Categories
мэдээ соёл-урлаг

Монголын сонгодог урлагийнхан Солонгост тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Солонгос улсад аялан тоглохоор болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудыг тоглох юм байна.

Тодруулбал, УДБЭТ-ын симфони найрал хөгжмийн хамт олон

  • Арваннэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд “Лучиа Ди Ламмермур” дуурь,
  • Арванхоёрдугаар сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тежон хотноо тоглож,
  • гоцлол дуучдын хамт арваннэгдүгээр сарын 30-нд Пусан,
  • Арванхоёрдугаар сарын 4-нд Тежон,
  • Арванхоёрдугаар сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концертыг тоглоно.

“Монголиан Гала” концертонд МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

Солонгосын талаас үзүүлж буй дэмжлэгээр нийт 70 гаруй уран бүтээлчид Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууд болон солонгосын үзэгчдэд хүргэх боломжтой боллоо.

БНСУ-д Монголын сонгодог урлагийн төлөөлөгчдийг тоглох үеэр хүрэлцэн очиж үзэж, дэмжихийг үзэгч олондоо уриалж байна.

УДБЭТеатр 2013 оноос эхэлсэн Солонгос улсын сонгодог урлагийн төлөөлөгчид, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, Ази тивд уран бүтээлээ улам өргөжүүлэх зорилгоор 2015 онд “Солонгос-2015” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост УДБЭТ” гэсэн хоёр чиглэлтэй ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Солонгосын удирдаач, найруулагч, дуучид Монголд ирж “Травиата” дуурь тоглосон бөгөөд найруулагч Ан Ху Вон уг дуурийг шинэчлэн найруулан тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт бол аравдугаар сард анх удаа Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийг манай тайзнаа найруулан тавьж УДБЭТ-ын урын санд оруулаад байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Халиуны ертөнц

Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны “Халиуны ертөнц” тоглолт өчигдөр /11.13/ “UB PALACE”-ийн концертын их танхимд боллоо. Н.Халиун 23 жилийн турш уран бүтээл туурвисан ч өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ тоглолт түүний анхны тоглолт боллоо.

Тоглолтын онцлох уран бүтээлчдээс нэрлэвэл тайзнаа гараагүй удсан дуучин Б.Мягмарсүрэн, Л.Байзада, Х.Оюунбилэг, Э.Минжинсор болон “Хар сарнай”, “Freezone” нарын үзэгчдийн хүсэн хүлээсэн хамтлаг, дуучид оролцож, сэтгэлд хоногшиж дурсамж хөглөх дуунуудаа үзэгчидтэй хамт дуулсан юм.

Н.Халиуны зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдийг Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид 100 хувь амьдаар дуулж, үзэгчдийг Н.Халиуны ертөнцөөр аялуулан, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөө орой “Кармен сюит” тоглоно

Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Кармен сюит” тоглолтыг өнөөдөр 19:00 цагт эгшиглүүлэх гэж байна. Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, ХХ зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн билээ. Энэхүү гайхалтай тоглолт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглэх юм. “Кармен сюит” тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Д.Түвшинсайхан дохих бөгөөд Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн уран бүтээлчид тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол дизайнерын бүтээл шилдэгт багтжээ

Б.Эрдэнэчимэг хэмээх монгол загвар зохион бүтээгч бүсгүйн бүтээл Швейцарийн “Victorinox” компанис зарласан дизайны уралдаанд шилдэг 40 бүтээлийн нэгээр тодоржээ. Эдгээр шилдэг бүтээлүүдээс олон нийтийн онлайн санал асуулгаар дараагийн шатанд шилдэг 10 бүтээлийг шалгаруулах аж. Уг уралдаанд 1024 дизайныг ирүүлсэн байна.

Монгол загвар зохион бүтээгчийн бүтээл нь “Rainforest Walk” нэртэй аж. Дизайны санаагаа халуун орны ургамал, моддоос санаа авчээ. Хэрэв Б.Эрдэнэчимэгийн бүтээл эхний аравт шалгарвал “Victorinox” компанис 2016 оны “Limited edition” бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргах юм.

Швейцарийн “Victorinox” компани нь цэргийн хутга болон ахуйн, мэргэжлийн хутга, хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл гаргадгаараа дэлхийд алдаршсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Бадрал “Большая Опера” тоглолтод оролцоно

ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцдаг, ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал энэ сарын 28-нд П.И.Чайковскийн консерваторийн Их танхимд болох “Большая Опера” тоглолтод оролцохоор болжээ. М.Глиник болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шагналтнуудын тоглолт болдог эл алдартай танхимд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өмнө нь мөн дуулж байсан. Харин Ч.Бадрал гурав дахь удаагаа танхимд дуулах гэж буй юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван уралдаанаас гран при, мөн тооны уралдаанаас дэд байрын шагнал хүртээд байгаа тэрбээр хамгийн сүүлд М.Глиникийн болон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрт шалгарсан билээ. Харин энэ удаагийн тоглолтод тэрбээр “Большая Опера” уралдааны амжилтаараа уригджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Америк сэтгүүлч Монголын хөгжмийн урлагийн тухай кино хийжээ

АНУ-ын “PBS” телевизийн сэтгүүлч Лорен Кнап Монголын рок поп хөгжмийн салбар, 1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийн тухай “Live from UB” баримтат кино бүтээжээ. Киноны Монгол дахь нээлтийг арваннэгдүгээр сарын 28-нд “Гандан” амьд хөгжмийн клубт хийхээр болсон байна.Тэрбээр анх 2007 онд Монгол руу аялснаар манай хөгжмийн урсгалын тухай сонирхож, кино хийхээр зорьжээ. Улмаар 2011 онд Монголд ирж, “Харанга”-ын Ц.Чулуунбат, “Чингэс хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүстэй уулзан ярилцаж бүтээлдээ оруулсан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Ромео Жульетта” жүжгийн дууг Ц.Сарнай, Б.Замбалгарав нар дуулжээ

Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” шинэлэг өнгө төрхтэйгээр хоёр хоногийн дараа тайзнаа амилах гэж байгаа билээ.

Тэгвэл тус жүжгийн дууг Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид4” хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.

Хөгжмийг СТА Б.Чинбат, Шүлгийг Р.Эмүжин бичсэн бол Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулжээ. 19 жилийн дараа УДЭТ-ын тайзнаа амилж буй “Ромео Жульетта” жүжгийн дуугаар сонсогч таны сонорыг мялааж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Кармен”-ыг морин хуурын чуулга дахин амилуулна

Монгол Улсын Филармонийн морин хуурын чуулга энэ сарын 13-нд Ж.Бизе Р.Щедрин-Н.Жанцанноров “Кармен сюит” тоглолт хийхээр болжээ.

Ганцхан удаа болох энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон билээ.

Дэлхийн алдартай сонгодог бүтээлийг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосноор ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчилах, морин хуурын чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон нь энэ аж. Тоглолт арваннэгдүгээр сарын 13-ны 19.00 цагаас улсын Филармонид болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта” маргааш нээлтээ хийнэ

Хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болсон Ромео & Жульетта жүжиг маргааш нээлтээ хийх гэж байна. Энэ удаад Улсын драмын эрдмийн театрын(УДЭТ) найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын үзэгчдэд гурав дахь удаагаа тавигдах гэж буй билээ. Жүжгийн гол дүрүүдэд УДЭТ-ын хамгийн залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа онцлог юм. Мэдээж Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна.

Жүжгийн нээлтийн ажиллагаа маргааш 17.00 цагаас УДЭТ-ын гадна талбайд болно. Харин энэ үеэр үзэгч, хосуудын дунд сонирхолтой уралдаан зарлажээ. Жүжгийн нээлтэд зориулж зарласан “Миний хайрын андгай” уралдааны шилдэг таван хос бие биедээ хайраа илэрхийлэх торгон мөч болох нь ээ. Мөн “Хайр дурлал” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн гарах юм байна. Цаашлаад жүжгийн дүрүүдийн зураг бүхий хос цамц, тэмдэглэлийн дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн нэрэмжит өдрүүд болно

“Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” “Уйлж дуулах хорвоо” зэрэг олон сайхан дууны аялгууг бичсэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны 60 насны ойд зориулан түүний уран бүтээлүүд энэ долоо хоногт цувралаар тоглогдохоор болсныг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд тоглолтууд болох юм байна. “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолт 12-нд, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” тоглолт 13-нд, “Дууны хорвоо” уран бүтээлийн цэнгүүн 14-ний өдөр тоглогдох аж. Тус тоглолтод дуулагдах дуунуудыг хамгийн анх дуулж олны хүртээл болгосон дуучид, уран бүтээлчид үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Уйлж дуулах хорвоо” нэртэй ном болон хос цомгийг гаргажээ. Номонд түүний зохиосон 60 шилдэг уран бүтээлүүд орж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлч төдийгүй, хөгжим сонирхдог бүх хүмүүст зориулан гаргасан хэмээн онцолсон юм.