Categories
мэдээ соёл-урлаг

Д.Төмөртогтох: Зарим улсууд “Мянхай ах та хэвээрээ байна” л гэдэг юм || DNN.mn

“Мандухай цэцэн хатан” киноны Мянхай баатрын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Д.Төмөртогтохтой ярилцлаа. Тэрээр Өвөрхангай аймгийн Баянгол суманд “ЭхОнги” мал эмнэлгийн малын эмчээр олон жил ажиллажээ.


-Та ерээд оны эхэн үед гахай маллаж байсан гэсэн. Гахай хариулсан хүн уураа барна гэдэг үнэн үү?

-(инээв) Гахай хариулсан хүн уураа бардаг гэж үг байдаг л даа. Гэхдээ амьдралынхаа төлөө явж байгаа, тэр сайхан амьтныг маллаж байгаа хүн чинь юу гэж уурлах вэ дээ. Ерээд оны эхээр зах зээлд шилжээд, би нэг хэсэг театрт дуучин нэртэй байсан юм. Театрууд тарж бутраад цалин мөнгө ч байдаггүй, ажил амьдрал ч хэцүүдээд эхэлсэн шүү дээ. Манай эхнэрийн ах гахайн аж ахуй авсан юм. Х.Дэнсмаа бид хоёр бүтэн жил гахай малласан. Бас хэдэн шувуутай байлаа. Ах маань зарим гахайгаа зарахыг нь зараад, үрэхийг нь үрж, үлдсэнийг нь бид малласан юм. Ямар ч байсан жар, далан гахай байсан. Тэднийг нь сайхан тэжээж, заримдаа бэлчээнэ. Үнэр танар нь жигтэйхэн л дээ. Тэр бүгдийг зохицуулах ажилтай. Байрыг нь сайхан цэвэрлэнэ. Хоолыг нь болгож чанаж өгнө. Тэрэнд уурлаад байх юмгүй.

-Та Мянхай баатраас авахуулаад үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ гавьяат жүжигчин цол хүртсэн шүү дээ. Гэхдээ жүжиглэхээс хамаагүй илүү цагийг малын эмчийн ажилдаа зориулсан болов уу. Тэр чиглэлээрээ ямар шагнал хүртэж байв?

-Би чинь Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан шүү дээ.

-Манайхан мах экспортлох талаар олон жил ярьсан ч бүтэлтэй болоогүй. Малаа эрүүлжүүлж чаддаггүй, социализмын үеийн мал эмнэлгийн тогтолцоо нь ч нурчихсан шиг байгаа юм. Малын эмч нар маань ажлаа хийж байна уу, асуудал нь юундаа байгаа вэ?

-Зах зээлд шилжээд, мал эмнэлгийг нэг улсын аж ахуй болгоод, дахиж хувьчлаад, дараа нь дахиад мал эмнэлгийн тасаг байгуулж байгаа юм. Мал эмнэлэг 1999 онд хувьчлагдсан шүү дээ. Хувьчлагдахад нь манайх Өвөрхангай аймгийн Баянгол сумынхаа мал эмнэлгийг хувьчилж авч байсан юм. Дуудлага худалдаагаар орсон, тэр үед өрсөлдөгч ховор байсан л даа. Ажиллаж байсан хүмүүс нь авсан байхгүй юу. Хувьд очсоны дараа мал эмнэлэг нэг хэсэг хаягдсан. Хэдэн төрлийн халдварт өвчний тарилга туулга, вакцин л ирж байгаа юм. Мал эмнэлгийг нуруун дээрээ авч явсан улсууд ихэнх нь хувьчилж авсан. Тэр улсууд нас ахилаа. Төрөөс гурван жилийн өмнө Мал эмнэлгийн тасаг гэдгийг дэргэд нь байгуулсан. Мал эмнэлгийн тасаг, аж ахуйн нэгж хоёр уялдаа холбоо муутай ажиллаж байна л даа. Вакцин социализмын үед ч хийгдэж л байсан юм. Одоо зарим нь ерөөсөө л вакцины эмч нар боллоо гээд яриад байна л даа. Халдвар гардаг газар тодорхой хэмжээний вакцин хийх хэрэгтэй. Харин хавтгайруулж болохгүй л юм.

-Социализмын үеийн баримтат кино харсан. Албан журмаар малаа угаалганд хамруулж байна лээ. Одоо бол малчид малын эмчид хэр ханддаг вэ?

-Угаалга хийгдэх ёстой. Яагаад гэвэл шимэгч, празитууд, хамуу, хорхой шавжуудаас салгадаг байхгүй юу. Социализмын үед нэгдсэн журмаар угаалганд хамруулж байсан. Хаврын 18 ажил гэж хийгддэг байсан шүү дээ. Одоо мал эмнэлгийн хоёр, гуравхан ажил болж байх шив дээ. Ээмэглэх, тамгалах талын юмнууд байгаа юм. Тэр угаалгыг малчид өөрсдөө хийх гээд байдаг нь буруу. Бид бол стандартын дагуу хийнэ. Яагаад ийм болчихов гэхээр зах зээлд эм, тариа бодисууд асар ихээр орж ирсэн. Үүнийгээ л улсаас лабораторийн шинжилгээ хийж, үзэж харж цөөхөн хэдэн газрынхыг оруулмаар байгаа юм. Ивомек гээд хамууны тариаг ганзагаар хүртэл оруулж ирээд, хэн хамаагүй зараад ямар нь ч бүү мэд болсон. Сая гарсан хуулиар тэр бүгдийг жорын дагуу олгохоор болсон. Тэр нь хэрэгжихгүй байна. Малын эмийн худалдаа хаа сайгүй, чанартай чанаргүй эмүүд үнэ хямдтай болохоор малчид худалдаж аваад өөрсдөө хийгээд байна. Малаа эрүүлжүүлэх нь байтугай өвчлүүлж байж ч мэдэхээр болоод байна.

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэг нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан юм. Таны “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг нэрлэсэн л дээ. Манай аавтай их адилхан гэж хэлж байсан. Б.Лхагвасүрэн гуай энэ талаар тантай ярьж байсан уу?

-Б.Лхагвасүрэн гуай хөөрхий минь над руу утсаар ярьсан шүү дээ. Миний дугаарыг хаанаас яаж олж авсан юм. Би гэрээр нь очсон. Намайг очиход үхрийн өөхтэй хавирганууд чаначихсан, хоёр, гурван шавь нараа дуудчихсан байсан. Би оны цэрэг, найзтайгаа цуг очсон юм. Би тэр том хүн дээр зүгээр орж болохгүй. Ёсыг бодож хадагтай, боломжоороо очиж золгосон л доо. Сайхан ярилцсан, аавынхаа зургийг надад үзүүлсэн. Утас нь дуугарахаар нохой хуцаж байгаа дуу гардаг юм билээ. Айлд очихоор “Нохой хорио” гэдэг биз дээ. Тийм учраас миний утсан дээр нохой хуцдаг юм гэж ярьж байж билээ.

-Мянхай баатрын дүрээр тань хүмүүс мэддэг. Үлгэрт гардаг баатар шиг “том цагаан хүрзэн шүдтэй” гэдэг дүрслэл санаанд буудаг Мандхай дээр та чулуу шиг хатуу боорцог тас хаздаг шүү дээ. Тэр үнэхээр тийм хатуу байсан уу?

-Хатуу ааруул байх нь байсан. Зөөлөн нь ч байсан. Богцон дотор янз бүрийн юм холиод хийчихсэн байв. Хальсны кино болохоор хоёр, гурван дубль авдаг. “Хальс үнэтэй, та нар хальс үхүүллээ гэж найруулагч аашилна л даа. Би бол эхлээд нэг үзсэн. Хоёр үзсэн. Н.Сувд эгч л надад авч өгөөд байсан юм. Хатууг нь хазахаар нэг л сайн болж өгөхгүй л байсан юм билээ. Би бол боломжоороо л хазаж, боломжоороо л тоглож байна гэж бодсон. Гурав дахь дубль дээр нэг ааруул аваад өгсөн зөөлөн байж таарсан. Хазаад “Та надад буруу юм аваад өгчихлөө” гээд хөхөрч байсан. Тэр зургийг л авчихсан байна лээ.

-Таны шүд хэрийн хатуу юмыг даана байх даа?

-Би хатуу аарууланд дуртай. Пивоны бөглөөг шүдээрээ л онгойлгочихдог шүү дээ.

-Мянхайд тоглосны дараа шүтэн бишрэгчдийн захидал хүлээж авсан уу?

-Надад тэгж захиа бичээд байсан хүүхэн байхгүй ээ. Хүмүүс ярьдаг л юм. Манай Б.Балжинням найруулагч хүртэл ярьж л байсан. Японд киног гаргахад Мянхайг харчихаад, япон хүүхнүүд хүртэл “унаж тусаад” байсан шүү дээ гэж байсан юм.

-Эхнэр чинь таныг дэлгэцнээс хараад яаж хүлээж авсан бэ?

-Сайхан л хүлээж авна шүү дээ. Манай эхнэр хөгжим тоглодог, дуулдаг байсан. Аравдугаар ангид байхад нь би танилцсан юм. Хар нялхаасаа танилцаж, ханилсан. Намайг кинонд тоглоход хамгийн дуртай байсан. “Аянгат цагийн дууль” кинонд Урнаа бид хоёр тоглодог. Нэг оронд ордог хэсгийг хүртэл манай эхнэр үзээд, ер тоохгүй байсан.

-Та сүүлийн үеийн кинонд харагдаад байгаа. ”Нийслэл хүүхэн-2” дээр та Ажаагийн найз залуу болсон юм уу?

-Тийм л юм шиг билээ. Энэ жил дөрвөн кинонд орчихов уу даа. “Хотулун гүнж” кинонд Бүргэд баатрын дүрд тоглосон. “Нийслэл хүүхэн-2”-т Ажаагийн найз нь, багын найз нь л даа. Багадаа л дурлаж байсан байхгүй юу. Тэгээд яасан байгаа юм. Кинон дээрээ гарах байлгүй дээ. Төв аймгийн театрын залуус хийсэн “Аргалын утаат нутаг” кинонд бас жижигхэн хэсэгт орсон. “Зүсэм зүрх” гээд кинонд бас жаахаан хэсэгт орсоон. Намайг чадахгүй бол хүн гуйгаад байна гэж байхгүй шүү дээ. Өгсөн юмыг нь болгочихоод байгаа юм байлгүй дээ л гэж боддог шүү дээ.

-“Хотулун гүнж” дээр Бүргэд баатрын дүрд тоглосон. Залуудаа баатрын дүрд тоглож байсан. Нас ахисан хойноо ч баатрын дүрд тоглоход сайхан байх л даа. Гэхдээ танаас арай өөр арга, ажиллагаа шаардсан уу?

-“Мандхай сэцэн хатан”, “Ану хатан”, “Хотулун гүнж”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “2000” гээд нийтдээ таван түүхэн кинонд тоглосон юм байна шүү дээ. Ихэнх нь баатруудын дүр л дээ. Баатрын дүр дээр ажиллагаа хэцүү нь хэцүү. Ер нь би байгаагаараа, өөрийнхөөрөө л тоглодог хүн шүү дээ. Хүн өтөлсөн ч гадна төрх хадгалагдана. Хүний сэтгэл бол өтлөхгүй. Дотоод сэтгэлээрээ дүрээ зохиолтой холбож гаргахыг боддог. Нас ахиад ирэхээр хөдөлгөөн удаашраад ирнэ. Агсаж байгаа зэр зэвсэг, хувцас байгаагаараа л байгаа. Мандухайд тоглож байхад би 32 кг хувцас өмсөж байсан шүү дээ.

-Та урлагийн хүний хувьд өөртөө анхаарал тавьдаг уу?

-Уран бүтээлч хүн гэдэг үүднээсээ нүүр амандаа шарх сорви авахгүй байхыг хичээдэг. Өөрийгөө аятайхан авч явах гэж боддог. Малын эмчийн ажил бол хүнд. Үхэр малтай ноцолдоно. Түүнээс биш илүү дутуу хэрэглээд байх юм үгүй. Зарим улсууд “Мянхай ах та хэвээрээ байна” л гэдэг юм. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээжийн буянаар өнөөдөр гайгүй харагдаж байж мэднэ. Хоол ундны тал дээр элдэв янзын ногоо хэрэглэдэггүй. Миний нэг зээ бас тийм. Газтай ундаа ч хэрэглэхгүй. Биднийг хүүхэд байхад хэрэглээд байхаар нэг их юм байгаагүй л дээ. Одоо бол долоон шидийн юм их гарсан учраас янз бүрийн юм нэг их хэрэглэдэггүй. Тосонд чанасан боорцгоо идээд, мах гурилтайгаа иддэг. Хааяа л дайлдаг цайлдаг газар орволтэр бүгдийг нь иднэ, иднэ.

-Та Өвөрхангайн Баянгол суманд Онги голын хөвөөн дээр амьдардаг. Онги голыг хамгаалах хөдөлгөөн гээд нэг хэсэг эрчтэй явсан. Таны амьдардаг хэсэгт Онги гол ямархуу байгаа вэ?

-Онгийн гол нэг хэсэг байхгүй болсон, ширгэсэн. Уянгад алтны уурхай ухагдаж ирээд, тэндээс эх авдаг байхгүй юу. Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн долоон сумаар дайрч урагшаа Улаан нуур гэдэгт очиж цутгадаг юм. Монголын ганц урагшаа урсдаг гол гэдэг шүү дээ. Нэг хэсэг алт ухаж байх үеэр Онги гол ширгээд байхгүй болсон. Онги голын хөдөлгөөн өрнөж, Ц.Мөнхбаяр гэж залуу тэргүүлж, тэдний тэмцлийн үр дүнд Онгийн гол одоо бол сайхан байгаа.

-Та хөдөө амьдардаг ч сошиалд идэвхтэй байдаг юм шиг ээ. Сошиалд хэр их цаг өнгөрүүлдэг вэ?

-Би утсаар ярих, мессэж бичихээс өөр юм бараг мэдэхгүй ээ. Шейрлээд авч л мэднэ. Пост бичиж мэдэхгүй ээ.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө зургаа хагас гээд л босчихдог. Үхэр мал тэжээж байгаа болохоор долоон цаг гээд очно. Өвс тэжээл бордоо гээд бүх юмыг нь эмхлүүлж байтал найман цаг болно. Тэгээд хашаа хорооноос нь гаргаад, өдөр харна. Орой бас долоон цаг гээд ажил дуусна. Энэ бол миний хувийн ажил л даа. Мал эмнэлгийн ажилтай үед бол өглөө зургаан цагаас шөнө 12 цаг хүртэл ажиллана шүү дээ. Сая шүлхийн вакцин ирэх сурагтай. Гэрэл гэгээ тавьж байгаад л ажиллана. Хаврын тарилга, туулганд явахдаа бүтэн сараар харихгүй. Мал ихтэй, багийн айл олонтой. Одоо харин хоёр, гурван эмчтэй болоод арай гайгүй болоод байна. Эхнэр бид хоёр малын эмч, охин малын эмч. Охины охин энэ жил төгсөнө.

-Та малын эмчийн дүр бүтээгээгүй байх аа?

-Үгүй. Бүх байгууллагууд кино хийлээ. Багш, хүний эмчийн, цэргийн тухай кино хийлээ. Мал эмнэлэг, малын эмчийн тухай кино гараагүй байгаа юм. Ноднин над руу Мал эмнэлгийн 100 жилийн ойгоор кино хиймээр байна гээд ярьсан. Зохиол нь бэлэн болоод Б.Нагнайдорж найруулагчид өгсөн гэсэн. Одоо чимээ алдарлаа. Корона гээд тэгсэн байх л даа. Хөрөнгө мөнгөний асуудал байгаа юмшиг байна лээ.

-Та малын эмч, бас кинонд тоглодог, дуулдаг. Өөр нууц авьяас байдаг уу?

-Сантехникийн ажил хийнэ шүү дээ. Уурын зуухны механик хийж байлаа, гахай маллаж байлаа, малын эмч хийж байна. Дуулж явлаа, жүжиглэж байлаа. Машин тэрэг бариад мал эмнэлгийн бүх л ажил хийдэг байсан. Хүүхдүүд малын эмч болоод гайгүй болсон. Толь Гэндэн шиг л хийхгүй ажил байхгүй л явлаа.

-Таны дуулсан бичлэгийг сошиалд харсан. Та найранд гурван дуутай, наадамд гурван даваатай явсан биз?

-Тийм шүү дээ. Хүүхэд байхдаа барилдаж байсан. Хүү маань СУИС төгссөн. Дуулаачаар төгссөн. Тэр их сайхан барилдаж байсан даа. Том хүүгийн охин штанг өргөөд байна. Хүүхэд байхаас мөрөөдсөн мөрөөдөл маань биелээд явж байгаа. Малын ажлаа хийгээд, хөдөө байх дуртай. Би чинь гэр амьтай, хөдөө нутагтаа мал хуйгаа эмчлээд, жилд амралт маягаар кинонд тоглоод явах сайхан шүү дээ. Сүүлийн үед үхэр өсгөж байгаа.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-“Нийслэл хүүхэн”-д тоглолоо. Бат-Өлзийн Тамирын хийх гээд байгаа Хүннү гүрний тухай гурван бүлэгтэй, 30 ангитай түүхэн кинонд бас нэг ахмад баатрын дүрд тоглох санал ирсэн.

-Танай нутгийнхан таныг “Нийслэл хүүхэн”-д ямар дүр бүтээсэн гээд асуугаад байсан гэсэн үү?

-Асууна аа. “Та нар өөрсдөө л үз” гэдэг юм. Энэ улсууд “Нийслэл хүүхэн” киног их үздэг юм байна шүү дээ. “Хоёрдугаар хэсэг нь хэзээ гарах вэ” гээд байнга асуугаад байсан. Одоо нэг санаа нь амарцгааж байгаа байлгүй дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Ганхүү: Л.Жанчивдоржийн маань ээж ”Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж билээ || DNN.mn

Багш, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүүтэй ярилцлаа.


-Та “Шийдсэн охид” кинонд тоглосон байна лээ. Энэ тухайгаа яриач?

– Сүүлийн үед хүүхдийн кино хийгээд байгаа Д.Болорцэцэг найруулагч энэ киног хийсэн юм. Яаж биднийг цуглуулах санааг сэдсэн юм, дандаа Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан А.Цэгмэд, би, Б.Туяа, П.Долгорсүрэн бид хэд тоглосон юм. Бие биедээ туньдаг, айлгадаг, найзалдаг, тусалдаг, халуун сэтгэлтэй найз авгай нарын үерхлийн тухай кино юм. Ийм хөгшин авгай нар нэг дор гардаггүй болохоор сонирхолтой байсан байх л даа. Энэ далимаар бид харин сайхан уулзаад, театраа яриад, уйлж дуулаад сайхан байсан шүү дээ.

-Та нар амьдрал дээр ч найзууд гэсэн үү?

-Амьдрал дээр ч Туяачка, А.Цэгмэд, П.Долгорсүрэн бид хэд найзууд байхгүй юу. Харин С.Сарангэрэл биднээс залуу, сүүлд ирсэн хүүхэд. Би ерээд оны эхээр театраасаа гараад явсан, СУИС-д багшилж байсан шүү дээ. Нэг театрт ижилхэн уран бүтээл хийж байсан. А.Цэгмэд бид хоёр эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Янз бүрийн дүрд тоглож байсан улсууд байхгүй юу даа. Хөдөө бригадаар улсын төлөвлөгөө биелүүлэх гэж их явж байлаа шүү дээ.

-А.Цэгмэд гуай та хоёрыг хүмүүс их андуурдаг гэсэн үү, хөгтэй тохиолдол их байсан уу?

-А.Цэгмэд бид хоёр хоёулаа эрэгтэй дүрд гүйж байсан болохоор ч тэр үү хөдөлгөөн, яриа хөөрөө төстэй юм байлгүй дээ. Ерөнхийдөө нүүрний хэлбэр ч ойролцоо шиг байгаа юм. Манай Цэкү гимнастикийн спортын мастер юм чинь надаас гялалзуур хүүхэн шүү дээ. Гэхдээ бид хоёрыг энд тэнд явахад андуурдаг юм. Намайг “А.Цэгмэд эгч ээ, гарын үсэг авъя, зураг авахуулъя” гэдэг. Заримдаа “Эгч нь биш” гэдэг. Хааяа ялгааг нь хэлж өгдөг. Намайг хэд гурван дуу аяладаг болохоор тэрүүгээр маань бас таньдаг. Манай А.Цэгмэдийг хөдөө гадаа явж байхад бас андуурдаг гэсэн. “Та чинь сайхан дуулдаг шүү, дээшээ суу” л гэж гэнэ. Тийм мэтийн андуурч эндүүрсэн юм олон байдаг юм аа. Хүүхэд, залуучуудын театрт бид тувт л хамт байсан даа. Бригадаар явж байхад хөгжилтэй юм их болно. Манай Цэкү гялалзуур. Заримдаа бид өдөрт олон тоглоод ядардаг. “Алив шуурах уу” гэдэг байхгүй юу. Тэгээд шуураад, 120 минутын юмыг 50 минутад гялалзуулах удаа байсан. Энд ч таньдаг айл, хамаатны хүн урьсан шүү гээд хэдүүлээ будгаа хальт арилгаад, ум хумгүй л айлдаа очно.

-Л.Жанчивдорж гуайтай хамт тоглож байв уу?

-Л.Жанчивдоржтойгоо олон уран бүтээлд хамтарч тоглож байсан. Цаадах чинь нүүрээ будчихаад, тайзан дээр гоё буржгар үстэй, ганган залуу гарна шүү дээ. Бид хоёр аав, хүү ч болж тоглож байлаа. “Гэгээ” гээд жүжигт Л.Жанчивдорж миний аав, хошуу ноён болдог. Хошуу ноён залуудаа миний ээжтэй учир ургуулж байсан юм байна л даа. Бүсгүй харин хүүхэдтэй болсноо ноёнд хэлээгүй. Сүүлдээ нөгөө хүүхний хүүхэд нь бас бус юман дээр цор цор хийгээд ноёны уурыг нь хүргээд, байхаар нь зодуулж, байгаад алчихдаг юм.

-Ээж нь энэ жүжгийг үзчихээд их дурамжхан байсан гэсэн үү?

-Тийм ээ. О.Бат-Өлзий энэ тухай бичсэн байгаа биз дээ. Манай театрын хаврын урлагийн бригад Хөвсгөлийн Галт суманд очиж тоглосон юм. Бригадын ахлагчаар туслах найруулагч Ш.Вандансэнгээ явсан. Энэ сум манай Жааяагийн төрсөн нутаг. Жааяа найруулагчаас хэдэн урилга гуйсан чинь барагтай бол урилга өгдөггүй зарчимч хүн мөртлөө “гараа гаргаж”, 20 урилга өгсөн байгаа юм. Нөгөөдхөө нутгийнхандаа тараагаад, ээж нь ч очиж, жүжиг үзсэн юм билээ. Жүжгээ тоглоод, орой ээжийнд нь ирцгээсэн. Хонь гаргачихсан, хачин сайхан дайлна шүү дээ, манай хөдөөгийнхөн. Ш.Вандансэнгээ найруулагч “За, жүжиг ямар санагдав” гэсэн чинь ээж нь “Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж. Жааяа “Ха ха. Энэ чинь жүжиг шүү дээ” гэж тайлбарлаж, биднийг бөөн инээдэм болж байхад настай ээж нь миний ээжид тоглосон Ц.Цолмон бид хоёрын гарыг атгаад, хааяа дух үнэрлэж “Эвий эвий” гээд сууж билээ. Хөдөөгийнхөн тийм үнэнчээр юм үздэг.

-Л.Жанчивдорж гуай танд бас зөвлөгөө өгч байсан гэл үү?

-Хүнд гэмгүй,зөөлөн сайхан хүн байсан даа. Бид хоёр партнёрлож юм юманд тоглодог байлаа. Залуу байхад ч сайхан шүү дээ. Манайхан хоол идчихээд нүүр амаа сэргээж будна. Би байхгүй, өглөө пудр түрхчихээд тэр чигтээ явдаг. Сормуусаа харин буддаг. Залуудаа гоё нүд, сормуустай байсан шүү дээ. Тэгээд л болчихож байгаа юм. Тэгсэн чинь Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байсан эгчид маань Жааяа хэлсэн гэсэн. Театрт надтай уулзах гээд ирэхэд нь “Танай дүү чинь сайн жүжигчин, дажгүй хүүхэн. Аятайхан гоё хувцас авч өмсөж бай гэж хэлээч” гэсэн юм билээ. Би хамаагүй явна л даа. Эрээн даавуугаар юухэн хээхэн хийгээд өмсчихдөг. Залуу насаараа л гоёдог байж дээ. Ялангуяа бригадаар явахад бид бөөн тоос шороон дунд явдаг юм чинь. Би өвгөнийхөө томдсон пиджак өмсөөд, бакал углачихдаг байлаа. Бид чинь аймгийн төв орж байж л усанд орно шүү дээ. Очиж очиж Жааяа тэгж хэлж байсан. Одоо ч бодохоор инээд хүрээд байдаг юм.

-Таны “Эхийн ач” гээд дуун дээр эгч тань хөгжимдсөн үү, их төстэй харагдсан?

-Тийм. Муу эгчтэйгээ дүрээ үлдээчихье гэж бодсон. Би чинь өргөж авсан, төрүүлсэн хоёр сайхан ээжтэй, хоёр сайхан аавтай. Сайхан ээж нарынхаа дурсгалд зориулаад, өөрийнхөөрөө аялачихъя гэсэн юм.

-Та “Саруул талын ерөөл” кинонд уран зохиолч Балбарын эхнэр хи хи инээж гэдгэнэж годгоносон, хүрээний аальгүй хүүхний дүрийг хэдхэн хоромд гоё харуулсан байдаг даа. Та залуудаа гоё хүүхэн байжээ?

-Хүн болгон л залуудаа гоё байдаг шүү дээ. Би бас гайгүй байсаан. Р.Доржпалам найруулагчийн кино л доо. “Д.Нацагдоржийн зохиол Хи хи жүжгийн аалигүй хүүхэн шүү чи” гэж надад хэлсэн юм. Гурван хүүхэн утга учиргүй хөхрөлдөөд байдаггүй юу. За би тэр л юм байна даа гэж бодсон.

-Залуу байхад чинь дэлгэцийн гол дүр өгсөн бол таныг бүх хүн таньдаг болох байж дээ гэж бодогдлоо?

-Баярлалаа миний дүү. Тэр үед чинь улсын төлөвлөгөө биелүүлэх учиртай. Театрынхаа гол жүжигчдийг кинонд өгдөггүй байсан юм. Дөрөв, таван киноны саналыг хүлээж авч чадаагүй. Тэр харамсалтай юм болсоон. Өдий хүртлээ 50-иад жил жүжигчин хийсэн ч хүн мэдэхгүй байгаа юм чинь. Одоо бол эмээ, ээжийн дүрд гардаг юм чинь намайг яаж мэдэх юм. Зурагтаар л гарахгүй бол тэр үнэтэй юмыг чинь хөгшчүүл үзэхгүй шүү дээ.

-Нөхөр чинь таныг аальгүй хүүхний дүрд тоглосон гээд ичээд байсан гэл үү?

-Тэгсэн шүү дээ (инээв). Манай хөгшин залуу байсан. 1984 оны кино шүү дээ. Багш нар нь танай авгай ингэж тэгж харагдлаа гээд хэлэхгүй юү. Над дээр ирээд “Чи хачин юманд тоглох юм” гэж байсан. Манай СУИС-ийн багш миний инээдийг задлаад хичээл дээрээ зааж байсан.

-“Шийдчихсэн охид” гэснээс амьдрал дээр та бүр шийдээд зүтгэсэн тохиолдол байсан уу?

-Амьдрал дээр тийм юм их тохиолдоно шүү дээ. Би охиноо алдчихаад, охиныхоо дурсгалд зориулсан кино хийхээр шийдсэн юм. Яг киногоо хийх гэхээр мөнгө байхгүй. Багш, арын албанд л ажиллаж байсан юм чинь. Яаж кино хийе дээ гэж бодож байсан. Заавал хийнэ гэж бодож зүтгэсэн. “Хувь заяаны тойрог” киногоо Г.Бандицэрэн шавьтайгаа хамтарч зохиолыг нь бичиж, найруулсан. “Амилсан хайр” гээд хоёр ч киног охиныхоо дурсгалд зориулж, спонсорлож, өөрөө гол дүрд нь тоглож, олон сайхан шавь нарынхаа хүчээр хийсэн. “Амилсан хайр”-аа өөрийн шавь Д.Цогтбаатар гэж найруулагчтай хамтарч бичсэн юм. Маш их зориг тэвчээр, ухаан зарж байж энэ киног хийсэн шүү. Кино хийнэ гэдэг амаргүй. Сүүлийн үед бас хөгширчихөөд олон сайхан дуучдын дэргэд ичихгүй бас ганц нэг дуу аялаад байна аа.

-Арай хожуу дуулах авьяасаа гаргав уу даа?

-Эвий дээ, эвий. Яах вэ. Би завгүй ажилтай байсан юм. Сургуулийн сургалтын албанд ажиллаж байхдаа бүх юмаа хариуцдаг. 1991 онд лаборантаас эхлээд, деканы нарийн бичиг болоод, сургалтын алба болоод явчихсан чинь асар их ажилтай болсон. Өглөө хамгийн эрт ирнэ, орой хамгийн орой явдаг. 2013 оноос л дан багшийн ажлаа хийсэн. Түүнээс өмнө сургалтын ажилтай хавсарч явсан. Тэгээд багшилж эхэлсэн чинь сайхан зав гардаг юм байна. Одоо би юу хийх ёстой билээ гэж бодож байгаа юм. Тэгээд л дуу дуулъя гэдэг бодол надад орж ирсэн юм. Энэ бас их зориг шүү дээ (хөхрөв). Би огт зүгээр байдаггүй. Тувт кинонд ордог. Жижиг жижиг дүрүүд бүтээнэ. Гэхдээ жижигдэхгүй шүү дээ, хөөрхөн ажилтай. Туслах дүрийн тусламжтайгаар гол дүр амилдаг юм шүү дээ. Аль ч дүр нь ялгаагүй л дээ. Цаг хугацаа орно. Бас бодно. Үгээ тогтооно. 2021 онд би арван кинонд орсон. Клип, шторк зөндөө юманд ордог. Бидэнд ажил мундахгүй шүү дээ. Одоо ч хоёр киноны урилга ирсэн байна. Гол дүр биш л дээ.

-Та 70 гаруй ээжийн дүрд тогложээ. Дүрээ хооронд нь ялгаруулах гэж хичээдэг үү?

-Би 70 гаруй киноны дүрд орсон. Тайзны бүтээл 60-70 юм даа. Радио телевизэд кинонд дуу оруулдаг, телевизэд уншлага хийдэг байлаа. Ялгаруулах гэж хичээнэ. Үрчгэр нүүр чинь өөрчлөгдөхгүй хэцүү юм. Гэхдээ ихэвчлэн ижил хэмжээний ээжийн дүр ирээд байдаг. Тухайн үед юу өгүүлэх гээд байгаа юм гэдгээ ойлгож аваад түүгээр нь л явчихдаг. Өөр яах вэ дээ. Түүнийг чинь жүжигчний хэлээр бол өгөгдсөн нөхцөл гэж ярьдаг юм. Дүрдээ ороод л явчихна.

-Жүжигчин болсны хэрэг гарлаа даа гэж бодож байсан үе чинь хэзээ вэ?

-Сайхан жүжигт тоглоод, зритель сайхан алга ташиж байх үед л сайхан. “Гэгээ” жүжгийг үзээд хүмүүс их л алга ташдаг байлаа. Манай Хүүхэд, залуучуудын театрынхан Германы гурван хотод тоглосон юм. Би гол дүрийн эрэгтэй туулайд тоглож байсан. Дараа нь Болгар улсад явж тоглосон. Бас л гол дүрд нь тоглож байлаа. Тэгэхэд бас л гоё байсан даа. “Жүжигчин гэдгийн ид хавыг үзэж байна даа, урлагийн буянаар олон сайхан оронд явж байна даа” л гэж бодогдож байв. Тэр хөөрхөн шонхойсон хүүхдүүд чинь баглаа баглаа цэцэг өгөхөөр ай бас хөөрхөн шүү.

Пижигнэтэл алга ташна. Тэр бол хамгийн том баяр. Германы нийслэл Берлинд тоглож байхад нэг хөөрхөн хүү чихмэл цагаан цэнхэр бамбарууш өгсөн нь одоо ч байдаг. Ач нараа “Жаахан тогловол тогло, битгий муухай болгочихоорой” гэдэг. Хүү маань “Ээжийн хайртай тоглоом” гэдэг. Монголд тоглож байхад тийм их цэцэг, тоглоом өгдөг байсан биш дээ. Анх удаа тэгэхэд тэвэр дүүрэн цэцэг авч билээ. Тухайн үед манайхан тиймэрхүү юмандаа маруухан байлаа шүү дээ. Гоё л юм билээ. Манайхыг бодвол хөгжилтэй орон байсан. Зочид буудалд дөхөөд очиход хаалга нь нээгдэхэд үлгэрт гардаг шиг гэж бид хөхрөлдөж байлаа шүү дээ. Нүд нээгдэж, ээж аав, найз нөхдөдөө сонин сайхнаа хуучилж байв. Урлагийн буян их шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

В.Баттулга: Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа || DNN.mn

Зууны манлай хос дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулгатай ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү...

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв…

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”… хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог

СТА, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?

-Юуны түрүүнд “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.

-Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.

-Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.

-“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол…

-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.

-Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?

-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.

-Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?

-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.

-Тайзаа санаж байна уу? -Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.

-“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?

-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.

-Оногдсон дүрээр амьдрахад юу чухал вэ?

-Судалгаа хамгийн чухал, найруулагч Батсайхан ах маань “Жүжигчин хүн гэдэг өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг сайн хадгалдаг” гэж хэлж байсан. Хадгалаад тогтоож авсан хүн сайн уран бүтээл гаргадаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл, би аав нь өнгөрч байгаа дүрд тогловол хэрвээ Эрхэмээ байсан бол яах вэ, аавыгаа өнгөрч байгаа дурсамжийг дотроо бодож, мэдэрч тогтоож үлдэнэ. Уран бүтээлчид нас ахих тусам сайн уран бүтээл гаргадгийн учир тэр байх. Мэдэрч, тогтоосон дурсамжуудаа онолтойгоо холбоод сайн уран бүтээл гардаг. Бүх л дүрд эд эсээ шатааж, судалгаа хийж л тоглоно доо.

-Таны мөрөөдлийн дүр ямар дүр вэ?

-Яг үнэндээ надад энэ дүр дээр л тоглочих юмсан гэдэг мөрөөдөл байдаггүй. Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог. Тэгээд л түүн дээрээ сайн ажиллахыг хичээнэ.

-Гэр бүлийнхээ хүнтэйгээ кино хийх гэж байгаа гэсэн. Гэр бүл гэдэг утгаараа догдолж байна уу, та?

-Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ ажил, амьдрал хоёрыг ялгаад сурчихсан даа. Шинэ уран бүтээл дээр найруулагчаар ажиллана, дүр бүтээхгүй.

-Таны багш “Жүжигчин хүн зорилго тоглодог юм” гэж хэлдэг байсан гэж уншсан. Ер нь таны амьдралын зорилго юу юм бэ?

-Туйлын бөгөөд үндсэн зорилго бол эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрах. Зорилго гэдэг үгэнд хүрэхийн төлөөх бодлууд маань л сайн сайхан руу хөтлөдөг байх. Жишээлбэл, би үргэлж хүний итгэлийг алдахгүй илүү хичээх юмсан гэж бодож явдаг. Хэн нэгэн магтахад, шүүмжлэхэд хүлээж авч илүү их хичээх хэрэгтэй.

-Таныхаар Монголын урлагийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Камертай болгон кино хийж, бараг хүн бүр кино найруулж байна. Нэг талаараа зөв л гэж боддог, хийгээд л, үзээд л байх хэрэгтэй. Тэгж байж үзэгчид ч, уран бүтээлчид ч хөгжинө. Өрсөлдөгчгүй бол хөгжихгүй шүү дээ. Гадны кино наадмуудаас яагаад монгол кино шагналыг нь аваад байгаа юм. Монголчууд мөнгө өгч лав аваагүй байх, тэгэхээр гадныхан үзэж байна, хөгжиж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Төмөрбаатар: Одоо би залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу, одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. “Гэм зэм” жүжгээс өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Одоогоор найруулагч М.Батболдын найруулга дор Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Энэ жүжиг гуравдугаар сарын 28-наас тоглоно. Ф.М Достоевскийн хоёр зуун жилийн ойн хүрээнд бүтээсэн “Гэм зэм” жүжиг үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 4-27-ны хооронд тоглохоор болсон. Үзэгчдийн хүсэлт учир зайлшгүй тоглох ёстой, мөн өмнө нь 100 мянган төгрөгөөр тоглож байсан бол энэ удаа 50 мянган төгрөгөөр тоглох гэж байна. Чанар, тоглолтын өөрчлөлт байхгүй, гол дүрүүд маань бүгд хэвээр, туслах дүрд тоглож байсан хоёр хүн өөрчлөгдсөн.

-Жүжгийг хэр удаан бэлтгэсэн бэ?

-Наймаас арваннэгдүгээр сар хүртэл гурван сар ажилласан.

-Бусад жүжигтэй харьцуулахад гурван сар урт хугацаа юу?

-Энэ бол постдрамын жүжиг, монголоор чөлөөт сэтгэлгээ гэх юмуу даа. Мань мэт нь ойлгохгүй жаахан удсан (инээв). Учир нь би чинь социализмын үеийн “Соц” реалист урлагийн бүтээгдэхүүн шүү дээ. Реализм бол буруудах юм байхгүй.

-Та жүжгээ удаан ойлгосон гэв үү…

-Тийм, найруулагчтайгаа олон цаг ярьж сууж, нэлээд цаг зарцуулж байж ойлгосон. Өөрөөр хэлбэл М.Батболд гэдэг найруулагчийн төгссөн сургуулийг Төмөрбаатар гэдэг хүн энэ жүжгээр бага ч гэсэн төгслөө гэж ойлгож байна. М.Батболд “Гэм зэм” жүжгийг тавьснаараа, бид тоглосноороо, үзэгчид үзсэнээрээ Монголын урлагт цоо шинэ шугам гарч ирж байна. Энэ шугам Монголын урлаг, тэр дундаа тайзны урлаг шинэчлэгдэх ёстойг хэлж өгч байгаа юм. Хэзээг хүртэл 1950, 1960-аад оны үеийн хэлбэрээр байх юм бэ, жүжигчид, найруулагчид үүнийг ойлго, сонго гэдгийг хэлж байна.

-Та жүжгийн дүрийнхээ гол утга, агуулгын талаар ярихгүй юу?

-Уг жүжгийн хувьд би баян чинээлэг газрын эзэн, Дуня гэдэг бүсгүйд дурлаад эхнэрээ бас бус хүмүүсийг хорлож байгаа дүрд тоглосон. Амьд ахуй насандаа өөрөө хор хийгээгүй ч, хортой нөлөөтэй явсан хүн. Сүүлд нь надаас болж хүмүүс ийм байдалд хүрсэн юм байна.

Ер нь муу нэртэй, муухай зүстэй хүн дурлаж болдоггүй юм уу. Тэр хүн хайрлуулахыг хүсэхгүй байна гэж үү, та нарын дунд эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн бий юү, та нар хүнд хайрлуулах гавьяатай хүмүүс мөн үү, бүгд нүгэлтэй улсууд шүү дээ, яг надтай ижил. Чи нүгэл хийсэн бол тэр нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой, миний хувьд нүглийн төлөөс маань их том учраас би өнөөдөр энэ амьдралаас явах ёстой, ийм л дүр.

-Жүжигт залуу жүжигчид олон харагдсан. Залуустай хамт ажиллахад тэдний хандлага ямархуу байна?

-“Гэм зэм” жүжигт хамгийн ахмад жүжигчин нь байлаа. Залуу жүжигчдэд хэлж ярих зүйл маш их байсан, хэрээрээ л тусалж, дэмжиж найз нөхөд шиг, эхнэр нөхөр шиг, аав, хүү хоёр шиг гээд атгасан гар шиг л байж энэ жүжгээ гаргасан. Нэг дүр нь тайзан дээр ажиллаж байхад бусад нь бодлоо хэлж найруулагчтайгаа яриад тэр дундаас дүрийнхээ гол шугамыг гаргаж ирдэг. Жүжигчин хүн гэдэг найруулагчийн өмнө баримлын шавар байх ёстой гэдэг л дээ. Баримлын шавраар найруулагч ямар дүр бүтээнэ тэр рүү л явна, жүжигчин хүн зөвхөн дотор нь юу байгаа вэ гэдгийг л гаргах ёстой.

-Сүүлийн үед кинонд тоглож байна уу?

-Өнгөрсөн онд хоёр кинонд тоглосон. Нэг нь “Миний муу найз” гэдэг киноны гол дүр, нээлтээ хараахан хийгээгүй. Халх голын сангийн аж ахуйд зургийг нь авсан. Малчин хоёр найз өвгөн, тэд гурван хүү, гурван охинтой. Өсөхөөсөө өтлөх хүртэл хамт байгаа ч яриа нийлдэггүй ёдор өвгөчүүл. Миний гурван хүү, танай гурван охиныг тоохгүй ээ, миний гурван охин ч танай гурван хүүг тоохгүй ээ гэж ярьсаар киноны төгсгөлд зургуулаа хоорондоо суугаад, нэг нь алуулах шахаад яг тэр мөчид би чамд хайртай шүү дээ, чи насаараа хамт байчихаад намайг орхиж яваад байхдаа яадаг юм, явбал хамтдаа явна гэж ярьдаг биз дээ гээд уйлаад сууж байгаа өвгөчүүлийн нөхөрлөлийн тухай кинонд ажилласан.

-Таны хувьд дэлгэц, тайзны уран бүтээл юугаараа өөр вэ?

-Тэс өөр шүү дээ, хамгийн наад зах нь амьд ба амьд бус харилцаа. Дэлгэц дээр болоод өнгөрсөн юмыг л хараад байгаа, харин тайзан дээр жүжигчинтэйгээ хамт уйлж, дуулж, гасалж, инээдэг. Тийм учраас жүжигчин үзэгчдийг байлдан дагуулахад илүү дөхөм байдаг. Кинонд тоглоход хариуцлага өндөр. Бага зэргийн алдаа гарахад л засч болохгүй.

-Нэг жүжгээ өдөр бүр анх удаа тоглож байгаа юм шиг тоглоход ямар нэг “жор” байдаг уу?

-Зүгээр л өнөөдрөөрөө тоглодог. Өнөөдөр миний сэтгэл зүй, оюун ухаан, орчин тойрны болж буй үйл явдал ямар байгаагаар л тоглодог. Би өнөөдөр тоглоод маргааш үхчихэж магадгүй.

-Киноны саналууд ирж байна уу?

-Сүүлийн үед нэлээд санал ирж байгаа. Гоо сайхны мэс засалд ороод удаагүй болохоор энэ жилдээ кинонд тоглохгүй.

-Гоо сайхны мэс засалд орох шийдвэрийг гаргахын тулд удаан бодсон уу?

-Үрчлээгээ хараад нэг татуулчих юмсан, арилгах арга байдаг болов уу гэж боддог л байсан, нэг их удаан бодоогүй ээ. Эмнэлэгтэйгээ хамтраад Төмөрбаатар гэдэг хүнд бүрэн капитал засвар хийнэ гэж зорьж байгаа. Ганцхан нүүр царай ч биш зүрх судас, бөөр, элэг, түрүү, нойр булчирхай, хүзүүний арьс татуулах, хөмсөгний үс суулгах, шүд цайруулах гэх мэт бүх эрхтэнг орчин үеийн техник, эмчилгээний аргаар капитал засварт оруулна гэсэн юм. Би үүнд их дуртай байгаа.

-Таны охидоос урлагийн салбарт орж байгаа хүн бий юү?

-Том хүү Т.Анар найруулагч, жүжигчин, охин Т.Энхжин маань бүжигчин. Эхнэртэйгээ ханилаад гурван хүүхэдтэй болсон. Том охин маань олон улсын эдийн засагч, дундах нь одоо төгсөх анги. Жүжигчин болно, бэлтгэж байгаа. Бага хүү маань есөн настай. Өөрөө бол цагдаа болно л гэдэг юм, яг мэргэжил сонгоход яахыг таашгүй. Би бол жүжигчин болгох юмсан гэж боддог.

-Удмаа таслах ёсгүй гээд үү?

-Тэгэлгүй яахав, гэр бүл гурван үеэрээ урлагийн төлөө зүтгэнэ гэдэг ховорхон завшаан. Би дүү Ц.Төмөрхуяг, эгч Ц.Уртнасангаараа бахархдаг. Миний эгч бол мундаг төгөлдөр хуурч эмэгтэй. Бидний аав ч гэсэн ямар мундаг хүн байсан билээ дээ. Тиймээс энэ хүний нэр төрийг унагахгүй юм шүү гэж хичээж, эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнээ баясгая л гэж боддог. Эцэг хүнийхээ хувьд “Үр хүүхдүүдээ зөв яваарай. Чиний ард ийм удам байгаа шүү. Тийм удмын хүн шүү” л гэж захидаг.

-Том хүүдээ урлагийг санал болгосон уу?

-Манай хүү уг нь барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн жил цэрэгт явж ирээд “Аав аа, би жүжигчин болмоор байна. Миний судсаар өвөөгийн цус гүйгээд байх шиг байна” гэж ярьж байсан юм. Гэтэл удалгүй “Улаан эрэг” гээд кинонд айхтар тоглосон байсан. Тэгээд л найруулагчаар сурсан. Төгсөөд гурав дахь киногоо хийчихэв үү дээ.

-Энэ жилдээ кинонд тоглохгүй гэлээ. Мэс засалд орчихоод яг ийм киноны ийм л дүрд тоглоно гэсэн зорилго байв уу?

-Байхгүй, өөрөө хийнэ гэж бодсон хэд хэдэн кино төсөл бий. Бөх, архины тухай болон баримтат хоёр ч кино байна. Өөрөө дүрс гарахгүй юм чинь киноны ард найруулж болно. Өвгөнөөс өөр залуу дүрд, залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна. Хүмүүс муу хэлж л байна лээ. Яахав ээ, би өөрийнхөө биеийг л аятайхан болгочихъё гэсэн болохоос тэр хүний биеийг янз бүр болгоё гээгүй. Би 20-той болъё гээгүй. Би 60 гарсан хүн яагаад 40, 50-тай юм шигээ байж болохгүй гэж. Би хөгширч үхмээргүй байна. Би цэл залуугаараа байж байгаад үхмээр байна.

-Таныг анх жүжигчин болж байх үеийн ахуй амьдрал одоогийнхоос ямар ялгаатай байна вэ?

-Цаг үе ч гэсэн өөр, би чинь 1978 онд төгссөн социализмын үеийн жүжигчин шүү дээ. Олон театртай байлаа, хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж байсан. Хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр илүү цалинтай байсан. Одоо бол бараг гуйж байж хэдэн төгрөг олж авдаг болж. Социализмын үед юунд ч санаа зоволтгүй ажиллаж болдог байсан. Өнөөдөр үхтлээ ажилласан ч цалингаа авч чадахгүй байна. Би социализмыг магтаад байгаа ч юм биш, гэхдээ нийгмийн өөрчлөлтүүд дунд монголчууд маань хөгжиж чадна л гэж итгэж явдаг.

-Соёлын яамтай болсон. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Соёлын яамтай л болсон доо, өөр юу ярихав дээ. Мэргэжлийн бус хүмүүс юу ч хийж чадахгүй, яг юу хөгжүүлэх гэж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс сууж байна.

-Монголын урлагийн салбарын хөгжлийг хэр түвшинд байна гэж хардаг вэ?

-Маш муу. Ухамсар дутагдаж байна, зүгээр карьер хөөгөөд л гүйгээд байгаа болохоос урлагаа хөгжүүлье гэсэн хүн алга. Хамгийн гол нь дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгтэй ижил. Толгой дээр сууж байгаа хүмүүс нь юугаа ч мэдэхгүй байхад яах юм бэ.

-Залуучууд таныг ахмад жүжигчин гээд түрүүлээд явдаггүй. Оройтсон ч хамт байж л байдаг гэж ярьдаг юм билээ. Таны насны уран бүтээлчид ажил, амьдралынхаа тэнцвэрийг яаж барьдаг юм бэ?

-Хуучин цагт бол уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт гэдэг байлаа. Манай гэр бүлийн хувьд 27 жил амьдарсан, эдийн засгийн хувьд тэнцвэртэй болчихоор хүнд санаа зовох зүйлгүй болчихдог. Мэдээж ажлаа тараад гэртээ очлоо, аав, хань хүний үүргээ биелүүлнэ. Ерөнхийдөө өдөр нь ажилдаа, орой нь гэртээ л байдаг.

-Зарим кинонд санхүүжилт олдохгүй удаж байхад зарим кино төрөл жанраасаа хамаараад арай хурдан санхүүжилттэй болдог юм шиг?

-Чанартай бүтээл хийхийн тулд санхүүжилт өндөр байх ёстой. Дутуу дулимаг бүтээлийг, зарим залуус 20, 30, 60 сая төгрөгөөр хийж байна. Кино гэдэг тийм өчүүхэн зүйл биш л дээ.Ийм тулдаа л манайхан ядуу байгаа юм. Ядаж хоёр хөршөө хар л даа. ОХУ-д нэг киноны гол дүрд тоглоход байр, машинтай болчихдог. Манайх бол өчүүхэн. Киноны зураг авалт эхлэхэд авсан урьдчилгаа кино бэлэн болоход дуусч, дараагийн өр тавигдчихсан л байдаг. Ийм байхад яаж баян тансаг амьдрах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Номин: Монгол Улс Каннын кино наадам, “Венецийн Биенналь”-д оролцоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Соёлын сайд Ч.Номин “Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.

Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.

Иймээс дэлхийн хэмжээний томоохон наадмуудад соёлын бүтээгдэхүүнийг таниулах нь чухал байна. Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй.

Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюссеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаадугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

С.Болорчулууны үзүүлбэр Олон улсын “The Voice” шоуны 7 хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ

The Voice of Mongolia багийн хамт олон түүнийг “Voice” шоунд эрэгтэй хүн ч гэсэн гоо үзэсгэлэнтэй байж болдог юм шүү гэдгийг харуулсан оролцогч хэмээн онцлоод байгаа

The Voice of Mongolia шоуны оролцогч, “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн С.Болорчулууны үзүүлбэр олон улсын “The Voice” шоуны өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрт багтжээ.

С.Болорчулуун алдарт LINKIN PARK-ийн FAINT дууг өөрийн хэмнэлдээ оруулж, үзэл бодлоо шингээн дуулсан нь дөрвөн шүүгчийг байлдан дагуулж Войсынхоо аяллыг амжилттай эхлүүлсэн юм. The Voice of Mongolia багийн хамт олон түүнийг “Voice” шоунд эрэгтэй хүн ч гэсэн гоо үзэсгэлэнтэй байж болдог юм шүү гэдгийг харуулсан оролцогч хэмээн онцлоод байгаа.

No description available.

АШУҮИС-ийг төгссөн С.Болорчулууныг шүүгчид стиль имиж сайтай, дууны өнгө аясыг өөрийнхөөрөө чадварлаг гаргадаг, англи хэлний дуудлага сайтай зэргээр онцолж байсан бол Олон улсын “The Voice” шоуны баг ч энэ үнэлэмжээр түүний дууг шилдэгт багтаажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Хулан: Амьдрал, дэлгэц хоёр огт өөр


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулантай ярилцлаа.


-Т.Хулан Драмын театртаа эргэж ирлээ гэцгээсэн. Эргээд очиход ямар мэдрэмж төрсөн бэ. Бодож санаж хүлээсэн шиг чинь байв уу, эсвэл огт өөр байсан уу?

-Хичнээн дассан газар ч шинэлэг мэдрэмж төрсөн. Ахмадууд маань тэтгэвэртээ гарсан байна. Одоогоос найман жилийн өмнө ихэнхдээ ахмадуудынхаа дунд ажиллаж байлаа. 2014 онд театраас гараад найман жил болжээ. Театртаа бас яг найман жил ажилласан байдаг. Одоо бол шинэ залуу уран бүтээлчид ажиллаж байна. Ерөнхий найруулагч болон театрын захиргаа маань дунд үеийнхнээ театртаа татан оруулъя гэдэг үүднээс бидэнд санал тавьсан юм билээ. Миний хувьд театртаа ажиллахыг хүсдэг байсан ч хувиараа, гэр бүлээрээ уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор ч тэр юмуу театраа үгүйлж байлаа. Тийм учраас энэ саналыг баяртай хүлээж авсан.

-Өөрийг чинь театртаа ирсэн болохоор ямар дүр бүтээх бол гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Одоогоор бидний ажлын чиг гараагүй байгаа. Гурав, дөрөвдүгээр сард шинэ жүжгүүд тавигдахад шинэ уран бүтээлд орох эсэх нь мэдэгддэг. Театр-студийн залуустаа зориулаад, Н.Наранбаатар найруулагч Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг шинэчилж тавьж байгаа. Түүнд оролцох юм. Хүмүүс “Ийм жүжигт тоглох уу, тэр жүжигт орох уу” гээд янз янзаар л асууж байна лээ.

– Таны нөхөр, найруулагч Д.Галбаяр түүхэн уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Танд хатны дүр ногдох болов уу?

-Түүхэн киноны зохиол дээр ажилласан. Түүнээс биш яг кино хийгдэх гэж байгаа биш л дээ. Манай хүнийг шинэ уран бүтээл хийхээр хүмүүс “Т.Хулан орох байх” гэж таамаг дэвшүүлдэг. Миний хувьд өөр найруулагчдын уран бүтээлд ч ордог жүжигчин учраас “Би зөвхөн нөхрийнхөө уран бүтээлд тоглодог жүжигчин биш ээ” гэж ам бардам хэлдэг. Нөхөр маань ч “Хулан тоглох ёстой шүү” гэсэн байдлаар ханддаггүй. “Галаа найруулахаар Хулан тоглох ёстой юм уу” гэсэн эсэргүүцэл бас байдаг. Энэ бол нэг их яриад байх сэдэв биш байх. Тэртэй тэргүй өөр найруулагчдын уран бүтээлд ч сонгогдоод ордог болохоор “Би орно” гэж зүтгээд байдаггүй. Манай хүн ч нэг их “чихэх” гээд үзээд байдаггүй л дээ.

-Таны нөхөртэйгөө хамтарч хийдэг контентууд ч хандалт ихтэй байдаг шүү дээ. “Бид ирлээ” гээд найруулагч Н.Наранбаатарын гэр бүлийнхэнтэй хамт хийсэн нэвтрүүлэг үнэхээр сайн юм билээ. Ийм ажлууд цаг, хөлс хүч шаарддаг байх л даа.

-Манай хүн бол “Халамцуу яриа”-г найруулагч, продюсерыг нь өөрөө хийгээд, даагаад аваад явдаг. “Бид ирлээ” нэвтрүүлгийн санааг манай хүн гаргасан юм. Гаргасан санааг нь би хэрэгжүүлье гээд компаниудад хандсан. Нэвтрүүлэг болгоход ажил их ордог. Бид зүгээр л очоод тоглоод явчихдаг юм биш. Нэвтрүүлэг болж гаргахын тулд ажилласан хүмүүстээ хөлс өгдөг. Хөрөнгө оруулалт их шаардана. Нэвтрүүлэг хийх гээд хөрөнгө босгоод явахдаа мөнгө босгоно гэдэг амаргүй ажил гэдгийг ойлгосон. Уран бүтээл бүтэхэд санаанаас гадна хөрөнгө оруулалтаас маш их зүйл хамаардаг. Юмыг эхлүүлэхэд хэцүү. Хандалт ихтэй болсон тохиолдолд “Халамцуу яриа” нэвтрүүлэгт бол компаниуд өөрсдөө хандаад, “Манай энэ бүтээгдэхүүнийг оруулаад өгөөч” гэдэг.

-“Бид ирлээ” нэвтрүүлгийн үеэр Галаа зочноосоо асуугаад байсан л даа. “Танай анхны байшин ямар байсан бэ” гэж. Ингэхэд та хоёрын анхны байшин ямар байсан бэ?

-Би дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байртай болохоор зорьсон юм. Ээж Америкт олон жил ажиллаж, амьдарч байсан. Дүү бид хоёр эмээ, өвөө дээрээ өссөн. Тэгээд ээжийгээ ирэхэд байртай болгохыг хүссэн л дээ. Ээжийнхээ явуулсан мөнгийг ч цуглуулаад, өөрөө ч ажил хийж, хэд хэдэн уран бүтээлд оролцож байсан. Ингэж шинэ байр авч байсан юм. Тухайн үед ээж Америкаас ирээгүй байсан болохоор тэр байранд би ганцаараа амьдрахгүй нь тодорхой. Манай хүн бас “Ээжийг иртэл нь хоёулаа ийшээ орчихъё” гээд шинэ байрандаа орж байсан. Зарим хүн намайг “Мөнгөтэй хүнтэй суусан” гэж ярьдаг юм билээ. Тийм юм байгаагүй. Шинэ байранд ороход абжур, хөшиг тогтоогч хүртэл авдаг шүү дээ. Бүгдийг нь шинээр авч байлаа.


Түүхэн киноны зохиол дээр ажилласан. Түүнээс биш яг кино хийгдэх гэж байгаа биш л дээ. Манай хүнийг шинэ уран бүтээл хийхээр хүмүүс “Т.Хулан орох байх” гэж таамаг дэвшүүлдэг. Миний хувьд өөр найруулагчдын уран бүтээлд ч ордог жүжигчин учраас “Би зөвхөн нөхрийнхөө уран бүтээлд тоглодог жүжигчин биш ээ” гэж ам бардам хэлдэг. Нөхөр маань ч “Хулан тоглох ёстой шүү” гэсэн байдлаар ханддаггүй. “Галаа найруулахаар Хулан тоглох ёстой юм уу” гэсэн эсэргүүцэл бас байдаг. Энэ бол нэг их яриад байх сэдэв биш байх. Тэртэй тэргүй өөр найруулагчдын уран бүтээлд ч сонгогдоод ордог болохоор “Би орно” гэж зүтгээд байдаггүй. Манай хүн ч нэг их “чихэх” гээд үзээд байдаггүй л дээ.


-Тухайн үед Т.Хулан хөөрхөн, цайлган охины дүрд тоглодог. Үзэгчид ч тийм дүрээр л хүлээж авдаг байсан. Бараг хүүхдээрээ шахуу мөртлөө том охины ээж болох шийдвэрийг яаж гаргасан бол гэдэг сонин?

-Хорин хэдтэй охин байлаа. Амьдрал гэж юу байдгийг мэддэггүй байсан болохоор ч тэр юм уу надад тухайн үедээ тэр асуудал санагдаагүй. Нэг их айхавтар шийдвэр гаргах гээд бясалгаад байсан юм байхгүй. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд л амьдралыг ойлгож эхэлдэг юм билээ. Би бол тэгж л бодсон. Анхны төрөлт дээр бол гайхсаар байгаад л таардаг. Хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ л ээж болчихсон, хүүхдийг яаж өсгөх вэ, хүн болгох вэ гэдгээ мэддэг болдог юм билээ.

-Орчин үеийн хүүхдүүдтэй харьцахад амаргүй л дээ. Манай үеийнхэн бол дуулгавартай хүүүхдүүд байсан санагддаг. Ээж, эмээгийн үгэнд орох ёстой л гэж боддог. Харин одоогийн хүүхдүүд бол буруу зөвлөгөө өгөөд байгаа юм биш биз дээ гэж бараг эргэлзэж хүлээж авдаг юм биш үү?

-Би бол хүүхдүүдийнхээ эрх чөлөөг хязгаарлах дургүй. Хүүхэд юу хүсч байна, хийж байгаа алхам нь буруу санагдвал өөртөө илүү дүгнэлт хийдэг. Яагаад надад буруу санагдаж байгаа билээ гэж бодож үздэг. Би хэдэн настай билээ, энэ хүүхэд хэдэн настай билээ, одоо ямар үе билээ гэдгийг бодолцдог. Бидний үед ийм байсан, одоо тийм л байх ёстой гэж шаардаж болохгүй. Буруу зүйл дээр нь сайн хэлж ярилцдаг.

-“Халамцуу яриа”-ны зарим дугаарыг үздэг. Сүүлд эмэгтэй хүн халамцахаараа юу ярьдаг бол гээд сонирхож үзсэн. Халамцуу эмэгтэй нөхрийг чинь тэвэрч авахыг олонх эхнэрүүд таалахгүй л дээ. Гэхдээ та энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ?

-Би бол үнэхээрийн ноцтой шалтгаан гараагүй бол иймэрхүү зүйл дээр бол хардахгүй л дээ. Манай хүн бол бүр харгүй.

-Та “Халамцуу яриа”-ны оролцогч бол хэдэн раунд тэсэх бол?

-Би архи уудаггүй. Амархан согтдог. Тэгэхээр ийм нэвтрүүлэгт орох ч үгүй байх л гэж бодож байна.

-“Хадмын хайр” гээд кинонд тоглосон байсан. Энэ кинонд ямар дүр бүтээв, бодит амьдрал дээрх хадмын хайрын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Тэр уран бүтээл дээр Дооёо ах хадам болж тоглодог. Би өөрөө тэр уран бүтээл дээр хойд эх болж тоглож байгаа юм. Миний хувьд тийм хадам ховор гэж бодогдож байсан. Манай үеийнхэн бол гоё хадам болж магадгүй. Манай аав, ээжийн үеийнхэн бол хүүхдүүдээсээ хариуцлага нэхээд сурчихсан. Хүргэн, бэрдээ хүүхдээсээ илүү их шаардлага тавиад байдаг. Бэр, хүргэнээ ойлгож амьдрах хэрэгтэйг тэр уран бүтээл харуулсан. Хадмын хайраас гадна тэр кинонд бас хойд ээжийн хайр гардаг. Би бол бэрүүддээ хайртай ээж байх юмсан гэж бодож байлаа.

-Таны нөхөр мааз, инээж наргисан хүн харагддаг. Гэртээ ч гэсэн тийм наргианч нөхөр үү?

-Үгүй шүү дээ. Амьдрал, дэлгэц хоёр огт өөр. Манай хүн амьдрал дээр фэйсбүүкт байдаг шигээ мааз биш. Би тогтуун байх дуртай хүн. Манай хүн гэртээ тогтуун л байдаг. Хүн найз нөхдийнхөө дунд байх нэг хэрэг, гэр бүлийнхэн дундаа байх бас өөр л дөө. Хүмүүс бол гэртээ Хулан байнга инээгээд байдаг юм шиг төсөөлдөг, би инээгээд суугаад байх юм бол энэ амьдрал яаж явах юм бэ.

-Фэйсбүүкт таны эмээдээ зориулж уншсан “Цэцгэн эрхи” шүлгийг сонсоод уйлах шахсан. Эмээгийн өсгөсөн хүүхдүүд бас өөр байдаг даа?

– Би буурай ээжийнхээ гар дээр өссөн хүүхэд. Анхны зээ нь. Ээж амаржсаныхаа дараа бие нь тааруу байсан. Анхны хүүхэд дээрээ ээж болоогүй байдаг гэдгийг би өөр дээрээ мэдэрч байж ээжийгээ ойлгож байлаа. Эмээ маань намайг өсгөсөн ээж гэж болно. Тийм болохоор буурай ээждээ их хайртай байв. Өнгөрснийх нь дараа их л үгүйлж байна даа. Хүнд үлгэр дуурайл авдаг хүмүүс байдаг. Тэр нь миний буурай ээж байсан. Тэгээд буурай ээждээ зориулж нэг гоё уран бүтээл гаргая даа гэсэн юм.

-Шүлгийнхээ төгсгөлд буурай эмээгийнхээ хөөрхөн бичлэг оруулсан байна лээ. Ач, зээ нартаа нэг их урт ерөөл хэлдэг. Эмээ нар энэ орчлонгийн хамаг л сайхан ерөөлийг үр ач нар дээрээ асгачих хүсэлтэй байх шүү?

-Их л урт ерөөл хэлдэг байлаа. Ерөөлөөрөө хүүхдүүдийнхээ замыг засч байдаг. Эмээ нар хүүхдийнхээ хүүхдүүдэд илүү их хайраа дэвсдэг. Харин хүүхдүүддээ бол жаахан хатуу байх гээд байдаг шүү дээ. Ээж маань ч хүүхдүүдэд маань хэлээ дэвсээд байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Баатар: Монгол кантри урсгалаар хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гаргана

Хэдхэн хоногийн өмнөөс “Moнгол кантри” хэмээх шинэ урсгалыг үзэгчдэд хүргэж буй дуучин Т.Баатартай ярилцлаа.


-Гэнэт ийм шинэ, содон хүн хаанаас гараад ирэв. Цагаан сараар их сонин зүйл үзүүллээ шүү. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-намайг түмэндэм-бэрэлийн Баатархүү гэдэг, аав ээжээс заяасан нэр. Харин өнөөдрөөс эхлэн “Дуучин Баатар” хэмээх нэрээр уран бүтээлээ хүргэж байна. миний богино нэр л дээ, манай гэрийнхэн л Баатраа гэж дууддаг байлаа. Өмнө нь тайзан дээр энэ нэрээр дуудуулж байсангүй. Одооноос монгол кантри урсгалын дуучин Баатар гэх учиртай боллоо. Би Архангай аймгийн тариат суманд төрж, өссөн. Багаасаа л урлагийн хүн болно гэж боддог дуунд дуртай хүүхэд байлаа. хөгжим бүжгийн коллежийг уртын дууч мэргэжлээр төгссөн. Үндсэн мэргэжил маань уртын дууч, морин хуурч. таны хэлсэнчлэн Цагаан сарын тоглолт маань үнэхээр олон хүнд хүрлээ. Яг үнэнийг хэлэхэд, бид ийм хэмжээнд хүмүүс уухайлан хүлээн авна гэж бодоогүй. Миний хувьд их том гэнэтийн бэлэг боллоо. бүхнийг зохион байгуулсан “Централ” телевизийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

-Монгол кантри гэх шинэ урсгалыг бий болгож байна, яагаад ийм шинэ зүйлийг хийхээр болов?

-Би энэ ажилд хоёр жилийн өмнөөс хамтарч эхэлсэн. Манай багийн ерөнхий продюсер э.Бат-Үүл ах маань олон жилийн өмнө энэ санааг олсон юм билээ. Монгол дууны дэг, хөгжмийн аяыг үндсэн арга барилтай хослуулж орчин цагийн залууст зориулсан Монгол кантри (country) урсгалаар хийсэн бүтээлүүдийг хүргэх юм. Кантри гэдэг нь хойд Америкаас гаралтай, тэндхийн уугуул хөгжим. Эрх чөлөө, энгүй тал, байгалийн үзэсгэлэн, төрсөн нутаг, хайр дурлал, цэрэг эр, хань ижлээ алс газраас санагалзан дуулдаг агуулгатай. нь монголчуудтай төстэй, сайн сонсвол оторлож яваа адуучин эр унаж буй хүлэг морио хүртэл магтан дуулдаг нь бидний амьдрал ахуйтай ижил мэт, баатарлаг түүхт, эрх чөлөөт монголчууд бид цаг хугацаа орон зайн онцлогоо хэрхэн мэдэрч ардын уламжлалт хөг аялгуугаар хүний сэтгэлд хүргэж ирсэн билээ дээ. Энэ бүхнийг судалж хийсэн учир хол биш ойр, хуучин биш ч чихэнд дасал болсон өвөрмөц бүтээлүүд гарна гэж харж байна.

-Багийнхнаа танилцуулж болох уу, та?

-Бололгүй яахав, Ерөнхий Продюсероор э.Бат-Үүл ах маань бий. хөгжмийн продюсер “A Sound” хамтлагийн аргил гитарчин д.Мөнхболд, шүлгийг Б.Батцэнгэл ах, хүмүүс Куйза нэрээр нь сайн мэднэ. Менежмэнтийн ажлуудыг “Sonor Records”-ын хамт олон зохион байгуулсан. “Limitless records”-ын р.Батболд ах миний дуулалтад зөвлөгөө өгч бичлэгийн ажлыг хариуцаж хийсэн. Зөвлөхүүд, дизайнер, зураг авалт гээд олон хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөрч хамт олон бий.

-Энэ урсгалын үнэ цэнэ, утга учир нь юу юм бэ?

-Аливаа юм цаг хугацаатай байдаг. Монголын урлагт салхи оруулах хэрэгтэй. Хүмүүст тэс өөр, шинэ зүйл сонсгох, үзүүлэх шаардлагатай шүү дээ. Сонор рекордсын хувьд анх надтай уулзаж байхдаа үүсгэн байгуулагдсан цагаасаа л Монголд цоо шинэ байх бүтээлүүдэд хамтарч ажилласаар ирсэн тухайгаа хэлж байсан. нээрээ л бүх цаг үеийн анхдагч болох “Камертон”, “хар сарнай”, “никитон”, “татар”, “шөнийн галт тэрэг”, “алтан ураг”-тай хамтарч ажилласан. Анхдагч байна гэдэг их эрсдэлтэй, хүмүүс цоо шинэ юмыг хүлээж авахдаа тийм ч амар байдаггүй. тэдний ажлын дараагийн алхам бол энэ урсгал, ялангуяа надтай хамтрах болсонд миний хувьд их үнэ цэнэ гэж ойлгож байгаа. Би өөрийгөө дөвийлгөөгүй шүү, зүгээр л надад ийм хувь тохиолоо. Сэтгэл үнэхээр их догдолж байна. анх яг энэ догдлол шигээ эмээж байсан минь ч нууц биш. Бид дуунуудаа хийхдээ төрөл бүрээр найруулж, монгол дуулах арга барилтай их зохицож байна, үүнийгээ төгс болгоё гэж хичээсэн. одоо хүмүүс хэрхэн хүлээж авахыг л харах үлдлээ.

-Өмнө нь дуучин Т.Бат-Оргил кантри урсгалаар дуулж байгаагүй бил үү?

-Тийм ээ, кантри урсгал гэдэг өмнө нь байгаагүй биш байсан. дуучин т.Бат-ах 1990 оны дунд үеэс уран бүтээлээ хүргэсэн байдаг. Харин Монгол кантри (Mongol country) гэх шинэ урсгалын ялгаа нь ардын хэв маягийн дуулалт, монгол ахуй, шүлгийн утга, хөгжмийн онцлогтой уялдсан.

-“Сэтгэл нэрнэ” хэмээх анхны цомгоо хэвлэлтэд явууллаа гэсэн мэдээлэл байсан. Хэзээнээс үзэгчдийн сонорыг мялаах гэж байна?

-Манай “Сэтгэл нэрнэ” цомог нийт арван дуутай. Бид цомгийн гүйцэтгэлийн ажлыг Цагаан сарын өмнөхөн дуусгалаа. тэгээд л шууд CD-гээ хэвлэлтэд явуулсан. Хил гаалийн гацалт гайгүй бол удахгүй ирэх байх. Цомог бэлэн болж нааш ачигдангуут нь хэзээ худалдаанд гарах, хаанаас авах вэ гэдгээ зарлана. Бид CD-г олон хувь хэвлүүлээгүй, цаг үеийн онцлогоос шалтгаалж онлайн худалдааны платформуудад оруулах, тэр дундаа Mmusic-тэй хамтарч ажиллаж байгаа. дуунуудаа дэлхийг тойрон суугаа мянга мянган монголчууддаа хүргэх хүсэлтэй.

-Цомгийн нэр их өвөрмөц юм. Яагаад “Сэтгэл нэрнэ” гэж нэрлэсэн бэ?

-Харин их өвөрмөц нэр байгаа биз. “Сэтгэл нэрнэ” гэдэг миний “Сархад” хэмээх уран бүтээлд байдаг шүлгийн мөр л дөө. нэг бүсгүйд сэтгэл алдраад “…Сэтгэлийг минь нэрнэ ээ…” гэж дуулдаг юм. Удахгүй хүмүүсийн сонорт дуу маань хүрэхээр энэ хэсэг мөрүүд их дуулагдах байх гэж бодож байна (инээв).

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнийхөө тухай яриач?

-CD-ний нээлт, дуунууддаа дүрс клип хийнэ. Цаашлаад монгол кантри хэмээх урсгалыг бататгаж, хүмүүс хүлээн зөвшөөрөх хүртэл ажиллахыг хүсч байна. “Кантри” гэдэг ану-ын хөгжим, тэнд очиж монголчууд шинээр ийм зүйл хийсэн гэдгийг сонирхуулах, хамтран ажиллахыг зорьж байна.

-Битүүний өдөр баярын нэвтрүүлгээр индиан хувцас, нүүр будалттай байсан. Ямар утгатай юм бэ?

-“Централ” телевизийн Сар шинийн баярын нэвтрүүлгийн багтай зөвлөлдөж хувцас нүүр будалтынхаа санааг гаргасан. Зүгээр л бусдаас өвөрмөц байя, биднийг илэрхийлж болох ямар өнгө үзэмж байх вэ гэж ярилцаад Анхаа захирал, Куйза ах нарын санал болгосон шийдэлд хүрсэн.

-Урлагийн шинэ урсгалыг үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Дуу маань нэг шөнийн дотор хэдэн мянган хүнд таалагдаж, огт танихгүй хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх маш гоё мэдрэмж байдаг юм байна. нөгөө талаас яаж тэдний сэтгэлийг илүү баясгах вэ гэдэг том хариуцлагатай боллоо. Мөн сонсогчдын хүсэн хүлээсэн хөг аялгууг тэдэнд хүргэж чадсан байна гэдгийг ч харлаа. хүмүүс шинэ хамтлаг юм байна гэж ойлгосон байсан. Үүнийг зөв гэж бодож байгаа. учир нь би хэзээ ч ганцаараа уран бүтээл хийхгүй шүү дээ. Миний уран бүтээлийн нэг онцлог бол сонсогчдод амьд хөгжмөөр тоглогдож хүрэх явдал юм. Миний болон дууны нэрийг бичээгүй нь “Централ” телевизийнхний бодлого байсан. тэр нь ч хүмүүст их сонин санагдсан байх. дэмжсэн бүх үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Улам их хичээнэ гэдгээ дахин дахин хэлмээр байна. Миний шинэ цомог удахгүй та бүхний гарт хүрэх болно. Мөн “The BAATAR” нэртэй сошиал хаягуудаараа та бүхэнтэй ойр харилцаатай байх болно. Мmusic аппликэйшнийг утсандаа татаад дуугаа сонсоорой.

-Та ганц бие үү, хэдэн настай вэ?

-Энэ тухай ингэж шууд тодруулж асуух юм уу. Хариулахгүй байж болох уу.

-Би гэлтгүй, сонсогчдын хамгийн их сонирхдог асуулт байх даа.

-Тийм ээ, ганц бие. Өөр хувийн амьдралтай холбоотой нарийн юмыг ярихгүй байя, тэгэх үү (инээв).


Categories
мэдээ соёл-урлаг

“Brit Awards” хөгжмийн наадмын шилдгүүд тодорчээ

Их Британийн “Brit Awards” хөгжмийн наадмын 42 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лондон хотын “O2 Arena” цогцолборт мягмар гаргийн орой боллоо.

Энэ удаагийн наадмаас Английн дуучин Адель нэр дэвшсэн дөрвөн шагналынхаа гурвыг нь гардан авснаар хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорчээ. Тэрбээр “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг уран бүтээлч” шагналаас гадна “Easy On Me” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналын эзэн болжээ.

Мөн Их Британийн рэпер Литтл Симз “Шилдэг шинэ уран бүтээлч, Английн “Wolf Alice” хамтлаг “Оны шилдэг хамтлаг”-аар тус тус тодорсон байна.

Brit Awards-2022” наадмын шилдгүүд

“Оны шилдэг цомог”: Адель – 30

“Оны шилдэг дуу”: Адель – “Easy On Me”

“Оны шилдэг уран бүтээлч”: Адель


“Оны шилдэг хамтлаг”: “Wolf Alice”


“Гадаадын шилдэг уран бүтээлч”: Билли Айлиш


“Гадаадын шилдэг хамтлаг”: “Silk Sonic”


“Гадаадын шилдэг дуу”: Оливиа Родриго – “good 4 u”


“Шилдэг шинэ уран бүтээлч”: Литтл Симз