Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Н.Төмөрхуягийн анхны тоглолт болно

“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар” гээд сэтгалд хоногшсон дуунуудаараа сонсогчдын хүндлэлийг хүлээсэн гавьяат жүжигчин, “солгой” нэрээрээ алдаршсан дуучин Н.Төмөрхуягийн анхны тоглолт энэ сарын 10-нд “UB palace”-ын тоглолтын танхимд болно. “Очир фильм”, “Монгол медиа” групп хамтран урлагт 30 гаруй жил зүтгэсэн ч бие даасан тоглолт хийж, цомог гаргаж амжаагүй дуучны уран бүтээлүүдийг мөнхлөх зорилгоор “Төмөрхуяг” төслийг өнгөрөгч оноос эхлэн зохион башуулсан юм. Төслийн хүрээнд 18 дуутай “Солгой Төмөрхуяг” цомог гаргаснаа тоглолтын үеэр танилцуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Уяхан сэтгэлийнхээ шатаар тэнгэр өөд авирагч

“Монголын Зохиолчдын Эвлэл”-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл гэгч гаднаас нь харвал хүдэр, баргилдуу хэрнээ гудамжинд гүйж яваа өнчин гөлгийг ч өрөвдөн дотор сэтгэл нь сэмрэгч, цонхны цаана шиврэх бороон дуслаар өнө холын дурсамжаа баринтаглан нулимс унагагч, тэнгэр өөд хачин уяхан сэтгэлийнхээ шатаар авирагч нь миний муу найз билээ.

Тэрээр анх төрж өссөн Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жилийн сургуулиа дүүргээд хөдөө гарч “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно” хэмээн хэдэн малын араас гүйж явсан жинхэнэ “өвчтэй хог” гэж байгаа. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн”-ий мал бараадсан анхны жил нь Баянхонгорт айхтар зуд болоод хамаг малаа барсан “Зангиагүй сэхээтэн” амьдралын анхны хүндхэн цохилтонд орчихоод сэтгэл дотроо “сэмэрч” явахдаа сумынхаа охидод дайгаад алдсан анхны хайр, бүтэлгүй дурлалынхаа тухай хэдэн мөр толгой холбоод “том толгой” гарган өнөөдрийн Ардын уран зохиолч Т.Галсанд явуулсан гэдэг. Харин алс хол Заг, Байдрагийн Хүрэн бэлчирийн “том толгойт”-ын хэлхсэн хэдэн мөрийг Т.Галсан найрагч өмнөтгөл бичин “Хөдөлмөр” сонинд гаргаснаар Заг сумандаа бүгэхээр шигдээд байсан “Зангиагүй сэхээтэн” жинхэнэ утгаараа зангиа зүүсэн яруу найрагч, сэхээтэн болох зам руугаа эргэлт буцалтгүй жолоо залсан түүхтэй. Тиймдээ ч өнөөдөр Ардын уран зохиолч Т.Галсан бугайтай “Заг, Байдраг, Хүрэн бэлчирийн найрагчид шүү дээ, бидэн хоёр” хэмээн зиндаархаж, хааяа нэг өвгөн найрагчаас урмын абшиг хүртэж, хэдэн өдөр дэгдэнэ.

Нэгэн үе УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад нь Хэвлэл мэдээллийг нь хариуцан Афганы тэнгэрт ах, дүүс болон нисч явсан удаатай. Нутгийнх нь ах авъяас онгодыг нь тэтгэж хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ болсон орон сууцны дугаарт багтааж, сайдын албаа өгснийх нь дараахан будаг нь ханхалсан шинэ сууцанд орж ёстой л магнайгаа хагартал баярлахад нь хажууд нь л байлаа. Хожуухан нөхөрлөсөн ч ёстой л чин халуун сэтгэлээр, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн, хэн нэгнийхээ алдааг тэгшитгэж, амжилтыг мялаан нөхөрлөж яваа билээ, бидэн.

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д Л.Батцэнгэлийн маань уншууртай гэж жигтэйхэн дурсамж тэмдэглэл, бэсрэгхэн нийтлэл, сонирхолтой амьд яриа гарсан өглөө гүйлгэж уншингуут сэтгэл нэг л сайхан цэлмэж, хөнгөн баяртай ажлаа эхлээд сурчихаж. “Нисч яваа шувуу шиг муугийн мөргүй амьдрахсан” гэсэн чин сэтгэл нь бичсэн өгүүлбэр, бараг л үг болгонд нь амтагдана. Ярилцлага хийсэн хүн болгонтойгоо ижий, ахай бололцож, заримынх нь тухай шинэхэн цас хиртээмгүй тунгалаг сэтгэлээр дурсан ярихдаа аанай л нүд нь чийгтсэн харагдана. Ерөөс тэр эр хүн гэхэд хачин уяхан, болор шиг л тунгалаг сэтгэлтэй нэгэн. Бидний гэр ойрхон болохоор уяхан найз минь өглөө, үдэш, шөнө ч хамаагүй гэнэтхэн л утас цохино. Утсаа авбал харилцуурын цаана “Өвгөн нь муу Төрөөгөө өрөвдөөд” хэмээн мэгшүүлэх нь сонсогдоод чимээгүй болно. Сэтгэлийг нь засч, тайтгаруулахгүй л бол горьгүй. “Өлгий элгэн нутагтаа эгч дүү зургуул сан. Өмөг халуун ээжийнхээ энэрэл хайранд өссөн сөн” хэмээгч найз минь өнгөрсөн намар хамгийн хайртай бурхан ээжийгээ дөнгөж 60 настайд нь алдчихаад яаж шаналж, бэтгэрч, сэмэрч явсныг нь бодохоор одоо хүртэл өрөвдөж, гол харладаг юм. Дөрвөн дүүдээ чухам “Баастай бурхан” л гэсэн үг. Эмэгтэй дүү нар нь хааяа ирж гэрийг нь “шил толь” болгочихоод яваад өгнө. Мань эр ч жигтэйхэн баяртай, ном уншсан шиг үлдэнэ.

Уг нь Цэнгэл маань нас биед хүрч яваа хоёр ч сайхан охинтой найрагч. Гэтэл омголон залуу насандаа амьдрал ахуйг санаснаараа тэгшилж амжаагүй. Эрх дураараа ч хүний сайхан үрийг энэрэх сэтгэл нь түлхсээр “Намайг харж зүдрэхээр, зүснийхээ гэгээнд надаас арчаатайг нь бараад даа” гэсээр нэг л өдөр цүнхээ үүрээд явж одсон гэж байгаа. Түүнээс хойш “гэгээн тэнүүлчин” амьдралаар залуу насныхаа олон намрыг үдсэн байдаг. Өнөөдөр эр ганцаар ч товхийтэл амьдарч явна. Тэрүүхэндээ хөөрхөн аминдаа арчаатай. Цалингаа буухаар хөргөгчөө махаар тасалчихгүй санаатай. Будаа, гоймон, хэдэн ширхэг төмс, бас сонгино. Буйдхан гэрт нь хаа нэг нижгэр наргиан болно. Монголын яруу найргийн 90-ээд оныхон, хөрөг зургийн мастерууд, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, армийн офицерүүд гээд халуун сэтгэлээр андын журам баригчид Л.Батцэнгэлийн хоёр өрөөг өргөчих шахна. Харин тэрээр “Номын өргөө” буюу унтлагынхаа өрөөнд ямар ч үед наргиа хөгжөөх төдийлөн дуртай биш. Зайлшгүй шаардлага гарвал баруун гараа өргөн долоовол хуруугаа тэнгэр өөд чиглүүлээд “Би тэртэй тэргүй “Болор цом”-той яруу найрагч” гэж байгаад л уншиж эхэлнэ. Тэрээр “Тэнгэрээс газар руу, газраас тэнгэр өөд татсан шат байдаг бол мөн сайхан аа. Хүмүүс ингэж л мөрөөддөг. Хүн төрөлхтөн мянган далавчтай боллоо ч дутагдах ганцхан л зүйл байдаг. Хайр гэж… Сэтгэл гэж… Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат гэж бодоход энэ орчлонд би хамгийн баян хүн санагдана. Миний сэтгэлийн шатаар хүмүүн бүхэн өлмийдөн алхсаар гуниг үгүй, баясал үгүй амар амгалангийн диваажинд морилон очмуй. Хэтийдсэн жаргал үгүй, хэтэрхий зовлон үгүй тийм л ертөнцийг хувьхандаа бий болгож чадсан хойно энэ ертөнцөөс өөр юуг хүсэх сэн билээ дээ. Сэтгэлийн минь уяхан шатаар мөнхийн мөнхөд тийн дээд тэнгэрлигт зорч доо, сэтгэлийн гэрэлтүүд минь. Ургаж буй нялх нахиа, хүйтэнд гаслан буй налчгар гөлөг, ер юм бүхэнд сэтгэл бий хэмээхийн учир ертөнц даяхныг би уяхан шатаараа зөөхийг хүснэм” хэмээн бичнэ. Ерөөсөө л энэхэн хэдэн мөртөд Л.Батцэнгэл өөрөө тэр аяараа багтсан мэт. Монголын уран зохиолд Тангадын Галсан, Очирбатын Даш-балбар нарыг багшаа хэмээн бурханчлан шүтдэг найз минь өнөөдрийн байдлаар яруу найраг, үргэлжилсэн үгийн зургаан ном хэвлүүлж амжжээ. Хамгийн сүүлд “Шоргоолжны мөр” бэсрэг эсээ, бичил хүүрнэлийн ном хэвлүүлсэн бол 2012 онд “Миний элсэн цаг”, 2008 онд “Сэтгэл зүрхээ нэгжнэм”, 2006 онд “Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат”, 2004 онд “Бүсгүй цэнхэр салхи”, 2001 онд “Өр зүрхний хавар” зэрэг зургаан ном гаргасан уяхан сэтгэлийн дууч билээ.

Өөдөө диваажингийн үүдийг нээж

Өөрөө өлмийд чинь сөгдөж хөглөгдсөн

Төгөлдөр хуурийн даруул шиг

Тэнгэрийн уяхан шат юм аа,сэтгэл минь

Өгсөж уруудах болгонд чинь

Өлмийг чинь үнсэн аргаднам, би

Өө, муу төгсдөггүй шат гэж

Өөчлөн гоочлон, үглэн зэмлэнэ, чи

Өрөөлийн сүүдэртэй ихэмсэг сугадалцан

Өсгийгөөрөө намайг өвдтөл товшлоо ч

Бурхны нинжээр л чамайг хайрлаж

Цагийн гүүр гэтэлгэх

Цаглашгүй уяхан шат юм аа, сэтгэл минь

хэмээн шүлэглэгч, миний муу найз Л.Батцэнгэл 2014 оны 11 дүгээр сарын 17-нд энэ цагийн сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч Ж.Гангаа бурхан болоход “Монгол даяарын арслан сэтгэгч, Шар бичээч овогт ах минь бурхан боллоо” хэмээн ямар их эмгэнэн гашуудаж байсан нь одоо ч нүдэнд илхэн.

Тэрүүхэн үед нь “Ингэтлээ битгий их гунихраад бай. Бас үхлийн тухай битгий их бичээд бай” гэвэл “Нээрээ тийм байна. Одоо найз нь гунигийн шүлэг бичихгүй ээ” гэсэн ч сар гаруй болов уу үгүй юу бас л ганцаардал, гунигийн тухай биччихсэн л байж билээ. Ерөөс яруу найрагчид гэдэг “Гэгээн хэсүүлчин, сэмхэн гуниглагчид” байдаг аж. Найз минь алив хүний тухай дурсамж, нийтлэл бичихдээ бүр нэгэн үнэн сэтгэлээсээ, үг бүрийг чимчигнэтэл, өгүүлбэр бүр нь уянгалан дуултал бичдэг. Саяхан бид хоёрт Монголын спортын нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн агсны тухай “Ган зам, тамирчны зам, эрдмийн зам, миний зам” номын нээлтийн урилга ирж хамтдаа хүрэлцэн очиход Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, ууган охин Л.Алтанцэцэг болон бага охин Л.Гүндэгмаа нар хэрхэн хүндэтгэлтэй харьцаж байгааг хараад найзынхаа авъяас, онгодыг бас дахин мэдэрсэнсэн.

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Монголын зохиолч¬дын эв¬лэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт Л.Батцэнгэл хэмээх хүдэр, баргилдуу ч хүүхэд шиг эмзэгхэн, хиргүй тунгалаг сэтгэлтэй андынхаа талаар цухас хүүрнэхэд ийм буюу.

Доржзовдын Энхтүвшин

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Баярцэцэгийн “ЭХО ЛЮБВИ” амьд тоглолт болно

Дуучин Б.Баярцэцэг 05-р сарын 08-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болно. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байгаа. Уран бүтээлчид хэдийн бэлтгэлдээ гарчихсан байгаа билээ.

Өвөрмөц тембр, импровизаци шаардсан уянгалаг дуунуудаас бүрдсэн Б.Баярцэцэгийн урын сан хөнгөн, цоглог хэмнэлтэй дуунуудаар ч баялаг. Энэ удаагийн тоглолтын хүрээнд түүний урын сан бидний ах эгч, аав ээжийн доргин бүждэг байсан 80-90-ээд оны диско дуунуудаар баяжиж байгаа. Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ. Дуучин Б. Баярцэцэг ЗХУ болон ОХУ-д сургуулиа төгссөн төгсөгчдийг болон орос дуунд хайртай бүх үзэгчдийг хийгээд түүний уран бүтээлийг шимтэн сонссдог хайртай сонсогчдыгоо тоглолтондоо урьж байна.

Тасалбар нь 39,999 болон 119, 999 төгрөгийн үнэтэй байх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Дэлгэрбаярын “Поклонимся” тоглолт энэ долоо хоногт

Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.
Тоглолт 2015 оны 05 сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian art show” энэ сарын 9-нд болно

Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам”Mongolian Art Show”-гаа энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д хийх гэж байна.

“Mongolian Art Show”-ны онцлог нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцох аж. Тодруулбал “Make up” үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, “Андра” модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, “Miss world mongolia 2014”-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд “Make up” үзүүлбэрийг тайзнаа амьдруулах юм байна.

Харин “Body Art”-ын үзүүлбэрт “Андра модель” агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцох бол “Modern and Art” үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар нэгдэх нь ээ. Мөн Songs and Dance үзүүлбэрт МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, “Compass” хамтлаг, Дуучин Тулгаа, “Андра” загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг гэсэн номероо үзүүлэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бид 4 unplugged cover night” тоглолт болно

Анхны цомгоо өлгийдөн авсан “Бид 4” хамтлагийнхан анхны “Бид 4 unplugged cover night” тоглолтоо тоглох гэж байна. Тоглолтонд “Boyz II men”, “Take that”, “East 17”, “All for one”, “Backstreet boys” гэхмэтчилэн 1990-2000 онд залуусыг байлдан дагуулж байсан хамтлагуудын супер хит дуунууд эгшиглэх гэнэ. Тоглолт зуун хувь амьд тоглогдох бөгөөд амьд хөгжмийн “Fix” хамтлагийнхан энэ орой хамтран тоглох юм байна. Түүнчлэн урилгаар “Camerton-2” шоуны шилдэг оролцогчид, “Soul beat crew” оролцож ая дуугаа хүргэх юм байна. Тоглолт энэ сарын 23-ны 20:00 цагаас “Centro night club”-т болох бөгөөд тоглолтын үеэр олон гэнэтийн бэлгүүд үзэгчдийг хүлээж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийг драмын театрын тайзнаа тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид түүхт Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр тавдугаар сарын нээлтээ хийх гэж байна. Энэ жүжгийг найруулагч Э.Санчигдан, СТА, зураач Б.Төмөрхуяг, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байжээ. Залуу халуун насандаа тус театрын тайзнаа бүтээлээ туурвиж хүний тухай, хүн хүнээ үгүйлэх хайрлах сэтгэлийн тухай үзэгч олонтойгоо хүүрнэж байсан Э.Санчигдан найруулагчийн найруулсан энэ жүжгийг түүний анд Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж байгаа аж. Дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Б.Нармандах, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Г.Отгонцэцэг болон залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөд шалгарчээ

“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлэгт оролцсон манай үндэсний урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөд буюу финалд шалгарч үлджээ. Тус шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас анх удаа “Хөсөгтөн”, “Жалам хар” хамтлаг оролцож, эхний шатандаа тэнцсэн. Харин дараагийн шатанд “Хөсөгтөн” хамтлагийн залуус шилдэг 24-т шалгарч, урлагт хайртай Монгол түмнээ баярлуулсан билээ. Тэгвэл өчигдөр орой шалгаруулалт болж, “Хөсөгтөн” хамтлагийн залуус Азийн орнуудыг байлдан дагуулсаар шилдэг 9-ийн нэгээр ийнхүү шалгарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноров тоглолтоо хийнэ

Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны Доктор, Профессор Н.Жанцанноровтоглолтоо хийхээр болжээ.

Тоглолтынхоо талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа “1993 онд дуу, хөгжмийн шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолт хийж байсныгаа 22 жилийн дараа дахин үзэгчдэдээ толилуулах гэж байна.

22 жилийн дараа дахин тоглохын учир нь тэр үеийн манай дуучид хэрхэн дуулж амилуулсан, орчин үеийн дуучид хэрхэн өвлөж байгаа, түүнчлэн дуу, хөгжмийн сайн бүтээл хэрхэн үе дамжин уламжлагдаж, дуучид, хөгжимчдийн чадавхийг өсгөн нэмэгдүүлж байгааг харуулах 22 жилийн хөгжил, түүхийг харуулах зорилготой юм.

Энэхүү түүхийг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн учир миний бие өөрөө тайлбар хийж, тоглолтоо хөтлөн явуулах болно.

Тоглолтод оролцож байгаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал буюу Монголын Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын оркестр, Морин хуурын чуулга, Хөгжим Бүжгийн коллежийн оркестр, дуучид, хөгжимчид, удирдаач болон зохион байгуулж, тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Та бүхнийг 5 сарын 7-нд болох тоглолтод минь морилон саатахыг урьж байна” хэмээжээ.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаас мөн худалдан авах боломжтой аж. Тоглолтын тасалбарыг 15-25 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Киви хамтлагийн Ц.Намуун анхны цомгоо танилцууллаа

Киви хамтлагийн гишүүн, СТА, дуучин Ц.Намуун өнөөдөр анхны бие даасан “One moment” цомгоо Чингис зочид буудлын VIP танхимд олон нийтэд нээлттэй танилцууллаа. Рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд танигдсан дуучин бүсгүйг СГЗ Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь сонсогчид нь сайн мэддэг билээ. Цомогт олны анхаарлыг нилээдгүй татаж, шуугиан тариад амжсан “Ганц хором”, “One moment” зэрэг дуу нь багтсан бөгөөд дууны клипийг Black zebra студи бүтээсэн байна.