Categories
мэдээ соёл-урлаг

Балетчид хүчирхийллийн эсрэг бүжнэ

Удахгүй “Дэлхийн театрын өдөр” тохионо. Энэ өдрийг тохиолдуулан УДБЭТ-т “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УДБЭТ-аас хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд “Төгөлдөр” сангын тэргүүн хадагтай Р.Отгонтуяа, УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва нар оролцлоо.

УДБЭТ-ын хамт олон тус тоглолтоороо дамжуулан Монгол улсад, хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-ын хамт олон уран бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, ажиллахыг уриалж байна.

Дэлхийн театрын өдрийн нэгэн чухал зүйл бол ”Дэлхийн театрын өдрийн түлхүүр үг” юм. Тус түлхүүр тоглолтын үеэр УДБЭТ-ын балетын жүжигчин үзэгчдэд дамжуулан хэлэх аж.

Нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх УДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллана.

Дэлхийн театрын өдөрт зориулсан “Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт дэлхийн сонгодог балетын хэсгээс II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж буй модерн, неоклассик шинэ бүтээлүүдээс тоглох болно.

Гала концертын найруулагчаар нь УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, удирдаачаар нь УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н. Туулайхүү ажиллаж, УДБЭТ-ын балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Марко Поло” кино “Хүннү” театрт гаргана

Нетфликс компанийн бүтээл “Марко Поло” киноны 1-р бүлгийн 1,2-р ангийг “Хүннү” кино театрт үзүүлэх гэж байна.

Тодруулбал,Монголын эзэнт гүрэн, Хубилай хаан Хятадыг эзэлсэн тухай адал явдлыг 13-р зууны алдарт аялагч Марко Пологийн нүдээр үзүүлсэн “МАРКО ПОЛО” олон ангит киноны эхний бүлгийн 1, 2-р ангийг энэсарын 26-нд шинээр нээгдээд удаагүй байгаа “Хүннү” кино театрт үзүүлэх юм байна. Уг арга хэмжээнд ОАК-ыг бүтээгч, зохиолч Жон Фуско, найруулагч Ден Минахан болон ерөнхий менежер Ричард Шарки нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулж, Монголчуудын сонирхсон асуултанд хариулах ажээ.

Киног бүтээгчдийн зүгээс “Марко Поло” ОАК-ын 2-р бүлгийн зураг авалтанд Монгол жүжигчдийг болон Монголчуудыг олны хэсэгт түлхүү оруулахыг хичээж байгаа учраас киноны уран бүтээлчид Холливуудаас Улаанбаатарт ирж, Марко Поло ОАК-г албан ёсоор Монголын ард түмэнд танилцуулах гэж байгаа нь энэ ажээ.

90 сая ам.долларын өртөгөөр Монголын түүхийн алдаа оноо, сэргэн мандалтыг харуулсан “Марко Поло” ОАК-нд оролцон тоглож, Монгол хүний авьяас билэг, өвөрмөц дүр төрхийг дэлхий нийтэд харуулсан жүжигчин Балжинямын Амарсайхан нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс”, Скай Лоунж болон Юник Дизайн компаниудтай хамтран зохион байгуулж байна.

Хубилай хааныг Хятад хүн, Монгол бол Хятадын нэг үндэстэн байсан зэргээр Монголын түүхийг гуйвуулдаг, буруу мэдээлэл түгээдэг явдалд “Марко Поло” ОАК Хубилай хаан бол Монгол хүн, Юан гүрэн бол Монголын эзэнт гүрэн юм гэдгийг ойлгомжтойгоор харуулж, тодорхой хариулт өгсөн билээ. Мөн кинонд Монгол хэлээр ардын дуу оруулалт хийж, гадны жүжигчид Монгол нэрийг зөв дуудах зэргээр Монгол хэл ямар байдгийг харуулахаас эхлээд, “Алтан Ураг” хамтлагийн бүтээлийг киноны хөгжимд ашигласан ба Монголын соёл ахуйг урд нь ч ямар гадны бүтээлд үзүүлж байгаагүйгээр зөв тусгасан билээ.

Уг арга хэмжээнд зөвхөн урилгаар улс төр, урлаг соёл, бизнес, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гурван найз” киноны шинэ дууг “Бид4” хамтлаг дуулжээ

Үзэгчдийн хүртээл болсон “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтарсан “Гурван найз” киноны үргэлжлэл хийгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ кино ирэх сард кино театруудаар нээлтээ хийх аж. Тус киноны дууг “Бид4” хамтлаг дуулж буй бөгөөд “Үүрд хамт” гэх нэртэй тус дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид4” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Өнгөрсөн онд анхны цомгоо “өлгийдөн” авсан тус хамтлагийнхан хоёр дахь бие даасан цомогтоо тус дуугаа багтаах аж. Түүнчлэн энэхүү шинэ цомгийн дуунуудын аяыг өөрсдөө зохиож байгаа юм байна. Анд нөхөд, үнэнч сэтгэлийн тухай тус дууны клип энэ долоо хоногийн сүүлээр цацагдаж эхлэх бөгөөд клипийг “Roll” энтертайнмент хийж гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үнсгэлжин” балет ирэх сард үзэгчдийн хүртээл болно

Монголын Урлагийн зөвлөлөөс Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор сонгодог урлагийн бүтээл туурвих “Үнсгэлжин” хүүхдийн балетыг толилуулахаар болжээ. Балет ирэх дөрөвдүгээр сарын 10-11-нд Соёлын төв өргөөнд тоглогдох бөгөөд балетад “UB Ballet” балетын сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчид оролцох юм байна. “Үнсгэлжин” балетыг анх 1972 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевын хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавьж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нар зөвийн эх орон” цэнгүүн болно

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ирэх сарын 9-нд уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийхээр болжээ. Тэрээр цэнгүүнээ “Нар зөвийн эх орон” хэмээх шүлгийнхээ нэрээр нэрлэсэн байна. Цэнгүүн дөрөвдүгээр сарын 9-ний 19.00 цагт “Улаанбаатар палас”-ын их танхимд болно. Тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэд яруу найрагчид оролцохоос гадна түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу эгшиглэх гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийнхан, нийтийн дуучид нэгдэж тоглоно

Дөрөвдүгээр сарын 1-нд буюу “Инээдмийн баяр”-ын өдөрт зориулсан хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа болох аж.

Тоглолтонд хошин урлаг, нийтийн дуу, элэглэл, хөгжим бүжгийн урлагийн шилдгүүдийн манлайлал МУГЖ Н.Төмөрхуяг, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Б.Туяа, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУСТА Д.Баасанжав, МУСТА Т.Баттогтох, МУСТА Н.Баасандорж, МУСТА Г.Чинболор, МУСТА Д.Батсайхан, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Э.Оюумаа, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Балдан, МУСТА Я.Гэрэлчулуун, МУСТА А.Түмэн-Өлзий, Хөсөгтөн хамтлаг, Параоди хамтлаг, Чапи & Суурь, ТВ Коктейль хамтлаг, ҮДЭЧ-ын бүжигчид, “Их монгол” хамтлаг, Шанз 3 хамтлаг, Язгуур хамтлаг, Угсаатан бүжгийн хамтлаг, Андра загварын агентлагийн моделиуд зэрэг 100 орчим уран бүтээлчид нэгдэх нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Домборын эгшиг-2015” хүндэтгэлийн тоглолт болно

Казах түмний Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2015” хүндэтгэлийн нэгдсэн тоглолт өнөөдөр 14.30 цагаас Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтонд МУГЖ, поп хатагтай, дуучин Б.Сарантуяа, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ С.Боорой, СТА, дуучин Л.Байзада, СТА, домборын нэрт мастер Б.Айган, ДБЭТ-ын дуучин С.Батчимэг, ДБЭТ-ын дуучин М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай “Хара жорга” бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга, мөн Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцоно.

Тоглолтын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, казах түмэнд мэндчилгээ дэвшүүлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гамлет” жүжгийг маргааш тоглоно

УДЭТ-ын жүжигчид энэ сарын 22-нд 17:00 цагаас, 23-нд 19:00 цагаас “Гамлет” жүжгийг дахин тоглох гэж байна. Уг жүжгийг 1979 онд анх УДЭТ-ын тайзнаа анх тоглож байсан юм. “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан байдаг аж. Жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, А.Ганчимэг нар тоглохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноровын тайлбартай Монгол уран бүтээлүүд эгшиглэнэ

Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” зорилтот төслийн цуврал концертууд амжилттай үргэлжилж байна. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.

Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд байна. Концертонд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт З.Хангал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор тоглогдох юм. Уг тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгох нь ээ.

Тоглолт энэ сарын 19-нд буюу өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болох нь ээ. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн циркчид монголд иржээ

Олон улсын шилдэг циркчдийн “Дэлхийн цирк Монголд-2015” тоглолт энэ сарын 23-аас эхэлэн Монголын үндэсний циркт болох нь ээ. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног л саатах юм байна. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцно.

Тэгвэл олон улсын циркчид эхнээсээ Монголд иржээ. Өнөөдөр Ардчилсан Солонгос, БНХАУ-ын циркчид монголын циркийн манежнаа бэлтгэлээ базаах юм байна. Харин маргааш Испаи, Англиас циркчид Монголд ирэх нь ээ.

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран 2013 онд “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг анх удаа хийж байхад 13 орны циркчид ирж оролцож байсан. Энэ удаад 12 орны циркийн жүжигчид Монголд бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийхээр бэлтгэл үндсэндээ хангагдаад байна.

Сонирхуулахад, энэ удаагийн тоглолт өмнөх тоглолтоос тэс өөр шинэ үзүүлбэрүүд багтсан байгаа аж. Энэхүү тоглолтод оролцох циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын 11 жүжигчин манайд ирсэн. Мөн циркийн амь өрссөн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бол илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид маргааш хүрэлцэн ирнэ. Түүнчлэн сургуулалттай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, Латвийн циркчийн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд тун удахгүй ирэх нь ээ.