Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Өөрсдийнхөө сүүдрийг олж харъя DNN.mn

Өдрийн сонины архиваас


Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бү­тээг­дэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “То­ёо­то” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөн­гөний урсгал хар там­хины бизнест хамаа­рагд­даг. Хэдэн тэрбум ам.дол­ларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээг­дэ­хүүний эргэлт 36 трил­лион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бү­тээг­дэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бү­тээгдэхүүний байн­гын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин бор­луулалт зөө­вөр­­лөлтөд нь хамрагддаг ам бүл  бас сая саяар тоологддог. Дэлхийд биз­нес эр­хэлж байгаа ямар ч то­моохон компани, биз­несийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог.
Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээ­нийх­­ний хамгийн том бай.

1997 он болтол Хята­дад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгд­дэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ер­дөө хоёрхон жилийн до­тор бүх мужийн
нь гурав­ны хоёрт  хар тамхитай холбогдсон хэргүүд бүрт­гэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэ­рэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр арга­гүй дархлааг суулгачих­сан юм.

Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөө­хүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хя­тадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест
орооцолдож амьдра­лаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.

Хятадууд өөртөө за­сах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түү­нээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш мон­голчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байд­гийн  аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг хол­босон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дор­нын ахуйг шингээсэн ба­раа
бүтээгдэхүүнийг ца­гаан хороор сольдог байдал газар авсан бай­сан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаг­луу­лан татаж, асуудалд эрүү­лээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж
эхэлсэн нь өөрс­дийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуу­дад энэ нь хэрхэн таа­лагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдү­гээр гүрэн байсан. Тий­мээс цэргийн хүчээр ша­халт үзүүлж гэрээ бай­гуулж авсан нь Нанжин­гийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хята­дын боомтуудаар
оруу­лах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жи­лээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.

Нэгэн үндэстнийг хү­чээр доромжлон хүн ар­дыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэг­рэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түү­хээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Мон­голд амьдардаг дан­жаадууд хар тамхи
яаж татдаг байсныг дүрслээ­гүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүх­нүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэ­хээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиос­лосон гэдэг нь харагдаж байгаа байх.

Магадгүй ингэж цу­сан­даа ясандаа шингэ­тэл хар тамхины гайг мэ­дэрчихсэн болохоор хя­тадууд хар тамхины хэ­рэгт холбогдогчдод өр­шөөл­гүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч
нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.

Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хо­хир­мооргүй байна. Сүү­лийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн
тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр ба­ригдаж, цаазын ял сонс­сон гэнэ. Дөрвөн хүүх­дийн ээж Байгалмаа бүс­гүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэ­дэнд хар тамхийг нь зал­гиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөр­вөн залуу ходоодондоо хар тамхи­тай баригджээ. Бүр залх­маар шархир­маар мэ­дээл­лүүд ар араа­саа хөв­рөх болж бай­на. Тэдний араас ша­налсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь ну­лимсаа барна. Хэрэв тэд­ний буруутай нь тог­тоогд­вол хатуу хууль цааз­тай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаа­заар авчих­лаа. Одоо да­хиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суу­гаа гэсэн.

Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэт­гэлгээг эхлээд өөрчил­мөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуу­ла­хад хар тамхины хөнөө­лийг тэгтэл мэдрээгүй ул­сууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар там­хины хэргийн дараахан манай урлагийнхан хэв­лэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг бу­руут­гаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөн­­хийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэ­хээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагва­сүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины та­лаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хү­ний сүүдэрт орохоос өр­сөж өөрсдийнхөө сүүд­рийг олж харъя.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Месси АНУ-ын Интер Майами багт тоглоно DNN.mn

Францын аварга ПСЖ клубтэй хийсэн гэрээ нь дууссан Лионел Месси АНУ-ын MLS (Major League Soccer) лигийн Интер Майами багт нэгдэхээр болжээ.

Diario Sport болон Mundo Deportivo-д өгсөн ярилцлагад Месси “Би Европыг орхиж, Майами явах шийдвэрээ гаргасан. Европын бусад багуудаас санал ирсэн. Гэхдээ Барселона биш л бол би Европт дахиж тоглохгүй. Нэгэнт би дэлхийн аварга болж, Барселона руу явах боломжгүй болсон тул одоо өөр хөл бөмбөг тоглож, өдөр бүрийн амьдралдаа анхаарал хандуулах болно. Мэдээж тоглолт бүрт ялахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ илүү амар тайван байх болно” гэжээ.

Categories
редакцийн-нийтлэл танайд-өнжье

Test

test

Categories
редакцийн-нийтлэл

“Талын салхи” олон улсын наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно DNN.mn

“Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ жилийн мото наадамд 21 аймгийн спорт клуб, ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцоно.

Наадамд оролцогчид төв талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явах юм. Түүнчлэн мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу зохион байгуулах аж.

Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээдэг наадам төдийгүй 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож байсан юм. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Гэрэлтээн DNN.mn

Тоонот нутгийн уул толгод болгоныг ээжийнхээ дээлийн хормой мэт бодон үргэлж хайрлаж явах билээ. Уулсын оройг ээжийнхээ энгэртэй зүйрлэн санадаг. Гэтэл илүү дотночлон бодох, ойртон санах дэнж дэвсэг бас байх билээ. Талын булаг багийн Хөв хэмээх өгсүү уулын бэл, уруудуу хонин бор толгод, цаашаа дэлхэн уудам тал үргэлжлэн Дөргөн нуур уужимших, эл уулс толгод, тал, нуурт эх нутгийн энхрий дунд орших, эцэг дээдсийн үнэт өв болсон буурь нутаг юм. Хөв гэхээр хайр гэх шиг сонсогддог билээ. Хөв бол миний ээжийн айлын бэр болж ирээд, уул Алтай, орон дэлхийд айлын бэр, шинэ айлын гэргийн цолоор анхны цайны дээжээ өргөсөн газар юм. Чингэж бодохоор сэтгэлд дулаан сайхан нь чанад болоод эцэг, эхийнхээ залуу цагийн зургийг эрхгүй гаргаж үзмээр санагддаг.

Дэлхий хишгээр чинэсэн тэр сайхан дэвсэгт аав ээжийн хурим болоод, сумын төв рүү нүүж ачааллах ахуйд, зуухны өр доороос урт хайрхан гарч ирсэн гэж хуучилдаг. Би түүнийг эцэг эхийн минь голомт гарцаагүй ариун газарт анх тулгалж гэж бэлгэшээдэг. Мөн дэнжид, тэрхүү хуримын үеэр банаг майханд мах шүүс, ногоо цагаа цалгилж байснаас үлдсэн бололтой байдаг, зэрлэг сонгино хожим хэдэнтээ ургасныг хөгшин аавууд мөн хуучлан хөөрөлдөж байсныг эдүгээ тод санан боддог. Түүнд би бас л бэлгэшээн зөн билэг, оюун санааны ам ингэж өгүүлдэг.

Амьдрал шалгарлын замд ашиддаа тэмцэлтэй байхуйн тухай эргэцүүлэх шалтгаан болдог. Ээжийн маань амьдралын зам тэмцэл зүтгэл, сэтгэлийн хат, чин үнэн, бодит тэмүүллийн хөлгөн далай байж ирсэн нь асуултгүйгээр ойлгогддог. Миний ээж Дарьсүрэнгийн Сэсээр Тахилт багийн хүн. Есөн хүүхэдтэй айлын том. Энэ амьдралын харгуйд найман дүүгээ дөрвөн хүүхдүүдээсээ дутуугүй хайрлаж, өргөж бөөцийлж ирсэн энгийн боловч их гавьяатай хүн гэж бодогддог. Ээж аав нь насан эртэд тэнгэр болж, дүү нартаа эцэг эхийг нь орлох хариуцлага үүргийг насан залуугаас үүрсэн.

Энэ үүргийн үүрэлтэд аав маань түших бөөр, хайрлах зүрх болж байсан нь үнэн билээ. Миний ээж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Чандмань сумынхаа сургуульд идэр насныхаа, эгшиглэнт гоо сайхан ахуйнхаа, сэтг л хийморийнхоо бал дээжийнхээ хүртээмжээр ажиллаж, ард зоныхоо хүүхдэд эрдэм мэдлэг, эрхэм хүмүүн байхуйн хичээл сургаалийг хэнд боловч чамлагдахааргүй зааж сургасан багш гэж нот итгэгддэг нь олон олон шавийнх нь итгэл үнэмшил, хайр энэрлээс ойлгогддог. Ил шулуун зантай хүн, миний ээж. Хэлэхээ хэлсэн шиг хэлж, хэнээс ч аюун ширвээдэх огтын улбаагүй. Үнэн байх, үнэн орших, мөн хэрээр хүн хүнтэй нэгэн үзүүрт тосот сэтгэлээр ойлголцон бэхэждэг харилцаа, хүн ёсны хандлага ээжийн минь зарчим юм. Миний ээж аав хоёр хоёулаа маш гоё бичигтэй хүмүүс. Бичгийнх нь тэр гаргацтай, уран гоё зурлага, эмх цэгцтэй илэрхийллээр би ээж аав хоёрыгоо ойлгож боддог.

Би ээжийнхээ залуу цагийг эргэж бодох дуртай. Анхных нь төгссөн сургууль Сэлэнгийн Алтанбулагийн агротехникийн сургууль. Анхных нь мэргэжил агротехникч. Нэг үгээр хэлбэл үр шимийг ургуулах мэдлэг мэдээлэл бол ээжийн ажил. Мөн техникумд сурч байх үеийн нь зургууд онцгой. Хүний залуу нас мэдээж гоё, сайхан. Амьдрал үргэлжлэхийн дэлгэц бүрээс л харахад он жилүүдийн өмнөх дүр төрх гоо сайхан байдаг нь жам. Гэхдээ би ээжийнхээ тэртээ далаад оны оюутан ахуй үеийнх нь зургуудыг харахаар үлэмжийн сайхан, үлэмжийн энхрий явсныг зүйрлэх зүйл олддоггүй. Ээж минь болохоор юунд ч үгүйсгэгдэшгүй гоё нь мэдээж. Гэхдээ хэн ч харсан үнэхээр гоо явжээ, ээжийн чинь залуу нас гэж хэлэгдэхээр тийм онцгой гоо сайхан байсныг нь хэний ч өмнөөс бахдан зөвшөөрмөөр санагддаг. Эргээд бодоход энэ орчлонд авчирсан шигээ ээж маань намайг энэ амьдралын бүхий л замд хөлд оруулжээ, хурайлжээ. Манай нутаг чинь эм савдагтай юм шүү гэж Хавчигийн амыг заасан шигээ харгуй зам мөр бүрд хүүгийнхээ төлөө зөвийн зөөлнийг дэвсжээ. Хярын усны нуруунд манайхан айл хотлоороо зусна. Энэ нуруун дээрээс өмнөдөд номин цэнхэр тал тунаран, Дөргөн нуур цайвалзан жимийж ахуйд өглөө эрт би ээждээ үнээ ивэлгэнэ. Явган сандал нэг гартаа, нөгөө гартаа хувингаа бариад зэл өөд ирж яваа ээжийнхээ чилгэр тэнүүн алхаа, өнгө жавхааг эдүгээ санахаар ээжийгээ өрөвдөж бодох минь их болжээ.

Үнээ саан суухдаа, үлгэрийн мэт тэр л тал, нуур руу хараа сунган Юутай сайхан бэ хэмээн дуу алдаж суудаг нь, эдүгээ миний гоо сайхныг, юмны сайхныг олж харах мэдрэмжийг өнгийлгөж байсан нь эргэлзээгүй. Ээж маань сайхан дуу, урлагийн гоо сайхныг үлэмж доторлон мэдэх хүн юм. Хааяа бид хоёр мэтгэлцэнэ. Би мад тавиулахгүй хичээж үзэлцэхээр, би чамаасаа арай илүү харна гээд байдаг. Үнэн л дээ. Намайг үүсгэсэн хүн, надаас илүү байх нь машид тод тодорхой байхад миний өчих хэтийдсэн буруу нь ойлгомжтой. Ээжийгээ хайрлахын тулд эхлээд үг сөрдөггүй л болох учиртай нь хүний хүүгийн ухааны зэлний унага мэт байх учиртай.

Ээж оюун санааны эрчим, зөн билгийн оршихуй дорвитой хүн. Аливаа юмны утга учир, чанадын нөхцөлдлийг чанагш ойлгож мэдэрдэг. Тэр нь сайн сайхны зөн уриаг лимбэдэн урих дотоод сэтгэлийнх нь тэнхлэг. Энэ учир ээжийнхээ сайн сайхны уриа дуудлагаар олныхоо дунд тэгш алхаж яваа гэж итгэдэг. Сайн ээжийн хүү сайн явах учиртай гэж итгэдэг. Гэвч молхилон алдах, ээжийгээ зовоох мунхаглалыг бид гаргадаг. Адаглаад хундага харшуулсныг ч ээж зөнгөөрөө л “мэдчихдэг”. Амьсгаа өндөр, ажил алба нь бачимдуу, сэтгэл тавгүйг ч хэзээний мэдчихээд, ерөөл шившиж, сургаал өргөн амьдрал замыг минь бүтээж яваа билээ л. Бидэнд нэг тийм гэм байна. Ээж аавыгаа зовоож, сайн бусаар эмтэлчихээд, уучлал, өршөөлийг эрдэггүй. Эргээд бодохоор ээжээсээ өршөөн хэлтрүүлэхийг гуйх их олон мундрааг үүсгэжээ. Ээж ээ, молхи хөвүүнээ өршөөж уучлаарай, чин сэтгэлээсээ хэлье. Өршөөж уучлаарай гэж хэлэхээргүй тийм өндөр төгөлдөр явах ёстой нь аавын хүүхдийн, ээжийн хөвүүний үүрэг, ухаан билэг мөнийг хэлэлтгүй. Чингэвэл л ээж маань жинхэнэ жаргалтай байх учиртай бус уу. Жаргалыг нь танасан өөрийгөө уучламгүй. Адаглаад сархад дарс хүртэлгүй явах нь л, сайхан ээжийнхээ сэтгэлийн жаргалд нэмэр юм шүү гэж өөрөөсөө дүү, өрөөл бусдадаа хэлмээр санагддаг даа.

Миний ээж амьдрал турш чигч шулуун, туйлбартай явж иржээ. Хүнийг илүү үзсэнгүй, хүнд илүү үзэгдсэнгүй. Хүнээс илүү байх гэж хүсдэггүй. Хүнээс дутуу байхыг боддоггүй. Олныхоо дунд нэр бүтэн, зүс бүрэн хүндтэй явж ирж. Хань ижлээ тэтгэн түшиж, миний аавыг сумын дунд сургуулийн багш, Ховдын багшийн дээдэд багш, тулхтай бодь сайхан эр явсны улбаа лундаа нь ээж минь. Сайхан эхнэртэй, санаа сэтгэл төвшин, амьдралын жаргал элбэг дэлбэг явсан эр хүн миний аав мөн үү гэвэл мөөн. Эхнэр, дөрвөн хүүхдээ гурван дугуйт шаахайдаа суулгачихаад, сумын наадам, баг бригадын төв, зуслангийн дэнж, цагаан сар, ногоо тарианы талбай гээд манай гэр бүл, бид хаа сайгүй л явдаг байж. Жаргалтайхан явжээ, манайх гэдэг айл, аав ээж бидэн. Бүтнээрээ, бүгдээрээ. Сум нэгдлийн тавин жилийн ойгоор би бээр аавын цээжирхэж соёолон, шүдлэн хоёр үрээ уяад , өөрөө унан уралдаж билээ. Шүдлэн үрээгээ уралдан унаж явахад, уралдааны морьдтой зэрэгцэн жаран ес машины цонхоор надад морио хэрхэн авхаалжтай залах тухай зөвлөж хашхирч явсан ээжийгээ эргээд одоо бодоход, тэнгэрийн гүнж хийморьтой, золбоотой явжээ. Амьдралын замд “давхиж” яваа хүүгээ яг л тэр зуны наадмын уралдаанд зааж сургасан шигээ зааж сургаж, он удаан жил яваарай гэж ээждээ одоо би ахин дахин хэлмээр байна. Ээж өөрөө хүүхэд ахуйдаа хурдан морь унаж, дүүгүүрийн чулуу явснаа бидний олхиогүйг заримдаа шүүмжлэхдээ хэлдэг сэн. Илүү ширхэгтэй, илүү сүйхээтэй явж дээ, өөрөө бага залуудаа.

Ээж хичээлээ заачихаад гэртээ ирж явдаг дүр дүрслэл нь миний санаанд үргэлж буудаг. Тэгш сайхан биед нь монгол дээл нэн зохидог. Сургуулиас нааш гэр рүүгээ чиглэн цүнхээ бариад, итгэл төгс алхлан айсуй дөтлөж яваа ээжийн маань монгол дээлтэй, итгэл төгс алхлал, илүү дутуугүй ширхэг ханасан гоё сайхан дүр төрхийг би байнга санадаг. Тиймээр би ээжийгээ өдөр бүр над руу ирж яваагаар хардаг. Ээж тэгж л бас над руу харсаар амьдарч байна. Ээжийгээ ирж яваагаар өдөр бүр бодох нь бурхны адислал, нинж төгөлдөр адислал билээ. Орчлон дээр үр хүүхдийнхээ төлөө өнгөө үл өөрчлөх ганцхан зүйл бол ээжийн сэтгэл. Түүнээс бусад ертөнцийн тоосон дунд бүгд л хувирч өөрчлөгддөг үнэнийг хэн хүнгүй мэднэ. Өдөр бүр хүүдээ ирдэг ээжийнээ э сэтгэлийг мөнх шүтнэм. Хөлийг нь хучнам. Урд голынхоо усыг хувингаар утган зөөж, цайгаа чанаж амьдарсан ээж минь, ухаан совин, зөн билгийнхээ шид рашааныг үргэлж надад сэлбэн зөөж ирлээ, өрөө би яаж төлөх билээ.

Хол явахад ээж их санаа зовно. Хүний газарт хүмүүсийн д унд хүн шиг яваасай л гэж бодоод байгаа хэрэг. Би ээжтэйгээ Этиопоос, Энэтхэгээс, Мексикээс, Америкаас, Панамаас , Францаас ярьж байлаа. Сайн явж байна гэж хэлж байгаа юм. Санаагаа битгий зовоо гэж хэлж байгаа юм. Сайхан танаас төрсний учир ертөнц хорвоогоор аялж явна гэж хэлж байгаа юм. Санаандаа та надтай бас энд явна шүү, сайхан хорвоог үзүүлсэн ээж тандаа баярлаж байна гэж хэлж байгаа юм. Санааг нь амар байлгахыг л хүссэн хүүгийн илэрхийлэл. Хүү болгож төрүүлсэн ээжийгээ хүж дэлхийг үзүүлэх үүргийг бид хүлээх учиртай. Хүж дэлхийг үзүүлж чадахгүй байгаа нь үнэн байна. Хүү нь өөрөө хүн шиг хүн явж, хүн шиг үйлстэй амьдарч чадахын төлөө эрмэлзэж ээжийгээ бид баярлуулах учиртай гэж бас л дүү нартаа, найз нөхдөдөө хэлмээр бодогддог. Хэлдэг . Сайн явах нь л ээждээ дэлхийгээс ч том баяр итгэлийг өгч байгаа явдал гэх мэргэдийн үгийг санадаг. Ээжийгээ би Эйфелийн цамхаг үзүүлэх минь яалаа даа гэж харамсахгүй амьдрахыг хичээх хэрэгтэй бодогддог. Хэрэг дээрээ би ээждээ Эйфелийн цамхаг нь, чин нотдоо ээж минь миний Эйфелийн цамхаг билээ л. Амьдралын гоо сайхан бүрийг үзүүлсэн, үзүүлсээр байгаа ер бусын гоо сайхан цамхаг бол хайртай ээж минь билээ. Бишрэлтэй.

Би ээжийн хээн урууг хүүхэд байхдаа л угааж өгснөө санаж байна. Хар Тэрмэсийн амралтад очицгоогоод, Хяргас нуурын бүлээн шорвогдуу усаар ээжийнхээ нурууг угааж өгч байсан минь юутай сайхан үйлс байгаа вэ. Хожим Дөргөн нуурынхаа хөвөөнд ээжийгээ хөтөлж нэг бус алхлаа. Алхсаар ч байх болно. Нурууг нь ч угаана. Ээждээ би Ганга мөрний эх авах газрын усыг авчирч өгсөн, хүртүүлсэн, нүүр зулайг нь угаалгасан. Гималайн цасны усаар ээжийгээ тэтгэв гэж нэгэнтээ тайвширсан. Өөрийнх нь надад өгсөн ариун сэтгэлийн мөрөн далайн дэргэд энэ юусан билээ. Дөргөн нуурын ус цэнгэг. Үнэхээрийн үлэмж гоо цэнгэг. Ээжийнхээ сэтгэлийг цэнгэгшүүлж , ээжийнхээ хайрыг ойлгон дэлхэж өөрөө цэнгэгших шиг жаргал гэж үгүй. Хайрлуулахын сайхнууд дотроос ээжийнхээ хайрласныг мэдрэх л жаргалын чанадын мэдрэмж юм. Туулсан жаргал, зовлонгийнхоо энгээр нөмөрлөн хайрлаж, эвийлэн өргөсөн ээжийнхээ өлмийд мэхийнэм. Хайрласан хайрынх нь хариуд хайрлаж дээдлэхийн учгийг сэтгэл бодлынхоо тольтод мөнх сийлнэм, би, бидэн. Аз жаргал хүсье ээж ээ, тандаа хурайлъя. Ээжийнхээ тухай би дөнгөж бичиж эхэлж байна, их бичнэ, бүр их бичнэ, ижий минь та надтай бичилцээрэй. Ингэж гэрэлтээрэй, илүү гэрэлтээрэй. Та бол миний ГЭРЭЛТЭЭН, миний мөнхийн ГЭРЭЛ юм шүү.

Баастын ЗОЛБАЯР

Categories
редакцийн-нийтлэл

Д.ОЮУНТҮЛХҮҮР: МИНИЙ АМЬДРАЛЫГ “ЭЭЖИЙН БҮҮВЭЙ” ГЭДЭГ ГАНЦ ДУУ Л ЭРС ӨӨРЧИЛЧИХСӨН DNN.MN

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн тэргүүлдэг “Оюунтүлхүүр” сангаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэсэн юм. СХД-ийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны 4-13 насны 120 гаруй хүүхэд, багш П.Гэрэлт-Одын хамтаар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харамсалтай нь тэдэнд хөгжмийн зэмсэг хүрэлцээгүй учир өөр сургууль, цэцэрлэгээс хөгжим гуйж бэлтгэлээ базааж байгаа аж.

Өчигдөр дуучин Д.Оюунтүлхүү Японоос ирсэн хөгжмийн зэмсгүүдээ П.Гэрэлт-Од багшид гардуулж, ирэх сарын 7-нд Жаргалант тосгондоо зохион байгуулах 120 хүүхдийн “Сүү ивэлгэсэн хайрын аялгуу” тоглолтод нь амжилт хүссэн юм.

Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Танай сан нийт хичнээн хүүхдэд тусламжийн гараа сунгаад байна вэ?

-Манай халамжийн төвөөр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжээд гарсан байдаг юм. Улсаас өндөр стандарт тавих болсон учир тэр шаардлагыг нь хангах боломж одоогоор байхгүй болохоор үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Хуучин байсан хүүхдүүд маань бүгд төгсөөд, том болоод явцгаачихсан. Шинээр хүүхэд аваагүй гэсэн үг л дээ.

-Өнөөдөр танай сан Улаанбаатар хотын алслагдсан хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гэсэн харьяалалтай мөртлөө хотын төвөөс 60 гаруй км-ийн зайтай тосгон гэж дуулаад гайхсан л даа. П.Гэрэлт-Од багшийг манай санд хүсэлт гаргасныг мэдээд ямар ч байсан туслахсан гэж бодсон. Шууд л санаа шулуудаад тусална гэж шийдсэн. Тэгээд Монгол, Японы соёлын нийгэмлэгт хандахад тэд эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Тэд эхлээд чадлынхаа хэрээр хөгжмийн зэмсэг цуглуулна гэж ярьж байсан. Ирэх сарын 7-нд тоглолт зохион байгуулна гэж байсан болохоор тэр хүртэл нь хөгжим цуглуулбал амжихгүй байх гэж ярилцсан л даа. Япончууд маш хариуцлагатай хүмүүс учир хуучин хөгжим цуглуулбал ариутгалын ажилд нэлээд цаг, хүч зарцуулах болоод байсан учир цоо шинэ зэмсгүүд илгээсэн байна. Би маш их баяртай байна.

-Япончууд ямар зэмсгүүд явуулж вэ?

-Үлээвэр даралтат хөгжим, жижиг болон их гарын бишгүүр, шагшуур, окарина гэдэг үлээвэр хөгжим.

-Жаргалант тосгоны багачуул таны өгсөн эдгээр хөгжмөөр тоглож “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоно гэсэн шүү?

-Хүүхдүүдэд гоё боломж гарч ирж байна. Өнөө үед хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж, энэ тэрээр явж янз бүрийн байгууллагад хандаж, хөгжмийн боловсролд нь анхаардаг багш гэж цөөхөн шүү. Бидний хувьд цаг үе, нүдээ олсон тусламж боллоо гэж бодож байна.

-Одоо үед хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, чиглүүлэх янз бүрийн арга хэрэгсэл бий болжээ. Таныг анх төгөлдөр хуур тоглож, дуулж эхлэхэд ингэж тусалж дэмжээд өгдөг хүмүүс хэр байв?

-Би өөрийгөө хувь тавилангаараа л явж байгаа юм болов уу даа гэж боддог юм. Яагаад ч юм бэ ингэх л учиртай байж дээ гэж бодогддог. Би дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид суралцаж байсан ч дуучин л болно гэсэн өнөөх багын хүсэл мөрөөдөл минь ундарсаар л байсан. Тэр мөрөөдөл минь биелээд Япон руу тэмцээнд явах аз тохиосон. Их сонин ш дээ. Хүнд цаанаас нь өгсөн хувь тавилан байдаг юм байна гэж бодогддог юм. Эргээд бодохоор сайхан байсан. Арлын Японы хүмүүстэй харилцаа холбоотой болж, тэр улс миний хоёр дахь эх орон байх тийм хувь тавилантай л байсан юм шиг байна.

-Та 1989 онд Япон руу явж байсан байх аа?

-Тэгэхэд би 13 настай байлаа. Би төр засагтаа баярлаж явдаг юм. 13 настай жаахан охин гадны оронд чадах ядахаараа дуулаад түрүүлээд ирэхэд маш их өндрөөр урамшуулж, байр өгч байлаа. Улаанбаатар хотын дарга асан С.Мөнхжаргал надад гурван өрөө байрны түлхүүр өгч шагнаж билээ. Намайг олон жилийн турш дэмжиж ирсэн олон түмэндээ уран бүтээлээсээ гадна бас өөр ямар хэрэгтэй зүйл хийж хариуг нь барих вэ гэж боддог байлаа. Нийгэм рүүгээ өнгийж орох сэтгэл цаанаасаа л төрөөд байсан юм. Би тухайн үед суралцаж байсан. Тэнд ахлах сургууль мөн дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Өвөл, зуныхаа амралтаар л эх орондоо ирнэ. Энд ирэхэд нэг л хар бараан. Хүмүүсийн нүдэнд гуниг дүүрсэн, хүүхдүүдийнх нь харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олон. Тэр үед манай нийгэм маш хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү, зах зээлийн ороо бусгаа үед эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах боломж надад байгаа юм шиг санагдаад, тэр боломжийг яаж ийгээд ашиглах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан туслах хэрэгтэй. Их ч бай, бага ч бай заавал туслах хэрэгтэй гэж шийдсэн. Япончуудад энэ санаагаа хэлэхэд тэд ойлгож, хандивын аялан тоглолт зохион байгуулж өгсөн. Тухайн үед аялан тоглолтоосоо 90 мянган ам.доллартай болоод эх орондоо ирсэн. Тэрийгээ би хувьдаа ашиглавал ашиглаж болох л байсан байх. Анхнаасаа хандив цуглуулъя гэсэн зорилготой цуглуулсан болохоор уг мөнгөө маш үр дүнтэй зарцуулах шаардлагатай болсон. Тэгээд Улаанзагалмайд 30 мянгыг нь хандивлаад үлдсэнийг нь улсдаа өгчихье гэсэн чинь хүмүүс надад сан байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа 1997 онд албан ёсоор байгуулж байлаа. Гэхдээ өмнө нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулчихсан байсан л даа.

-“Японд Оюунтүлхүүрээс өөр монгол байдаггүй. Оюунтүлхүүр Японд очсон хүн бүрт тусалж, хэл ус нь болдог. Нэг ёсондоо албан бус Элчин сайд” гэх мэтээр тухайн үед ярьдаг байлаа. Монгол, Японы соёлын харилцаанд таны оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг?

-Хүмүүс намайг тэгж ярьж л байдаг юм. Яах вэ, тодорхой хэмжээнд миний хийсэн, оруулсан хувь нэмэр байдаг л байх. Тэрийг маань үнэлээд төр минь шагнал урамшууллаа олгоод явж байгаа гэж бодож байна. Яагаад ч юм япончууд монголчуудад ойрхон байхыг маш их хүсдэг ш дээ. Тэрийг хүмүүс мэддэг болов уу. Япончууд монголчуудыг бусад орныхтой харьцуулбал маш их чухалчилдаг, дээгүүрт тавьдаг. Элчин сайд Шимүзү гуай ч ярьж л байдаг. Монголыг хэцүү байх үеэс нь л эдийн засгийг нь босголцож өгөх гээд байнга тусламжийн гараа сунгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэр байдал нь улам нэмэгдэж байна. Энэ хоёр орны найрамдалт харилцаа их чухал шүү гэдгийг хүмүүс сайн ойлгоосой.

-Таныг анзаараад байхад та рок попынхонтойгоо ойр байдаггүй юм шиг ээ?

-Жил болгон тоглолт хийгээд явах боломж нь бүрдэхгүй байна. Эдийн засаг нь ямар билээ. Би бусад уран бүтээлчидтэйгээ л адил. Тэдэнтэйгээ хамтарч ажиллах сонирхол надад байдаг ч амьдралынхаа өдөр бүрийг урлагт зориулаад явна гэвэл боломжгүй. Цэвэр урлагаар амьдарна гэдэг бол амар хоол биш. Урлагийнхантайгаа ойр байхыг хичээдэг ч бүгд ийм цаг үед амьдарч байгаа болохоор өөр өөрийн уран бүтээлээ хөөгөөд л явж байна. Тийм болохоор байнга харилцаатай байх нөхцөл нь бүрэлддэггүй юм.

-Та олон жилийн дараа тоглолт хийсэн. Нэлээд хүлээлттэй, олон хүний хүсч байсан тоглолт болсон?

-2014 оны арваннэгдүгээро сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийсэн юм. Арван жилийн дараахь тоглолт байсан л даа. Тоглолтдоо хоёр сар шахам бэлдсэн. Манай монгол үзэгчдийн нүд өөр шүү. Надаас хүлээсэн хүлээлт байгаа гэж бодохоор тодорхой хэмжээний айдас төрсөн л дөө. Үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Уран бүтээлч, хөгжимчид минь маш их хичээж бүгдээрээ зорьсон учраас сайхан тоглолт болсон. Хүмүүст хүрсэн.

-Таны дуунууд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Дууны хөгжим болоод таны хоолой намуухнаар хоршдог нь бас нэг л өнгө төрх шүү дээ?

-Уянгалаг стильтэй гэдгээс өөрөөр намайг төсөөлдөггүй байх. Би өөрийгөө өөрчилье. Арай хурдтай явъя, өөр жанраар оролдъё гэсэн оролдлого бий. Хүмүүст анхнаасаа яаж ойлгогдсон бэ, түүгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх нь зүйтэй байх. Тийм болохоор огцом өөрчлөлт хийх нь дэмий юм шиг санагддаг. Надаас гарч байгаа аялгуу гэдэг чинь надаас төрж байгаа зүйл. Өөрийн гэсэн юмаа эвдэх нь сайн зүйл биш ээ.

-Хүмүүс таныг янз бүрийн арга хэмжээнд урьж дуулуулахдаа “Ээжийн бүүвэй”-г тань сонсъё гэх нь олон биз?

-“Ээжийн бүүвэй” дуу миний амьдралыг эрс өөрчилсөн уран бүтээл юм шүү дээ. Дуу гэдэг тийм аугаа байхгүй юу. Хүний амьдралыг ганцхан дуу л ингээд өөрчилчихөж байна. Тэгэхээр дууны хүч гэж аугаа юм гэдгийг би амьдралаараа мэдэрлээ, амьдралдаа ойлгосон хамгийн том зүйл нь тэр (инээв).

Энэ дууг би 13 настайдаа зохиож байлаа. Миний оролцсон тэр тэмцээн бол өөрөө аяа зохиогоод, өөрөө дуулах шаардлагатай байсан л даа. Дууныхаа шүлгийг Зохиолчдын эвлэлээс очиж авч байлаа. Л.Эрдэнэцэцэг агсны шүлэг л дээ.

-Хөгжим бүжгийн коллежид урлагийн ямар мундаг хүмүүстэй хамт суралцаж байв?

-Манай ангийнхнаас коллеждоо багшилж байгаа нь хэд хэд бий. Ятгын хатан хаан гэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ манай нөгөө ангийнх. Бид нэг үеийнх.

-Та Япон руу хэр их явдаг вэ?

-Би улиралд нэг удаа явдаг ажилтай. Очихоороо сар хэртэй болно. Тэнд миний ажил, тоглолтыг зохион байгуулдаг продакшн байдаг юм. Тэдэнтэйгээ одоо ч хамтарч ажилласаар байна, би эндээ хүүхэд, гэр бүл гээд байгаад байгаа болохоос биш. Нөхөр маань Японд амьдрахгүй гээд байдаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй болоод байна вэ?

-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр, монгол уламжлалаараа хүмүүжүүлнэ гээд эх орондоо байгаа. Түүнээс биш Японд очвол хийх ажил их байна л даа. Гэхдээ яах вэ ирж очоод болж л байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цомог гаргана гэж өдөр болгон л бодож байна. Өөрөө дуугаа зохиогоод цомогт орох дуунуудаа бичээд эхэлчихсэн явж байна. Төдийд өдийд гэж амлаад юу гэх вэ.

Categories
редакцийн-нийтлэл

“ЧИНГИСИЙН ОДОН”-Т Д.ДОРЖГОТОВ: ХӨРС БАЙХГҮЙ БОЛБОЛ ХҮНС БАЙХГҮЙ БОЛНО. ХҮНС БАЙХГҮЙ БОЛБОЛ ХҮН, АМЬТАН ҮГҮЙ DNN.MN

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.


-Юуны өмнө Төрийн дээд шагнал Чингисийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Шагнал авна гэдгээ өмнөх өдөр нь их тулгаж мэдсэн. Их сайхан байсан. Өмнө нь би гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны одон, мөн газарзүйн эрдэмтдэд өгдөг Оросын газарзүйн нийгэмлэгийн шагнал С.М.Пржевальскийн алтан медаль хүртэж байсан. Чингисийн одон авна гэдгээ сонсоод хамгийн түрүүнд би юу хийлээ, юугаа үзүүлдэг билээ л гэж бодогдсон.

Миний 80 насны ойгоор манайхан надад нэг ном гаргасан юм. Тэр номоо нээгээд зөндөө харлаа хүн асуувал юу, юу хийлээ, ямар гол зүйлээ харуулах вэ гэж харж суусан. Олон ч жил их ч зүйлийг хийлээ. Би өөрөө хөрс судлаач мэргэжилтэй хүн. Москвагийн их сургуулийг 1962 онд төгсөөд, долдугаар сарын 1-нд Шинжлэх ухааны академийн газар зүйн тасагт ажилд орж байсан. Өнөөдөр яг 60 жил долоон сар болж байна /инээв/. Миний нийт хэвлүүлсэн, нийтлүүлсэн, үйлдвэрт шилжүүлсэн 310 гаруй ажил байдаг. Тэдгээрийг дотор нь дөрвөн бүлэгт хуваасан. Нэг нь цэвэр яг миний мэргэжлийн хөрс судлалын чиглэлийнх, хоёрдугаарт Монгол орны физик газарзүйн чиглэлийн судалгаанууд, гуравдугаарт танин мэдэхүйн чиглэлийн судалгаанууд, сурталчилгааны судалгаанууд, тэгээд дөрөвдүгээрт нь үндэсний атлас гээд дөрвөн төрөл бүлэг болгож хуваасан. Үндэсний атлас нь маш олон зуун хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг ажил. Сүүлийн үед экологийн чиглэлийн судалгаа бас хийсэн байна.

Монгол Оросын хил дамнасан нутгаа, Монгол орныхоо нутгаар, оросуудтай хамтарч, дангаараа хийсэн нь цөөхөн дөө. Ер нь шинжлэх ухааны бүтээл гэдэг том багийн хамтын ажил шүү дээ. Нэг нь удирдаад зөвлөөд хамт хийдэг. Нэг хүн судалгаа шинжилгээ хийх боломжгүй. Манайхан бол хөдөө багаараа явна. Доод тал нь 4-5 хүн явдаг. Зарим нь газраа ухахад тусална. Ном бичнэ, задлан шинжилгээ хийнэ. Би ганцаараа тэр зүйлсийг хийхгүй шүү дээ. Оростой хийсэн атласт 300 гаруй Орос, Монголын эрдэмтэд, хүмүүс оролцсон. Энэ ажил дээр би редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Аливаа том ажил судалгаа олон хүний хамтын бүтээл багш, шавь нарын хамтын бүтээл байдаг. Миний багш гэхэд Цэгмид, Баасанжав гээд том эрдэмтэн, Оросын олон сайхан эрдэмтэд байдаг. Одоо өөрөө багш нь болчихоод л явж байна /инээв/.

-Хоёр улсын хооронд судалгаа хийж явлаа гэсэн шүү дээ. Улс хоорондын хөрсний ялгаа байдаг уу. Газарзүйн онцлогоороо өөр байх уу?

-Ялгаа мэдээж байлгүй яахав. Монгол оронд өөр хаана ч байхгүй хөрс байна. Халуун орны хөрс Монголд байхгүйтэй адилхан юм. Нутаг нутагтаа өөр өөр өвөрмөц хөрстэй. Монгол хүн монгол үндэстэн гэдэг шиг Монгол оронд тархсан унаган хөрс байдаг. Ойролцоо хөрс бас байна. Манайхтай ижил төстэй уур амьсгал байгальтай газар Төв Ази дунд Азийнхан бас л ойролцоо хөрстэй байдаг.

-Газарзүйг судлахад үндсэн суурь нь юу байдаг вэ?

-Газарзүй гэж өөрөө их том шинжлэх ухаан шүү дээ. Манайхан мэддэггүй юм. Газарзүй нь хоёр том тулгууртай байдаг. Нэг нь байгалийн газарзүй буюу физик газарзүй гэж байдаг. Үүний дотор хөрс, уур амьсгал, ус, мөнхцэвдэг, амьтан ургамлын газарзүй, ус, нуур, гол мөрөн гээд бүгд физик газарзүйд багтдаг. Хоёр дахь нь нийгэм эдийн засгийн газарзүй юм. Тэр нь хүн амын, хотын, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын газарзүй гэх мэт. Манайхан газарзүй гэхээр дандаа байгалийн гэж боддог нь буруу юм. Байгаль нийгмийн шинжлэх ухааныг хоёуланг нь судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдрийн Монгол орны хотжилтын хотын газарзүй, хүн ам шилжих хөдөлгөөний асуудал, хөгжлийн төлөвлөлтийн асуудал, орон зай төлөвлөтийн асуудал гээд энэ бүхэн өөр шинжлэх ухааны биш газарзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл мөн юм. Манайхан дандаа буруу ойлгочихсон байдаг. Газарзүй гэхээр газар ухаад явдаг хүмүүсийг огт хэлдэггүй. Хоёр том багана нь тус тусдаа арван салбар нийлээд 20-иод том салбараа холбосон шинжлэх ухаан юм.

-Хөрсний бохирдол, доройтол үүслээ гэх юм. Үүнийг мэргэжлийн үүднээс нь тайлбарлаач?

-Хөрс гэдэг чинь бараг бохирддоггүй орчин юм. Миний бодоход дандаа буруу ойлголт яваад байдаг. Агаар бохирдоно, тэгээд амьсгалаар түгэж нөлөөлж болно. Ус бохирдоно уугаад нөлөөлж болно. Бид хөрсийг идэх үү, хөрсийг амсах уу. Хөрсний бохирдол гэдэг чинь өөр асуудал юм. Хөрсөнд ургаж байгаа ургамал хөрснөөс бохирдох уу гэвэл бараг үгүй юм. Хөрс хамгийн гол нь бохирддог орчин биш бохирддог байгалийн биет биш, бохирдлыг арилгадаг, илааршуулдаг, эдгэрүүлдэг эрүүл ахуйн том функцтай орчин юм. Үүнийг манайхан ерөөсөө мэдэхгүй хөрс бохирдоод байна гээд л асуугаад байдаг. Хөрс бохирдлоо гээд хөрсөө долоохгүй шүү дээ. Хөрсөнд ургаж байгаа ургамал хорыг барагтаа сорж авахгүй. Хүнтэй адилхан олдсон болгоноо долоодог, залгидаг амьтан биш шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хөрснөөс авна, авахгүй зүйлээ авахгүй.

-Тэгэхээр хөдөө орон нутгаар уран ухсанаас болж хөрс бохирдсон, мал амьтан хордсон гээд байдаг. Худлаа болж таарах уу?

-Яахав, цацраг идэвхит зүйл бол шал өөр асуудал. Цацраг хөрснөөс хамаарахгүй, хөрсөнд байдаг бодис биш шүү дээ. Олон сая жил бий болсон геологийн том бүтээгдэхүүн. Уран олборлоно гэдэг чинь газрын гүнээс дээш ухаж олборлоно. Хөрсөн дотор байдаг зүйл биш юм. Хөрс нь Монгол оронд бол 1 метр гаруй, гүндээ л 2 метр байдаг. Уран гэдэг чинь 50-60 метрийн гүнд байдаг. Хөрснийх биш шүү дээ. Газрын гүний ашигт малтмал юм. Хөрсөн дээр нь тэднийг хамгаалж байдаг. Бид бүх л муухай зүйлээ газарт булдаг. Хог новш, тарваган тахал туссан мал, мялзан, сүрьеэ, боом туссан малаа дандаа газарт булдаг. Нас барсан хүнээ хүртэл газарт булдаг шүү дээ. Хөрс бохирддог бол дээр нь ургаж байгаа ургамлыг мал иднэ, малаа бид иднэ. Хэрвээ тэр хөрс бохир бол яах вэ. Улаанбаатарыг тойрсон хичнээн их шарилын газар байна. Хөрс нь бохирддог бузартдаг орчин биш. Тэр муухай зүйлсийн бактериудыг ариутгадаг, өвчний нянгуудыг үгүй хийдэг тийм гайхалтай байгалийн орчин юм. Улаанбаатар хотын бохирдол чинь хөрс биш шороо шүү дээ. Гадаа байгаа энэ зүйл хөрс биш шороо юм. Хүний хөлийн шороо, машины дугуйн шороо хөрс биш шүү дээ. Энэ дотор харин бохирдол бий юү гэвэл байлгүй яахав дээ. Машины утаанаас ялгарч байгаа, машины дугуйнаас ялгарч байгаа гээд зөндөө юм бий. Гэхдээ энэ нь яг тэр хэвээрээ байдаг бол өдийд бид Улаанбаатарт нэг ч хором амьд байхгүй. Өнөөдрийг хүртэл 208 тэрбум хүн хорвоо дээр байсан. Одоо 8 тэрбум хүн амьд оршдог. Тийм их хөрсөн доор булагдсан хүмүүс янз бүрийн өвчтэй хүмүүс байгаа. Хэрвээ хөрсөнд ариусдаггүй байсан бол яах бол хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Хөрсний эвдрэл бол байна. Салхинд хийсэж, усанд урсаад хайран сайхан хөрс байхгүй болж байна. Манай оронд ч биш дэлхийн бүх газар ийм асуудал тохиолддог. Хөрс нь салхинд хийсээд, тариалангийн хөрс нь усанд урсаад эвдрээд алга болж байгаа. Улаанбаатар хот хөрс байхгүй дээр нь барилга бариад устчихсан. Уул уурхайтай газар хөрс байхгүй бүрмөсөн устана. Гэх мэт маш их хөрс элэгдэж хорогдоод устаж үгүй болж байна. Энэ бол байдаг асуудал юм. Харин бохирдоно гэдэг бол агуулах хэмжээнээсээ бодиснууд нь ихэссэн бол бохирдсон гэж авч үздэг. Тиймээс хөрс нь барагтаа бохирддоггүй.

-Хөрс байхгүй болсноор байгальд ямар хор уршигтай вэ?

-Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн байхгүй болно. Хөрс нь хуурай газрын бүх амьтныг тэжээдэг. Хөрсөн дээр ургаж байгаа ой мод, бэлчээр, бут сөөг тэр бүх ургамал дотор нь амьдарч байгаа амьтад, хорхой шавж, хулгана, зурам, мэрэгч амьтад, 1 гр хөрсөнд хичнээн саяараа байдаг бичил амьтад, тэднийг хооллодог хүн араатан амьтад гээд бүгдийг хүнсээр хангадаг зүйл бол газрын хөрс шүү дээ. Тэгээд газрын хөрс алга болчихвол гээд бодвол хүн амьтан, мал байхгүй болно. Хуурай газрын амьдралын эх булаг нь хөрс юм. Манайхан бүгд тийм буруу ойлголттой байдаг. Хөрс бохирдлоо л гэх юм, хэн бохирдуулаад байгаа вэ. Бид л бохирдуулж байгаа шүү дээ. Хог новш, нус цэр, өтгөн шингэнээ гадагшлуулж, бүх хогоо хөрсөнд цацаж булдаг. Хамгийн гол нь тэр бохирдол нь хүнд тэр хэвээрээ ирдэггүй.

-Та 60 жил газарзүй судаллаа. Энэ бүх цаг хугацаанд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн ажил нь юу байсан бэ?

-Хийсэн болгон маань дурсамжтай байсан. Томоохон ажил ч бай, багахан ажил ч бай бүгд өөрийн түүхтэй. Байнга ширээний ард суугаад байдаг ажил биш учраас хөдөө гадаа машинтай, мориор, Хөвсгөлийн тайгад цаа бугаар ч явна. Монгол Алтайд мориор явж байсан гээд тэр болгон тухайн үедээ л том дурсамж шүү дээ. Хөдөө хээр явж байхад машин тэрэг саатах, бензин усгүй болохыг алийг тэр гэхэв дээ. Янз бүрийн сайхан муухай дурсамжтай үе их байсан. Гадаадын олон сайхан эрдэмтэдтэй явж байсан. Миний багш хүртэл Монголд ирж үзчихээд дахин ирж байсан. Оросын олон том эрдэмтэн, судлаачид үндэсний атлас хийгээд хөдөө гадаа явж байлаа. Экологийн атлас, эксистемийн атлас, байгалийн атлас гээд бүгдэд нь Оросын судлаачидтай ихэвчлэн явсан. Германаас олон судлаачид ирж, хамт явж байсан. Хамт бичсэн ном, зураг, шинжилгээ судалгааны ажлууд их бий. Польш, Унгараас Монголд ирж хамт судалгаа хийж байсан. Сүүлийн үед хятадууд, өмнөд монголчууд, япон, солонгосууд ирж байна. Манай орон нээлттэй болчихсон болохоор олон орны судлаачид сонирхон ирж байна. Тэр болгон өөрийн гэсэн өөр өөр дурсамжтай. Хамгийн сайхан дурсамж бол хамгийн анхны төсөл 1963 оны зургадугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын аж ахуй, Загдалын голын хойд дэнж дээр хийсэн хамгийн анхны төслийг хэзээ ч мартахгүй. Хоёр сайхан шавь маань хамт явж байсан. Хамт ажилладаг Южмаа гээд эмэгтэй хоёр шавьтайгаа бид дөрөв морьтой явж байсан. Хамгийн анхны төсөл гээд бэлгэшээгээд сүү ууж байсан юм. Монгол орондоо хийж байсан хамгийн анхны төсөл байлаа.

-Гадаадаас эрдэмтэд их ирж судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Монголын онцлог юу байдаг болоод тэр хүмүүс судлахаар ирдэг вэ?

-Монгол гайхалтай байгальтай орон шүү дээ. Дахин давтагдашгүй өөр хаана ч байхгүй Төв Азийн хамгийн өндөрлөг газарт байрласан. Өндөр уул нурууд, өргөн тал хөндий, өргөн говь цөл гээд Монголд байхгүй зүйлгүй. Дөрвөн улирал 40 градус халдаг зунтай, 40 градус хүйтэрдэг өвөлтэй. Хавар, намар дөрвөн улирал эрс тэс ялгаатай ийм орон манайхаас өөр байхгүй. Дэлхийн хамгийн хуурай цөл Монголд байна гээд бод доо. Жилдээ хур тунадас 50-иас доош байдаг. Тийм цөл Алтайн өвөр говьд байна. Гэтэл манай Хөвсгөлийн тайга бол яг л тайга шүү дээ. Тийм эрс тэс байгальтай ийм газарт судалдаг хүн явахад гайхалтай орон юм шүү дээ. Тэгээд л энэ гадаадаас ирсэн хүмүүс юм үзэж, нүд тайлах гэж ном бичих гэж шинжлэх ухаанд бас нэг шинэ юм нээчих гээд ирж байгаа. Хөрсийг өвөл судалдаггүй. Хавар тавдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн хүртэл явж судалдаг. Бусад үед нь лабораторидоо суугаад хөрснийхөө дээжид задлан шинжилгээг хийдэг. Тэгээд дараа хавар нь дахиад хөдөө рүүгээ явцгаадаг. Зун нь хөдөө явна, өвөл нь лабораторидоо суудаг. Хоёр том цогц ажил юм. Лабораторигүй бол ямар ч судалгаа шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Ямар найрлагатай, ямар давсжилттай, урвалын орчин нь ямар байгаа гээд бүгдийг лабораторийн шинжилгээгээр гаргана. Бид дандаа хамтын бүтээл хийдэг. Би хамгийн сүүлд 2003, 2004 онд хөдөө явсан. Арван хэдэн жил хөдөө явсангүй ээ, 70 гарчихаад хөдөө яваад байлтай биш. Бэртэж гэмтээд өвдөөд шавь нараа зовооно шүү дээ. Хааяа ойрхон зуур газар явна. Өмнө залуу байхад хавар ногоо цухуйнгуут л байж ядаад л хурдан явах юмсан гээд л машин олдоосой, бензин олдоосой гэж боддог байлаа. Тэр үед ачааны машинаар л явна 63, 51, 66 л олдоно. Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц гэж байдаг. Иж бүрэн гэдэг нь тэр дотроо амьтны судалгаа, ургамлын судалгаа, усны амьтдын судалгаа, хөрсний судалгаа бүгд ордог. Тэрэнд би 1970 оноос хойш хамт судалгаа хийж ирсэн. Арай боломж сайтай, унаа машин сайтай оросуудтай хамт олуулаа явдаг байв. Тэр экспедицийн ачаар би их зүйл хийсэн дээ. Дангаараа ч явдаг оросуудтай ч явдаг байлаа.

-Шинжлэх ухааны салбарт сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

-Хэцүү тулгамдсан асуудлууд бий, бий. Төсөв зардлаас эхлээд хээрийн зам хоногийн зардал, мөнгө гээд хариугүй юм. Манай хуучны оросуудтай хийдэг байсан шиг хоёр, гурван сараар явах арга байхгүй. Хоёр долоо хоног, гурван долоо хоног яваад ирэхээс биш их олон хоногоор явах боломж маш хэцүү. Төсвийн асуудал маш их байна. Оросуудтай хамтарч явж байсан олон улсын экспедици гээд илүү боломжтой байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Шинжлэх ухааны салбартаа хөрөнгө мөнгө зарцуулах нь Монголд бага байдаг. Яахав, ирэх жилээс жаахан нэмэгдэхээр юм ярьж байна. Хүрээлэн болон өөр өөр үндсэн чиглэлүүдийн, судалгааны чиглэлүүд, тэр чиглэлийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийвэл шууд хүрээлэнгийн санхүүжилтийг нь өгчихдөг. Ямар ч давхцал байхгүйгээр шүү дээ. Ийм чиглэл саяхан Засгийн газраас гарсан. Эрдэм шинжилгээний ажилчдын цалинг нэмэх зэрэг шинжлэх ухаанд улсаас зарцуулах хөрөнгө нэлээд нэмэгдэх сайхан мэдээ дуулдаж байна лээ.

-Ерөнхийлөгч танд “Чингисийн одон”-г гардуулж өгч байхдаа юу хэлж байв. Таныг тусад нь хүлээн авч уулзсан уу?

-Америкийн эрдэмтэнтэй хамт уулзсан. Олон юм хэлээгүй, баяр хүргэе гээд ажлын амжилт ерөөгөөд, шагналаа гардуулсан. Харин хамгийн сайхан хүндэтгэлтэй зүйл нь биднийг шагнал авсны дараа Их хурлын хүндэтгэлийн хуралдаан 40 минут гаруй болсон.

-Таныг Шинжлэх ухааны академи хүлээж авсан гэсэн үү?

-Би 40 гаруй жил багшилж байгаа хүн. Эрдэм шинжлэлийн ажлын хажуугаар хөрс судлалын хичээл, Монгол орны газарзүйн хичээлээ бас заана. Олон сайхан ахмад багш нар маань байхгүй болжээ. Би 1978 оноос хойш цагаар хичээл заадаг байсан. Сүүлдээ Монгол улсын Их Сургуулийн профессор багшаар зэрэг ажиллах болсон. Ажлынхаа хажуугаар 14-15 жил тэнхимийн эрхлэгч хийлээ. Их сургуулийн бас хамааралтай профессор хүн юм. Их сургуулийн хамт олон маань тав дахь өдөр намайг хүлээж авах гээд би очиж чадаагүй. Улсын багшийн их сургуульд бас багшилж байсан. Мөн манай академи өчигдөр хүлээж авсан. Хүрээлэн дээрээ бас очоогүй л байгаа. Хотын дарга баяр хүргэж хүндэтгэл үзүүлээд хоёр өрөө байрны батламж өгснийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулж өгсөн.

-Энд тэнд судалгаагаар явахад шавь нартайгаа хэр их таардаг вэ?

-Хөдөө зөндөө таарна. Би Өмнөговийн Ханбогд сум руу очиход байгаль орчны хүмүүс нь дандаа шавь нар минь байсан. Багшаа хэзээ ирэв ээ, хэлэхгүй яасан юм бэ гээд бүгд миний шавь нар тосч авч байсан. Одоо олон жил багшилчихлаа. Нас ч дээр гарч заримыг нь танихгүй будилна. Их л юм болно.

Categories
редакцийн-нийтлэл

С.СЭРЧМАА: УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ АЗ ЖАРГАЛ ТАЙЗАН ДЭЭР ҮЗЭГЧДЭЭС ХАЛУУН АЛГА ТАШИЛТЫГ АВАХАД ОРШДОГ DNN.MN

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан поп дива дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Никитон” хамтлагийн дуучин Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат ах хоёртой хамтран “Эр хүн та” шинэ уран бүтээлээ хийлээ. Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Мэндэлсэн өдөр” гээд төрсөн өдрийн дуу хийсэн.

Ц.Ичинхорлоо гуайн үг, ая “Алс алсын чи минь”, “Айзам” хамтлагийн хөгжмийн зохиолч О.Хүрэлбаатар, яруу найрагч Д.Ган-Очиртой хамтран “Цасан сарнай” гэсэн нэртэй өвлийн сэдэвтэй дуу хийсэн. Ойрдоо шинэ дууны ургац арвинтай жил өнгөрч байна. Мөн цахимаар Өвөр Монголд байгаа хөгжмийн зохиолч Цэцэнцогттой хамтран “Уйтай намрын бороо” нэртэй шинэ уран бүтээлийг хийж байна.

-Та хамгийн анх “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу зохиож байсан гэсэн үү. “Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг ч мөн та өөрөө зохиож байсан. Сүүлийн үед дууны үг, ая зохиож байгаа юу?

-“Хөгжмийн аялгуу” нэртэй дууг тав дугаар ангидаа Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан “Ая дуу зохиогч багачууд”- ын уралдаанд ахлах ангийн хүүхдүүдтэй ороод хамгийн том шагнал болох Гранприг нь аваад 1000 төгрөгөөр шагнуулж байсан. Тухайн үедээ их баярлаж урам авч байлаа. CD-нд маань орсон “Үүрд минийх гэж амлаач” дууны үг, аяыг би өөрөө хийсэн. Сүүлд “Зүрхэнд амьдрах чи” нэртэй уран бүтээлийн үг, аяыг нь зохиож, жазз, баллад стилийн хайрын тухай дуу гаргасан.

-Хүүхэд насныхаа сэтгэлд хоногшсон нандин цаг мөч, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хүүхэд нас минь хороололд тоглож мэдэхгүй, хичээлээс хичээлийн хооронд л өнгөрсөн дөө. Зургаан хүүхдийн айлын бага, цэцэрлэгт явалгүй шууд сургуульд сурч байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй, би ганцаараа урлагийн хүн болсноороо онцлог. Би одоогийн хүмүүс сайн мэддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, ятга хөгжмийн хатан хаан Ч.Мөнх- Эрдэнэ эгчтэй нэг байранд амьдардаг байсан. Ч.Мөнх- Эрдэнэ эгч маань намайг урлагийн Хөгжим бүжгийн дунд сургуульд хөтлөн оруулж урлагийн хүн болох гарааг маань зургаан настайгаас минь эхлүүлж өгсөн ачтай хүн байдаг.

-“Эрх саран” дууны клип таны анхны клип. Дууны клип бүтсэн үеийн дурсамжаасаа дэлгэрэнгүйгээр хуваалцахгүй юу?

-“Эрх саран” клипийг тухайн үед “G” энтертайнмент студи дээр хийлгэж байсан. Тэр үедээ олон долоо хоног, сарын хит дуу болж байсан. Яахын аргагүй шинэ өнгө аяс, дорнын уур амьсгал оруулсан стилийн клип хийсэн. Клипний гол дүрд тухайн үед UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга гол дүрд нь тоглосон. Үзэгчид ч ам сайтай байсанд баярладаг. Хэзээ ч мартагдахгүй хөдөлмөрч, уран бүтээлийн минь яахын аргагүй нэг. Дууны аяыг Л.Балхжав, үгийг Ү.Хүрэлбаатар яруу найрагч зохиож ингэж бүтэж байлаа. “Эрх саран” дуундаа маш их хайртай байдаг даа.

-Та урд хөршид 2005 оноос бие даасан тоглолтоо хийсэн. Сүүлд хэзээ тоглолтоо хийсэн бэ?

-Монголдоо би анх 2003 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр бие даасан тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш нэлээд олон удаа тоглолт хийсэн. Урд хөршид хоёр удаа өөрийн бие даасан тоглолтоо хийж, “Улаан театрт” дахин дахин тоглох тэр бүр олддоггүй аз завшаан м о н г о л д у у ч д а а с н а д а д оногдсонд сэтгэл хангалуун баярлаж явдаг. Урд хөршид 2005 оноос хойш уран бүтээл хийж, дуулж уригдан бүх хот, аймгуудаар нь явж дуулдаг болсон. Тэнд байхдаа 2010, 2013 онуудад бие даасан тоглолтоо хийсэн.

– Саяхан “Чиний бодолд би байгаасай” уран бүтээлийнхээ шинэ хувилбарыг хийсэн байсан. Энэ талаараа тодруулаач?

-“Чиний бодолд би байгаасай” дууг шинэчлэн “OCEAN Grey” студи найруулан хөгжмийг нь шинэчилж өгсөн. Үзэгдчдэдээ үзүүлэх уран бүтээлтэй болъё гээд шинэчлэн гаргасан. Ямар ч байсан хөөрхөн болсон гэж бодож байна. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ах маань зохиосон. Саяхан тоглолт дээр нь энэ дууг дуулж оролцсон.

-Та цахим хуудаст “Sal­ly’s comedy group” гээд 101 мянган гишүүнтэй групптэй шүү дээ. Анх ямар зорилготойгоор группээ нээж байсан бэ. Удахгүй шинэ жилээ хийх гэж буй гэсэн үү?

-Тийм ээ. “Sally’s comedy group” фэйсбүүк хуудас маань 101 мянган гишүүнтэй. Өмнө нь 77 мянган гишүүнтэй байх үедээ фэйсбүүкээс группээ хаалгаад, дахиж шинээр нээж 101 мянган гишүүнтэй болсон. Группийнхэн маань өнгөрсөн жил анхны шинэ жилээ хийсэн. Энэ жил хоёр дахь нэгдсэн шинэ жилээ хийж, цөөн ажилчидтай компаниуд манай шинэ жилд нэгдэн оролцож байгаа, мэдээж группийн гишүүд ч оролцоно. Шинэ жил маань дуучид, бүжигчид, хөгжмийн баялаг дугааруудтай, нэгэнт баярлаж буй шинэ жилдээ сайхан баярлах үндэс суурьтайгаар бид бодож хийдэг. Группийн нэрийг комеди групп гэж байгаа учраас хүмүүс зүгээр л инээдэг байх биш группийн гол зорилго бол инээдмийн, хөгжилтэй постуудыг хийдэг ч нийгэмдээ аливаа зүйлийг эерэг өнцгөөр хардаг, бүгд нийлж нэгдэн , сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Хүнд амьдралтай хүмүүст тусалдаг, группийнхээ нэг гишүүнд таван ханатай гэр авч өгсөн, “Ковид-19” цар тахлын үеэр эмч, цагдаа нарыгаа эргэж сайн санааны үйлсэд нэгдэн, хамтарч оролцож чаддаг хамт олон гэж бодож, дүгнэж явдаг. Мөн хорт хавдартайгаа тэмцэж буй эмэгтэйд 100- гаад сая төгрөгийг нэгдэн босгож хандивласан. Олон зүйлс байдаг ч групп дотроо л зохион байгуулагддаг. Энэ групптээ маш их хайртай, нийгмийн салбар салбартаа амьдралд, нийгэмд идэвхтэй, эерэг талаас бүхнийг олж хардаг хүмүүсийн нэгдэл юм.

-Та 2003 онд өөрийн анхны “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Анхны тоглолтоо хийх мэдрэмж ямар байсан бэ. Өнгөрсөн онд мөн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн шүү дээ. Одоо өөрийн тоглолтоо хийх төлөвлөгөө бий юү?

-Тийм, хамгийн анх 2003 онд “Хаа ч цуг” тоглолтоо хийж байсан. Өнгөрсөн жил Бүх цэргийн дуу бүжгийн чуулгатай, хүндэтгэлийн оркестртой хамтран хүндэтгэлийн “Хаврын сарнай” тоглолтоо хийсэн. Түүний өмнө Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гуравдугаар сарын 7-нд VIP тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан хийж байсан. Тэгэхээр жил бүрийн гуравдугаар сарын 7-ны өдөр уламжлал болгон өөрийн тоглолтоо хийж байвал гоё юм болов уу гэдэг бодол төрсөн. 2023 ондоо өөрийн хийж үзээгүй, сонин содон тоглолтоо хийхийг мөрөөдөж, хүсч байна.

-Монголын рок попын ертөнцөд 24 жил ажиллаж өөрийн уран бүтээлээ туурвисаар ирсэн та энэ урлагт ажиллахын сайхан болон хүндрэлтэй талаас хуваалцахгүй юу. Мөн урлагийн салбарт хөл тавих гэж буй залууст юуг зөвлөх вэ?

-Монголын рок попын ертөнцөд 24 жил тогоонд нь чанагдаж, ажиллаж буй хүний хувьд сайхан зүйл нь гэвэл ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж, хаана ч очсон намайг таньж дуучин С.Сэрчмаа гэж хүндлээд цайгаа бариад тосох хүмүүс байдаг. Хүндрэлтэй тал гэвэл энэ нэр хүндийг олон жил нуруун дээрээ үүрч авч явах нь нэг бодлын хэцүү. Хаа хамаагүй газраар явж болохгүй, энэ бүхэн хэмжээ хил хязгаартай байдаг учраас нэр хүндээ авч явахад тодорхой хэмжээний стресс дагуулж явдаг гэж боддог. Яалт ч үгүй урлагийн хүмүүс бид ард түмнээ соён гэгээрүүлж, түүчээлж явдаг. С.Сэрчмаа юу хэлж байна, ямар үйл хөдлөл хийж байна гэж миний үеийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь харж байгаа шүү дээ. Тиймээс аливаа зүйлд буруу үйл хөдлөл, хандлага гаргачихгүй юмсан гэдэг үүднээс эмзэглэж, эмээж явах үе бий. Өмнө нь лайв хийж байхдаа буруугаар ойлгогдож инээснээсээ болоод буруутан болсон тохиолдол байдаг. Нуух юун, би өөрөө их инээд муутай учраас юу ч ярихгүй байж байгаад инээсэндээ буруутгагдаж байсан. Түүнээс хойш ямарваа нэгэн зүйлд илүү хариуцлагатай, бодлоготой байж олны танил хүн инээхдээ хүртэл бодож явах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Та “Чоно” хамтлагтай хамтран “Энэ дурлал юм уу” дуугаа гаргаж байсан шүү дээ. Олон уран бүтээлчтэй хамтран дуулж байсан. Цаашдаа ямар уран бүтээлчтэй хамтран уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-“Чоно” хамтлагтай “Энэ дурлал юм уу” дууг дуулж байлаа. Пентатоник академиас “Оны шилдэг дуучин” шагнал, “Дебют дуучин” гэдэг цомыг өгч байсан. Тухайн үед зарласан дуурийн дуучин “Чоно” хамтлагийн дуучин С.Сэрчмаа гэхэд “Чоно” хамтлагийнхан гарах уу, С.Сэрчмаа гарах уу гээд хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Миний хувьд хамтарсан дуэт уран бүтээл гэвэл “Камертон” хамтлагийн уран бүтээлч Л.Ган-Эрдэнэтэй “Дурлалыг юутай зүйрлэх юм бэ”, мөн тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай “Нандин эрдэнэ” дууг, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй “Чиний үгүйд”, дуучин С.Алтан нартай хамтран хайрын тухай дуу, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогтой хамтран “Намайг чи минь мартвал яана”, дуучин BX- тэй “Илчилж амжаагүй хайр” зэрэг уран бүтээлийг тус тус дуулж байлаа. Ер нь хамтран дуулсан уран бүтээлчид их олон байдаг. Дуучин Н.Ганхуяг ахтайгаа “Хослон дуулъя”, Буянаатай “Хослон дуулъя” хэмээх дууг дуулж CD-нүүдэд нь орсон байдаг. “Emotion” хамтлагт байсан Т.Солонготой хамтран “Зөөлөн цасны уянга” нэртэй дуу, “Салхи” хамтлагтай “365 хоног”, “Ice Top хамтлагтай хамтран “Үүр шөнийн зүүд”, “Хоёр хүү” хамтлагтай хамтран “Дурсамж дүүрэн улирал”, “Mr.Dogs” хамтлагтай хамтран “Хайрын дурсамж” зэрэг дуунуудыг дуулсан. Эргээд бодохоор олон хамтлаг, дуучидтай хамтран уран бүтээл туурвисан байна.

– Шинэ жил хаяанд ирчих сэн, ихэнх алба н газрууд байгууллагын шинэ жилээ хийхээр товлочихсон байна. Сүүлийн үеийн ажлын тань ачаалал ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар бол уран бүтээлчдийн хувьд яахын аргагүй завгүй, ажил ундарсан саруудын нэг байдаг. Миний хувьд тодорхой хэмжээний зарим нэгэн албан байгууллага, хамт олны баярт уригдсан байгаа. Ер нь хот маань их түгжрэлтэй учраас түгжрэлээ тооцоолж үйл ажиллагаануудад оролцоод явж байгаа. Хамгийн гол нь албан байгууллага, хурим найр, хүмүүсийн баярыг хуваалцдаг ажил хийдэгтээ их сэтгэл хангалуун явдаг. Уран бүтээлч хүний аз жаргал гэдэг бол тайзан дээр үзэгчдээс халуун алга ташилтыг авахад оршдог болов уу гэж боддог.

-Таны хувьд хамгийн нандин, дурсамжтай шинэ жилийн баяраа хэлэхгүй юү?

-Миний хувьд хамгийн нандин дурсамжтай шинэ жил гэвэл сургуульд байх үед зохион байгуулагддаг байсан шинэ жилийн баяр хамгийн гоё байсан. Цаасан уутанд мандарин, улаан малгайтай, баавгайтай чихэр хийсэн бэлэг өвлийн өвөөгөөс авах юмсан гэж шинэ жилийн баярын өдрийг хамгийн их хүлээдэг хүүхэд байлаа. Өвлийн өвөөгөөс авсан бэлэг бол хүүхдийн нүд, ертөнцөөр харахад ид шидтэнээс хамгийн амттай бэлэг авч байгаа юм шиг, идэж буй идээ будаа нь ид шидийг цацруулсан, дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд урууландаа хүргэмгүй тийм амттай амттан байсан юм шиг л санагддаг байлаа. Тэгэхээр Хөгжим бүжгийн дунд сургуульд байхад тэмдэглэж, өнгөрүүлж байсан шинэ жилийн баярууд хамгийн сайхан дурсамжтай санагддаг даа.

– Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар бодолтой байна вэ?

-Өнөөгийн нийгэмд зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар хурцадмал асуудал бий болсон байна. “Ковид- 19” цар тахал, өвчин, дайн дажин, эдийн засгийн хувьд ханшийн өсөлт, уналттай, урд хөрш оронд маань хил хаалттай зэрэг. Тэгэхээр монголчууд маань хүнд хэцүү цаг үед амьдарч байна гэж харж байгаа. Тиймээс сэтгэл санааны хувьд дайчин, сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байна. Залуучууд маань ямар нэгэн ажлыг голохгүйгээр, бүтээлч сэтгэлгээтэй, аливаа зүйлсийг хийж дуусгадаг тууштай сэтгэлтэй байгаасай гэж боддог. Ялангуяа нийслэл хотдоо амьдарч буй залуус хотдоо хог хаягдлаа хаяхгүй, цэлгэр сайхан хотдоо цээж дүүрэн амьсгал аваад, сэтгэл санаа уужуухан, эрүүл энх амьдрах ирээдүйг цогцлоох нь ирээдүйн залуус та бүгдийн гарт байна шүү гэж хэлье.

Categories
редакцийн-нийтлэл

Ч.БАТ-ЭРДЭНЭ: МАНАЙ ҮЕИЙНХЭН МОНГОЛЫН ДУУНЫ УРЛАГИЙН НЭГЭН ҮЕИЙН ТҮҮХИЙН ГЭРЧ DNN.MN

Монгол Улсын гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ярилцлагаа тун удахгүй болох таны “Best hits” бие даасан тоглолтоос нь эхэлье. Тоглолтынхоо талаар дэлгэрүүлээч?

-Би 2013 онд Ирландаас ирснийхээ дараа “Монголын тухай” нэртэй тоглолтоо хийснээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Төрийн албанаасаа хөндийрөөд хоёр жил орчим болж. 2002 онд СУИС-ийг төгсөөд өнөөдөр 20 жил болсон байна. Тиймээс энэ хугацаа дахиж эргэж ирэхгүй учраас он гарахаас өмнө намайг сонсож мэдэрдэг, 2000 оноос хойш надтай хамтдаа байсан үзэгчидтэйгээ сайхан дуулж, баяр тэмдэглэж жаргаж нэг үдшийг өнгөрөөе гэж бодсон юм. Шинэ жилийн баяр гэхээр л монголчууд их өргөн тэмдэглэж такс төлж ширээний ард 10-20-иулаа суудаг нь үрэлгэн зардал гаргаж буй мэт харагддаг. Тиймээс үүнийг олноороо хамтдаа гоё, сайхан байдаг баяр болгох боломж байгаа юу гэдгийг харах гэж хичээсэн.

Түүхэндээ өмнө нь арванхоёрдугаар сарын 10-наас хойш, шинэ жилийн үеэр томоохон тоглолт, концерт болж байсан нь ховор юм байна. Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн хямд цэс нь 150 мянга орчим төгрөг байна. Нэг хүний гаргах зардал үүгээр зогсохгүй бөгөөд үс засалт, нүүр будалт, даашинз болон бусад такси унааны зардал зэрэгт хамгийн багадаа хагас сая орчим төгрөг зарцуулагдана. Ийм өндөр зардлаар нөгөө л хэвшмэл, хамтдаа ширээ тойрч суугаад баяр тэмдэглэдгийг өөрөөр тэмдэглэх боломж байгаа гэдгийг өөрийнхөө үе тэнгийн болон уран бүтээлч дүү нартаа харуулж зам мөр гаргаж байна. Ингээд “Best Hits” гээд өөрийн бүх шилдэг дуу, уран бүтээлүүдээ толилуулж, өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг юу гэж бодож буй гэдгээ харуулж нэг оройг мартагдашгүй өнгөрөөе гэж бодож байна даа.

-Сүүлд 2013 онд арав гаруй жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Хамгийн анх өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан үеэ дурсахгүй юу?

-Хамгийн анх 2003 онд “Хонхны нулимс” тоглолтоо хийж байсан. Яг үнэндээ дуулж, тайзан дээр байж, үзэгчидтэйгээ хамт, тэдний алга ташилтыг мэдрэх, чин сэтгэлээсээ хамтдаа дуулах зэрэг нь жаргалтай мөч. Дуу хуур, үзэгч түмэн миний хамгийн сайн анд найз. Энэхүү тоглолт нь найм дахь томоохон тоглолт юм. Тоглолтын ард нэлээдгүй том баг буюу 200 гаруй хүн ажиллаж байна. Энэ бүх хүн миний төлөө цаг зав, сэтгэл зүрх бүхий л зүйлсээ зориулан ажиллаж байгаа.

-Та МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан тоглолт хийж, дуунуудаа сольж дуулж байсан тухайгаа ярихгүй юу?

-Тийм, уран бүтээлээ тэгж сольж дуулах нь их чухал санагддаг. Уран бүтээлүүд хэн нэгэнтэй дуусах ёсгүй. Дараа, дараагийнх нь үе аваад залгамжилж явах нь их чухал. Тухайн үед, МУГЖ Г.Эрдэнэбат АНУ-аас ирээд төрийн албанд ажиллаж байсан. Миний хамгийн хайртай хүмүүсийн нэг бол МУГЖ Эрдэнэбат. Би хаана ч энэ хүнийг даган дуурайж, тэлээний түдүүлээс нь зүүгдэж явж байж хүний дайтай болсон гэж хэлдэг. Багш маань гэж хэлэхэд болно. Оюутан байхдаа намайг дэмнэж, хөтөлж, надад зааж зөвлөөч ээ гэж хадаг барин очиж уулзаж байсан. Тэгээд анхны дуугаа авч хамтран ажилласан. Магадгүй өдөр тутамдаа төрөл бүрийн зүйлс зааж зөвлөнө гэхээс илүүтэй тэр хүнийг дагаад харж, суралцаж явах нь маш том үлгэр дуурайлал, боломжуудыг өгч, нүдийг маань нээж өгсөн гэж боддог. Ахыгаа төрийн алба хашиж байхад нь тоглолтоо зохион байгуулж, амралтыг нь авахуулж орон нутгаар тойрч, Европоор ч аялан тоглолт хийсэн.

-Та Ирландад манлайллын чиглэлээр сурч байсан гэсэн үү?

-Тийм. Соёл урлагийн салбарын манлайлал чиглэлээр сурсан. Би 2010 онд Удирдлагын академид магистрын зэргээ хамгаалсны дараагаар, докторын зэрэгт элссэн. Монголын соёл урлагийн салбарын төлөө яг юу хийж болох юм бэ гэдгийг харахыг хичээсэн. Дуулж явж болох ч өөрийгөө сорьж, хөгжүүлж, өөр өнцгөөс харах, Монголын соёл урлагийн салбарт бидний хийж буй зүйл үнэн үү, худлаа юу, зөв үү, буруу юу, юуг нь чадаж, чадахгүй байгаа гэдгийг гаднаас нь харвал илүү бодитой харагдах юм шиг санагдаж гурав, дөрвөн улсаас сонгож байгаад Ирландыг сонгосон. Ирланд бол соёл урлагийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд нэг номерт орохоор улс. Эрдэмтэд, судлаачид нь ч их мундаг хүмүүс байдаг. Тэнд очоод өөрийгөө хэн бэ, ирээдүйд маргааш юу хийх ёстой вэ гэдгийг ч ойлгосон. Магадгүй ирээд төрийн алба хашиж, төрийн үйлчилгээний байгууллага буюу СУИС-ийн соёлын сургуулийн захирал, бүжгийн сургуулийн захирал, Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төр түмний төлөө, соёл урлагийн салбарын төлөө өөрийнхөө чадах зүйлсийг л зориулж хийж явж ирсэн. Тэгэхэд миний үзэж харж, мэдэж сурсан зүйлс ажилд маань тус дэм болж байсан гэж ойлгож болно. Судалсан, мэдсэн зүйлсээрээ сая 2021 оны арванхоёрдугаар сард “Соёл урлагийн байгууллагын шинэчлэлийн судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Нэлээдгүй судалгаа хийсэн, үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байгаа.

-“Хонхны нулимс” дуугаараа нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж байсан шүү дээ. Энэхүү дууны дурсамжаасаа хуваалцаач?

-Энэ дуу анх сургуулийн найрал дуу байсан. Бид соёлын сургуульд ч байхдаа дуулдаг байсан. Б.Бямбабаяр багшаасаа энэ дууг авч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг нандин дурсамжуудын нэг бол хонхны баяр байдаг, тэгээд дуулмаар санагдаж дуулж байсан. Тухайн үед тийм айхавтар мундаг дуу болно гэж бодоогүй. “Хонхны нулимс” дуундаа хамгийн их хайртай. “Төмөр уйлуулдаг хүү” гэдэг хочтой болоод явтал өнөөдрийг хүртэл надтай хамтдаа явж байгаа нь гайхамшигтай. Энэ аялгуу, дууг бүтээсэн миний багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гэж маш их авьяастай хүн байдаг. Яруу найрагч нь Цэнхэрмандал сумын харьяат, одоогоор малын эмч хийдэг Мөнхбат гэж хүн ХААИС-ийн оюутан байхдаа зохиосон шүлэг. Төгсөлтийн баяр дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг гуай анх дуулж байсан түүхтэй. Одоо бол энэ дуутай амьдрал ахуй, бүх зүйлс нь холбоотой байна. “Хонхны нулимс” дууг дуу л гэж хардаг болохоос цаанаа олон зүйлсийг агуулж байдаг юм байна.

-Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх үедээ ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Би Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар нийтдээ нэг жил найман сар ажилласан. Мэдээж төрийн захиргааны байгууллагын хувьд дотор нь ороод хийх зүйлс нэлээдгүй байсан. Ажиллаж байх үедээ хамт олонтой нь гар нийлэн ажилласан. Төрийн ажлыг өөрийнхөө байх хугацаандаа болохгүй, бүтэхгүй зүйлсийг нэг алхам ч гэсэн урагшлуулж хийх юмсан даа гэж зорьж ажилласан. Өөрийгөө санаачилгатай, сайн ажилласан гэж боддог. Хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлж ажилласны үр нөлөө нь ч гарсан гэж бодож байна. “Хотын соёл” аяныг Хот соёлтой бол гоё” уриатайгаар эхлүүлсэн. Энэ аян зөвхөн нийслэл хот гэлтгүй Монгол орон даяар өрнөх ёстой юм байна гэж бүх үйл ажиллагааг хийсэн. Тэр үед судалгаа хийж, судалгаан дээрээ дүгнэлт хийж, болж бүтэж буй зүйлсээ дэмжиж, сайжруулж жилийн аян өрнүүлсэн. Үүний хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хүмүүс явган хүний гарцаар гардаг, бие биенээ хүндэтгэдэг болсон байх. Мөн “Соёлын цаг” гэж аян эхлүүлсэн. Соёлын яамтай хамтран, дүүргүүдийн томоохон талбайнуудад аяныг зохион байгуулсан. Энэ нь маш их үр нөлөөгөө өгсөн, судалгаагаар гэмт хэргийн тоо буурсан гэж гарч ирсэн. Үүний дараагаар ажлаа өгсөн ч үргэлжилж явж байгаа байх. Ямар хэмжээнд ажиллаж, ямар түвшинд байсныг тэнд буй хүмүүсээс асуувал дээр байх. Би өөрийнхөө санаж бодож буй зүйлсийн захаас нь хэлж байна. Төрийн ажлыг ганц хоёрхон ажлаар дүгнэж харж буй мэт боловч өдөр тутамдаа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд бичиг цааснаас эхлүүлээд цэгцлэх зүйлс их байсан. Докторын зэргээ хамгаалах гэж байхад энд нэг жил найман сарын хугацаанд ажиллахдаа юу хийсэн бэ гээд эргээд харахад чамгүй ажлыг амжуулж дээ. Төрийн захиргааны байгууллагад ажиллаад, хийж бодсон зүйлс маань болж дээ гэж өөртөө их баяртай байдаг. Гайгүй л ажиллаж, чамгүй ажлыг амжуулжээ гэж хардаг.

-Та өөрийн үеийн дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан нарын талаар яриач?

-Манай үеийнхэн бол Монголын дууны урлагийн салбарт нэгэн үеийн түүхийн гэрч юм. Биднийг 2000 оны эхнээс өнөөдрийг хүртэл түүхээс авчихвал бүхэл бүтэн түүх хов хоосон болж хоосорно. Тийм учраас гарцаагүй маш том түүхийн гэрч. Найзуудаараа бүгдээр нь их бахархдаг. Бидний хооронд цагаахан өрсөлдөөнүүд байсан ч энэ өрсөлдөөн биднийг их хөглөж байсан. Өнөөдөртэй харьцуулж харахад бид маш сайн ажилладаг байж. Дуу, уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй л ажилладаг байж. Бүгдээрээ нэг нэгнийгээ хөглөсөн өнөөдөр нэг нь дуу гаргахад, маргааш нэг нь уран бүтээл гаргах жишээтэй. Энэ цагаан өрсөлдөөн биднийг маш хол явуулсан гэж хардаг даа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Тоглолт маань тун удахгүй арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 19:00 цагаас “UB Palace”–д тоглогдох гэж байна. Намайг үзэхийг хүсэж буй өмнө хэлсэнчлэн цөөхөн ажилчинтай хамт олон бол надтай хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэвэл илүү гоё байна гэж харж байгаа. Мэдээж тоглолтод үзэгчдийг ороход төрөл бүрийн бэлэг барихаар хичээж, хамтарч ажиллаж буй байгууллага хүмүүс энэ тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн тоглолтыг бүтээхийн төлөө ажиллаж, миний төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүмүүс, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлье. Миний тоглолтыг дэмжиж, хамт байгаа хүмүүст баярлалаа. Та бүхнийг өөрийн тоглолтдоо урьж байна. Тоглолтын бэлтгэл ажил ер нь сайн хангагдаж байна. Тасалбар хүргэлтээр зарагдаж, сошиалаар бүх мэдээ, мэдээлэл хүмүүст хүрдэг амар болсон байна. Одоо өөрийн сайн дуулах зэрэгтээ анхаарч байгаа. Ямар ч байсан үзэгчидтэйгээ халуун дотно дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байна.

Categories
редакцийн-нийтлэл

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТАЙЗАН ДЭЭР АЖИЛЛАХ НЬ ЖҮЖИГЧИН ХҮНИЙ ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ DNN.MN

Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна аа. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Улсын драмын эрдмийн театр маань өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод аялан тоглолтоо хийгээд ирлээ. “Эрдэнэт хотод соёлыг түгээе” гэсэн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулж “Анна Каренина” сонгодог жүжиг болон “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг тоглосон. Эрдэнэт хотын үзэгчид маань их сайхан хүлээж авсан. Төвийн урлагийн байгууллагын тайзан дээр тоглодог томоохон хэмжээний уран бүтээл болох “Анна Каренина” жүжгийг анх удаагаа хөдөө, орон нутагт Орхон аймагт тоглосноор нэлээд их ач холбогдолтой байлаа, сайхан болсон.

-Та Улсын драмын эрдмийн театрт ажиллаад 35 жилийг ардаа өнгөрөөжээ. Театрт анх орж байх үед нь алтан үеийн ямар ямар жүжигчид ажиллаж байсан бэ. Тухайн үеэ дурсаач?

-1982 онд аравдугаар ангиа төгсөөд, Москвагийн Театр урлагийн дээд сургуульд хэсэг хүүхдийг жүжигчний мэргэжлээр сургана гэж хүмүүс сургуулиудаар явж хүүхдүүдийг шалгаруулсны тоонд би орсон юм. Намайг шалгаж авсан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантав ах. Тэгээд театрт ирж шалгалт өгөн тэнцэж 1987 онд сургуулиа төгсөөд, театртаа орсноор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мэдээж оюутан байх хугацаанд болон сургуулиа төгсөж ирсний дараа гэхэд олон ахмад сайхан уран бүтээлчидтэй хамт ажиллаж байлаа. Ахмад үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан маань үнэхээр бахархалтай сайхан санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч, Монгол Улсын ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэрэнпагма эгч гээд алтан үеийн олон сайхан жүжигчид бий. Оюутан байхдаа театрт амралтаараа ирдэг байх үед Монгол Улсын ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуай зэрэг маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, тэдний бараа сүрийг харах боломж тохиолдож байсан. Одоо эргээд бодоход өөрөө ахмад үеийн уран бүтээлч болчихоод байж байгаа нь мөн л цаг үе үргэлж хувьсаж, өөрчлөгдөж байдаг гэдгийн илэрхийлэл гэж бодож байна даа.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Хасарын дүрээр илүү алдаршиж, танигдсан шүү дээ. Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглож байсан талаараа дурсвал?

-Би нэг бодлын их азтай хүн гэж өөрийгөө боддог. Сургуулиа дөнгөж төгсөөд тун удаагүй байхад 1989 оны хавар “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд проб хийх болоод агуу их найруулагч Б.Балжиням дээр очиж пробонд орж байсан юм. Кино үйлдвэр дээр их л олон хүн шалгаруулалт өгч байсан. Тэгээд дараа жилийн хавар нь өөрийн дүрдээ тэнцлээ гэсэн хариу сонсоод бөөн баяр болж байлаа. Тэр үед бид аялан тоглолтоор баруун аймгуудаар, Хөвсгөл аймагт явж байсан. Одоо үеийнх шиг утас гэж байхгүй, сумын холбооноос театрын урлагийн бригадыг ахалж буй хүнтэй холбоон дээр ярья гэж байна гэхэд ардын жүжигчин Г.Мягмарнаран ах очиж утсаар ярьчихаад инээгээд л хүрээд ирсэн юм. Юу болов гэхэд “Сайхан мэдээ байна аа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны пробонд орсон хүмүүсийн хариу ирж. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, залуу жүжигчин Б.Жаргалсайхан нар өгсөн дүрдээ тэнцсэн байна. Одоо үс, гэзгээ засуулж болохгүй энэ чигээр нь байлгана шүү” гэж байсан. Тэр үед Уугий (Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа) бид хоёр хамт явж байсан учраас хоёулаа энэ мэдээг сонсоод шоконд орсон. Тэгээд наадмын дараа киноны зураг авалт болж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хамгийн анхны зураг авалт бол миний тэргэнд хүлүүлж байгаад ташуурдуулдаг хэсэг байсан юм. Анхны зураг гэдэг утгаар дотроо нэлээд түгшүүртэй байсан. Зурагт орж буй хүмүүсээ харж байгаад кино зураг авалтад орвол арай өөр. Гэтэл юу юугүй тэргэнд хүлүүлж байгаад хоёр зэрэг хоёр талаас ташуурдаж эхэлж байлаа. Олон сайхан алтан үеийн уран бүтээлчидтэй, ард ажиллаж буй түүх судлаачид, зөвлөгөө өгч буй гайхамшигтай сайхан хүмүүс байсан. Кино урлаг, драмын урлаг үргэлж хамтын бүтээл байдаг. Ард минь зөвлөж байсан гайхалтай хүмүүсийн дэмээр энэ дүр дээр ажиллаж тоглосон доо.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киног найруулсан Бэгзийн Балжинням гуайн талаар ярихгүй юу?

-Б.Балжинням найруулагч их сайхан хүн байдаг юм аа. Хүмүүстэй их энгийн харьцаж, хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй юм шиг санагдсан. Учир нь 1-2 жилийн хугацаанд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтад явж байхад ямар ч хүнтэй сайхан харьцдаг, ярьж буй яриа нь егөөдөлтэй боловч цаад утга нь давхар санааг хэлж байдаг. Их сайхан харьцаатай. Киноны үед ч яг зураг авах гэж байх үед жүжигчинд олон зүйлсийг хэлэхгүйгээр яг юуг тоглож, үзүүлэх ёстой гэдгийг маш товч тодорхой, энгийнээр сайхан ойлгуулж өгдөг. Миний бодлоор найруулагч хүн олон зүйлсийг хэлж ойлгуулах гэснээс тодорхой хэлээд асуудлыг шийдэж байх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр Б.Балжинням найруулагч үнэхээр гайхалтай. Киноны зураг авалт дуусаад, дэлгэцээр гарсны дараа ч гэсэн Б.Балжинням ахтай үргэлж холбоотой байдаг байсан. Хааяа бид очиж уулзалддаг байх үед “Та нар минь байхгүй болчихоор би ганцаардаж, ганцаараа болчихсон юм шиг санагдаад. Та нар хүрээд ирэх чинь ямар сайхан юм” гэдэг байлаа. Олуулаа дуулж хуурдаад суух чинь үнэхээр сайхан шүү дээ. Ер нь их сайн хүн байсан гэж хэлнэ.

-Таны хувьд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээж байсан шүү дээ. Тоглож бүтээж байсан дүрүүдээс нь хайрлаж сэтгэлд хоногшсон, дурсамжтай нандин дүр нь ямар дүр вэ?

-Тоглосон жүжиг болон киноны дүрүүддээ 100 хувь сэтгэлээсээ өөрийгөө зориулж тоглодог. Анхны уран бүтээл гэдэг утгаараа тэр уран бүтээлүүддээ үнэхээр хайртай байдаг. Тайзан дээр анх агуу Г.Доржсамбуу найруулагчийн найруулсан “Халуун газар” гэж жүжиг бий. Яг 1987 онд сургуулиа төгсөж ирэх үед юу ч мэдэхгүй байхад минь гол дүрийг надад өгсөн. Тэр үед надад тэнд сурсан эрдмээ харуулах, агуу Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүний шавь болж төгссөнийх өөрийгөө л үзүүлнэ дээ гэж хамгийн эхэнд бодсон. Энэ тайзан дээр одоо л би өөрийгөө цаашаа явах үгүйгээ харуулж чадахгүй юм бол тэр чигтээ нэг газартаа байгаад л байна гэсэн ойлголт төрж байсан юм. Тэгээд “Халуун газар” жүжиг маань их сайхан амжилттай болж, түүнээс хойш тайзны уран бүтээл хийдэг олон олон найруулагчдын хараанд өртөж өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж дэлгэцийн бүтээл кино ч гэсэн ялгаагүй. Дэлгэцийн бүтээлд Ч.Жумдаан найруулагчийн “Хүний хүн” гэж уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Энэхүү кино нь их сайхан кино болсон. Өнөөдрийн бидний ардчилал гэж ярьдаг, энэ цаг үеийн эхлэлийг тавьсан кино юм болов уу гэж боддог. Энэ кино амжилттай болсноор мөн л миний кино, дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорих, найруулагчидтай хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн гэж боддог.

-Та сүүлийн найм, есөн жил дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэнгүй. Кинонд дүр бүтээх санал ирж байна уу?

-Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирдэг ч сүүлийн 7, 8 жилийн хугацаан дотроо тайзны уран бүтээлд анхааръя гэсэн гүн бодолтой явсан. Учир нь тайзны уран бүтээл гэдэг бол дэлгэцийн уран бүтээлээс ялгарах олон шинж чанартай байдаг. Тайзны уран бүтээл гэдэг бол үзэгчид, тайз, жүжигчдийн хооронд жинхэнэ амьд харьцаа өрнөж байдаг. Бэлтгэл сургуулилт хийхэд мэргэжлийн жүжигчин хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Ухаан санаа, оюун бодол гээд хүний хөлс хөдөлмөр юу гарах ёстой бүгдийг жүжигчин хүнээс үргэлж шаардаж байдаг. Тиймээс тайзан дээр ажиллана гэдэг жүжигчин хүний хамгийн том бахархал гэж би боддог. Дэлгэц ч сайхан, үнэхээрийн агуу ч найруулагч кино хийх гэж байхад мэргэжлийн бус хүн дүр дээр тохирсон байхаар харагдаж тэнцвэл тоглож болдог. Харин тайзан дээр мэргэжлийн бус жүжигчин гарч ирээд тоглоно гэхэд миний хувьд үнэхээр төсөөлөгддөггүй. Тиймээс илүү өөрийгөө боловсруулж, араас гарч буй залуу үедээ үлгэр болох, өөрийн хийж буй үйлдэл, тайзны хөдөлгөөн бүх зүйлээрээ үлгэрлэе гэдэгүүднээс сүүлийн жилүүдийг тайзны уран бүтээлд зарцуулж байгаа. Тайзан дээр гарсан уран бүтээлч өөрийн оюун ухаан, хөлс хүч бүхий л зүйлээ дайчилж байж тэндээс үзэгч, жүжигчин хоёрын дундах мэдрэмж маш сайн гарч ирнэ.

-Та багадаа спортод их сонирхолтой Жүжигчин болно гэж мөрөөддөггүй байсан гэсэн. Тэгвэл яагаад Москва хотын Театр урлагийн дээд сургуульд суралцах болсон юм бэ?

-Би бөхийн спортоор үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Түрүүн хэлсэнчлэн Москвад Театрын сургуульд хүүхдүүдийг сонгон шалгаруулж суралцуулах гэж байсан. Тэр үед намайг чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор “Залуучууд” зочид буудалд байрлачихсан байж байхад манай ангийн хүүхэд хүрч ирээд “Өндөр, бие хаа сайтай хүүхэд хэрэгтэй гэнэ, чи яг тохирох юм байна” гэж хэлсэн. Би тэмцээн болох гэж байхад

юун урлаг гээд сонирхолгүй байсан.

Багаасаа Алтан Москваг дотроо их төсөөлөн боддог байлаа. Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа.. гээд шүлэгт гардаг шиг Алтан Москва ямар газар байдаг гэдгийг үзэх юмсан гээд бага байхад мөрөөдлийн юм шиг л бодогддог байлаа. Манай найз “Чи дандаа л алтан Москваг үзчих юмсан гэж ярьдаг шүү дээ. Хэрвээ энэ сургуульд шалгалт өгөөд тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэхэд толгойд нээрээ л тийм юм байна шүү дээ гээд З.Жарантав ах дээр очиж бэлдүүлж, давхар циркийн нэрт жүжигчин, алиалагч Т.Латиф ах дээр намайг аваачиж өгч гардан бэлтгэл сургуулилтыг хийлгэсэн.

-Таныг Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор Харшийн сүлд модны наадам-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг хүлээж авсан гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар гарах үед л шинэ жилийн уур амьсгал орчихдог. Тэр утгаараа албан газрууд, хувийн байгууллагууд шинэ жил гээд их юм болдог. Сүүлийн хоёр, гурван жил шинэ жилийг албан ёсоор тэмдэглэсэнгүй. Энэ жил бол энэ тэнд хувийн байгууллагууд их л сайхан тэмдэглэж байна. Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор “Харшийн сүлд модны наадам”-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг 2004 онд хүлээж авснаас хойш 18 жил өнгөрчээ. Миний хувьд бурхан, номд нь хадгаа тавьж албан ёсоор хүлээж авсан. Г.Гомбосүрэн гуайн хэрэглэж явсан дээл, хувцас малгайнаас нөмрөгийг нь одоог хүртэл хэрэглэж байдаг. Одоо хүртэл “Харшийн сүлд модны наадам”-ынхаа бэлтгэл дээр ирчихсэн хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна. Сайхаан, сайхан. Агуу том жүжигчний ард түмэндээ үлдээж өгсөн энэ гайхамшигтай дүр төрхийг цаашаа өвлөөд авч явах нь үнэхээр бахархалтай, сайхан.

-Таны хувьд гэр бүлийнхээ хүн болох Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаатай нэг мэргэжилтэй, нэг салбарт ажиллах ямар байдаг вэ?

-Нэг мэргэжлээр, нэг газар хамтарч ажиллах нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, аливаа уран бүтээл дээр ажиллахад хамгийн анхны бөгөөд үнэтэй зөвлөгч нь бид хоёр хоорондоо, бие биедээ байж байдаг. Тайзан дээр Г.Урнаа гараад тоглож байхад найруулагч хэлэхээс гадна давхар би хэлж байх жишээтэй. Намайг тоглож байхад Уугий хэлнэ гэх зэрэг байнгын нэг нэгэндээ зөвлөдөг. Тийм учраас бид хоёрын драмын урлагт энэ зэрэгтээ явж байгаа нь ч мэргэжлийн хоёр хүн гэр бүл болж бие биедээ үнэнч зөвлөгч явсан нь нөлөөлсөн байх гэж боддог.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг “Ковид-19” цар тахлын өмнө ихэнхдээ он гарч буй мөчийг төв талбай дээрээ өнгөрөөж 00:00 цагаас хойш гэртээ ирж тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд гэртээ баярлаж өнгөрөөнө. Арванхоёрдугаар сарын 25-нд том хүүгийн минь төрсөн өдрийн баяр болоход албан ёсоор гэр бүлээрээ цугларч, өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн, ололт амжилт бүх зүйлсээ ярьж, ирэх ондоо юу хийх, төлөвлөгөөгөө ярилцан, зорилгодоо хүрэхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн халуун дулаан гэр бүлийн уур амьсгалтайгаар хамтдаа хооллоод тардаг. Мэдээж 31-ний орой хүүхдүүд минь бүгд гэр гэртээ, бид хоёр ч бага охинтойгоо гэртээ баярлаж өнгөрөөдөг. Ер нь сүүлийн жилүүдэд дандаа гэртээ оноо гаргасан. Энэ жил ч гэсэн тэгэх байх гэж бодож байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр, гэртээ гэр бүлээрээ хамтдаа баярлаж өнгөрөөдөг гэж ярьж, тэмдэглэж сурсан байна. Найз нөхөд, хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэж сууж, баярлаж цэнгэх зүйл байлгүй яах вэ.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр хэзээ болж байв?

-Найз, нөхөдтэйгөө тэмдэглэж байсан олон сайхан дурсамжтай үйл явдлууд байна. Би өвлийн өвөө болдог учраас олон байгууллага, газруудаар явна. Харшийн сүлд модны наадамтай холбоотой нэг шинэ жилийн баяр мартагддаггүй юм. 2006, 2007 оны үед Харшийн сүлд модны наадам болсны дараа надаас нэг хүүхэд ирж бэлэг авч байсан юм. Тэр хүүхэд над руу харчихаад их л гайхаж байхаар нь “Энэ яасан хөөрхөн хүүхэд вэ, над руу өөрөө харчихаад их гайхаж байна аа, хэдэн настай вэ” гэхэд зургаан настай гээд “Баяр хүргэе. Мундаг хүүхэд байна” гэхэд бүр илүү гайхаж хараад “Яасан их гайхаж хардаг юм бэ миний охин. Өвөөгөө харж байгаагүй юм уу” гэхэд “Миний охин төрөхөөсөө хараагүй байж байгаад хагалгаанд ороод хараатай болоод анхныхаа шинэ жилийг үзэж, өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Тэгээд ингэж их гайхаж байгаа юм шүү” гэж ээж нь хэлсэн. Энэ нь надад мартагддаггүй, дурсамжтай шинэ жил болж байсан. Тэр хүүхэд өөрийнхөө ертөнцийн бүх сайхан зүйлсийг хардаг болсноороо олон зүйлийг мэдэрч сайхан явж байгаа болов уу гэж бодож байна.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, Монгол Улс орон маань хөгжин дэвжиж байна. Юм бүхнийг сайнаар төсөөлж бодох хэрэгтэй. Би аливаа зүйлд сайн сайхан явах хувь хүн өөрөөс нь эхэлж цаашаа үргэлжилж явна гэж боддог. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг үргэлж дотроо бодож явдаг даа. Монгол сайхан оронд маань муу зүйл үл учралдаж, сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Ирж буй 2023 ондоо бид бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр бялхсан, эрүүл саруул байх болтугай гэж ерөөе.