Categories
мэдээ соёл-урлаг

Rosemary’s Baby

Польшийн еврей гаралтай найруулагч Роман Поланскийн бүтээлүүд кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа тод ялгардгийг кино сонирхогчид сайн мэдэх билээ. Кино сонирхогчид түүнийг Apartment Trilogy гурван цувралаар эчнээ мэдэх бол залуу үеийнхэн 2002 оны Төгөлдөр хуурч түүхэн, намтарчилсан киногоор нь андахгүй.

Найруулагч Поланскийн Розмаригийн хүүхэд хэмээх сэтгэлзүйн аймшгийн кино нь дээр дурдсан гурван цувралын хоёр дахь болон гарсан бөгөөд Америкийн кино инститээс шалгаруулсан “100 жилийн шилдэг 100 триллер”-ийн 9 дүгээрт бичигдсэн даацтай бүтээл болжээ. Парамаунт кино компанийн зүгээс бага өртгөөр бүтэх аймшгийн кино хийх хүсэлтэй байсан нь энэ киног бүтээх эхлэлийг тавьжээ. 1967 онд хэвлэгдсэн Ира Лэвиний ижил нэрт зохиолын кино бүтээх эрхийг кино компанийн гүйцэтгэх захирал Робэрт Эванс аваад байлаа. Тэр Поланксийн Европт бүтээсэн кинонуудыг биширдэг байсан тул шинэ киног чухам Полански л найруулах ёстой гэдэг дээр бат зогсож байв. Гэхдээ Полански руу киноны саналыг шууд явуулж чадсангүй, өөр хэд хэдэн бүтээлийн саналтай зэрэг хүргүүлжээ. Харин Полански ирсэн саналууд дундаас Розмаригийн хүүхэд зохиолыг шөнөжин уншиж дуусгаад энэ зохиолоор кино бүтээвэл тун дажгүй юм байна хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэр киног найруулах биш харин кино зохиолыг нь бичих хүсэлтэй буйгаа энэ үеэр илэрхийлсэн байсан ч кино компанийнханы уйгагүй ятгалгын дүнд найруулахаар болсон гэнэ.

Сэтгэлзүйн аймшгийн тус киноны гол дүр залуухан бүсгүй. Энэ дүрийг чадварлаг бүтээх жүжигчнийг олно гэдэг амаргүй байлаа. Тиймээс найруулагч Тюсдэй Вэлд болон өөрийн сүйт бүсгүй Шэрон Тэйт нарын нэгийг сонгох талаар бодож байв. Харин ном нь бэстсэллэр болж чадаагүй тул үзэгчдийг татах өөр зүйл хэрэгтэй байгааг Робэрт Эванс анзаарч Миа Фарровыг сонгожээ. Жүжигчнийхээ хувьд төдий л олны танил биш ч алдарт дуучин Фрэнк Синатрагийн эхнэр, телевизийн алдартай цувралд тоглосон гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг эрхгүй татах хүн нь яах аргагүй Миа байлаа. Энэ кинонд тоглох нь Миагийн нөхөр Синатрад таалагдсангүй. Учир нь тэр эхнэрээ кинонд тоглуулахгүй гэж боддог байсны зэрэгцээ зураг авалтын талбай дээр салах өргөдлөө хуульчаараа явуулсан зэрэг нь Миад хүндээр тусчээ. Миа гэр бүлээ авч үлдэхийн тулд энэ дүрээс татгалзаж, гэрээгээ цуцлахыг хүссэн ч Эванс түүнийг явуулалгүй, харин ч энэ дүрээрээ Оскарт нэр дэвших магадлалтай хэмээн итгүүлж дөнгөсөн гэдэг. Миа хэдий Оскарт дэвшээгүй ч кино багтайгаа үлдсэн юм.

Розмаригийн хүүхэд кино Поланскийн Америки зураг авалтаа хийсэн цөөн хэдэн киноны нэг. Учир нь тэр ихэнх киногоо Европын орнуудад бүтээсэн байдаг. 1968 онд дэлгэцэнд гарсан дариудаа тус бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Өдгөө ч тус кино дэлгэцийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог бөгөөд 2014 онд АНУ-ын Үндэсний кино бүртгэлийн санд бүртгэн авчээ.

Энэ киноны амжилтаас хойш чөтггөр шулмын сэдэвтэй аймшгийн кино нэлээд бүтээгдэх болжээ. Мөн зохиолч Ира Лэвин гол дүрийн жүжигчин Миа Фарровт зориулж зохиолынхоо үргэлжлэлийг 30 жилийн дараа бичсэн нь бэстсэллэр болж чадсан. 1976 онд Розмаригийн хүүхдэд юу тохиолдсон бэ хэмээх телевизийн цуврал бүтээгдсэн бол 2000-аад оны сүүлээр энэхүү киног дахин бүтээх яриа гарсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагджээ. Харин өнгөрсөн онд ЭнБиСи телевиз Розмаригийн хүүхэд хоёр ангит кино бүтээсний гол дүрд Зое Салдана тогложээ.

Тус кино Оскарт хоёр төрлөөр нэр дэвшсэн ч “Шилдэг эмэгтэй жүжигчин” ганц төрөлд ялалт байгуулсан бол Алтан Бөмбөрцөг наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж нэг төрөлд ялалт байгуулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Рок, поп урлагийнхан өнөөдөр нэгэн дор чуулна

Монголын
хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ocean grey” продакшн
байгуулагдаад 3 дахь жилдээ болж байгаа билээ. Тус продакшн цоо шинэ,
мэргэжлийн дуу бичлэгийн шинэлэг өнгө төрхтэйгээр та бүхэнтэй уулзаж
байгаа бөгөөд энэ хүрээндээ монголын рок, попын ертөнцийхнийг нэгэн дор
хуруулсан “Ocean Grey” нээлтийн шоугаа маргааш “Crocus event hall”-д 19
цагаас толилуулахад бэлэн болоод байна.

Тус
шоунд: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын
дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа,
“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн
дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер
Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн
хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean
Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт
болох нь ээ.

Өнгөрсөн 3
жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд
нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт,
найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин
ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ
үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин
Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд
дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон
“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин
Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг
үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь
анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран
бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа
урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна.
Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шинэбаяр: Би “Аав” киноны дүр шигээ амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн

УДЭТ-ын
залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-Хэдэн онд
сургуулиа төгссөн бэ?

-Би 2013 онд Соёл
урлагийн их сургуулийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар
багшийн удирдлаган доор суралцаж төгссөн. Одоо ингээд бодож байхад
Л.Дэмидбаатар багш маань намайг дөрвөн жилийн хугацаанд театрын урлагт бэлтгэж
байжээ.

-Гэр бүлд чинь
урлагийн хүн бий юу. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Гэр бүлд маань
ерөөсөө урлагийн хүн байгаагүй. Би л ганцаараа урлагийн хүн болчихоод байна.
Зурагтаар жүжигчдийг хараад “Ер нь л жүжигчин болъё” гэж боддог
байсан. Тэгэхээр энэ мэргэжлийг багаасаа хүсэж мөрөөдсөн гэсэн үг. Багаасаа
урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа.

-Та хэдэн
кинонд тоглосон бэ?

-Одоог хүртэл
гэвэл “Хязгааргүй”, “19”, “Учрал”, “Аав” зэрэг таван кинонд тоглосон байна.

-“Учрал”
кинонд сагсуу залуугийн дүрд тоглосон, харин “Аав”киноны чинь дүр түүнээс
эсрэг. Амьдралд чинь аль дүр нь илүү ойрхон байсан бэ?

– Энэ хоёр киноны
аль аль нь миний амьдралтай ойр шүү. “Аав” кинон дээр гардаг шиг амьдралын
төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн.

-Та амьдрал
дээрээ хэр тайван хүн бэ?

-Нэлээн тайван
талдаа.

-Таны хувьд
үлгэр дуурайл авдаг жүжигчин бий юу?

-Үлгэр дуурайл
авдаг жүжигчин байлгүй яахав. Л.Дэмидбаатар багшаасаа, Ц.Цэрэнболд,
Г.Эрдэнэбилэг ах нараасаа үлгэр дуурайл авна. Ер нь бол ахмад уран
бүтээлчдээсээ үлгэрлэл авна шүү дээ.
Ялангуяа урлагийн бид нар чинь гудамжаар явж байхдаа хүртэл ёс зүйтэй
байх хэрэгтэй байдаг учраас суралцах зүйл их байдаг.

-“Аав” кинонд
яаж сонгогдож байв?

-Ц.Цэрэнболд ах,
зохиолч Энхдалай ахтай манай өрөөнд ороод юм ярьчихсан сууж байсан юм. Тэр үед
нь би өрөөндөө хальт ороод “Сайн байна уу?” гээд мэндэлчихээд гарсан тэгэхэд яг
Цэрэнболд ах “энэ хүүхэд шүү дээ” гээд л
юм ярьж байсан юм. Дараа нь уулзсан чинь найруулагч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд
нар “Аав” гээд кино хийх гэж байгаа. Ц.Цэрэнболд ахын залуу насны дүрд чамайг
харж байгаа гэсэн. Тэгээд л тоглохоор болоод орж байлаа.

-Драмын театрт
бүтээсэн дүрийнхээ талаар яриач?

-Одоохондоо
драмын театрт энэ тэр гээд хэлчих дүр байхгүй байна. Жүжгийн туслах дүрүүдэд
тоглоод явж байгаа.

-Драм болон
дэлгэцийн уран бүтээл хоорондоо ямар ялгаатай гэж боддог вэ?

-Дэлгэцийн
урлагийг би нөхөх, урлах урлаг буюу монтажны урлаг гэж ойлгодог. Драм бол цэвэр
амьд урлаг шүү дээ. Драмын театр дээр бэлтгэл сургуулилт хийх явцдаа өөрчилж
болохоос биш тайзан дээр өөрчлөх боломжгүй. Нөгөө талаас харах юм бол дэлгэцийн
урлагт ч гэсэн адилхан тал бий. Жишээлбэл, дүр дээрээ хамтрагчтайгаа харилцаад
тоглож байхад найруулагч авлаа гээд дуусгахад сэтгэлд хүрэхгүй үе байдаг. Дараа
нь киногоо үзэж суухдаа энэ дээр нь ингэдэг байж, жаахан өөрчилчихсөн бол гэсэн
бодол төрдөг юм.

-Драмд ажиллах
хэцүү юу. Шалгуур өндөр гэдэг шүү дээ?

-Ер нь бол босго
өндөртэй. Тухайн хүн өөрөө асар их хичээж, их хөдөлмөрлөж байж оршин тогтноно.
Тийм учраас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй.

-Та найз
охинтой юу?

-Байхгүй.

-Амьдрал дээр
“Аав” кино шиг гэнэт эцэг болбол яах вэ?

-Хайрлана. Аминаас
минь унасан амь юм чинь түүнийхээ төлөө бүх зүйлээ зориулна даа.

-Хүнд үзээд
уйддаггүй кино гэж байдаг шүү дээ. Танд тийм кино байдаг уу?

-Хамгийн
дурсамжтай кино гэвэл миний хувьд “The Notebook” байдаг юм. Тэгээд “Бригад”
олон ангит кино байна. Хэд ч үзсэн уйддаггүй кино шүү.

-Таныг
найруулагчид голцуу ямар дүрд сонгодог вэ?

-Янз янз. Яг ийм
тийм дүр гэж онцлох зүйл байхгүй юм байна.

-Анхны уран
бүтээлийнхээ талаар яриач?

-Анхны дэлгэцийн
уран бүтээл гэх юм бол 2012 онд хийгдэж байсан “19” кино. И.Нямгаваа, Баатар,
Балжинням гээд Монголын гурван том найруулагч “19” киног 30, 30 минутаар гурван
хэсэг хувааж найруулж байсан юм. Энэ киноны хамгийн сүүлийн хэсгийг найруулсан
И.Нямгаваа найруулагчийн найруулсан хэсэгт тоглож байсан. Тэр үед ерөнхий
найруулагч нь Нямгаваа гуай байсан юм. Нэгдүгээр найруулагчаар нь Сэнгэдорж ах
ажилласан. Тухайн үед энэ кинонд тоглож байхдаа би Сэнгэдорж найруулагчаас их
юм сурсан. Миний хамгийн анхны уран бүтээл байсан болохоор их дурсамжтай
санагддаг. Бас хайрладаг юм.

-Чөлөөт
цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа
өөртөө хэрэгтэй зүйлийг хийх дуртай. Жүжигчин хүн үзэгчдээсээ, нийгмээсээ нэг
алхам түрүүлж алхах ёстой гэдэг утгаараа чөлөөт цаг гарвал аль болох өөрийгөө
хөглөж, хөгжүүлэхийг боддог. Жишээлбэл
одоо англи хэл сурч байна. Мэдээж цаашаа хөгжүүлэх зүйл их байна.

-Залуу хүний
хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Залуу хүн завгүй
байхдаа сайхан. Хэтэрхий задгай, чөлөөтэй байдал руу ороод ирэхээр хүн лазантаж
эхэлдэг. Тийм болохоор завгүй байх тусам ямар ч зүйлийг ар араасаа гарч ирсэн ч
хийж амжуулаад байдаг. Зав чөлөөтэй байх цагт хоёр ажил давхцахад за тэгж
байгаад хийчихнэ гээд хойшлуулдаг. Тэрний оронд өнөөдөртөө хийх ажлыг өдөрт нь
хийх хэрэгтэй.

Залуу хүн эрч
хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч хөдөлмөрч ер нь завгүй байх хэрэгтэй гэж
боддог. Ийм байвал илүү их амжилтад хүрдэг болов уу.

-Киноны санал
их ирж байна уу?

-Ирж байгаа.
Зарим нэг кинонд нь зөвшөөрсөн байгаа. Бас хэдэд нь татгалзчихсан.

-Хайрын тухай
кинонд тогловол эмэгтэй хамтрагчаар хэнийг сонгомоор байна. Ийм сэдэвтэй кинонд
тоглох уу?

-Яг хэнийг гэхээ
үнэхээр сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуучуудад хайрыг харуулсан үнэ
цэнтэй кинонд тоглохыг хүсч байгаа.

С.Ариунжаргал

М.Мишээл

Categories
мэдээ соёл-урлаг

“Ocean Grey” продакшны нээлтийн шоу болно

Намрын анхны томоохон шоу тоглолтыг шинэлэг найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байна.

Энэ бол наймдугаар сарын 26-ны 19:00 цагт “Crocus” event hall-д эхлэх товтой байгаа “Ocean Grey” хөгжмийн продакшны нээлтийн шоу, party юм.

Тодруулж хэлбэл, хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна кино, реклам хөгжим гээд урлагийн олон төрөлд амжилттай ажиллаж буй “Ocean Grey” мэргэжлийн хөгжмийн продакшн албан ёсоор нээлтээ хийж, Монголын хөгжмийн зах зээлд өөрсдийн брэнд нэр, туурвисан уран бүтээлүүдээ ийнхүү танилцуулах гэж байна.

Сүүлийн үед болж байгаа олон тоглолтууд дундаас ялгарах онцлогтойг энэхүү тоглолтын үндсэн агуулга, цар хүрээ, реклам гээд олон хүчин зүйл тодорхойлж байгаа юм. Оролцох уран бүтээлчид тэдний зүгээс үзэгчиддээ хүргэх тоглолт нь шинэлэг байх бөгөөд зөвхөн тоглолт бус шоу, party хосолсон үдшийг залууст бэлэглэх нь ээ. Рок поп, хип хоп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, шинэ үеийн онцлох уран бүтээлчдийн хамтран оролцох амьд шоу тоглолтонд, Төрийн Соёрхолт Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлаг, “Honey Moon” хамтлаг, дуучин Х.Отгоо, Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, С.Зоригт, С.Хишигжаргал, “Opozit” хамтлаг, реппер Цэцэ, “Aim4r” бүжгийн хамтлаг, “Ocean Grey” продакшны дуучид оролцох юм байна. Тэд энэхүү тоглолтын тайзнаа “Ocean Grey” продакшнаас мэндэлж, сонсогчдын дунд хит болсон дуунуудаа мөн хэний ч сонсоогүй шинэ уран бүтээлүүдээ анхлан дуулах ажээ. Мөн DJ, продюсер Түвшин, “MMP”-ийн DJ TMK нар электро сет, хөгжмөөр залуусыг доргиох юм.

“Ocean Grey” продакшны нээлтийн шоу, party-ны энгийн тасалбар 30 мянган төгрөг бөгөөд уух зүйл үнэгүй дагалдана. Харин VIP тасалбарын үнэ 150 мянган төгрөг бөгөөд үүнд хоол, уух зүйлс, меню үйлчилгээ зэрэг багтжээ. Тасалбарыг “HI-FI”, “Orange” рекордсын бүх салбараар болон онлайнаар easyticket.mn сайт, 1900-1188, 1900-1991 дугаарын утсаар үнэгүй хүргэж байна.

Дашрамд, тоглолт зохион байгуулагчдын зүгээс амралтын өдрийг тааруулан үзэгч залуустаа нэгэн боломжийг олгожээ. “Ocean Grey” продакшны нээлтийн шоу тоглолт, партины энгийн тасалбарыг зөвхөн өнөөдөр, маргаашийн өдрүүдэд /08-22, 23/ авах үзэгчид “3-ыг авбал 1 үнэгүй” байхаар болсон байна. Хоёрхон хоног ингэж борлуулах тул та бүхэн яаравчлаарай.

Холбоо барих: 9995-8058

Categories
мэдээ соёл-урлаг

Богд хааны ордон музейд орчин үеийн хөгжмийн шоу болно

The Majesty presents болон Богд хааны
ордон музей хамтран энэ сарын 22-ны бямба гарагийн 17 цагаас “Night at
Bogd Khan’s Palace” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний гол зорилго нь орчин
үеийн хөгжмөөр дамжуулан өөрийн орны залуус, гадаадын иргэд, жуулчдад
Монгол улсын түүхэн дурсгалт газрыг сурталчлан таниулах юм.

Богд хааны ордон музей нь Монголын
сүүлчийн эзэн хааны өөрийн амьдарч байсан мөн тусгаар тогтнолын гэрч
болсон түүхэн газар юм. Өдгөө энэхүү цогцолбор газарт Буддын урлахуйн
ухааны гайхалтай бүтээлүүд, хаан, хатны эдэлж хэрэглэж байсан хувцас,
эдлэл хэрэгслүүд тэргүүтэй олон дурсгалт үзмэрүүд хадгалагдаж, олны
хүртээл болсоор байна.

Энэхүү үйл ажиллагаа нь орчин үеийн
хөгжим тэр дундаа underground electronic хөгжмийг залууст жинхэнэ утгаар
мэдрүүлэхийн сацуу залуу үеийг нэгтгэн түүх, соёл, урлагийн өвийг
хамгаалах, сэргээхэд уриалж байгаагаараа урьд өмнө зохион байгуулагдаж
байсан ижил төрлийн арга хэмжээнүүдээс ялгаатай байх болно гэж зохион
байгуулагчид онцолж байна. “Night at Bogd Khan’s Palace” electro
хөгжмийн шоунд Dj.Henza, Dj.BTR /Лондонгоос/, Dj. Билгүүдэй
/Бээжингээс/, ММP Dj.TMK нар оролцож өөрийн сетүүдээрээ үзэгчдийн
сонорыг мялаахаар уригдаад байгаа ажээ. Мөн дуучин А.Хишигдалай продюсер
Тэмүүлэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээ хүргэнэ. Нэмж сонирхуулахад
Цамын бүжиг ч арга хэмжээний хөтөлбөрт багтаад байгаа юм. Хөгжим тоног
төхөөрөмж, гэрэлтүүлгийг Total music, арга хэмжээнд ирсэн зочдын хоол
зуушыг тогооч Г.Тэнгис, үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган харуул
хамгаалалтын “Зевс секьюрити” компани хамртран ажиллаж байна. Тус үйл
ажиллагаа нь дэлхийн хөгжингүй орнуудын орчин цагийн музейнүүдэд олон
нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагддаг жишгийг
нэвтрүүлж буйн илрэл болж байна. Night at Bogd Khan’s Palace арга
хэмжээ нь Богд хааны ордны Амгалан Энхийн хаалганы өмнөх ёслол
хүндэтгэлийн талбайд болох гэж буйгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад Амгалан Энхийн хаалга
нь 108 өөр төрлийн оньстой, нэг ч хадаас ороогүй баригдсан уран барилгын
онцгой гайхам шийдэлтэйгээр үл барам Монгол улсын тусгаар тогтнолын
хаалга хэмээн нэрлэж ч болох хаалга юм. Учир нь Манжийн эрхшээл ноёрхлыг
эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлчээр ялалтаар
төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч
хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг
хаалгыг бариулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнхийн реп” тоглолтоо хийнэ

“Зөөлөн гуниг” дууг сонсохоор “Мөнхийн реп” хамтлагийг үгүйлдэг
сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан
тус хамтлагийн “Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, “You and me”
зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

Тэгвэл “Мөнхийн реп” фэнүүдтэйгээ удахгүй уулзах гэнэ. Тодруулбал, “Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд “Hit songs” шоу тоглолт нь болох юм.

Тэд энэхүү тоглолтоороо хит дуунуудаа дуулан үзэгч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн доргио өнгөрүүлэхээр товложээ.

Анх “Мөнхийн реп” хамтлагийн ахлагч П.Мягмарбаяр, хамтлагийн гишүүн
Ц.Батжаргал, Б.Лхагвацэрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр одоогоос 14 жилийн
өмнө байгуулагдаж байсан билээ. Энэ хугацаанд тасралтгүй үзэгч,
сонсогчдоо уран бүтээлээ хүргэсээр ирсэн гэдгийг фэнүүд нь андахгүй
мэднэ. Нийтдээ 100 гаруй дуу, гурван цомог, бие даасан тоглолтоо 7 удаа
толилуулсан. Тэгвэл ийнхүү найм дахь тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзахаар
болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Маш нууц” кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

Монголын кино урлагт бас нэг кино
мэндлэх гэж байна. Тодруулбал, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийгийн хийж
байгаа “Маш нууц” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох
гэж байна. Тус кинонд 1970-иад оны цэргийн арми, хүний мөс чанар, хайр
дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг харуулах юм байна.

Киноны албан ёсны трейлэр өчигдөр албан ёсоор цацагдаж байна.

Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн хувьд
2001 онд “Зүрхэнд шивнэсэн үг” , 2003 онд “Ноён солиот”, 2004 онд
“Уулын Төмөр” , 2005 онд “Чиний эзгүйд” , 2007 онд “Хайрыг хайрла” ,
2010 онд “Нар сарны зааг” зэрэг сайхан бүтээлүүд дээр ерөнхий
найруулагчаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Этюд” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Blue Moon арт галерейд “Этюд” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 3-17-ны өдрүүдэд болж байна.

Энэхүү үзэсэгэлэнг Blue Moon арт галерейгаас нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд 30 гаруй зураачийн 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьжээ.

Зураачид зуны улиралд аялал зугаалгаар ихээр явж, байгалийн судалбар зураг зурах нь элбэг тул цаг үетэй нь тохируулж, тус үзэсгэлэнг нээж байгаа талаар тус галерейгаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“ЭТЮД” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Blue Moon” арт галлерей нь 2012
оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд арав хоног тутамд
мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой юм. Урлагаар дамжуулж
хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэхээс гадна үзэгчдийг бэлдэх, уран
бүтээлчид болон урлагт элэгтэй хүмүүсийг холбох зорилгоор тус арт галерей энэ удаад “Этюд” уран бүтээлчдийн нэгдсэн
үзэсгэлэнг анх удаагаа буюу өчигдөр
нээлээ. Энэхүү үзэсэгэлэнг Blue Moon арт галерейгаас
нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Наранбаатар: Дуучин болох миний багын мөрөөдөл

Улсын Филармоны гоцлол дуучин
МУСТА Н.Наранбаатартай ярилцлаа.

-Та ямар мэргэжилтэй билээ. Хэдэн
онд сургуулиа дүүргэж байв?

-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их
сургуулийн аялал жуулчлал, япон хэлний ангийг төгсөж байлаа. Мөн тэр онд
“Nature sound” төвд анхны элсэгч болоод шилдэг төгсөгч болж байсан. Түүнээс
хойш 2011 он хүртэл студидээ дуучнаар ажилласан. Тухайн үед студид ажиллаж
байхад бүх төрлийн жанраар дуулдаг хүмүүстэй хамтарч дуулж үзсэн. Мөн хүмүүсийн
50-60 CD хийлцэж байлаа. Энэ нь томоохон туршлага болсон.

-Улсын филармонид яаж орсон юм
бол?

-2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд
Тусгаар тогтнолын ордонд бие даасан жазз оркестр тоглолт хийсэн юм. Тухайн үед
Улсын филармонийн удирдлагаас ирж үзээд надад филармонид орох урилга өгсөн.
Тэгээд л 2012 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй
юм бэ?

-Дуучин болох миний багын
мөрөөдөл. Миний аав Баянхонгор аймгийн соёлын төвийн захирал байлаа. Тухайн үед
“Од” хамтлагт гитар тоглож байсан юм. Гитараас гадна даралтат хөгжим тоглодог.
Ээж минь ч бас бүжиглэдэг, дуулдаг хүн. Миний урлагт дурласан нь үүнтэй
холбоотой байх. Багаасаа л аавынхаа дуулахыг харж өссөн. Мөн Францын классик
дуучдыг харж тэдэн шиг үнэ цэнтэй дуучин болно гэж боддог байсан. Мөрөөдлөө
биелүүлээд байгаадаа баяртай байгаа.

-Ер нь жазз дууг яагаад сонгох
болов?

-Би классик, поп чиглэлийн дуу
дуулах дуртай. Жазз бол сэтгэлгээний урлаг гэж хэлж болно. Ийм чиглэлийн уран
бүтээл аливаа хүнд сэтгэлийн таашаал өгч чаддаг. Хөгжимчин болоод дуучнаас асар
өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг шүү.

-Урын сандаа одоо хэдэн дуутай
болсон байна. Анх ямар дуу дуулж байв?

-Өөрийн гэсэн 20 гаран дуутай
болсон байна. Анх 2005 онд “Чиний зүг” гээд поп дуу дуулж байлаа.

-Хэд хэдэн киноны дуу дуулсан
байх аа?

-Тийм шүү. “Хоёр шөнө гурван
өдөр”, “Танхай тээгч”, “Хуримын срюприз” кинонууд болон “Энэ бол гайхамшигтай”
жүжгийн дууг дуулсан байна.

-Та бие даасан CD гаргасан уу.
Дуучин Ц.Хулантай хамтарч тоглолт хийж байсан байх аа?

-Удахгүй өөрийн бие даасан хоёр
дахь CD-гээ гаргахаар төлөвлөөд байна. “Hot spot” хамтлагт байхдаа ретро поп
урсгалаар нэг CD гаргаж байсан.

Харин жил болгон тоглолт хийдэг
уламжлалтай болоод байгаа. Сүүлийн гурван жил тоглолтоо хийсэн байна. Жазз
дуугаа томоохон оркистртой дуулдаг. Нэг тоглолтоо дуучин Ц.Хулантай хамтарч
хийсэн. Тэр тоглолт маань үнэхээр сайхан болж байлаа. Ц.Хулан гайхалтай
чадварлаг дуучин. Хамтарч ажиллахад таатай байсан.

-CD-ндээ ямар дуунууд оруулж
байгаа вэ. Голдуу цоглог хэмнэлтэй дуу дуулаад байгаа харагддаг?

-Энд тэнд шоунд очвол үзэгчдээ
хөгжөөхийн тулд мэдээж цоглог дуу дуулна. Намуухан хэмнэлтэй дуу дуулалгүй
яахав. Нэг CD-гээ монгол, гадаад дуугаар гаргах байх. Нөгөө CD-ндээ ардын
дуунууд оруулж байгаа. CD-ний бичлэгээ солонгос, австри, германы мэргэжлийн
хөгжимчдийг авчирч хийсэн. Эхний CD маань наймдугаар сард гаргах байх.

-Та гэр бүлээ танилцуулаач. Таныг
хэр сайн дэмждэг вэ?

-Миний ханийг Энхмарал гэдэг.
Гадаад харилцааны мэргэжилтэй. Бид хоёр одоогоор нэг хүүхэдтэй байна. Тун
удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Урлагт амжилт гаргана
гэдэг гол хүч нь ар гэр байдаг. Бүх зүйл гэр бүлийн хүний маань дэмжлэгтэй
сайхан бүтдэг.

-Жазз дуулахаар хүмүүс хэр хүлээж
авдаг вэ?

-Жазз сонсдог хүрээлэл нь өөр л
дөө. Ерөнхийдөө мэргэжлийн чадвар шаарддаг урсгал. Тиймээс хөгжмийн боловсролтой
хүмүүс сонсдог.

-Дууны үг, клип тань бусдаас
ялгарахаар байдаг. Клипнийхээ санааг яаж гаргадаг вэ?

-Уран бүтээлч хүн өөрийн санааг
гаргаж байж бусдаас ялгарна. Ер нь миний дуунаас миний үзэл бодлыг харж болно.
Мэдээж дууны үг маш чухал. Дууны шүлэг бичдэг найз нөхөдэйгөө л сайн ярилцаж
байгаад бичүүлдэг юм.

-Таны амьдралдаа баримталдаг
зарчим юу вэ?

-Хүн хүн шиг байх ёстой. Хүн
болно гэдэг урт хугацаа шаардана. Их юм үзэж алдаж, онож байж хүн чанартай
болдог байх. Ярьсан зүйлээ хийдэг байх. Ярьж байгаа зүйл нь үйлдэлтэйгээ
нийцсэн байх ёстой гэж боддог. Аав маань ч намайг зөв бай гэж захидаг юм. Хүн
оюун санаагаа удирдаж чадвал зөв зарчмаар явах ёстой гэж олон улсын шинжлэх
ухаанаар хүртэл баталчихсан шүү дээ. Би хүний сайнтай нь нөхөрлөдөг. Сайн хүн
гэдэг утгаар нь биш. Муу хүнд ч сайн чанар байгаа гэдгийг харах хэрэгтэй. Хувь
хүн талаас нь түүний сайнтай нь нөхөрлөдөг.

Мөн хүнд баруун, зүүн гар гэж
байх ёсгүй. Хүмүүс солгой гараараа хийсэн гэдэг шүү дээ. Тийм юм байж болохгүй
л гэж боддог. Хүний итгэлийг алдаж болохгүй шүү дээ. Миний ингэж төлөвшсөн
байдал өвөө, аав, ээжийн минь байгаль дэлхийг, хүнийг яаж хайрлахыг зааж өгсөн
хүмүүжил шүү дээ.

-Нөхөрлөлийг та юу гэж боддог вэ?

-Олон жилийн хугацаанд шалгарч
үлддэг зүйл. Найз гэдэг найдаж, итгэхийн нэр. Зовсон ч, жаргасан ч үргэлж хамт
байвал нөхөрлөл тэр. Гайгүй сайн байхад нь хамт байчихаад л жаахан гундуухан
үеийг нь хуваалцаж чадахгүй бол тэр чинь нөхөрлөл биш. Нөхөрлөлийг цаг хугацаа
л харуулдаг. Найз, нөхөр хүний амьдралд гол орон зайг эзэлдэг чухал зүйл.

-Найзуудынхаа дурсамжаас
хуваалцаач?

-Сургуулиа төгсдөг жилээ
Сүхбаатарын талбай дээр хоёр дотны найзтайгаа алхаж байсан юм. Тэгтэл “Даашка”
студи байгуулагдаж байгаа юм байна, чи ор гээд хоёр найз маань явъя гэсэн. Би ч
энэ жилдээ больё гэсэн чинь хоёр найз маань намайг чирч аваачаад оруулж байсан.
Зүгээр ч үгүй бэлтгэл нь дууссан байхад ярьж байгаад оруулж байлаа. Ингэхээр
найзууд маань намайг үнэхээр сайн мэддэгийн дээр миний мөрөөдлийг биелүүлэх гол
түлхүүр болж байлаа.

-Монголд жазз хөгжим ямар түвшинд
явна вэ?

-Монголд жазз хөгжим 1950-аад онд
тоглож эхэлсэн байдаг. Энэ нь Д.Лувсаншарав гуайн “Би чамд хайртай” дуугаар
харагддаг юм. Үнэхээр сайхан жазз дуу шүү. 60,70,80-аад оны дууны үг, ая, утга
санаа гайхалтай авцалдсан байдаг. Одоо эргээд жааз сонсоод хуучнаа сонсож
байгаа. Би энэ дууг бүх зөвшөөрлийг нь аваад CD-ндээ оруулахаар төлөвлөөд
байгаа. Залуус бид өнгөрсөн үеэ мартах учиргүй. Байгаагүй юмыг бүтээчихсэн юм
шиг байх хэрэггүй гэж боддог. Ахмадууд маань бас залуу үеэ дэмжих хэрэгтэй.
Өнгөрснөө мартахгүй, ирээдүйгээ харах ёстой. Сор хүмүүс хийх зүйлээ хийгээд тэр
нь домог болоод үлдчихсэн байгаа. Одоо орчин үеийн залуус бидэнд тэднийг авч
явах хариуцлага үлдсэн. Үүнд бид л чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Монголд сонгодог урлаг хөгжиж байгаагийн
илрэл болж саяхан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар олон улсын тэмцээнд хүндтэй
байр эзэлчихлээ?

-Урлагаар улс орны хөгжил
харагддаг. Нэг үеэ бодоход манай улс урлагаа сайхан дэмждэг болсон байна.
Саяхан дэлхийн түвшинд хүрсэн Э.Амартүвшин, Г.Ариунбаатар хоёрыг сайхан дэмжиж
байна. Тэд ч ур чадвараараа сайхан гарч ирлээ. Монгол Улс 2015 онд Олон улсын
тэмцээнээс сонгодог урлагаараа гурван гранпри авлаа шүү дээ. Нэг нь би.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Буриад улсад Олон улсын страд дуулаачдын тэмцээнд
гранпри шагнал авсан байгаа. Тус тэмцээнд Солонгос, Хятадын олон сайхан залуу
дуучид орсон. Тэднээс их зүйл суралцаж байна. Амжилттай, олз омогтой байгаа.
Мэдээж энэ хоёртойгоо барьцаад байгаа юм биш. Одоо л страд, сонгодог урлаг
хөгжиж байна гэдгийн илрэл.

-Та олон улсын тэмцээнээс гадна
өөр ямар амжилт гаргаад байна вэ?

-Өнгөрсөн жилийн рок попынхны
шинэ жилээр шилдэг залуу дуучин болсон. Энэ нь миний хувьд пентатоникын шагнал
шиг л санагдсан. Мөн энэ жил Улсын филармониос намайг МУСТА болгосон юм.
Битүүний өдөр БСШУЯ-нд очиж сайдаас гардан авсан. Энэ цол үнэхээр том хүндэтгэл
байсан. Энэ нь миний хувьд чи цаашаа улам илүү ажиллах ёстой гэсэн ташуур
болсон. Тэгэхээр өөрийгөө илүү нээж, боловсруулах ёстой болж байна.

-Өөр тэмцээн уралдаанд орох уу. Цаашдаа
та юу хийхээр төлөвлөөд байна?

-Намар Япон улс руу олон улсын
дууны тэмцээнд оролцохоор явах байх. Урилгаа ирүүлсэн байгаа. Намар хоёр CD-гээ
гаргана. Мөн энэ намар бие даасан тоглолтоо хийх санаатай байна. Чанартай
тоглолт хийхийн тулд сайн хөдөлмөрлөж байна даа.