“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглох юм.
Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Category: соёл-урлаг
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д болно. Тус наадам нь 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Зохион байгуулагчдын зүгээс наадмыг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагын дараагийн сонирхолтой үйл ажиллагаа бол амьд хөгжим сонирхогчидод зориулсан “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмын Pre-Party өдөрлөгийг 2015 оны 6 – сарын 18нд Gandan Live House-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгт “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.
Тус өдөрлөгт “PLAYTIME 2015” наадмын ерөнхий зохион байгуулалт, болон REPLAY буюу наадамд хүрэлцэн ирсэн залууст хог хаягдалаа хэрхэн багасгах, зөв зохистой ашиглах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой урлагийн яармагийн тухай мөн наадамд хүрэлцэн ирэх залуусд зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийн талаарх дэлгэрэнүй мэдээллийг зохион байгуулагчидийн төлөөлөлүүд танилцуулах болно.
Мөн дашрамд дуулгахад 2015 оны 6 сарын 20 ний өдрийн 3 цагт GN Beverages компанийн Pepsi брэндтэй хамтран Playtime Pepsi хөтөлбөрийг Хүннү моллд зохион байгуулна. Тус өдөрлөгт наадамд оролцох хамтлаг дуучид хүрэлцэн ирж тоглох бөгөөд азтай 2 хос тасалбарын эздийг мөн цугларсан хүмүүсээс тодруулах болно.
Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаална. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20% ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.
Наадмын албан ёсны цахим хуудас www.playtime.mnцахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Камертон” хамтлагийнхан энэ сарын 24-нд 20 нас хүрнэ. Тэгвэл тэд 20
жилийн ойн баяраараа “Crocus Event hall”-д тоглолтоо хийхээр болжээ.
Ингэхдээ бие даасан тоглолт бус VIBE 105.5 Fm-ийн нээлтийн Black &
White party-нд оролцох аж.
Тэдний түүхийн хуудсыг эргүүлэхэд, 20 жилийн тэртээх 6 сарын 24-нд
хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ,
Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх
байгуулагдсан түүхтэй.
Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дуунуудыг
эгшиглүүлсэн бөгөөд тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18” нас дуу
өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа юм.
Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 15 тоглолт
хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын
“шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “шилдэг
хамтлаг”-аар тус тус шалгарсан гээд тэдний шагналын буухиа үргэлжилнэ.
Өнгөрсөн 2013 онд тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон
2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө
шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн
соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ба
тэд “Бид4” нэртэйгээр урлагт хөл тавин анхны цомгоо өлгийдөн авсан.
“Камертон” хамтлагийнхан бие даасан цомгуудаа гаргасан бөгөөд дуучин
Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би
чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2”
зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид”
шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо
2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис”
цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж байсан юм.
Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “Миний эх орон” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна.
Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ
сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээлээ. Олон сайхан дуу түмэнд
хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ
удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд
зориулж байгаа нь сонин шийдэл аж.
“Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг
бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж
байна.
Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын
дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлнэ. Эхний хэсэгт монгол
романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын
шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал
хөгжимтэй дуулна.
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ
Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдаш нар ажиллах ажээ. Төгөлдөр хуурч
Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА
Н.Наранчимэг хамтрах юм байна.
Нийслэлийн аялал жуулчлалын газар, Ю Монгол байгууллага хамтран
“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл”
богино хэмжээний кино наадам зохион байгуулж байна.
Кино наадамд оролцогчид “Уучлах”, “Хүндлэх”, “Талархах” гэсэн сэдвээс
аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох
боломжтой аж.
Шилдэг бүтээл Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагнал, хоёр сая
төгрөг, хоёр ширхэг нөутбүүк, Сапоп брэндийн шагнал хүртэх аж. Харин
хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд
мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.
Шалгаруулалтыг энэ сарын 30-ны өдөр явуулж, ирэх сарын 1-нд шагнал
гардуулах ёслолын ажиллагаа, шилдэг 15 бүтээлийг танилцуулах өдөрлөг
“Ниппи Опета”-д болох юм байна.
“ТВ коктэйл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяртай уулзлаа. Тэрээр “Хөгжилтэй гэр бүл” киноны Мянганбуугийн дүрийг бүтээсэн юм.
-“Хөгжилтэй гэр бүл” олон ангит уран сайхны кино үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байна. Ялангуяа таны бүтээсэн Мянганбуугийн дүр?
-Энэ кино “Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид болон “Коктэйл филмс”-ийн хамтын бүтээл. Ерөнхийдөө Солонгос кинотой төстэй. Зохиол нь Солонгос. Хэдий олон ангит кино ч гэлээ анги болгон дээр өөр, өөр үйл явдал гардаг юм. Анх уран бүтээлчид уулзаад 40 ангит кино хийе гэж зорьсон. Зорьсондоо хүрээд эхний 40 ангийг амжилттай хийчихлээ. Зураг авалт өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлээд дөрөвдүгээр сард дууссан. Анзаарах юм бол кинон дээр хоол их иддэг. Бараг зуун удаа хоол идэж байгааг нь бид 20-30 удаагийнх болгосон. Яалт ч байхгүй хоолон дээр яриа өрнөдөг тийм хэсгүүдтэй. Солонгос кино зохиолыг монгол хэлбэрт оруулан гаргаж байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх.
-Таны хөтөлдөг “50 саяын уналт” нэвтрүүлгийн асуултуудыг хэн бэлддэг вэ?
-Уг нэвтрүүлгийг “Боловсрол” суваг телевиз Английн “Эндемол” гэдэг компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөтлөн явуулдаг. Дүрэм журам, хөгжим, цаанаас зохиосон минут секундийн дагуу нэвтрүүлэг явагддаг юм. 2011 онд эхлээд тав дахь жилдээ явж байгаа. Асуултыг “Боловсрол” суваг телевизийн ажилтан бэлддэг. Оролцох бүх хүмүүсээ судална. Хэнээс юу асуух вэ, эхний шатанд ямар асуулт байх вэ зэргийг тооцоолдог. Жишээ нь оролцогч маань “Beatles”-ийг сонсох дуртай гэвэл эхний асуулт “Beatles”-тэй холбоотой байх жишээтэй. Гэхдээ амархан асуулт байдаггүй. Хоёр, гурав дахь асуулт мөн иймэрхүү маягаар явна. Архангай аймагт төрсөн оролцогч байлаа гэхэд Архангай аймгийн Хөшөөт-Цайдам сумаас олдсон Түрэгийн Билгэ хааны булшнаас гарч ирсэн зүйлийн тухай асуух жишээтэй. Ингээд өөрийнх нь эргэн тойрноос эхлээд жаахан шоглодог байх нь л дээ. Цаашлаад тухайн хүний хэн гэдэг, хаана төрсөн хамаагүй болно. Энэ бол мөнгө шүү дээ гэдэг утгаараа асуултаа тавьдаг. Аль болох л тэр хүнийг унагаах гэж асуудаг юм байна даа гэж би ойлгосон. Тэрнээс биш би асуулт бэлдэх ажилд ерөөсөө оролцдоггүй. Зөвхөн хөтлөгчийн гэрээ хийсэн. Хөтлөх өдөр тэдэн цагаас бичлэгтэй гэдгийг надад урьдчилж мэдэгдэнэ.
-Нэгэн нэвтрүүлэгт таныг оролцогч хүндээ шипи өгсөн гэдэг юм билээ?
-Хариултыг нь мэдэхгүй учраас асуултаа задалсан тохиолдол гарч байсан. Би тийм асуулт гарч ирнэ гэдгийг мэддэггүй. Оролцож байгаа хүн маань энэ чинь ямар амьтан байдаг билээ гэхээр нь яагаав нэг тийм цэнхэр гээд хэлчихсэн. Тэгээд асуултаа харсан чинь эдгээр амьтдын аль нь цэнхэр өнгөтэй вэ гээд гараад ирсэн. Тухайн үед хамгийн эхний шатны асуулт байсан болохоор найруулагч за яахав гээд өнгөрсөн. Хэрэв тав, зургадугаар асуулт байсан бол зогсоох байсан байлгүй.
-Саяны хүүхдийн баяраар “Тавин бэлэгний уналт” нэртэйгээр зохиогдсон. Сүүлийн үеийн хүүхдүүдийн мэдлэг таныг хүүхэд байсан үеийнхнээс хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Үе үеийн хүмүүсийн мэдлэг өөр байна гэж байхгүй байх л даа. Жишээ нь намайг бага байх үедмаш их мэдлэгтэй, маш олон ном уншдаг хүүхэд байсан. Одоо ч гэсэн тийм мэдлэгтэй, зүсэн зүйлийн юм сонирхдог хүүхдүүд зөндөө бий.
-Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд шинэ техник технологитой илүү ойр, мэдээлэл ч сайн авч байгаа?
-Энэ дунд чинь бас мэдэхгүй нөхөр ч байгаа. Миний үед юм мэддэггүй, ном уншдаггүй нэг нөхөр явдаг байсан бол өнөөдөр ч бас тийм хүүхэд бий.
-ТВ коктэйль хамтлаг хэдэн жилийн өмнө “Бид хаана төрөө вэ?” нэртэй Монгол орноо тойрсон аялал хийнэ гэж ярьж байсан. Энэ юу болсон бол?
-Энэ аялал 2010 онд төсөв мөнгө нь бүтэхгүй болоод зогссон. Гэхдээ цаас хэлбэрээрээ манай хамтлагийнханд байж л байгаа. Зургийн төлөвлөгөө гаргаад хэдэн төгрөг орох, хаашаа явах гээд бүх зүйлээ төсөл болгон бичсэн. Яваандаа боломжтой болсон цагтаа хийнэ гэж боддог ажлуудын нэг.
-Ойрын үед хамтлагаараа шинэ уран бүтээл хийх үү?
-Манайхан хэд, хэдэн уран бүтээл хийсний дараа бүл нэмж байгаа. Найруулагч Сэнгэдорж, Баттүшиг, Жавхлан нарын уран бүтээлчидтэй хамтран “Sun” пикчерсийг байгууллаа.
-Хэзээ тэр вэ?
-Удаагүй байна даа. Бидний анхны уран бүтээл “Босуул” уран сайхны кино. Наймдугаар сард олны хүртээл болох юм. Түүхэн, адал явдалт, тулаант уран сайхны кино хийлээ. Одоо график, монтаж, дуу оруулалтын ажилхийгдэж байгаа.
-Зураг авалт дуусчихсан уу?
-Өвөл зургаа авсан. Энэ киног хийж эхлэхийнхээ өмнө бид пикчерс байгуулъя гэж ярьж байсан юм. Тэгээд киноны зохиол бичигдээд, зураг авалт хийгдэж байх үеэр тамга тэмдгээ авлаа. Ерөнхийдөө 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэж ойлгож болно.
Ө.МАНЛАЙ
Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хамтран “Чиний үгүйд”, “Хавар” нэртэй дуунуудаа дуулж олны таашаалд хүрч байсан. Тэд Хөх тэнгэр хамтлагт байхдаа хамтран амьдарч байсан ч тус тусынхаа амьдралыг хөөн салж байсан түүхтэй. Салснаасаа хойш нэг тайзан дээр гарч хамтран дуу дуулалгүй 20 гаран жил болсон тэднийг үзэгчид дахин хамтран дуулахыг хүлээсээр ирсэн.
Харин
зургаадугаар сарын 19-нд болох “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн
тоглолтон дээр тэд хамтран сонсогчдынхоо сэтгэлд хоногшсон дуунуудыг
дуулахаар болжээ.
“Өсвөрийн морин хуурчдын–IV” наадам Завхан аймгийн Улиастай хотноо өнөөдөр эхэлж байна.
Энэ удаагийн наадамд Увс аймгийн
Улаангом хотын 1 дүгээр цогцолбор сургууль, Завхан аймгийн сумдын 170
гаруй шилдэг морин хуурчид оролцож байгаа аж.
Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн
үлдээх, түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, улмаар өсвөрийн морин
хуурчдын чадварыг хөгжүүлэх, нэгнээсээ туршлага судлах, суралцах гол
зорилготойгоор дээрх наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Монголын мянга, мянган гоо үзэсгэлэнт
оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой
“Оюутан мисс-2015” тэмцээн тун удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.
10 гаруй жилийн дараа дахин зохион
байгуулагдаж байгаа “Оюутан мисс-2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн”
нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс Монголиа-2015” тэмцээнд
урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс
Монголиа-2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.
“Оюутан мисс-2015” тэмцээний ерөнхий
зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол
хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”
ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс Монголиа холбоо”,
“Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра
загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг”
ажиллаж байгаа аж.
“Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор
зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээнд маш олон үзэсгэлэнт охид
оролцож байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ жилийн “Оюутан мисс-2015”-д
оролцож байгаа охидын зурагнаас танилцуулъя.
UBS телевизээс 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа UNIVERSE
BEST SONGS наадмын шилдэг 21 оролцогчийн гала тоглолт амжилттай
өндөрлөлөө. Өчигдөр тэд өөрсдийн авьяас чадвар, хоолойны цар хүрээгээ
үзэгч түмэнд хүргэж 2015 наадмын аваргууд тодорлоо. Гранпри шагналтнаар
Билгүүн, 2 байранд Доржпагма, 3 байрын эзнээр Хүдэрболд нар шалгарлаа!
Мөн Үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг оролцогчоор Хулангоо, Шүүгчийн
нэрэмжит шагналаар О.Балжинням, Пентотаник академийн нэрэмжит
шагналтнаар Уламбаяр нар шалгарлаа. Амжилттай оролцсон бүх оролцогчиддоо
баяр хүргэе!