Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ш.Доржсүрэн: Гавьяа шагналтай зэрэгцээд үзэгчдийнхээ баяр хүргэсэн чин сэтгэлээс маш их эрч хүч авсан DNN.mn

“DOZ” энтертаймент студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд нь баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дорнын ухаанд төр гэдэг бол ард түмний төлөөлөл гэж төрийг дээдлэн хүндэлдэг түүхтэй. Ерөнхийлөгч “Төрөөс хүндэтгэл үзүүлж хийсэн бүтээсэн болон ирээдүйд хийх ажлыг тань үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа” хэмээж тэмдгээ зүүж өгч байх үедээ нэлээн удаан хугацаанд ярьсан. “Итгэл найдвар түрүүлж байна, хариуцлагатай байж илүү ихийг хийж бүтээгээгээрэй” гэсэн төрийн тэргүүнийхээ үгийг сонсож зогсоход, надад нээрээ л хүзүүн дээр минь том хариуцлага буулаа даа гэж бодогдсон. Мэдээж соёлын тэргүүний ажилтан, өөрийнхөө ажлыг эрх чөлөөтэйгөөр хийдэг байсан жүжигчин хүний хувьд төрийн хайр хишгийг хүртэх нь төрийг төлөөлж ард түмнийхээ өмнө үлгэр жишээ, дуурайлал үзүүлж хүмүүсийн өмнө ёс зүйтэй байж амьдралынхаа зарим зүйлийг өөрчлөх ёстой хэм хэмжээнд авч ирлээ гэж бодсон. Намайг шагнуулахад ээж минь хамгийн их баярлаж, эгч нар, гэр бүлийнхэн минь бүгд баярласан. Төрийн гавьяат жүжигчин цол тэмдэг өмнө манай гэр бүлд өвөө, эмээгийн үед байгаагүй учраас айлын отгон хүүхдийн хувьд төрөл садан, ураг удамдаа гавьяат жүжигчин болж төрөөрөө үнэлүүлсэндээ магнай тэнийсэн сайхан өдөр байсан.

-Та шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ. Хэрхэн хүлээж авав?

-Шагнал хүртэх гэж байгаагаа тэмдгээ авахаас гурав хоногийн өмнө ерөнхийлөгчийн тамгын газраас над руу ярихад мэдсэн. Тухайн мэдээг утсаар хүргэж буй хүнд ч сайхан байдаг болов уу, хүмүүсийг баярлуулсан сайхан мэдээг бие биедээ түгээж байгаа нь их өвөрмөц сонсогдсон. Миний хувьд итгэл төрөх ч биш, үгүй ч биш дундуур, байсан хэмнэлээсээ хөөрч дэрвэхээс илүүтэйгээр энэ чинь нээрээ юу билээ, зүүд зэрэглээ ч билүү гэж бодогдох шиг болсон. Учир нь олон жилийн хугацаанд би өмнөх ажлаа л хийж байсан болохоос гавьяа шагнал гардаж авъя, гавьяат болмоор байна гэж миний толгойнд огт ордоггүй, өөрөө ч хөөцөлддөггүй, үүний ач холбогдлыг ч гүйцэд сайн ухаж ойлгодоггүй байсан хүний нэг. Тухайн үед хувь хүн өөр дээрээ ирэхэд өвөрмөц сэтгэгдэл, мэдрэмжийг авдаг юм байна лээ.

-“Тамгагүй төр” жүжиг тайзнаа дахин тоглогдож байна. 24 жилийн дараа нэг дүрдээ эргэн тоглох нь баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан гэж байсан?

-24 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд Л.Жамсранжав гуай, П.Цэрэндагва ах хоёртой тоглож байх үеийн өмнөх бичлэгүүдийг өөрөө тоглож буй учраас ямар тоглолт хэрхэн өрнөж буйг сайн анзаарч мэддэггүй байсан юм байна лээ. “Тамгагүй төр” хоёрыг шинэ бүрэлдэхүүнээр тавьж байхад телевиз, сошиалаар жүжгийн анхны тавилтуудыг гаргасан. Тухайн үед би ямар агуу жүжигчидтэй тоглож байсан гэдгээ сэхээрч ойлгосон. Учир нь Л.Жамсранжав гуайн тоглолтын нарийн жижиг деталиуд, П.Цэрэндагва ахын дүрээ бүтээж буй байдал, цэмцгэр, дүрийнхээ зорилгын төлөө тэмүүлж буй тэмүүлэл, олон даваа бартааг давж зорилго руугаа хүрэх гэсэн арга аргачлал гээд олон жилийн дараа эргэж харахад үнэхээр мундаг жүжигчидтэй сургуулиа дөнгөж төгсөөд шахуу тоглож байсан нь их том хувь заяа байсан. Жүжгийг үзчихээд үүнээс яаж өөрчилж болох вэ гэдэг тал руу толгойгоо ажлуулан их бодсон. Тийм болохоор надад тодорхой хэмжээнд туршлага, арга аргачлал, идэр насанд ирсэн учраас сэтгэлийн хөдлөл хөдөлгөөн жүжигчний хувьд тогтоц суусан тэр бүх зүйлээ ашиглаж тоглолоо.

-Одоогоор “Тамгагүй төр” жүжгээс гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би аливаа зүйлд цензуртайгаар ханддаг. Гэхдээ гавьяат жүжигчин цол авсны дараа уран бүтээлд би оролцохгүй, чадахгүй гэвэл биеэ тоосон, ихэрхүү болчихсон сэтгэгдлийг хүнд төрүүлэх гээд хэцүү юм байна. Өмнө нь залуучуудад нээлттэйгээр хандаж уран бүтээлд нь оролцдог байсан, одоо ч хэвээрээ. Учир нь бидний нэг үүрэг бол залуу уран бүтээлч, залуу үеийг бэлтгэгдэхэд бид ямар нэгэн байдлаар гараа сунгах хэрэгтэй. Тийм болоод ч надад олон уран бүтээлчид санал тавьдаг. Миний нэг онцлог нь би аливаа уран бүтээлд тоглохдоо зөвхөн нэг имиджийн бүрдүүлэлтээр тоглохыг хүсдэггүй. Тухайн зохиолын дүр нь ямар байна, дүрийг хэрхэн хувиргах, зохиолд буй дүрүүдийн харилцаа ямар байх вэ зэрэг олон хувиралтуудыг хийдэг учраас миний хувьд олон санал ирдэг байх. Тэрнээс биш ганцхан Ш.Доржсүрэнгээрээ тоглодог дүрүүд байвал магадгүй 10 уран бүтээлийн дараагаас би хэрэггүй болно. Тиймээс дүрүүдийг гаргахыг хичээдэг. Би “Тэгри чину” кинонд Иртэй жанжны дүрийг бүтээсэн. Тус дүр эсрэг талын онцгой хурц араншинтай дүр. Кинонд миний царай дүр төрх, Ш.Доржсүрэн шиг харагдаж байгаа ч дотоод сэтгэлийн ертөнц, тоглолтын хоолойны өнгө хүртэл өөрчлөгдсөн байх ёстой зэрэг олон тооцоонууд надад байсан.

“Фантастик” продакшны “Зура 2” гэх тагнуулын албаны тухай уран сайхны киноны Ишжав гэж Тагнуулын албаны даргын дүрд тоглож байна. Мөн Mobicom корпорацын “VOO” аппликейшныхан “Өвөөгийн хайр” нэртэй олон ангит кинонд голлох дүрийг бүтээн ажиллаж байна даа. Үүнээс гадна олон уран бүтээлчид санал тавьсан байгаа, найм, ес, аравдугаар сарыг дамнуулан олон киноны ажлууд ар араасаа залган үргэлжилж байна.

-“DOZ” энтертайментийн хувьд уран бүтээлдээ хэзээнээс эхэлж орох вэ. Хамт олноороо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-“DOZ” энтертайментийн хувьд ерөнхийдөө гадаад орны зах зээл рүү гарч, гадны уран бүтээлчидтэй хамтарч, гадны уран бүтээлчдийг монгол баг толгойлон оролцсон олон уран бүтээлийг хийсэн. Энэ үйл ажиллагаанууд Монгол Улсыг гадаад оронд сурталчилсан гэдэг утгаар надад өндөр хүндтэй шагналыг олгосон гэж би ойлгож байгаа. Аливаа зүйлийг эхлүүлэх гэдэг хамгийн хэцүү байдаг. Эхлүүлснээр зам гаргаж жим болж дараа дараагийн хүмүүст итгэл найдвар төрүүлж, болох юм байна гэдэг бололцоог гаргаж өгөх нь их урт хугацаа шаарддаг юм байна лээ. Тиймээс ч эхнэр (А.Мөнгөнзул) бид хоёр олон хүмүүстэй харилцан хамтран ажиллаж, Тайланд, Вьетнам, Солонгос, Франц, Герман, Энэтхэг зэрэг олон оронтой хамтарсан уран бүтээлийг Монголын нэрийн өмнөөс хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч Франц улсад хоёр цомыг Монголын кино Холливудын нэрт найруулагч Мартин Скорсезетэй хамт нэг нэгээр авч байсан нь бахархах зүйлийн минь нэг юм. Үүний адилаар “Цагаан бороо” гэх бестселлер болсон Б.Номинчимэд гуайн номоос сэдэвлэн, хэсэгчилсэн хэсгийг Ираны уран бүтээлчидтэй хамтарч хийхээр ажиллаж байна.

-Залуу байхад алдаа гаргах тохиолдол их бий. Та залуу жүжигчдэд юу зөвлөх вэ?

-XXI зуун гэдэг бол бидний тархи толгойндоо хөрөнгө оруулалт хийх ёстой дохио. Мэдээж дэлхий хавтгай глобал болсон, тийм болохоор нэгдүгээрт англи хэл, хоёрдогч, гуравдагч хэлийг сурах хэрэгтэй. Тэгснээр бид дэлхий нийтэд өөрсдийн уран бүтээлийг дэлгэж тавих бололцоо үүсэж байна. Магадгүй тун удахгүй дэлхийн киноны болоод зохиолын чиг хандлага нь Монголын агуу их түүхүүд рүү сүрэглэн орж ирнэ. Энэ үед жүжигчид англи хэлтэй, өөрийн стандарт тоглолтын бэлтгэлтэй болсон байх ёстой. Тэгэхгүй бол бид өрөөндөө суугаад хийдэг этюдийн хэмжээнд төгсөж байна. Тиймээс алсын хараагаар дэлхийг харж, дэлхийн стандартын жүжиглэлттэй байж бүхнийг сурах хэрэгтэй.

-Таны бодлоор Монголын тайз, дэлгэцийн урлагийн хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Би “Тамгагүй төр” жүжгийг дэлхийн жүжиг болсон гэж үзэж байгаа. Б.Лхагвасүрэн гуайн жүжгийн зохиолын дэг нь сонгодог жүжгийн хэлбэрээр агуулагдаж бичигдсэн жүжиг байдаг. Эргээд харвал Уильям Шекспирийн “Лир ван”, “Ричард III” зэрэг сонгодог бүтээлүүдийн хүмүүст шууд хүрэх хайрцаг гэж бий. Тэр хайрцагт бичигдсэн монголын түүх учраас гадны тайзан дээр тоглогдоход санаа зовохоор зүйл биш. Хоёрдугаарт, утга, үзэл санаа нь дотоодын асуудал биш юм. С.Баяр гуай бидэнтэй ярилцаж суухдаа “Гадны өрнө, дорнын олон оронд төрийг эзлэх, төрийн толгойд гарахад хуйвалдаан бослого их гарч байсан учраас гадны уран бүтээлчид, үзэгчид хүлээж авахад их ойрхон сэдэв” гэж байсан. Нөгөө талаас “Тамгагүй төр” жүжиг яахын аргагүй цогц нийлмэл бүтээл. Үүнд, бүжиг, жүжиглэлт, хөгжим, дуу, хувцас хэрэглэл, гэрэл тавилт, найруулга зэрэг олон зүйлийн цогц нийлбэр учраас Монгол Улсын нэрийг гаргахад хэзээ ч хөөдөхөөргүй бүтээл болж чадсан. Миний нүдээр “Тамгагүй төр” жүжгийн дээд, доод хэмжээг харахад тэнцвэр нь таарсан учраас гоо зүйн, зүй зохисыг дэлхий нийтэд хүргэх боломжтой жүжиг гэж харж байгаа. Дэлхий нийтэд дуугарч болох сэдэв юм. Тайзны урлагт “Тамгагүй төр” жүжгийг гүйцэх жүжиг гартал 10-аад жил болох болов уу гэж бодож байна. Кино урлагт залуучууд маш сайн ажиллаж байгаа. Тухайлбал, би сая “Фантастик” продакшны кинонд тоглоход тэдний хурд, хүч авьяасыг хүндэлж хайрлан ойлгож байлаа. Учир нь тэдний хүсэл, тэмүүлэл, зорьсон зорилго, киногоороо үзүүлэх гэсэн санаа зэрэг үзэгчдэд өвөрмөцөөр хүрч чадахуйц кинонууд хийгдэж байна. Бидний хувьд гадны уран бүтээлчидтэй хамтарч Монголдоо зөв онолын, ажиллагааны процессийг оруулаад ирвэл гэж гадныхантай их ажиллаж, хамт суралцсан, одоо ч суралцаж байна. Тиймээс бид дэлхийн тавцанд хүрэхүйц фестивалийн сайн кинонуудыг хийж үйлдвэрлэх зорилгыг агуулж байна даа. Би хүүгээрээ их бахархдаг. Хүү минь Канад улсад суралцдаг. Залуу хүн гэхэд их өвөрмөц, өнгө төрхийг Монголд оруулж ирж, бусад найруулагчид болоод жүжигчдийн хүндэтгэлийг өөрийн хийж буй зүйлээр хүлээж авч буй Д.Эрдэнэбулган хүүдээ “Өдрийн сонин”-оор дамжуулан амжилт хүсье.

-Шагнал нүдээ олох их сайхан гэж үзэгчид их баярласан. Үзэгч, олон түмэндээ хандаж юуг хэлэх вэ?

-Маш олон хүмүүс нүдээ олсон шагнал байна гэж их баяр хүргэсэн. Чин сэтгэлээсээ байгааг бид мэдэрдэг. Учир нь зүгээр албан ёсоор баяр хүргэх, чин сэтгэлээсээ баяр хүргэж буй хоёрыг жүжигчид анддаггүй. Гар барихад хүртэл баяр хүргэхгүй бол болохгүй дээ гэсэн хүний гар атгалт, чин сэтгэлээсээ баяр хүргэж буй хүний нүд хоёр маш өөр байдаг. Үүнтэй адил маш олон хүмүүс надад сэтгэлээ дэвсэж, үнэн голоосоо баярлаж миний өмнөөс алга ташиж, зарим нь нулимс цийлгэнүүлсэнд би их баяртай байсан. Энэ нь надад хамгийн том шагнал юм. Би өмнө нь ерөөсөө анзаардаггүй хийх ёстой ажлаа л хийж байна гэж боддог байсан. Олон хүмүүсийн сэтгэлийн үг, мессэж, коммент, утсаар ярьсан яриа, тэврэлт бүр за Дооёо минь чи олонтой хүн юм даа, олны энэ хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг чинь их л хэцүү дээ гэж өөрөө өөртөө сэтгэлээ чангалсан. Би гавьяат авахаас илүүтэй давхар бас нэг том бэлэг авсан. Энэ нь олон жил хэрэглэсэн баттерейд цэнэг оруулсан гэж хэлж болно. Бүх цэнэгээрээ үзэгчдээ олон жил баярлуулж, инээлгэж хөгжөөж, нулимсыг нь сэтгэлийг нь огшоох, цэвэршүүлэх тэр бүрийг хийх цэнэг авлаа гэж бодож байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Түвшинсайхан: Үндэсний хэв шинжит урлагтаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж л явна DNN.mn

Улсын Филармонийн уран сайхны удирдагч, морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би ер нь их хөөрч догдлоогүй. Энэ шагнал, урамшуулал олгох талаар багш минь 2009 оноос ярьж, хөөцөлдөж эхэлсэн байдаг. Би багшаа яах гэсэн юм бэ гэхэд, “Миний шавь битгий ингэ ээ, би хүүгээ мэдэж байна. Би бахархах бахархалтай баймаар байна” гэж байсан нь багшийн минь шавиараа бахархах гэсэн бодол байсан юм болов уу. Монгол Улсын морин хуурын чуулгын анхны гавьяат гэх… яг үнэндээ манайх шагнал урамшуулал хөөцөлддөг тэр талын сонирхол огт үгүй. Бид нарийн хөгжим хийх ёстой хүмүүс учраас хөгжимлөг тал руугаа илүү анхаардаг. Ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч, орчин цагийн морин хуурын дэг сургуулийг үндэслэгч Г.Жамъян багш 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулчихаад миний багшийн өрөөнд орж ирээд ийн ярьж байсан гэдэг. Тэрээр “Нэг бол давчихаад, нэг бол дутчихаад байсан. Урлагийн хүн болсныхоо шагналыг одоо л нэг авлаа” гэж нулимс дуслуулж байсан гэнэ лээ. Тэгэхээр би шагналын үнэ цэнэ талаас нь хүндэтгэн, олон цаг үеийн гавьяа нь үнэлэгдээгүй хөгжимчдийн төлөөлөл болон шагнууллаа гэж ойлгож байна. Хөгжимчин хүн бүх зүйлийн ард, орхигдож, гээгдсэн мөчүүд үргэлжилж байна. Мэдээж Монголын төрдөө баярлаж байна, би гэхээсээ илүүтэйгээр олон хүсч хүлээж, харж байсан хүмүүсийг баярлуулж байгааг мэдэрлээ. Надтай уулзаж, надад захидал бичиж буй хүмүүсийн сэтгэлийг баярлуулсандаа тайтгарсан. Баяртай байгаа. Ээж минь хүртэл нулимс дуслуулж, ах дүү нар минь удмынхаа нэрийг гаргаж, өөрийн зорьсон зүйлдээ хичээнгүй хүмүүс гэдгээ олон түмэнд батлан харуулж өглөө зэрэг сайхан магтаалыг их сонслоо. Олон хүмүүс баярлаж байгаа учраас тэр хүмүүсийн баярлаж буй сэтгэл, мэдрэмж үнэхээр сайхан байна. Гэхдээ… багш минь байхгүй учраас хоосон санагдаж байлаа.

-Хөгжмийн урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Миний аавын чиглүүлсэн зүйл шүү дээ. Аав минь урлагт их дуртай хүн байсан. Аймгийн театрт олон найз нөхөдтэй, театр дээр л өнждөг, баярын тоглолтод ч тусалж найруулдаг байсан. Тийм учраас заавал гэрээсээ урлагийн хүнтэй болох гэж намайг хүчээр явуулж байсан. Би эхний жил маш дургүй байсан. Жилийн дараа за би морин хуур сурч, давтах ёстой, үүгээрээ би амьдрах ёстой гэдгийг мэдэрсэн. Би гурван жил хичээллэж байж ойлгосон. Ардын хэлбэр гэдгээрээ задгай, хамаагүй байх ёстой гэсэн ойлголтоос өөр академик боловсролын хэлбэрийг сонгодог түвшин рүү ойртуулж явах ёстой гэсэн байр сууриар үндэсний хэв шинжит урлагтаа хувь нэмрээ оруулахыг хичээж явна.

-Та улсын Филармонид анх ажиллах болсон түүх, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1994 оны зургадугаар сарын 1-нд Соёлын яамны коллегийн хурлаар морин хуурын чуулгыг татан буулгах асуудал их хүчтэй яригдсан байдаг. Тэр үед багш минь нэлээд ширүүн үг хэлж, хурлаас гомдолтойгоор гарахад ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дарга (татан буугдахын өмнөх Соёлын яамны сайд байсан) Г.Батчулуун багш аа та манай өрөөнд ороод ир хэмээн “Та яг яамаар байна” гэхэд багш минь “Байгуулагдаад нэг жил болсон байгууллагыг татан буулгана гэж байхгүй. Монгол Улс морин хуурын чуулгатай байх хэрэгтэй. Бид Филармонийн дэргэд очмоор байна” гэж шууд хүсэлтээ тавьсан гэдэг. Тэгээд тухайн үеийн филармонийн дарга руу холбогдож Морин хуурын чуулгын өрөө тасалгааг бэлдэж филармонийн дэргэд авах шаардлагатай байна гэж хэлсэн гэдэг. Тэгснээр филармонийн харьяанд морин хуурын чуулга ирсэн. Энэ нь ч болсон. Морин хуурын чуулгын цэвэрхэн байгаа, бүтээлдээ нарийн хандаж буй хандлага, уран бүтээлийн бодлого бүхэн төлөвшихөд филармонийн нөлөө асар их шүү дээ. Симфони найрал хөгжмийн, Баянмонгол жаз найрлын дэргэд байх гэдэг нь олон талаас маш их нөлөөлж байгаа юм. Санамсаргүй тогтоц гэдэг шиг аль аль найрал хөгжмийн бэлтгэлийн хажуугаар өнгөрөхөд хүртэл ритмийн ололт олж байдаг тийм л айл, хөгжмийн хүрээлэл. Монгол Улсын филармони бол өндөр ачааг нуруундаа үүрч байна гэж ойлгоход болно. Бүхэл бүтэн жаз, үндэсний хэв шинж, сонгодог найрал хөгжмийг авч явж буй газар. Харин одоо багшийнхаа холыг харсан ухаан, тухайн үеийн соёлын сайд Н.Энхбаярын ухаалаг хурдан шийдэл зэрэг нь өнөөдөр биднийг ийм амжилттай байхад нөлөөлсөн гэж хэлж болно.

-Та Улсын филармони гэх энэ айлд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 1993 оноос морин хуурч мэргэжлээр 15 жил, 2007 оноос өнөөг хүртэл удирдаачаар ажиллаж байна. Би удирдаач мэргэжлээр сургууль төгсөөгүй. Практикаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав багшид хадаг барин хоёр жил дагалдан суралцсан. Би маш гайхалтай багштай. Багш минь ямар ч газар намайг үргэлж дагуулж явдаг, тоглолтын үеэр тайзны хажууд хараад инээгээд ёжлоод л зогсож байдаг байсан. Магтах үедээ магтан, зэмлэх үедээ зэмлэдэг байсан тийм л гайхалтай энгийн хүн байсан.

-Та морин хуур хөгжмийг хэрхэн ойлгодог вэ?

-Морин хуурыг хөгжмийн зэмсэг талаас нь ойлгох хэрэгтэй. Сүнслэг хөгжим гэдгээр нь ойлгох ёстой. Үүнийг зална гэдэг нь айл ханандаа өлгөөд орхихыг хэлдэггүй. Амьд гэдэг утгаараа үргэлж тоосыг нь арчиж баярлуулж, салхинд хөг авиаг нь тэгшилж байх, байнга хууртайгаа харьцаж байх хэрэгтэй зэрэг хууртай холбоотой олон дэг бий. Үүний жишээ нь, сархад хүртсэн үед хуурт гар хүрч болохгүй гэх мэт. Гэртээ хуур залж буй айл болж өгвөл морин хуураа хөглөөд сурчих хэрэгтэй. Зүгээр өлгөвөл сайн болчихгүй шүү дээ. Өөрсдөө энэ уламжлалтай илүү ойртох хэрэгтэй.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Ирэх жил хийгдэх төсөл буюу ХБНГУ-ын Симфони оркестр (Одоогоор аль оркестр нь тодорхойгүй) тоглолтоо хийх бөгөөд “Дөрвөн улирал” хэмээх буюу хавар, зун, намар, өвөл гэсэн сэдэвт симфони чуулбар дээр ажиллаж байна. Энэ зун хоёр, гурван киноны хөгжим бичихээр санал яригдаж байгаа. Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож буй учраас бүх анхаарлаа ойдоо хандуулж байна.

-Морин хуурын 30 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?

-Бид долдугаар сарын 12-ны өдөр рок, попын одуудтай хамтарсан тоглолт хийх гэж байна. Аравдугаар сарын 1-нд бидний хүндэтгэлийн тоглолт болно. Аравдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд Америк, Японд аялан тоглолтын ажлууд төлөвлөгдөж байна. Мөн Филармонийн уран сайхны бодлого бий. Энэ бодлогын хүрээнд Турк, Германы хамтарсан эртний дүр төрхтэй найрал хөгжим хамтарч хийх ажил яригдаж эхэлж байна. Бид гаднаас зочин уран бүтээлчдийг урьж авчирч гадаад улс орнуудтай хамтарч ажиллаж, тэднээс ололт авч өөрсдийгөө тэднээр дамжуулан бусад оронд сурталчлах бодлоготой ажиллаж байна.

-Та өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн хөгжил ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Бид өөрсдийн өв уламжлал, ёс заншлаа гадагшаа сайн сурталчлах хэрэгтэй. Хөгжмийн урлагийн хөгжлөөрөө бусад орноос хоцорсон зүйл байхгүй, Монголын уран бүтээлчид их чадвартай шүү дээ. Бид хөгжимчдийг зүгээр сууж байдаг гэсэн ойлголтоосоо салахгүй бол ямар түвшинд байгаагаа хэлж мэдэх боломжгүй. Манайх ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсуудад үндэсний найрал хөгжимчидтэй нь хамтарч тоглож байсан.Тэд үнэхээр цоо шинэ зүйл мэдэрснээ хэлдэг. Төрөөс хөгжмийн урлагийн салбарыг дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ салбар эдийн засгийн эргэлтэд орох боломжтой том салбар. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж бидэнд бий. Тэгэхээр зардал мөнгийг нь төсөвлөн дэлхийн бусад орнуудын томоохон театрт тоглуулбал түүний дараагаар эрэлт нь мэдээж ихэснэ. Морин хуурын чуулга үргэлж Япон улс руу явж, жилд 15-20 хотод очин тоглолтоо хийж байна. Энэ нь нөгөө улсын иргэд мэддэг болж, сонсохыг хүсдэг болсон учраас л юм. Тиймээс бүх асуудлаа шийдэн зөвхөн язгуур урлаг гэлтгүй сонгодог түвшнээ хүртэл сайн сурталчлан таниулах хэрэгтэй. Түүний дараагаар хүчтэй эсвэл сул гэдгээ ярих хэрэгтэй байх.

-Та өөрийн цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцана уу?

-Юу хийж байгаа, юунд зорьж байсан түүгээрээ л явна. Өмнө нь хэн байсан тиймээрээ л байна. Түүнээс биш гавьяа шагнал авлаа гээд наргиж, цэнгэж дэвээд явах хэрэггүйгээр багаараа юу хийж байсан түүнийгээ л хийнэ. Хүмүүсийг баярлаж байхыг хараад нээрээ л хүнийг баярлуулах ёстой юм байна шүү дээ Түвшинсайхаан л гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Бархүү: Гэрийн даамал гэр бүлийнхнээ “алтан гадас”-тай угтаж авах нь дээ DNN.mn

“Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа.


-“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа, Үндэсний их баяр наадмынхаа босгон дээр төрийн дээд шагнал хүртсэндээ их баярлаж байна. Хамгийн түрүүнд ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэндээ, хамт олондоо талархал илэрхийлье. 2004 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөхөд “X түц” продакшнд ажиллах урилга өгч байсан найруулагч Ч.Найдандорж ахдаа болон хамтдаа зүтгэж явдаг хамт олондоо баярлаж байна. “Х түц” продакшндаа 18 жил ажиллажээ. Энэ хугацаанд жүжиг, кино, шоу тоглолт, “Өвлийн инээмсэглэл”-ээс авахуулаад цөөнгүй контент, уран бүтээлд амьдралынхаа багагүй цаг хугацааг зарцуулж гар нийлж ажилласны үр дүн гэж харж байна. Маш олон хүн баяр хүргэж, амжилт хүсч, гудамжинд явж байхад танихгүй хүн хүртэл баяр хүргэж байгаа нь сайхан санагдаж байна.

-Шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ, хэрхэн хүлээж авав?

-Хоёр хоногийн өмнө л мэдсэн (инээв). Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад 11 цаг 30 минутаас ирээрэй л гэх шиг болсон юм. Дуучин Н.Наранбаатар (Наагий) найз маань ч бас шагнуулсан, Наагийг 10 цагаас ирээрэй гэсэн байсан. Би цагаа буруу сонссон юм болов уу гээд өглөө 10 цагт Төрийн ордон руу очсон. Гэтэл би цагаа буруу сонсоогүй, хоёр дахь ээлж нь байсан юм билээ. Тэгээд 13 цаг хүртэл төрийн ордонд хүлээж суулаа (инээв). Удаан суусан болоод ч тэр үү, төр гэдэг чинь ямар хүндтэй үнэт зүйл вэ гэдгийг мэдрэх шиг боллоо. Шагналыг хүртэх мөчид маш их хүндлэл, хайр, догдлолыг мэдэрлээ. Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат гээд олон сайхан хүмүүстэй хамтдаа сууж догдоллоо.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээжийгээ сувилалд явуулаад, Одноо маань ээжийнхээ нутгаар дүү нар болон ээжтэйгээ хамт амрахаар явсан. Охин Сүндаритайгаа гэртээ үлдсэн байсан юм. Өнгөрсөн ням гаригт охиноо ч зусланд явуулчихсан, гэр даамалдаж байлаа (инээв). Гэрийн даамал гэр бүлийнхнээ “алтан гадас”-тай угтаж авах нь дээ. Утсаар гэр бүлийнхэнтэйгээ ярьсан, тэд маань баяр хүргэж зарим нь баярын нулимс ч унагаж байна. Тэд маань их холоос ирье гэхээр нь болиулсан. Сая охиныхоо зусланд очиж баяраа хуваалцаад ирлээ. Нэг ёсондоо Сүүний, Гүнж хоёрт тэмдгээ үзүүлж эргэлтээр очиж байгаа юм л даа (инээв).

-Таны анхны тайзны уран бүтээл ямар уран бүтээл вэ?

-Их сургуулиа төгсөөд хамгийн анх “Х түц” продакшны “Яах гээд байгаа юм бэ, болиоч ээ ээж ээ” гэдэг тоглолтод цэрэгтэй номерт тоглож байсан.

-Одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-“Хайрыг битгий гомдоо” олон ангит кино маань гараад хоёр долоо хоногийн өмнө дууслаа. Бид ирэх намраас хийх уран бүтээлийнхээ зохиолын сэдэв дээр ажиллаж байна. Үнэхээр онгод ороод гэдэг шиг сэдвээ тодорхойлчихвол “Сэргээш-4” хийх бодолтой байгаа. Зохиол гэдэг бол хамгийн чухал зүйл. Зохиол сайн байвал уран бүтээл сайн байдаг. 2005 оноос хойш 17 жилийн дараа “Сэргээш-4” хийх үү гээд л төлөвлөж байна.

Зусланд байгаа хоёр охин дээрээ очиж “Алтан гадас”-аа үзүүлж, үнсүүллээ

-“Хайрыг битгий гомдоо” ОАК-д таны охин Б.Сүндари тоглосон. Гэр бүлийнхээ хүнтэй олон жил уран бүтээлд хамт ажилласан, охинтойгоо хамт ажиллах ямар байдаг вэ?

-Мэдээж сайхан шүү дээ. Давуу тал ихтэй, киноныхоо хэсгийг гэртээ ч бэлтгэх боломжтой. Охин маань өөрөө хүсвэл урлагийн хүн болох байх.

-Та “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Өөрөө оролцогч байсан хүний хувьд ямар сэтгэгдэл төрж байна?

-Олон хүний хичээл зүтгэлийг 4-12 оноогоор шүүнэ гэдэг хэцүү ажил. Үзэгчдийн дунд маргаан байнга гардаг. “Яг түүн шиг” гэдэг шоу нэвтрүүлгийнхээ болзлыг бүрэн хангаж байна уу гэдгийг л хардаг. Яг түүн шиг дуулсан уу, яг түүн шиг нүүрээ хувиргасан уу, яг түүн шиг хөдөлсөн үү гээд л ажиллаж байгаад өөрийнхөөрөө шүүдэг дээ.

-Яг түүн шиг байхыг шүүхийн тулд дуурайж байгаа уран бүтээлчийг нь нэлээд судалдаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ, сонгож байгаа уран бүтээлчид ихэнх нь олны танил болчихсон хүмүүс байдаг. Тэр тал дээр харахад л ойлгомжтой байдаг.

-Таны хувьд шоуны энэ улирлын ялагч хэн бэ?

-Яг тэр гээд хэлэхэд хэцүү. Хамгийн сүүлийн буюу аравдугаар дугаарт өөрсдийн хамгийн сайн дуурайж чадах хүнээ сонгоно. Найман оролцогч бол бүгд жигд сайн хүмүүс. Нэр цохож хэлэх боломжгүй, хэн нь ч түрүүлэх магадлалтай.

-Таны бодлоор хошин урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Хөгжүүлчих юмсан л гэж боддог болохоос ямар түвшинд байгааг нь нэг их боддоггүй юм байна (инээв). Дараагийн үеийн үзэгчдэд хүргэхийн тулд тоглолтын хэв маяг, тайзны шийдлээ өөрчлөх, сайжруулах нь зөв гэж боддог. Жишээлбэл, 2004 онд тоглож байсан тоглолтын хэв маягаараа л яваад байх юм бол учир дутагдалтай. Бид 2017 оноос хошин урлагийн шоу тоглолт тоглохгүй гэж шийдсэн. Жүжиг, драмын жүжиг гэх мэт тайзны тоглолтууд бол хийнэ. Өөр өнгө төрхөөр шоу тоглолтын хэв маягийг гаргах боломжтой. Одоогоор дэлгэцийн уран бүтээлдээ илүү анхаарч ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Наранзун: Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн DNN.mn

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай ярилцлаа.


-Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн хүн. Өнөөдрийг хүртэл урлаг гэдэг хүн төрөлхтний баяр жаргал, зовлон гуниг, сэтгэл хөдлөл бүхний илэрхийлэл болсоор ирсэн. Соёлын өвийг тээгч энэхүү гайхалтай гэр бүлд өсөж торнисны хүчээр урлагийг хайрлах, урлагийг шүтэх, бүтээх үйлсэд сонголтгүй орж ирсэн. Бага байхад өвөөгийн үеийн хамтрагч, уран бүтээлчид, шавь нар, эдүгээ урлагийн салбарт ажиллаж буй гайхалтай хүмүүс өвөөгийнд ирж ярьж хөөрдөг, амьдралынх нь мөч бүрийг тэдний хажуунаас нь харж өссөн болохоор урлагтаа би маш их хайртай. Өвөө минь өөрөө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, яруу найрагч, монгол хэлний шүлэгч, гүүш хүн байсан. Өвөө болон аавынхаа бэлдэж өгсөн урлагийн ертөнцөөр, замаар сүүлийн 30 жил алхлаа. Өвөө, аавын минь сургасан, заасан замналаар өнөөдрийн миний өчүүхэн амжилт үргэлжиллээ хэмээн бэлгэшээж сэтгэл маш их хөдөллөө. Аав минь төрийнхөө өндөр дээд шагналыг авч амжаагүй. Гэхдээ миний хичээл зүтгэлээр үргэлжилж байгаа болохоор тэнгэрээс аав минь хараад баярлаж байгаа байх гэсэн омогшил төрж байлаа. Би өвөө эмээгийнхээ гэрт өссөн. Манай эмээ хүний гавьяат эмч Х.Бадарч гэж хүн байлаа. Хүний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр намайг өсгөж хүмүүжүүлсэн. Даруу төлөв байх, хүнийг хүндэтгэх гээд олон сайхан зан чанарыг суулгасан. Буурлуудынхаа ачаар өнөөдөр би хүний дайтай явж байгаа гэж боддог доо.

-Гавьяат болох мэдээгээ хэзээ сонсов. Яаж хүлээж авсан бэ?

-Ер тийм юм мэдээгүй байж байтал над руу утсаар залгаад “Тэдэн сарын тэдэнд ирээрэй” гэсэн юм хэлээд л тасалчихсан. Очих өдрийг нь ч сайн сонсож чадаагүй. Тэгээд л хүн надаар тоглочихсон юм уу даа гэсэн шүү юм бодоод тоосонгүй (инээв). Найз нөхөд хоорондоо бие биенээрээ үе үе тоглоно шүү дээ. Тэгээд л наргиа байж магадгүй гэж бодсон л доо. Дараа нь хүнээр асуулгасан чинь жинхнээсээ албан ёсны юм байна гэж мэдсэн. Тэгээд л сандарсан даа.

-Танд Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэрээ ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-“Улам ихийг хийж, бүтээгээрэй. Баяр хүргэе” гэж байна лээ.

-Та энэхүү шагналыг авах үедээ өөртөө ямар нэгэн зорилго тавьж, цаашид хийх уран бүтээлээ бодож байв уу?

-Шагналтай, шагналгүй миний өөртөө тавьсан зорилго байгаа. Тэр зорилгоо л биелүүлнэ дээ. Шагнал гэдгийг урам гэж харж байгаа. Хийж буй зүйл минь зөв яваа юм байна. Хийсэн зүйлийг минь хүмүүс хүлээн авч, сонсож байна гэсэн сайхан урам л болж байна даа. Өөрийнхөө хийж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийгээд улам баталгаажуулъя гэсэн бодолтой л явна. Миний продюсерласан уран бүтээлч, дуучин Н.Наранбаатар (Наагий) маань хамт Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Их билэгшээлтэй зүйл боллоо. Наагийгаа хараад давхар баяр болж сэтгэл их хөдөллөө.

Зураг дээр баруунаас Ардын жүжигчин Д.Лувсаншарав, СГЗ Ж.Бадраа, УГЗ Т.Насанбуян. Урд зогсоо нь УГЗ Б.Наранзун

-Та “Манай өвөөгийнхөөр алтан үеийнхэн, найз нөхөд, шавь нар ирдэг байсан” гэж хэллээ. Тэрхүү бага насны дурсамжаасаа сонирхуулахгүй юу?

-Урлаг маш олон төрөлтэй. Өвөөгийнд тэр олон төрлийн уран бүтээлчид бүгд ирдэг байсан. Хамгийн их сэтгэгдэл үлдээж байсан хүмүүс гэвэл өнөөгийн агуу уран бүтээлч болох С.Гончигсумлаа гуай, Г.Бирваа гуай, Л.Мөрдорж гуай болон яруу найрагч, хөгжимчид гээд салбар бүрийн гайхалтай хүмүүс их ирдэг байлаа. Тэдгээр хүмүүсийн өвөр дээр эрхэлж өссөн. Тэр үеэс л намайг адисласан байх гэж боддог. Дууныхаа шүлгийг өөрөө бичээд аяа зохионо. Дууны шүлгийн яруу найраг гэдэг онцгой зүйл. Манайд яруу найрагчид ч их ирдэг байлаа. Монголын яруу найргийн оргилууд манайхаар ирнэ. Хамгийн сүүлд О.Дашбалбар гуай ирснийг санадаг юм. Хэл утга зохиол, орчуулгын мастерууд ч ирнэ. Намайг хамгийн их эрхлүүлдэг хүн нь Д.Лувсаншарав гуай миний өвөөгөөс өөрцгүй. Тийм агуу хүмүүст эрхэлж, тэдний дунд л өссөн дөө. Тэр бүх зүйлүүд энэ үед их үгүйлэгддэг юм байна. Хэрвээ би тэр үед том болоод ухаан суучихсан байсан бол олон зүйл асууж, сураглаж, суралцах байсан байх. Тэр боломжоо алдсан юм шиг сэтгэгдэл төрдөг юм. Мэдээж араас нь аавын үеийнхэн, орчин цагийн урлагт өөрсдийгөө зориулсан рок поп, страдын урлагийнхан ирдэг байлаа. “Инээмсэглэл”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах гээд цааш хөвөрнө. Түүнээс хойш миний үеийнхэн орж ирнэ. Найз нөхөд минь ч гэсэн уран бүтээлээ хийгээд амжилттай явааг харахаар маш их бахархдаг.

-Та урлагийн гэр бүлээс төрсөн гурав дахь үеийн хүн. Тэгэхээр танаас асуух нь зүйтэй гэж бодож байна. Урлаг гэдэг цаг үетэйгээ уусан өөрчлөгддөг байх. Орчин үеийн урлаг ямар чиглэл рүү явж байна вэ. Манай урлаг бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд яваа бол?

-Урлаг гэдэг ямар орчин, нийгэм байгаагаас хамаараад өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хөгжмийн уран бүтээлчид хип хоп, страд, рок поп гээд олон урсгалтай болсон. Яг өнөөдрийн өөрийнхөө цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн учраас тэд маань ч гэсэн ялгаагүй том гавьяатай гэж боддог. Яагаад гэвэл миний өвөө, аавын үеийнхэн ч тухайн үедээ хөл нийлүүлээд бүтээж л байсан. Сүүлийн үед залуу уран бүтээлчид надаар продюсер хийлгэхээр их ирдэг болсон. Залуучууд маань маш их авьяастай. Таны асуусан асуултад хариулахад эдгээр уран бүтээлчдэд маань харилцаа холбоо, хөрөнгө мөнгө, мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг туслалцаа байж чадах юм бол Монголын залуу уран бүтээлчид гадныхнаас нэг их дутагдаад байх зүйл байхгүй. Энэ залуусаа дэмждэг сэтгэл зүрхтэй хүмүүс олон байх юм бол жижигхэн улсын урлагаас дэлхийн хэмжээний уран бүтээлч гарах бүрэн бололцоотой гэж би итгэдэг.

-“Нүдээ нээсэн цагаасаа урлагаар хүмүүжсэн” гэлээ. Таныг бага байх үеийнхээс хойш үзэгчдийн боловсрол хэр өөрчлөгдсөн бэ?

-Боловсрол гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт л доо. Тухайн салбараасаа хамаараад боловсрол гэдэг зүйл өвөрмөц байдаг учраас дэлхий даяараа өөр хандлагатай болчихсон. Боловсролын мэдээллийн сан өргөн, нээлттэй болчихсон энэ үед хүмүүсийн мэдэх сурах эрмэлзэл өндөр болсон. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадах юм бол хязгаарлах аргагүй. Орчин үеийн залуусын боловсролыг хэмжих боломжгүй юм даа. Хичээл зүтгэл л нөлөөлөх болжээ. Надаас илүү мэдлэгтэй залуус над дээр ирдэг болсон. Тэгэхээр хүний боловсролыг дүгнэх боломжгүй юм. Үүнийгээ дагаад залуусын урлагийг ойлгох, мэдрэх мэдрэмж ч харилцан адилгүй өөрчлөгдсөн гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Үүрийнтуяа: “Миний тал нутаг” бүтээлээ наадмаар монгол түмэндээ хүргэнэ DNN.mn

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу?

-ХБНГУ-ын Бавари мужид болсон Европын морин хуурын анхдугаар наадамд оролцож ирээд удаагүй байна. Ирснийхээ дараахан сайхан Монголын тухай дуу дуулж үзье гэж Л.Балхжав гуайн ая, Ц.Бямбадоржийн үг “Миний тал нутаг” нэртэй уран бүтээлийг наадмаар дүрсжүүлэн клип болгож монгол түмэндээ хүргэхээр ажилдаа орчихсон явж байна.

Үндэсний хэв маягтай уран бүтээл туурвидаг учраас наадмын үеэр ер нь ямар ч чөлөө завгүй байдаг. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүн минь морь уядаг учраас хөдөө явна, хүү минь морио унадаг учраас хүүхдүүдээ эргэж тойрно гээд энэ зуныг нэлээд завгүй өнгөрүүлж байна даа.

-Удахгүй монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Та наадмын нээлтэд оролцох уу?

-Энэ жил анх удаа дэлхий дахинд цацагдах наадмын контентыг бэлдэж байгаа. Үүнд уртын дуугаараа оролцож байгаа. Наадмын хүндэтгэлийн концертод оролцох урилга яг одоогоор ирээгүй байна.

-Уртын дууны нарийн нандин чимэглүүрүүдээс та хуваалцахгүй юу?

-Уртын дуу нь Монголын сонгодог урлаг болтлоо хөгжсөн урлагийн том бүтээл, өв соёл. Үүний нарийн нандин чимэглүүрүүд гэвэл маш их байдаг. Шуранхайгаас эхлүүлэн цохилог, нугалаа, хугалаа, өвдөглөх, тойглох, амьсгаа зэрэг бүх зүйлс бүрдэж байж уртын дуу бий болдог. Би хүүхэд байхаасаа эхлэн уртын дууг сонсож, дурлаж өнөөг хүртэл өв соёлыг тээж явж байна. Сая гадаадад воркшоп буюу уртын дууны хичээл заасан. Тэнд монголчууд төдийгүй гадныхан нэлээн сонирхож хичээлд хамрагдсан. Уртын дууны түүх домог, үүсэл гарлаас тодорхой хэмжээнд ярьж заахад монголчууд маань өөрсдөө уртын дууны талаар мэдлэг хомс байдаг нь харагдсан. Тэгэхээр үүнийг боловсролын түвшинд, системд үндэсний өв соёлын талаар тусад нь томоохон хэмжээнд оруулж өгвөл хүүхдүүдэд сонирхолтой юм байна гэж бодсон.

-Гадныханд хичээл заасан гэлээ шүү дээ. Тэгвэл тэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Тэд дуурийн дуу сонсож өссөн түүх, өв соёлтой. Гэтэл задгай хоолойгоор дуулна гэдэг нь тэдэнд их сонирхолтой байсан. Бид уртын дууны воркшопоос гадна морин хуур,

хөөмийний воркшоп зэрэг үндэсний өв соёлын талаар сургалт хийсэн. Үүнээс уртын дууг их сонирхож цахимаар суралцах саналыг тавьж, хэд хэдэн шавьтай болоод амжсан (инээв).

-Таны өвөө мөн дуулдаг хүн байсан гэсэн үү?

-Миний өвөө Ц.Дамчаа, Дундговь аймгийн Говь-Угтаал сумынх. Багадаа өвөөгийнхөө дэргэд өссөн. Говь-Угтаал сум нь Боржигон нутаг, Боржигон найр их алдартай, хатуу дэг жаяг, ёс заншилтай найр байдаг. Энэ найранд найрын гурван дугараагаа гүйцээн, уртын дууг гурван түрлэгээр дуулдаг. Тиймээс багаасаа уртын дууг ёс жаягийн дагуу сонсож өссөн болохоор уртын дуунд дурлаж, шимтэж суралцах болсон. Өвөө минь уртын дууг маш сайхан дуулдаг, найр хуримд их уригдаж, залагддаг байлаа. Бага гэж намайг голохгүйгээр найр, наадамд дагуулж явж дуулуулдаг байсан. Хүнд нутаг ус, төрсөн газар дуучин болоход нөлөөлдөг болов уу гэж боддог. Дуу хуурын өлгий Дундговь нутгаас олон сайхан алдартан, уртын дуучин төрсөн байдаг. Найр байж дуу хуур дуулна. Түүнийг сонсож өссөн хүүхдүүд дуу хуурт дуртай, дуулдаг болж өсөх юм.

-Нөхөртэйгөө хоёул урлагийн хүн байх ямар байдаг вэ. Үр хүүхдүүддээ зарцуулах цаг бага байдаг уу?

-Хүүхдүүддээ зарцуулах цаг нэлээн хомс. Аль алиныг нь зохицуулахгүй л бол болдоггүй, нэг бол ар гэр хаягдчих гээд эсхүл урлаг уран бүтээлийн ажил орхигдчих гээд байдаг тал бий. “Ковид-19” цар тахлын үед хоёр жил амсхийгээд авлаа. Манай том хоёр хүүхэд минь өвөө эмээгийн хүүхдүүд байсан бол бага минь аав ээжээсээ салж үзэлгүй өслөө. Урлагийн хүнд хамгийн чухал нь тойрон хүрээлэгчид шүү дээ. Бидний хүүхдийг харж буй өвөө, эмээ, хамтран зүтгэж буй уран бүтээлчид, хамтарч маркетинг хийдэг продакшн зэрэг олон хүн хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ бүх хүний хүч хөдөлмөрөөр бид хоёрын уран бүтээл өөдөө сайхан байдаг болов уу гэж боддог. Хамтын уран бүтээлээс бид хоёрын уран бүтээл цэцэглэдэг. Гэр бүлийн хүнтэйгээ уран бүтээл туурвих нь их хариуцлагатай, мөн эрсдэлтэй байдаг.

-Тодруулбал юу нь хамгийн их эрсдэлтэй байдаг вэ?

-Хоёулаа уран бүтээлдээ орохоор гэр бүл минь хаягдчих гээд байдаг. Гэр бүлийн хоёр хүн нэг нь бизнес эрхлэх ч юмуу өөр ажил хийдэг байвал санхүүгийн хувьд өөр байна. “Ковид-19” цар тахлын үед хоёулаа ямар ч орлогогүй зогсоход санхүүгийн хувьд асуудал учирч буй нь эрсдэлтэй санагдсан. Бусдаар сайхан зүйлс их бий. Хоёулаа уртын дуу дуулдаг учраас хүмүүс их хүндэлнэ. Энэ хүндлэлийг дааж явах нь том хариуцлага. Амьдралын тунг тааруулж явахад их ухаан шаарддаг.

-“Шуранхай” хамтлаг эргэн нэгдэх үү. Цаашид хамтлагаараа уран бүтээл хийх бодол бий юү?

-Энэ асуултыг хүмүүс их асуудаг. Бид хааяа эргэн нэгдвэл, хамтран уран бүтээл хийвэл яах вэ гэх зэргээр ярилцаж байгаа. Магадгүй үүнийг цаг хугацаа л харуулах байх. Бид “Шуранхай” хамтлагтаа уран бүтээл хийлгүй их олон жил өнгөрч. 2008, 2009 онд их хүчтэй гарч ирэн 2010 оноос хойш бараг уран бүтээл хийгээгүй. Тухайн үед хоёр, гуравхан жилийн хугацаанд маш олон цомог, дуунуудын ард гарч байсан. Уран бүтээлүүд маань одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан. Тиймээс хүмүүст “Шуранхай” хамтлаг их үгүйлэгддэг. Бид нэгдэхэд болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь бид нэгдэхийн тулд бүгд сэтгэл зүйгээ нэгтгэж байж сайхан уран бүтээл гарна. Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гардаг учраас бүгд сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал биднээс сайхан уран бүтээл төрнө. Яагаад болохгүй гэж.

Categories
мэдээ соёл-урлаг

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд болно DNN.mn

Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнөө болно.

Уг соёлын өдрүүдийн арга хэмжээг Монгол Улсын Их хурлын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар санаажилж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

Энэхүү өдрүүдийн хүрээнд дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан нээлт, хаалтын концерт, 108 магтаалч, бий бийлээчид, 21 цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдийг өргөх юм. Мөн язгуур урлагийн аман билгийн тууль, ерөөл магтаал, хөгжим, шоо яриа, дуу болон эрт цагаас уламжлагдан ирсэн нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн ч болох юм байна. Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих, хурим найрын онцгой зан үйлтэй ард түмэн. Эдгээр уламжлалыг ч соёлын өдрүүдэд үйлдэх аж.

Түүнчлэн БНТува улс, ШУӨЗА, Өвөрмонголын соёлын өвлөн уламжлагчид, Урианхай, Тува түмнээс төрөн гарсан урлагийн алдартнууд уран бүтээлээ өргөнө. Наадмын Ерөнхий найруулагчаар ХЦДБЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч дэд хурандаа С.Алтансэлэм, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА, О.Гэрэлсүх нар ажиллах талаар зохион байгуулагчдаас мэдээллээ.

Дашрамд дурьдахад Урианхай, Тувачуудыг судлаачид гарал үүслийн хувьд нэг гэж үздэг бөгөөд газарзүйн байршил, түүхэн цаг үеийн нөлөөгөөр хэлний болоод соёлын зарим шинжид тодорхой хэмжээний “ондооших үзэгдэл болсон” гэж онцолдог.
Урианхайчуудын хувьд өнөөгийн Монгол угсаатнууд дундаас хамгийн эртний нэрээрээ мөн өв соёлоо хадгалан хамгаалж яваа ард түмэн гэдгийг судлаачид бүтээлүүдээрээ илэрхийлсэн нь бий.

Тэдний түүх, үүслийн талаарх судлаачдын тэмдэглэсэн бүтээлүүд түүн дотроос Персийн түүхч РаШид Ад Дины “Судрын чуулган”-д язгуур овог буюу Нукуз /урианхайчууд/ Хиад /боржигон/-аас монгол овог, угсаатан бүрэлдэн тогтсон гэж үзснийг гадаад дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрч, бүтээлүүддээ ашигласан байдаг аж.

Мөн хүн төрөлхтний нэн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Хүннүгийн үед тоглож байсан модон цуур, тууль түүнчлэн хэл аялгуу, хавчаахай нум, зан үйл, ахуйн хэрэглэл, уламжлалаараа судлаачдын анхааралд хамгийн их өртдөг ард түмэн юм байна.
Та бүхэн соёлын өдрүүдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авахаас гадна дор харуулсан удирдамжуудаас мэдээлэл авч болох юм.


Соёлын өдрүүдийн хөтөлбөр

Урианхай, Тува түмний соёлын өдрүүд

Ерөнхий удирдамж

Урианхайн соёлын өвийн өдрүүд

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хувцас, урлал тэмцээний удирдамж

https://www.facebook.com/uriankhaituva/videos/1686512761715212/

Тууль, магтаалын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хөгжмийн төрлийн удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Цуур хөгжмийн удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Хөөмэйн уралдааны удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Ардын уртын дуу дуулаачдын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Богино дуу дуулаачдын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Бий биелгээний удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Шилдэг баг шалгаруулах

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд удирдамж

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жүжигчид Ц.Ганбаяр агсны дурсгалд зориулан ХСҮТ-д эрт илрүүлэгч аппарат хандивлалаа DNN.mn

Хошин урлагийнхан жүжигчин Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж, ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивлалаа.

Жүжигчдийн төлөөлөл “Big show бол Ганбаагийнхаа эмчилгээний зардалд зориулсан хандивын аяны нэг хэсэг байсан. Бид UB Palace-д дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийж, түүний дараа Big show-ны зургаан дугаарыг IPTV-д тавьсан. Давтагдсан тоогоор 400 мянга гаруй үзэллтэй байсан. Нийт үзсэн үзэгчиддээ баярлалаа гэж хэлье. Ганбаа маань элэгний хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зарлыг босгох гэж энэхүү шоуг хийсэн боловч, харамсалтай нь найзыгаа аварч үлдэж чадсангүй.

Найз маань БНСУ-руу эмчилгээндээ явсан боловч эмч нар хагалгаанд ороход хэтэрхий оройтсон гэсэн хариу өгсөн. Найз маань эрт үед нь мэдсэн бол эмчилгээ авах боломжтой байсан. Шоунаас орж ирсэн тодорхой хувийг найзынхаа ар гэрт нь зориулж, эрт үед нь элэгний хорт хавдрыг оношилж, эмчлэх боломжтой 269 саяын тоно, төхөөрөмжийг ХСҮТ-д гардуулан өгч байна” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Х.Хашхүү: Тайзнаа өөрийгөө гайхуулж үзэгчдийн алга ташилтыг мэдэрч зогсох хамгийн сайхан DNN.mn

Үндэсний урлагийн их театрын бүжигчин, бүжиг дэглээч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүүтэй ярилцлаа.


-Та яагаад бүжигт дурлах болов?

-Багаасаа бүжиглэх дуртай байсан. Дорноговь аймагт “Бүжгийн уянга” хамтлагт бүжиглэдэг байлаа. Агуу их Ц.Сэвжид гуай бол Монголын бүжгийн урлагийн суурийг тавьсан хүн. Түүний хүү С.Сүхбаатар мөн Д.Баярбаатар, А.Даваахүү гээд сайхан дэглээчид байна. Бүжиг дэглээчийн хувьд өөрийгөө энэ гайхалтай хүмүүсийн залгамж халаа, залуу үе нь л гэж боддог.

-Бүжиг дэглээчийн хувьд таны ажлын хувийн арга барил, онцлог юу вэ?

-Бүжиг бол ганцаарчилсан биш хамтын урлаг. Олон бүжигчинг нэг хүн шиг болгоход маш их бэлтгэл, уран бүтээлчээс шалтгаалах форум хэрэгтэй. Тайзан дээр хамтдаа уран бүтээлээ хүргэдэг учир түүнийг нэг амьсгаанд оруулна гэдэг амаргүй ажил. Театртаа мэргэжлийн бүжигчидтэй хамтарч сэтгэл зүрхээрээ ажилладаг. Мэргэжлийн бүжигчид учир хөдөлгөөнөө жигдрүүлэхэд асуудалгүй. Дэглээчийн хэлэх гэсэн санааг биеийн гоо зүйгээрээ гаргахыг л зорьдог.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Тайзан дээр амьдрах сайхан. Тайзнаа өөрийгөө гайхуулж үзэгчдийн алга ташилтыг мэдэрч зогсох хамгийн сайхан.

-Ямар нэг санааг бүжгээр дамжуулж гаргахын тулд олон зүйлийг бодож, судалдаг байх. Дэглэж байсан хамгийн хүнд бүжиг тань юу вэ?

-Бүжиг дэглэж хүний биеийн гоо зүйг харуулна гэдэг хэцүү. Биеийн зөв галбиртай, зөв төрхтэй гэх мэт бүжигчинд байх бүх шаардлагыг хангаж мэргэшээд ирсэн хүнийг би нэмж урлаж өгнө гэсэн үг. Уран бүтээл дээр ажиллахдаа судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Миний хувьд хамгийн хэцүү нь “Монголын их хатад” бүжгэн жүжигт Алунгоо хатны хэсгийг дэглэх байсан. “Нарны домог” анхны бүжгэн жүжгийг Сүхээ багш маань дэглэхдээ Алунгоо эхийн эвийн сургаалаар асар том бүтээл хийсэн. Тэгэхээр би Алунгоо эхийн таван сум хугалахыг арай өөрөөр сэтгэх шаардлагатай болж гарын таван хуруутай зүйрлэж дэглэсэн. Энэ таван хуруу атгасан гар шиг зангидсан байваас эвтэй байна гэсэн санааг шинээр гаргасан. Мөн саяхан “Тамгагүй төр” хэмээх үзэгчдийн мэлмийг мялаасан сайхан бүтээлд дэглээчээр ажилласан. Шандас сорьж, ур ухаан шаардлаа.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Үндэсний урлагийн их театрын өв соёл уламжлалаа харуулсан, язгуур урлагаа сурталчлах зорилготой зуны 100 өдрийн тоглолтоо нээсэн. Манай байгууллага нийт 180 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй. Байгууллагаараа “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтдоо анхаарч ажиллаж байна.

-Энэ жилийн зуны тоглолтын онцлог юу вэ?

-Тоглолтын хөтөлбөрийг тухайн жилдээ өөр өөр гаргадаг. Жуулчид болон монголчуддаа зориулсан эл тоглолт 20 гаруй жил уламжлал болон тоглогдож байна. Зуны гурван сар 100 өдөр тоглодог. Ер нь уртын дуучид, хөгжимчид маань зөвхөн үндэсний ая хөгжмөөс гадна гадаадын сонгодог бүтээлүүдийг тоглож жуулчдад бэлэг барьдаг, мөн шарын шашны цамын бүтээл, үндэсний язгуур бие биелгээ зэргийг шингээсэн бүтээлийг гаргадаг. Уран бүтээлүүд, хөтлөлт бүгд англи тайлбартай явагддаг.

-Та Үндэсний урлагийн их театртаа хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2005 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Хоёр жилийн дараа ОХУ-ын Москва хотын театр урлагийн академид /ГИТИС/ бүжиг дэглээч мэргэжлээр сурсан. 2012 оноос театртаа тасралтгүй ажиллаж байна.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

-Бүжгэн жүжиг хийхийг хүсдэг. Хүннүгийн эртний олдворуудад тулгуурласан бүтээл хийх бодолтой. Одоо судалгааны шатандаа явж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Дэлхий дахинд алдаршсан “Хунт нуур” бүжгэн жүжиг шиг Хашхүүгийн Монгол уламжлалаа харуулсан бүтээлийг дэлхийн театрт тоглох юмсан гэж мөрөөддөг.

-Монгол уламжлалаа харуулсан бүтээл гэхээр…

-Гадны зүйлийг хэт их дагах биш, үндэсний хэв маягаа харуулсан мөн орчин цагтайгаа хосолсон тийм бүтээлийг энэ цагт хийх хэрэгтэй. Бид монгол үндэсний ёс уламжлал, соёлоо харуулсан, аж ахуйтайгаа ойрхон бүтээлийг гаргавал энэ нь бидний брэнд болж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Э.Мөнхбаяр: Аавынхаа хийсэн хөгжмийн зэмсгээр тоглож байхдаа бахархал төрдөг DNN.mn

Үндэсний урлагийн их театрын морин хуурч, удирдаач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаяртай ярилцлаа.


-Шинэхэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтанд баяр хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?

-Маш их баярлалаа. Энэ жил үндэсний найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс үндэсний дархлаа, соёлыг тэртээ 1962 оноос хийжээ. Миний бие 2016 оноос Үндэсний урлагийн их театрт ажиллаж байна. Театртаа ажиллаад бие даасан болон хамтарсан олон тоглолт хийж гадаад үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх хүндтэй цолны болзлыг хангасан байх гэж бодож байна. Түүхт 60 жилийн ойн үйл ажиллагааг залуучуудын хамтарсан “Global mind” тоглолтоор нээлээ. Энэ тоглолтын хамгийн гайхалтай, гэнэтийн хэсэг цолоо гардан авах байлаа.

Өнгөрсөн сард улсын филармони концертын танхимд Монгол Улсын урлагийн гавьат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр агсны нэрэмжит, залуу удирдаачдын тэмцээнд финалийн шатанд, дэд байрын шагнал хүртсэн. Энэ жил олз омогтой, амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байна. Одоогоор манай Үндэсний урлагийн их театрын хамт олон зуны гурван сар буюу 100 хоног үргэлжилдэг тоглолтоо эхэлсэн.

-Энэ жилийн тоглолт ямар онцлогтой вэ?

-Энэ жилийн зуны тоглолт “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” нэртэйгээр өнгөрсөн долоо хоногоос тоглогдож эхэлсэн. Бид энэ тоглолтыг жуулчид болон Монгол Улсынхаа иргэдэд зориулан зун болгон зохион байгуулж ирсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тасалдлаа.

-Таны хувьд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийв?

-2014 онд арваннэгдүгээр анги төгсөх жил их найралтайгаа анхны тоглолтоо хийсэн. 2018 онд буюу төгсөх жилээ бие даасан тоглолтоо хийсэн. 2017 онд “Чавхдас морин хуурын дөрвөл” гэж Дуурь бүжгийн эрдмийн театрт, Европын орнуудаар хамтлагаараа тоглолт хийсэн гэх мэт цөөнгүй тоглолт хийжээ. Хөгжим бүжгийн коллежид арван жилээ морин хуурчаар төгсөөд, Консерваторит магистр хамгаалсан.

-Яагаад морин хуурч болохоор шийдсэн бэ?

-Хүн бүр л багаасаа “Би тийм хүн болно” гэсэн чиг баримжаатай байдаг гэж боддог. Саяхан цэцэрлэгийн багш маань надтай таарсан юм. Гэтэл би багшдаа “Том болоод дэлхийд алдартай хөгжимчин, морин хуурч болно” гэж хэлж, бичүүлж байсан юм билээ. Багшийн тэмдэглэлийн дэвтэр дээр, миний асуултын хариулт одоо ч байгаа гэсэн /инээв/. Би хөгжимд маш их хайртай. Миний өвөө, аав удам залгасан морин хуурчид, миний мэдэж байгаагаар манайд гурван үеийн хуурчид бий.

-Гэр бүлд нь хөгжимчид байсан учир энэ мэргэжилд дурласан юм болов уу?

-Тийм ээ, миний аав, ээж хоёр Төв аймгийн Хөгжимт драмын театрт 30 гаруй жил ажиллаж байна. Би аавынхаа хийсэн хуур, хөгжмийн зэмсгээр тоглодог. Үүгээрээ их бахархдаг.

-Хуурдахын сайхан нь юу вэ?

-Мэргэжил бүхэн гайхамшигтай. Бүх зүйл баялаг дуусашгүй байдаг шиг хөгжмийг ч бас сурч, мэдэрч дуусдаггүй. Би яг хаана хүрэхээ мэдэхгүй, хүрлээ гэж мэдвэл тайзнаас буух байх. Сэтгэл зүрх минь догдлохоо боливол тайзаа орхих байх. Урлаг тийм л хатуу зарчимтай.

-Та яагаад удирдаачаар сурах болсон юм бэ?

-2007 онд хөгжим бүжгийн Консерваторид орох гээд шалгуулсан. Гэтэл миний нас нэг жилээр хэтэрсэн байсан юм. Тухайн үед Хөгжим бүжгийн сургууль маш хатуу диктатуртай байлаа. Би тэр сургуульд орох гээд Цагаан сарын шинийн нэгний өглөө аав, ээжтэйгээ захирлын хаалганы гадаа “Намайг авах болов уу” гээд хүлээж байсан үе өчигдөр юм шиг санагдаж байна. Үндэсний чуулгын ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар гэдэг хүнтэй уулзаад чамайг сургуульд авах эсэхийг шийднэ гэж хэлсэн. Тэгээд аавтайгаа энэ улаан театрын хаалгыг татаж байлаа. Багштайгаа уулзаад, сургалтад сурч 2008 оноос сургуульдаа элсэж байсан.

Багш маань удирдаач хүн, би байнга л үзэгчийн суудлаас багшийгаа юу хийж байгааг харж ажигладаг. Сургуулийн сурагч ч гэсэн ирээдүйдээ санаа зовж зөвхөн хуураа тоглоод амьдарвал амьдралын түвшин ямар байх билээ, хос мэргэжил эзэмшвэл амьдралд хэрэгтэй гэж бодсон. Удирдаач бол найрал хөгжмийн ахлагч манлайлагч байдаг тийм ч учир хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд удирдаачаар сурсан.

-Дараагийн зорилго төлөвлөгөө тань юу вэ?

-Бид 60 жилийн ойтойгоо холбогдуулан маш олон тоглолтыг төлөвлөсөн. Долдугаар сарын 12-ны орой тоглогддог “Наадмын үдэш” их найрлын тоглолт, гоцлол хөгжимчдийн тоглолт, сонгодог вальс, гала зэрэг тоглолтууд шил шилээ дараад л хүлээгдэж байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа DNN.mn

Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гоёсон нь онцлох үйл явдал байв. Бид дизайнер М.Энхцэцэгтэй ярилцлаа. Энэ цагийн Холливудын оддын хувцсыг урлаж буй тэрбээр “Stella Mc­Cartney” брэндийн оёдлын мастераар ажилладаг юм.


-Тантай холбогдох гэж нэлээн цаг зарлаа, завгүй байдаг бололтой. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ярилцлагад урьсанд баярлалаа. Энд ковидын нөхцөл байдал намжихтай зэрэгцээд хуримын хувцасны захиалгад дарагдлаа. Ойрын хэдэн өдөр чөлөөт цаг бараг гарсангүй. Удахгүй эх орондоо очихоор төлөвлөсөн. Бичиг баримт хөөцөлдөхөөс өгсүүлээд цаг зав бага байлаа. Өнөөдөр өөртөө зориулж цаг гаргаад амарч байна. Энэ салбарт ажилладаг хүмүүсийн нэг өдөр ер нь их завгүй өнгөрдөг. Англи, Америк, Франц, Герман зэрэг орнуудад загварын шоу болдог. Үүнтэй холбоотойгоор жилд дөрвөн удаа шинэ загвар гаргадаг гэсэн үг л дээ. Загварын шоу дөхсөн өдрүүдэд үүр цайтал суух тохиолдол ч бий.

-Саяхан болсон ёслолын үйл ажиллагааны үеэр Английн гүнж Кэтрин Миддлтон монгол эмэгтэйн урласан даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татлаа. Гүнгийн авхайн хувцсыг оёход хэдий хугацаа зарцуулав?

-Хоёр долоо хоногийн хугацаа зарцуулсан. Өндөр зэрэглэлийн хүн учраас өөрийн биеэр уулзаж биеийн хэмжээг нь авах боломжгүй. Стилистээр нь дамжуулж харьцсан учир бага зэргийн бэрхшээл гарсан. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагаанд зориулсан даашинз учраас төгс бүтээл шаардана. Хоёр удаа бүтэн оёж, дөрвөн удаагийн засвар хийсэн. Жаахан хэмжээ зөрөхөд л дахин оёх шаардлага гардаг. Биеийнх нь хэмжээг аваад урлаж байгаа ч бүсэлхийнээс нь ч юм уу бага хэмжээгээр танах зэрэг ажиллагаа орно. Өөрөө уулзаад биеийнх нь хэмжээг авсан бол тэгж их хугацаа орохгүй л дээ. Харуул хамгаалалт нь өндөр учраас тийм боломж байдаггүй юм билээ. Хэд хэдэн удаагийн жижиг засвар хийгээд л улаан, ягаан өнгийн даашинз бэлэн болсон. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагааны гол дүр миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа. Их зүйл бодогдсон шүү. Энд хэлний бэлтгэлд сурахаар ирээд зарим газруудад туршлагагүй гэх шалтгаанаар гологдож байсан үе минь нүдэнд харагдаж байлаа.

-Монгол эмэгтэйн урласан даашинзыг хараад олон ч хүний сэтгэл хөдөлсөн байх. Та Лондонд очоод хэдэн жил болж байна вэ. “Stella McCartney”-д ажилд орсон түүх сонин байна л даа.

-Би 1998 онд хэлний бэлтгэлд сурахаар Лондонд ирж байсан. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олно. Ингээд “University of Art London college of fashion”-д гурван жил загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажилд ороход ажлын туршлага хардаг юм билээ. Би сурахын хажуугаар цагийн ажил хийж байсан учраас туршлага хуримтлуулж амжаагүй юм. Хамт сурч байсан оюутнууд маань түрээсийн төлбөрт санаа зовохгүй, нутагтаа байгаа учир ажилд ороод яваад өгсөн. Миний хувьд ажлын туршлага байхгүй гэх үндэслэлээр хэд хэдэн газруудад гологдож байлаа. Тэгээд бүр багаас нь эхлэхээр шийдэж оёдолчноор ажилд орсон. Оёдолчноор ажиллаж байгаад зэрэглэл ахина гэж төлөвлөсөн юм. Энэ хугацаанд хэд хэдэн газарт агентаар ажилласан. Дэлхийн алдартай брэндийн ЗОЛБАЯР

стиль, технологиудыг мэдээд авчихсан. Цааш ахихад том туршлага болсон шүү.

-“Stella McCartney” брэнд таныг онцолж итгэл хүлээлгэсэн шалтгаан юу байв?

-Гараасаа төгс бүтээл гаргахыг зорьдог байлаа. Ямар ч ажлыг хүний нүд хуурсан байдлаар гүйцэтгэдэггүй. Том брэндийн зүгээс надад итгэл хүлээлгэсэн гол шалтгаан энэ байх. Монголчууд ийм хандлагатай байдаг. Онцлог нь гэж ойлгодог юм. Ийм ч учраас дэлхийн олон улс орнуудад монгол залуусын ур чадвар, оюуны бүтээл гайхагддаг болов уу.

-“Stella McCartney”-д орсноос хойш Холливудын оддын хувцас урлаж эхэлсэн үү?

-Энэ ажилдаа ороод найман жил болжээ. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Stella бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин нь. Өөрөө алдартай дуучин учраас компанийнхаа маркетинг, сурталчилгаа зэргийг хийчихдэг юм. Холливудын жүжигчидтэй ойрхон байдаг учраас тэд манайхаар тогтмол үйлчлүүлнэ. Оскарын кино наадам дөхсөн өдрүүдэд амсхийх завгүй ажилладаг. Энд нэг зүйлийг онцлоход, бид багаараа ажилладаг юм шүү.

-Хувцас урлахад багийн ажиллагаа чухал байх…

-Тийм, хамгийн чухал нь багийн ажиллагаа. Дөрвөн хүн нэг бүтээл дээр ажиллалаа гэхэд нэг толгойтой юм шиг ажиллахыг шаарддаг. Зарим үед олон цагаар ажиллана. Тиймээс янз бүрийн араншин гаргаад байж болохгүй. Тэвчээртэй байх хэрэгтэй. Бүх зүйлээрээ л нэгдмэл байж үр дүнд хүрнэ. Энэ зуунд даавууны технологи өндөр хөгжиж, олон төрлийн даавуу гарч улам их авьяас шаардаж байна. Жишээ нь, даавуутай яаж харьцах, даавуугаа мэдрэх, загвар, даавуу хоёр хоорондоо зохицох гэх мэт олон асуудал гардаг. Үргэлж шинийг сэтгэж байхыг л шаардаж байна.

-Ковидын үед та юу хийв. Өөрийн нэрийн брэндээ гаргасан гэсэн үү?

-Ковидын үед гэрээсээ ажилласан. Ачаалал ч багатай байлаа. Чөлөө завыг ашиглаад “Enka Coulture” гэх нэрийн брэндээ гаргаж амжлаа. Энэ миний багын мөрөөдөл л дөө. Ямартаа ч эхний алхмаа хийсэн. Одоогоор бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалдаг.

-Таны брэндийн загварын онцлог юу вэ. Монгол эмэгтэйчүүд хэр их сонирхож байх юм?

-Баяр ёслолд өмсөх гоёмсог даашинз, энгийн үед өмсөх чөлөөт, оффист өмсөх зориулалттай хувцас хийдэг. Мөн гоёлын даашинзыг захиалгаар урлаж байгаа. Цаашид монгол үндэснийхээ хатгамлыг европ стиль рүү оруулах, Монголдоо өөрийн жижиг үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байна. Англиас Монгол руу нийлүүлэхэд арай үнэтэй тусах юм. Хүүхдүүд минь ч том болсон учраас тогтмол Монгол руу очиж байхаар төлөвлөсөн. “DIOR”, “Channel” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн технологийг мэднэ. Энэ бүхнийг монгол залуустайгаа хамтарч ажиллаад туршлагаа хуваалцъя гэж боддог. Ерөнхийдөө чанартай хувцсыг боломжийн үнээр монгол эмэгтэйчүүддээ нийлүүлэхийг л зорьж байна. Удахгүй нутагтаа очно доо.

-Сүүлд нь тодруулахад дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тааруу болж байна. Үүнийг дагаад хувцасны чанарт ч асуудал бий болж байгаа юм. Нэг, хоёр угаагаад л чанар нь алдагдана. Үүнийг зогсоохын тулд байгальд ээлтэй, эко даавуугаар удаан эдэлгээтэй хувцас бүтээхэд чиглэж байгаа юм. Хямд, чанаргүй хувцасны хаягдал байгаль орчныг асар их бохирдуулж байна л даа. Дэлхийн загварын чиг хандлага үүний эсрэг л чиглэж байна.