Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

УДБЭТ-ын арваннэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөр DNN.mn

УДБЭТ-ын 60 дахь улирлын нээлтийн тоглолтууд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үргэлжилж байна.

Тус театр дэлхийн гранд дуурь Ж.Вердийн “Аида” дууриар энэ сарын 1, 2-нд тоглолтын хөшгөө нээсэн бол өнгөрсөн долоо хоногт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон юм. Харин энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Л.Минкусын “Дон Кихот” балетыг үзэгчдэд толилуулна.

УДБЭТ-ын уран бүтээлчдийн 11 дүгээр сард тоглох тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Тодоос тод хэрнээ далд нууцлаг Ерөө гуай DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС/2014/… Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөөгийн тухай өгүүлсэн нийтлэлийг хүргэж байна.


Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөө Монгол Улсын гавьяат багш цол хүртэж үндэсний их баяр наадам дээр баяр нэмсэн цэнгэлтэй сайхан өдрүүд болж өнгөрөв. Их урлагт хийж бүтээснээрээ хамгийн ил хэрнээ элдэв магтаал, алга ташилт, сүр дуулианаас далд нууцлаг амьдрахуйн тодоос тод үлгэр жишээ болсон сонгодог дуурийн эрхэмсэг энэ хатагтайг “Өдрийн зочин”-оороо онцолж байна. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын урын сангийн тухайн цагийнхаа бүх дуурьт дөч гаруй дүр бүтээсэн дал, наяад оны меццо сопрано, Монголдоо өнөөгийн дэлхийн дуучдыг бэлтгэж буй “фронтын гол командлагчдын” нэг, дэд профессор түүнийг саяхныг хүртэл СТА гэж дуудахад их л хачин сонсогддог байлаа. Гавьяат жүжигчин тэрний багш соёлын тэргүүний ажилтан Ерөө гэж. Шавь нарынх нь нэг ДБЭТ-ын гоцлооч, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байрын шагналт Э.Амартүвшинг хоёр жилийн өмнө домогт дуучин Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанаас тэргүүн байрыг нь авчрахад монгол хүн сонгодог дуурьт тэр итали, оросынх нь зэрэгт хүрч буйг мэдэрч сонсогч түмэн монголчууд бид өөрсдөөрөө бахархаж байв.

ДБЭТ сонгодог статусаар анх 1963 онд эмхлэн байгуулагдсан. Тэр жилээ наадмаар “Лусын дагина” дуурийг тайзнаа тавихад Ерөө гуай Вангийн хатны дүрд дуулж, тэгэхэд хорь ч хүрээгүй байжээ. Театр ч, Ерөө гуай ч гараанаасаа гарсан цаг үе ажээ. Тавин нэгэн жилийн дараа тэрбээр гавьяат болохдоо мөн л наадмаар. Ерөө гуайд наадам их л ээлтэй бололтой. А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Вангийн хатан, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Ж.Вердийн “Травиата” дуурийн Флора, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Бүүвэйч гэхчлэн тус театрын урын сан дахь ерэн оноос өмнө тавьсан бүх жүжигт дуулж, ерэн оны эхээр Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуайн санал болгосноор СУИС-д багшилж эхлэхдээ ассистент багшаас эхэлсэн тухайгаа энэ өдөр дурсаж байна. Удалгүй ХБК дуулаачийн тэнхим нээснээр тэнд багшлах болсон ч ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн дуудлагаар буцаад СУИС-даа ирж, эдүгээ тэрбээр багшийн төдийгүй эх хүний эрдэм, ухаан, зүрх сэтгэлээрээ дуурийн урлагийн дэлхийн уран бүтээлчдийг бэлтгэсээр байна. Манай сонгодог урлагийн ертөнцөд өрнөж буй үйл явдлын хамгийн сүүлийн сайн мэдээг мөн л Ц.Ерөө багшийн шавь нарын нэг н.Бадрал дуулгалаа. Бадрал өнөө жил олон улсын хэд хэдэн уралдаанаас “Гран при” шагнал авчран багшийгаа баярлуулаад байна. Ер нь сүүлийн жилүүдэд М.Глинкийн уралдааны эхний байруудыг голдуу Ц.Ерөө гуайн шавь нар авч, дуурийн дуучны өндөр жишиг, Монголын дуурийн ирээдүйг үзүүлэх болоод байгаа билээ.

Цэргийн үлээвэр найрал хөгжмийн урын сангийн гол гол маршууд Ц.Ерөө гуайн аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн зохиолууд гэдгийг энэ өдөр дурсахгүй өнгөрөх учиргүй юм. Ерөө гуай энэ өдөр шавь нараараа бахархахын хамт ааваараа бахархаж “Би цэргийн үлээвэр хөгжмийн сүрлэг, яруу эгшиг дунд өссөн. Аав маань 120-иод марш бичсэн байдаг. Тэр бүтээлүүд нь өнөөг хүртэл эгшиглэж, эр цэргийн хийморь цогийг бадраасаар байна. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд ч аавын маань маршууд эгшиглэсээр байна” гэлээ. Эднийх угтаа их урлагийн гэр бүл юм. Хүү нь ДБЭТ-ын найрал дууны ерөнхий удирдаач бол бага охин нь төгөлдөр хуурын багш аж. Уран бүтээлч хэзээ ч хиймэл дүр гаргаж болохгүй. Дүр бүхнээ бодитоор амилуулах нь чухал гэж тэрбээр шавь нартаа сургадаг юм байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Банзрагч: “Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон DNN.mn

Хорьдугаар зууны манлай жүжигчид болох Цагааны Цэгмид, Түдэвийн Цэвээнжав болон Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү нартай “Сэрэлт” кинонд лам хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагчтай ярилцлаа.


-Таныг “Сэрэлт” Монголын уран сайхны киноны Пүрэвжавын дүрээр түмэн олон сайн мэднэ. Тухайн кинонд тоглож байх үеэсээ яриач?

-1956 оны найм, есдүгээр сарын дундуур кино зураг авалт эхэлсэн. 1957 онд одоогийн хөрөнгийн бирж байгаа газарт “Элдэв очир” гэж кино театр байсан. Тус кино театрт орой 19:00 цагаас гарч байлаа. Би энэ кинонд урлагийн алтан үеийнхэн болох агуу уран бүтээлчидтэй тоглосон. Тухайн үед 19 настай, жижигхэн биетэй хүүхэд байсан. Би Театр урлагийн сургуулийн жүжигчин, найруулагчийн сургуулийг төгссөн хүн. Энэхүү кино Монгол Улсын алдарт зохиолч тухайн үеийн БНМАУ-ын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ламзавын Ванганы зохиол юм. Л.Ванган, төрийн шагналт алдарт зохиолч Чойжилын Чимид нар хамтарч уг киног бүтээсэн түүхтэй. Тус киног Монголын түүхэн киноноос дээгүүр эрэмбэлэгдэж айргийн тав дотор л орно гэж боддог доо. Энэ алдарт кинонд урлагийн алтан үеийнхэн, тухайн үед Монгол даяар нэр нь алдаршиж, хүн бүрийн мэддэг агуу жүжигчид тоглосон гайхамшигтай сайхан үе. Тэр үед ардын жүжигчин Цагааны Цэгмид, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү, ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо, тайзны зураачаар ардын зураач Доржпалам, кино оперотароор төрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид ажилласан. Мөн ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчийн нэг С.Зоригийн ээж С.Доржпалам тухайн үед Анагаахын их сургуульд нэг хоёрдугаар курсийн оюутан байхдаа тоглож, миний эгчийн дүрд буюу Сүрэнгийн дүрд тоглосон Янжинжав гээд театрт дуучин, үүнээс гадна Жамсрангийн Гүр найруулагч, жүжигчин байсан хүн ажилласан. Гүр бол Жамцын дүр буюу миний ахад тоглосон. Энэ киноны найруулагчаар Урлагийн гавьяат жүжигчин манай алдартай найруулагчдын нэг Сангижавын Гэндэн зэрэг уран бүтээлчид ажилласан даа. Пүрэвжав хүүгийн дүрд тоглоно гэдэг бол надад сайхан боловч хүнд даалгавар байсан. Яагаад гэхээр театр урлагийн их сургуульд хоёрдугаар курст орох гэж байсан учир ямар ч гэсэн анхны мэдэгдэхүүнтэй, мөн дээр нь алтан үеийн уран бүтээлчидтэй тоглох нь хүнд даалгавар байлаа. Тэдгээр хүмүүс бүгдээрээ надад маш их тусалдаг агуу их багш нар байсан. Энэхүү кино маань дэлгэцээр гараад 60 гаруй жил болж байна. Энэ түүхэн кинонд эдгээр мундаг хүмүүстэй тоглосондоо үргэлж бахархаж баярлаж явдаг. Монголын ард түмэн ч жүжигчдийг дүр, алдар суу, өөрсдийн байгуулсан гавьяа, ажил хөдөлмөрөөр нь үргэлж бахархаж, дурсаж байдаг. Тэр үед кинонд тоглосон хүмүүсийг киноны дүрээр нь дууддаг байсан. Намайг Банзрагч аа гэж дуудахаас илүүтэй Пүрэвжав аа хэмээн дууддаг байлаа. Тухайн үеийн нэг гайхамшигтай нь дүрээ хүмүүст ойлгуулж тэр зэрэгтэй тоглоход маань алдарт гавьяатуудын агуу их дэмжлэг, сургамж нөлөөлсөн юм.

Тухайн кино анх гарахдаа “Оч” нэртэй байсан. Энэ нэр нь цаад утгаараа Монголын нийгэм улс төрийн байдал ямар байсан, ЗХУ Монголд хэрхэн тусалж байсан болон шарын шашин манайд ямар байр суурьтай байснаас улбаалан монголчууд биеэ хэрхэн авч явж байсан тухай харуулдаг шүү дээ. Тухайн үед Монголд маш олон аймшигт өвчин гарч байсан. Орос өөрсдийн гар бие оролцоотойгоор тусламж үзүүлдэг тийм сайхан үе байлаа. Тиймээс тэр гайхамшигтай үеийг бодож “Оч” нэрийг өгсөн болов уу гэж боддог. Тэгээд сүүлд нь Сэрэлт гээд сэргэсэн, дэгжиж дээшилсэн үеэр нь нэрлэж, тогтсон.

Би ЗХУ-ын Ленинград, Москвагийн Радиод очиж Монголын том сэхээтнүүдийн нэг болох Ванган багш, Чойжилын Чимэд, Эрдэнэбатын Оюун, Сангижавын Гэндэн, тайзны зураач Ц.Доржпалам нарын удирдлага дор дадлага хийж байлаа. Оросын холбооны улсад дээд курсээ төгсөөд ирсэн.

-“Сэрэлт” киноны “Бумаа” нэрээр алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн байхгүй. Та энэ хүний талаар дурсаач?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав бол хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. “Сэрэлт” киноны Бумаагийн дүрд Бумаа гээд сувилагчид, миний эгчид тоглосон Янжинжав хоёр эмнэлэгт ажилладаг хоёр. Одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвийн бага эмнэлгийн байр дээр зураг авалтыг хийсэн. Зохиолын нэр дээр “Хайрхан” сумын эмнэлэг гэж нэр өгсөн. Цэвээнжав гуай кинонд үнэн сэтгэлээсээ хандаж үзэгчдэд итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг агуу жүжигчин. Тэр үеийн жүжигчид дотоод сэтгэлийн ертөнцөө нээж өгч, амьдралд болсон үйл явдлыг дүр дээрээ аваачин тоглолт болгон гаргаж, үнэн байдлаар сэтгэлээрээ хүргэж байгаа нь ард түмэнд итгэлцлийг өгч чадсан гэж боддог.

-Таны аавын дүрийг бүтээсэн Цагааны Цэгмид гуайн тухай яриач. Киноны дараа та хоёрын харилцаа ямархуу байсан бэ?

-Ц.Цэгмид гуайг урьд өмнө нь таньдаггүй байсан. Би ер нь Цэгмид, Цэндээхүү жүжигчидтэй эхэн үедээ жаахан хөндий, юм ярихдаа бишүүрхэнгүй байдаг байсан. Нэг жилийн хугацаанд хөдөө байгалийн сайханд үргэлж зураг авалтад хамт байгаад сүүлдээ нэлээн дотно болцгоосон доо.

-Ах ламын дүрийг бүтээсэн Зундуйн Цэндээхүү гуайн талаар ярьж өгөхгүй юү?

-Цэндээхүү бид хоёр хоёулаа киноны зураг авахаас өмнө сургуулилт хийж бэлэн байх хэрэгтэй байдаг байлаа. Цэндээхүү гуай өөрөө лам дээлээ өмсөж, ламын шовгор малгай, хонх, дамар бүх зүйлээ тойруулж тавиад “Хувцсаа өмс Пүрэвжав, хувцсаа өмс, тэгэхгүй бол итгэл төрөхгүй шүү” гэж хэлдэг байсан. Хувцсаа өмсөж байж л жинхэнэ болно шүү гэдэг байлаа. “Миний хүү одоо энийг ингэж хийнэ шүү, тэрийг тэгж гаргана шүү” гээд үргэлж зааж зөвлөдөг байсан даа. Тэр үеийн жүжигчид ер нь шаардлага их өндөртэй байсан. З.Цэндээхүү гуай бид хоёр сүүлдээ их дотноссон. Дээр үед лам байсан хүн юм гэнэ лээ, тэр үед ганц бие байсан. Тэгээд лам байсан учраас ламын амьдралыг их мэднэ. Намайг аваачиж хоол идүүлдэг байсан. Ганцаараа гэртээ завилаад сууна. Дээлээ өмсөөд шар дурдан бүсээ чанга ороогоод бүсэлнэ, их нямбай цэмцгэр, лам байсан нь их мэдэгддэг цэвэрч байсан. Намайг үргэлж Пүрэвжав аа л гэж дууддаг байлаа.

“Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр би урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон хүн. Нэлээн хэдэн жүжгүүдэд дүр бүтээж байлаа.

-Та 1960 оноос 1991 он хүртэл гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Монголын радиод ажиллаж байсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би 1960 онд Соёлын яамны тушаалаар Монголын радиод ажиллах болсон. Радиодоо их хайртай байдаг, радиодоо 40-өөд жил ажиллачихаад СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд 20-иод жил телевизийн дарга байсан Чойжил зэрэг хүмүүстэй хамтран багшилж байсан. Сайхан шавь нар олонтой. Радио гэдэг нь тайзгүй урлаг гэсэн үг. Микрофонтой их харьцаж, жүжигчидтэй радио жүжиг их тоглодог байсан. Тэр үед зохиолчдын бичсэн зохиолоор жүжигчилсэн зохиомжуудыг их хийдэг байлаа. Радиод байх хугацаандаа 200 гаруй жүжиг найруулж бүтээсэн.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

З.Чингүүн BTS хамтлагийн тоглолтод оролцоно DNN.mn

Бүжигчин, модель, YouTuber Зоригтбаатарыг Чингүүн дэлхийн алдарт “Gillete” брэндийн нүүр царай болсон анхны монгол хүн бөгөөд БНСУ-ын гудамжны бүжигчдийн “Street man fighter” тэмцээнд оролцож, олон, олон шилдгүүдтэй өрсөлдсөн.

Тус цувралын эцсийн шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байв.

Тэгвэл өнөөдөр /2022.10.15/ Солонгосын Бусанд болох алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцохоор болсон аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Би мюзиклд дуулахыг мөрөөддөг байсан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай “Гэгээн муза” хүртсэнийх нь дараа ярилцлаа.


-Мюзиклд тоглож, шил­дэг туслах дүрээр “Муза” хүртэж, энэ жилийн драмын урлагийн наадмыг та нэлээн өргөж өглөө. Арав гаруй удаа болохдоо энэ наадам сүүл рүүгээ уйтгартай болж ирсэн л дээ. Өнөөдөр “Гэгээн Муза”-гийн онцлох үнэ цэн нь байсанд тань баяр хүргэе. Мюзиклд тоглох танд ямар байв?

-Би мюзиклд дуулах юмсан гэж мөрөөддөг байсан л даа. Оросын ч юм уу барууны одуу¬¬дыг хараад байхад дуу­лах гэсээр байтал нас нь явчих¬даг, дүр нь таарахгүй зэрэг асуудлууд байдаг юм билээ. Мюзиклд ер нь алдар­тай дуучид дуулдаггүй л дээ. Манайд бол хошин урлагт цөөн тооны алдартай жүжигчид, тэднийгээ тойроод бусад туслах шинэ жүжигчид оролцдог шиг тиймэрхүү хувил­¬бараар мюзикл явах ёстой юм шиг надад санагддаг. Энэ үүднээсээ манай Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, дуурийн Ч.Түмэн­дэмбэрэл, Цогтдэлгэр гээд нэг ёсондоо урлагийн тайзнаа нэлээн туршлагатай хүмүүсийг сонгосон байна. Ромеод тоглосон “Акапелла” хамтлагийн дуучин, жүжигчин Мөнх-Од бол бас л олон кино сериалуудад тоглосон жүжигчин. Иймэрхүү турш¬ла¬гатай, бас хоолойтой дууч¬дыг сонгосон Лхагвадорж най­руулагчийн сонголт их зөв байжээ гэж бодсон. Бүх цэргийн дуу бүжгийн чуул¬гыг түшиглэсэн нь ч бас зөв болсон. Мөн Тебальдад тогло­сон Гантулга бол “Сити” дээд сургуулийн яг мюзиклийн ангийг төгссөн, үүнээс өмнө бас мюзиклд дуулчихсан, Монголынхоо хэмжээнд турш¬лага¬тай дуучин орж ирсэн. Ингээд уран бүтээлчдийн хувьд их сайхан цогц бүрдэж чадсан. Олон байгууллагын болон хувь уран бүтээлчид нэг баг болж ийм том цар хүрээтэй мюзиклийг гурван удаа тоглосон нь том ажил гэж би бодож байгаа. Ер нь анх удаа нэр дэвшиж байгаа уран бүтээлчид Гэгээн Муза хүртэнэ гэж бараг байдаггүй юм шиг байна л даа. Миний хувьд их азтай тохиолдол болсон юм болов уу. Уран бүтээлдээ гаргасан өөрчлөлт гэмээр ч юм шиг. Дандаа эстра¬дын дуу дуулдаг хүн дүр бүтээж, диалоги уншаад л. Өрлөг эх бол их өргөн дүр юм. Зодолдоно, уйлна, аргадна. Сүүлдээ инээдэмтэй ч юм шиг санагдаж байв. Анх Лхагвадорж найруулагч надад санал тавихад нь “Би ийм настай хүний дүр бүтээж чадахгүй байх, уучлаарай” гэсэн л дээ. Болдог бол хатаг­тай Капулетт юм уу Монтеки болчихмоор ч юм шиг санаг­даж байлаа. Эхэндээ тэр өрлөг эхийн дүрийг ямар өргөн болохыг нь би ойлгоогүй бай­лаа л даа. Гэтэл найруулагч маань юу ч гэсэн та линкээр ороод энэ мюзиклийг франц хувилбараар нь үзчих гэсэн юм. Мюзиклээ бүтнээр нь үзлээ. Тэгээд “Уучлаарай, миний алдаа байжээ. Би дуулъя” гээд саналыг хүлээж авсан. Дуулалт жүжгийн төрөлд туслах эмэгтэй дүр гээд нэр дэвшихэд хүртэл би маш их баярласан. Намайг маш их тоолоо гэж урам орж байлаа л даа. Дуучид бид бол муза авах байтугай нэр дэвшихэд “ээ, бурхан минь” л гэж бодно шүү дээ. Гэтэл авчихсан чинь их гоё байна. Мюзикл дуулалт жүжиг хоёрыг салгаж авч үзэх ёстой гэсэн яриа мэр сэр гарч байсан ч тэр нарийн ширийн юманд нь би нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Анх удаа нэр дэвшээд авч байгаа энэ шагнал бол ганцхан миний шагнал биш шүү дээ. Мюзиклдээ өгч байгаа шагнал юм.

-Мюзикл тоглох танд ямар байв?

-Гайхалтай гоё байсан. Бэлтгэл сургуулилт дээрээ бүр уйлж байлаа. Анх удаа сонгодог, Шекспирийн бүтээлд дуулж, дотор нь ороод Меркусио алагдаад, Тебальд өнгөрөөд, хоёр хосын өмнөөс бас харамсаад би уйлсан. Тайзны ард нулим­саа арчаад зогсч байлаа. Гол нь Францын тэр агуу хөгжмийн зохиолч байна л даа. Тэр хүний аялгуунд нь би бүр автсан л даа. Агуу их, жинхэнэ уран бүтээл гэдэг хүнийг өөрийн эрхгүй татаад байдаг юм байна. Ярьж байгаа яриа маань нэг л үнэмшилгүй санагдаад би эхэндээ жаахан сандарсан. “Ромео чи Жульеттад хайртай юу?” гэх жишээтэй өөртөө би нэг л үнэмшилгүй санагдаж байлаа л даа. Миний хувьд анхны мюзикл болохоор мар­таг­дашгүй туршлага боллоо. Цаашид дахин ийм сонирхолтой дүр авч мюзиклд дуулах юмсан гэсэн бодол үлдсэн шүү. Үзэгчид маань ч их урам хайрлалаа.

-“Муза”-гийн тайзан дээр та юу мэдрэв?

-Жүжигчдийн дунд ороод харж байхад рок, попынхныг бодвол их эмоцитой улс шиг санагдсан. Жүжиглэлт гэдэг хүний сэтгэл зүрхнээс маш их хөдөлгөөн гаргадаг юм байна. Жишээ нь, би бүтэн концерт дуулахдаа бүх дуун дээр өрлөг эх шиг сэтгэл зүрхээрээ догдлохгүй байх. Өрлөг эхээс арай бага догдлох байх аа. Жүжигчин хүн зүрхээ хайрлаж байх ёстой гэдэг үнэн л юм байна. Маш их эмоци, дотоод сэтгэлгээ, гаднах тоглолт, дотоод тоглолт их шаарддаг юм байна.

-Ерэн хэдэн он руу эр­гэж орцгооё л доо. Та ерэн зур­гаан онд ардын дуунд хандсан модерн этник маягийн тоглолт СТӨ-нд хийж, орчин үеийн хөгжимд том үсрэлт, тэсрэлт хийсэн. Тэр бол жинхэнэ монгол поп байж л дээ. Үйл явц чухам яаж эхэлсэн юм бэ?

-Би орос сургууль төгссөн хүүхэд, ээж минь якут. Монгол гэдэг юм надад бага байлаа л даа. Хэдийгээр эмээ өвөө дээрээ өссөн боловч орос сургуульд сурч, гэртээ оросоор ярьдаг, тухайн цаг үе маань ч тиймэрхүү орос соёлын нөлөө ихтэй. Хүн ер нь явж явж өөрийнхөө хамгийн муу мэддэг салбар руугаа явдаг юм байна л даа. Би эстрад дуу, барууны тэр үеийн ихэнх поп дуунуудыг цээжээр мэддэг байсан боловч ардын дуу байтугай ер нь монгол дуугаа дуулахдаа гадаад хүн шиг дуулдаг байлаа. Тэгээд ер нь энэ дуунуудыг дуулах юм сан гэсэн бодолтой яваад байсан. “Аргагүй амраг”-ийг бол аялах дуртай байсан юм. Яг юунаас эхэлсэн юм бэ дээ. “Зүүдний говь” гэдэг дууг ардын жүжиг­чин Чимэдцэеэ гуайн дуулсан нэг баримтат киног би үзсэн юм. Чимэдцэеэ гуай Элсэн тасархайн элсэн дээр зогсоод дуулдаг хэсэг бий. Тэр хэсгийг гэртээ магнитофонд хуулж аваад энэ дууг дуулъя гэж шийдсэн. Яг эндээс л эхэлсэн юм. Хөгжмийг нь Г.Пүрэвдорж гуай найруулсан юм. тэр бол хөгж¥мийн зохиолч Пүрэв­дорж гуай уянгын этник маягийн бүтээл хийж эхэлсэн үе л дээ. Дараа нь “Буян” компанийн дэргэд манай “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдсан. Баруунд гарах зорилготой бай­гуулагдаж байлаа. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж, Энхбаяр, дуучин Ганхуяг, дараа нь Дашдондог, Өлзий-Орших, Цогоо бид хэд. Ая зохиогч Сансар ахтай монгол попын анхны “Хархорин” гэдэг дууг хийсэн юм. Поп стильтэй мөртлөө монгол пентатоник аялгуутай дуу. “Эрдэнэ зуу” байна. Энэ бүхэн эхлэл бай­сан байхгүй юу. Монгол попын суурь тэгж тавигдсан юм. М.Цэдэндорж гуайн шүлэг морин хуурын тухай дуу байна. Ингээд зөндөө дуу­нуудыг бид “Хөх тэнгэр” хамтлагтаа дуулсан. Ийм гоё гоё дуунуудыг дуулаад надад суурь нь тавигдчихсан байсан л даа. Тиймээс ардын дууг яагаад дуулж болохгүй гэж гэсэн бодлоор зориглож орсон л доо.

-Ардын дууг ер нь дуу­лаад үзье гээд сурч эхэлсэн тухайгаа хэллээ. Гэтэл цаана нь монгол хөгжмийн таашгүй өргөн соёл өмнө тань гараад ирсэн байх. Үүнийг тухайн үедээ та ухаарч, анхаарч харсан байлгүй?

-Дууг нь анх бичээд авчих­сан байсан үе. Яагаад гэвэл, 1995 онд би “Инээмтгий хүн” цомгоо гаргачихсан бай­сан. Попыг үндсэндээ дээд хэмжээнд нь дуулчихсан бай­сан учраас цааш нь эрэл хайгуул хийж байсан үе л дээ. “Аргагүй амраг” дээр ч “Хайрын бурхан” гэхчлэн поп дуунууд орсон шүү дээ. Гэсэн хэрнээ өөрийн эрхгүй ардын дуунууд, хуучны киноны дуунуудыг дуулах хүсэл төрсөн хэрэг. “Баян Монгол” чуулгын дуу­чин, “Намуун байгаль”-ийг дуулдаг Эрдэнэчимэг найзтайгаа нэг удаа цагаан сараар ах эгчийнд нь очиж золгоод “Нүдний үзүүрт цэнхэртсэн…” гэж ирээд хоёр хоолойгоор дуулав. Тэндээс ер нь иймэрхүү дуунуудыг дуулбал яасан юм бэ гэсэн санаа төрж, Лувсаншарав гуайн “Холоос гүйдэлтэй борлог минь…” дуунаас эхэлж дуулсан даа.

-“Нүгэл Буян”-г та үнэн­хүү гоё дуулсан. “Гоо¬лин­гоо”-д гэхэд л хоёр гуравхан хүн хандсан бай­даг. Ичинхорлоо гуайн хүрээ стиль, дараа нь Норов¬бан­зад гуайн сон­годог дэг, дараа нь таны модерн ханд¬лага байна. Тэр чинь бараг дангаараа манай хөгжмийн нэг том үзэл санааны чиг хандлага байж байгаа. Үгийг нь та сүүлийн хэсгийг нь өөрчилж дуулсан байх аа?

-Үгийг нь надад И.Цоодол гуай бүрэн эхээр нь зааж өгөө¬гүй шүү дээ. Уртын дуучин Цоодол гуай. Тэр хүнийг зураач Тэнгис-болд надад зааж өгсөн юм. Энэ сайхан дууг заалгаж ав гэж. Цоодол гуай ч надад шууд заагаад өгчихөөгүй. Энэ юу хийх гээд байгаа хүүхэд юм бол гэсэн үүднээс жаахан харзнасан байх. Би нэг дууллаа. Тэрийг маань диктофон дээр бичиж авсан. Намайг бодоод үгийг нь их зөөлнөөр аргалж хийж өгсөн юм. Залуухан, тэнэгхэн явсан юм чинь би тэр дууны нарийн ширийнийг мэдэхгүй л яваа хэрэг. Цоодол гуай надад “Аргагүй амраг”-ийн нугалааг зааж өгсөн, “Өнчин цагаан ботго”-ыг зааж өгсөн юм. Сүүлд 2001 онд “Өнчин цагаан ботго”-ыг би Норовбанзад гуайтай хамт тайзнаа гарч дуулсан шүү дээ. Тэр бол гайхалтай үйл явдал болсон.

-Бичлэг нь байгаа байх. Цомогтоо оруулах уу?

-Телевизийн бичлэг нь байдаг. Үүнийгээ сэргээнэ л гэж боддог.

-“Аргагүй, амраг”, “Нүгэл буян” зэрэг ардын дуу­гаар эхэлсэн модерн этник хэв шинжээ та хэрхэн үргэлжлүүлэв. Орхиогүй биз дээ?

-Алдаагүй. 1996 оноос хойш “Салхины хээ”-гээр үргэлжлүүлсэн.

-“Ихэр саран” байна?

-Тийм. Ингэж үргэлжилж явсаар байгаад “Аргагүй монгол аялгуу”-гаа нэгтгээд, бас хуучны бичлэгүүдээ өөрч¬лөөд үндэсний амьд хөгжим оруулж өгсөн юм. Үүний дараахнаас шанзны тоглолт моодонд их оров доо. “Аргагүй амраг”-ийг амьдаар тоглуулснаас хойш шанзны гурвал эд нар тувт тэрийг л тоглодог болсон байна лээ. “Гоолингоо” дээр хуучир оруулсан. Үнэхээр гайхалтай дуугарсан.

-“Ихэр саран” бол онцгой сэтгэл татам дуу шүү дээ. Ямар нэг домог цаана нь бий юу. Шүлэг, хөгжмийг нь хэн бичсэн юм бэ?

-Ш.Гүрбазар гуай үгийг нь, хөгжмийг нь Б.Балхжав гуай зохиосон юм. Клипний зургаа зарим хэсгийг нь Хандгайтад, зарим хэсгийг нь Хөвсгөлд авсан. Одоогийн энэ “Х ТҮЦ”-ийн Бархүү цаатан залууд тоглосон байгаа шүү дээ.

-Айхтар том том тоглолтууд, орчин үеийн хөгжмийн шинэ урсгалыг гаргаж тавьж байсан тэр үедээ та яг хэдэн настай байсан юм бэ. Гуч хүрээгүй байсан уу?

-Хорин тав, зургаатай л байсан. Ер нь хүн сайн үр суулгасан бол шимийг нь хожмын цагт ч хүртээд явдаг нь агуу л юм билээ. Юу ч гэмээр юм. Сарантуяа өөрийгөө шавхчихлаа гэж үзэж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, бүр цоо шинэ рүү яваад байхаар хуучнаа үгүйсгэж мартагнуулах муу талтай гэдгийг би ойлгож бодож явдаг л даа.

-Х.Лхагва та хоёрын хам­¬¬тарч дуулсан “Анхны хайр” гэж гоё дуу байна. Үүнээс өөрөөр та хоёр хамт дуулаагүй юм байна, тийм ээ?

-Бид хоёр Өлзий-Оршихын тоглолт дээр нэг удаа хамт дуулсан. “Анхны хайр” гэдэг дууг миний “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт дээр Лхагва ханхүү болж дуулсан байгаа шүү дээ.

-Цагийг эзэлсэн хоёр дуу­чин нэг дууг хамтарч дуулсан нь поп рокийн нэгэн цагийн түүхэнд том үйл явдал, сон­согч фэнүүдэд их том бэлэг юм. Дахин хамт дуулах бодол бий юу?

-Олуулаа дуулсан дуунд бид хоёр зөндөө дуулсан байх. Харин хамт дуулах өөр санал одоогоор ирээгүй байгаа. Би олон эрэгтэй дуучинтай хамтран дуулсан байдаг. Энэ дундаас Төмөрцог бид хоёрын дуэт, Ганхуяг бид хоёрын дуэт их сайхан санагддаг. “Анхны хайр” гэж Өөжгийгийн зохиосон дууных нь фактур ч гэсэн яг Лхагвааг бодож, Сарааг бодож, бид хоёрт зориулж зохиосон болохоор хүмүүст онцгой сэтгэг­¬дэл төрүүлэхээр болж чадсан байх аа. Бид залуу байсан, оргилуун сэтгэлтэй, гэнэн байсан тэр үеийг л харуулсан дуу юм.

Рок, поп хөгжимд Сараа, Лхагвагийн дараагийн үе, та хоёр шиг хүчтэй дуучид гарч ирэхгүй байх шиг. Юутай хол­боотой гэж та боддог вэ?

-Амьд хөгжимтэй тоглосон дуучид урт настай байдаг юм болов уу гэж би боддог. Залуу дуучдыг хараад байхад авьяас нь хангалттай байгаа боловч ур чадвар, хувийн зохион бай­гуулалт их дутагдаж харагд¬даг. Хөгжихгүй байна л даа. Чадалтай чадалтай хүүхдүүд орж ирээд л унтраад байгаа байхгүй юу. Час гээд асаад л шүдэнз шиг унтраад байгаа юм. Хүчтэй үе гарч ирэхэд маш их тэвчээр, хөдөл­мөр шаардана. Багтай хамтран ажиллах чадвар, өөрийгөө боловсруулахдаа байнга бусад­-тайгаа хамтарч баг болж явж боловсрох шаардлагатай бай­даг. Ганцаараа буланд суугаад боловсрохгүй шүү дээ. Сайн уран бүтээлчид бол байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Балхжав: Би алдарт морин хуурч Жамьяны гарын шавь DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРАВДУГААР САРД НИЙТЛЭГДСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавтай ярилцлаа.


-Урлагаар хүний нийгмийг баясгаж гэгээрүүлнэ гэдэг гайхамшиг. Таны хувьд мянга гаруй дууны аялгуу зохиож ард түмнээ баярлуулсан гэв үү?

-Мянгаад дуу байна. Хорь шахам жүжиг, киноны хөгжим, үндэсний оркестор болон морин хуурын чуулгат зориулсан дан хөгжмийн бүтээлүүд гээд нэлээд бүтээл бий. Анхны дуу маань гэвэл ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг “Амин нутаг” шүү дээ. Яагаад ч юм Монгол эх орондоо сэтгэл зүрхнээс хайртайн илэрхийлэл болж энэ дуу надаас төржээ. Тэрнээс залуу хүн хайр сэтгэлийн тухай дуу ч юм уу бичиж болох л байсан. Зохиосон мянгаад дууны минь жаран хувь нь эх орны тухай байгаа нь “Амин нутаг”-аар эхэлсэний буян заяа гэж боддог. Хамгийн сүүлд гэхэд би С.Эрдэнэболдын шүлгээр “Хамтдаа хайрлах эх орон” гэж дуу бичлээ. Эх орны тухай хоёр дууны хооронд би “Тэр намайг дурсдаг болов уу”, “Зүүдний ханхүү”, “Нулимсаа арч охин минь”, “Би жаргалтай”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Үггүй мордсон чи минь”, “Ижий бурхан”, “Шинэ жил манайд ирлээ”, “Жинжиймаа” зэрэг олон бүтээл туурвижээ. Аль бүхнийг нэрлэж барахав.

-Та хөгжим зохиох суурь дэвсгэртэй хүн байв уу?

-Манай аав Байшин үйлдвэрлэх комбинатад насаараа жолоочоор ажилласан ч урлагийн асар өндөр мэдрэмжтэй хүн байсан. Цэргийн гуулин хөгжим тоглож байхад минь дэмждэг байлаа.

-Аав чинь Байшин үйлдвэрлэх комбинатын жолооч байсан гэхээр та хотын унаган хүүхэд үү?

-Би өөрийгөө хоёр сэтгэлгээтэй хүн байж гэж одоо бодоод байгаа юм. Миний аав, ээж хоёр намайг цэл залуухан насандаа гаргасан, би бол цэргийн хүүхэд байхгүй юу. Тиймээс миний хүүхэд насны бүх амьдрал Төв аймгийн Алтанбулаг суманд өвөө эмээтэйгээ өнгөрсөн. Зун нь хөдөө байдаг байсан болохоор яаж морь тарлахав, хонио хаагуур хариулахав, тэр бүгдийг сайн мэднэ. Өвөл нь харин хоёрдугаар дөчин мянгатын хүүхэд болно. Хотын хүүхэд орцондоо гитар тоглож, дуулна. Ийм хоёр амьдралын дунд өссөн болохоор миний уран бүтээл морин хуур болоод орчин үеийн бүх хөгжимтэй холбоотой байдаг. Хэрвээ би тас хөдөөгийн хүүхэд байсан бол зохиолын дуу талдаа, бас хотын унаган хүүхэд байсан бол эстрадын чиглэлийн хүн байх байсан шүү.

-Таны “Талын Монгол айл” дуу ч монгол поп мөртлөө этник талдаа байдаг нь “хоёр нутагтан” байсны чинь илэрхийлэл байна шүү дээ?

-Балхжав гэдэг сэтгэлийн хүн маань хоёр хуваагдсаны л нэг илрэл наад дуу чинь мөн шүү. Одоогийн манай телевизийн “Universe best songs”-ын шалгаруулалтыг Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нар тухайн орон нутагт нь очиж авдаг байлаа. Тэгэхэд 24 дүгээр сургуулиас нэрт хуурч Жамьян багш маань манай ангиас балетын ангид Баярааг, морин хуурчийн ангид намайг шалгаруулж авч явж байсан. Тэр чинь би гуравдугаар ангид байсан гэхээр 1970 он юм.

-Та агуу их Жамьян хуурчийн гарын шавь байх нээ?

-Ёстой гарын шавь нь. Гурваасаа арванхоёрдугаар анги төгстлөө тэр их хүний морин хуурчийн ангид сурлаа. Даанч тоглоогүй гучин жил болсон болохоос биш яах аргагүй мэргэжлийн морин хуурч юм, би. Морин хуур хөгжим ч хийл шиг хөгжчихлөө. Ширэн цартай хуурыг ваннын өрөөндөө тоглоход чийг цохиод хэцүү байдаг. Одооны морин хуурыг гадаадад захиалаад хийлийн стандартын дагуу олон жил хатаасан модоор урлаж байна. Тийм ч учраас морин хуурт хоёрхон чавхдастай мөртлөө дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглож болж байна.

-Хөгжим бүжгээ төгсчихөөд хаана хуваарилагдав?

-Хөгжим бүжгээ төгсөөд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ангийнхаа Цэнгэлмаагийн хамт хуваарилагдлаа. Манай ангийнхан бүгд Дарханд оччихсон байгаа. Тэр үед Дархан хот шинээр байгуулагдаад дуу хүртэл зохиогдчихсон байсан. Залуу хүн болохоор тэднийгээ нэг дор байгаад их атаархаж, бараг л нойргүй хонодог байлаа. Харин би энд нэг их удалгүй гадаадын сургуульд явсан шүү.

-Хаанахын ямар сургуульд явсан юм?

-Польшийн Лодсын хөгжмийн сургуульд явсан. Тэр сургуульд явахад ардын жүжигчин Д.Лувсаншарав агсан шалгалт авч дэмжсэнийг мартах аргагүй. Тэгтэл Польшид өөрчлөн байгуулалт өрнөж ЗХУ-ын Ленинград хотод найруулагчийн ангид ирж байсан. 1986 онд сургуулиа онц төгсөөд иртэл Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар томиллоо. Эндээсээ Телекино үйлдвэр рүү шилжиж “Шувууд буцах намар” анхны киноны зураг авалтаар хөдөө ажиллаж байтал хотын захиргаанаас захирамж гарч, шинээр байгуулагдах хотын телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирлаар томилогдсоныг дуулгасан. Ингэж 1992 оны долдугаар сард томилогдож есдүгээр сард телевизээ нээх үүрэг авсны дагуу өдөр шөнөгүй ажиллаж “Улаанбаатар” телевизийг үүсгэн байгуулж хорь гаруй жил ажиллаж байна даа.

-Та “UBS” телевизийн хамт олныхоо тухай ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би хамт олондоо үнэхээр хайртай. Яагаад гэвэл миний уран бүтээлчид баярлаж гуниглаж, гомдож шаналж чаддаг. Ийм л хүмүүсээс уран бүтээл төрдөг. Энэ бол хүнээрээ байгаагийн шинж. Баярлаж, гуниглахыг мэддэггүй хүн гантай зуны тэнгэр шиг хуурай хоосон байдаг. Анхны тоглолтоо 1999 онд хийхэд аав маань хэвтэрт, нүд нь юм харахгүй болчихсон байлаа. Гэхдээ орныхоо хажууд радиогоо аваачиж тавиад хүүгийнхээ тоглолтын тухай сонсож, хамт олноор минь бахархаж байж билээ. Тэгэхэд манайхан миний өмнөөс баярлаж, нүдэндээ нулимстай зогсож байсныг би хэзээ ч мартахгүй. Амьдрал иймдээ л сайхан даа.

-Та хамт олондоо их хайртай чинь нүдэнд чинь хураад ирсэн нулимс чинь гэрчилж байх шиг?

-Хэдийгээр би том телевизийн захирал, мундаг хүн шиг харагддаг ч гэсэн хэлж ирэхгүй зовлонгийн өмнө өөрийн эрхгүй өвдөг сөхрөх үе ирдэг. Тэр үед хажуунаас өргөөд босгох хамт олон надад байдаг. Аавыгаа алдчихаад яахаа ч мэдэхгүй зогсож байхад аавыг минь тэврээд гарч байсан тэр хүний ачийг би мартахгүй. Дараа нь Монгол Улсаараа овоглосон уран бүтээлч болоход манайхан аавын минь оронд аав болж, тэр орон зайг хайраараа нөхсөн. -“Миний дуунууд” тоглолт чинь энэ жил 16 дахь жилдээ зохиогдож байна. Анхны тоглолт чинь сэтгэлд чинь мартагдахгүй биз?

-Төсөөлж байснаас ч хавьгүй олон хүн ирсэнд урамшиж түүнээс хойш тоглолтоо жил өнжилгүй хийлээ. Энэ жилийн тоглолт маань энэ сарын 23-25-ны өдөр 19 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд уламжлал ёсоор болох гэж байна даа. Монголын гайхамшигтай дуучид, хамтлагууд ирж миний дуунуудыг толилуулдаг болохоор би үзэгчдээ сэтгэл өндөр байдаг гэж боддог доо.

-Танай хамт олон “Содура” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг хэзээ хийх гэж байна?

-Хоёр жилийн турш хийсэн зураг авалтаа дуусгаж, цаатан эмэгтэйн нэрээр нэрлэсэн “Содура” киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон. Бидний сайн мэдэхгүй цаатан ардын амьдрал ахуйг дэлгэцэнд мөнхөлж байгаагаараа ихээхэн онцлогтой бүтээл л дээ. Кино бүтээх их ажил эхэлсний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлийн их тайгыг зорьж, цаатны урцад хонож, тэдний зовлон жаргалыг хуваалцахад “Зөв ажил эхлүүлжээ” гэж өөртөө урмын ташуур өгсөн дөө.

Л.БАТЦЭНГЭЛ

З. БАТХУЯГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Хунт нуур” төрсөн адармаатай баримтууд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… “ХУНТ НУУР” төрсөн адармаатай баримтууд нийтлэлийг хүргэж байна.


“Хунт
нуур” бол дэлхийн сон­годог балетаас монголчуудын хамгийн сайн мэдэх балет
болох нь маргашгүй ээ. Бид өмнө нь
зохиогчийн тухай болон энэ жүжгийн талаар мэдээлэл хүргэж байсан бол харин энэ
удаа уг балет хэрхэн төрсөн адармаатай баримтуудаас хүргэж байна. Эртний
германчуудын домог болон орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэ балетын цомнол хоёр
янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэл­тэйгээр
бичиж, “Хунгийн нуур” нэрээр Москвагийн Большой театрт 1877 оны хоёр­дугаар
сард тавьсан байна. Үүнээс өөр хувилбараар Мариус Петипа Лев Иванов нар сэргээн
шинэчилж 1895 оны нэгдүгээр сард Петербургийн Марийнскийн театрт тавьжээ. Энэ
удаа Петербург дэх эзэнт гүрний теат­рын Ерөнхий удирдаач хөгжмийн зохиолч
Рикардо Дриго Чайковскийн хөтөлбөрийг хянан засварлаж тавьсан гэдэг билээ.
“Хунт нуур” балетын анхны эхийн тухайд судлаачид санал зөрөлдөөнтэй байцгаадаг
аж. Зарим нь цэвэр орос үндэстний балет гэдэг бол зарим нь герман домгоос
сэдэвлэснээр нь өөрөөр үздэг байх жишээтэй.

Гэхдээ
хамгийн гайхалтай нь энэ бол Чайковскийн анхны балетын хөтөлбөр юм. Үүнээс өмнө
нэг ч балет бичиж байсангүй ажээ. 1890 оныг хүртэл балет нь хэн сонирхсон нь
бичдэггүй, балетаар мэргэшсэн “тусгай” хүмүүс бичдэг гэсэн ойлголт ноёрхож
байж. Зохиомжийн маш чамин тансаг чимэглэлтэй, яруу дуурьсал төгс, маш өндөр
түвшинд эрэмбэлэгдсэн хэмнэлтэй тухайн үеийн балетын хэм хэмжээг ягштал
илэрхийлсэн байх ёстой гэж үздэг байжээ. Тийм нөхцөлд Чайковский балетаа
бичихийн тулд эхлээд мөнөөх “тусгайлан” балетаар мэргэшсэн хөгжмийн зохиолчдын
хөгжмөөс суралцсан гэж Чайковскийн намтарт бичсэн байх юм. Тэрбээр Пуни ч юм уу
Минкус нарын зохиолыг ийм маягаар судалсан гэдэг. Минкусын хөгжмийг Монголын
үзэгчид “Дон Кихот” балетаар нь сайн мэдэх
юм. Чайковский энэ хоёр зохиолчийн балетын хөгжмүүдийг детальчлан судлах
хүртлээ дээрх тогтсон үзэл хандлагаас огт өөр байр суурьтай байжээ. Балетын
хөгжмийг судалж байхдаа тэрбээр хэнээс ч илүү Лео Делиб, А.Адан нарын, дараа нь
Дригогийн балетын хөгжмийг үнэнхүү биширсэн байна. “Би Делибийн “Сильвия”
балетыг сонслоо. Аялгуу, хэмнэл, эгшиг­лэгээ, нь юутай гоё ганган, сэтгэл татам
ялдам, юутай баялаг юм бэ. Хэрвээ би “Хунт нуур”-ыг бичсэнийхээ дараа эдгээр
хөгжмийн ямар агуу их болохыг олж мэдсэн бол яана аа гэж маш их ичлээ” хэмээн
нутаг нэгт хөгжмийн зохиолч нөхөртөө бичсэн байх аж. Чайковский А.Аданы 1844
онд бичсэн “Жизель” балетын хөгжмийг биширч, түүний арга барилаас “Хунт нуур”
балетдаа ашигласан гэдэг. 1868 онд бичиж байгаад орхисон “Воевода” нэртэй
дуурийнхаа хөгжмөөс нэлээд хэсгийг загвар болгон авч “Хунт нуур”-аа бичсэн байх
жишээтэй. “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдэл дэх Сүр жавхлант адажио буюу
дурлалын дуэтийг дээрх дуурьтаа суурилан бичсэн бол гуравдугаар үзэгдэл,
дөрөвдүгээр үзэгдлийн зарим сэдвийг мөн ийн бичсэн байна. Үндсэндээ дуусгалгүй
орхисон “Воевода” дуурь нь “Хунт нуур” балетынх нь суурь, загвар болж өгсөн
байх юм. Ингээд “Хунт нуур” балет 1876 онд бэлэн болж, жүжгийн сургуулилт
эхэлсэн байдаг. Гэвч балетмейстр нь Чайковскийн хөгжмийг бүжигт “хөрвүүлэхдээ”
санааг нь эвдэж эхэлсэнд зохиолч дургүйцсэнээр их зохиолчийн санаа балетад
бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан байна. Энэ балетыг бичих явцдаа Чайковский сэтгэлийн хөдөл­гөөнөө барьж дийлэхгүй байсан
ба тэр их эмоци нь балетыг богино хугацаанд амжилттай бичиж дуусгах хөдөлгүүр
нь байсныг тухайн үед найзууд нь, хожим судлаачид онцолсон байдаг. Чайковский
“Хунт нуур” балетаа 1875 оны хавар эхэлж 1876 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн
хэмжээгээр бичиж дуусгажээ. Тэрбээр бичиж эхлэхдээ л бушуухан дуусгахын хүслэн
болж яарч байсан нь түүний найз нөхдөдөө бичсэн захидлуудаас харагдана. Зарим
судлаачид “Хунт нуур”-т абстракт хэв шинж цөөнгүй тааралддаг гэж хэлдэг ч
түүнийгээ нотолж чадаагүй. Зохиогчийн гар бичмэлийг хэн ч олж үзээгүй байгаа учир
нотлох баримт үгүй юм. Чайковскийн ийнхүү балетын төрлөөр анхны бүтээлээ бичиж
байхдаа түүнээсээ үргэлжийн кайф авсаар байсан тухайгаа най­зууддаа бичиж
байсны зэрэгцээ “Хунт нуур” бол маш нүсэр зорилт гэдгийг тухайн үедээ бүгд
ухаарч байж. Гэтэл анхны тавилт амжилт олоо­гүйгээр барахгүй бүхий л сөрөг
шүүмжүүд, бүжигчид, тайз засал, найрал хөгжимд чиглэжээ. Сайн бүтээл болжээ гэж
хүлээн зөвшөөрсөн цөөн судлаач шүүмжлэгчид хүртэл “Хунт нуур хэдийгээр сайн
хөгжим болсон ч балет болтлоо хол байна” гэцгээжээ. Түүнчлэн олонх нь байдаг л
нэг мелодрам болж гэж дүгнэсэн байна. Тэд Чайковскийн анхны энэ балетын
сэтгэлзүйн агуу гайхамшигт драммыг огт өөрөөр хүлээж авсан нь “хэтэрхий
пижигнэсэн, хэтэрхий Вагнерчил­сан, хэтэрхий симфонийн шинжтэй болжээ” гэсэн
шүүмжлэлээс нь илт харагдана. Балетмейстрийг нь огтхон ч уран сэтгэмжгүй,
шинэлэг юмгүй, бүхэлдээ дахиж дурс­мааргүй балет болж гэж ам мэдэн муулжээ.

“Хунт
нуур” балетын Одеттагийн дүр нь аз жаргалгүй олон эмэгтэйчүүдийг дүрсэлсэн
түүний хөгжим дэх анхны зовлонт эмэгтэйн фигур юм. “Хунт нуур” балет хилийн
чанадад анх тавигдсан нь 1884 онд Англид, 1888 онд Прагвайн Үндэсний театрт
тавигдсан бөгөөд Чайковский өөрөө удирдан тоглуулсан байна. Энэ тухай өдрийн
тэмдэглэлдээ бичихдээ “Балет бичсэний минь юутай ч харьцуулшгүй аз жаргал, баяр
баясгалан энэ байлаа” гэжээ. 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр Петипа ба
Всеволоцки Иванов уг балетыг шинэчлэн засварлаж тавихыг санал бол­госонд
зохиолч зөвшөөрсөн байдаг. Харамсалтай нь 1893 онд Чайковский гэнэтийн үхлээр
хор­воог орхисон. Тэр булчин задрах тахлаар насан өөд болсон. Гэхдээ тэр нас
барахаасаа өмнө хэдийнэ шинэчилсэн хувилбараа бичиж амжсан гэдэг боловч энэ
гайхам­шигт балетыг Большой театрын удирдаач, хөгжмийн зохиолч Дриго шинэчилсэн
хэмээн үздэг хүмүүс ч байна. Олон балетмейтр, удирдаач нарын янз бүрийн
хувилбаруудаас хамгийн сүүлийнх болох Петипа Дриго нарын 1895 оны тавилтаар
өнөөдөр бид “Хунт нуур”-ыг үзэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Аранзаа гэдэг нэрийг урлагийнхан л надад өгсөн DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… 2014 ОНД ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Aranza” студийн хөгжмийн найруулагч, продюссер, хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Саяхан нийслэл хотын төрсөн өдөр тохиож өнгөрлөө. Өөрийн чинь төрж өссөн нутаг хаанах билээ?

-Манай аав Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул болохоос би хотын унаган хүүхэд. “Таван зуун айл”, “Сансар”, нэгдүгээр хороололд л өсөж хүн боллоо доо.

-Таны гэргий, Монгол Улсын гавьяат жүжигчин Болормаа “Миний хань биднийг Багшийн сургуулийн хоёрдугаар курст байхад манай ангид цэргээс халагдан ирж орж байлаа” гэсэн байсан. Тэр үеийнхээ дурсамжийг сөхвөл?

-Багшийн сургуульд арван зургаан насандаа элсэн ороод, 1989 онд арван найман насандаа цэрэгт татагдаж Төв аймгийн Сэргэлэнгийн дивизид хоёр жил алба хааж ирээд сургуульдаа орсон. Багшийн сургуулийг 1993 онд төгссөн. Цэргээс халагдаж сургуульдаа орохдоо “Айзам-2” хамтлагийн даралтат хөгжимчин болсон байсан. Залуучуудын дунд нэр хүндтэй, тухайн үеийн МАХН-ын хамтлаг байлаа. Бид сонгуулиар хөдөө орон нутгаар тоглолт их хийнэ. Амьд хөгжимтэй тоглодог хамтлаг “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, манай хамтлаг л байсан. “Хурд” хамтлаг эд нар байгуулагдаагүй үе шүү дээ. МАХН-ын “Ардчилсан социалист залуучуудын холбоо” анх байгуулагдаж байхад М.Хүрэлсүх дарга бид нар л хөдөө явж, тоглолт хийж, сурталчлан үүсгэн байгуулалцаж байсан. Энэ үедээ ангийнхаа охинтой танилцаж дотноссон доо. Манай хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаярын дуулдаг байсан “Туяарах”, “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон”, “Бодлын үг”, “Хос алтан зул”, “Өнчин улиас” зэрэг дуунуудыг тэр үеийнхэн сайн мэддэг юм.

-Таны зохиосон анхны дуу гэвэл?

-“Айзам”-ын маань дуулдаг “Чамдаа зориулъя” гэдэг дууг цэрэгт байхдаа зохиосон. Олон улсын “Music quist” уралдаанд 1993 онд хоёрдугаар байрт орж байсан. “Трио” хамтлагийн “Чи минь” гэдэг дуу байна. Түүнээс хойш манай эхнэр Болормаагийн дуулсан “Арга ч үгүй хайр уу даа”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Намрын өнгө орлоо, ээж ээ” зэрэг дуунуудыг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Цаашаа “Take of” хамтлагийн “Цасан дээр”, дуучин Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, залуу дуучин Хосбаярын “Гүйгүүл морин”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн наран” олон ангит кинонуудын хөгжим, дуунууд гээд явж өгсөн дөө. “Гурван бүдүүн” хамтлагийн дуунууд, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрламаар” гээд нэлээд дуу байнаа.

-Киноны дуу олныг зохиож уу?

-Өө, олон байна. “Өнгөт инээд” продакшны “Зугтаарай” инээдмийн, “Заяаш” студийн “Тэхийн зогсоол”, “Помогите нам-1, 2”, хэлмэгдүүлэлтийн үеийн тухай “Улаан эрэг”, МҮОНТВ-ээр саяхан гарсан “Нарны жим” зэрэг киноны хөгжмийг хийсэн. “Нарны жим” киноны “Чиний зурсан зураг” дууг дуучин Хулан, Амараа хоёр дуулсан нь одоо залуус нэлээд сонсож байгаа. 1993 оноос хойш хийсэн уран бүтээлүүдээ нэг бүрчлэн тоолж үзээгүй. Лавтайяа Монголын нийтийн дууны болон рок попын жар далан дуучны цомогт миний дуунууд багтсан байдаг юм билээ.

-Та өөрөө цомог гаргаагүй юм уу?

-Би рок попын дуунуудаараа нэг цомог 2005 онд гаргасан. Одоо хэрвээ цомог гаргавал хэд хэдэн хос цомог гаргахаар хэмжээний бүтээл байна. Зөвхөн хит болсныг нь шигшлээ гэхэд л. Клипүүд нь ч байгаа.

-Оюутан цагийн ангийнхан чинь аль хэр авьяастнууд байв?

-Хуучин ангийнхнаас “Элькондор”-ын Жагаа, удаахь ангид гавьяат жүжигчин, уртын дуучин Ширмэнтуяа, манай хүн гээд авьяастнууд байлгүй яахав. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармонид манай ангийн сайн хөгжимчид дүүрэн байдаг.

-Ангийн охиноо аавынхаа нутгийнх гэж дотносоод амьдралын ханиар сонгов уу?

-Цэргээс халагдаад дөнгөж хорин настай, Болороо арван найман настай байсан болохоор хэн хэндээ хайраа өгч, хоёр жил үерхэж, дөрөвдүгээр курс төгсөхдөө хамт амьдарч эхэлсэн дээ.

-Өөрийг чинь урлагт уруу татсан хүн хэн байна?

-Миний аав Баатар Цэргийн ансамблийн найрал дуунд зогсдог алдарт “Жаран хар”-ын нэг дуучин хүн. Аавын минь нөлөө намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Ээж маань харин эмийн санч мэргэжилтэй хүн. За тэгээд, дунд сургуулийн дуу хөгжмийн багш минь байна. Багшийн сургуулийн хөгжмийн ангид ороход хөгжмийн онолын а үсэг болох до ноотыг заасан хүн бол алдарт дуучин Галхүү багш маань юм. Хөгжмийн онолоор багштай минь эн зэрэгцэх өндөр мэдлэгтэй хүн Монголд байхгүй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Ч.Сангидорж, Ё.Сүхбаатар, Д.Цэцэрлэг нараар хичээл заалгаж байсан болохоор бүгдийг нь багш аа гэж хүндэлж явдаг.

-Киноны хөгжим, дууны уран бүтээлүүдээ та хэдий хэрийн үнэлгээгээр хийх вэ?

-Миний уран бүтээлийн нэг онцлог нь дуунууд маань бүгд захиалгаар хийгдсэн байдаг. Дуучид юм уу, уран бүтээлчид, хувь хүмүүс захиалгаар хийлгэдэг. Би өөрөө бодож байгаад хийсэн дуу бараг байхгүй. Гэр бүлийнхээ хүнд зориулж харин ганц нэг дуу зохиож өгсөн юм байна. “Эр хүн” гээд Болормаагийн фэнүүд нь мэддэг дуу бий. Би ханьдаа “Гэгээн хайрын дуу”-гаа бичиж өгч байсан. “Хурын усаар хундагаа дүүргээд хувааж хоёул уумаар байна” гэсэн үгтэй дуу байдаг даа. Гэхдээ, манай хүн миний нэг их олон дууг дуулаагүй юм аа. Нөхөр нь зохиогоод эхнэр нь байнга дуулаад байх нь хэн ч бодсон утгагүй шүү дээ.

-Танай хүүхдүүд аав ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөх шинж байна уу?

-Манай том хүү 21, бага нь 11 настай. Ууган хүү Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад МУИС-д ороод байгаа. Уг нь сонсгол сайтай, хөгжмийн авьяастай хүүхэд. Тэгэхдээ манай хоёр хүү урлагаар явахгүй юм байна лээ. Урлаг гэдэг чинь зүрх сэтгэлээсээ үнэхээр дурлан байж амжилт гаргадаг салбар шүү дээ. Яахав, өөрсдийнхөө л сонирхол сонголтоор мэргэжлээ сонгоно биз дээ.

-Олны танил хүмүүсийн амьдрал нийгэмд ил байдаг нь хэцүү юм шиг санагддаг. Та хоёрын хувьд ямар байдаг бол?

-Миний хань ч тэр, би ч тэр зарим хүмүүс шиг зурагтаар байнга гараад байхыг хүсдэггүй, жирийн даруухан амьдардаг. Энэ нь ч амар байдаг. Тэрнээс аль нэг хэвлэл, цахим сайтад ярилцлага өгчихөөр доор нь бичиж байгаа сэтгэгдэл гээч юмаар ёстой худлаа авч өгдөг учраас олны анхааралд өртөөд байхыг хүсдэггүй. Зурагтаар гарах хүн цаагуур чинь өчнөөн байхад орон зайг нь булаалдаад хэрэггүй биз дээ.

-Та яг одоо ямар уран бүтээл дээр сууж байна?

-Өөртэй чинь уулзахаас өмнө “Honeymoon” гэдэг охидын хамтлагийн захиалгат шинэ дууг хийж өгөөд сууж байна. Баттунгалаг хэмээх шинэ дуучны “Нис нис” гэдэг дууг бичлээ. Оранжировка хийх дуунууд нэлээд байна.

-Дууны найруулга хийх, дуу бичиж өгөх тус тусдаа тогтсон үнэ ханштай биз?

-Монголд нэг дууны найруулгын үнэ таван зуун мянгаас нэг сая төгрөгийн үнэ ханштай байдаг. Миний хувьд шинэ залуу дуучдад хатуу үнэ тулгаад байдаггүй. Төслийн ч юм уу, намын дуу байвал төлбөрийг нь өндөр тохиролцдог. Би шинэ залуу дуучдыг их дэмжиж ажилладаг. Шинэ дуучин чинь цоо шинэ дуугаралт, уур амьсгалыг нийгэмд бий болгодог. “Номинталст” хамтлаг, гавьяат жүжигчин Алтанцэцэг, С.Жавхлан, Т.Баясгалан нарын урлагт анх орж ирсэн дууных нь найруулгуудыг хийж өгч л байсан. Миний анх дэмжиж, дууных нь найруулгыг хийж өгсөн хамтлаг, дуучдаас олон хүн гавьяат болсонд баяртай байдаг юм.

-Таныг хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ гэхээсээ илүүтэй Аранзаа гэдгээр чинь хүмүүс сайн мэддэг. Ямар учиртай нэр юм бол?

-Урлагийнхан л бага залууд маань өгсөн хоч нэр гэх юм уу даа. Аранзаа гэсэн нэрэндээ ч одоо бүүр дасаж орхиж дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулгыг Соёлын элчээр өргөмжиллөө DNN.mn

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад хэргийн яамнаас тус чуулгыг “Монгол Улсын Соёлын элч” хэмээн өргөмжилсөнийг зарлаж, батламж гардуулан өглөө.

1992 оны долдугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 онд бүрэлдэхүүнээ “бүтээж”, тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж “Морин хуурын чуулга” мэндэлсэн түүхтэй.

1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ.

Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд эгшгээ хүргэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Энхболд: Олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн DNN.mn


Загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.


-Танай гэр гэр бүлийн шинэ байшин сошиал ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Та “Аавын байшин” гээд фэйсбүүк групп ч нээгээд амжжээ. Байшингаа хэдий хугацаанд төлөвлөж барьсан бэ?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Аавын байшин” гээд мөрөөдлийн байшингаа барьсан. Арван жилийн өмнө хүүхэдтэй болоод мөрөөдлийн зуслангийн байшингаа өөрийн гараар барья гэж эхнэртээ санал тавьж байсан. Амьдралын мөчлөг арван жил байдаг юм байна гэж харж байна. Арван жилийн дараа л байшингаа барьж чадлаа. Сүүлийн гурван жил байшингаа барья гэсэн шийдвэр гаргаад маш идэвхтэй бэлдэж эхэлсэн. Цар тахал болон барилгын салбарт үүссэн материалын хомсдол зэрэг олон асуудал үүслээ. Тэгээд энэ оны хоёрдугаар сарын сүүлээр барилгын ажлаа эхлээд яг хагас жил буюу зургаан сарын хугацаанд байшингаа барьж дуусгалаа.

Мэдээж би зөвхөн байшингаа бариад сайхан амьдрахаас илүүтэй маш олон залуучуудад урам зориг өгье гэж бодсон. Манай монголчууд ямар ч судалгаагүйгээр тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлгүйгээр зуслан дээрээ шууд байшин бариад цаг хугацаа эд хөрөнгө, сэтгэл санаа гээд олон зүйлээр хохирдог. Бид зуслангийн газар луугаа явахад маш олон хана нь цуурчихсан нурж унаж байгаа тиймэрхүү байшин хардаг. Үүний цаана бас нэгэн гэр бүлийн том асуудал явж байгаа шүү дээ. Тиймээс би надтай адил байшингаа барих гэж байгаа, барьж байгаа аавуудад хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс “Аавын байшин” гэдэг фэйсбүүк группийг нээсэн. Тэнд би болон олон аавууд туршлагаа хуваалцах орон зайг бий болгосон. Мөн “Аавын байшин” нэртэй дөрвөн дугаар цуврал влог бэлдсэн. Влог маань аравдугаар сарын эхээр цацагдаж эхэлнэ.

-Таныг өөрөө байшингаа барилцсан гэж дуулсан. Хэр олон хүн оролцож бүтэв…

-Байшингийн сууринаас эхлээд гадна тохижилт, доторх тохижилт зэрэг бүх ажилд өөрөө оролцож барьсан. Миний төрсөн дүү болон манай эхнэрийн төрсөн ах хоёр гээд дөрвүүлээ үндсэн бригадаа бий болгоод ажилдаа орсон. Манай эхнэрийн ах мундаг инженер хүн байдаг. Үндсэн байшингийн хийц нь “Сиб” технологиор барьсан. Энэ “Сиб”-ийн технологийг нэлээн удаан хугацааны турш судалсан. Монгол шиг хүйтний улиралтай газар яг тохиромтой. Дулаан алдагдал, зардал багатай. Бидэн дээр нэмээд 20, 30-аад хүн гүйцэтгэгчээр оролцсон. “Аавын байшин” гэх залуучууддаа урам зориг өгсөн контент хэрэгжүүлэх саналыг ойлгож дэмжсэн “Хангал констракшн ХХК”, “Атмор ХХК”, “Тэнүүн өлзий ХХК”, “Харгана арцат ХХК” гээд хамтрагч компаниуддаа маш их баярлалаа.

-Залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлах, шинэ байшинтай болоход санхүүгийн сахилга бат чухал. Танай гэр бүлийн хувьд санхүүгээ хэрхэн хуваарилж, зарцуулдаг вэ?

-Тэгэлгүй яахав, залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлана гэдэг хамгийн чухал ажил байдаг. Санхүүгийн сахилга баттай байвал өрх тусгаарлахад илүү амар. Манай гэр бүлийн хувьд хоёулаа ажилладаг болохоор авуу талтай байдаг. Мөн аав, ээжүүд маань хүүхдүүдийг минь харж их тус болдог байсан. Тэр ч утгаараа хоёулаа зэрэг хөдөлмөрлөөд ажилладаг. Мэдээж бид хоёр маш олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн.

-Танай гэр бүлийн санхүүгийн хамгийн чухал зарчим юу вэ?

-Манай гэр бүлийн хувьд зарим үед төсөөлснөөсөө их орлого олох нь их гоё санагдсан. Ажлаа сайн хийж чадах юм бол үүнийгээ дагаад санхүүгийн урсгал орж ирнэ гэдгийг маш сайн ойлгодог учраас бид хоёр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Мэдээж хамгийн чухал зүйл нь тууштай, тогтвортой, урт хугацааны байх ёстой. Та бүхэн бас мэдэх байх, манай “O’Couture” гээд үндэсний брэнд бүтээгдэхүүн бий. Миний хувьд урлагийн чиглэлээр олон жил ажиллаж байна. Жишээлбэл, “Говь кашмер”-т 10 жил гэрээт моделиор ажилласан. Ингээд бодохоор аливаа зүйлд тууштай, зөв хандлагатай, ёс зүйтэй байх юм бол ямар ч ажил сайн явдаг гэж боддог.

-Та байшинтай болох төлөвлөгөөг хэзээнээс гаргасан бэ, урт хугацааны өмнөөс төлөвлөж бага багаар хэрэгжүүлсэн үү?

-Байшинтай болох төлөвлөгөөгөө 10 жилийн өмнөөс бодож зорьж эхэлсэн. Эхний гурваас таван жилд яг мөрөөдөл шиг л байсан. Тэгээд сүүлийн таван жилд яг эрчимтэйгээр бага багаар төлөвлөж эхэлсэн. Хамгийн түрүүнд санхүүгийн хуримтлалаа бий болгосон. Дараа нь байшин барих газар маш чухал учраас яг мөрөөдлийн төсөөллийн газраа олж хайж авах нь нэлээн ажил болсон. Улаанбаатарын хэмжээнд гоё зуслангийн газрууд цөөн болчихсон. Төсөөлөлдөө буулгадаг модтой, устай, уултай яг тийм гоё газар байхаа больчихсон. Тийм газруудыг хоёрдогч буюу худалдан авах байдлаар авах боломжтой юм байна лээ. Олон хүнээс зөвлөгөө авч яг ном журмаар нь хийхийг хичээсэн. Хөрсний шинжилгээ хийлгэх, дэд бүтэцүүдээ шийдэх болон ямар суурь хийх суурин дээрээ тохирсон ямар технологиор байшингаа барих вэ зэрэг мөн ямар дизайнаар барих болон архитектураа шийдэх гэх мэтчилэн бүгдийг шат дарааллаар хийсэн. Энэ байшиндаа гурван үеэрээ амьдарна гэж бодож төсөөлж барьсан.

-Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Би төлөвлөгөөгөө цаасан дээр буулгах дуртай. Цаасан дээр бууж байж бодож төлөвлөсөн зүйл маань биеллээ олох боломжтой гэж боддог. Эхлээд цаасан дээр буулгаад яг өөрийнхөө төсөөлж байгаагаар зураг зурахад болно. Хоёр дахь чухал алхам нь чиглэлээр мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүсээс үгийг нь сонсох. Тэгээд санхүүгийн сахилга баттай байж хуримтлалаа бий болгоорой гэж зөвлөмөөр байна.

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс таныг гэрийнхээ зарим тавилгыг өөрөө хийдгийг харж байсан. Энэ удаад шинэ байшиндаа тавилгаа өөрөө хийсэн үү?

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс маш олон хүнд урам зоригийг өгсөн байна лээ. Би багаасаа л нэг тоглоом байлаа гэхэд энийг яаж хийдэг юм бол, энэ машин юугаар хөдөлдөг юм бол гэж аливаа зүйлийн мөн чанарыг сонирхож өөрийн гараар хийж туршиж үзэх дуртай байсан. Тэр ч утгаараа гэр бүл зохиогоод залуу гэр бүл санхүүгийн асуудалтай л байсан учраас боломжийн зүйл байвал өөрөө хийчихье гэсэн бодолтой байсан. Энэ удаад тавилгыг өөрөө хийж чадаагүй хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Цаг хугацаа уртсах тусам зардал ихэсч байсан учраас цаг хугацаагаа хэмнэхийн тулд туршлагатай хүмүүсээс санаанд нийцсэн тавилгуудаа авсан. Мөн хоёр дахь хүчин зүйл нь маш их ядарсан (инээв). Яг зураг төсөөллөөс эхлүүлээд бодит болтол нь байшингаа барьсан учраас их ядарсан (инээв).

-Танай гэр бүлийн ажиглалтаар хувийн байшинд амьдрах нь орон сууцнаас ямар давуу талтай байна вэ?

-Удаан бодож хүсэж хийсэн учраас сэтгэгдэл өндөр, маш гоё байна. Байшингийн давуу тал үнэхээр олон. Хүүхдүүд байгальтай ойрхон болж өсч байна. Орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс илүүтэй аж ахуйч амьдралд ойр хүмүүжиж өснө. Ядаж хашаа хороо цэвэрлэх, ус цахилгаан зэрэг хувийн байшин арчилгаа тордолт ихтэй юм байна. Тийм учраас тэр болгонд багаасаа суралцаж байгальтайгаа ойр, техник технологи хариуцлага гэдэг зүйлийг мэдэрч ухаарж өсдөг санагдсан. Дээрээс нь цэвэр агаарт тав тухтай, амар тайван байх гэдэг юугаар ч сольшгүй чухал зүйл болчихоод байна шүү дээ.

-Та загвараас гадна өөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Яг миний үндсэн ажил гэвэл “O’Couture брэндийнхээ ерөнхий захирлаар ажилладаг. Мөн Монголын загвар урлалын холбооны тэргүүнээр ажилладаг. “Хөрөнгө” гээд групп байгаа, шинэ бизнес л дээ. Хөрөнгө групп маань үл хөдлөх хөрөнгийн портал сайт, санхүү, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компанид хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчаар явж байгаа. Мөн сүүлд “In­digo warm house” гээд компани байгуулсан. Энэ нь дулааны алдагдалгүй ашиглалтын зардал багатай ийм пассив хаус чиглэлээр “Сиб” технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна.