Categories
мэдээ соёл-урлаг

Циркчин монгол бүсгүй дэлхийн дээд амжилт эвджээ

Циркийн агаарын үзүүлбэрт монгол эмэгтэй дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Тэрбээр агаарт гурав эргэж, дөрвөн метрийн өндөр сандал дээр гарчээ. Ийм үзүүлбэрийг эмэгтэй циркчин анх удаа хийснийг Монголын үндэсний циркийн багийнхан хэлж байна.

Манай циркчдийн хувьд түрүүлэхэд хоёр оноогоор дутжээ. Түүнчлэн манай циркчид тэмцээнд хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж, монголчууд нугарахаас гадна агаарын үзүүлбэрүүдийг ч хийж чаддаг гэдгээ харуулсан байна.

БНХАУ-ын Хэбэй мужид болсон энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Герман, Орос, Мексик, Канад, АНУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жүжигчид оролцдог наадам юм. Тэднээс хамгийн хүчирхэг, чадварлаг нь монголчууд байсныг олон улсын циркийн багийнхан онцолсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн есдүгээр сард Оросын Москва хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд н.Номуунбаатар ахлагчтай Монголын циркчид оролцож, мөнгөн цомын эзэн болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар бие даасан тоглолтоо хийнэ

Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх сарын 10-нд алдарт Их театрын тайзнаа дуулах болсоныг бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр, Их театрын тайзнаа Елена Обрацовагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах нь. Улмаар ирэх 12 сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” -ийг Оскарт өрсөлдүүлэхгүй гэв

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ оны эхээр олон улсад нээлтээ хийж, үзэгчдийн зүгээс ч чамгүй үнэлгээ авсны зэрэгцээ Оскарт хүртэл нэр дэвшиж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэгвэл Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон хэмээн Хятадын “China Film News” сонинд тухай мэдээлжээ. Хятадын кино хороо Оскарын наадмыг зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсынх нь иргэд голлох үүрэгтэй оролцоогүй гэжээ. Уг киноны жүжигчид нь хятад хүмүүс.

Харин киног бүтээсэн багийн гишүүдийн 90 хувь гадаадын иргэн байжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Дээрх киноны оронд “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын театрын түүх” ном нээлтээ хийнэ

Мэргэжлийн театр судлаачдын хамтын бүтээл “Монголын театрын түүх” ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэдийгээр Монгол Улсад театрын урлаг үүсч хөгжөөд цөөнгүй жилийг үдсэн боловч театр урлагийн түүхээ цогцоор нь хамран судалсан бүтээл хараахан хэвлэгдэж гараагүй байсан юм. Нөгөө талдаа театрын урлагийн түүхээ он цагийн үечлэлд оруулж, театрын найруулга, жүжгийн зохиол, жүжгийн зохиолчдын түүх, тайзны зураг, засал, жүжгийн хөгжим, төвийн болоод орон нутгийн театруудын түүх, урын сан зэрэг олон талаас нь сурвалжлан судалсан байна.

“Монголын театрын түүх” номын гол онцлог нь Монголчуудын театрын сэтгэлгээний уламжлалт ойлголтууд, нүүдэлчдийн театр, Ноён хутагтын “Саран хөхөө” жүжгээс эхлээд ХХI зууны эхэн үе хүртэлх он цагийг хамран орчин үеийн театрын судлалын онол арга зүйд суурилан бүтээсэнд оршиж байна. Түүнчлин хожмын театр судлаач, мэргэжлийн театрын жүжигчид, найруулагч, театрын урлагийг сонирохогч хэн бүхний сонирхол хэрэгцээнд нийцэхүйц жинтэй бүтээл болсон гэж үзэж болно. Номын нээлт энэ сарын 16-ны 16:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” Оскарын шаардлага хангаагүй гэнэ

Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон Хятадын “China Film News” сонинд тухай мэдээлжээ. Хятадын кино хороо Оскарын наадмыг зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсынх нь иргэд голлох үүрэгтэй оролцоогүй гэжээ. Уг киноны жүжигчид нь хятад хүмүүс. Харин киног бүтээсэн багийн гишүүдийн 90 хувь гадаадын иргэн байжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Дээрх киноны оронд “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын Филармонийн 44 дэх үзвэрийн жилийн нээлтийн тоглолтууд болно

Ард түмний урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож уран бүтээлийн гараагаа эхэлсэн Монгол улсын филармони 44 дэх намар цагийн үзвэрийн аялгуун хөшгөө нээх гэж байна.

Улсын филармони нь 2015 оноос олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол уран бүтээл” төслийг энэ оны нэгдүгээр улиралд үзэгчдийн хүртээл болгож хөгжмийн зүтгэлтнүүд, олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ.

Дэлхийн өнцөг булан бүрт театр, урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтээ хийж шинээр бүтээн туурвисан уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож хамтдаа баярлаж буй энэ цаг мөчид манай байгууллага үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах сонгодог концертуудыг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтдаа ороод байна.

Морин хуурын чуулга

  • 10 – р сарын 15 –нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”
  • 11 – р сарын 13 –нд 19.00 цагт “Кармен сюит ”

Баян монгол жазз найрал хөгжим

  • 10 – р сарын 16 – нд 19.00 цагт “Cocоnuts baby”
  • 11 – р сарын 20 – нд 19.00 цагт “City swing”

Симфони найрал хөгжим

  • 10 – р сарын 17 – нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис
  • 11 – р сарын 27 – нд 19.00 цагт “В.А. Моцартын бүтээлүүд”

Хамтарсан тоглолт

12 – р сарын 24 “Snow melody” Шинэ жилийн баярт зориулсан тоглолт

Сонгодог хөгжим” төслийг UNITEL групп дэмжин ажиллаж буй бөгөөд Юнителийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авах боломжтой ба Юнивишний IPTV- ийн 88 – р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжтой юм.

Тоглолтын дэлгэрэнгүйг: Mongolian State Philharmonic/facebook.com www.mgl-philharmonic.com 7011-8012, 7014-8012, 9992-5074, 8800-4849, 9904-5517 дугаараас тодруулна уу.

Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн залуу циркчдийн анхдугаар фестиваль” болно

Олон улсын циркчдийн “ВУЧИАО” фестиваль есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний циркийн манежнаа “Дэлхийн Залуу циркчдийн анхдугаар фестиваль” болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэгүүд тодорлоо

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан боллоо. Тус наадамд нийт ерөнхий боловсролын 11 сургуулийн 850 сурагч оролцов.

Уралдаанд оролцсон хамтлагууд гурван дуугаар өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Нэгдүгээр байрт 231 оноогоор 84 дүгээр сургууль, хоёрдугаар байрт 225 оноогоор 48 дугаар сургууль, гутгаар байрт 212 оноогоор 33 дугаар сургуулийн найрал дуучид шалгарсан. Харин тусгай байрт 205 оноогоор 44 дүгээр сургууль, Шилдэг удирдаач багшаар 84 дүгээр сургуулийн багш Н.Маралмаа, Шилдэг найруулагч багшаар 44 дүгээр сургуулийн багш Д.Алтангэрэл нар шалгарлаа.

23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхэд оршсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Ромео Жульетта” арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно

У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй.

Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй.

Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорын ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта”.

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.

Тэр үед танхим дүүрэн үзэгч, нижгэнэсэн алга ташилт, сэтгэл догдолсон залуусын уухайн түрлэгтэй исгэрэх чимээнд театрын байр бараг ганхаж байх шиг санагддаг байж билээ гэж уран бүтээлчид өнөө хэр дурсан ярьцгаадаг.

Үнэхээр ч “Ромео Жульетта” жүжиг тэр агшин, тэр цаг хугацаанд театрын түүхэнд эргэлт хийсэн бүтээл болж тухайн жилийнхээ “Гоо марал” шагналын “Шилдэг жүжиг”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй дүр”-ийг шагналыг хүртсэн.

1996 онд ийнхүү үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжигт:

Найруулагчаар Ч.Найдандорж
Зураачаар Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллаж гол дүрүүдийг

Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана
Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа
Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар
Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва
Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа
Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав
Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар бүтээж байжээ.

Тэгвэл 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ болно

МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд,МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.

Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна.

Ийнхүү “Миний дуунууд-2015” тоглолтын өнгийг илтгэх уран бүтээлчид үзэгчиддээ анхлан хүргэх шинэ уран бүтээл, шилдэг үзүүлбэр бүхнээ дэлгэхээр эрхэм таныг хүдэтгэн урьж байна. “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах ажээ.