Categories
мэдээ соёл-урлаг

Д.Мєнхчулуун: Хип хоп уран илтгэлийн нэг хэлбэр

Татархамтлагийн Д.Мөнхчулуунтай ярилцлаа.

Та 25 дугаар суваг телевизийн “240 цагреалити шоунд оролцож байгаа. Борлуулагч хийж байсан танд хэр ойр байв?

-“Тэсо” компани 25 дугаар суваг телевиз хамтраад “Борлуулагч” гэдэг шоу хийх гэж байна, оролцооч гэсэн санал хэлсэн. Одоо “240 цаг” реалити болчихсон юм. Нэрийг нь сонсоод их олзуурхсан л даа. Би өөрөө Бизнесийн удирдлагаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2009 онд төгсөөд “Доктор” авто сүлжээний борлуулагчаар ажлын гараагаа эхэлж байсан юм. Тиймээс энэ нэвтрүүлэгт орох хүсэл төрсөн. Бас шагналын сан их өндөр, 40 сая төгрөг гэдэг боломжийн шагнал. Анх есөн хүн цуглаад сугалааны зарчмаар нэг баг болсон. Эхэндээ шоу л юм чинь цаг үрсэн юм болох болов уу гэж бодож байсан. “Тэсо” компанийг зайрмаг болоод ганц нэг бүтээгдэхүүнээр нь төсөөлж байсан ч нэвтрүүлгийн явцад 1200 ажилчинтай, 20 гаруй үйлдвэртэй их том групп гэдгийг мэдсэн.

Ялбал яах вэ. Нийгэмд хэрэгтэй юм хийе гэсэн. Чухам юу хийе гэж бодож байна?

-Хэрэв түрүүлбэл зургаан дүүргийн зургаан айлд машин нүүрс аваад өгье. Хавдрын төвд номын сан барьж өгнө. Хавдрыг оюун санаагаар эмчилдэг юм байна. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс ном, сонин авчраарай гэдэг шүү дээ. Нийгэмд хэрэгтэй ажил хийх гэж байгаа учраас хүмүүс намайг дэмжээсэй. Миний фэйсбүүкийн Dugar Munkhchuluun гэх хаяг руу ороод “like” дарж дэмжээрэй.

-“Татархамтлагийн хувьд уран бүтээл хийлгүй удлаа. Ойрын үед уран бүтээл хийх үү. СаяханБороодуугаа шинэчилж дуулсан?

-“Татар” хамтлагийн хувьд 2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт” гээд 10 жилийн ойн тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш бид юм хийсэнгүй. Бид 2004 оноос хойш залуусыг байлдан дагуулж чадсан шүү дээ. Одоо ч гэсэн бидний уран бүтээлийг сонсоод, хүргэх гэсэн мессэжийг маань ойлгоод л явж байгаа. Тодорхой хугацаа өнгөрсний дараа уран бүтээл гаргах байх. Хийхдээ бас өөр өнцгөөс хийх байх. Хип хоп гэдэг бухимдлаа бичээд л амьдрал хэцүү байна гээд дуулчихдаг юм биш. Яагаад урлагийн төрөлд багтаад байна гэдгийг бид ойлгуулах ёстой. “Татар” хамтлагийг анх гарч ирж байхад хип хоп гэдэг зүйлийг хүмүүс бүдүүлэг гэж ойлгодог байсан. Өргөн өмдтэй, гутлаа чирсэн, архи тамхи хэрэглэдэг гудамжны золбин хүмүүс гэж ойлгодог байлаа. “Хайрыг хүндэл” дууг гарснаас хойш хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн.

Ямар өөрчлөлт оруулсан гэж?

-Татар бол өөр. “Хүн хүнээрээ бай”, “Хайрыг хүндэл”, “Ардын багш”, “Чамдаа өгсөн хайр” гэж хэн хэлж байв. Уран яруугаар хэлж байгаа юм. Түүнээс үзэл бодлоо шууд бичээд гаргаагүй. Үүнийг уран болгох гэж манай Заяа их сайн ажилладаг. Би чамд хайртай гээд зүгээр хэлчих утгагүй шүү дээ. Тэрийг өөрөөр хэлэх нь урлаг. Үүнийг хийж чадсандаа арав гаруй жил хүмүүсийн зүрхэнд амьдарч чадсан хамтлаг гэж боддог.

Хамтлагийн гишүүд юу хийгээд яваад байна вэ?

-Нөгөө хоёр маань өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд сургуулиа төгсөөд “Зиг заг”-т хоёр жил худалдагчаас нь эхлээд менежер хүртлээ ажилласан. Менежерээсээ өөрийнхөө компанийг байгуулсан. Хөрөнгийн бирж дээр ч ажиллаж үзлээ.

Анх хамтлагаа хэрхэн байгуулж байв?

-Бид гурав бэлтгэл ангиасаа 39 дүгээр сургуульд сурч байсан. Арван жилээсээ найзалсан найзууд. Заяа бид хоёр хар багаасаа л ундаа, хоолоо хувааж идээд л явдаг байлаа. Заяагийн аав, ээж хуучин “Нарантуул” буюу “Хүчит шонхор” захын хойно кассет зардаг байсан. Манай аав ээж хоёр “Хүчит шонхор” зах дээр ажилладаг. Одоо ч тэндээ байгаа. Бид гурав багаасаа найзалсан болохоор их сайн ойлголцдог. Хамтлаг дотор асуудал үүссэн ч их эвтэйхэн шийддэг. Байнга хамт байдаг байсан болохоор идэж ууж байгаа юм нь адил, үзэл санаа л ижил болчихдог юм билээ. Гурвуулаа их шүүмжлэмтгий. Энэ нь өөр өнцгөөс харахад их тус болдог юм шиг байгаа юм. Шүүмжлэл гэдэг нь тэнэг, мангар гээд яваад байгаа хэрэг биш. Анх арван жилдээ зургадугаар ангидаа реп бүжиглэдэг хамтлаг байсан. Заяа брейк хийхдээ 39 дүгээр сургуульдаа их сайн бүжиглэдэгт орно. Би цэнгээнт, шогшоо, вальс бүжиг хийнэ. Тэрүүгээрээ ангийнхныхаа нүүрийг тахалдаг байлаа. Исгэрнэ, уртын дуу дуулна. Бөөнөөрөө найрал дууны ангид хамрагддаг ийм л хүүхдүүд байлаа. Идэвх санаачилга гэдэг хүнийг хөтлөөд явчихдаг юм шиг байна.

Яагаад хип хоп урсгалыг сонгож байв?

-Энэ нь тухайн үеийн нийгэмтэй холбоотой байх. Тухайн үед реп бүжиг манлайлж байлаа. Реп бүжиглэдэг бол охид, хөвгүүдийн дунд супер од байлаа. Тэгээд бид бүжгийн хамтлагтай болсон. Реп маань хип хоптой адилхан үзэл санаагаа илэрхийлж байгаа хэрэг. Хип хоп гэдэг үг амьдрал гэдэг үгтэй ойролцоо. Тийм ч учраас энэ хип хоп урлаг сүүлийн арван жил Европт ноймор нэг байгаад байна. Сүүлд Блүүмбергийн судалгаа гарсан байна. Бизнесменүүдийн урлаг сонирхож байгаа төрөл нь хип хоп байна гэж гарсан. Яагаад гэвэл хип хоп хүнд хэмжээ өгч, хэмнэл өгч чаддаг. Эрч хүч, урам зориг өгдөг. Тэгэхээр хип хоп гэдэг үзэл санааны маш том суваг. Гэхдээ тэрийг уран сэтгэмжтэй маш гоё хүргэх ёстой. Энэ бол уран илтгэлийн нэг хэлбэр. Хип хопыг тэгж хармаар байгаа юм. Агуу 2PAC уран сэтгэмжтэй дуулдаг. Үгийг нь сонсоод хар, шаргүй шүтдэг шүү дээ. Урлаг тийм л хүчтэй зэвсэг. Хүний зүрхэнд хүрч чаддаг. Зүрх асар хүчтэй эрхтэн. Шийдвэрийн 70 хувийг зүрх гаргадаг. Зүрх сэтгэлээ дага гэдэг шүү дээ. Урлагаар дамжсан маркетинг их хүчтэй байдаг учраас л одоог хүртэл том брэндүүд урлаг соёлыг хамруулж рекламдаа тоглуулдаг.

Та нарт биеэ тоох үе байв уу?

-Байлгүй яахав. 2004 онд Дэнжийн мянгад амьдарч байсан гурван хүүхдийг Монгол Улсын 60-70 хувь нь хоёр жилийн дотор мэддэг болчихсон гээд бод доо. Энэ нь хүнийг пайнагт оруулдаг үе юм байна. Тийм болохоос ч өөр аргагүй. Бид нар “Хайрыг хүндэл” тоглолт хийгээд л араас нь Япон явсан. 20 настай Дэнжийн мянгын юу ч үзээгүй хүүхдүүд Эрээн орж үзээгүй байж шууд л Японд очоод шоконд орж байсан. Бид нарыг үнэхээр сайхан хүлээж авч байлаа. Тэгээд ирэхээр хүн эвдэрдэг юм байна. Японы зах зээлд “Эке69”-ийг дуулаад араас нь Франц, Америкаас их санал ирдэг байлаа. Францаас телевиз, сэтгүүлийнхэн нь зорьж ирээд ярилцлага авдаг байсан. Хоёр, гурван удааирээд танай хамтлагаас Францын үзэл санаа, амьдрал, эрч хүч амтагдаж байна гэдэг байсан. Гараад таксинд мөнгө өгөх гэхээр мөнгө авахгүй. Мундаг хүүхдүүд шүү та нар, залуучуудад энэ урсгалыг өөрөөр харуулж чадсан шүү гээд хүн болгон үнэлээд ирнэ. Залуучууд л хойно бааранд орохоор такс төлөхгүй. Захирал нь орж ирээд эд нараас мөнгө авахгүй шүү гэчихнэ. Бүх зүйл ийм болчихоор хүн айхтар биеэ тоож эхэлдэг. Гэхдээ энийг үзэх л ёстой зүйл гэж боддог. Бид гурав арчаагүйдээ их зан тусаагүй юм.

-“Татархамтлаг ямар мөрөөдөлтэйгөөр гарч ирж байв?

-Бодол санааны хэмжүүр гэж байдаг шүү дээ. Бид дэлхийд гарахыг мөрөөдөх ёстой байж. Бид Монголыг мөрөөддөг байсан юм. Монголын супер од болох юмсан гэж бодсон. 2004 онд Монголд юм хийж гарч ирж байсан нь “Татар” хамтлаг байсан. Үүнтэй маргах хүн байхгүй байх. Бидний мөрөөдөл биелчихгүй юу. Тэгээд жаахан ханачихсан. Дэлхийг мөрөөдсөн бол зогсохгүй байсан. PSY-ыг солонгос хэл мэдэхгүй ч сонсоод л байдаг шүү дээ. Хип хопыг ч бас тэгж болно. Орчин үед олон улсад хип хопоор гарах боломжтой. Бидний хэллэгний давуу тал байгаа. Жаахан хатуу, эмоцитой сонсогддог. Сонсохоор эрч хүч өгөөд ч байгаа юм шиг. Загнаад байгаа ч юм шиг байдаг гэсэн. Бид олон газар очиж дуулж байсан. Японд очоод дуулсан чинь хүмүүс их гайхширч байсан.

Хоолойны өнгийн хувьд өөр байдаг гэж олон хүн хэлсэн үү?

-Анхнаасаа бид тэгж бодож гарч ирж байсан. Тэр үед хэн нь дуулаад байгаа нь мэдэгдэхгүй бүгд л нэг өнгөөр үглээд л дуусчихдаг байсан. Бид юмыг өөр өнцгөөс харсан азтай хүүхдүүд л дээ. Сонор рекордс дээр очсон нь бас азтай. Сонор л бидний дуунд маркетинг хийж зах зээлд нэвтрүүлж гаргаж ирсэн. Бид өдөр болгон хоолойны, уран чадварын бэлтгэл хийдэг байлаа.

Хамтлаг дахин нэгдээд дэлхийд гарна гэж үзвэл яах бол?

-Үүнийг бид гурав шийдэж чадахгүй, баг хэрэгтэй. Жишээлбэл Солонгосын Ерөнхий сайд нь “МTV music awards”-д очоод PSY-тай гар барьж байгаа юм. Энэ нь цаанаасаа гаргасан бодлого. Холливудын одуудтай манай PSY гоё гээд яриад явж байгаа. Бид сайн юм хийж болно. Болохгүй юм байхгүй л дээ. “Татар” хамтлаг дэлхийд гарвал боломж бий. Манайх аяа хийнэ, үгээ, аранжировк гээд бүгдийг дотооддоо хийдэг хамтлаг.

Хип хопын хувьд насны хязгаар бий юу?

-Гайгүй шүү. Одоо Snoop dog, Fifty cent, Jay Z нар дуулж л байна. Тэд бүгд том бизнесменүүд. Jay Z хип хопууд дундаас хамгийн баян нь. NBA-ийнхэнтэй дүйцдэг гээд л боддоо. Fifty cent арав гаруй компанийн захирал. Тэд нар нь дандаа улс орон дамнасан салбаруудтай. Jay Z бараг бүх брэндийг худалдаад авчихлаа ш дээ.

ТаУлс төрд шинэ манлайлалтөсөлд орж байсан байх аа?

-Зохион байгуулагчийн зүгээс намайг орооч гэсэн санал ирүүлсэн. Үүнд ямар нэгэн арын лобигоор түрүүлчихнэ гэсэн санаагаар ороогүй. Би орохдоо их айж байсан. Улс төр гэдэг зүйлд их манлайлалтай залуус орж ирэх байх гэж эмээж байлаа. Төсөөлөл өөр байсан. Миний төсөөлж байснаас харьцангүй бага үнэлгээтэй байсан. Миний хүч чармайлт бол манлайлал гэдэг зүйлийг л харуулах байсан юм. Заавал тэрэнд ороод улстөрч болох нь хаашаа юм. Нэгд орсон хүнийг Харвардын их сургуульд сургана гэсэн юм. Түүнээс биш албан тушаал амлаагүй л дээ. Энэ миний мөрөөдөл байсан. Амьдарч байх хугацаандаа Харвардад сурах юмсан. Ямар хүмүүс нь сураад байдаг юм. Хоёр дахь шалтгаан бол эхний 30-д үлдвэл АНУ-д богино хэмжээний манлайллын хөтөлбөрт сургана гэсэн амлалт байсан. Энэ хоёр л намайг хөгөлсөн. Шоу хийсэн хүмүүс амлалтдаа хүрээд залуусыг аваад л явсан. Дүрэм нь дундаасаа хасах журмаар явсан л даа. Нэг багийн хоёр ч нэгнийхээ эсрэг санал өгч байсан. Би ийм зүйл дээр фракц үүсгэхийг хүртэл хэдүүлээ больё гэсэн үндсэн өөрийн үнэт зарчмаа барьчихсан учраас 20 хүний 15 нь миний эсрэг санал өгсөн. Тэгээд л би гарсан даа. Манлайлаад яваад байгаа тэр залуусыг хэн юм бэ гэдгийг би харсан. Би дутахгүй юм байна гэж бодсон. Дунд нь орсон чинь би түрүүлж магадгүй юм байна гэж бодсон шүү. Энэ их том дэвшил. Хүн өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Гаднаас минь хараад хэн ч намайг боловсролтой гэж мэдэхгүй.

Төрсөн өдрөөрөө хүмүүнлэгийн ажил хийж баярласан нь их сонин шийдэл болсон уу. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Манай хамтлагийн Жагаа бид хоёр нэг өдөр төрсөн л дөө. Жагаа бид хоёр арван жилд байхдаа парк орно, хамт дугуйгаар аялдаг байлаа. Томроод ажлын хамт олон, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Бодоод байхад төрсөн өдрөө сархадгүй тэмдэглэсэн удаа их ховор байдаг. 2014 оны төрсөн өдрөө “Birth in giving day” болгосон. Авах биш өгөх өдөр болгоё гэж шийдсэн хэрэг. Гэр бүлийн хүнтэйгээ, хоёр найзтайгаа ярьж байгаад шийдсэн л дээ. Бэлэг авчихаад авсан зүйлээ өөртөө наах биш. Хэрэгтэй хүнд нь өгье гэж бодсон. Сая зургаан зуун мянган төгрөг цугласан байдаг. Найзууддаа та нараас бэлэг авахгүй. Бэлэгнийхээ 30-50 хувийг мөнгөн хэлбэрээр өгчихөөрэй гэсэн. Төрсөн өдөр маань “Happiness center”-д болж, орж ирсэн хүмүүс такс төлөх зарчмаар явсан. Цугласан мөнгөө “Өхөөрдөм инээмсэглэл” гээд төрийн бус байгууллагад өгсөн юм. Зургадугаар сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй болон алслагдмал аймгийн хүүхдүүдэд бэлэг тараасан. Хүн баярлуулахаар өөрөө баярладаг шүү дээ. Энэ л их том баяр юм шиг. Жил болгон ингэж тэмдэглэвэл зүгээр юм гэсэн бодол төрж байгаа.

Гэр бүлээ танилцуулаач?

-Манай эхнэр бид хоёр Санхүү эдийн засгийн их сургуулийн төгссөн. Манай эхнэрийг Ононгоо гэдэг. Одоо бид хоёр хөөрхөн хоёр охинтой. Бид хоёр 12 жил болж байна. Сонин түүх ярихад эхнэр маань Санхүү эдийн засагт сурдаг байсан юм. Тэгээд намайг тэнд сураач гэсэн. Би тэнд сурахыг хүссэн л дээ. Үнэндээ надад мөнгө байгаагүй. 2006 онд сургуульдаа орж байлаа. Эрхлэгч дээр нь очоод гуйсан л даа. Надад одоо мөнгө алга. Гэхдээ төлж өгнө, та намайг сургуульдаа аваач гээд бараг уйлах гэж орж байлаа. Тэгсэн чинь тэг дээ. Чиний энэ их сэтгэлийг чинь үнэлье. Чи сургуульдаа ор, чамаас мөнгө авахгүй гэж байсан.

Өөрийгөө их хөгжүүлдэг бололтой?

-Хөгжүүлэлгүй яахав. Ном их уншина. Багаасаа Нарантуул дээр ундаа зарж өссөн хүүхэд. Багадаа ээждээ том болоод босс болно гэдэг байлаа. Тэрнийхээ төлөө л явж байгаа. Наймааны ухааныг мэднэ. 90-ээд онд бүгд л наймаа хийдэг байсан ш дээ. Одоо их соёлтой болоод бизнес хийдэг болчихож. Бизнес нь томроод хоёр хүний хооронд байсан бол 30 хүний хооронд болчихож байгаа юм. Тэрэнд бизнесийн ухаан хэрэгтэй. Тэрийг л би суралцаж явсан. Юмыг харахдаа аль аль талаасаа харахыг хүсдэг. Манай аав ээж ч тэгж хүмүүжүүлсэн. Хөдөө эмээ дээрээ өссөн. Хөдөө их явдаг нь зөв болж дээ гэж боддог. Зүгээр байж чаддаггүй юм. 2008 онд хөрөнгийн бирж дээр шатаж үзлээ, босч үзлээ. “Зиг Заг”-ийн хамт олондоо талархдаг. Тэнд ажлыг бүр багаас нь хийж үзлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуу хөгжим “нүдэнд харагдаж, гарт баригддаг” болсон нь

Эрт цагт нэртэй дуучид, хөгжимчдийг зөвхөн хажуунаас нь л сонсох боломжтой байв. Гэвч энэ нь дуурийн театр орох боломжтой дээдсүүдийн хүрээнийхэнд л хамааралтай байсан юм. Өнөөгийн CD, DVD болон дуу авиа, хөгжмийг хадгалах тоног төхөөрөмжүүд нь хүн төрөлхтний гайхалтай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтах билээ. Тэгвэл хүмүүс хэзээнээс дуу хөгжмийг хадгалан үлдээх болсон юм бол… Энэ тухай сонирхоцгооё.

Эгшигт хайрцаг

Хүн төрөлхтөн дуу хөгжмийг бичиж, хадгалан үлдээх болсон нь дундад зууны үеэс эхтэй аж. Хамгийн анхны дуу бичиж, хадгалах төхөөрөмж бол эгшигт хайрцаг юм. Францын зохион бүтээгч Лион Скотт 1857 оны үеэс дуу авиаг хадгалан үлдээх төхөөрөмжийн талаар бодож эхэлжээ. Тэрээр дууны чичирхийлэх долгионыг цаасан дээр буулган хурааж аваад, түүнийгээ ямар нэгэн хайрцагт хадгалах боломжтой гэж үзэж байв. Түүний бүтээсэн анхны дуу хадгалах төхөөрөмж нь дуугаа давтан сонсох боломжгүй байсан аж. Лион Скоттын санааг алдарт зохион бүтээгч Томас Эдисон төгөлдөржүүлж 1877 онд анхны дуу хураагуур буюу эгшигт хайрцгийг бүтээжээ. Тэрээр цаасан соронзон хальс дээр дууг хураан авах аргыг нээсэн юм. Түүний бүтээсэн эгшигт хайрцгийг давирхайгаар хийсэн цилиндртэй дуу хураагуур хэмээн нэрлэж байв.

Аудио бичлэг буюу кассет

1928 онд Германд Фриз Плеймэр гэх хүн соронзон туузыг дуу бичихэд зориулан зохион бүтээжээ. Плеймэр бүтээлдээ т (Fe2O3)-н нунтгаар бүрсэн урт нарийн цаасыг ашигласан байна. Энэхүү бүтээлийг дуу бичлэгийн машин үйлдвэрлэдэг Германы цахилгаан барааны “AEG” компани цааш үргэлжлүүлэн хөгжүүлсэн бөгөөд өөрсдөө туузаа үйлдвэрлэдэг байв. AEG-д ажилладаг Эдуард Скүллер 1933 онд соронзон туузны эргүүлэгчийг цагариг хэлбэртэй болгон өөрчилжээ. Анх соронзон туузыг зохион бүтээхдээ тууз эргүүлэгчийг шовх хэлбэртэйгээр зохиосон байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америкчууд Германаас энэхүү дуу бичдэг төхөөрөмжийг нэвтрүүлж Жак Муллон, Жон Хербэрт Ор, Ричард Х.Ранжер нар улам сайжруулан хөгжүүлсэн байна. Ингэж сайжруулахдаа, олон төрлийн бичлэг хийдэг компакт кассетыг бүтээжээ.

Дээр үед бүтээгдсэн хэдий ч эгшигт хайрцаг, пянз тоглуулагч, кассет зэрэг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Хүмүүс өдөр тутамдаа эдгээр тоног төхөөрөмжийг ашиглахаа больсон ч цуглуулж, хадгалдаг хүмүүс маш олон.

Пянз тоглуулагч

Өнөөгийн компакт диск буюу CD, DVD-ний өвөг болох пянз тоглуулагчийг АНУ-ын зохион бүтээгч Эмили Берлинэр гэгч бүтээжээ. Эмили Томас Эдисоны зохион бүтээсэн лав цилиндртэй эгшигт хайрцган дээр үндсэн пянз тоглуулагчаа хийсэн аж. Түүний зохиосон энэхүү пянз тоглуулагч нь таван сантиметрийн голчтой, гараар эргүүлж ажиллуулдаг байжээ. Ийм пянз тоглуулагчийг 1899 онд анх удаа Европт худалдаанд гаргаснаар хүмүүс дууг театр юм уу дуучны хажуунаас бус аль дуртай газраасаа сонсох боломжтой болсон юм. Энэхүү шинэ бизнес нь Эмили Берлинерт их ашгийг авчирсан бөгөөд үйлдвэр байгуулах хөшүүрэг нь болжээ. Тухайн үед зөвхөн дээдсийн хүрээний язгууртнууд л пянз тоглуулагч худалдан авдаг байсан байна.

Цахилгаан пянз тоглуулагч

Барууны орнуудад 1920-иод оны дунд үеэс дуу чимээг хадгалан үлдээх илүү хөгжингүй технологиудыг загвар зохион бүтээгчид бүтээхээр оролдож эхэлжээ.

Тухайн үед цахилгаан гэрэл, утас нэвтэрч байсан

бөгөөд нэг ёсондоо цахилгаан бүтээгдэхүүний эрин зууны эхлэл тавигдаж байсан гэж болно.

Энэ үед гарсан технологиудын нэг нь цахилгаан пянз тоглуулагч юм. Хамгийн анхны цахилгаан пянзыг 1925 онд үйлдвэрлэн гаргасан бөгөөд тэр нь Шопены аятай пянз байсан аж.

Энэ үед аудио бичлэг хийх, эвлүүлэхэд ашигладаг соронзон туузны ажиллах зарчим нь өмнөхөөсөө илт сайжирсан байв.

CD-нээс DVD

DVD гэсэн үг нь “Digital Versatile Disc” буюу орчуулбал тоон системийн хөдөлгөөнт мэдээлэл хадгалагч гэсэн утгатай.

Харин CD буюу “com­pact disc” нь “нягтруулсан мэдээлэл хадгалагч” гэсэн утга бүхий үг юм. Түүхийн хувьд CD нь харьцангуй эрт буюу 1970-аад оноос эхтэй. Анхлан цахилгаан бараа бүтээгдэхүүний “Philips”, “Sony” зэрэг компаниуд үйлдвэрлэж эхэлжээ.

Улмаар 1990-ээд оны эхэн үеэс багтаамж сайтай хоёр янзын мэдээлэл хадгалах стандарт диск газар авсан байна.

Энэ нь “Philips” болон “Sony” компанийн гаргадаг “multimedia compact disc” ба бусад компаниас гаргадаг “super density disc” гэх нэртэй дуу хадгалах төхөөрөмжүүд байсан юм. Энэ цагаас алдарт “IBM” корпорацийн ерөнхийлөгч Лоу Герстнер дээрх хоёр стандартыг нэгтгэх зорилго тавьжээ. Ийнхүү өнөөгийн DVD бий болсон байна. Илүү их багтаамжтай DVD нь 1995 оны арванхоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд 5GB багтаамжтай байжээ.

1990-ээд оны үеэс эхтэй боловч 2003 оноос эхлэн Америк, Европ, Австралид DVD-ний хөгжил илүү хүчээ авсан гэж болно. Харин орчин үед дуу хөгжмийг утас, компьютер гээд цахим орчинтой бүхий л газраас хүлээн авч сонсох боломжтой болжээ.

ЗӨВЛӨГӨӨ

Зурагдсан CD, DVD-г хэрхэн цэвэрлэх вэ

CD, DVD бага зэрэг л зурагдахад хөгжим, DVD тоглуулагч голж, гацан сонсоход хүндрэлтэй болдог. Түүнийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх талаар зөвлөе.

-Цэвэрлэх хэрэгсэл: Гадил жимсний хальс, шүдний оо эсвэл метал өнгөлөгч, зөөлөн алчуур.

Алхам 1. Эхлээд CD-нийхээ гадаргууг цэвэрлэнэ. Халуун бүлээн усаар бага зэрэг савандаад угаах хэрэгтэй. Хүчтэй үрж угааж болохгүй. Угаахдаа дотор талаас нь гадагш чиглэлтэйгээр угаагаарай.

Алхам 2. Саванг усаар зайлж угаагаад усыг нь сэгсрээрэй. Бүрэн хатаж дуусахаар нь тоглуулагчид хийгээд ажиллах эсэхийг шалгаарай. Учир нь ихэнх тохиолдолд савангаар угаасны дараа зурагдсан хэсгүүд арилсан байдаг юм.

Алхам 3. Хэрвээ гарахгүй бол та өөр арга хэрэгслүүдээ ашигла. Гадил, шүдний оо, метал өнгөлөгч аль нь ч байсан таван минут үрээд усаар сайтар угааж хатаах хэрэгтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам болно.

Тав дахь удаагийн энэхүү наадмыг ирэх сарын 07-ны өдөр зохион байгуулах аж.

Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ.

Энэ өдөр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулна. “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадамд Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлж, шүлэг найргийнхаа дээжээс өргөхөөс гадна О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг зэрэг уран бүтээлчид амилуулах юм. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар яруу найрагчийн шүлгүүдийг уншиж сонирхуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.

Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны Гала тоглолтод уралдаант наадмын шилдгүүд болон Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцож ая дуугаа өргөн нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагууд, цагдаа, эмнэлэг, хот тохижилтын ажилтнуудын төлөөлөл “Хүүхдэд ээлтэй Найрсаг Улаанбаатар хот” уриалгад нэгдэж гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Манай бүжигчид зургаан алтан цом хүртлээ

Энэ сарын 23-нд ӨМӨЗО-ы Хөх хотод “Монгол туургатан” бүжгийн наадам эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Наадамд Халимаг, Тува, Буриад зэрэг монгол туургатны уран бүтээлчид оролцсон наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид оролцож есөн номинацийн зургаад нь алтан цом хүртсэн байна. С.Сүхбаатарын удирдлаган дор оролцсон бүжигчид хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиол, Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” нь шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлсэн аж. Харин М.Бирваагийн хөгжмийг нь зохиож, А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорсон бол хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая зохиож, С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” бүжиг гран-при шагнал хүртжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Театр урлагийн шүүмжийн уралдаан болно

Зорилго:

Тайз
дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг
таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт
нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих,
сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог
сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.

Шалгуур:

Төв, орон
нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжгийн бүтээлүүдэд шинжлэх ухааны
үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай
бичигдсэн байна. Бичлэгийн тодорхой стандарт харгалзахгүй болно.
Уралдаанд ирүүлсэн шүүмж бүтээлүүд мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран
ажиллаж буй www.news.mn сайтад тавигдах бөгөөд уншигчдын санал
дэмжлэгийг харгалзан үзэх болно.

Хамрах хүрээ:

Мэргэжлийн судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдана.

Хугацаа:

Уралдааныг
2015 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн зарлаж байна. Шалгаруулалтын
дүнг 2015 оны арванхоёрдугаар сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага”
эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулна. Шүүмжийн бүтээлийг
арванхоёрдугаар сарын 1-ний дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д
болон natsagdoo@yahoo.com, tdus_1@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Болзол:

Шүүмжийн бүтээл: I байр – 1 өргөмжлөл 1000000=00
II байр – 1 өргөмжлөл 500000=00
III байр – 1 өргөмжлөл 250000=00

Байр эзэлсэн болон шилдэг бүтээлүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд олон нийтэд сурталчилна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан намар-2015” наадам үргэлжилж байна

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015” хөгжмийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулж буй билээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх наадмын нээлт өчигдөр УДБЭТ-ын концертын танхимд болов. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээл тоглогдоно. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр оролцож буйгаараа онцлогтой. Харин Улсын филармонийн симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн хөгжмийн байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй юм. Наадмын хүрээнд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны тоглолтыг ирэх сарын 9-14-нд зохион байгуулахаар болсон. Мөн төр засаг хямралтай байгаа учраас “Алтан намар 2015” наадмыг төсөв, санхүүжилтгүй, зөвхөн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буйг МХЗХ-ны захирал Х.Алтангэрэл дуулгасан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

АЖ Н.Жанцанноровын “Монгол аялгуу” Токиод эгшиглэнэ

Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын
бүтээлүүдээс бүрдсэн “Монгол аялгуу” тоглолт энэ сарын 24-нд Япон улсын
Токио хотноо эгшиглэх ажээ. Монгол-Японы уран бүтээлчдийн хамтарсан
энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”,
Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас гурав дахь удаагаа зохион
байгуулж байгаа аж. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч ийнхүү
яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшгийг Японы сонсогч үзэгчдэд мэдрүүлж,
эх орныхоо соёлын өвийг дэлхийн том хотод сурталчлах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Single ladies-2” нээлтээ хийнэ

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл өнөөдөр нээлтээ хийнэ.

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан.

Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг хийсэн бөгөөд “Single ladies-2” киноны нээлт өнөөдөр болно. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан намар 2015” наадам болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015 ” хөгжмийн
наадмыг зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ. 34 дахь удаагаа
зохион байгуулагдаж байгаа уг наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд
үргэлжлэх юм байна.

“Алтан намар 2015” наадмын нээлт энэ сарын 21-ний 18.00 цагт
УДБЭТ-ын концертын танхимд болно. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн
зохиолчдын 30 гаруй бүтээл тоглогдох юм байна. Хөгжим бүжгийн
коллежийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын
гоцлол бүтээлүүдээр оролцож буйгаар онцлогтой аж. Улсын филармоний
симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн
хөгжмийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор болжээ.

Наадмын хүрээнд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Мөн хөгжмийн зохиолч
Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан
хөгжмийн болон дууны концертийг арваннэгдүгээр сарын 9-14-ны өдрүүдэд
зохион байгуулах аж.

Төр засаг хямралтай байгаа учраас “Алтан намар 2015” наадмыг төсөв,
санхүүжилтгүй, зөвхөн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж
байгааг МХЗХ-ний захирал Х.Алтангэрэл хэлсэн юм.

Хөгжмийн наадмын хүндэтгэлийн тоглолт 25-ний 17.00 цагт Улсын филармоний концертын танхимд болно.