Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Алтанбагана: Шатаж байсан байшинд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан

Энэ сарын 4-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотод гал түй­мэр гарч байхад гэртээ байсан гурван хүний амь насыг Ч.Алтанбагана гэх за­луу аварчээ. Тэрээр Аврах гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч цол­той нэгэн аж. Тухайн өдөр амралттай байсан гэнэ. Гал 20.30 цагийн үед гарсан юм байна. Энэ үед Ч.Алтанбагана гэр­тээ хоолоо идээд сууж байж. Гадуур явж байсан хүмүүс шуугилдаад айл шатаж байна гэж хашгирах чимээнээр гэрээ­сээ гартал хөршийнх нь байшин шатаж байжээ. Ингээд Ч.Алтанбагана иргэний үүрэг, төрийн тусгай алба хааг­чийн нэр төрийг өндөрт өргөж галын аюулаас гурван настай Б.Сүлдхүү, түүний эмээ Б.Нямдаш, найз Д.Алтанцэцэг нарын алтан амийг аварчээ. 

Ч.Алтанбаганатай хол­богдож болсон явдлын талаар тодрууллаа. 


-Гурван хүний амь авар­санд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та Онцгой байдлын га­зарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 1997 онд тухайн үед Гал команд гэж байхад нь энэ албанд орсон. Аравдугаар ангиа төгсөөд л аврагч болсон.
-Энэ сарын 4-нд юу болсон талаар ярихгүй юу?
-Тэр өдөр би амралттай байсан юм. Гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирж хоолоо идээд сууж байлаа. Тэгтэл хажуу талын айл шатаж эхэлсэн. Ажил руугаа дуудлага өгчихөөд хашааг нь давж ороод байшин руу гүйгээд ортол орон дээр жаахан хүүхэд уйлаад сууж байсан. Хүүхдийг тэврээд гарах гэтэл цаана нь настай эмэгтэй байх шиг харагдсан. Хүүхдийг гадаа байсан хүмүүст өгчихөөд буцаж ороод тэр хүнийг гаргасан. Тэгтэл дахиад нэг хүн үлдсэн байсан юм. Тэр хүнийг бас аварсан. Хоёр том хүн нь утаанд угаартаад унтчихсан шинжтэй байсан л даа. Чухам юунаас болж гал гарсныг мэргэжлийн хүмүүс л тогтоох байх.
-Галаас аварсан хүмүүс тань танд талархал илэрхийл­сэн үү. Аврагч хөрштэй бай­сандаа баярлаж байгаа байх даа?
-Манай байгууллага дээр ирж талархаж байгаагаа илэрхийлсэн.
-Танд Орхон аймгийн удирдлагын зүгээс баяр хүргэсэн гэв үү?
-Үгүй ээ. Тийм юм болоогүй л байна. Манай байгууллага надад цалингийн урамшуулал олгосон. Би аврагч мэргэжилдээ хайртай. Өөрийнхөө хүсэл сонирхлоор ийм мэргэжил эзэмш­сэн. Хүний амь нас, эд хөрөнгийг аюул гамшгаас хамгаалдаг сайхан мэргэжил шүү.
-Та хэдэн настай вэ?
-34 настай. Аврагчийн ажил хийгээд 17 жилийнхээ нүүрийг үзэж байна. Ирэх сарын 20-нд Онцгой байдлын албаны 10 жилийн ой тохиох юм. Онцгой байдлын албаны нийт ажилтан, албан хаагчдадаа ойн баярын мэнд хүргэж, ажил төрөлд нь өндөр амжилт, амьдралд нь аз хийморь хүсч байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.  

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *