Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Д.Алтанхуяг балетын сургуулиа нээнэ

МУГЖ Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд “Монголын шинэ балет” нэртэй сургууль байгуулахаар болжээ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог тул туршлага судлан эх орондоо олон улсад үнэлэгдэхүйц бүжигчдийг бэлтгэх сургууль нээхээр шийдсэн аж. Тэрээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг өнгөрөгч онд шинэчлэн АНУ-ын “Бостон балет” компаний тайзнаа тоглогддог тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг авчирч, дэлхийн стандартад хүрсэн тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэсэн бол энэ жилийн “Цөмөөхэй” ч мөн олон онцлогтойгоор тавигдах гэнэ. Хамгийн том шинэчлэлт бол гол дүрийн Клара охины дүрд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 260 гаруй хүүхэд үүнд оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо хөл тавьсан тэрээр энэ удаа Клара охин болоод бусад дүрүүдээ сонгон шалгаруулах зорилготой иржээ.

Энэ жил гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Элэг нэгтэн” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

“ДОЗ” энтертайментийн бүтээл болох “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Энэтхэгийн Дэли хотын “Нойда” олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн /найруулагч Ш.Доржсүрэн/ “Элэг нэгтэн” (МУСК) шагнал авлаа. “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол бидний жинхэнэ хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нюанс” тоглолтын орлогоо хандивлана

Попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан Өвөрхангай аймгийг өнөө өглөө зорилоо. Тэд Өвөрхангай аймгийн төвд хоёр удаа тоглох гэнэ. Тус хамтлагийнхан тоглолтын орлогоо хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Хархорин сумын харьяат Л.Дамдинсүрэнгийн эмчилгээний зардал, эм тарианд хандивлахаар болжээ. Тйимээс тус хамтлагийн зүгээс энэхүү хандивын үйл ажиллагаанд дэмжлэг болгож Монгол ахан дүүсээ халуун сэтгэлээр тусалж дэмжихийг уриалж байгаа аж. “Нюанс” хамтлаг тоглолтын орлогоо хандивлаж байсан нь ганц энэ удаагийнх биш. Тус хамтлагийнхан урьд нь элэг нэгтэй Монгол угсаатай Буриад, Халимаг улсуудад тоглолт хийх явцдаа амьдралын түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн болон өнчин хүүхдүүдэд сайн санааны үүднээс тоглолтын орлогоосоо хандивлан туслан дэмжсээр ирсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Электроник хөгжмийн клуб 20 цагт нээлтээ хийнэ

Улаанбаатарын залууст электроник хөгжмийн ертөнцөөр аялж, орчин үеийн хөгжмийн урсгалыг мэдрэх боломжийг олгох “Castle Club” өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Бээжин хотын номер нэг Underground клуб болох “Lantern Club”-д DJ хийдэг Билигүүдэй хэмээх залуу эх орондоо орчин үеийн хөгжмийн урсгалыг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд ийнхүү “Castle Club”-ээ нээж буй нь энэ юм.

Улаанбаатарын залууст орчин үеийн хөгжмийг мэдрүүлэх, “Castle Club”-ын нээлт өнөөдөр 20.00 цагт болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар эх орондоо тоглолтоо хийнэ

П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гранпри шагнал хүртсэнээсээ хойш дэлхийн алдарт тайзнаа уригдан дуулж байгаа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо “Монгол сонгодог” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр 2012 онд М.Глинкийн уралдаанд түрүүлж, Гавьяат жүжигчин цолоор шагнуулсныхаа дараа ард түмэндээ “Монгол сонгодог” тоглолтоо хүргэж байсан билээ.

Тэрээр энэхүү тоглолтынхоо товыг хараахан зарлаагүй байгаа ч Монголын сор болсон сонгодог уран бүтээлчдийн бүтээлийг сонордуулахаар зэхээд байгаа аж.

Өдгөө тэрээр Улаан Үдийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Москва хотноо алдарт төгөлдөр хуурч Денис Манцуевтэй бэлтгэлээ базаан тэд хамтдаа Тюмень хотод тоглолтоо хийх аж.

Гоцлол дуучин Г.Ариунбаатар энэ сарын 28-нд Улаан Үдэд бие даасан тоглолтоо хийх юм байна. Энэхүү тоглолтынхоо дараа тэрээр эх орондоо ирж бие даасан тоглолтын ажилдаа орох нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол туульчид” бэсрэг тоглолт боллоо

Монгол туулийн гал голомтыг хадгалж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Богд хааны ордон музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран “Монгол туульчид” бэсрэг тоглолт хийлээ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.

Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.

Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Ганбаатар дахин шилдэг зураачаар шалгарчээ

АНУ-ын Охайо мужид олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 24 дэх чуулган энэ сарын 8-13-нд болж 200 гаруй уран бүтээлж оролцжээ. Шилдэг зураачдыг тодруулдаг тус чуулганд Монголоос зураач Ч.Ганбаатар өнгөний гүйцэтгэл ангилалд тэргүүн байр, Л.Мөнхтөр гайхалтай гурван хэмжээст арга барил төрөлд II байр эзэлжээ. Мөн шилдэг 10 шог зураачийг шалгаруулахад Ч.Ганбаатар V байрт орсон байна.Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын Невада мужийн Рено хотод болсон чуулганд оролцож 250 гаруй зураачаас шилдэг өнгөний гүйцэтгэл, хэтрүүлэгтэй хэв маяг, Исайл Ролданы нэрэмжит болон Себастиан Крүгэрийн нэрэмжит “Хүндэт зочин” шагналын эзэн болж шилдэг 10 бүтээлээс IV байрт орж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүтээлийг жазз найруулгад хөрвүүлсэн “CITY SWING” тоглолт болно

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт долоон концерт тоглоно.

Энэ долоо хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох “CITY SWING” тоглолт арваннэгдүгээр сарын 20-нд 19.00 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2016” наадмын шалгаруулалт болно

Монголын дизайнерын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2016” загварын шоуны сонгон шалгаруулалт энэ сарын 26-29-ний өдрүүдэд болох гэж байна. Шалгарсан 20 гаруй дизайнерын бүтээлийг тайзнаа амилуулах аж. Мөн шилдэг 70-80 үаньах өмсөгч оролцоно.


Categories
мэдээ соёл-урлаг

Баянгол жааз найрал хөгжмийн тоглолт болно

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зорилтот төсөл нь хүн төрөлхтний соёлын үнэт өв дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэл хотын үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх зорилгоор эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн уг төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт 7 концерт тоглох ба төлөвлөгөөний дагуу тоглолтууд нь үзэгчдийн хүртээл болж байна.

Энэ 7 хоногт Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох CITY SWING тоглолт 2015 оны 11-р сарын 20-нд 19 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэнэ.

Баянмонгол жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байна. Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг болсон тул тэд энэхүү мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.