Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Батбилэг: Тайз дэлгэцийн зураач сайн зурахаас гадна харилцааны ур чадвар өндөртэй байх хэрэгтэй DNN.mn

“Мөнгөн мод” 2021 наадмын тайз дэлгэцийн шилдэг зураач Л.Батбилэгтэй ярилцлаа.


-Оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” 2022 наадмаас өөрийгөө шагналт байр эзэлнэ гэж бодож байв уу?

-Үгүй ээ, таамагласангүй. Энэ жил өсч яваа залуу уран бүтээлчийн хувьд хийж бүтээх хүсэл, уран бүтээл, сэтгэлгээгээ илүү өөр түвшинд аваачих зорилготой байлаа. Энэ жил ажилласан хоёр уран бүтээл маань өмнөхөөсөө ч илүү боллоо. Үзэгчид үүнийг хүлээн зөвшөөрч, сайшаалтай байгаад баяртай байна. Олон хүнтэй энэ номинацид өрсөлдсөн. Энэ дундаас шилдгээр тодорсон минь бүх уран бүтээлийн үр дүн гэж бодож байна.

-Тайз дэлгэцийн уран бүтээлд зураач ямар үүрэгтэй вэ?

-Тайз дэлгэцийн зураач театр, киноны ажилд тулгуур болсон чухал нөлөөтэй ажил. Зохиол ямар дүрслэл зураглал байх вэ, яаж хүний нүдэнд үнэмшилтэй, сэтгэлд хүрэх вэ гэдэг нь дүрс зураглалын аргаар илэрдэг. Тэр нь бодитоор дүр болон бүтээгддэг. Мөн орчны дизайн ямар ахуйд, сэтгэлгээт, хэмжээс, орон зайд байх вэ гэдэг нь тайз, дэлгэцийн зураачийн уран бүтээлийн жанрт уялдуулсан ажиллагааны үр дүн байдаг. Аливаа жүжгийн өнгө аяс, хэв шинж гээд бүхий л шинж чанарууд бүрддэг. Үзэгчдэд хамгийн гүн сэтгэгдэл үлдээдэг зүйлүүдийн нэг бол орчны хэв шинж.

-Та театр, тайз, дэлгэцийн урлагт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-12 жил ажиллаж байна.

-Тайз, дэлгэцийн урлагтай хэрхэн холбогдов, бие даасан зураачаар ажиллах бодол байдаг уу?

-Тийм бодол байсан шүү. Суурь уран зураач гэдэг мэргэжлийн үндсэн зураач болно гэж боддог байлаа. Манай мэргэжлийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Би ч гэсэн багадаа тайз дэлгэцийн зураач гэж мэддэггүй байлаа.

Зураач мэргэжил нь театр, тайз, дэлгэцийн салбар руу мэргэшдэг гэдгийг оюутан болоод л ойлгосон. Мэргэжлийн багшийн гар дээр мэргэжлийн зураач болж, энэ салбар надад илүү их таалагдаж сонгосон.

-Тайзны зураач сайн зурдаг байхад л хангалттай юу, өөр ямар чадваруудыг шаарддаг вэ?

-Мэдээж ур чадвартай зураач байх хэрэгтэй. Сэтгэлгээний маш том хүчин зүйлүүдийг шаарддаг, учир нь олон мэргэжлийн хүмүүстэй хамт ажиллана. Жишээлбэл, түүхэн кино хийхэд түүхээ уншиж судлах, зохиолчтой ажиллахад зохиолоо уншина, түүндээ задаргаа хийх шаардлага гарна. Найруулагчтай хамтарч ажиллахад үзэгдлийн найруулгуудыг тайз хоорондоо яаж уялдах, жүжиг амьдрахад тайз болон хувцас, дүрүүд ямар байх гэх мэт давхар олон ур чадвар хэрэгтэй болдог. Харин хувь зураачийн үүднээс юмны бүтэц хэрхэн яаж бий болох вэ гэдэг дээр их сайн ажилладаг. Тэгэхээр энэ нь өөрөө бидний нарийн мэргэшсэн салбарын нэг давуу тал нь болж байгаа юм. Зургийг хэрхэн бодит болгох вэ л гэдэг асуудал юм.

-Тайз, дэлгэцийн зураачийн хамгийн хүнд зүйл нь юу байдаг вэ?

-Түүхэн киноны ажил гэдэг нь нөөц боломж, цаг хугацаа, цар хүрээ өргөнтэй учир зураачийн ажиллагаанаас олон зүйл шалтгаалдаг. Ажиллагааны хувьд зураачийн хөдөлмөрийн ачаалал өндөр байдаг. Театр, киноны зураг гэдэг хамтын урлаг учраас багийн зохион байгуулалттай ажилладаг. Нэг хүний оюун санаа бодлыг тэр баг яаж хөдөлгөж гаргах вэ гэхээр нэг зүйл дээр чиглэнэ. Энэ нь харилцааны ур чадвар шаардана, хүмүүстэй ойлголцож байж уран бүтээл сайн болно.

-Хамгийн сүүлд та “Гэм зэм” жүжигт ажиллав уу?

-Тийм ээ, өнгөрсөн зун “Гэм зэм” жүжиг болон “Хотулун гүнж” түүхэн уран сайхны киноны ерөнхий зураачаар ажиллалаа. Одоо Өмнөговь аймгийн шинэ театрын нээлтийн жүжигт ерөнхий зураачаар ажиллаж байна.

-Ямар жүжиг юм бол, хэлж болох уу?

-“Хөх нар” гэдэг жүжиг.

-Зураач хүн зөвхөн зохиол найруулгаа даган ажилладаг уу, эсвэл өөрийн уран сэтгэмжээ ашиглан зурах уу?

-Тусгай шийдлийн асуудлыг гаргаж ирнэ. Зохиол найруулга буюу бичсэн зүйлийг яаж зураглал болгох хам

вэ гэдэг нь мэргэжлийн зураачийн шийдэл. Энэ гурав бол тус бүр өөрийн гэсэн өнцөг, хариуцлага, статустай. Гэхдээ хооронд нь уялдуулах маш гүнзгий ойлголцол байх ёстой. Нэг чигийн дагуу гэсэн зүйл бол байдаггүй. Энэ бүхэн маань сайн зураач, зохиолч, найруулагч нар нийлж уран бүтээлийн шийдлийг олох, өвөрмөц сэтгэлгээгээ гаргана. Энэ нь уран бүтээлийн чанарт нөлөөлнө.

-Таны ажилласан анхны тайз ямар тайз вэ?

-“Ану хатан” кинонд туслах зураачаар ажиллаж байлаа. Бид бүгд л туслахаас л эхэлдэг шүү дээ. Мөн казахстаны түүхэн жүжигт ажиллаж байсан.

-Зураачаар төгсөж байгаа залуусын тоо нэмэгдсээр байна. Та энэ мэргэжлийг ирээдүйд хэрхэн төсөөлдөг вэ?

-Би СУИС-ийн тайз дэлгэцийн зураачийн багшаар ажилладаг. Ирээдүйд энэ мэргэжлийн чиг хандлага яаж явах вэ, өнгөрсөн болон дунд үеийн хүмүүсийн үед ямар байсан, шинэ үеийн залууст ямар байгаа, ирээдүйд бид хаачих вэ гэдэг зүйл надад байнга бодогддог. Дэлхийн тайз дэлгэцийн урлагт хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин, техник технологи, цахим хувилбартай нийлж маш том инноваци хийгдэж байна.

Орчин үеийн залуус бид түүн рүү дөхөх хэрэгтэй. Бид боломжийг хүлээх биш өөрсдөө бий болгох ёстой.Монголчууд дотроо биш аль болох гадны уран бүтээлд зорих, хамтрах чадвараа тэдэнд үзүүлэх, чадахгүйгээ суралцах хэрэгтэй, орон зай нь ч байна. Аливаа зүйл байнга шинэчлэгдэж байх ёстой. Тэр тусмаа урлаг. Шинэ сэтгэлгээ, шинэ өнцөг байж гэмээнэ хүний оюун санааны дотоод хөгжлийг нээж өгдөг.

-Тайз, дэлгэцийн хэдэн уран бүтээлд ажилласан бэ?

-Нийт 28 уран бүтээлд ажилласан. Ихэнхдээ түүхэн уран бүтээлд ажиллажээ. Уран бүтээлч хүний чадварыг сорьдог гол талбар бол зөгнөлт болон түүхэн жанр байдаг. Энэ нь өөрөө ур чадвараас гадна сэтгэмж шаарддаг. Пост модерн төрлүүд Монголын урлагт нэвтэрч байгаа нь дэлхий дахинтай харьцуулахад хожуу боловч энэ цагтайгаа харьцуулахад авууштай зүйл.

“Гэм зэм” жүжиг тайзан дээр анх удаа технологи ашиглалаа. Автоматаар хөдөлдөг ухаалаг төрлийн тайзыг хийлээ. Үзэгдэл хаагдаад солигддог биш, шууд үзэгчдийн нүдэн дээр алсын удирдлагаар ажилладаг тайзыг хийсэн. Энэ бол яаж өөр болгох вэ гэдэг нэг шийдэл болж чадсан байх.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Н.Зориг: Ард түмнийхээ хайрыг татсан алиалагч Батсүх буюу Баачкагаа дэндүү их санах юм даа DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүхийн тухай жүжигчин Н.Зоригтой ярилцлаа.


-Удахгүй инээдмийн баярын өдөр ч тохиох нь. Энэ өдөр зайлшгүй сэтгэлд дүр төрх нь буудаг хүний нэг алиалагч Батсүх. Та хоёр дотно нөхөд байсан гэдэг?

-Баачка бид хоёрын нөхөрлөсөн түүх 1979 оноос эхтэй л дээ. Би хойно оюутан байсан үе. Зуны амралтаараа ирчихээд найзуудтайгаа Тэрэлжийн амралтад очлоо. Амрагчид тасаг тасгаараа хуваагдаж урлагийн номер үзүүлэх юм болов. Тэгтэл манай тасагт Батсүх нэгдэж таардаг юм. Мань хүн од болчихсон байсан. Танихгүй хүн ч гэж байхгүй. Баачка хошин гарааны зохиол бичиж түүнийгээ бид хоёр хүмүүст сонирхуулна. Миний хошин авьяас гэж юу байхав, харин манай хүнийг хоёр үг хэлэхэд л хүмүүс инээлдээд сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа юм. Сүүлдээ бид хоёрыг чинь тасгууд тусгайлж уриад, ганзагалааныхаа юм хумыг гаргаж дайлж цайлдаг боллоо. Бид хоёр маазарч өгөх нь мэдэээж. Ингэж танилцсан түүхтэй. Тухайн үед манайх циркийн хажууд байлаа. Батсүх үдийн цайгаараа ороод ирнэ. Аав(Төрийн шагналт Долгорын Нямаа)-тай мөн дотно танилцсан. Тэр хоёр нэг нутаг гээд сүрхий. Манай аав чинь Дундговийн Өлзийтийнх. Батсүх болохоор Дундговийн Дэлгэрхангай, Дашдооров гуайн нутаг. Манайх циркийн тэндээс нүүгээд дараа нь 1 дүгээр хороололд очиход Батсүхийнх тэнд байсан. Тэгээд мөн л гэр орноороо орж гарна. Аав тэр хоёрын ганзага бүр нийлж эхэлсэн. Урлаг соёлын ямар л уулзалт болно очно. Мөн нутгийн зөвлөлийн ямар л ёслол болно Дашдооров гуай, аав тэр гурав хамгийн түрүүнд очно. Манайд ирнэ гэснээс нэг удаа бид бужигналдан инээд наргиан, хөл хөсөөн болж суутал зурагтаар Оросын инээдмийн жүжигчин Ефим Шифрин гарч байсан. Баачка намайг дуудлаа, Зоригоо найз нь энэ Шифринтэй чинь нэг анги явлаа шүү дээ гэж нүдээрээ ирмээд л, инээд алдаад хээв нэг хэлж билээ.

-Москвагийн циркийн сургуулийг төгссөн мэргэжлийн жүжигчин. Олон улсын циркийн нэрийн хуудас болсон жүжигчидтэй нэгэн тайзнаа тоглож явсан хүн. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Дэлхийд алдартай Москвагийн циркийн сургуулийг алиалагчаар төгссөн ганц хүн нь бараг манай Баачка байх шүү. Өөр хүн төгссөн тухай би лав сонсоогүй юм байна. Алиалагчаас гадна жонглёр, манипуляци гэх зэрэг жижиг илбэ үзүүлнэ. Тэгснээ Ягаанцэцэг гавьяаттай агаарын полет, тэмээн дээрх акробат, шидэгч банз гээд циркийн сор болсон үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Энэ бүхнээ алиалагчийн ангид сурч байхдаа сурсан гэж өөрөө ярьж байсан. Тэгэхээр тус сургуульд дан ганц алиалагчаар биш, циркийн бүх л сонгодог үзүүлбэрүүдийг сурч эзэмшсэн байгаа юм. Зөвлөлтийн ардын жүжигчин Олег Поповтой найрамдлын циркийн хүрээнд олон орноор хамт явж циркийн үзүүлбэрийг хүн төрөлхтөнд үзүүлсэн байдаг. Олег Попов гэдэг бол үнэндээ домог шүү дээ. Гэвч тэр алдартай хүн манай Батсүхтэй Москва, Улаанбаатарт тоглоод мөн барууны орнуудад хамт тоглоод, дээрээс нь Якут зэрэг Зөвлөлтийн орнуудад уригдаж тоглосныхоо дараа “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг юм билээ. Поповоос ийм, ийм өндөр үнэлгээ авна гэдэг лут л даа. Мөн тухайн үед циркийн шилдгүүд, циркийн урлагийн судлаач мэргэжилтнүүд “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна” гэж магтаж байсан гэдэг. Энэ бүхнийг нь бодоод найзаараа үнэхээр бахархдаг юм. Харин манай хүн тоглолтоор явж ирэхдээ надад заавал бэлэгтэй ирнэ. Нэг удаа баруунд тоглоод ирэхдээ Унгараас матартай цамц гэж тэр үеийн ёстой моод болж байсан цамцыг авчирч надад дурсгасан. Миний баярласан гэж жигтэйхэн. Матрын зурагтай цамцаа жинстэй хослуулаад өмсчихвөл тэгээд л тасарчихаж байгаа юм чинь. Би бас хойноос ирэхдээ найздаа гар хоосон ирж байгаагүй. Зангиа занаагаас аваад хэрдээ бэлэг өгч явлаа.

-Та бол кино жүжигчин. Харин та хоёрын хамт тоглосон кино байдаггүй байх. Батсүх гавьяатын тоглосон киноны дүрийнх нь тухай…?

-Манай хүн цөөхөн кинонд тоглосон. Ард түмний сэтгэлд байдаг нь “Мөнгөн буйл”-ын дүр. Би “Мөнгөн буйл”-ыг үзэх дуртай. Баачкагаа харна, мөн Долио(жүжигчин Дорлигжав)-гоо харж байгаа юм. Намайг Кино үйлдвэрт орчуулгын кинонд байхад Баачка “Мөнгөн буйл”-д тоглож байсан. Тангадын Галсан гуайн зохиол, ерөнхий найруулагч Равжаагийн Доржпалам гуай. Батсүх, Доржсамбуу, Дорлигжав гурав тоглохоор чинь тэр кино олны сэтгэлд буулгүй яах билээ. Тэр гурвын дүрийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. “Мөнгөн буйл”-д тоглоод “16 кг” гэсэн нэр авч байсныг нь санах юм. Тэртээ далаад онд байх аа, Долгор гэдэг ногоочны байцаа 16 кг жин дарж Монгол даяар алдаршсан юм гэдэг. Харин Баачкаг маань хөнгөн жинтэй гэж явуулснаас “16 кг” гэсэн онигоо маягийн яриа гарсан юмдаг.

Сүүлд Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд Жанчивдорж, Дашхүү, Туяа, Чаминчулуун, Батсүх гээд Монголын инээдмийн жинхэнэ мастерууд тоглосон. “Монголын гурван өдөр” гэж бас нэг инээдмийн кино байдаг. Батзаяа, Сосорбарам, Туяа, Чаминчулуун тэр хэд нийлж Монголын хошин урлагийн академийг байгуулсан. Батзаяа, Сосорбарам тэр гурвын “Учиргүй гурван толгой” ч билүү, ерээд оны эхээр үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байсан олон номер бий дээ. “Ээ тээглэсэн шаар аа” гээд л нэг хэсэг Баачкагийн үг олны дунд ихэд алдаршиж байлаа.

-Ер нь ярих нь инээдэм биз дээ. Хувь хүнийхээ хувьд цагаан цайлган, гэнэн томоогүй нэгэн байсан гэдэг?

-Ерөөсөө ярьж байгаа нь инээдэм. Байж байгаа дүр төрх нь инээдэм. Ёстой л Монголын ард түмэнд инээд бэлэглэх гэж төрсөн бурхны хүү гэж найзыгаа боддог. Нэг удаа тоглолтыг нь очиж үзлээ. Нөгөө хонины толгой ганцаараа иддэг номер байдаг даа, түүнийг нь үзлээ. Нэг нүд идвэл сохор болно гээд хоёр нүдийг нь идчихдэг, өрөөсөн чих идвэл дүлий болно гээд хоёр чихийг нь идчихдэг, мөн хэл идвэл хэлгүй болно гээд хэлийг нь ганцаараа идчихдэг. Хүүхдүүддээ нэг хэрчим мах өгөлгүй бүгдийг нь ганцаараа цохичихдог. Тоглолтын дараа би асуулаа. “Чи чинь ёстой аймаар идэх юм аа, ганцаараа идчихлээ” гэхэд, хөөе хөөе тэр чинь ийм юм гээд бүтээлэгтэй ширээний ард өвдгөн дээр нь цар байсан, түүнд идэж байгаа дүр үзүүлээд л хийгээд байснаа хэлж билээ. Түүнээс тэрхэн хооронд хонины бүтэн толгой ганцаараа мөлжчихөж найз нь яаж дөнгөхөв дээ” гээд инээж билээ.

Хөдөө гадаа хамт явахад замд инээдмийн юм тувт ярина. Зугаатай гэж сайхан. Тэр жил манай Хүүхэд залуучуудын театраас Жанчивдорж, Дашхүү бид хэд, драмын театраас Дорлигжав, циркээс Батсүх, Ардын дуу бүжгийн чуулгаас Адараа ах гээд бид урлагийн бригад болж Төв аймгийн сумдаар явж байлаа. Адараагийн дууг сонсох гэж, Батсүхийн алиалахыг, мөн циркийн үзүүлбэрийг нь үзэх гэж ард түмэн биднийг бүчиж байлаа. Найз минь аргагүй л ард түмхний хайр хүндэтгэлийг хүртсэн, олонтой хүн байсан. Өнөөдөр би найз нь гээд найзыгаа дурсаж сууна. Гэвч яг дотны нөхөд нь хэн байсан бэ гээд бодоход хичнээн зуун хүний нэр ус гарна. Тийм л олонтой хүн байсан. Жүжигчдээс гэхэд Чойн Хүрэл ах, манай Сүххуяг гээд бүгд л дотно нөхөд байлаа. Манай хүн чинь өр нимгэн, цагаан цайлган. Хүнд тусархуу гэж жигтэйхэн.

Ард түмний хайртай жүжигчин-Тийм үү, танд тусалж байсан жишээ олон бий дээ?

-Байлгүй яахав. Би хойно сурч байхдаа амралт дуусаад буцах боллоо. Тэр үеийн оюутнууд Монголоос тарваганы арьс, нарийн хилэн авч явж хойно зардаг байсан. Дэлгүүрүүдэд нарийн хилэн овоолгоотой байж байснаа оюутнууд буцах үед олдохоо байдаг юм. Би Баачкадаа “Хөгшин нь сургуульдаа хоосон явах боллоо шүү, ёстой баларч байна аа” гэж санаандгүй хэлтэл “Өө хөгшин нь олоод өгье. Хоёулаа орос дэлгүүрүүдээр явъя” гэх нь тэр. “Чамд орос дэлгүүрийн пропуск байдаг юм уу” гэхэд, үгүй ээ, найзыг нь ямар ч орос дэлгүүр зүгээр оруулна гэж билээ. Үнэндээ ч орос дэлгүүрийн хаалгач авгай нар Батсүхийг шууд уриад оруулж байгаа юм. Ингэж сансрын микро, улаан хуаран, төмөр замын орос дэлгүүрүүдээс хилэн олж аваад би гэдэг хүн сургуульдаа толгой гэдгэр явж билээ. Монголын циркийн алтан манежнаа хорь гаруй жил алиалж олон түмний хайр хүндэтгэлийн эзэн нь явсан найзыгаа их л санах юм даа. Сүүлд би 2 дугаар эмнэлгийн тэнд уламжлалтын эмнэлэгт ээж хэвтчихээд эргэж очлоо. Тэгтэл ээж “Найз чинь хэвтэж байна лээ, чи оч” гээд ээжийг эргэх биш муу найзыгаа буузтай, сүүтэй цайтай эргэсэн юм. Гэхдээ нас барахаас нь арай өмнө. Элэгний айхтар өвчнөөр явсан шүү дээ. Явна гэдгээ ерөнхийдөө мэдэж байсан ч гуньж гутраагүй, аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй байж байгаад буцсан. Уран бүтээлчийн сэтгэлийн тэнхээг харуулсан. Гашуун нясуун юм амсахаа больсныхоо дараа намайг хоёр ч удаа ресторанд оруулж дайлж байсан. Хэзээд ч нөхрөө гэсэн тийм халуун сэтгэлтэй эрхэм хүмүүн байлаа, миний найз. Адтай авьяасыг нь ард түмэн мэдэх учир би юу хэлэх билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Тэмүүжин: Бахархал гэдэг хайртай аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм даа || DNN.mn

“My Voice” шоуны Гран При шагналын эзэн Г.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Юун түрүүнд Гран При шагналын эзэн болсонд баяр хүргэе. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач, Энэхүү шагналын эзэн болно гэдэгт итгэлтэй байв уу?

-Өөрийгөө ямар ч байсан Гран При авах хэмжээний хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлж байсан. Гэхдээ яг чадах эсэхтээ эргэлзэж байлаа. Үндэснийхээ хэв маяг, өв соёлыг шингээсэн дуунуудаа сонгон оролцсон. Энэхүү шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Шилдэг 23 оролцогч бүгд маш хүчтэй өрсөлдөгч байсан, нийт 1000 гаруй хүн оролцсон. Нэгдүгээр шатанд 100 оролцогчоос 56 нь үлдсэн. Үүнээс шилдэг 23 оролцогч гала концертод оролцож Гран При шагналтныхаа эзнийг тодрууллаа.

-Та “UBS” телевизтэй гэрээ байгуулсан байх. Дараагийн уран бүтээлийн ажилдаа хэзээ орох гэж байна?

-Тэгэлгүй яахав, би “UBS” телевизтэй салшгүй холбоотой. Миний ажил амьдрал, ялангуяа уран бүтээлийн гараа “UBS” телевизээс гаралтай болж байгаа юм. Тун удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орж, өөрийн дуунуудаа хийхээр зорьж байна.

-Та Гран При шагнал хүртээд нэг найзыгаа шоунд оролцоход маш их тусалсан, олон санааг хэлсэн гэж байсан. Найзынхаа тухай яриач, урлагийн хүн үү?

-Миний найзыг Э.Хосбаяр гэдэг. Төв аймгийн Эрдэнэ сумын 11 жилийн ерөнхий боловсролын сургуульд бид нэг ангид суралцсан. Мөн идэр наснаасаа авахуулаад хамтдаа Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей багшийнхаа шавь болсон юм. Тэр үеэс хойш хамтдаа дуулж, зөрчилдөж, найзалж, зөвлөлдөж явна даа. Найз маань энэ шоуны 2015 оны Гран При шагналын эзэн. Тэмцээний бүх шатанд дуунуудын, хөгжмийн найруулгын зөвлөгчөөр ажиллаж байгаа. Мөн Гантулга багш маань, Э.Хосбаяр буюу багын найз маань тус дэм болж, бид бүгд энэ тэмцээнийг амжилттай давлаа.

-Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей таны урлагийн анхны багш юм уу?

-Миний анхны багш Соёлын тэргүүний ажилтан дуучин Күлсэн гэж хүн байдаг. Бага ангид байхад дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Нэг, хоёрдугаар ангид анги даасан багш Цэнд-аюуш, дуу хөгжмийн багш Күлсэн хоёр маань чи дуу хөгжимд авьяастай, зөв хоолойтой гэж зөвлөсөн. Тэгээд ээжтэйгээ хамт хоёрдугаар ангидаа Александр Андрей багш дээр хадаг сүү барьж очоод гарын шавь нь болсон доо.

-Таны ээж таныг урлагийн замд хөтлөн оруулсан юм байна. Та өөрийн хүүхдээ урлагаар явуулъя гэж боддог уу?

-Аав, ээж минь урлагийн авьяастай, гэргий маань ч урлагийн маш өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Бид хоёрын дундаас Т.Аялгуу, Т.Анхилуун хэмээх сайхан охид мэндэлсэн. Хоёр хүүхдийн минь авьяас хоёулаа илт мэдрэгддэг. Миний “Салхины хээ”, “Нандин учрал” дуунуудыг төвөггүй дуулчихдаг шүү дээ (инээв). Том болоод юу сонирхож, сонгохыг таашгүй. Охидынхоо сонголтыг хүндэтгэж, дэмжинэ гэж боддог. Өөрийнх нь ирээдүйг чи яг ийм хүн болох ёстой гэж зөвлөдөггүй.

-Та олон төрлийн хөгжим тоглодог юм билээ. Хүүхэд байхдаа сурсан уу?

-Миний багш дуучин, хөгжимчин хүн учраас надад эхлээд хөгжим тоглож сур, хөгжим тоглож сурсны дараа дуртай дуугаа тоглож, дуулах гэдэг бол маш өндөр чадвар, авьяас гэж зөвлөдөг. Хоёрдугаар ангиасаа хөгжим тоглосон, суралцсаар л байна.

-Сүүлийн шатны дуугаа хэрхэн сонгов, их чухал шүү дээ?

-Хамгийн түрүүнд “My Voice” үндэсний шоу гэдэг утгаараа үндэснийхээ тренд дууг дуулах ёстой гэж бодсон. Шоуны зөвлөгч багшдаа сонгосон дуугаа хэлсэн. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын бүх дууны эмхэтгэсэн ном байдаг. Тэндээс хараад “Өглөө шиг эх орон” дууг дуулъя гэж шийдсэн. Эхэндээ олон од дуулсан дууг дуулж чадах болов уу гэж айсан. “Хурд” хамтлагийн “Эх оронтойгоо адилхан” дуутай нийлүүлж, хөгжмөө найруулж дуулсан.

-Та ямар дуучдаас үлгэр дуурайл авч байна?

-Багаасаа “Никитон” хамтлагийг сонсож өссөн. Хөгжмийн зохиолчдоос Л.Балхжав болон СГЗ хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат, Зууны манлай дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин УГЖ Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива С.Наран гэх мэт дуучдыг шүтэж, хүндэлж явдаг.

-Өөрийн шүтдэг дуучин Т.Ариунаатай хамт дуулах ямар байв?

-Миний том болон дунд эгч гавьяатын хамгийн үнэнч, хайртай бас галзуу шүтэн бишрэгч нь (инээв). Хүүхэд байхад кассетыг нь захиалаад “Хуучраагүй жинс” дуунаас нь авахуулаад л сонсдог байсан. Тэр хүнтэйгээ хамт дуулна гэж төсөөлж ч байгаагүй. Энэ завшааныг олгосон “UBS” телевизийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хэзээнээс хөөмийлж сурсан бэ, хөөмийлөх дуртай юу?

-Арван жилдээ урлагийн үзлэгт орох гээд буланд зогсож байгаад хүчээр хоолойгоо шахсаар байгаад хөөмийлөх маягтай болсон (инээв). Мэргэжлийн хөөмийчин хүн миний хөөмийлөхийг сонсоход бол биш л санагдах байх. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй юм чинь. Гэхдээ мэргэжлийн хөөмийчөөс зөвлөгөө авч байсан.

-Тэгвэл театрын урлагтай хэрхэн холбогдов оо?

-“Монгол туургатан театр” гээд нэрнээсээ авахуулаад их гоё санагддаг. Миний төрсөн нутгийн төв цэг шүү дээ. Ийм агуу театрын босгыг давж ажиллана гэж огтхон ч бодож байгаагүй. 2016 оны хавар анх дагалдангаар очиж байлаа. Цохиур хөгжмийн мэргэжлээр миний ажиллах тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. Манай хамт олон сайхан уран бүтээл хийх чин зорилготой, авьяаслаг, энерги сайтай хүмүүс бий. Шоуны сүүлийн шатанд театрынхан минь бүгдээрээ оролцож, сэтгэл зүрхээ нэгтгэж чадсан.

-Таны шинэчлэн дуулсан “Салхины хээ” ард түмний хайртай дуу болсон. Цаашид ямар жанраар дуулъя гэж бодож байна?

-Цаашид поп, рок төрөл жанраар уран бүтээл хийхээр төлөвлөж байна. “Салхины хээ” дуу өөрөө этник рок урсгалын дуу шиг санагддаг. Ардын маневртай хэрнээ эстрад поп рок урсгалтай, асар хүнд дуу. Тиймээс өөртөө эв зүйтэйгээр дуулах ёстой гэж бодож хүнд хэсэгт хөөмийнийхөө исгэрээг аваад дуулсан.

-Шоунаас олон найзтай болов уу?

-56 оролцогчоос хойш бүгдтэй нь найзалж эхэлсэн, одоог хүртэл харилцаа холбоотой байдаг. “UBS” телевизийн шинэ төсөл болох 30 ангитай киноны ажил удахгүй эхэлнэ. Бид уулзаж кинондоо тоглоно. Шоу дууссанаас хойш найзуудаа санаж байна шүү (инээв). Бид хамтдаа хоёр жилийн хугацааг өнгөрөөлөө.

-Гэр бүлийнхэн нь танаар маш их бахархаж байгаа байх. Таны хувьд бахархал гэж юу вэ?

-Бахархал өөрөө олон янз. Миний бодлоор бахархал гэдэг аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм.

-Энэхүү шоуны Гран При таны хамгийн том шагнал уу. Өмнө нь тэмцээн уралдаанд хэрхэн амжилттай оролцдог байсан бэ?

-Өмнө нь өөрийгөө тэмцээнд сорьж байсан. Анх Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуулаачийн ангид ОХУ-ын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Ухнаа багшийн удирдлага дор хоёр жил суралцсан. Багшдаа маш хайртай, талархаж явдаг.

-“UBS” телевизийн 2017 оны Гран Прин эзэн одоог хүртэл шагналаа аваагүй гэх асуудал байдаг юм билээ. Та шагналаа гардан авсан байгаа юу?

-“Исо хаус”-аас зохион байгуулагч нь шагналын “Байшингаа хаана бариулах вэ. Өөрт тань өөрийн гэсэн газар бий юү” гэж ярьсан. Газраа шийдчихвэл байшин барьж өгөх талаар тухайн байгууллагаас хэлсэн. Удахгүй сайхан байшинтай болох байлгүй дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглоно || DNN.mn


“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, Монгол орныг бүхэлд нь хамрах “XXI зуун” аялан тоглолт дөрөвдүгээр сарын 6-наас эхлэх аж. Хоёр сар үргэлжлэх энэхүү тоглолт Багануур дүүргээс эхэлнэ.

Улмаар цаашлан зүүн аймаг болох Хэнтийгээс эхэлж тойрсоор Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 28-нд тоглоод өндөрлөх юм байна.

“Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.1999 оны 12 дугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан түүхтэй.

2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн билээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

ФОТО СУРВАЛЖЛАГА: В.ГАУФЫН “ТОМ ХАМАРТ ОДОЙ” хүүхдийн жүжгийн бэлтгэлээс… || DNN.mn

Хүүхэлдэйн театрын хамт олон ирэх сарын сарын 2,3-ны өдрүүдэд Орос ардын үлгэр “Өнхрүүш” хүүхэлдэйн жүжиг, В.Гауф “Том хамарт одой” хүүхдийн жүжиг тус тус тоглохоор болжээ.

“Өнхрүүш” хүүхэлдэйн жүжиг нь гурав болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой, 50 минут үргэлжилнэ. Харин “Том хамарт одой” хүүхдийн жүжгийг 5 болон түүнээс дээш насны хүүхэд үзэхэд тохиромжтой, 60 минут үргэлжилнэ.

Дөрөвдүгээр сарын 2-ны 11.00, дөрөвдүгээр сарын 3-ны 11.00, 13.00 цагаас, дөрөвдүгээр сарын 2-ны 13.00, 15.00 цагаас “Том хамарт одой” хүүхдийн жүжиг, дөрөвдүгээр сарын 3-ны 15.00 цагаас “Том хамарт одой” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.


Ингээд та бүхэнд “Том хамарт одой” хүүхдийн жүжгийн бэлтгэлээс толилуулж байна.

No description available.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Сэнгэдорж: Пробонд орж ирэхдээ л Баярцэцэгийн асуултын тэмдэг шиг нүд таалагдсан || DNN.mn

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны “Худалдагч охин” УСК Олон улсын Азийн шилдэг бүтээл болж, шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг ч хүртлээ. Таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье?

-Үнэхээр гайхалтай, яагаад гайхалтай вэ гэхээр миний цөөнгүй кино гадны фестивальд оролцож, шилдэгт тунаж байсан. 12 жилийн өмнө “Адам”, дараа нь “Цагаан хадаг” УСК ч бас шилдэгт шалгарч байлаа. Энэ нь чамлахааргүй амжилт ч гэлээ шагналт байранд орж байсангүй. Энэ удаад шилдэг 15-т орж, тэр дундаа “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг авсандаа их баяртай байна.

-Киноны ажил эхлэхээс л олон улсын кино фестивалийг онилж байв уу?

-Тэгсэн, хүмүүс ихэвчлэн энэ кино маань сайн болохоор гадны фестивальд оролцоно гэж боддог. Гэвч кино наадамд, олон улсад зориулж өргөн өнцгийг харуулж кино хийдэг. Дэлхийн хэмжээний жанр, хүн төрөлхтний асуудлыг сонгодог. Монголд л байдаг үйл явдал, сэдвийг сонговол Монголдоо л үлдэнэ гэсэн үг.

-Киноны ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-“Худалдагч охин” бол бодож явдаг маш олон санааны маань нэг л дээ. 2017 оны үед бид яагаад насанд хүрэгчдийн дэлгүүрийг (Sex shop) байж боломгүй, харь гаригийн өнцгөөс хүлээж авдаг юм бол. Гадны оронд энэ бол зүгээр л супермаркет шүү дээ. Нийгэм нь дасан зохицчихож, харин манайх чинь ардчилал руу алхаад 30 жил л болох гэж байна гээд бодож байсан юм. Энэ нь нийгмийн алхааны л хурд, аяндаа дэлхийн орчин цагийн хөгжилтэй зэрэгцээд л ирнэ. Хамгийн гол нь хүмүүсийн секст хандах хандлага нь их эмзэг туссан юм. Секс гэдэг нь нийгэмд тулгамдаад буй гэр бүлийн салалт, хүчирхийлэлд чухал нөлөөтэй. Хайранд сексийн оролцоо маш их байдаг. Бид хайр, бэлгийн харилцааны тухай ярихаас ичдэг учраас дуугарах ёстой л өнцөг гэж харсан юм. Зохиолоо 2020 онд бичиж, зураг авалтаа 2021 онд хийсэн.

-Гол дүрээ хэрхэн сонгов?

-“Худалдагч охин” УСК Саруул, Катя гэсэн хоёр гол дүртэй, гол дүрийн охин Саруулыг сонирхолтой, тэс өөр ертөнц байгаасай гэж хүссэн. Гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг 300-аад охиноос шалгарсан. Б.Баярцэцэг амьдрал дээр маш нээлттэй охин, харин кинон дээр маш хаалттай охины дүр бүтээсэн. Пробонд орж ирэхдээ л асуултын тэмдэг шиг нүд нь таалагдсан. Катя буюу насан хүрэгчдийн дэлгүүрийн эзний дүрийг жүжигчин О.Энхтуул эгч бүтээсэн. Балетчин, амьдралыг олон өнгөөр хардаг ганц бие бүсгүйн дүрийг бүтээх жүжигчинг нэлээд хайсан. Жүжигчид зохиолоо уншаад л “Би чинь сексшофийн эзэн авгай юм байна” гэж бодоод эмээж байсан. Тэгээд манай киноны хоёрдугаар найруулагч Номунзул Герман руу О.Энхтуул эгчтэй холбогдож зохиолоо явуултал маргааш нь шууд л “Би энэ кинонд тоглох хүн байна” гэж хэлсэн. Би гайхаж, баярласан, О.Энхтуул эгч хатуу хөл хорионы үед эрсдэлтэй алхам хийж Монголдоо ирж зурганд орсон.

-Үзэгчид таны төсөөллөөс ямраар хүлээж авсан бэ?

-Энэ киног нээхэд л айж байсан. Гэтэл анхны үзэгчид маш сайхнаар хүлээж авсан, бид үзэгчдээ басамжилж болохгүй, залуусын сэтгэлгээ, хандлага шал өөр болсныг ойлгосон. Киноны сэтгэгдэл, шүүмжийг дандаа залуучууд бичиж байсан, миний үеийн кино шүүмжлэгчид таг (инээв).

No description available.

-Таны кинонууд ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбоотой байх юм. Та ер нь эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнцийг харуулахыг зорьдог юм уу, найруулагч аа?

-Ер нь би их гоо зүй хардаг, мэдэрдэг найруулагч. Хар нялхаасаа урлагийн хаяанд тонгочиж өссөн юм болохоор ч тэр юм уу. Гоо зүйн туйл бол эмэгтэй хүн л гэж бодож, биширдэг. Гоо зүй гэхээр л эмэгтэй хүн рүү орчихоод байдаг юм (инээв). Мөн Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн, Г.Анхмаа гээд эмэгтэй продюсерүүдтэй их ажилласан. Тэдний ертөнцийг гаргахын тулд энэ тал руу орсон ч байж магадгүй юм. Эмэгтэй хүн өөрөө судлаад баршгүй агуу ертөнц, цаашид ч эмэгтэй хүнийг судалсаар, үзүүлсээр байх болно. Зарим хүмүүс “Сэнгээ дандаа эмэгтэй хүнийг нүцгэлж байх юм” гэдэг. Гэхдээ би тэр хүний дотоод ертөнцийг гаргахын тулд нүцгэлж, үсийг нь хайчлуулж ер нь яаж ч магадгүй. Эмэгтэй хүний гоо зүй гэдэг чинь төгс харагдахдаа биш байхгүй юу. Эмэгтэй хүний гоо сайхан байхгүй болох тусам цухуйж байгаа зүйл нь гоо зүй. Багшийн хэлдгээр “Сайхныг үзүүлэх гэж байвал муухай үзүүл. Муухайг үзүүлэх гэж байвал сайхныг үзүүл” гэдэг нь шүү дээ.

-“Худалдагч охин” кинонд Саруул, Катя хоёр нэг хүн юм шиг санагдсан. Та юу гэж бодож найруулсан бэ?

-Тийм, маш сайн олж харсан байна шүү. Энэ зохиолыг арзайсан үстэй, царай муутай нэг л хүн бичиж байгаа шүү дээ, би. Саруул гэдэг чинь миний бага нас, эмэгтэй л болохоос. Би багадаа бүрэг яг л Саруул шиг хүүхэд байсан. Харин би 60 нас руу дөхөхөөр яг Катя авгай шиг егзгөр, амьдрал мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг, амьдралын философийг өргөн хардаг өвгөн болно.

-Амьдралд их хялбар, хөнгөн ханддаг юм шиг харагдсан. Та одоо хэр “Easy” амьдардаг вэ?

-Яг зөв, хүн амьдралыг хөнгөн, амархнаар харвал амьдрал тийм л байна. Зовлонг хараад л байвал зовлонтой л амьдарна энэ чинь үйлийн үрийн философи.

-Нохойн дээр бэлгийн харилцаа, мэдрэмж бол амьд бодгаль бүрийн амьдралын салшгүй хэсэг гэдгийг харуулахыг зорьсон юм уу?

-Нохойг хүмүүс огт асуудаггүй, харин чи асуучихлаа (инээв). Амьтан бол амьтан гээд хаяж болохгүй. Секс орчлонгийн амьд бүхэнд хамаатай, амьд бүх юмны тухай л харуулах гээд байгаа юм. Кинонд Саруулын найз залуу гээд нэр ч үгүй, утсаа маажихаас өөр юм хийдэггүй залуу гардаг. Албаар нэр өгөөгүй юм. Тэр бол оршин тогтноод ч байгаа юм уу, үгүй ч юм уу, утсаа шагайсан, бүлт үсэрсэн, эцэг эхийнхээ ивээл дор амьдардаг залуу. Тэр мөрөөрөө амьдрахгүй, ойр байгаа амьд биет бүхэнд нөлөөлж байгаа нь хамгийн аймшигтай. Дэлхийгээр дүүрэн ийм хүн байна, бүгд утсаа шагайж түүний хажууд амьд юу байх нь үл хамаатай болжээ. Тийм хүний хажууд байгаа амьтан хүртэл гунигтай, мэдрэмжгүй болж байна. Саруул “Чиний нохой нохой шиг биш байна, жинхэнэ нохой гэдэг чинь тэр байна” гээд хөөцөлдөж тоглож байгаа ноход руу заадаг. Үүгээрээ бид бодит биш амьдарч, амьтаныг ч амьтан биш болгож байна гэдгийг л харуулсан.

-“Банана”, “Катя” гээр гарчиг өгч, тод неон гэрлүүдийг оруулсан байсан. Энэ нь үзэгчидтэйгээ илүү наалдацтай болгож буй хэлбэр үү?

-Гарчиг биш дүрийн тодотгол гэж хэлж болно. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Яг одоогийн хүүхдүүдэд, залууст зоож, хэлж өгч байгаа юм. Хуучинд бид тэр дүрийг хайж, ухаж бодож ойлгодог байлаа. Одоо бол “Энийг ойлгоод өгөөч” л гэж байгаа юм. Гэрлийн хувьд бид энгийн биш, тод өнгөтэй л юм хардаг болсон шүү дээ. Хүний анхаарлыг татах арга гэх юм уу.

-Дууны сонголтод их анхаарсан юм шиг байсан…

-Тийм ээ, энэ киноны хөгжмийг өмнөх кинонуудаас өөр илүү амьдралтай ойр байлгахыг хичээсэн. Би ихэнхдээ киноныхоо хөгжмийг сонсоод зохиолоо бичдэг. “Магналион”, “The Colors” хамтлагийн хөгжмийг сонсож байгаад “Худалдагч охин”-ы зохиолыг бичсэн.

-Таны “Амрагууд” киноны гол дүрийн эмэгтэй зураач, “Гэргий” киноны гол дүр дүрслэх урлагийн багш, “Худалдагч охин”-ы гол дүр бас зурах дуртай. Та зураач бүсгүйчүүдийг их чухалчилдаг бололтой?

-Яагаад ч юм зураач эмэгтэй л болчихоод байдаг юм. Би өөрөө зургийн ямар ч авьяасгүй, гэхдээ орчин үеийн галлериаг шимтэж үзэх маш дуртай. Үнэндээ уран бүтээлээ туурвихын тулд, өөрийгөө илэрхийлэхийн тулд ганцхан өөрөөс нь шалтгаалдаг хүмүүст байнга атаархаж явдаг. Зураачид зотон, будаг нь байхад л өөрийгөө илэрхийлчихнэ. Харин миний кино урлаг түмэн юмнаас хамааралтай. Өөрийгөө илэрхийлэхийн тул 40, 50 хүнтэй ажиллах шаардлагатай болно. Өөрийгөө илэрхийлэх гэж түмэн хүнтэй ажиллаж байгаад сүүлдээ өөрийгөө алдаад дуусдаг (инээв). Залуу байхад тэгдэг л байлаа шүү дээ. Зураачдын ертөнцийг мэдрэхийн тулд л зураач сонгочихдог байх.

-Таны хүүхдүүд урлаг сонирхож байна уу?

-Гэргий маань бүжигчин, хүүхдүүд урлаг сонирхвол сонирхох л байх. Гэхдээ өөрсдөө л сонгоно доо, сонгочихдог л юм байна (инээв). Аав, ах бид хоёрт урлагийг огт санал болгоогүй, бид өөрөө л орсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Анужин: 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатанд хүрсэн гэж боддог || DNN.mn

“The Voice of Mon­golia” шоуны шилдэг оролцогч,“B” продакшны уран бүтээлч Б. Анужинтай ярилцлаа.


-Шинэ цомгоо өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Цомог бэлэн болоход багагүй хугацаа зарцуулав уу?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас цомгийн ажилдаа орж, Сингапурт дууныхаа микс мастерыг хийлгэлээ. Хөл хорионы үеэр цомгийн ажил минь эхэлсэн учраас өдөр бүр студидээ бэлтгэлээ хийх шаардлагатай учраас алхаад л очдог байсан. Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болд ахтайгаа найман дуутай цомог хийхээр төлөвлөсөн хэдий ч найм дахь дуугаа хоёр дахь цомог руугаа шилжүүлж долоон дуу, хоёр клиптэй анхны бие даасан цомгоо гаргалаа. Хоёр дахь цомгийн маань ажлын төлөвлөгөө гарч байна. Би Royal academy-д бизнесийн удирдлагаар суралцдаг. Энэ жил төгсөх ангийн оюутан учир эхлээд сургуулиа төгсчихөөд дараагийн цомгийн ажилдаа бүрэн шамдана гэсэн бодолтой байна. 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатандаа хүрлээ гэж бодож байна даа.

-Багаасаа дуулах сонирхолтой байв уу?

-Би багадаа их бүрэг, ичимхий хүүхэд байсан. Арван жилд надад таньдаг хүүхэд байгаагүй, намайг ч таньдаг хүүхэд байдаггүй тийм л бүрэг дуугүй хүүхэд байсан. Тийм учраас ээж, аав хоёр минь намайг хөгжүүлэхийн тулд “Хүүхдийн ордон”-ы С.Ганчимэг хэмээх мундаг багшид шавиар оруулсан. Багш маань олон сайн дуучдыг төрүүлсэн, одоо ч “Хүүхдийн ордон”-д ажиллаж байна. Ингээд би гэдэг хүн “Хүүхдийн ордон”-д явснаар илүү задарч, ядаж л хүний өөдөөс харж ярьж чаддаг болсон шүү дээ. Дуулах сонирхол минь ч нээгдсэн гэж боддог.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай аав, ээж хувиараа бизнесэр хэлдэг. Миний дуулах хүслийг бүрэн дүүрэн

дэмжиж, ар талд минь бат зогсож, намайг дэмждэг хүмүүс бол гэр бүл минь.

-Хамгийн анхны тэмцээн чинь “Усан шоо” байсан гэсэн үү?

-Тиймээ. Монголд “Дорнын уянга” хятад дууны тэмцээнд түрүүлж Бээжингийн олон улсын тэмцээн буюу монголчилбол “Усан шоо” тэмцээнд явж байсан. Тухайн үед олон улс орноос дуучид ирж оролцож байсан л даа. Миний хувьд шилдэг 15-д багтсан. Өмнө нь Монгол оролцогчдоос шилдэг 15-д багтсан хүн байдаггүй юм билээ.

-Мальдивд аялах үеэрээ 2023 онд Итали улсад болох нэгэн тоглолтод оролцох санал авсан гэж сонссон. Энэ талаараа тодруулаач?

-Роберто гэх хөгжмийн зохиолч залуу Италийн “Ромео” 2023 оны тоглолтод оролцооч хэмээн урьсан юм. Энэ тоглолтод оролцох гээд бэлтгэлээ хангаж байна.

-“The Voice of Mongolia” өөрийг чинь нээсэн, олон нийтэд таниулсан тэмцээн гэж ойлгодог.

-Тэгэлгүй яахав. “The Voice of Mongolia” тэмцээн бол миний хувьд хамгийн гайхалтай, надад маш том шагнал авчирсан гэж хардаг. Энэ тэмцээнд оролцсоноор миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Маш сайн бодож, төлөвлөж, бэлдэж байгаад энэ тэмцээндээ оролцсон доо.

-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шатнаас хойших оролцогчийн хувцаслалт, нүүр будалт, үс засалт их тансаг байдаг шүү дээ.

-Тийм ээ. Бидний нүүр будалт, үс засалт, хувцаслалт гээд тайзан дээр уран бүтээлч хүн хэрхэн гоё сайхан харагдах тал дээр көүч болон телевиз маань бүрэн хариуцаж ажилладаг.

1 хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-Та “UBS”телевизийн “Universe best songs-2017” тэмцээний Гран при шагналын эзэн. “The Voice of Mongolia”шоунд оролцохдоо өөртөө хэр итгэлтэй байв?

– Аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо хүн бүр л би чадна гэж зорьж оролцдог шүү дээ. Үүнтэй л адил би чадна аа гээд л оролцсон.

-Энэ шоунд оролцоод олон найзтай, мөн олон өрсөлдөгчтэй ч болов уу?

-Нөхөрсөг өрсөлдөөн гэж ярих нь зөв болов уу. Би олон найзтай. “The voice of Mongo­lia” тэмцээнд оролцсоныхоо дараа мөн л олон хүнтэй найзалж нөхөрлөсөн.

-Таны хувьд “B” продакшн-д хамрагддаг залуу уран бүтээлч. Бэлтгэл сургуулилтад хэр цаг зав зарцуулж байна?

– Байнгын бэлтгэлтэй байхыг Д.Болд ах маань зөвлөдөг. Одоогоор би төгсөх ангиийн оюутан учраас ойлгож авч үзэж байна л даа. Захирлынхаа үг, үйлдэл бүрээс эхлээд залуу артистууд бүгд суралцаж явдаг.

No description available.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны дуулсан “Хөдөөгийн сайхан талд зорино” дуу эгшиглэдэг. Энэ дуугаа киноны дуу болсноо мэдээгүй байсан гэсэн үү?

-Мэдээгүй байсан. Энэ киноны дуугаар эгшиглэж байгаа нь үнэхээр гоё санагдсан. Ингээд энэхүү дуу маань хит болж, олон хүн намайг мэддэг, сонсдог болсон байна лээ. “Хөдөөгийн сайхан талд зорино” дуугаа шоунд оролцож байхдаа өөрчилж дуулсан болохоор “Монгол HD” телевизийн өмч.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жуулчдад зориулж энэ онд урлаг соёлын 36 арга хэмжээ зохион байгуулна || DNN.mn

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг жуулчдад зориулан энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, “Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг төлөвлөжээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулах аж.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

П.Эрдэнэзаан: Эрүүл саруул, зөв хандлагатай амьдарч байхад өөр хүсэх зүйл үгүй || DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.


-Одоогоор та “Гэм зэм” жүжгээс гадна ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Гэм зэм” жүжгээс гадна “Риакшн” продакшны залуу жүжигчид болох Х.Цасчихэр, Э.Тодгэрэл хоёр дүүгийнхээ бүтээж буй уран сайхны киноны найруулга дээр ажиллалаа. Ерөнхийдөө киноны зураг авалт одоо л дуусч байна. Тус уран сайхны кино гуравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх байх.

-“Гэм зэм” постдрамын жүжигт хэрхэн тоглох болов?

-Коронавирусийн үеэр “Гэм зэм” романыг уншаад удаагүй байх үед жүжигт тоглох санал ирсэн. Бүх зүйлээр цэнэглэгдчихсэн байсан үед М.Батболд найруулагч, продюсер Т.Ариунчимэг хоёр надад жүжигт тоглох санал тавьсан. Тухайн үед эхэндээ Ф.М.Достоевскийн романаас сэдэвлэсэн жүжигт би тоглож чадах уу гэж их гайхсан. Надад их итгэл өгсөн. Романаас жүжгийн тавилт зэрэг нь өөр ч Ф.М.Достоевский гэдэг мэдрэмжийг авчихсан байсан учраас ойлгохгүй зүйл байгаагүй. Дүр дээрээ маш их ажилласан. Жүжиг өөрөө хийцийн хувьд өөр. Үүнийг ойлгож ажиллана гэдэг нь жүжигчнээс мэдрэмж, ур ухаан шаардсан. М.Батболд найруулагчдаа их баярлалаа гэж хэлье. Найруулагчтайгаа маш сайн ойлголцож, мэдрэмжээрээ холбогдож ажилласан учраас сайхан уран бүтээл гарсан байх гэж ойлгож байгаа.

-“Гэм зэм” жүжгийг маш их үзэгч үзэж байна. Энэ жүжгээр нийгэмд юуг хүргэхийг зорьсон бэ?

-Энэхүү жүжгийг үзсэнээр хүн өөрийгөө таних хэрэгтэй болон хүний хувийн орон зай гэж юу байх ёстой вэ гэдгийг ойлгоно. Залуучууд нийгэмд юу болж буйг харж, сэрж бодооч ээ, өөрийн амьдарч буй нийгэмд идэвхтэй оролцооч ээ гэдгийг ойлгох байх. Гэхдээ энэ жүжгээс ойлгох маш олон зүйл бий. Дүр бүр өөр өөрийн ертөнцтэй, нийгмийн давхаргуудад харьяалагдах сэтгэл зүйтэй. Өөрийгөө хайрлаж ойлгох, нийгмийг дүгнэж бодох, өөрөө өөртэйгөө ярих зэрэг их олон зүйлийг хэлж болно. Дан ганц зүйлийг ингэж өгүүлнэ гэхээс илүүтэйгээр үзэгч өөрөө үзэж ойлгох нь хэрэгтэй байх.

-“Гэм зэм” жүжигт Мармеладов болон шүүгчийн дүр бүтээж байгаа шүү дээ. Дүрүүдийн утга агуулгын талаар ярихгүй юу?

-Мармеладов архичны дүрд тоглуулахын хамтаар яагаад ерөнхий шүүгчийн дүрд тоглуулсан юм бэ гэж би бас их гайхаж байсан л даа. Шүүгч гэдэг чинь шударга үнэний төлөө зогсож байгаа, гэтэл Мармеладов архичин шударга үнэнийг хайсаар үхэж буй дүр. Мармеладовын мөрөөдлийг биелүүлж буй нь шүүгч сууж асуудлыг шийдэж байгаа юм. Мармеладовын дүр бол нийгмийн золиос. Ядуу амьдралын байдал эцсийн эцэст амьдралаас явуулахаас өөр аргагүй болгож байгаа асуудал. Шүүх гэж байдаг бол шүүхийг дагаад хүн чанар байх ёстой. Хуулийг дагаж хүн чанар байвал ямар нэгэн хэрэг зөв шийдэгдэнэ гэсэн асуудал.

-1994 оноос хойш тасралтгүйгээр тайзан дээр дүр бүтээж байна. Анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Яг сайн хэлж мэдэхгүй байна. Учраа олохгүй л гүйж явсан байх. Эхний таван жил юугаа ч ойлгохгүй давхина, дараагийн таван жил эр зоригоороо давхина. Хэцүү л дээ, яаж амар байх вэ. Жүжигчин болохын тулд бараг 20 гаруй жил хөдөлмөрлөж байж ажлын дөртэй болно. Жүжигчний мэргэжлийг насан туршийн эрэл хайгуул гэж боддог. Учир нь хүний сэтгэлийг сэтгэлийнх нь гүн рүү орон хайж байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг хязгааргүй, таагдашгүй. Тийм болохоор тэр эрэл хайгуулыг хийсээр дуусах байх гэж боддог. Одоо эрэл хайгуулынхаа дунд хайгаад л явж байна.

-Одоогоор “Маск” продакшн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Маск” продакшны хувьд онцгой нөхцөл байдлаас шалтгаалан одоохондоо уран бүтээл хийхгүйгээр завсарлага авсан байгаа. Уран бүтээлчид хувь бүрдээ уран бүтээлд оролцон, өөр хийх боломжтой зүйлсийг хийж байна. Нөхцөл байдал тайван болох хүртэл одоохондоо төлөвлөсөн ажил үгүй амралтын байдалтай байна. “Ковид 19”-ын хууль цуцлагдан, тайван болсон үед уран бүтээлийн ажилдаа орно доо.

-Таны хувьд дэлгэц болоод тайзны дүр юугаараа ялгаатай вэ?

-Дэлгэц, тайзны урлаг ялгаатай. Тайзны урлаг бол амьд урлаг. Амьд урлаг гэдэг нь жүжигчин үзэгчидтэйгээ бие, сэтгэл зүй бүх зүйлээрээ амьд холбогдон вакум орчин болж байдгаараа онцлогтой. Дэлгэцийн уран бүтээлд техник оролцож буй учраас техник дээр жүжиглэх шаардлага гардаг. Тайзны уран бүтээлд жүжигчний өөрийн судасны цохилт, судасны лугшилт, амьсгал, хөлс, зүрх сэтгэлийг мэдэрдгээрээ онцлог.

-Танд кинонд тоглох санал ирж байна уу?

-Кинонд дүр бүтээх саналууд ер нь ирдэг. Ажлын нөхцөл байдлаас хамааран одоохондоо кинонд тоглох завгүй л байна.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн нандин дүр ямар дүр байв?

-Ер нь төрөл бүрийн зүйлс хийж л байна. Эрэл хайгуул хийж, алдаж онон, амжилттай амжилтгүй болон явж байна. Гэхдээ хийж буй бүх зүйлд минь хөдөлмөр, сэтгэл зүрх, оюун ухаан ордог болохоор энэ дүр тийм лаг гэж нэр заахгүй. Хүний хөдөлмөр хөлс оюун ухаан зарцуулагдаж байдаг болохоор бүтээж байсан бүх дүрдээ хайртай.

-Таны хувьд жүжигчин хүний мөн чанар юу вэ?

-Жүжигчин хүнийг ёс суртахууны өндөр түвшинд байх ёстой гэж ойлгодог. Учир нь олны анхааралд байдаг мэргэжлийн онцлогтой. Өөрөө хүсээгүй ч олны анхааралд өртөж л байдаг. Тиймээс ёс суртахууны өндөр түвшинд биеэ авч явах хэрэгтэй. Мэргэжил нь баг хамт олноороо ажилладаг учраас зөв хүмүүжилтэй, хүн чанар сайтай, маш өргөн мэдлэгтэй, ёс зүйтэй байх ёстой. Ийм байж чадвал жүжигчин хүн гэж ойлгож болно доо.

-Та анх гурван настай байхдаа зурдаг байсан гэсэн үү. Одоо зурахдаа хэр сайн бэ?

-Тийм. Бага наснаасаа л зураг зурдаг байсан. Тодорхой хэмжээнд зав чөлөө гарсан үед таталбар зурдаг. Мэргэжлийн хэмжээнд биш л дээ. Багаасаа зураг зуран, сонирхдог байлаа. Сурсан зүйл юу гэж арилах вэ, алга болохгүй.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуай “Манай П.Эрдэнэзаан ардын жүжигчин авдаг бол авахаар гайхалтай байгаа” гээд таньд их ам сайтай байна лээ. Ардын жүжигчний энд та бараг хүрсэн үү?

-Тийм зүйл одоо яриад хэрэггүй байх. Ямар ч байсан ур дахь ажлаа л хийж байх хэрэгтэй. Ц.Төмөрбаатар ах намайг тайзан дээр гарах үед ард яг намайг харж байдаг. Тайзнаас гарч ирээд үргэлж зөвлөгөө авдаг. Агуу жүжигчинтэй хамт ажиллан, мэргэжлийн зөвлөгөө авч үгийг нь сонсоно гэдэг маш том боломж. Тийм учраас танай сониноор дамжуулан ахдаа баярлалаа гэж хэлэх ёстой гэж бодож байна. Олон сайхан жүжигчид, залуучуудтай хамтран ажиллаж байна. Маш их зүйл сурч байна. Тийм болохоор их урамтай, маш сайхан ажиллаж байгаа. Цаашдаа олон уран бүтээлд ажиллах хүч, урам авч байна.

-Одоо та ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Жүжигчин хүний чадал сорьж, ухааны цар хүрээ шалгасан дүрүүдэд тоглох сонирхолтой байна. Одоо бол нас, туршлага, цаг хугацаа олон зүйл бүрэлдсэн. Тэгэхээр илүү их эрэл хайгуул хийж ажиллах шаардлагатай, намайг зовоосон дүрд тогломоор байна.

-Та амьдралдаа юунд талархдаг вэ?

-Жүжигчин гэх энэхүү сайхан мэргэжлээрээ ажиллан, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байхад үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Эрүүл саруул, зөв хандлагатай амьдарч байхад өөр хүсэх зүйл үгүй.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ууган хүүтэйгээ хамтран “Тагнуулч аав” кинонд дүр бүтээж байсан шүү дээ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү минь сургуулиа төгсөөд, гэр бүлтэй болоод одоо архитектор мэргэжлээрээ ажиллаж байна. Гурван охинтой, бага охин минь дөрөвдүгээр ангид суралцдаг.

-“Positive Mongolians”-ийн хуримд хоёр охин нь дуулахад та их гайхаж, алмайрч байсан. Саяхан том охин нь “The Voice of Mongolia” шоунд оролцон амжилттай дараагийн шатанд шалгарсан. Та охиныхоо дуулдгийг нь мэддэггүй байсан уу?

-Миний хажууд охид минь дуулдаггүй. Манай том охин биеэ даасан охин. “The Voice of Mongolia” шоунд өөрөө бие даан шийдэж орсон байсан. Бид мэдээгүй байж байгаад Mongol HD телевизийн “The Voice of Mongolia” шоуны хамт олноос холбогдоход л шоунд оролцсоныг нь мэдсэн. Охин минь өөрөө бага наснаасаа төгөлдөр хуур тоглож, биеэ даагаад өсчихсөн хүүхэд. Шийдвэр бүрээ өөрөө гаргадаг. Сүүлд “Аав, ээждээ сюрприз барих дуртай” гэж хэлж байсан. Үнэхээр гэнэтийн зүйл болсон. Хүмүүс аав нь урлагийн хүн учраас хүүхдээ шахаж бэлддэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Манай хүүхдүүд өөрсдөө бэлдээд дуулах үед нь би мэдэхгүй байдаг (инээв).

-Урлаг соёл, ажил гээд гэр бүлдээ цаг зав хэр зарцуулж байна?

-Хүүхдүүддээ аль болох цаг, заваа зарцуулахыг л боддог. Өглөө ажилдаа яваад тоглолттой, орой гэртээ хариад уулзалдах боломж бага л байна. Намайг гэртээ унтаж байхад хүүхдүүд хичээл сургуульдаа явдаг. Бид чинь зөрөлдөөд, бужигнаад байж байдаг даа.

-Таны эхнэр ямар мэргэжилтэй вэ?

-Миний хань хөгжимчин хүн. Консеваторд хөгжмийн багшаар олон жил тогтвортой ажиллаж байна. Олон сайхан шавь нартай багш хүн.

-Таны хүүхдүүд дуучин, жүжигчин болно гэж ярьдаг уу?

-Миний хүүхдүүд бага байх үеэсээ л тайзны ард өссөн. Бага наснаасаа хүүхэд ямар орчинд өссөн нь хүүхдийн сэтгэлд хадгалагдаж үлддэг юм байна лээ. Хүүхэд өөрийн хүсэл сонирхлоороо дуртай зүйлээ хийх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Өмнө нь жүжигчний мэргэжлийг маш хэцүү мэргэжил, жүжигчин болгохгүй гэдэг байсан л даа. Одоо бол тэгж, хүүхдийн хүсэл сонирхлыг боож болохгүй. Хүн гэдэг чинь дуртай зүйлээсээ аз жаргалыг эдэлж, мэдэрч байх ёстой. Тийм болохоор хэрвээ хүүхдүүд маань жүжигчин гэх энэ мэргэжлийг сонговол би татгалзахгүй гэж боддог.

-Та хүмүүсийн намтар унших их дуртай гэсэн үү. Ямар учраас намтар унших болов?

-Хүний амьдралын намтар гэдэг тэр чигтээ түүх, драматург байдаг. Учир нь хүмүүсийн амьдрал давтагдашгүй, ийм байх ёстой гэсэн журам үгүй. Агуу ч бай, энгийн ч бай хүний амьдралыг сонсож, судалж байх хэрэгтэй. Хүний амьдралын намтрыг уншсанаар маш их зүйлийг олж авдаг. Хүн гэдэг чинь амьдрал дээр бас нэгэн дүр шүү дээ. Чиний амьдралын үзэл бодол, амьдралд хандаж буй чинь мөн л нэг дүр. Үүнийг уншина гэдэг нь бас нэгэн судалгааны ажил гэх юмуу даа. Хүний дотоод сэтгэлгээг олж, мэдэрч унших нь жүжигчин хүнд хэрэгтэй гэж боддог. Бодит байдал гэдэг гарцаагүй үнэн, маш сонирхолтой байдаг.

-Та сүүлийн үед ямар ном уншиж байна?

-Саяхан “Цойлогсод” номыг уншиж дуусгасан. Одоо Еврейчүүдийн талаар ном уншиж байна. Цаашдаа боломж гарвал унших номуудаа төлөвлөчихсөн байгаа.

-Сэтгэлээр унасан, эрч хүчгүй болсон үедээ яаж цэнэглэгддэг вэ?

-Хүн бол сэтгэлийн амьтан. Хүний сайн сайхан байх, унаж босох нь өөрийн сэтгэл зүйгээс шалтгаалдаг гэж боддог. Би хийж чадахгүй, болохгүй зүйл байвал орхиод, өөрийгөө чөлөөлчихдөг. Гол нь сэтгэл зүйгээ хүнд байлгахгүй байх. Өөрөө өөрийгөө хүнд, муу зүйлсээс чөлөөлж гоё байлгах хэрэгтэй. Ямар нэгэн муу зүйл байхад мууг нь харахгүйгээр сайн сайхныг нь харах хэрэгтэй. Хүний харилцаа ч мөн чухал. Өглөө босоод хүнтэй инээгээд харилцаад, урдаас нэг хүн инээхэд ч гоё байдаг шүү дээ. Аливаа зүйл жижигддэггүй. Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрвэл сэтгэл зүйн хувьд ямар нэгэн байдлаар унахгүй байна. Үргэлжийн сөрөг нийгмийн стресс хэцүү. Ялангуяа уран бүтээлч хүн бүр их хэл аман дунд байдаг. Юм юманд л бачуураад байвал хэрхэн амьдрах билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Ангирмаа: Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ || DNN.mn


Хөгжмийн зохиолч, продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаатай ярилцлаа.

-Таныг анх урлагт хөл тавихад юу нөлөөлж байв?

-Гэр бүл маань урлагт хайртай хүмүүс учраас их нөлөөлсөн. Аав маань төгөлдөр хуур тоглож, уртын дуу дуулдаг, ээж минь уран зураг сонирхож цуглуулдаг байлаа. Харин ах маань “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн байсан. Миний ах, эгч нар ОХУ-д оюутан байхдаа бүгд хамтлагт дуу зохиож, гитар тоглодог байсан. Үүнээс улбаатай юм болов уу.

-Та анх өдөрт 2-3 дуу зохиодог байсан гэсэн үү?

-Би хуучин төгөлдөр хуурын ард суусан даруйдаа л нэг өдөрт маш олон дуу зохиодог байсан. Үргэлж нэгээс хоёр ая зохиож, түүндээ зориулан шүлгээ бичдэг байлаа. Миний дуунуудыг Б.Сарантуяа, С.Наран, Ж.Алтанцэцэг зэрэг поп дива уран бүтээлчид дуулж эхэлсэн. Тухайн үед ая, үгээ өөрөө зохиож, өөрөө гитар, төгөлдөр хуур сурч их чармайлттай байсан. Бүх дуунуудаа нэг дор зохиож байсан учраас анхны дуугаа хэдэн онд зохиож байснаа сайн мэддэггүй (инээв).

-Та анх 13 настайгаасаа дуугаа зохиож байсан гэж сонссон?

-Тийм. 13 настайгаасаа ая, дуугаа зохиож ирсэн. Зургаан настай байхдаа шүлэг бичдэг байлаа. Аяа зохиож, өөрөө гитар тоглож сураад, төгөлдөр хуур тоглож сурсан дариудаа “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг бүх дуунуудаа өдөр бүр зохиодог байсан. Өдөр болгон төгөлдөр хуур тоглож, маш их дуу зохиодог байсан. Би 1983 онд “Тагтаа” зэрэг дуунуудыг “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг ах нартаа ч сонсуулдаг байлаа. Балчир бага насандаа хэнд ч хандаж чадахгүй дуунуудаа бүгдийг нь хадгалж байтал 1983 онд зохиож байсан дуунуудыг 10 жилийн дараа Б.Сарантуяа дуучин маань амьдруулсан. Түүнээс үүдэн эмэгтэй дуучид миний дуунуудыг амьдруулах болсон доо. Би их завгүйгээр үргэлж хөдөлмөрлөж ирсэн.

-Анх төгөлдөр хуур сурахдаа өөрөө хар, цагааны ялгааг олж “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг дуугаа зохиож эхэлсэн гэсэн, энэ тухай тодруулбал?

-Би тамирчин байх шинжтэй байсан. Сагс, ширээний теннис их тоглодог байлаа. Манай гэрт аав маань төгөлдөр хуур худалдан авч авчирсан учраас би хар, цагаан товчлуурыг мэдэрч эхэлсэн. Тэр үед манай тэр хавьд Л.Мөрдорж гуайнх, манайх хоёр л төгөлдөр хууртай байлаа. Аав минь “Чи энэ төгөлдөр хуурыг сур. Чи Александра Пахмутова гэдэг шиг урлагийн хүн байх ёстой. Хөгжим дуу зохиож сур” гэж хэлж байсан. Би өглөө болгон хар, цагааныг уудлан, энийг ингээд үзье, энэ ингэвэл яаж дуугарах бол гэж оролдсоор байгаад “Сэтгэлд догдлуулсан орой” дуугаа зохиож байсан. Үүнээс хойш Улаан-Үдэд сургуульд явж суралцан их зүйлийг сурч байсандаа баяртай байдаг.

-Та 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хийж байсан шүү дээ. Одоо тоглолт хийх бодол байгаа юу?

-“Сэтгэл догдлуулсан орой” тоглолт миний 50 насны ойн тоглолт байсан. Энэ тоглолтыг миний бүх найз нар заавал чи хийх ёстой, олон жил тоглолт хийсэнгүй, хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ. “Киви”-гээ, шавь нараа сайхан болгочих юмсан гэж боддог байсан. Өөрийнхөө уран бүтээлийг хойшлуулдаг байж байгаад тоглолтоо хийсэн. Тоглолтод миний бүх найз нөхөд, урлагийнхан ирж дуу хуураа өргөж их сайхан мартагдашгүй тоглолт болсон. Одоо өөрийнхөө тоглолт хийхээс илүү охидын шинэ хамтлаг байгуулна гэж бодож, мөрөөдөж байна. “Киви” хамтлаг сайхан бүтээл хийж туурвисан. Би бодож, мөрөөдөж явахад миний бодож мөрөөдсөн бүхэн биелдэг. Үүнтэй адилхан би хамтлаг байгуулна, телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж мөрөөдөж байсан. Миний бүх мөрөөдөл биелсэн. Үүнтэй адилаар дахин охидын хамтлаг байгуулна гэж бодож байна. Би яаралгүйгээр төлөвлөж, боддог. Өөртөө их итгэл үнэмшилтэй байдаг. Учир нь сайн сайхан зүйлсийг бодож явж байхад бүх зүйл бүтдэг. Би маш олон шавь нартай. Шавь нарыгаа дуулахыг хараад бахархаж явдаг даа.

-Та яагаад продюсер гэх мэргэжлийг сонгож ажиллах болсон юм бэ?

-Би тайзны ард байж ямарваа нэгэн зүйлийг зохион байгуулж, менежер хийх зэрэгт илүү сонирхолтой. Тайзан дээр гараад дуулдаг хүн биш юм байна лээ. Тайзан дээр гарч дуулахаас илүүтэй арын фронтод, хөшигний ард ажиллах нь надад их чухал байдаг.

-Анх “Продюсер” гэдэг томьёоллыг үүсгэсэн шүү дээ. Тухайн үед ямар байв?

-Тэр үед манай оронд продюсер гэдэг мэргэжил байхгүй байсан ч продюсер хүн олон байсан. Н.Ганхуяг ах, Л.Тайванбат гэх зэрэг хүмүүс. Энэ нэр томьёог би жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн. Продюсер хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг өөрөө уншиж, судалсан. Гэрээ хийж, ийм ажлуудыг хийх ёстой юм байна. Продюсер гэдэг нь санхүүг нь барьж, санааг нь гаргадаг хүнийг хэлнэ. Надаас маш олон хүн зөвлөгөө авах гэж уулзаж, ямар учиртайг олон хүнд зааж зөвлөж байсан.

-“Киви” хамтлагийг анх үүсгэн байгуулж байхад ямар хэцүү зүйл тулгарч байв?

-Хамтлаг үүсгэн байгуулахад хэцүү зүйл байгаагүй. Аяндаа бүх зүйл бүтсэн. Бид хоорондоо ярилцан байгуулж байсан даа. Ямар ч гачигдал, дутагдах зүйл, бэрхшээл байгаагүй. Бид өөрсдийн студи, талбай, сургуультай асуудалгүй байсан.

-Та саяхан “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл?

-Энэ их сонин мэдрэмж байдаг юм байна. 2018 онд миний 50 насны ойн тоглолт болох гэж байхад нэг яриа үүсээд өнгөрсөн. Түүнээс хойш одоо дөрөв гаруй жил өнгөрч. Би өөрөө тоохгүй, бага зэрэг хэнэггүй явж байлаа. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай намайг тодорхойлоод, шагнал авах үе маш сайхан боллоо. Би энэ шагналын хойноос бол явах үгүй, хэнэггүй байсан. Хүмүүсийг шагнал авахад гавьяат, алтан гадас авчээ гэж хардаг байлаа. Надад их сайхан сэтгэгдэл төрсөн. Сайхан хамт олонтой гэдгээ мэдэрсэн. Бүх рок попын дива нар ирж, намайг сайхан угтаж, баярыг минь хуваалцсан анд найз нөхдөдөө үнэхээр их баярласан.

-Таны аав “Намайг Ангирмаа гэдэг” дуу хийхэд тань их шүүмжлэлтэй хандаж байсан гэсэн үү?

-Манай аав хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн хүн байсан. “Чи яагаад “Намайг Ангирмаа гэдэг” гээд өөрийгөө магтдаг, өөрийнхөө тухай дуу зохиодог хүн бэ” гэж хэлж байсан. Одоо миний дуунууд буцаад моодны болж эхэлсэн. Магадгүй энэ дуунуудыг маш эрт зохиочихсон, хүмүүс ойлгохгүй байсан. Одоо бол миний дуу моодонд орж байгаа гэж боддог.

-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах чинь их тусалж дэмждэг байв уу?

-Мэдээж. Учир нь Долгион ахгүйгээр энэ бүхнийг бүтээнэ гэдэг худлаа зүйл. Маш их зарчимч, зааварчилгаа, зөвлөгөө өгдөг, “Чи үүн дээр алдаад байна, энэ үгээ ингэж зөв ярь” зэрэг үгийг хэлдэг байсан. Ахаасаа их зүйл сурсан. Одоо ах минь дүүгээрээ “Миний дүү мундаг гоё зүйлсийг хийж байна” гэж бахархдаг даа.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-За би өчигдөрхөн шинэ гитар худалдаж авлаа. Коронавирусийн улмаас хоёр жилийн хугацаанд төгөлдөр хуурынхаа тагийг ч онгойлгохгүй ном уншдаг байсан. Гитараа аваад эхнийхээ дууг гаргачихсан байгаа. Коронавирус хүнийг залхуу, идэвхгүй байдалтай байлгадаг юм байна. Эхний дуу маань Б.Сарантуяагийн дуугаар эхэлж байна. Одоо омикрон дууссан, дуунуудаа зохиож, уран бүтээлээ бүтээж эргээд Ангирмаагийн өвөрмөц аялгуунууд гэж сонсогдож эхлэхийг хүсч байна даа.