Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн залуу циркчдийн анхдугаар фестиваль” болно

Олон улсын циркчдийн “ВУЧИАО” фестиваль есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний циркийн манежнаа “Дэлхийн Залуу циркчдийн анхдугаар фестиваль” болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэгүүд тодорлоо

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан боллоо. Тус наадамд нийт ерөнхий боловсролын 11 сургуулийн 850 сурагч оролцов.

Уралдаанд оролцсон хамтлагууд гурван дуугаар өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Нэгдүгээр байрт 231 оноогоор 84 дүгээр сургууль, хоёрдугаар байрт 225 оноогоор 48 дугаар сургууль, гутгаар байрт 212 оноогоор 33 дугаар сургуулийн найрал дуучид шалгарсан. Харин тусгай байрт 205 оноогоор 44 дүгээр сургууль, Шилдэг удирдаач багшаар 84 дүгээр сургуулийн багш Н.Маралмаа, Шилдэг найруулагч багшаар 44 дүгээр сургуулийн багш Д.Алтангэрэл нар шалгарлаа.

23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхэд оршсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Ромео Жульетта” арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй.

Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй.

Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорын ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта”.

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.

Тэр үед танхим дүүрэн үзэгч, нижгэнэсэн алга ташилт, сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байх шиг санагддаг байж билээ гэж уран бүтээлчид өнөө хэр дурсан ярьцгаадаг.

Үнэхээр ч “Ромео Жульетта” жүжиг тэр агшин, тэр цаг хугацаанд театрын түүхэнд эргэлт хийсэн бүтээл болж тухайн жилийнхээ “Гоо марал” шагналын “Шилдэг жүжиг”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй дүр”-ийг шагналыг хүртсэн.

1996 онд ийнхүү үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжигт:

Найруулагчаар Ч.Найдандорж
Зураачаар Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллаж гол дүрүүдийг

Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана
Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа
Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар
Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва
Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа
Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав
Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар бүтээж байжээ.

Тэгвэл 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ болно

МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд,МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.

Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна.

Ийнхүү “Миний дуунууд-2015” тоглолтын өнгийг илтгэх уран бүтээлчид үзэгчиддээ анхлан хүргэх шинэ уран бүтээл, шилдэг үзүүлбэр бүхнээ дэлгэхээр эрхэм таныг хүдэтгэн урьж байна. “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мартагдашгүй” тоглолтод Номин талст оролцохгүй

Таван хамтлаг өнөө орой “Мартагдашүй” хэмээх тоглолт хийхээр товлоод байсан билээ. Монголын урлагийн ертөнцөд урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг энэ тоглолтонд “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” зэрэг хамтлагууд оролцох байсан ч энэ удаад хүндэтгэх шалтгааны улмаас “Номин талст” хамтлаг оролцож чадахгүй болсон юм. Учир нь тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий энэ сарын 7-ны өдөр өвчний улмаас харамсалтайгаар хорвоог орхисон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Грэммийн наадамд Монгол хамтлаг нэр дэвшлээ

Дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам болох “Грэмми”-д Монголын “Арга билэг” хамтлаг нэр дэвшсэн байна. Ардын урлагийг сонгодог жазз хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг энэ удаагийн наадамд “Агула” цомгоороо нэр дэвшжээ. “Грэмми” наадмын шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 15-нд болох юм.

Дашрамд дурдахад, “Арга билэг” хамтлаг Швейцарийн нэгэн студитэй гэрээ байгуулан хамтран ажилладаг ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ оны ”Miss Mongolia” тэмцээний ялагчаар Ц.Аззаяа тодорлоо

“Мисс Монголиа” холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээн 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн шатанд шалгарсан 13 гоо бүсгүйгээс тэргүүн байрыг эзнийг тодруулах ёслол Тусгаар тогтнолын ордонд болсон юм. Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болохоор шалгаран үлдсэн шилдэг оролцогчдоос энэ жилийн гоо бүсгүйгээр Ц.Аззаяа тодорчээ.

Тэрбээр СУИС-ийн оюутан бөгөөд 2015 оны “Гоёл” наадмын отгон топ модель Х.Бадамцэцэгийн “Андра модель” агентлагийн загвар өмсөгч юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Б.Төгс-Амгалан шилдэг 10-т багтжээ

“Miss world mongolia-2015” тэмцээнд амжилттай оролцсон Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн “Miss Globe Canada” тэмцээнд оролцож байгаа билээ.

Тэрбээр Монголд болсон шалгаруулалтад тэнцэж ийнхүү дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Канадын Торонто хотыг зориод тэмцээндээ амжилтыг үзүүлсээр байна.

Өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Монгол ардын үелзүүр бүжгээрээ топ 10-т шалгарч чадлаа” хэмээн баяраа хуваалцлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар алдарт “Мариинский” театрын гоцлол дуучин боллоо

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Г.Ариунбаатар дахин сайхан мэдээ дуулгалаа. Тэрбээр алдарт “Мариинский” театрын vндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын яруу найрагчдын намрын тухай шүлгүүд

Ховд аймаг. Буянт голын эрэг 2015.09 сар Б.Эрдэнэбулган

Намрын шар нар ээсэн амралтын энэ өдөр уншигчид та бүхэндээ Монголын үе үеийн яруу найрагчдын намрын тухай шүлгүүдээс түүвэрлэн хүргэе.

Дулдуйтын Данзанравжаа (1803-1859/6)

Намар. Өтлөх цаг

Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна лв

Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.

Ванчинбалын Гүлранс (1820-1851)

Анх намар
Анх намар долоон сарын өндөр огторгуйн саран
Ариун булгийн тунгалаг усны хөвийн дунд тусахуйяа
Уулын доторх бясалгалын тойн дуу чимээнд сочин
Ашгийн гаднах шүлгийн бичээч цэлмэгэр өнгөнд согтов

Дундад намрын усны дусал
Гэгээн саран аль цагт илэрснийг
Хэтэрхий хандан тэнгэрээс асууваас
Үггүй хөх огторгуй мэлцийгээд
Өнгөрөх галууны уяралтай дуун сонслмой
Салхийг дагаж жихүүн ордноо зорьсугай гэхүл
Санамсаргүй хасын асрын хүйтэн ёсноо ормой
Тунгалаг гэрэлд харилцан архинаа согтох нь
Тухай үнэхээр хүмүүний хооронд бус…
Орлчонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй
болсноор
Огторгуйн саранд гэгээн šтунгалаг, дүгрэг хэлтэрхийн учир
бүрдвэй
Энэ хэдүй тогтсон тоо хэмээвч
Эдгээр зүйлд би үнэхээр гологдмой
Хүсэх нь түмэн он хүмүүн бат болоод
Хүйгэх намрын гурван тавнаа шөнө бүр уулзтугай.

Намар
Намрын салхин шуухинан ирэхүйеэ навч өвс шарлаад
Нуурын галуу эгшиглэн эргэхүйд хүмүүн бодис уйтгарламуй
Настан өвгөн таяг тулан болсон тариаг тойрохуйяа
Нарсны нөхөр бийр барьж сул шашдирыг бичмүй.

Намрын цэцэг
Нуурын галуу эгэж ирэхүйеэ баруун салхинд үлээгдээд
Настан өвгөд таяг тулж шар удвалыг шинжихүйеэ
Навч хувхайраад цэцэг зулгарсан ерөнхий хэрэг боловч
Нарийвчлан бодвоос тоо улирал бас нэгийг өнгөрөвэй.

Намрын салхин
Нарны туяа цонхноо ташруун, гэрэл юутай цайвар
Насажсан өвгөд хүүхэд лүгээ нуруу биеэ халуулмуй
Нарс хулс шуугин үймэлцэхүйеэ баруун салхин боловч
Нуурын галуу уярч дуугархуйяа жихүүний үүсгэл ирэв үү
Найр үгүй шарам халуун гэнэт зуур устаад
Найлзуур бургасны салаа навчинд сэрүүн сүүдэр царцав
Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар живхүүцьюү
Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай

Ванчинбалын Гүнначүг (1832-1866)

Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе.

Ванчинбалын Сүнвэйданзан (1834-1898)

Намарт гунив
Намрын өвч цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.

Ванчинбалын Инжаннаши (1837-1892)

Сэрүүн намар

4
Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.

5
Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.

Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Намрын навч
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина.

Дашдоржийн Нацагдорж (1906-1937)

Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.

Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Гомбын Сэр-Од (1917-1940)

Намар
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг
дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.

Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.

Д.Сэнгээ

Намар
Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан.

Жамцын Бадараа (1926-1992)

Намрын шөнө

Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдын өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй

Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй.
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй.

Бэгзийн Явуухулан (1929-1982)

Нүүдэлчний намар
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!

Намрын навчис
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.

Мишигийн Ширчинсүрэн (1933-1999)

Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.

Намрын сайхан өдөр улирал солигдохын эрхээр
Насан идэр би чинь цагийн аясаар найгана
Намрын сайхан өдөр холдон холдохын эрхээр
Наалинхай төрсөн би чинь сэтгэл ихээр үймэрнэ …

Дэндэвийн Пүрэвдорж (1933 – 2009)

Навч
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав

Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.

Жагдалын Лхагва (1942-1997)

Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино

Тоомойн Очирхүү (1943-2001)

…Салхинд дохилзох өвсний толгой
Салая даа, цаашаа гэх шиг ээ
Цаад голын бургас шар шар толботой
Салбарч ноорсон дээлийн хуулга шиг ээ

Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр
Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр
Хангай дайдын намар сэр сэр салхитай
Хариюу, байюу, яая? сэм сэм гунигтай

Бавуугийн Лхагвасүрэн

Намар
Сайвар салхины хэлд нуур хайрстана
Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана
Тэнгэр нуурын хоёр манангаар цайрна
Тэртээ уулын цас нүд хайрна
Салж ядсан ганираа нуур тойрно
Сайран дээгүүр ганц тогоруу тойрно

Намрын салхи
Бодол сэвэлзсэн
Намрын бүрхэг өдөр
Ботгоны буйлах дуун
Нүдгүй архи нэрнэ
Бүдэрсэн нулимсанд
Согтсон энгэрийн
Бүтэн хоёр товч
Хар аяндаа мултарна
Болохын тухай
Бодохоос өрсөж
Болж өнгөрсний
Шарх илүү хөндүүр
Хэвтээ шар салхи
Өвсний уцаар хүргэж
Хэлгий цагаан манан
Уулын элгэнд цагираглана.
Цуламхан нам гүмийг
Цуулж нохой хуцна
Цугтаа яваа юм шиг
Цуурай дагаж боргоно
Өтгөн үүлс газарлаж
Үдээс хойш бороошино
Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ

Тангадын Галсан

Нутгийн намар
Нар – зураач
Алтан бүрээгээр
Манай нутгийг шижирлэх гоё оо!