Categories
мэдээ соёл-урлаг

Х.Уртнасан: Тайзнаасаа би гэнэт яваад өгсөн дөө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨХ/2013.05.04/ АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУРИЙН ДУУЧИН ХОРЛООГИЙН УРТНАСАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ар­дын жүжигчин, төрийн шагналт, Зуу­ны манлай дуурийн дуу­чин Хор­лоо­гийн Урт­насан­гийн ярилцлагыг хүр­гэе. Тэр­бээр уржиг­дар бол­сон ХБКийн тай­лан тог­лолтод зо­риулж Анг­­лийн хөгж­мийн зо­хиолч Г.Пёр­селийнДи­до­на Эней хоёрбэсрэг дуурийг найруулан тавь­сан юм.


Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэ­сэн танд талархлаа илэр­хийлье. Шинэ бү­тээ­лийнхээ талаар ма­най уншигчидтай бод­лоо хуваалцана уу?

-Энэ жил манай сур­гуулийн тайлан их өвөр­мөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гур­ван тоглолтоор тайлан­гаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаа­раа боловсролын бай­гуул­лага боловч нөгөө­тэй­гүүр дандаа уран бүтээл­чид байдаг. Тийм учраас бид энэ жил тай­лан­гаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тави­лаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэл­дэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна,
дээд боловсролын бакалав­рын оюутнууд ч байна.
Манайх арван жил, кол­леж, бакалавр гэсэн гур­ван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сураг­чаа­саа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ.
Симфони оркестр, най­рал дуучид, гол дүрийн дуу­чид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарил­даг­гүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог. Тэр ойл­голтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын ча­нар, багш нарын сурган хү­мүүжүүлж байгаа арга бари­лын орчин үетэй холбож өг­сөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж ав­даг урлагийн байгуулла­гуу­дын менежэрүүд, удирдла­гууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэт­гэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм бо­лохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэ­дэг нь энэ ярианаас ойлгомж­той гэж бодож байна. Хүүх­дүүдийнхээ болон багш на­рынхаа чанар чансааг шал­гуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сур­гууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэ­лүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго бай­лаа. Зорилгоо сайн биелүүл­лээ.

-“Дидона Эней хоёр“-ыг дэлхий даяар голдуу мэр­гэжлийн сургуулиудын оюу­тан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?

-Ерөөсөө сонгодог хөг­жимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээ­лүүдээр онолынхоо сургал­тыг суурилж явах ёстой бай­даг. Дэлхийн том том дуу­лаачийн тэмцээнүүдэд сон­год­гийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бү­тээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дуул­лын хэмжээнд зохиол бичигд­сэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэ­лийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Кар­фаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Ди­до­на Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэт­гэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахр­фаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёу­лаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэт­гэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирд­лаа. “Шопениана” балет ч их сайхан болсон. Үнэхээр сай­хан байсаан.

Дидонад оролцсон хүүх­дүүд хэдээс хэдэн нас­­ныхан бэ. Их гоё сопра­но хоолой хоёр гурав байх шиг байсан?

-Найрал дуучид ч, гоцлоо­чид ч бүгдээрээ нэгээс дөрөв­дүгээр курсийнхэн. Гол дү­рийн Дидонад Мягмарсү­рэн­гийн Бямба-Эрдэнэ гэж хоёр­дугаар курсийн оюутан дуул­лаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магад­гүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эх­лэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэр­гэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчи­хаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэг­дүгээр шадар эмэгтэй гэ­дэг дүрд бас миний мэргэж­лийн шавь дууллаа. Би энд мэргэж­лээрээ багшилдаг бо­ловч саяын дуурийг найруул­лаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж бай­сан. Хообийтой гэх юм уу даа.

Дуурийн театрын урын санд таныШидэт ваар“, “Чио чио санзэрэг дуурь бий шүү дээ. Та найруул­гаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?

-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. “Чио чио сан”-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр “зодог тайлахдаа” зориулж шинэ­чилж найруулсан юм.

ОдоогийнЧио чио сантаны шинэчилсэн тавил­таар явж байгаа юу?

-Тийм. Дээр нь Лувсан­шарав гуайн “Хар хорум” дуурийг тавьсан. Ардын ху­вьс­галын 84 жилийн ойн бая­рын концертыг найруулж бай­лаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. “Ши­дэт ваар” гэж хүүхдийн дуу­рийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.

Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?

-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөг­жимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээ­гээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүх­дүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.

Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?

-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгис­болд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураач­тай би яриад л байгаа. Ган­баатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэт­гэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо сана­лын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.

Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?

-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн бай­гаа, сайхан байгаа бүтээлч­дийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсар­саар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цог­зол­маа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.

Насны эрхээр ин­гээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод яв­чих­лаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь на­даас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхи­сон. Харин би Чулуун багший­гаа амьд сэрүүн дээр багш­тайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр ” ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нир­хийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж би­лээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.

Ардын жүжигчин Жавзан­дулам бай­на. Гайхалтай сай­хан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуу­лаачийн ху­вьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жав­зандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутаг­таа үнэнч нэг тийм сай­хан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ин­гээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, “Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өг­чихдөг” гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жав­зандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөн­цэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.

Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрч­лөөс үүдэж гаргасан ший­дэл байж уу дээ?

-Хувьсгалыг хийхэд тохи­роо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шил­жээд явчихсан, зарим нь бурх­ны оронд явчихсан. Тэ­гээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчих­сэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.

Театраасаа явсны да­раахан байх аа, Жавзан­дулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу ал­даж байсан гэдэг. Тэр сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?

-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаг­гүй байлаа.

Сэтгэл зүйн хувьд хэ­цүү л байсан байх?

-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ “Тру­бадур” дуурьт бэл­дэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хув­цасны­хаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуу­лилтдаа орчихоод, өдөр нэг цагт зав­сарладгаараа зав­сарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утас­даад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.

Германд очоод ямар­хуу байв?

-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд нь нэг их гоё най­рал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё са­наг­даад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй над­тай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виолен­чель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуу­даар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонс­моор байна гэ­лээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филар­монийн концерт­мейстр бай­сан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэ­дэн­тэй хамт шен­гений орнуу­даар явж сүмүү­дэд нь дуул­лаа. Жанцанно­ровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сү­мийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурай­таад л. Гадаа­дын­хан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.

Ирээд яав?

-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.

Та хэдүүлээ вэ?

-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон тү­шиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.

Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?

-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.

Хүүхдүүдээс тань хүч­тэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?

-Байхгүй шүү. Их сонин.

Нэг хувь зүйл давтаг­дахгүй байх л даа?

-Миний ижий бол сааль­чин хүн чинь мэргэжлийн дуу­чин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.

Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?

-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэл­сэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдог­гүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хуга­лаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.

Хатуугийн цаа­на сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өн­дөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.

Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?

-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр ур­лагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань бо­ловс­ролтой гэсэн үг шүү дээ.

Н.ПАГМА

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Пүрэвдорж: “Улаанбаатарын үдэш” миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨ МУСГЗ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржтой хөөрөлдлөө.


-Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн арван тав дахь хүн та боллоо. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хэмээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар тогтоолоор намайг нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр тодруулсан юм байна. Нийслэлийн хүндэт иргэн болно гэдэг сайхан үйл явдал. Нийслэлдээ зориулж 1985 онд “Улаанбаатарын үдэш” дуугаа анх зохиож уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Энэ дуу маань олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу нь болсонд хувьдаа баяртай байна. Би бол Нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа улам их зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны их ойн баярын мэндийг нийт монголчууддаа танай сониноор дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.

-Таны зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр ирсэн. Та энэ дууныхаа түүхээс хүүрнээч?

-Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 29 жилийн өмнө зохиож анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан

Учралын болзоонд залуус яаруухан” гээд үнэхээр сайхан үгтэй дуу шүү. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ.

-Таны уран бүтээлийн урын сангийн багагүй хувийг хүүхдийн дуу эзэлдэг байх аа?

-Би Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа багш маань сургуульд явуулж байлаа. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 10 жил багшилсан юм. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлсэн гэхэд болно. “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал” зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. “Нандин эрдэнэ” дууг гавьяат жүжигчин Ч.Насантогтох маань анх дуулж байлаа.

-Сургуульд явахаасаа өмнө хөгжмийн улаан хорхойтон байсан нь дамжиггүй. Тэр үеийн залуусын жишгээр рок хөгжмийг ч их сонсдог байв уу?

-Аав маань хэдийгээр урлагийн хүн биш ч хөгжим их сонсдог хүн байсан нь надад их нөлөөлсөн. Дөрвөн настайдаа аккордион тоглож эхэлсэн. Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болсон. Би бол тийм нэг намуухан хүн юм. Зөөлөн аялгуутай хөгжим намайг өөрийн эрхгүй татаж эхэлсэн. Ихэнх уран бүтээл маань ч аядуу уянгын талдаа бүтээд байдаг нь үүнтэй холбоотой байх.

-“Инээмсэглэл” хамтлагт байхдаа зохиосон дуунууд чинь уянгын талдаа шүү?

-Хөгжим бүжигт багшилж байхдаа “Инээмсэглэл” хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Сүүлд бид хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Соёлын төв өргөөнд тоглоход хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.

-“Инээмсэглэл” завсарлачихаар хаана очив?

-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй л дээ. 1988 онд “Хөх тэнгэр” хамтлагийг байгуулсан. Тэр үед буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би “Буян”-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л “Хөх тэнгэр”-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Н.Ганхуяг, Дашдондог, Цогоо, “Никитон”-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л “Хөх тэнгэр”-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын “Зүүдний говь” бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.

-Та олон цомог гаргасан биз?

-Хүүхдийн дуунуудаараа “Зуслангийн найзууд” гэдэг цомог гаргасан. Мөн шилдэг дуунуудаа түүвэрлэж “UB Night” гэж цомог гаргалаа. Дараа нь төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож “Love song” гэдэг нэртэй хоёр ч цомог гаргасан.

-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байж. Хүүхдүүдэд зориулж уран бүтээл дахин хийсэн үү?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор “Дэлхий ээжийн төрсөн өдөр” гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.

-Таны нэрийн хуудас болсон олон сайхан дуу байдаг. Тэр бүхнээсээ ганц нэгийг нэрлэвэл?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” зэрэг олон түмэнд бага сага хүрсэн дуунууд байнаа.

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн байна уу?

-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох төлөвтэй. Авьяастай, бас сонирхолтой байх шиг санагдаад байгаа. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Х.Цасчихэр: Сонгодог дүр ч мөн жүжигчний ажил, жүжигчин бүр хийж чаддаг байх ёстой DNN.mn

“Риакшн” продакшны үүсгэн байгуулагч Х.Цасчихэртэй ярилцлаа.


-“Чи надад хайртай’’ жүжиг Монголд хэрхэн тоглогдох болов?

-Манай продакшны тайзны анхны уран бүтээл тоглогдож байна. Жүжигчин Э.Тодгэрэл бид хоёр хоёулаа дуулдаг учраас мюзикл жүжиг баримтлах нь хамгийн гол нь байгаа юм л даа. Тиймээс энэхүү зохиол бид хоёрт хамгийн ойр тул эхэнд сонгож авсан. “Чи надад хайртай’’ жүжиг дэлхийн 20 гаруй улсын тайзан дээр тоглогдсон байдаг. Зохиол нь цахим орчинд байгаа ч манай продакшн зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авахаар шийдэж, холбогдсон. Красногоров Валентин Самуиловичийг бид хоёр одоогийн У.Шекспир гэж харж тэр хүнтэй холбогдсондоо маш их баярласан. Алдартай зохиолч шүү дээ. Маш найрсгаар хүлээж авсан.

-Анх “Маск” продакшны хоёр уран бүтээлчтэй хамтран контент хийдэг байсан. Жүжигчин Э.Тодгэрэлтэй хэрхэн хамтрах болсон бэ?

-Найз нөхдийн холбоотой байж байгаад “Ghost’’ уран бүтээлд хамтран ажилласнаас хойш хамт байж энэхүү продакшныг байгуулсан.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл дээр түлхүү ажиллахаар зорьж байна?

-Бид тайз болон дэлгэцийн уран бүтээлийг хослуулж ажиллана гэсэн зорилготой байгаа.

-Эхний тоглолтоо хийсэн сэтгэгдлээ хуваалцаач, үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхний тоглолтын араас нүдэндээ нулимстай л хоцорлоо, сэтгэл огшсон. Үзэгчид сайхан хүлээж авсан. Бүгдээрээ баяр хүргээд шинэ жанр байна, шинэ уран бүтээл байна гэж хэлсэнд нь маш их урамшсан. Энэ яалт ч үгүй мюзикл жүжиг учраас манай хошин урлагийн тоглолтоос өөр, жүжгээс бас өөр учраас жанр нь хүмүүст их таалагдсан гэж бодож байна.

-Та багаасаа урлагт сонирхолтой байсан уу?

-Багадаа хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг байсан. Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй. Дуучин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Тэгээд дуулдаг юм чинь жүжиглэвэл хоёр мэргэжилтэй болох юм байна гэсэн хүүхдийн бодлоор мэргэжлээ сонгож байлаа (инээв).

-Та хэр төлөвлөгөө гаргаж ажилладаг хүн бэ?

-Би ер нь төлөвлөгөөн дээр суурилж ажилладаг. Одоогоор 2025 он хүртэл ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу ажиллаад явж байна.

-Өнгөрсөн жил “Гэм зэм” жүжигт тоглосон. Сонгодог жүжигт тоглоход ямар байв?

-Ямар уран бүтээлд ажиллахаасаа хамаараад жүжигчин хүн өөрийнхөө бие организм болоод хэлэх үг, биеийн хэлэмжүүдийг бүгдийг өөрчлөх ёстой байдаг. Сонгодог жүжиг ч мөн жүжигчний ажил шүү дээ, жүжигчин хүн бүр хийж чаддаг байх ёстой гэж боддог.

-Жүжгийн бэлтгэл хэрхэн явагдаж байна даа?

-50 гаруй уран бүтээлч, тайзны арын ажилчидтайгаа нийлээд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хувь хүн бүр өөрийн бие даасан үүргүүдийн дагуу ажиллаад явж байна.

-Монголчууд театрын урлагийг сонирхох нь ихэсч байна уу, та юу гэж анзаарч байна…

-Одоо илүү гоё болж байгаа юм шиг санагдаж байгаа. Монголын үзэгчид бүгд жүжиг ойлгодог болж эхэлж байна гэж боддог. Тайзны амьд урлаг ямар байх, хүмүүст илүү хүртээмжтэй байдаг талаар амьд урлаг руу хүмүүс их дуртай байгаа юм болов уу.

-Энэхүү мюзикл жүжгийн дараах уран бүтээл товлогдсон уу?

-Түрүүн хэлсэнчлэн олон ажлыг төлөвлөж явдаг учраас төлөвлөгөөнийхөө дагуу үзэгчиддээ дараа дараагийн уран бүтээлээ хүргэх болно. Шууд хэлчихвэл гэнэтийн биш болчихно шүү дээ (инээв).

Categories
мэдээ соёл-урлаг

“Бэхэн зүрх” кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ DNN.mn

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог. Киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зургийг авч дууссөн бөгөөд тун удахгүй нээлтийн товоо зарлах аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Хулан: Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолтыг уялдуулснаар амьдрал маш гоё тэнцвэртэй болсон DNN.mn

Эрүүл амьдралын цогц дасгалжуулагч, мисс модель Б.Хулантай ярилцлаа.


-Та өөрт тохирох хооллолт, дасгал хөдөлгөөний зөв арга барилаа хэрхэн олсон бэ?

-Өөрт тохирсон арга барил, хооллолтоо олохын тулд бараг 10 жил эрэл хайгуул хийж, алдаж, онож байж олсон. Хамгийн түрүүнд биеийнхээ аль хэсгээр жин нэмдэг вэ гэдгийг ажигласан. Би өгзөг, гуя хэсгээрээ түлхүү жин нэмэх хандлагатай байдаг учраас миний бие эстроген даавар давамгай. Эстроген даавар давамгай биед ямар хоол хүнс түлхүү идэх, ямар хүнсэнд хяналттай байх вэ гэдгээ хайж олсон. Биеийн дааврын төрлөөрөө хооллож сурснаар өөрт тохирох, тохирохгүй хүнсээ мэдрээд эхэлсэн.

-Аливаа хүнсний өөрт тохирч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

-Хоол хүнс идсэний дараа биеэ чагнадаг. Надад эрч хүч өгч байна уу, хий дүүргэж байна уу, лазантаж бие хүнд оргиж байна уу. Эдгээр мэдрэмжүүд нь хоол хүнс идсэний дараа бидэнд өгч байгаа илрэл. Энийг маш сайн анзаарснаар надад ямар хүнс тохирохыг олж мэднэ.

-Таны хувьд эрүүл, тэнцвэртэй хоол гэж ямар хоолыг хэлэх вэ?

-Нэгдүгээрт, хүн бүр өөр гэдгийг хэлмээр байна. Надад тохирох тэнцвэртэй хоол өөр хэн нэгэнд тохирохгүй байж болно. Миний хувьд 80/20 хувийн зарчмыг сүүлийн зургаан жил баримталж амьдралынхаа хэв маяг болгосон. Өөрөөр хэлбэл, 80 хувьд нь дархлааг дэмжих, бие махбодыг тэжээх, дааврыг тэнцвэртэй байлгах хүнсээ иддэг. Сэтгэл санаатайгаа уялдуулж хоолловол энэ тэнцвэртэй байдал. Өмнө нь тууштай бэлтгэл хийдэг ч эрүүл амьдралын хэв маягт орж өгдөггүй байсан. Энэ нь миний сэтгэл санааны эрүүл байдал алдагдалтай байсантай холбоотой. Хэт их хоолоо барих, хоолны стресс өгснөөс үүдэлтэй гэж боддог. Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолт гурвууланг нь уялдаатай байлгаснаар миний амьдрал маш гоё тэнцвэртэй болсон.


-Хооллолтын хамгийн чухал зүйл юу вэ?

-Бид ямар хоол идэх вэ гэдэгт анхаардаг ч хоолыг яаж идэх вэ гэдэгт анхаардаггүй. Жишээлбэл, ямар нэг хоолыг телевиз үзэхгүй, утас оролдохгүй ширээнийхээ ард суугаад хоолондоо 100 хувь анхаарч, маш сайн зажлаад тухайн хоол надад шим тэжээлээ өгч байгааг бэлгэшээж идэх нь чухал.

-Ээж болсны дараа таны бэлтгэл, хооллолтод өөрчлөлт орсон уу?

-Ээж болсны дараахь өмнөх хооронд асар их ялгаатай. Ээж болсны дараа хөхүүл үед дааврын өөрчлөлтөд орж сэтгэл санаа ч өөр байдаг. Хүүхдэдээ 100 хувь анхаарна, хоол хүнс, нойр гээд амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Тиймээс аль болох нөхцөл байдалдаа тааруулж амралт, хооллолтоо зөв зохицуулна. Өмнөх шигээ хооллож, бэлтгэлээ хийнэ гэж боддог байсан ч энэ бол маш том эндүүрэл байсан.

-Та тулгар биетэй үедээ ч бэлтгэл хийдэг байсан. Жирэмсэн эмэгтэйчүүд хэдэн сартайгаас ямар төрлийн дасгал хийвэл тохиромжтой байдаг тухай тодруулбал?

-Ээжийн бие, ургийн хөгжлөөс шалтгаална. Би өмнө нь энгийн үед бэлтгэлийг бие махбоддоо бүрэн суулгасан болохоор бие давхар үед ачааллаа 50-60 хувиар бууруулаад үргэлжлүүлэн бэлтгэл хийхэд асуудалгүй байсан. Хамгийн чухал зүйл нь эмчийн хяналтад ороод эмчийнхээ зөвлөгөөг дагана.


-Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосноор ямар давуу талууд бий болсон бэ?

-Өглөө босоод шүдээ угаадаг шигээ дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 3-4 удаа хийж хэвшвэл хүн бүрийн эрүүл мэндэд хэрэгтэй. Нэгдүгээрт, булчин шөрмөсөө ажиллуулж байна. Булчин, шөрмөс байнгын ажиллагаатай байвал дархлаа дэмжигдэнэ. Гоё сайхан харагдуулахаас илүүтэй дархлааны системийг дэмждэг. Хоёрдугаарт, үеийг хамгаалдаг. Нас ахиад ирэхээр бид уургийн дутагдалд орж булчин ширгээд жижиг болж эхэлдэг. Тийм учраас аль болох залуу дээрээ ажиллуулж, хөгжүүлж, чанаржуулж байвал залуу байдлаа удаан хадгалахаас гадна үе мөчний ямар нэг өвчин эмгэгээс сэргийлнэ. Заавал тамирчны түвшинд байх шаардлагагүй, өөрийг тань аз жаргалтай болгодог ямар ч төрлийн дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж болно. Дасгал хөдөлгөөн сэтгэл санааг эерэг болгодог. Учир нь даавартай холбоотой. Хөдөлгөөн хийхээр хүний биеэс адреналин, өнчин тархинаас өсөлтийн даавар гэх мэт ач тустай дааврууд идэвхждэг.


Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Баяржавхлан: Дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж явна DNN.mn

“Тоонот” рекордсын уран бүтээлч Jason буюу Б.Баяржавхлантай ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлд “Crush” нэртэй дуугаа гаргасан. Сүүлийн үед өөрийн цомгоо гаргахаар ажиллаж байна даа. Цомгоо гаргах хугацааг нарийн төлөвлөсөн зүйлгүй, ямартаа ч он гарахаас өмнө амжаад гаргана гэсэн бодолтой байна.

-“Тоонот 21х21” төслийнхөө хаалтын шоуг амжилттай хийлээ. Энэхүү төслийнхөө талаар хуваалцахгүй юу?

-“Тоонот 21х21” төслийг бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан анх наргиа маягаар ярилцаж байсан юм. Ярилцаж байх үед хийх боломжтой юм шиг санагдаад төслийг эхлүүлсэн дээ. “Тоонот” рекордсын продюсер Э.Дэлгэрмөрөн энэ ажлыг санаачлан бид дэмжиж оролцсон. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, аялан тоглолтоо хийлээ. Хөдөө орон нутгийн сонсогчдодоо бид ойн баярын бэлэг болгон уран бүтээлүүдээ илүү ойроос, чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн юм. Бид “Тоонот 21×21” төслийн хаалтын тоглолтоо үнэ төлбөргүйгээр Сүхбаатарын талбайд хийж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үзэгчдийн хандивласан хандивыг бид “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна.

-Таны хувьд анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Ер нь багаасаа л урлаг, соёлд сонирхолтой байсан. Хүүхэд байхын аав, ээж хоёр минь дуу дуулуулах гэж багш хөлслөн, Casio хөгжим дарж дуулдаг байсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. 10 жилд байхдаа “Only Top” гэдэг хамтлагтай байсан. Үүний дараагаар “SS” хамтлагийн гишүүн болсон доо.

Долдугаар ангидаа “Хотын охид” нэртэй УСК-нд тоглосон юм. Энэ бол миний урлагт хөл тавих шалтгаан болсон байх.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй ч аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь санхүүч мэргэжилтэй. Хоёулаа төмөр замчин хүмүүс. Өөрийн дуулах авьяасаа ааваасаа л өвлөж авсан гэж боддог доо. Аав минь уртын, ардын дууг их сайхан дуулдаг байлаа.

-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо юуг хүргэхийг зорьдог вэ?

-Дуунууд минь миний өөрийн дуртай хийхийг хүсдэг байсан зүйлс. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдарч буй хүн. Тиймээс дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж буй уран бүтээлч.

Манай “Тоонот” рекордсын залуус бүгд уран бүтээлч залуус. Үзэл, санаа бодол нэгтэй залуучуудын нэгдэл гэж хэлж болно.

-Таныг үзэгчид “Учрал”, “Хүний цаана”, “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр мэддэг болсон. Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал их ирж байна уу?

-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Тийм учраас киноны саналууд ирсээр байгаа. Тоглох боломжтой кино төслүүд байвал хамтарч ажиллахад дургүйцэх зүйлгүй ажиллана.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан гэсэн. Театр танд ямар үр өгөөжтэй байв?

-Би Кино урлагийн дээд сургуулийг 2013 онд төгсчихөөд Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Тухайн хугацаандаа тоглогдож байсан бүхий л жүжигт жүжигчин, туслах най руулагчаар ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Тухайн үедээ уран бүтээлийн хамгийн анхны сууриа сайн тавиулсан гэж боддог. Сургуульд сурч байх үедээ мэдэж олж аваагүй олон зүйлсийг УДЭТ-аас мэдэж, сурч авсан даа. Миний сэтгэлд үлдсэн сайхан хамт олон.

-Таны хувьд амьдралдаа юуг чухалчилдаг вэ?

-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн тухтай орчин. Амьдралдаа чухалчилдаг зарчмын хувьд үнэнч байдал, тууштай хөдөлмөрийг хэлнэ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?

-Уран бүтээлээ л цаашдаа үргэлжлүүлэн хийнэ. Ойрын үед цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажиллаж буй цомгийнхоо дараа дахин нэг цомгийн ажилдаа орох байх. Уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээлч байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна тэр хүндэтгэлийг дааж явахыг хичээдэг дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Буянбаатар: Үндэсний урлагийн их театрынхан энэ сарын 23-нд Парис хотод ЮНЕСКО-ийн төв байранд тоглоно DNN.mn

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.


-Үндэсний урлагийн их театр ямар ажилд төвлөрөн ажиллаж байна. Дотоодын болон гадны жуулчдад зориулсан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт тоглогдож байгаа юу?

-Үндэсний урлагийн их театр зургадугаар сарын 20-ны өдрөөс жуулчдад зориулсан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтоо уламжлал болгон тоглодог. Есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл тоглоно. Энэ жил жуулчин харьцангуй цөөн байлаа. “Тамгагүй төр” жүжиг тоглогдож байсан учраас Хүүхэлдэйн театрын бага тайзан дээр цөөн бүрэлдэхүүнтэйгээр тоглосон. Наймдугаар сарын 20-ноос үндсэн тайзан дээр үндсэн бүрэлдэхүүнтэйгээр орой бүр 18 цагаас тоглож байна. Хэдийгээр жуулчид цөөн байгаа ч монгол үзэгчид үзсээр байна. Үүний хажуугаар Үндэсний их баяр наадмын арга хэмжээ, саяхан болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Монгол Улсад гадны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид айлчилсан. Тэдэнд үндэсний урлагийн үйлчлэх үндсэн үүрэгт ажлаа ч биелүүллээ. Энэ зун наадмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч “Naadam night” арга хэмжээг зохион байгуулж Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглосон. Энэ жил үндэсний их найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд зургадугаар сард Дуурь бүжгийн эрдмийн театрт “Glob­al mind” тоглолт хийсэн. Мөн БНХАУ-д магистрын зэргээ хамгаалаад ирсэн гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэнгийн бие даасан уран бүтээлийн тоглолтыг өөрийн байранд тоглолоо гэх мэт том, жижиг хэмжээний олон тоглолтод оролцон ачаалалтай ажиллаж байна.

-“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтыг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг юм бэ?

-Наадмын өдрүүдэд үзэгчид нэмэгдэж зарим үед өдөрт хоёр тоглодог. Өдөрт 200-300 хүн үздэг.

-Дараагийн тоглолт, төлөвлөгөөт ажил юу байна?

-Энэ сарын 19-нд Бүгд найрамдах Франц улсад болох “Монголын соёлын өдрүүд”-д 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор явах гэж байна. Энэ арга хэмжээ нь Монгол, Францын хамтын ажиллагааны хүрээнд Парис хотод болно.

Гол тоглолтоо энэ сарын 23-нд ЮНЕСКО-ийн төв байранд Монголын соёл урлагийн талаар ойлголт өгсөн гол тоглолтоо хийнэ.

-“Монголын соёлын өдрүүд”-д ямар уран бүтээлүүд тоглохоор төлөвлөж байна вэ?

-Уртын дуу, “Уяхан замбуутивийн наран”, “Их нүүдэл” найрал хөгжимд зориулсан бүтээл, хөөмий, нуман хуур, цуур гэх мэт бүтээл. Монголын язгуур өв соёл, онцлог бүтээлүүд эгшиглэнэ. Алдарт “Саальчин”, “Адуучин”, “Салхит шувуу” бүжиг зэрэг. Лимбэ, морин хуурын гоцлол, Алтайн магтаал гэх мэт дуу, бүжиг, хөгжмийн цогц хөтөлбөр боловсруулсан. Хоёроос гурван группт хуваагдаж тоглолтоо хийнэ. Энэхүү тоглолтод 20 хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, бүжигчид, дуучид оролцоно.

-Францад “Монголын соёлын өдрүүд” анх удаа болж байгаа юм уу?

-Тийм, Франц Монголын дипломат харилцаа тогтоосны тэгш ой ковидын үед болсон. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиолоо. Тэгш ойн жилүүдэд хөл, хил хориотой байсан. Үүний хүрээнд “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Цаашид Үндэсний урлагийн их театр соёлын өдөр болон аливаа дэлхийн томоохон арга хэмжээ, экспо, эдийн засгийн удирдагчдын уулзалт арга хэмжээнд цөөн болон олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсоор байна. Ээлжит гадаад арга хэмжээ гэвэл НҮБ-д Монгол Улс элссэний 60 жилийн ойн хүрээнд Монгол, Францын парламентын бүлгэмийн хамтын ажиллагааны хүрээнд соёлын өдрүүдэд оролцоно.

-Энэ онд өөр ямар тоглолтуудыг төлөвлөж байна?

-Франц явж ирээд Үндэсний найрал хөгжим үүссэний 60 жилийн ойн хүрээн дэх цуврал арга хэмжээнүүдээ үргэлжлүүлнэ. Ирэх сард Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчдийн тоглолт болно. Арваннэгдүгээр сард манай байгууллагын уламжлал болсон “Сэрсэн тал-38” тоглолт болно. Тэгэхээр “Сэрсэн тал” гэж бүтээл найрал хөгжимд зориулагдан эгшиглэснээс хойш 38 дахь жил тохиож байна гэсэн үг. Бид өнгөрсөн жил “Сэрсэн тал-37” тоглолтыг 50 хувийн суудал дүүргэлттэйгээр тоглосон. Мөн арванхоёрдугаар сард Үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ойн гол гала тоглолтыг хийнэ. Нөөц бололцоогоо ашиглан 60 жилийн түүхийг харуулсан баримтат кино хийхээр ажиллаж байна. Ингээд Үндэсний урлагийн их театрын хувьд өвөл цагийнхаа үйл ажиллагааг эхэлнэ.

-Өвөл цагийн үйл ажиллагаагаа ямар тоглолтоор эхлэх гэж байна?

-Үндэсний урлагийн их театрын урын сандаа олон сайхан дуулалт, бүжгэн жүжиг, концертын бүтээлтэй. Эдгээрээр өвөл цагийн үйл ажиллагаагаа эхлүүлж тоглолтуудаа хийнэ.

-“Сэрсэн тал-38” гэж байна. Энэ тоглолт ямар учиртай юм бэ?

-БНМАУ тунхагласны анхдугаар үндсэн хууль 1924 онд батлагдсан. Одоогоос 38 жилийн өмнө 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойн концертод зориулсан удиртгал хөгжим бичих захиалга өгсөн.

1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд одоогийн баруун дөрвөн зам дахь Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд их хурлуудын хүндэтгэлийн концертыг хийдэг байсан юм. 150 хүний бүрэлдэхүүнтэй, нэрт удирдаач Ж.Чулууны удирдлагаар хүндэтгэлийн ойд тоглогдсон юм. Б.Шарав багш амьд ахуйдаа бидэнтэй ярилцаж 30 дахь жилээс нь тэмдэглэж эхэлсэн. Энэ жил нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын мэндэлсний 70 жилийн ой тохиож байна. “Сэрсэн тал-38”-д Б.Шарав хөгжмийн зохиолчийн дуу, романс алдартай бүтээлүүд тоглогдоно. Б.Шарав багш үндэсний хөгжимд олон алдартай бүтээл хийсэн. Шанз, морин хуур, хуучир, ёочин, ятга гэх мэт. Жил бүр хөтөлбөр нь шинэчлэгдээд явдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Оргилмөнх: “Doctor” бол эмчтэй хэрнээ экшин, адал явдалт кино DNN.mn

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнхтэй ярилцлаа.


-Таны ажилласан “Доктор” УСК саяхан нээлтээ хийлээ, танд баяр хүргэе. Та гол дүрд тоглосон юм уу?

-Баярлалаа, шинэ киногоо нээгээд удаагүй байна. Энэ кинонд зургийн даргын үүрэг гүйцэтгэсэн. Мөн туслах дүрд тоглосон, миний хувьд дүр бүтээсэн гурав дахь кино.

-Киноны ажил хэр удаан үргэлжлэв?

-Он гараад зураг авалт эхэлж гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн. Түүнээс хойш киноны монтажны ажил явагдсан. Киногоо хэзээ нээх вэ гэдэг маш чухал. Шууд хийж дуусгаад цацчихдаггүй. Хэзээ, ямар үед гаргавал тохиромжтой талаар судалж наймдугаар сарын 19-ний өдрийг сонгосон. Нийт кино бүтээсэн хугацаа гэвэл 8-9 сар.

-Утга агуулгын хувьд ямар төрлийн кино вэ?

-“Доктор” гэхээр хүмүүс “Doctor Stranger” кинотой хольж ойлгоод байх шиг. Доктор гэдэг бол эмч гэсэн утгатай үг. “Doctor” бол эмчтэй хэрнээ экшин, адал явдалт кино. Ийм төрлийн кино Монголд цөөхөн байх гэж бодож байна. Зодоонтой сцень, хүнийг догдлуулсан, гэр бүлийн хүчирхийллийн сцень ч байгаа. Эмч хүний амьдралд тохиолдож буй адал явдлыг энэ киноноос үзэж болно.

-Та дүрийнхээ талаар тодруулаач.

-Миний дүр их сонирхолтой (инээв). Би энэ кинонд ганц л текст хэлдэг. Үггүйгээр нүүрнийхээ хувирал, харцаараа үйл явдлыг илэрхийлнэ гэдэг надад их сонирхолтой санагдсан. Урлагийн сургуульд энэ ур чадварыг заадаг. Туслах дүр хэрнээ учир шалтгааны зангилаа болсон маш чухал дүр. Үзэгчдээс ч эерэг сэтгэгдлүүд олон ирсэн, их баяртай байгаа.

-Та дүр бүтээхээс гадна зургийн даргаар ажилласан гэж байна. Хэрхэн энэ уран бүтээлд ажиллахаар болов?

-Анх “Сүүдэрт ургасан цэцэг” насанд хүрэгчдийн уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Тэр үед “Dream Entertaiment”-ын хамт олонтой танилцсан. Хоёр дахь уран бүтээлдээ зургийн даргаар ажиллах санал тавьсан ч хувийн асуудлаар киногоо дуусгаж чадалгүй дундаас нь орхисон юм. Энэ удаад “Dream Entertaiment”-аас дахин шинэ уран бүтээлд хамтран ажиллах санал ирсэн. Би ч дуртай хүлээн авсан. Зургийн дарга бол объект, жижиг хэрэгсэл, жүжигчдийн өмсөх хувцас гэх мэт олон зүйлийг бэлтгэх ёстой. Хувцсандаа санаа зовохгүй дүрээ гаргаж байгаад нь зургийн даргын хувьд чухал зүйл санагдсан. Миний туршлага дутмаг байсан ч киноны хамт олон маань ам сайтай байгаад баяртай байна.

-Танд дахин кинонд тоглох санал ирвэл зөвшөөрөх үү?

-Одоогийн байдлаар кинонд тоглох гурван санал ирсэн, бүгд эсрэг дүр. Би саяхан фэйсбүүктээ “Надад яагаад үргэлж эсрэг дүрд тоглох санал ирдэг юм бэ. Би уг нь их сайн залуу шүү дээ” гэж пост оруулсан. Би үзэгчдэд хараа муутай учраас муухай харж байгаа юм шиг харагддаг юм уу, эсвэл “Зэвүүн яриа”-г үзсээр байгаад “Зэвүүн залуу” гэж харагддаг байж магадгүй. Одоогоор киноны саналыг зөвшөөрөөгүй байна. Нэгдүгээрт, TV8 телевизийн кино, нэвтрүүлгийн даргаар ажилладаг учраас ид ажил эхэлж байгаа үе. Үндсэн ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, намайг арай өөр талаас нь харуулсан дүрийг хүлээж байна. Ирсэн санал бүрийг зөвшөөрөхгүй, өөрийгөө сорьж чадах уран бүтээл дээр ажиллавал надад илүү сэтгэл ханамжтай. Одоо эерэг, сайн залуугийн дүрд тоглож үзмээр байна (инээв).

-Киногоо анх үзээд ямар сэтгэгдэл төрөв, ийм зүйл дээр илүү хичээх байж дээ гэсэн шүүмжлэл төрж байв уу?

-Хамгийн анхны ажилласан уран бүтээл болох “Сүүдэрт ургасан цэцэг” киногоо анх үзэхдээ яг тийм бодол төрж байсан. Энэ хэсэгт илүү боломж надад байсан даа гэх мэт. Мөн анх телевизээр гарч эхэлж байхдаа би ингэж асуух байж, тэгэх байж гэж харамсдаг байсан. Харин одоо өөрийгөө телевизээр хараад сурчихсан хүний хувьд тийм харамсал төрөх нь багассан. Энэ кинонд нүүрний тоглолтууд олон байсан. Өөрийгөө харин дүрээ дажгүй гаргажээ гэж бодсон. Хүмүүс ч нүүрний тоглолт, харцаараа сайн тогложээ гэж хэлсэн. Нэгэнт болоод өнгөрсөн, тухайн хэсгээ чадах чинээгээрээ гаргасан л бол сэтгэл хангалуун байгаасай гэж боддог.

-Та яагаад урлагийн салбарыг сонгож, ажилладаг юм бэ?

-Би маш олон ажил хийж үзээд надад тохиромжтой нь гэж сонгосон. Яг үнэнээ хэлэхэд, би багаасаа ширээний ард удаан сууж хичээл хийх маш дургүй хүүхэд байсан. Наймдугаар ангиасаа сургуулиа орхиход аав ээж маань ч “Сая дотор нэмж хасаад бодчихдог, үг үсгийн алдаагүй биччихдэг бол миний хүү сургуулиа орхиж болно” гэж дэмжсэн. Сургуулиасаа гараад барилдаж, загвар өмсөж, жүжигчний ангид нэг жил сурч үзсэн. Надад хамгийн тохирох нь олон хүнтэй харилцаж, ярилцдаг ажил гэдгийг мэдчихсэн учраас энэ салбарт 2010 оноос хойш тасралтгүй 12 жил ажиллаж байна даа.

-Киноны зураг авалт зунаас өмнө дууссан юм байна. Таныг сошиал, нэвтрүүлгүүдээс анзаарахад их гэр бүлсэг хүн шиг ажиглагддаг?

-Манай гэр бүл их нялуун харилцааатай. Би аавыгаа байнга үнсдэг. Хүмүүс хараад гайхдаг. Гадуур ч, гэртээ байсан ч аав, ээждээ үргэлж хайртайгаа хэлдэг, үнсдэг, ярилцдаг.

-Яагаад “Найзыгаа эрхлүүлье” влог хийх болсон бэ. Шинээр өөр контент хийх төлөвлөгөө бий юү?

-Нэг үгийг брэнд болгохыг хүссэн. Анх “Зэвүүн яриа” нэвтрүүлэг хийж зэвүүн гэх үгийг брэнд болгосон. Түүнтэй адил “эрхлүүлье” гэдэг үгийг брэнд болгохыг хүсч байна. Би авахаас илүү өгөх дуртай төрлийн хүн. Хүнд юм өгөх, эрхлүүлэх дуртай. Долоо хоног бүр гардаг, “Зэвүүн яриа” шиг контент болохгүй байх. Боломжтой үедээ эрхлүүлчихнэ (инээв). Телевизийн хүрээнд “Аймар яриа” гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Дундговь аймаг руу явсан нэвтрүүлэг маань намраас цацагдана. Аймар юм яриад суухгүйгээр явж үздэг тэмдэглэл хэлбэрийн нэвтрүүлэг. Цаашид цэнгээнт нэвтрүүлэг хийх гээд санаа, төлөвлөгөө олон байна аа.

-Тантай уулзаад “Зэвүүн яриа”-г асуулгүй өнгөрч чадахгүй нь. “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн анхны дугаараа үзэхэд ямар санагдаж байсан бэ?

-Хамгийн анхны зочин дуучин NMN буюу М.Номин-Эрдэнэ байсан. Тэр үед “Цахилбаа”, “Болхи хүн” гэх мэт хит дуунууд гарч байсан. Цоо шинэ нэвтрүүлэг эхэлж байна гээд NMN-ийг гуйсаар байгаад оруулсан. Өөрийн гэсэн тайз ч үгүй, 30 гаруй минутын урттай. Тухайн үедээ надад урт л санагдаж байсан. Анхны дугаараа бичээд TV5 телевизийн ютүб сувагт оруулсан. Тэр үед хүмүүс намайг цаг агаарын хөтлөгч гэдгээр нь мэддэг байсан. Сарын дараа гэнэт нэг хүн “Энэ нөгөө ярилцлага хийдэг залуу байна” гэж таньсан. Тэгээд гайхаад ютүб орсон чинь 38 мянган хүн үзсэн байсан, зургаан жилийн өмнө шүү. Тэгээд л нэвтрүүлгээ илүү сайжруулъя гэж хичээсэн.

-Та амьдралдаа хэр олон зэвүүн үйлдэл хийж байв?

-Миний амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн үйлдэл гэж байхгүй. Хүмүүс янз бүрээр хариулдаг л даа. Зэвүүн үйлдлүүд өөрчлөгддөг. Найз нөхөд ч хугацаатай байдаг. Хоёр жил найзалж байгаад нэг нь гэр бүлтэй болоод урьдынх шиг цаг зав гаргахаа больчихвол нэгэндээ гомдож болохгүй. Цаг хугацаа өнгөрч, хоёр хүний харилцаа, амьдрал өөрчлөгдөж байна. Яг үүнтэй адил миний амьдралдаа хийж байгаа зэвүүн алхам, үйлдлүүд цаг цагаараа өөрчлөгддөг. Зэвүүн алхам гэдэг хүний амьдралыг жаахан өөрчилдөг. Хамгийн сүүлд хийсэн зэвүүн үйлдэл гэвэл ганц бие болсон л байна даа.

Categories
мэдээ соёл-урлаг

​Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа DNN.mn


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.

· Кино, дуу дүрсний урлаг
· Дүрслэх урлаг
· Дуу хөгжим
· Хувцас загвар
· Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
· Утга зохиол, ном хэвлэл

Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна.
Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.

Товч мэдээ

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Голын эрэгт ус зарахын үлгэр буюу гурван феминист DNN.mn


– Венецийн биенналийн тухай тэмдэглэл – Дугаар 2 –

Эртний японд зэнгийн нэгэн багш шавь нартаа хандан “Би дөчин жилийн турш голын эрэгт ус зарж байна” хэмээн хэлжээ.

Энэ үгийг гэгээрлийн тухай багшаас очиж заалгаж, сурдаг нь цангасан хүн ус олж уухтай адил боловч багшаас сонсож буй үг бол зүгээр голын ус шиг ус биш өөр, сэтгэлийн цангааг тайлагч ус гэсэн утгатай гэж ойлгож болох ч бас багш бээр шавь нартаа хандан би та нарт зэнгийн эрдэм зааж байгаа нь өөрөө маш буруу, утгагүй зүйл юм.

Яг л голын эрэгт ус зараад зогсож байгаа тэнэг шиг. Учир нь миний заах гээд байгаа зүйлс бүгд та нарын дотор, өөрсдөд чинь байгаа хэмээн өгүүлжээ хэмээн тайлбарлаж ч болмоор.

Олон салаа утга бүхий энэ түүхээс сэдэл авсан нэгэн үзэсгэлэн энэ жилийн венецийн Арсенальд олны хүртээл болсон нь Латвийн павилион байв. Ингуна Скуяа хэмээх латви, Мэлиса Ди Брэйдн хэмээх америк эмэгтэй зураач, барималчийн 1999 оноос эхлүүлсэн, одоогоор тун амжилттай яваа “Скуяа, Брэйдн” хэмээх бүлгэмийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн

байв

.зураг

Скуяа, Брэйдн нар

Хориод жилийн өмнө тэдний дүрслэл дэх бүтээлч бүр ил гаргаад байж чаддаггүй, ил цагаан хандлага бүхий хурц дүрслэлийг постсовет нийгэм нь төдийлөн сайнаар хүлээж авдаггүй байсан ч, өнөөдөр тэгш эрхийн тухай ойлголт, ижил хүйстнүүдэд хандах хандлага, тэдний бүтээлчийнхээ хувьд ч өсөж, дэвжсэн зэрэг олон тохиол бүрдсэнээс куратор Андра Силапэтр, Солвита Крэс нар эл хосын үзэсгэлэнг сонгож, 2022 оны бенналийн нэгэн содон, хүчирхэг өвөрмөц дуу хоолой болгон түмэнд түгээжээ.

Энэ хоёр эмэгтэйн талаар бичвэр хийхээр интернэтээс элдэв мэдээлэл хайж байхдаа яг тийм мэдээлэлтэй тааралдаагүй ч, үзэсгэлэнд нь ормогцоо л тэднийг хос гэдгийг нь мэдэрсэн. Эсвэл мэдрэгдсэн.

Ер нь ХХ зууны дүрслэх урлаг шиг эмэгтэйчүүдийн, бэлгийн цөөнхийн дуу хоолой ийм хурц солонгорон харагддаг өөр салбар бараг үгүй. Өгүүлэн буй бүтээлчдийн илэрхийлэл хаа ч танигдах өөрийн гэх феминист хэлэмж, дүрслэлээрээ ялгарахуйц байгаа нь тун жигтэй. Тиймээс ч тэд өөрсдөд нь хамгийн их нөлөөлсөн бүтээлчээрээ франц, америкийн бүтээлч, өнөө цагийн феминизмийн эх гэж хэлж болох Луис Буржуаг нэрлэсэн байв.

Эл үзэсгэлэн маш удаан хугацааны уйгагүй, чимхлүүр ажиллагаа орсон, гүйцэтгэлтэй, эмэгтэйлэг, чамбай байгаа нь хамгийн түрүүнд нүднээ тусахуйц боловч үүнээс гадна хоёр зүйл сонирхолтой санагдав.

Нэгдүгээрт тэдний маш зоригтой, тод, чанга хоолойгоор илэн далангүйгээр мэдрүүлж буй хүйсийн чиг хандлагыг илтгэж буй эротик, шидэт дүрслэлүүд, удаах нь “Голын эрэгт ус зарахуй” хэмээн нэрлэсэн үзэсгэлэндээ гол, бас ус худалдаж байгаа нэгэн лам гэх мэт мэдээжийн зүйлс огт хийлгүйгээр давхар олон янзын өөр холбоос болон маш олон жижиг хэсэг болж салж болохуйц өөр өөр бүтцүүдийг зориуд бодож давхарласан нь ихэд сонирхолтой.зураг

Голын эрэгт ус зарахуй үзэсгэлэн

Тэд нийт үзэсгэлэнгийн танхимынхаа бүдүүвч зургийг хийж танилцуулгаа бэлдсэнээс нь харвал бүх орон зайгаа биеийн, сэтгэлийн, сүнсний гэсэн гурван үндсэн хэсэгтэй гэжээ. Энэ нь дотроо айлын гэрт байдаг урлан, зочны, унтлагын болон гоо сайхны гэх мэт тасалгаанд бас дахиад хуваарилагдсан байхаас гадна, хэсэг тус бүрийн үүргийг ихэд нарийвчлан оруулжээ.

Харин эдгээр нь дахиад тус тусдаа өөр 256 бүтээлээс бүрдэнэ. Зарим бүтээл нь 65 ширхэг хүртэл жижиг хэсгээс бүрдэж байгаа гэж үзвэл нийтдээ мянгаар тоологдох жижиг том нийлсэн шаазан баримлыг нэг бүрчлэн хийжээ. Энэ чанар бол орчин цагийн бүтээлч бүрд тааралдаад байдаг онцлог биш бөгөөд үүнийг нь уйгагүй их чимхлүүр ажил орсон хэмээн дахин дахин онцлоод байгаа хэрэг.

Хананд өлгөсөн, таазнаас дүүжилсэн, ширээ, сандал, тавиур, шүүгээ, шалан дээгүүр өрсөн бүгдийг нийлүүлээд харахаар эмэгтэй хүний доторх бүхнийг уудлаад нарийн ширийн хэсэг нэг бүрийг нь гаргаад дэлгээд, өлгөөд, дүүжилчихсэн бүтэн ертөнц юм даа гэмээр. Зэрвэс харвал ихэд замбараагүй боловч жижиг хэсэг нэг бүр нь тун донжтой, чамин, чимхлүүр, ганган, дэгжин хэдий ч бас зэвүүцмээр, жихүүцмээр гайхмаар ч шийдэл олон таарах аж.

Эр хүний эрхтнүүдээр хийсэн авжуур, эмэгтэй хүний нүд, ам бүхий таваг, олон өнгийн зангиа оролцуулан хийсэн ханын толь, Путин болон бусад нөлөө бүхий эрхмүүдийн хөрөг бүхий ваар, шаазан усан оргилуур, хайрцаг дүүрэн ангайчихсан ам, нүд, төсөлдөө оролцсон багийнхных нь зураг бүхий танилцуулгын хэсэг, хайртай хоёр нохойнх нь дүрс гэх мэт маш урт жагсаалт болохоор зүйлс нийлээд эмэгтэй хүний тархинд өдөрт хэдэн мянгаараа эргэлдэж л байдаг бодлууд ч юм шиг санагдана.

Ер нь ч приобалтикийн орнуудын урлаг зөвлөлтийн үед ч маш чөлөөтэй, баруунжуу байсан. Энэ өнгөрсний ул мөрөөс гадна посткоммунист нийгэм болон эрх чөлөөт амьдралын бэлэг тэмдэг болсон америкийн нийгэм хоёрын дунд ажиллаж байгаа болохоор америк ч биш, латви ч биш дүрслэл юм.

Эрэгтэй болон эмэгтэй хүний дунд л дотно хайрын харилцаа үүсэж болно гэх ерөнхий хандлага болон, дурлал бол хүйсийн хил хязгаарт ч үл баригдам агуу зүйл хэмээн үздэг бэлгийн цөөнх хоёрын бас л заагт амьдарч яваа бүтээлчдийн мэдрэмж болохоор хувирлын тухай, зааг, ялгааны тухай хүчтэй өгүүлэмжээр нэн баян байв. Скуяа, Брэйдн нар үзэсгэлэнгээрээ үнэн худал, зөв буруу, сайхан муухайн тухай ярих утгагүй тийм л цул нийлэг орчин бүрдүүлэхдээ эрэгтэй хүнээс л лав яагаад ч гарахааргүй олон сюр, шидэт шийдлээр дүүргэжээ.

Харин энэ бичвэрээ “гурван эмэгтэй” хэмээн нэрлэсний учир бол энэ жилийн бенналиас онцлохгүй байхын аргагүй часхийсэн хүчирхэг хэлэмж болон сэтгэлд үлдсэн Хонконгийн Анжела Сю хэмээх готик, биоморф, баримтат ажлуудаараа ихэд нэрд гарч буй бүтээлчийн “Үүдэл” хэмээн орчуулчхаж болмоор тун сайн үзэсгэлэн байв.

Тус улс анх удаа эмэгтэй бүтээлчийн дан, бие даасан үзэсгэлэнгээр беннальд оролцож байгаа нь нэг шинэ алхам болсноос гадна Фрия Чоү хэмээх залуухан эмэгтэйг ч мөн энэ жилийн павилионыхоо зочин куратороор урьж ажиллуулжээ.

Эл төсөлд Сю сүүлийн үед хийсэн хүний үс оролцуулан хийдэг зураасан зураг, баримтат видео үзүүлбэрээ нэгтгэж маш хурц, зоримог бас өмнө өгүүлсэн хоёр эмэгтэйн хэт задгай, хөдөлгөөнтэй зохиомжоос илүү семмитрик, статик хэдий ч нууцлаг үйлдлүүдээр санаа бүрээ холбон мэтгэсэн байх нь соньхон. Үүгээрээ Анжела Сюгийн феминист өнцөг илүү дорнын байхаас гадна өнгөрөгч зууны дунд үед Вьетнамын дайныг эсэргүүцэж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Лорэн Өү гэгч зохиомол дүрийнхээ түүхээс сэдэл авсан гэдгээрээ бас баримтат ч шинжтэй байлаа.зураг

Хонконгийн зураач Анжела Сю

Түүний зураасан зургууд нь хүн болон машины нийлмэл, санаа нь өрнө дорнын холимог бөгөөд мөн л дээрх бүтээлчдийн нэгэн адил хоёр эсвэл хэд хэдэн зүйлийн заагт оршихынхоо хэрээр хувирч байгаа бие махбод болон сэтгэл санааны тухай хөндүүрт хэлэмжүүдтэй юм.

Харин эдгээр өөр арга, илэрхийлэлтэй бүтээлчдийг нэгтгээд байгаа тэр зүйл бол хувирлын тухай, бас хувирлаар дамжин илрэх тэр эрэмдэгшил, дэс дараа, алдагдсаар байгаа эмх журам, алдарсаар байгаа итгэл, цөхрөлийн тухай ч юм шиг. Зүгээр л өвдсөн бол өвдсөн, баярласан бол баярлаж байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээг чухалчлан үздэг феминист баримтлалаа олон давхарга бүхий бүтэц болгож, зүйж, тогтоож, дүүжилж харуулж байлаа.

Эл үзэсгэлэнгээс хамгийн сэтгэлд үлдсэн ажил бол Сюгийн 2017 онд хийсэн “Tack tack tack” гэсэн нэртэй үзүүлбэрийн видео байв. Нийт хорь шахам видео ажил орсон ч хагас баримтат эдгээр видео ажлаасаа тусад нь байрлуулсан нь, мөн шууд өөрийнхөө хийж буй үйлдлийг л харуулснаараа энэ бүтээл өөр зохиомжтой.

зураг

Үүдэл үзэсгэлэнгийн видео бүтээлүүд

Жирийн жижиг ширээний хэмжээтэй тавцан дээр, дээрээс нь тусган харуулсан бичлэгт хурц үзүүртэй хайчаар гарынхаа сарвуу хооронд ээлжлэн хатгадаг хүн бүрийн мэдэх үйлдлийг хийж байна. Орос рулет гэх мэт иймэрхүү тоглоом гэж нэрлэж болмооргүй зугаатай, эмгэнэлтэйн аль нь ч биш зүйлс шиг. Харин үзсэн хүн өөрийгөө гэмтээж цусаа гоожуулах болов уу яах бол гэж сэтгэл түгшсэн ч үзээд дуусгана. Тэр хооронд ширээг үзүүртэй мэсээр тогших таг таг гэсэн чимээнээс өөр чимээ үл гарна.

зураг

Видео инстоляц

Эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутлын чимээ шиг. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эрхийг хамгаалаач ээ гэсэн үгийг энгийн намуун дуугаар хэлбэл бараг хэн ч тоохгүй болтлоо дөжирчихсөн шуугиант цаг үед өөрийгөө гэмтээж мэдэх үйлдэл хийж анхаарлыг татаж буй нэг хэлбэр гэж тайлж болох ч…

Мөн түүний бусад видео ажлуудад нарийхан олсон дээр холбирчхолгүй тэнцвэрээ олон алхаж байгаа циркийн үзүүлбэрийн тухай баримтат дүрсүүд маш их орсон байгаа нь өмнөх хоёр бүтээлчийн гаднаасаа гялгар, чамин, өнгөлөг харагдавч яг л хүн хоорондын харилцаа шиг нэг л цавтчихвал дахиж эвлэхэд хэцүү, эмзэг шаазан дүрсүүдтэй нь холбогдох ч юм шиг.

Үнэндээ тэдний энэ этгээд гэмээр үйлдлүүд асуултад хариулаад байгаа биш асуулт асуугаад, илүү лавшруулаад байгаа л хэрэг болов уу.

Харин яагаад ч юм энэ бүхэн яг юунд хэрэгтэй вэ? гэсэн тун эрэгтэйлэг асуулт болон надад мэдрэгдээд байлаа. Тэр нь бүр цаашлаад урлаг юунд хэрэгтэй вэ? гэх хачин асуулт болон үгдрэх.

Уг нь аль өнгөрөгч зуунд Марсэл Дюшан “Юу ч урлагийн бүтээл болж, хэн ч уран бүтээлч байж болно” гэсэн алдартай эсэргүү санаагаа хэлчихсэн байдаг. Гэсэн ч хүмүүс өөр доторх урлагаа биш хэн нэг бүтээлчийн хийснийг үзэж, мэдрэхээр музей галерейд очсоор л.

Ерөөсөө бүтээлч, үзэгчид, урлагийг худалдан авагчид, магтан шагшигчид ч гэсэн голын эрэгт ус зарагсад юм биш үү гэсэн эргэлзээ үлдэнэ.