Энэ жилийн “Оскар” шагналын шилдэг гадаад киноны төрөлд таван бүтээл нэр дэвшсэн билээ. Польшийн найруулагч Павел Павликовскийн “Ида” кин “Оскар” хүртлээ. Шагналыг нь нэрт жүжигчин Николь Кидман гардуулсан байна.
Ю.Дэлгэр
Америкийн Кино академиас олгодог “Оскар” шагналын эзэд тодорч эхэллээ. Лос-Анжелес хотно болж буй уг арга хэмжээнд дэлхийн кино урлагийн одууд оролцож байгаа юм. Энэ жилийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Жей Кей Симмонс тодорлоо
Баянхангай хайрханы тэргүүн дээр арвантавны саран тэргэлтжээ. Дугуй цагаан сарны туяа Хөшөөтийн голыг дэлхэн бүрхэж, алсын уулсын сэрвээг ажихуйд тунгалаг хөх чулууд сүүнд булхагдан байна уу гэмээр. Тийм л үзэсгэлэн төгөлдөр хийгээд зөөлөн дулаахан ажгуу. Сэтгэл ихэд хөхин баясч, даанчиг амгалнаар Гозгорынхоо орой дээр зогсоход нутгийн салхи энгэр заамаар шургална.
Гозгорын өвөрт өвөлжиж буй аавын гэрээс нарийн цэнхэр утаа шөнийн саруулд эгц дээшээ олгойдож, тэрүүхэн дор хэрээтэй, морьд тургилах нь нэг л дотныг яана. Хаврын тэргүүн сарын шинэдээр ус нутагтаа ирж, уулсынхаа салхи савирт алгадуулан, сарны гэгээнд сэтгэл цэнгэгших шиг агшин хором юутай ч зүйрлэмгүй билээ. Дүүгийн хамт хоёр морио чөдөрлөж орхичихоод буцаад гэр рүүгээ алхсанаа санаа бодол нэг л тогтож ядан байсан учир шөнийн аниргүйд ийн зогсож байгаа хэрэг.
Шинийн арван таванд багтаж аавдаа ирж золгов. Аав минь, Баянхангайн даваан дээгүүр машин гарч ирэн Хөшөөтийн голыг хөндлөн огтолж, Гозгорын өвөлжөөнд жолоогоо таттал гаднаа дурандан суудаг сан. Үр хүүхэд нь мөн ч бай, биш ч бай яг л тэгж хүлээнэ шүү. Энэ удаа мөн л ялгаагүй. Үзүүр нь сэмэрч, гандаж хөхөрсөн алчуураар дурангаа ороосон шигээ зогсож байлаа. Аавдаа ирж үнсүүлэх бүр нэг зүйл санаанаас гардаггүй. Дээд сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа цагаан сарын өмнөхөн гэртээ ирлээ. Хагас жилийн хичээлээ дуусаад амралтаараа ирж байгаа минь тэр.
Сумын төвд ирчихээд хэд хэдэн айлаар оров. Бас ч үгүй төв газар удсаных орох айл, уулзах хүн мундаагүй байлгүй. Аав хонио хариулангаа баз хүргэчүүдийн нэг болох Амаагийнхаар бууж л дээ. Гэрийн эзэгтэй цай өгөх зуур “Төвд хүү чинь ирсэн дуулдсан” гээдэхэж. Тэр даруй халуун цайг залгилах нь холгүй уугаад мордоод давхичихсан байгаа юм. Хар эрчээрээ гэрийн гадаа ирээд уяан дээрээс ээжийг дуудан, баяртай мэдээ дуулгая, төвд хүү ирсэн гэнэ гээд хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтчихсэн, манайхны хэлдгээр хөл нь газар хүрэхгүй орж ирсэн гэдэг.
Оройхон мотоцикл унан гэртээ давхин ирэхэд нохой дуугаар минь таньж, сүүлээ шарван ар өврөөс зүүгдээд гэрт ээж “Чи гараач ээ, хүү чинь ирчихээд байна” гэх нь сонсогдоно. Яваад ортол аав эрэгнэгийн тэнд зогсож байх юм. Намайг үнсэж ч чадалгүй уйлаад байж билээ. “Алив хөгшөөн, айраг цагаа, хоол унд” гээд л. Бүх зүйл өмнө нь бэлэн байгааг анзаарах ч сөхөөгүй. “Хүүгээ хотод өнгөрүүлсэн таван сар аавд нь таван жил болох шиг удлаа. Ээж нь яахав, хаа нэг очоод уулзчих юм, төв ороод утсаар ярьчих юм. Аав нь хэдэн адууныхаа дэргэд хий дэмий санаж, сэтгэл дотроо л уйлж явлаа даа” гэж хэлэхэд л миний бие гэртээ ирэлгүй, аавдаа үнсүүлэлгүй удсанаа ойлгосон доо. Тэр цаг мөч өчигдөр мэт л санагдах авч даруй арван жил өнгөрчээ. Хөшөөтийн голынхон нэгнийд нь холоос гийчин ирэхэд морьтой нь морьтойгоо, машинтай нь машинтайгаа давхин ирдэг бичигдээгүй хуулийн дагуу нэг л мэдэхэд аавын гэр зочдоор дүүрсэн байлаа. Сар шинэ хэдий хуучирсан ч айраг цагаа бүх зүйл элбэг дэлбэг. Өвөлжөөн дээрх өвсийг дарсан цас үзүүрээсээ хайлмагтан урсаад, сүрэгтэйгээ алхаа нийлэх тэнхэлгүй болсон хэдэн борлон пин дотор бөөвийчихсөн зогсоно. Бас болоогүй ээ, ногоон өвс голдоо хаяулчихсан, хар онгоцонд ус дүүргүүлчихэж. Тэгээд л санаа амар, хэвтэх нь хэвтээд, зогсох нь зогсч байгаа аж.
Цугласан олон цагаан сарын бөх болон хол ойрын сонин сайхныг хуучилна. Доржсамбуугаа хоёрын даваанд унана гэж бодоогүй шүү. Түрүүлэх л юм бодож байлаа гэнэ. Мөн залуу заан М.Өсөхбаярт нутгийнхан маань бас л найдлага тавьж байсан бололтой. Шигшмэл морьдын Дүнжингарав уралдааны төвийн бүсийнх нь манай сум (Булганы Хишиг-Өндөр)-нд болно гэж байснаа больчихлоо. Яагаад больчихов. Уул нь “Авзага”-ын Мэндээ хийнэ л гэж байсан гэх яриа бас өрнөөдөхсөн. Мал хэдийгээр төллөж эхлэх, гүү унагалсан эсэхийг малчдаас сонирхоход, гуравдугаар сарын арвад гээд мал төллөнө. Гүү өнөө маргаашгүй болчихоод байгаа гэв. Намайг хөдөө гэртээ очдог тэр өдөр Тээг баг буюу гуравдугаар багийн хурал болжээ. Сумын Засаг дарга, багийн дарга гээд бүгд л ирцгээсэн аж.
Энэ онд Хишиг-Өндөр сумын 80 жилийн ой тохиож байгаа. Багийн хуралд суусан хүмүүс, хурал тараад бүгд манайхаар ирлээ. Өглөөгүүр тэд гөрөөнд гарч, Ар, Өвөр булаг, Ангалын эхийг үргээсэн гэнэ. Хоёр чоно гарсан даа, хаагуур явчихав. Шар жалгаар л дутуу эргэчихлээ хэмээн бууз жигнэх хооронд хөөрөлдөв. Тэр зуур Засаг даргатайгаа тусгайлан уулзаж, сум орон нутгийн талаар асууж сонирхлоо. Өнөө жил манай сум 148 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил 174 мянган мал тоолуулж байсан юм байна. Сумын хэмжээнд хоёрхон тэмээ байгаа нь анхаарал татав. “Шоо” Мягмарсүрэн хэмээх айлынх хэдэн жилийн өмнө арваад тэмээтэй Могодоос шилжиж ирж билээ. Манай сум тэмээгүй. Харин Мягмарсүрэн гуай ирсэн цагаасаа л сумын хамгийн олон тэмээтэй хүнээр ямар ч өрсөлдөгчгүй манлайлж байгаа. Арваад тэмээнээс нь одоо хоёр л үлдсэн хэрэг. Харин нэгдүгээр багийн нутаг болох Цагаан үзүүр, Тогтоогийн хөндийгөөр 200 гаруй тэмээ бэлчээрлэж байгаа гэнэ.
Тэр бол даян аварга А.Сүхбатын тэмээнүүд. “Аваргын тэр олон тэмээ манайд өвөлжлөө. Одоо хаваржих гэж байна. Бэлчээр тахаллаа гээд малчид дургүй байдаг. Тиймээс сумын удирдлагууд аваргын малыг нутагтаа байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тэмээнүүд өвөлжчихлөө” гэж М.Зоригт дарга өгүүлэв.
А.Сүхбат аварга малчид дээрээ хаа нэг л ирдэг гэнэ. Сум орон нутгийн удирдлагуудтай хоёр, гурван жилийн өмнө уулзаад хэд хэдэн зүйл дээр санал солилцсон аж. Ухаандаа, танай суманд бөхийн дэвжээ байгуулна. Бөх төрүүлэх тал дээр ихээхэн анхаарна гэжээ. Тэр бүгдийнхээ хариуд малаа бэлчээрлүүлж байхаар тохирсон нь мэдээж. Бөхөө дээдэлдэг монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын тийм санал тавихуйд хүн бүр дуртай хүлээж авсан нь тодорхой. Гэтэл аварга маань малаа эргэчихээд, өмнөх амлалтаа бол мартчихсан шиг байгаа юм. Тэмээ малыг нь байлгахгүй гэсэн шийдвэр гаргачихсан, хөөж туугаад байгаа болохоор өнөө бөхийн дэвжээ байгуулах ч өнгөрсөн байх даа гэж засаг ноён жаахан харамсангуй өгүүлж байсан.
Батлайн Төмөрхуяг хэмээх сайхан хүн бөхийн дугуйлан ажил-луулж байх үед Хишиг-Өндөрийн залуучууд орон нутагт байтугай улсад мөчөөгөө өгдөггүй байсан.Түүний нэг жишээ И.Доржсамбуу гарьд л даа. Гурванбулагаас наймдугаар анги төгссөн хүүхэд манай сумын сургуульд арван жил дүүргэх гэж ирээд Төмөрхуяг багшийн дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Мөн манай хүргэн.
Ингэхэд манай сум хоёр бөх хүргэнтэй. Нөгөө нь сүүлийн үед олныг шуугиулж байгаа Ч.Санжаадамба юм. Цагаан сараар гарьд, цэргийн хурц арслан хоёулаа л Хишиг-Өндөрт очиж хадмындаа золгоцгоосон гэсэн. Хэд хэдэн фермерийн аж ахуй байгуулагдаж байгаа, сүүний үйлдвэртэй болж буй, Францын хөрөнгө оруу-лалтаар сум дундын хоёр давхар эмнэлэгтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөжээ.
Нүдний хэмээгддэг ардын эмч Ж.Баасанхүү нутагтаа ахмадын сувилал байгуулсан байна. Манай суманд “Орхон гол” төсөл хэрэгжиж байгаа. Тэр тухай нутгийн удирдлагаас лавлахад, сум орон нутгийнхан 100 хувь дэмжиж байгаа гэж байсан. Тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэнддоо тэргүүтэй үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн Асгатын хүрэм нэг үе мөс нь хайлаад тиймхэн байсан ч одоо хуучиндаа орсон гэнэ. 2001 онд тэшүүрийн улсын аварга манай суманд болж байсан түүхтэй. Тэр уламжлал дахин сэргэх бололтой. Уг яриа хөөрөө багийн хурлаас ирсэн зочдын дунд өрнөсөн юм. Сар шинийн үеэр нутагт маань нэгэн явдал болжээ. Тэр тухай уулзсан бүхэн л ярьж байв. Юу гэвэл наян саяын үнэтэй хөөрөг хагарсан байгаа юм. Бүр тодорхой өгүүлье л дээ. Намдагийн Бадарч хэмээх бүхий л насаараа сумандаа эмч байсан хүнд ид шидтэй гартаам хөөрөг өвөг дээдсээс нь уламжлагдаж ирчээ. Өвдөж хавдан, хариугүй л явдгийн даваан дээр уг хөөрөг аминд орно.
Хэдэн жилийн өмнө тэрхүү хөөргийг ховор үнэт эдлэл хэмээн улсын сан хөмрөгт бүртгэж, үнийг нь наян сая хэмээн тогтоож, батламж өгчээ. Гэтэл өнөө наян саяын хөөргийг сумын цагдаа залуу эхнэрийн хөх хавдаад гэж хэдэн өдөр гуйгаад, өгөхгүй болохоор нь сүүлдээ уурласан байгаа юм. Бадарч эмч гэргийдээ хандан, юуг нь нуухав дээ, хэдэн хүүхэд минь бор дарс хаа нэг хүртдэг. Наад цагдаад хөөргөө өгчих. Тэр хэдийг “зуучихвал” хэцүү шүү дээ гэж эцэг хүний хувиар хэлсний хүчинд гэргий нь өгчихөж. Хөөрөг чухам яаж хагарсан нь мэдэгдэхгүй, ёотон шиг хэдэн хэсэг болчихож. Өнөө цагдаа залуу болон гэргийнх нь яриагаар аягатай усанд хийгээд цонхны тавцан дээр хонуулсан гэж байгаа. Ийм л нэг зохиол шиг зүйл болсон байгаа юм. Бадарч эмч “нэгэнт хөөрөг маань үгүй болжээ. Шүрэн толгой, алтан нуух нь байгаа учир би наян сая гэхгүй, дөчин саяыг л авъя даа” гэсэн дуулдсан.
Хөдөө гэртээ ирснийх морь унаж Хөшөөтийн голоо өгсөв. Цэцэг-Өндөр хайрханы орой тэртээд хөхрөн цэнхэртэж, тэнгэрийн хаяатай алсран цэлийнэ. Наагуур нь Хөх асганы хад эрвийн сэрвийн харагдаж, Бавуу ажаагийн минь нутаглаж байсан Ханхын өвөлжөө, Хавтгайн бэл сэтгэлд дотнохон үзэгдэх ажгуу. Чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, амь шүтээн хэмээн дээдэлж явдаг Арцын улаан хад минь нэг л энхрий дотно харцаар ширтэх шиг болж, бодлын үзүүрт тунгалагшина. Нар баруунаа хэвийх ахуйд Өвөрбулагийн орой дээр гарлаа. Өвөрбулаг бол төрийн шагналт зохиолч Зундуйн Доржийн нутаг. Ерэн таван онд манайх Өвөрбулагт зусч, аав минь арав гаруй морьд уяж байсан сан. Доржпалам гуайн олон цагаан ноход морьд үсэргэхэд барьж идчих гээд хэцүү байдгийг санав. Дорждаваа гэж Өвөрбулагаас гардаггүй хөгшин байлаа. Ус нутгийн олон “Тос агаа” гэж авгайлна. Том дурангаа зургийн аппарат гэж хүүхдүүдийг хууран гэрийнхээ гадаа зогсоож байгаад зургийг нь авдаг сан. Нэг удаа хаяа айлынх нь бүсгүй дуран гэж мэдэхгүй, шинэ дээлээ өмсөн зургаа авахуулчихаад “та ямар муухай юм” гээд уйлсан гэдэг шүү. Энэ бүгдийг эргэцүүлэн байх ахуйд хэдийнэ мал хотолж, шинэдийн сарны туяа асгарч байлаа.
Үргэлжлэл бий
Н.ГАНТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Японы мэргэжлийн сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргалд Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг гардуулан өгсөн билээ. Түүний сумод зүтгэсэн 15 жилийн түүхийг М.Даваажаргалын багш Н.Кенши ном болгон бичжээ.
“Хакухогийн ментал буюу дотоод хүч” номыг нь Япон судлаач Д.Төмөрбаатар Монгол хэлээр орчуулсан байна. Хакухо Даваажаргал Хөдөлмөрийн баатар болсныхоо дараа энэ номынхоо дээжийг Монголынхоо уншигч нарт хүртээв.
Хакухо уг номын нээлтийн үеэр “Аварга хүн ялагдах эрхгүй, ялагдвал зодог тайлдаг тийм л жамтай учраас сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Миний багш Найто Кэнши 15 жил надтай хамт байсан учраас миний үйл хөдлөл, яриа, зан чанарыг хамгийн их ажиглаж мэддэг хүнийхээ олон жилийн үр дүнд тулгуурлаж энэхүү номыг гаргасан. 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн номоо өнөөдөр Монгол хэл дээрээ орчуулан ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн баатар цолыг минь номын ариун цагаан мөр дагаж байгаад бүр ч баярлалаа” гэв.
Г.Эрхэмбаяр энэ жил төрийн оёдолчин Лхагвагийн урласан хурган дээлээр гоёох юм байна. Тэрээр аавыхаа уламжлал болгон үлдээсэн хөөргөөр гангарах нь ээ. Эрхэмбаяр ахыхнаа бэлгэлсэн матрын арьсаар бүс хийлгэж гоёжээ. Түүний баярын гоёо буюу дээл, малгай, бүс, хөөрөг, гутал нийлээд 15 сая төгрөгний үнэтэй юм байна. Тэрээр жил бүр найз нөхөдтэйгөө бөхийн өргөөнд бөх үздэг бөгөөд өнөө жил ч үзэх гэнэ.
Г.Эрхэмбаяр Монгол түмний баяр цагаан сараар бусдын адил тавгийн идээгээ засч ёслоод, уламжлалын дагуу ахмад буурлууддаа очиж золгодог байна. Шинийн 2-нд “Мөрөөдлийн театр”-ынхан Тарбалын хийдийн лам Ариунболд багштайгаа Баянзүрх хайрханд гарч нар харж, бүх зүйлээ даатгадаг уламжлалтай. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон шинийн 4-нд ажил дээрээ цуглан золголтоо хийх гэнэ. Г.Эрхэмбаяр шинийн 4-нд найз Ууганбаярын ембүү хүрэн соёолонг харахаар “Дүнжингарав” уралдаан очиж үзэх ажээ.
Хэсэг телевизийн салбарт хөл тавьсан дуучин С.Сэрчмаа уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр ирэх гуравдугаар сарын 7-нд буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Vegas Night Club” -т амьд хөгжмийн тоглолт хийхээр болсноо дуулгалаа. Уг тоглолт нь VIP буюу тусгай зочдод тоглогдох бөгөөд тасалбарынх нь үнэ өндөр байх сурагтай. Юутай ч удаан хугацаанд тоглолт хийгээгүй дуучин бүсгүй маань фэнүүдтэйгээ тайзан дээрээс эргэн мэндчилэх бололтой.
Уртын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа.
-Уртын дуу сонгодог урлаг. Эрийн гурван наадмын бөхийн цол дуудах, засах сэлт нь үндэсний соёл. Энэ хоёрыг амьдралдаа хослуулж яваадаа та мэдээж бахархаж сэтгэлийн их ханамж авдаг байж таарна. Анх та ямар дуу дуулж, хэзээ бөх цоллож эхэлсэн бэ?
-Ер нь уртын дуу, монгол бөх хоёр салшгүй юмаа. Миний хувьд уртын дууг ерэн нэгэн оноос сурч дуулж эхэлсэн. Соёлын дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангийг төгсч байх үедээ “Жаахан шарга”-ыг сонирхожсураад СУИС-д орж, гавьяат Ц.Дэлгэр багшийн удирдлагад уртын дууг сурч дуулж эхэлсэн. Дуучин болоод, багшлаад одоо хорь гаруй жил болж байна. Бөхийн цолыг ерэн зургаан оноос дуудаж эхэлсэн дээ. Саяхан Монголын уртын дууны холбооны ээлжит их хурал болж, түүгээр намайг холбооны тэргүүнээр сонголоо. Энэ ажлыг авсан ч аваагүй ялгаагүй ер нь уртын дуугаа хөгжүүлэх юм сан гэсэн бодол дотроо үргэлж тээж явдаг л даа.
-Анх та “Жаахан шарга”-ыг сурсан гэлээ. Энэ дууг үнэхээр гайхамшигтай дуулсан Б.Лхамжав гуай энэ дуугаараа овоглож явдаг. Мөн автор нь маягтай явдаг юм байна шүү дээ. Таны урын санд ямар дуунууд байгаа вэ?
-“Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, “Асрын өндөр”, “Эр бор харцага”, “Эртний сайхан”, “Хуурын магнай” гээд сайхан дуунууд бий бий.
-Энэ сайхан дуунуудынхаа түүх домгоос ярьж өгөөч?
-Домог түүх яривал дуусахгүй л дээ. “Эртний сайхан” бол үг нь олон удаа өөрчлөгдсөн. Дуучид ч өөрчилсөн тал бий, цаг үеийн шаардлагаар хувьсаад явах тал ч бий. Зарим дууг бараг сэргээж дуулах аргагүй, хагас дутуу дуулчихсан байдаг юм. Албаны нэг эрхтэн дархтан нь наад дуу чинь урт байна, гурван минутад багтаа гэнэ, тэгэхээр нь ахмад үеийнхэн маань хэлсэн хугацаанд нь багтаагаад дуулчихсан байх жишээтэй. Тэр нь одоо хүртэл үргэлжлээд явж байх нь бий.Энийг бид хуучин хэлбэрт нь оруулж дуулах, заримыг нь бүр гөрдөж дуулах ч байна. Дээр үеийн хуучирч муудсан пянз сонсоод үгийг нь сонсголоороо таамаглан сэргээж дуулж байна. Энэ мэтээр эхээр нь дуулах боломжгүй болчихсон, ахмадуудаас өөрсдөөс нь шалтгаалаагүй өөрчлөгдсөн дуунуудыг бидсэргээгээд дуулж байна. “Хуур магнай” гэдэг дууг нэг хэсэг “Хувраг магнай” гэж байсан бол одоо “Хуур магнай”-гаараа явж байна.
-Цагаан сарын бөхийн барилдаан одоо ямар дуугаар эхэлж байгаа вэ?
-“Асрын өндөр”-өөр эхэлж байна.
-Энэ аль нутгаас гаралтай дуу вэ?
-Яг тэр нутагт зохиогдсон гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө баруун аймгийн аялгуугаар дуулдаг юм. Айзам уртын дуу. Ер нь уртын дуун дотроо цараа багтаамжаараа “Дуртмал сайхан”-ы дараа ордог их том дуу л даа. Сүүлийн хэдэн жил энэ дуугаар Цагаан сарын барилдааныг эхлүүлж байна. Уртын дууны холбоо Төрийн ёслолын албатай ёс жудаг уламжлалаа ярилцаж байгаад Үндсэн хуулийн бөхийн барилдааныг“Эртний сайхан”, Цагаан сарын бөхийн барилдааныг “Асрын өндөр”, наадмаар “Түмэн эх”, “Эртний сайхан”-аар эхлүүлж дуулж байя, төрт ёсны бусад хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Эрхэм төр” ч юм уу ийм дуунуудыг дуулж байя гэж ярьж тогтсон байдаг юм. Наадмыг зохион байгуулах комисс бас шийднэ л дээ.
-Та бөхчүүдийн дунд хамгийн ойр байгаа мэргэжлийн уртын дуучин.Тэдэнд уртын дуу зааж өгч байв уу?
-Одоогоос 21жилийн өмнө би Сүхбат аварга, Гантогтох гарьд Бумбаяр заан, Намжилдорж харцага, Эрдэнэбилэг начин, Баянмөнх начин, Пүрэвбаатар гавьяат эд нарт “Эр бор харцага”-ыг зааж байсан. Эднар нэг ангид сурдаг байсан юм. Би өөрөө ч оюутан байсан цаг. Яг яаж ойлгуулбал уртын дууг хүмүүс хурдан сурах вэ гэж “эгшиг томох” арга техникийн судалгаагаа би тэндээс эхэлсэн.
-Та ҮДБЭЧ-д байхдаа Швейцарьт гурван жил тоглолт хийсэн тухайгаа нэг ярьсан байсан. Ямар тоглолт байсан юм бэ?
– Европын жирийн үзэгчид болон хөгжмийн мэргэжлийн хүмүүст нь уртын дууг ямар гайхамшигтай цараа багтаамжтай, Европын сонгодог дуурийн ари романсуудтай харьцуулахад ийм цараатай байдаг юм гэж харьцуулж тайлбарлаж,өөрөө хуурдаад, өөрөө дуулаад үзүүлдэг байлаа. Тэгж байж гадаадын сонсогчид илүү нарийн тодорхой ойлгож хүлээж авч дүгнэдэг юм.
-Европын орнуудаар явж байхад уртын дуунд бусдаас илүү сэтгэл нь татагддаг үндэстэн улсуудтай тааралдаж байв уу?
-Ерөнхийдөө швейцарь, унгар, туркууд илүү. Францчууд бас сонирхоно. Итали бас их өөрөөр сонсоно. Би тэнд “Дуртмал сайхан”-г дуулж байсан юм. Та ингэхэд ямар дуу дуулчихав аа. Их сонин дуу байх юм. Доошоо басс хоолойтой хүн шиг, дээшээ тенор шиг хоолой гараад ямар сонин дуу вэ, танай ардын дуу юу гэж асууж байсан. Тоглолтын дараа тэр хүн надтай уулзаад гэртээ урив. Би дуурийн дуучин биш, гэхдээ энийг нэг дуулаад үзье гээд тэдний дуурийн нэг дуутай нь харьцуулаад уртын дуугаа дууллаа. Тэгсэн чинь танай уртын дуу их сонин, гайхамшигтай дэг сургуультай юм байна гэж байсан.Түүнээс биш манай ард түмэн ийм гайхамшигтай уртын дуутай гэж цээжээ хичнээн дэлдээд ойлгохгүй шүү дээ.
-Цагаан сарын барилдаануудаас таны сэтгэлд хоногшсон, тэр жилдээ бөхийн хорхойтнуудыг шуугиулсан ямар барилдаан байдаг вэ. Жил жилийн Цагаан сарын барилдаан бүр өөр өөрийн өнгөтэй байж таарна?
-Жил жилийн Цагаан сарын барилдаан өөр өөрийн онцлогтой, дээрээс нь тасалбар нь хамгийн их эрэлттэй, хаа байсан хөдөөнөөс хүмүүс ирж Бөхийн өргөөнд бөх үзье гээд ирдэг, хонон өнжин дугаарлаж байж тасалбарыг нь олж авдаг. Бас Наадмын нээлтийг үзэх гэж хүмүүс их дугаарладаг юм байна лээ. Гэхдээ үндэсний баяр наадмаас илүү Цагаан сарын барилдаан цол олгодоггүй, Цагаан сараар сайн барилдсан бөх дараа жилийнхээ улсын баяр наадамд сайн барилддаг гэсэн яриа байдгаас ч юм уу их сайхан өрсөлдөөнтэй, шударга болдог.Хүмүүс ч битүүний өдөр бөх үзчихье гэсэн тийм нэг гоё бодолтой байдаг. Тэгээд ч тэр үү цагаан сарын барилдаан олон түмнийг шуугиулсан сайхан барилдаан болдог. Сонирхолтой барилдаан гээд яривал олон доо. Гэхдээ манайхан том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулаад дороос гарч ирж байгаа залуучуудад их дуртай байдаг юм даа. Жишээ нь, сүүлд улсын харцага болсон Магалжав Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэж байсан, аймгийн арслан Мөнгөнбаатар гээд Сүхбаатар аймгийн залуу түрүүлж байсан, өнгөрсөн жил Хангай гээд Ховд аймгийн залуу Мөнхбат аварга, Мөнхбаатар арслан эд нарыг бүгдийг нь өвдөг шороодуулаад үзүүр түрүүнд Рагчаа гарьдтай үлдэж байлаа. Ийм шуугиулсан барилдаанууд байдаг. Наадмаар бас их сайхан.2011 онд Мөнхбат аварга Зүүний магнайд, миний мөрөн дээрээс гарч түрүүлж байлаа. Өнгөрсөн жил Батсуурь арслан бас түрүүлсэн. Тэрний урдны урьд жил нь Рагчаа гарьд гарч түрүүлсэн. Арван нэгэн оноос хойш зүүний магнайд гараад хоёр хүн мөрөн дээрээсээ түрүүлүүлсэн гэх мэтчилэн бодохоор энэ бүхэн надад их сайхан байдаг юмаа.
-Уртын дууг сонсч байгаа мөчид хүний ухаан санаа ердийнхөөс огт өөр орчинд оччихдог л доо. Тэгэхээр дуулж байгаа хүмүүс тэр мөчид ямар байдаг нь ойлгомжтой. Харин бөхийн цол дуудаж байхдаа та чухам юу мэдэрдэг вэ?
-Цол дуудна гэдэг бол монгол бөх гэдэг энэ соёлтой хамт яваа дуун урлаг. Цоллож байгаа аваргууд, том цолтой бөхчүүдээ алдаршуулж магтаж байгаа нэг ёсны магтуу юм. Тэрийгээ их уянгалаг нарийн цээл хоолойнд дуудах нь бас нэгэн сайхан. Мэдрэмж ийн тухайд, цол дуудаж байгаа үед нэг л сонин болоод явчихдаг юм. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг л дөө. Бараг газраас тасраад нисч байгаа юм шиг санагдаад явчихдаг юм. Нөгөө бөх маань ч гэсэн мөрөн дээр дарж байгаа даралтынх нь чанга, сул, зарим нь үл мэдэг чичирхийлэх гэхчлэн сэтгэлийн хөдөлгөөн бүгд нь мэдрэгдэнэ шүү дээ. Цолыг нь дуудаж байхад нөгөө бөх маань яг тэр хэмнэлээр дэвж байдаг. Үгээр илэрхийлэхэд хэцүү. Жанцанноров гуай “Бөхийн цол дуудахад дэлхий зогсдог” гэж хэлж байсан. Эргэж байгаа дэлхий яг цол дуудахад зогсчихдог гэж зурагтаар ярьж байхад нь сонссон.Тэр надад бас л сонин санагдаж байлаа.
-Өнгөрсөн жилийн наадмаар тэгж ярьж байсан л даа?
– Цагаан сараар ч гэсэн, наадмын талбай дээр ч гэсэн яг цол дуудаад эхлэнгүүт бүх юм чимээгүй болчихдог гэж Жанцанноров гуай ярьж байсан. Миний хувьд бол ямар ч байсан үгээр төсөөлж хэлэхийн аргагүй л тийм сайхан мэдрэмж төрдөг. Бахархалтай, маш их омогшилтойтийм л мэдрэмж.
-Та нэг ярилцлагадаа, гарч байгаа бөхчүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг дурссан байсан. Нүүр царайны өчүүхэн ч хувиралгүй хүмүүс дэвжээ рүү гарч харагддаг. Дотроо айж сандардаг л байх даа, тийм ээ?
-Бөхчүүд гаднаа их амгалан тайван харагдаж байгаа мөртлөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс шүү дээ. Бөхийн барилдаан бол нэг ёсондоо эрт цагийн баатруудын хоорондын байлдаан гэсэн үг. Энэ бол зэвсэгтэй тэмцлээс л зөөлөрсөөр зөөлөрсөөр янз янзын бөхийн барилдаан руу орсон байна. Монгол үндэсний бөх бол дэлхийн хамгийн шалгарсан барилдаан гэж би боддог юм. Тийм тулаан учраас намдуу тайван ч гэсэн дэвжээн дээр гараад жинхэнэ тулаанаа үзүүлнэ. Дэвжээн дээр эрэмгий байгаад дэвжээнээс буугаад даруухан байя гэсэн Үндэсний бөхийн холбооны уриалга ч бий шүү дээ.
-Одоогоор хамгийн олон чимэгтэй бөх гэвэл хэн байна?
-Баянмөнх, Бат-Эрдэнэ хоёр аваргын цол хамгийн олон чимэгтэй байдаг юм. Олон түрүүлж, олон шөвгөрсөн учраас тэр. Тэгээд Мөнхбат аварга, Дамдин аварга гээд явна.
-Та энэ олон жил бөх засч цол дуудаж дэвжээн дээр ажиллахдаа наадам цагаан сарын барилдааныгзурагтаар бичлэгээр л үзэж байгаа байх л даа. Ер нь бөхчүүдээс та хэний барилдааныг шимтэн үзэх дуртай вэ?
-Бичлэг л үздэг юм. Одоо бол юнивишнээр буцаагаад үзчихдэг болсон. Бөхчүүдээс үеийнхнээ, тухайлбал, Сүхбат, Өсөхбаяр хоёр дархан аварга байна. Начин Баасанхүү, Пүрэвдагва гээд одоо гарч ирж байгаа олон сайхан залуучууд байна.
-Энэ жилийн Цагаан сарын барилдааны өнгийг та хэрхэн харж байгаа вэ?
-Цагаан сар ч гэлтгүй ер нь наадамд ч гэсэн жил бүр өөр өөр хүн түрүүлж байна. Хоёр гуравхан начин төрж байна шүү дээ. Таван начин төрөөд цаашаа хоёр нь яваад нэг нь заан нэг нь арслан болох жишээтэй. Би бол монгол бөхийн барилдаан улам чанаржиж байгаа гэж боддог юм. Мундаг сайн бөхчүүд үе үеэрээ л байдаг. Манайхан, одоо бөхчүүд их олон болчихоод барилдаан чанаргүй болж байна гэх маягтай ярих гээд байдаг. Би бол үе үеэрээ л гэж боддог. Одоогийн бөхчүүд бол харин ч бүр хэцүү өрсөлдөөн дундаас товойж гарч ирж байна. Дээр үед мянгаад бөх барилддаг л байсан. Хэн нь ч мэдэгдэхгүй арван хэдтэй залуу хүү ирээд л даншгийн наадамд нь тав давчихдаг байсан бол одоо бүгд нэгнийхээ мэх, яаж барилддаг арга техникийг нарийн мэддэг болчихсон. Энэ үед барилдаан улам чанартай, даваа бүр улам хэцүү болчихож байна. Энэ цагаан сарын таамгийн хувьд, олон л залуучууд байна даа. Пүрэвсайхан, Пүрэвдагва, за тэгээд, хүмүүсийн тааварт Санжаадамба, аймгийн арслангуудаас Одгэрэл гэхчлэн олон залуу байна.
-Таны аав ямар уртын дуунууд дуулдаг байв?
-Миний аав “Нарийн сайхан хээр”, “Хулст нуур”, “Үзүүр зуслантай Алтай”, “Газрын холоос гүйдэлтэй алтан шарга морь” гээд Говь-Алтай нутгийн дуу байна. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ.
-Та энэ дуунуудыг хүүхэд байхдаа сурчихсан уу?
-Ерөнхийдөө аяыг нь мэддэг болчихсон байсан. Сүүлд хөгжмийн сургуульд ороод дуулж сурсан л даа. Бөхийн цолыг ч гэсэн багаасаа Цагаан сараар радиогоор сонсоод цээжилчихсэн. Тэр үед телевизор гэж байсангүй.Намайг наймдугаар ангид ороход л телевизор анх орж ирж байсан байх. Тэгээд суманд хоёр гуравхан айл л телевизортой байлаа. Тэгж бөхийн цолыг ч гэсэн радиогоор сонссоор байгаад хоногшчихсон.
-Таныг засуул хийж, цол дууддаг болохоор бөх баахан ярилаа. Уртын дуугаараа яриагаа өндөрлөе. Уртын дууг сонсохоор ямар ч хүн уйлмаар болдог нь юутай холбоотой вэ?
-Би бага бага байхдаа айлын найранд очоод бас ийм мэдрэмж авчихдаг байсан. Миний аав их сайхан дууч, найрч хүн байсан юм. Нутгийнхаа олон дунд найр хуримд дуулаад явж байдаг.Жолооч хүн л дээ. Тэгээд найрын хойморт аав маань баахан настай хүмүүсийн дунд дуулж байхад бие их сонин болоод уйлах гэж байгаа юм шиг санагдаад зогсч байдаг байсан. Уртын дуу цаанаа л асар ихээр тайвшруулах, асар их бүлээн дулаан илч хайрладаг ийм л урлаг юм байна. Тэгээд л сонссон хүн уйлмаар санагддаг байх.
Н.ПАГМА
“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Баттөрийн Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын хүрээнийхэн дунд эртнээс танигдсан энэ найрагч өмнө нь “Болор цом”-д аман хүзүүдэж байсан юм.
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар энэ жилийн “Болор цом” наадмын дэд байрыг эзэлжээ. Гуравдугаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц нар шалгарчээ.
Энэ жилийн “Болор цом” наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяа, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал нар ажилласан байна.
“Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо болно. Яруу найрагчид, яруу найраг шимтэн сонирхогчдын хүсэн хүлээдэг “Болор цом” наадмын шилдэг яруу найрагч тодорно. 32 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд 34 найрагч шалгарч, наадмын тайзнаа шүлгээ сойхоор шалгарсан билээ.
“Болор цом” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдын нэрсийг хүргэж байна.
1. Х.Алагаа
2. Ш.Анхтуяа
3. Б.Алтанхуяг
4. На.Батболд
5. Ц.Батбаатар
6. Н.Батжаргал
7. Б.Батсайхан
8. М.Баттөмөр
9. Б.Баттулга
10. Б.Болорцэрэн
11. Б.Бүргэд
12. Л.Ганзул
13. Б.Ганхүрэл
14. Э.Гантулга
15. Д.Гомбосүрэн
16. С.Дамдиндорж
17. Х.Дугарсүрэн
18. Н.Мөнхбаяр
19. Б.Мягмаржав
20. М.Наранболд
21. С.Начин
22. М.Отгонбаяр
23. Г.Оргилболд
24. Б.Сарантуяа
25. Б.Сүхбаатар
26. Б.Төгсжаргал
27. С.Ууганбаяр
28. Б.Чулуунцэцэгө
29. О.Цэнд-Аюуш
30. О.Элбэгтөгс
31. Ц.Эрдэнэбаатар
32. Б.Энхтөр
33. Б.Очирваань /Өвөрмөнгол/
34. Цогбилэг /Өвөрмөнгол/ нарын найрагчид шүлгэн хүлгээ уралдуулна.
Байгаль, зэрлэг амьтанг хамгаалах үндэсний нийгэмлэгээс гаргаж буй зэрлэг ан амьтан, байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус байгууллага өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол ан амьтан, жигүүртэн шувууд, байгалийн өвөрмөц тогтоцыг тухай бүрд нь бичиж үлдээх сан байгуулах зорилготой ажилладаг гэнэ.
1906 онд анх зэрлэг амьтдын зургийг авсан байна. Үүнээс хойш 2007 онд “National geography” байгуулагдсан бөгөөд тэдний энэ төсөл нь Монголын “National geography”-гийн үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа аж. Тус сангийнхан “Хүрээлэн” төсөл санаачилж 2014 онд 58 зүйл хөхтөн, 117 зүйл шувууд, таван зүйл мөлхөгч, дөрвөн зүйл загас, гурван зүйл хоёр нутагтны зураг, дүрс бичлэг авч, гэрэл зургийг мөнхжүүлжээ. “Хүрээлэн” төслийн баг 18 аймгийн нутагт ажиллаж, 40 мянган километр зам туулсан байна. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Зай талбайнаас болоод 48 гэрэл зураг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн үеэр байгалийн гэрэл зураг авдаг сонирхогчдын дунд гэрэл зургийн уралдаан зарласан бөгөөд энэ үеэр шагнал гардууллаа. Энэ нь гэрэл зураг сонирхдог, дурласан залуусыг дэмжих, нэгдэн цуглуулах, хамтарч ажиллах хойч үеэ бэлтгэх зорилготой аж.