогыг яагаад хэрэгжүүлж болдоггүй юм гэдгийг дотроос нь харж байна л даа. Тэгэхээр хандлага, сэтгэлгээний өөрчлөлт чухал юм байна. Үүнийг яаж, богино хугацаанд үр дүнтэй хийх вэ гэдэг асуудлыг судалж байна. Төр нийгмийн болон дэд бүтцийн үйлчилгээг л хийх ёстой. Гэтэл бүгдийг хийж байна. Тэр нь эргээд нийгэмп ямар нөлөө үзүүлж байна вэ гэхээр ард түмэн өөрчлөлтийг төрөөс хүлээгээд байна. Гэтэл өөрчлөлт бол бүгдээрээ нийлж байж хийдэг зүйл. Ард түмэн хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх дээр мэрийж, төр, хувийн байгууллага нь хичээх хэрэгтэй байна. Дээрээс нь хувийн хэвшлийнхний маань дуу хоолой их сул, нэгддэггүй юм байна. Эв нэгдэлгүй, дуу хоолой нь сул болохоор төр анхаарахгүй, тэгээд бүгдийг нь авч хийгээд байна. Төрд одоо үсчин, оёдлын үйлдвэр ч байна. Ийм байж болохгүй. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын газар зүйн онцлог, геополитикийн орчин, хүн ам зүй, нийгмийн чиг хандлагадаа таарсан бодлого гаргах ёстой. Түүнээс биш бид Америк, Япон шиг байх ёстой биш. Тэр бодлогоо гаргаад л төр нь үүнийг хийнэ, үүнийг нь хувийн хэвшил хийнэ гээд явах хэрэгтэй байна.

-Хаврын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Таны хувьд нэн тэргүүнд хийхээр зорьж байгаа ажил юу байна вэ?

-Мэдээж Процессын дахин инженерчлэлийнхээ ажлын судалгаагаа дууссан. Дүгнэлтүүдээ гаргаад байнгын хороодоор оруулаад, тогтоолуудаа гаргах шаардлагатай байна. Төрийн үйлчилгээ ард иргэдэд хяналт төвтэй хийгддэг. Хүний асуудлыг шийдэх бус илүү хяналт тавих зарчмаар явдаг. Үүнээс үүдээд хүнд суртал ихэсч, төрийн нэр хүнд унадаг. Тэгэхээр үүнийг үзэл баримтлалын хувьд нь өөрчлөөд ямар аргачлалаар хийх вэ гэдгийг нэгдсэн журмаар хийх ёстой. Манайхан бол нийт суурь ойлголт дээрээ гоё үгийг их ашигладаг боловч нөгөө гоё үгийг яаж хэрэгжүүлж байгаа вэ. Юу гэсэн үг юм бэ гэдгийг ойлгохгүйгээр уралдаж, янз бүрийн бүтээн байгуулалт хийгдэж, худалдан авалт хйигддэг. Тэдгээр нь хоорондоо уялдаггүй асуудлыг цэгцлэх гээд байгаа юм. Хүн төвтэй процессын дахин инженерчлэл гэхээр зарим нь IRP, нөгөө хэсэг нь байгаа хууль журмынхаа хүрээнд цахимжсаныгаа процессын дахин инженерчлэл гэж ярьж байна. Үүнийг нэгдсэн ойлголтод оруулах ажлыг энэ хаврын чуулганаар хийнэ. Хоёрдугаарт, Монголд яавал гадны технологийн компаниуд хөрөнгө оруулах юм бэ гэдэг судалгаануудыг хувийн хэвшил талаас нь хийлээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын талаас, олон улсын төрийн бүтцийн талаас нь ч судалгааг нь бодит байдлаар хийсэн. Тэгэхээр энэ хуулийн төслөө боловсруулаад, дүгнэлтүүдээ гаргаад дараагийн шатандаа оруулна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *