Categories
мэдээ соёл-урлаг

“ASIAS GOT TALENT”‬ шоуны ялагч өнөөдөр тодорно

“Asias Got Talent”шоуны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болсон.

Тус шоунд улсаа төлөөлөн оролцсон ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9 оролцогчоор шалгараад буй. Тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-нийг хүртэл явагдсан юм.

Харин өнөөдөр шилдэг 9 хамтлагийн хамтарсан Гала тоглолт болох юм. Энэ үеэр ялагчийг зарлах аж.

Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ундармаа: “Single ladies” киноны хоёрдугаар анги гарна

Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж эхэлсэн. Тэрээр Анх нэгдүгээр эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа сахиурын өрөө ямар чухал болохыг ойлгосон. Учир нь эмнэлэгүүд хэвтэрт байгаа хүмүүсээ сайтар анхаардаг боловч тэднээс дутуугүй зовж шаналсан, ядарсан, хүнд байдалд орсон сахиурууд хаягддаг. Арга ч үгүй биз. Өвчтөнийг нь харна, хажуугаар нь сахиурыг нь харна гэж юу байхав. Ингээд би энэ аяныг эхлүүлсэн дээ, түүнээс би их мөнгөтэй биш. Энэ бүх зүйл дан хандивын мөнгөөр боссон. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгээс эхэлсэн энэ аян маань Хавдар судлалын үндэсний төвд үргэлжилнэгэж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.

Мөн тэрээр хандивын аянаас гадна өөрийн уран бүтээлээ ч мартсангүй, “Ю-Фильм” студийн бүтээл Single ladies инээдмийн киноныхоо хоёрдугаар ангийг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тэрээр энэ киноныхоо талаар Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Нүүдэлчдийн сүүлчийн дуулал

Ахмад зохиолч Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамжийг нүүдэлчдийн сүүлчийн дуулал гэж хэлье. Нэрт орчуулагч Г.Акимтай нэгэнтээ энэ номын тухай ярьж суух зуур ингэж хэлсэн нь оносон “тодорхойлолт” байв. Гэхдээ энд ярих зүйл “Тэнгэрийн хаяа” номын тухайд гэхээсээ илүү түүнийг яагаад “сүүлчийн” гэж тодорхойлохын шалтгаанд очиж холбогдоно.

Сүүлчийн гэсний тухайд. Сайнаар ч, муугаар ч яригддаг энэ цагийн өнгийг нүүдэлчдийн нүдээр нэг ажаад үзье гэвэл ерөнхийдөө эргэдэг жамаараа эргэх амьдралын хүрднээс хальж холдсон юмгүй. Гэхдээ л хаяа тэлж хурд нэмсэн их түрэлтэнд байсан болоод байгаа бүхнээсээ алдаж гээж яваа хазааргүй цагийн урсгал санж. Аж байдалд нь халгаатай ийм түрэлтийг хуучцуул цөвүүн цаг гэдэг. Цаг тийм ахул хэлэх гэснээ хэлж ч амжилгүй өнгөрдөг, хэлж гэмээ нь хаданд хашгирах мэт цуурайтаад замхардаг хэн нэгний үг хаанаа юусан билээ. Уг нь орчлонгийн шуурга даган уруудаж яваа, бас орчлонд одоохондоо орь ганц гэж хүлээн зөвшөөрөгддөг нүүдлийн соёлоосоо гээгдсээр буй бүхнийг анзаарч анхаараад, болдогсон бол үнэлж цэгнээд үлдээмээр. Гэвч үлдээмээр бичээч нь, тухайлбал малчны хотноос “соёолсон” хөдөөлөг задгай билиг авьяастан, авьяасаа дэлхийд дээд түвшний хэмээгддэг Горькийн сургуулийн онол номоор цэнэглэсэн, бас язгуурлаг болоод яруу тансаг монгол хэлээрээ хөглөсөн Д.Нямаа шиг нь даанч ховорджээ.

Нүүдэлчдийн юм гэхээр хоцрогдсон юмны тухай мэт болоод явчихдаг харамсалтай ч гэмээр мөчиг төсөөлөл нүүдэлчид бидний өөрсдийн дотор байдаг нь тоогүй. Сайжруулах, хөнгөвчлөх, боловсон болгох юмаа болголгүй яахав. Гэвч гээж үрмээргүй өв, гишгэлж сандаачмааргүй ахуй, цагийн шалгуураар төлжиж бойжсон ухаан, төлөвшиж боловсорсон ёс зүй тэнд бас байгаа. Оросын монголч эрдэмтэн Гумилёв “Нүүдэлчид түүхэн хөгжлийнхөө явцад нийгэм, соёлын давтагдашгүй бөгөөд хосгүй хэв шинжийг бүрдүүлсэн юм. Үүнийг зогсонги юмуу хоцрогдсон гэж үзэж хэрхэвч болохгүй. Нүүдэлчид өөрийн гэсэн дахин давтагдашгүй төрхийг бүтээж, өөртөө тохирч зохирсон шинжийг олсон ард түмэн” (Л.Н.Гумилёв. В поисках вымышленного царства М.,1992, с.5) хэмээсэн нь нүүдэлчдийн соёл, ахуйг нөгөө өөр бусад соёлтой харьцуулж судалсан харийн хүний үг ямар байдгийн нэг л жишээ.

“Тэнгэрийн хаяа”-нд өгүүлсэн шиг нүүдэлчдийн маань эгэл боргил атлаа энгүй хосгүй, нарийн нандин эд эсээр дүүрэн аж амьдрал, ахуй сэтгэл энэ цагт ямаршуухан болоод байгаа билээ гээд нэг бодвол бид их ч юмаа гээж, бас их юм гээхийн даваан дээр байна. Түрэлт хүчээ авсан цаг! Дэлхий даяаршлын, техник-технологийн, харь соёлын түрэлт! Яая гэхэв, замбуулинг буцааж ямар эргүүлэлтэй биш. Жишээ нь, одоогийн малчид ярьж байна. Адуу, тэмээ эмнэгшиж, уналга ачлаганых нь цөөрч байна гэж. Айл бүхэн л бараг гадаанаа “Портер” машинтай, хятад мотоцикльтой болчихоор аргагүй юм даа. Дэвшил! Тэмээн жин түүх болоод үлдсэн шиг тэмээ ачаалсан нүүдэл мөн л тэгж ингээд түүх болох нь ээ. Тэмээ ачаалж уул даваа даваад бэлчээрийн соргогт хүрдэг “зоригтой” нүүдэлчин хуруу дарам цөөрснөөс буурь бууц газар сайгүй эдгэрч байна. Ухаандаа, С.Дашдооровын төрсөн бууцан дээр очиж байснаа дурсаад, түүнийг мөн өөрийн төрсөн бууцтай харьцуулсныгаа:“…бодоход үе үеийнхэн бууцтайгаа хамт “хулширдаг” ч юм шиг…”гэж Д.Нямаагийн бичсэнчлэн.

Мөн малчид ярьж байна. Одоо цагт мотоциклиор хонио хариулж (хариулах ч гэж дээ сөргөж), морьтой хүнээс харин ч хонь үргэдэг болж байна гэж. Үүнийг сонссон улсын ерөнхийлөгч нь морио унахыг уриалж, телевизүүд “Морьтой монгол аян”, “Аргал” гэх мэт нэвтрүүлгийн байнгын булантай болж аргаа тасарч сууна. Нүүдэл суудал, сав сааль мэтээ жуулчдын үзэсгэлэн болгох юм ярьж байна. Нүүдлийн соёл ийм өрөвдөлтэй байдалд орох нь. Өнгө зүсээ “шинэчилж”, хэнд юунд зориулагдсанаа өөрчлөх нь.

Шинэчлэх гэснээс. Нүүдэлчдийн өвийн томоохон хэсэг нь зуунаар, мянганаар хуримтлагдаж ирсэн оюуны соёлын өв билээ. Үр ач нараа хүн болгож төлөвшүүлэхээс эхлээд үлгэр тууль хайлах, мал ахуйгаа эрхлэх, тоног хэрэгслээ хийх, од эрхэсийг “уншиж” тэнгэрийн араншинг тайлах наад захын эрдэм ухааныг нүүдэлчид л авч явж ирсэн, авсаар ч яваа.Гэвч энэ их дотоод оюун яаж алдагдаж гээгдэж байгааг гаднаас хараад хэлэх аргагүй. Юутай ч хуучны хийцийн юм ховордож, шинэ цагийн эд агуурс чанараа гээсэн тухай яриа захаас аван сонсдох болж. Хийж чаддаг байсан юмаа чадахаа больсон тухай л ярьж байна гэсэн үг шүү дээ. Бүхнийг хуванцраар, нийлэг мяндсаар орлуулах болсноор хөхүүр, шир, сур, дээс гээд олон юм одоо ч бараг нүдний гэм болох нь холгүй гэцгээнэ. Шир, сур хийх түүхий эд нь хил даваад хуванцар, мяндсаар солигдчихож байгаа юм хойно тэгэлгүй яахав. Тэнгэр хангай, од эрхэсийг шинждэг ёсон газар газарт өөр байх. Д.Нямаа номдоо өгүүлснээр бол говьд энэ арга ухаан их онцлогтой, бас баялаг аж. Өнөө цагт энэ агуу их эрдмийг харин гээж эхэлсэн нь тусгүй. Хэн дуртай нь амны зоргоор тааж бавдаг болж. Одоо чинь бороог хүртэл “төрөөс зохицуулах” ухааны юм ярьдаг болсон. Уул бүсэлж эрдэс ухах, үүл буудаж бороо оруулахыг нүүдэлчид огт таашаахгүй байгаа. Буудаж оруулсан борооны ус шим өгдөггүй гэж ярьцгаадаг.

Нүүдэлчдийн оюуны өв соёл ном ёсоороо хадгалагдаж арвижиж ирсэн тэр суурь ганхсан нь аль эрт, суурин соёл руугаа ханарах болсон цагаас билээ. Суурин соёлдоо идээшээгүй, өөрөөр хэлбэл төв болж төвхнөөгүй цагт сумын төв нь хүртэл айлуудаа дагаад нүүж явсан тухай Д.Нямаа өгүүлжээ. Төд удалгүй төвхнөсөн, за тэгээд хотожсон. Хоёрын хооронд хотжив гэсэн шиг хот хороо дамжих эргэлт буцалтгүй үйл явц зах зээлийн их задгайрал эхэлснээр бүр ч түргэссэн. Дээрээс нь нэмээд бодлого алдагдаж малчдын залуу халаа үе тасалдсан. Сүүлийн нэг жишээ, нийгмийн хандлагыг даган малчин айл өрх бүхэн бараг бүх хүүхдээ дээд сургууль төгсгөнө гээд зүтгэчихсэн. Тэдний нэлээн олон нь дээд боловсролтой гэсэн диплом л олж авснаас цаашгүй. Зарим нь одоо тогтсон ажил амьдралгүй, хотын гудамжаар зам заалгаад халтуур хийж явна. “Хүн олны урсгалд хөл нийлээ л бол” малчны хотноос ирснээ мартаж орхино. Гэтэл мал дагасаар насан өндөр болж төв бараадсан эцэг эх нь малын дөргүй шахам “малчин” хөлсөлж хэдэн малаа мануулчихаад өөрсдөө хөдөө, төв хоёрын хооронд ээлжгүй шогшиж байна. Малын дөргүй тэр малчин нүүдэлчний өв соёлыг яаж авч явахав?! Айраг сүүнд ус, ааруул аарцанд гурил холих “сүүхээтэй ухаан” энэ хавиас л гарч байгаа юм. Ингэхлээр тэр оюуны өв хаашаа явахав?

Ер нь амьдралынхаа хуулиар амнаас ам дамжин уламжлагдаж ирсэн оюуны соёлыг сургууль номоор дамжуулан сурталчлах, хичээлээр заах төдийхнөөр авч явна гэдэг хоорондоо тэс ондоо ойлголт бололтой. Ондоо байдгийн учир нь нүүдэлчдийн ахуй соёлын боловсрол, суурин газрын боловсрол хоёрын ялгаанаас улбаатай юм. Нүүдлийн соёлоо гээхгүй авч явъя гэсэн үзлээр байх, дунд сургуулийн бүр бага ангиас эхлээд сурах бичгийн агуулгад хүртэл тусгасан зүйл их бий. Харамсалтай нь тэнд дурдагдаад буй хом шат, буйл бурантаг, жолоо цулбуур, чөдөр ногт тэргүүтнийг өнөөгийн хотын хүүхэд байтугай багш нь ч сайн төсөөлөхгүй байна. Монгол ахуйн уламжлалт мөртлөө ямар нэгэн харь юм шиг болчихсон ойлголтыг хүүхдэд яаж тайлбарлах вэ гэдэг асуулт хотын сургуулиудын анги танхимуудад байнга гарч байна. Тэгээд тиймийг нь заахдаа ч, таньж мэдэхдээ ч тээршааж байгааг яахав? Нүдэн балай, чихэн дүлий яваад л байх уу?

Нүдэн балай гэснээс. Уул овоогоо дээдлэх зан үйл бол тусдаа том соёл. Говь гурван сайхан, Алтайн арван гурван сан мэтийн уул усны тахилга, лус савдагт залбирах ёсон өөрийн гэсэн дэг жаягтай, судар номтой ч. Харин их зам харгуй тосуулан хөтөл, онь барьж босгосон овоог морин өртөө үүссэн цагаас газрын чиг баримжаа тогтоох зорилгоор дэлгэрсэн гэж үздэг юм билээ. Одоо тэгтэл хөтөл болгоны овоо архины бөглөө мулталдаг газар болон учир утгаа алдаж, хайран сайхан даваан дээр хог новш овоорон, нөгөө чулуу нэмээд өнгөрдөг овоо нь (чулуу нэмэх ч бас овоогоо өндөрсгөж холоос харагддаг болгох гэсэн улаачдын ёсноос үүдэлтэй) архины шил, ундааны лааз мэтийн хэрэггүй хогоор дүүрч, дэргэд нь хүн амраад суух байтугай сэжиг хүрмээр дүр төрхтэй болчихсоныг яалтай. Заримыг нь орон нутаг цэвэрлэдэг ч дахиад л хог овоолчихдог гэсэн. Дээрээс нь хот тойрсон довцог бүхэн дээр хэн дуртай нь “хувийн” овоо босгож, энд тэндгүй мяндсан хадаг уядаг болж. Хувийн болгох сонирхол нь даамжирч байгаа юм болов уу, булаг шандад эзэн суухыг хүртэл санаархаж, болж өгвөл уулын ам хашиж авахыг боддог болж. Энэ бол нүүдэлчдийн соёлыг тэс ондоо зүг рүү гулдарч, завхруулж байгаа явдал.

Монгол гэр, дээл хувцас, морь, бөх бол нүүдэлчдийн соёлын гайхамшигтай өв. Гэтэл монгол хувцас хэрэглээний шинжээ алдахын хоёр туйл цухалзаад л байгаа. Одоо костюм ч юм уу, оготор хүрэм, пүүз өмссөн хүн мотоциклиор хонь, адуу тууж явахын тухайд бол бараг нүд дасчээ. Хятадад явж байхад шилбүүр сугавчилж малгай бүчилсэн хүн хэдэн хонины захад зогсч байгаа дүр зураг харагдах юм билээ, түүнээс өөрцгүй. Хонины захад нарны шүхэр бариад явж байгаа морьтой хүн бас л сонин харагддаг. “Ер нь шүхэр барьдаггүй үндэстэн гэвэл малчин монголчууд байсан байх ч юун магад. Тэр байтугай бүрх малгайг хүртэл “Морь үргэнэ” гээд нэг хэсэгтээ толгой дээр тавьдаггүй байсан” гэж Д.Нямаа бичжээ. Юмны зохимж гэж байх юм даа. Нөгөөтэйгүүр сайхан монгол хувцас маань хэрэглээний гэхээсээ зүгээр л гоёл чимэглэлийн буюу европ хэллэгээр декоратив чанартай (европчууд ингэж ярьж байгаа учраас) болж найр наадмын чимэг, загвар өмсгөлийн үүргээр илүү давуу хэрэглэгдэх болсныг нөгөө нэг туйл гэхээс өөр яахав. Өнгө хөөцөлдсөн газар мөн чанар гээгддэг, мөнгө хөөцөлдсөн газар хүн чанар гээгддэг гэдэг дээ.

Морь, бөхийн тухайд бол язгуур чанараа алдах тийшээгээ бүр яарах мэт явж байгаа. Морь, бөхтэй холбоотой монгол соёл ерөнхийдөө арилжааны замаар орсон гэж нэгэн дуугаар ярьцгааж байна, үнэн. “Одоо ч довтой тоот наадам хийж, доштой бүхэн нам байгуулдаг болсон цаг” гэж хөдөөний нэг өвгөн ярина лээ, ортой үг. Саяхан Монголын морин уяачдын холбоо хөр цастай хөлдүү газар зохион байгуулсан хурдан морьдын уралдаанд арван нэгэн хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөнгөн гэмтсэн тухай юу ч болоогүй юм шиг ярьж, үүнийг буруутгасан хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагыг бараг загнаж сууна лээ. Ингэхгүй бол морь уралдуулах наадам цэнгэл мөхөх гээд байна гээд. Аливаа зүйл хэрээс хэтэрвэл алдаж эндэж байж дуусдаг гашуун үнэн хаа ч тийм. Хурдан морь уралдуулах үеэр 2009 онд 158, 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж олон хүүхэд бэртэж гэмтсэн, энүүхэн хугацаанд хорь гаруй хүүхэд соёолж буй нялх ногоотой хамт морины хөлд талхлагдан хорвоогоос буцсан тухай хэдэн тоог харахад л аюул жилээс жилд өссөөр ирснийг гэрчилж байна. Ашиг олж, алдар хэргэмээ зузаалж, аархаж баярхсан хэдэн хүн зугаацаж л байвал алдах эндэхийн тухай боддоггүй бололтой. Ер нь хэтэрхий хөөргөдөж, хэтэрхий шунаж соёлоо, бас ёс зүйгээ баллаж болно. До.Цэнджавын “Тэнгэрт хальсан тоос” туужид ч үүнийг л мөн өгүүлжээ. Нөгөө л цөвүүн цагийн харанга дэлдсэн зохиолуудын нэг. Ёс зүйгээ, хэл соёлоо дархлан тээж явагч нь яалт ч үгүй тухайн цагийн гярхай шинжлэгч уран зохиол юм даа.

Хэл гэснээс. “Тэнгэрийн хаяа” бол сайхан монгол хэлний сувдан шигтгээ гайхамшиг. Язгуураас нь олж авсныхаа хувьд монгол хэлний “амт шимтийг” Долгорын Нямаа харуулахгүй өөр хэн харуулахав. Тэгээд ч тэр амт шимт нүүдэлчин ахуйгаасаа л илүү мэдрэгддэг билээ. Зүгээр л нэг уулын мухарт суугаа малчин өвгөний амнаас дүрслэн илэрхийлэх чанараараа гойд ончтой ийм “сувдан шигтгээ” аль олон гарахыг тэр гэхэв. Д.Нямаагийнхаас ч бас алийг тэр гэхэв. Тэнд дурдагдах “салхи буруудвал сүү гашилдаг”, “тэнгэр инээх өдөр”, “мичид тогоо өнгийх”, “мичид зулзгалах”, “сар шээх” гэх зэрэг хэлц мэт өгүүлэмжийн цаана агуулагдаж буй нүүдэлчин хүн арга ухаанаа цэгнэх, ажил төрлөө зохицуулах хэмжээний гүн гүнзгий учир холбогдолтой нэг ёсон харамсалтай нь бас л тэгж ингээд гээгдэх нь ээ. Д.Нямаа нэгэн ярилцлагадаа өчсөн байна лээ. “Энд тэнд явж байхад хөдөө нутаг эзгүйрч байгаа нь харагдах гээд байх болсон. Энэ эзгүйрэл бидний сэтгэлгээ, уран бүтээлд бууж ирэх гээд байх шиг. Үүнийг дагаад монгол хэлний олон үг алга болно гэж бодохоос аймшигтай” гэж. Үүн лүгээ давтан өчихүл нүүдэлчин соёлоо эрэмдэглэх нь монгол хэлээ эрэмдэглэхийн үүд. Аливаа хэл соёлынхоо тусгал гэдэг утгаараа тийм.

Өнөө цагт үзэх зугаацах юм нь элбэгийнх үү, ном уншихаа больж. “Хорьдугаар зууны Монголын утга зохиолоос битгий сал. Хамаг сайхан монгол хэл минь тэнд хавтаслагдаад үлдсэн… Хорьдугаар зууны утга зохиолыг дандаа хөдөө төрсөн, хөдөөгийн ард түмний дунд өссөн цэвэр монгол хэлтэй зохиолчид бичсэн шүү” гэж Д.Нямаа захиж байна. Энэ бол хэлээ алдчих вий гэсэн болгоомжлол юм. Уран зохиол уншихгүй, хэл соёлоо судлахгүй бол хэлээ алдана. Бичиг үсгээ соливол бас хэлээ алдана. Дэлхийн улс гүрнүүд бичгээ сольё гээд ч сольж чаддаггүйн учир юу вэ гэвэл хэлний когнитив буюу танин мэдэхүйн үүрэг алдагдах аюултай. Ямарваа үндэстэн эх хэлнийхээ танин мэдэхүйн арвин их сан хөмрөгийг хагас дутуу хөрвүүлсэн бичиг үсэгт шилжээд зөвхөн коммуникатив буюу харилцааны үүргээр нь үлдээвэл тэр хэлний оршин тогтнох суурийг баллана гэсэн үг. Учир нь харилцаан дахь үгсийн сан нийт үгсийн сангийн өчүүхэн төдий хэсэг байхаас гадна найруулга нь ч мөн төгс бус, ядмаг шинжтэй байдаг. Харилцааны найруулгыг тэжээж, цэнэглэж, үгсийн санг нь эргэлдүүлж байдаг эх үүсвэр нь тухайн хэлний сан хөмрөг, өөрөөр хэлбэл уран зохиол билээ.

Америкийн индианчууд, Австралийн аборигенүүд гадны соёлын түрэлтэнд орохдоо гуугчиж хашгичсаар язгуур соёлоо гээж хэлээ мартаад хэн ч биш болж түүхийн хүрдэнд “зажлуулах” мэт золиослогдсон юм гэнэ лээ. Бид эрх биш тусгаар тогтносон эх нутагтаа эзэн суугаа болохоор амгалан сайхан л байцгаана. Тэгээд ч тэр үү, техник, технологийн гэх жолоогүй хоморгонд автаж, цаг тооны хазааргүй урагшлах нүргээнт эргүүлэгт орсон энэ эринд эх дэлхий, унаган байгалдаа шимтэн, бас зохицон аж төрж яваа цорын ганц иргэншлийг тээгч нүүдэлчин монгол хүний амар амгаланд гадныхан атаархаж сууна. Гэвч бид нүүдэлчин соёлоо гээсээр л байна.

Ц.Магсар (МУБИС, доктор Ph., профессор)

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Пүрэвдагва: “Увертура” хамтлаг бие даасан хоёр дахь тоглолтоо ирэх намар толилуулна

Увертура” хамтлагийн ахлагч, дуучин Гочоогийн Пүрэвдагватай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Танай хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Манай хамтлаг он гарсаар хэд хэдэн дуугаа бичүүллээ. “Морин хуур” наадмын шилдэг арван дуугаар төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Насанбатын аялгуу “Манан” дуу маань шалгарсанд баяртай байна. Саяхан “Анир” студийн маань продюссер, соёлын тэргүүний ажилтан Алтанхуяг ахын хөгжим, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шүлэг “Хөх тэнгэрийн Монгол” дуун дээр ажиллаж байгаа. Ноднин жил Алунгоо эхийн сургаалийн баяр болох үед гаргасан дуугаа, “Хөх тэнгэрийн Монгол” дуутайгаа дүрсжүүлэхээр ажиллаж байна даа. Ирэх намраас Алтанхуяг ахын хөгжмийг нь бичсэн нэг мюзиклээ үзэгчдэдээ толилуулна.

Анхны “Удиртгал”-аасаа хойш цомог гаргасан билүү?

-Хамтлаг үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Удиртгал” цомгоосоо хойш цомгоо гаргаагүй. 2013 онд Улсын драмын эрдмийн театрт хоёр удаа, үзэгчдийн хүсэлтээр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглосон “Төгсгөлгүй эхлэл” тоглолтынхоо DVD-ийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолт чинь үнэхээр сайхан болсон шүү. Үзэгчид бүгд босоод арав гаруй минут алга ташин та бүхэнд хүндэтгэл үзүүлж байсан даа?

-Анх хамтлаг байгуулахдаа олон зорилт тавьж байсны хамгийн том нь монгол поп опера урсгалыг хөгжүүлэх гэсэн чин хүсэл байсан. Монгол поп опера зуун хувь оркестртой, зуун хувь амьдаар дуулаад, тайзны шийдэл нь шал өөрөөр шийдэж, драмчилсан маягаар тоглогдсон. Тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Үзэгчид арван минут тасралтгүй алга ташихад “баярлалаа” гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй. “Улаанбаатар палас”-ын концертын их танхим гэхэд бараг ерэн хувийн дүүргэлттэй байсан.

Төрийн шагналт Д.Со­сор­барам танай хамтлагийг их дэмждэг санагддаг?

-“Анир” студийн дэргэд 2009 онд “Увертура” хамтлаг байгуулагдаж байх үед Д.Сосорбарам ах “Үлэмжийн чанар” цомгоо гаргаж байсан юм. Тэр үед Со ахтайгаа бид танилцаад, Хонгор нутгийн хүний хувьд өнөөг хүртэл дэмжиж, сэтгэлийн сайхан гэрлээ хуваалцаж, уран бүтээлийн маань зам харгуйг засалцаж яваад туйлын баяртай байдаг. Гавьяат жүжигчин “том” Жаргалсайхан ахын аялгуу, Со ахын урын санд байдаг “Жамаас” дууг бид дуулж, хүмүүст нэлээд хүрлээ. Төрийн шагналт Б.Шарав гуайн “Илүү сартай зун” уран сайхны кинонд хийсэн аялгуунд Со ах үг зохиож “Цагийн аяс” гэж сайхан дуу бүтээснийг манай хамтлаг бас дуулсан.

-“Увертура” хамтлагийн дуулсан “Өнө мөнх эх орон”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Дөрвөн цагийн тал”, “Монгол минь тэнд бий” гээд бүх дуунууд хит болоод байдгийн нууц юунд байна?

-Биднийг гарч ирэх үед поп опера урсгалаар дуулдаг “Ньюанс” хамтлаг уран бүтээлээ туурвиж байсан. “Классик жем” хамтлаг байлаа. Бид дөрвийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Тиймээс мэргэжлийнхээ дагуу үндэснийхээ дуунуудыг поп опера чиглэлээр дуулж эхэлсэн. “Мандах нар” ардын дуу, Б.Шаравын “Өнө мөнх эх орон”, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын аялгуу, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг дууллаа. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгэнд аялгуу зохиолгож үзлээ. Төрөл бүрийн янз бүрийн туршилтуудыг хийж байна. Энэ бүхэнд цаг хугацаа, судалгаа маш их шаарддаг юм байна. Хамтлаг маань байгуулагдаад зургаан жил болох хугацаанд монгол поп опера чиглэлийг л бий болгох гэж хичээж, уран бүтээлээ туурвиж явна даа.

-“Увертура” хамтлаг “Анир” студийн дэргэдэх гэсэн хаягтай явдаг. Танай хамтлагийн продюссор Б.Алтанхуяг гэж ямар хүн байна?

-Польшид хөгжмийн зохиолч, найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн. Орчин үеийн нийтийн дууны бараг наяад хувийн хөгжмийн найруулгыг хийсэн, сүүлийн үед олон дуу зохиосон, бүжиг, жүжиг, киноны хөгжим дээр ажилласан уран бүтээлийн туршлагатай хүн байгаа.

Хамтлагийнхан чинь нэг ангийнхан юм байна. Харин уг гарал хаанахын хүмүүс билээ?

-Л.Ренчинням маань Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, хөдөөнөөс манай ангид ирж байсан. Атардээжийн Шинэбаяр маань Төв аймгийн Угтаалцайдам сумын гаралтай, хотод төрсөн хүн. Ж.Ганбаатар Өмнөговь угшилтай. Би аавынхаа нутгаар Баянхонгор аймгийн Заг сумынх гэж явдаг. Бид гурав хотын унаган хүүхдүүд л дээ. Бид дөрвүүлээ гэр бүлтэй. Шинэбаяр маань саяхан хүүтэй болсон. Ганбаатар удахгүй үрийн зулай үнэрлэнэ.

Аавынхаа төрсөн нутаг Загийн голд очиж байв уу?

-Бүүр жаахан хүүхэд байхдаа очиж байсан. Загийн голд аавтайгаа хамт сэлж байснаа сайн санадаг юм. Дурсгалтай сайхан үе байж. Аав маань одоо бурхны оронд одож дээ. Сүүлд Сономын Лувсанвандан гуайн ойгоор Баянхонгорын Хөгжимт жүжгийн театрт очиж тоглолт хийж байсан. Аавынхаа нутгаар тав тухтай очно гэж бодож явдаг даа.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо гадаад улс оронд толилуулахгүй юм уу?

-Тоглолтоос хойш олон хүн санал тавьж байсан л даа. Мэргэжлийн өндөр түвшинд симфони оркестртой тоглох бодолтой байгаа. Тэрнээс нэг жижиг шөнийн цэнгээний газар ч юм уу, тоглоно гэхэд тиймхэн байна л даа. Япон, Солонгосын үзэгчдэд монгол поп опера чиглэлийн тоглолтоо бүрэн хэмжээгээр толилуулах талаар арга сүвэгчилж л байна.

Уран бүтээл хийхэд эдийн засгийн хөшүүрэггүйгээр урагшаа явахад мэдээж хэцүү байж таарна?

-Хамтлаг байгуулагдахдаа “Анир” студиэ түшиглэсэн. Би энэ студидээ дууны инженер-найруулагч хийдэг. Уран бүтээл маань оргилж байдаг газар маань энэ студи. Энд бид хөгжмийн зохиолч, яруу найрагчидтайгаа уулзаж бүтээлээ амилуулдаг. Манай хамтлаг 2013-2014 онд “Төрийн банк”-ны элч хамтлаг гэсэн хамтарсан гэрээ байгуулж ажиллаж байгаа болохоор уран бүтээлээ толгой өвдөхгүй хийж байна.

Удаахь тоглолтыг чинь үзэгчид их хүсэн хүлээж байгаа даа?

-Хоёр дахь бие даасан тоглолтоо энэ жилийн арваннэгдүгээр сард үзэгчдэдээ толилуулахаар уран бүтээлийн ажилдаа ороод явж байна.

Анхны DVD, хоёрдахь цомгоо гаргахад бэлэн болчихсон, мюзиклээ бэлдээд явж байгаа гээд буцалж бужигнасан үйл хэрэг өмнө минь байж байна даа.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Тэмүгэгийн “Аялгуу” бие даасан үзэсгэлэн гарна

2013 онд СУИС –ийн ДУС-ийн Б.Төмөрбаатар багштай Монументаль уран зургийн урланг төгсөж 2013 оны 3-р сард зураач Монголын урчуудын эвлэлийн шагналт З.Уянгатай хамтран “Хавар” үзэсгэлэнгээр зураач Э.Тэмүгэгийн уран бүтээлийн гараа оюутаны ширээний араас амжилттай эхэлж байжээ. Өдгөө тэрбээр уран бүтээлчдийн нэгдсэн болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд тасралтгүй идэвхитэй оролцохын зэрэгцээ “Блью Мүүн” арт галерейн захирлаар ажиллаж байна.
Тэрээр энэ удаад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ “Аялгуу” хэмээн нэрлэн үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Энэхүү үзэсгэлэнг түүний 30 гаруй шинэхэн бүтээлүүд тавигдах аж.

Уг үзэсгэлэн: 05-р сарын 11-21 ны хооронд “Blue moon”арт галерейн үзэсглэнгийн танхимд гарах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Богино өгүүллэгийн наадам болно

Жил бүр уламжлал болгон зохиогддог богино өгүүллэгийн “Давалгаа” наадам маргааш болох юм байна. СУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд болох уг наадамд урлаг, соёлын сургуулийн оюутнууд оролцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын их хатад” бүжгэн жүжиг дахин тайзнаа




“Монголын их хатад” бүжгэн жүжиг 6000 гариу үзэгчдэд хүрчээ. Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийнтавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсынӨүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээСамар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээрүзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015 оны 5дугаар сарын 12-ны өдөр өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ынзахирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийгдэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураачЦ.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулгаМ.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат,Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа,Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийналба ажиллаж байна.

Гол дүрүүдэд:

– Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,

– Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,

– Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,

– Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,

– Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,

– Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа

– Чимбай- бүжигчин Л.Энхболор,

– Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,

– Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар болон

– ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал

– Удирдаач Н.Буянбаатар

– Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

– ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.

Төрийн есөн хатан 2013 оны 12 сард тайзанд тавигдсан цагаасаа эхлэн нийт 15удаагийн тоглолтоор 6000 гариу үзэгчдэд хүрсэн бөгөөд төрийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гадна хэд хэдэн ёслол арга хэмжээнд оролцсон уран бүтээл билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын тоглолт өнөөдөр болно

Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын уран бүтээлийн тоглолт өнөөдөр 19:00 цагт “Соёлын төв өргөө”-нд эхлэнэ.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нийтдээ 300 орчим бүтээл туурвиснаас киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, “Монголын хөгжмийн 12 хөрөг” /Сонатын аллегро/, “Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман CD хэвлүүлсэн байдаг.

Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” киноны хөгжим, “Тогосын цагаан овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэрэг 100 гаруй дууны ая зохиосон байна.

Түүний эдгээрийн бүтээлийн дээжис 22 жилийн дараа дахин тайзнаа амилах ба тоглолтын талаарх мэдээллийг албан ёсны вэб хуудас болох http://www.jantsannorov.com хуудаснаас авч болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэнэ

Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ.

Чайковскийгаас өмнөх балетын хөгжим, тайзны бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдсоноор энэ төрлийн хөгжим, дуурь симфонитой тэнцэх хэмжээнд гарч иржээ. Үүгээрээ ч Чайковский хөгжмийн энэ төрөлд шинэчлэл хийсэн юм. ‘Хэлэх юм надад хэзээд байдаг болохоор хөгжмөөр би ярьдаг’ гэжЧайковский хэлсэн байдаг.

Энэ нь үгээр илэрхийлж болохгүй бодол хүслээ хөгжмөөр илэрхийлдэг алдарт хөгжмийн зохиолчийн сэтгэлийн үг юм. П.И.Чайковский 1840 оны 4-р сарын 25-нд Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төржээ. Энэ жил түүний мэндэлсний 175 жилийн ой болж байгаа юм байна. Дэлхийн тэр дундаа Оросын хөгжмийн хүрээллийнхэн түүний 175 жилийг тохиолдуулан Чайковскийн бүтээлүүдийг эгшиглүүлсэн фестиваль, арга хэмжээ, тоглолтуудыг тавьсаар байна.

Тэгвэл Монголынхоо сонгодог хөгжим сонирхогчддоо зориулж Улсын Филармонийн Симфони оркестр Чайковскийн 175 жилийн ойг тохиолдуулж тоглохоор болжээ. Удирдаач СТА Д. Нямдаш удирдан Чайковскийн симфони найрал хөгжимд зориулсан алдарт бүтээлүүд болох “5-р симфони”, “1882” симфони удиртгал гэх мэт бүтээлүүдийг эгшиглүүлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хөсөгтөн” өнөөдөр эцсийн шалгаруулалтад орно

“Хөсөгтөн” хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Got talent” шоунд оролцож байгаа билээ.

Тэд өнгөрсөн долоо хоногт шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чадсан юм.

Тэгвэл тус тэмцээний эцсийн шалгаруулалт өнөөдөр болно.

Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.

Ямартаа ч азид зохион байгуулагдаж байгаа “Asia’s got talent” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагтаа амжилт хүсье.