Categories
мэдээ соёл-урлаг

Туркийн кино өдөрлөг болно

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас “Турк улсын соёлын өдрүүд- II”-ийн хүрээнд “Туркийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Тэнгис кино театр зохион байгуулахаар болжээ.

Кино өдөрлөгийг нээж Mахсун Кирмизигул найруулсан “Нью-Йорк дахь таван минарет” уран сайхны киног олон нийтэд хүргэх гэнэ.

Нью-Йорк хотод нуугдаж буй “Дажжал” нууц нэртэй Tуркийн Исламын
тэргүүлэгчийг эх оронд нь буцаан авчрах даалгаврыг Туркийн терроризмтой
тэмцэгч хоёр агентэд үүрэг болгоно.

Энэхүү агентууд нь Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын
цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд Туркийн шоронд аллага
үйлдсэний улмаас суллагдаад Нью-Йорк руу дүрвэн зугтсан лалын шашны нэр
хүндтэй эрдэмтэн Хажи Гүмүшийг баривчлана. Зөвхөн өшөө авалтыг зорилгоо
болгосон хүнд гэм буруутай, буруугүй байх нь хамаатай эсэхийг хайр,
нөхөрлөл, энх амгалан, мухар сүжгийн тухай өгүүлэх энэхүү түүхээс харах
боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эр хүн болгож өгөөч” киноны нээлт маргааш болно

“Эр хүн болгож өгөөч” уран сайхны шинэ кино маргааш буюу энэ сарын 3-нд нээлтээ хийнэ.

Энэхүү кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон юм.

Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, дууны найруулагчаар Н.Төгсөө СТА зургийн даргаар Д.Жаргалсайхан нар ажиллажээ.

Киноны утга санааны тухайд гэвэл “Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг чинээлэг айл. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй хэлгүй нэгэн болон ирнэ. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусын эс олсон учраас гэртээ авчран харж хандана. Мэндээ ганц хүүгээ хүний дайтай хүн болгохсон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж нэг жил гэртээ хүүдээ хань хийлгэн хүүхэд төрүүлж өг хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амлана. Наран хүүхэн энэ бүхнийг ашигтай санал хэмээн олзуурхан хүлээн авч Батаатай нэг өрөөнд амьдарч эхэлнэ.

Өлзий энэ бүхнийг эсэргүүцэн шинжлэх ухааны боломжгүй гэсэн зүйлд горьдлого тавин найдах эхнэрээ зэмлэн Наранд их л дургүй байна. Батаа эхэндээ түүнээс эвгүйрхэн дөлж, юу болоод байгааг үл ойлгож байсан боловч эцэстээ Нарангийн хайр, халамжинд дасан бие сэтгэл нь сэргэж Наран нэг л өдөр бие давхар болсон байна. Өлзий, Мэндээ хоёр магнай тэнийн баярлаж тэд бүгд их л аз жаргалтай байна. Харин Наранг амаржсаны дараа Мэндээ түүнд амласан мөнгөө өгөөд гэрээс нь явахыг хүснэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол зураачид НордАртын гол оролцогчид болно

ХБНГУ-ын Бюдельсдорф хотод энэ сарын 6-10-нд НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн болох гэж байна. Уг үзэсгэлэнд Монгол улс “Онцлох орон”-оор оролцох юм байна. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34 уран бүтээлчийн уран зураг, баримал, инстоляц, график, гэрэл зураг ба видео зэрэг төрлийн 100 гаруйбүтээлүүд олны хүртээл болно.Хойд Герман дахь өвөрмөц байршил, том орон зай бүхий – түүхэн соёлын өв – аж үйлдвэрийн цогцолборт зохион байгуулагддаг НордАрт үзэсгэлэнд жил бүр олон улсын 250 уран бүтээлчид оролцдог. НордАрт-д залуу уран бүтээлчид ба өмнөх үеийн олонд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 34 уран бүтээлчдийн бүтээлүүд Монголын өнгөрсөн, одоо хийгээд ирээдүйн тухай олон нугалаатай хүүрнэлийг өгүүлэх аж. “Бид Монгол Улсын дүрслэх урлагийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэнг Европт толилуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол орон нь бидний сонирхолыгихээр татсан юм. Учир нь Монгол Улс нь хэрэв тогтож, анхааралтай сонсох юм бол дуу хоолой нь зөвхөн дэлхийн томоохон концертонд л сонсогдох, дүрлэх урлаг нь маш ихийг өгүүлсэн улс, үндэстнүүдийн төлөөлөл яах аргагүй мөн юм. НордАрт нь соёлын боловсрол болон солилцооны томоохон олон улсын форум бөгөөд харилцан ойлголцлыг урлагийн хэлээр дамжуулан сурталчлахыг зорьдог. Бид цаашдийн хамтын ажиллагаандаа удаан хугацааны тогтвортойхарилцааг тогтооно гэдэгт итгэлтэй байна“ хэмээн НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн санаачлагч,гүйцэтгэх захирал, ерөнхий куратор ноён Вольфганг Грамм онцолжээ. Монголын павильоны санаачлан зохион байгуулагч, соёлын удирдлага зүйч-менежер, куратор Оюунжаргалын Оюунтуяа “Монголын урлаг, соёлыг өргөн цар хүрээтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд Европт таниулах нь бидний хувьд маш чухал. Бид НордАрт-д оролцсоноор Монголын орчин үеийн урлагт хүчтэй түлхэц, нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн НордАрт-ын нээлтийн ажиллагаанд манай уран бүтээлчид биечлэн оролцсоноор олон улсын кураторууд ба мэргэжил нэгтнүүдтэйгээ биечлэн санал бодлоо хуваалцах, туршлага солилцох бодит боломж нээгдэж байгаа” хэмээн онцолж байна. Монголын павильон нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Онц сурлагатнууд орохыг хориглоно” мюзиклийг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” мюзикл жүжгийг тоглох гэж байна. Мөн “Бүүвэй” уянгын драмын жүжгийг ганцхан удаа тоглох ажээ. Энэхүү бүтээл нь Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоол дагуу БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Жүжгийн орчуулгыг Ц.Нямсүрэн хийж, Ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, Хөгжмийн зохиолчоор С.Алтан-Уяа, Ерөнхий зураачаар С.Энхсайхан нар ажиллажээ. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүр буюу эмээгийн дүрд СТА жүжигчин Б.Нармандах, Ану охинд СТА жүжигчин М.Тогтохжаргал нар тоглох юм байна.

Уран бүтээлчид хүүхдийн хүмүүжлийн асуудал чухлаар тавигдаж буй энэ үед энэхүү уран бүтээлээр дамжуулан ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian Academy Awards” ирэх сард шилдгээ тодруулна

Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian Academy Awards” ирэх сарын 7-нд “Шангрилла” зочид буудалд зохион байгуулагдана. Монголын үндэсний кино урлагийн академиас Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, монгол киног дэлхийн түвшинд хүргэх, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор “Академийн дээд шагнал” гардуулах ёслолыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жил кино урлагийн 80 жилийн ой тохиож буй учраас наадмыг агуулга, зохион байгуулалтын хувьд сонгодог талаас нь хийх зорилготой ажиллаж байгаа гэнэ

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Г.Ариунбаатар дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүллээ

Дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад Монголын дуучид шалгарчээ.

Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Батжаргал гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын дуучин С.Батчимэг гуравдугаар байрт шалгарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Эрдэнэцэцэг, Далантай нар Солонгост тоглолтоо хийнэ

ҮДБЭЧ-ын нүүр царай болсон гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, У.Далантай нар ирэх зургаадугаар сарын 5-7-ний хооронд Солонгост амьдарч байгаа монголчуудад тоглохоор болжээ.

Тэд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийсэн юм. Тус тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, дуучин Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе, үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Гэгээн Муза”-гийн шилдэгүүд тодорчээ

Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулах “Гэгээн муза-2015” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 2014 оны 11 сард хуралдсан Юнескогын дэргэдэх олон улсын Театрын Институтын 34-р хурлаар үйл ажиллагааны хувьд олон улсын наадам хэмээн баталгаажуулж, олон улсын наадмын драмын хороонд бүртгэгдсэн нь 12 дахь жилдээ зохиогдсон тус наадмын онцлог байв.

Тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилалд өрсөлдлөө. Шүүгчдээр УДЭТ-ын дэд захирал Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Гэгээн Муза академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин Сарантуяа, УДЭТ-ын найруулагч УГЗ Найдандорж, УГЗ, найруулагч Ганхуяг, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Соронзонболд, СТА, зураач Ариунболд, Урлаг судлаач, Профессор Мягмарсүрэн, урлаг судлалын ухааны доктор дэд Профессор Батсайхан, Театр судлаач Нямсүрэн нар ажилласан юм.

Мөн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоос гадна Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм байна. Мөн Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас ирсэн уран бүтээлчид оролцлоо.

Хөгжимт жүжгийн төрөлд

Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны Хаан титэм соёл компаний бүтээл Хар торгон хамжаар жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл Чөлөөт хос жүжгээр

Хүүхдийн жүжгийн төрөлд

Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

Шилдэг найруулагч УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл Алладины шидэт дэнлүү жүжгийн Алладины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын Мөрөөдлийн байшин театрын бүтээл Дараа жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг

Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр

Хүүхэд оролцоотой бүтээл Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын Сүүлчийн хичээл жүжиг

Нэг хүний жүжгийн төрөл

Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр

Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл Хүний дуу хоолой, Ялаа жүжгүүдээр

Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов Гараа надад өгөөч жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл Хүний дуу хоолой жүжгээр

БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин

Шүүгчидийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр

Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжиг Гран при шагнал тус тус хүртлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын драмын эрдмийн театрт Эх үрсийн баяраар юу үзэх вэ?

Улсын драмын эрдмийн театр 6-р сарын хөтөлбөрөө танилцуулж байна
Эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжгийг 06 сарын 01-нд 10:00, 12:00 цагт тоглох бол “Бүүвэй” уянгын драмын жүжгийг 06 сарын 01-нд 20:00 цагт тоглохоор бэлэн болжээ.

Байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй ба хүүхэд багачууддаа барих хамгийн том бэлэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99099262

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” наадам маргааш болно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

Энэ жилийн “Гэгээн муза” наадмын онцлог нь:

1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.

2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.

3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, ОХ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцоно.

Мөн “Гэгээн Муза” 12 наадмын хүрээнд тоглогдох жүжгийн хуваарийг танилцуулж байна

Тасалбарын захиалга явагдаж байгаа бөгөөд 322132, 88087088 утсаар захиалж болох юм байна.
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг.
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг