Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн
тусгай дунд сургуулийн 1977 оны онц төгсөгч, Монгол Улсын Цагдаагийн
ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдод Хууль сахиулахын
их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээ 01 дүгээр
сарын 23-ны өдөр боллоо. Хошууч генерал Ч.Амарболдыг Хууль сахиулахын их
сургуулийг хөгжүүлэх, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь
үнэлж Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар ийнхүү “Хүндэт
доктор”-оор өргөмжлөн, цол олгосон юм.
Хошууч генерал Ч.Амарболд нь 1956 онд
Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд
сургууль, 1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд
сургууль, 1984 онд Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд
сургууль, 1990 онд Зөвлөлт холбоот улсын Улс төрийн дээд сургуулийг тус
тус төгссөн.
Тэрбээр 1977 оноос
Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн хэсгийн төлөөлөгч, ангийн
даргаар, 1984 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн
хэлтсийн тасгийн дарга, 1990 оноос Нийслэлийн найрамдлын районы
Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, 1992 онд ЦЕГ-ын дэд дарга
бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, 1996-1998 он,
1999-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын
тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байсан.
1996 онд Монгол Улсын
Засгийн газрын шийдвэрээр Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдон,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 176
дугаар зарлигаар хошууч генерал цол хүртэж, Монгол улсын 112 дахь
генерал цолтон болсон.
Хошууч генерал
Ч.Амарболд Цагдаагийн албанд ажиллах хугацаандаа үүрэн холбооны
технологийг цагдаагийн албанд нэвтрүүлж холбоожуулах ажлыг зохион
байгуулсан. Мөн “Хэсгийн цагдаа” буюу “Кобан” системийг цагдаагийн
албанд нэвтрүүлсний зэрэгцээ хөдөлгөөнт эргүүлийн бие даасан албыг
байгуулсан зэрэг олон ажлыг санаачлан зохион байгуулж, Цагдаагийн
байгууллагыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж.