Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур” балетыг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ оны эхний үзвэрүүдийг танилцуулж байна. 2016 оны эхэнд буюу нэгдүгээр сарын 9-нд Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурь, 10-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох болжээ. Мөн үүнээс гадна ирэх сард Ж.Чулууны “Уран хас” балет, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тус тус тоглох юм байна.

Дашрамд дуулгахад, УДБЭТ-ын уран бүтээлчид “Балетийн хөгжил” сантай хамтран П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг үзэгчдэдээ шинэ оны бэлэг болгож, зургаан удаа тоглосон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол дизайнер “Mercedes benz Kiev fashion show”-нд загвараа толилуулжээ

Өнгөрсөн жил “MUUSExVOGUE Talents Young Vision Award” залуу дизайнеруудын уралдааны шилдэг 50-д багтсан Италид ажиллаж амьдардаг загвар зохион бүтээгч Б.Баасандэлгэр энэ жил Украйны Киев хотноо болсон “MERCEDES BENZ” загварын шоунд өөрийн бүтээлүүдээ танилцуулжээ.2014 онд Италийн Турин хотноо өөрийн нэрийн брендийг үүсгэн байгуулсан Б.Баасандэлгэр хэдийнэ Европын загварынхны анхаарлыг татаж эхэлжээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт “Цөмөөхэй”-д 220 хүүхэд бүжиглэжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдартай “Цөмөөхэй” балет оны өмнөхөн тоглосон билээ. Зургаан удаа тоглогдохдоо үзэгч хүүхэд багачуудыг огтхон ч уйдаагаагүй энэхүү тоглолтын талаар балетчин Д.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий олон оронд тоглогдож буй энэхүү балет сүүлийн жилүүдэд манай улсад тоглоод эхэлчихлээ. Үзэгчдийн ч гэсэн хүсэн хүлээдэг балетын нэг боллоо. Энэ балетад тоглосон хүүхдүүд маань үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. “Цөмөөхэй -2015” тоглолтод нийт 220 хүүхэд оролцлоо. Тэднээс хамгийн бага нь 7-8 настай. Эндээс харахад балетын урлаг өнөөдөр маш сайн хөгжиж байгаа нь харагдаж байна. Жигүүр далиа дэлгэж буй бяцхан бүжигчдийн маань сэтгэл ямар их хүсэл мөрөөдлийг тээж байгаа нь харагдлаа. Мөн бяцхан бүжигчдийн арын албыг авч яваа багш, гэр бүлийнхэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлмээр байна” гэжээ.

“Цөмөөхэй” балетын түүхээс сонирхуулахад, анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиожээ. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд “Цөмөөхэй” балетыг бичиж, өдгөө дэлхий дахинд алдартай болсон түүхтэй. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан сарнай”-н эзэд тодорчээ

“Алтан сарнай” наадмыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу 2015 оны “Алтан сарнай” наадмын эздийг тодруулах ёслол өчигдөр болсон юм. “Алтан Сарнай” наадам уламжлал ёсоор улс төр, нийгэм, хүмүүнлэг, бизнес, шинжлэх ухаан технологи, соёл урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага гэсэн номинацид шилдгүүдээ тодруулсныг дор танилцуулъя.

“Шинжлэх ухаан технологийн салбарын оны онцлох хүн” – Д.Дэмбэрэлнямба

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “МонХимо” компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, МУИС-ийн багш, Химийн ухааны доктор, профессор. “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг боловсруулсан.

Соёл урлагийн салбарын оны онцлох хүн”: – Г.Ариунбаатар

2012 онд Глинкийн уралдааны тэргүүн байр, 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит уралдаан, 2015 оны тавдугаар сард Байкал гэж дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаанд оролцсон. Сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг, дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой.

“Спортын салбарын оны онцлох хүн – М.Даваажаргал

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2015 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрээр 30 насандаа Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан нь одоогоор мэргэжлийн сүмогийн хамгийн дээд амжилт болоод байна. Сүмо бөхийн домог болсон их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, их аварга Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч дээд амжилтын эзэн болж байсан. Хакүхо М.Даваажаргал 29 насандаа 33 дахь түрүүгээ авч байсан түүхтэй аж. Мөн түүний сүмогийн түүхэнд үзүүлсэн дээд амжилтыг Гиннесийн номонд албан ёсоор бүртгэн баталгаажуулсан байна.

“Оны онцлох олон нийтийн байгууллага”: – Б.Лхагважав

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим/МХАҮТ/-ын ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга. Тэрээр 2007-2008 оноос Татварын шинэчлэл, өршөөлийн хуулийг ганцаараа шахам зүтгүүлэн гаргасан. Гэвч тухайн үеийн манай улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд хуулиудын үр дүн төдийлөн гараагүй билээ. 2015 оны хувьд Б.Лхагважавын удирдаж буй МҮХАҮТ Монголын хувийн хэвшил, бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд санхүү, татварын шинэчлэлийн хуулиудыг гарахад анхнаас нь Ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ил тодын хуулийг УИХ-аар батлуулахын төлөө төрийн түшээдийг шахаж шаардан уриалж уйгагүй явсны хүчинд уг хууль 2015 оны 8 дугаар сард гарч улмаар энэхүү хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас гаргахад хүчин зүтгэжээ.

“Хэвлэл мэдээллийн салбарын оны онцлох байгууллага” – “Монгол HD” ТВ, “Авьяаслаг монголчууд” төсөл

”Монгол” телевизийн уран бүтээлчид, “Got talent” шоуны ажлыг 2014 оны 10 дугаар сараас эхлүүлжээ. Тэд 2000 гаруй авьяастны үзүүлбэрийг үзэж сонирхоод сүүлийн шатны шалгаруулалтад 220 оролцогчийг оруулсан байна. Ингээд хагас шигшээгээс шигшээ гэсэн журмаар явагдаж шоуны ялагч тодорсон. Шоуны шүүгчээр “Харанга” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Б.Чулуунбат, нэвтрүүлэгч Б.Чимэгээ, хийлч Б.Дэлгэрцэцэг, рэппер Rokit Bay нар ажиллажээ.

“Монгол ТВ”-ийн төлөөлөгчид, телевизийн контент худалдан авах мөн дэлхийн телевиз үзэгчдийн чиг хандлага юунд илүү төвлөрч байгаа гээд олон талын судалгаа хийхээр хоёр жилийн өмнөөс Каннын телевизийн наадамд оролцож эхэлжээ. 2014 оны Каннын телевизийн наадамд Английн продюссер Саймон Коуэл “Got talent” шоуны талаар ярихдаа Монгол Улсад энэхүү шоу хийгдээгүй гэдгийг онцлон дурджээ. Тиймээс “Монгол ТВ”-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар тус шоуны албан ёсны эрхийг авсан байна.

“Нийгэм хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн” – “1000 төгрөг” аян

Түлэгдсэн хүүхдүүдэд зориулж “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” аяныг хэрэгжүүлжээ. Тус аяны гол зорилго нь зөвхөн тоног төхөөрөмж авч өгөхөөр хязгаарлагдалгүй хэрвээ монголчууд бид нэгдэж чадвал хамтдаа юуг ч бүтээж болно гэдгийг харуулсан монголчуудыг нэгтгэж чадсан томоохон аян болжээ.

“Бизнесийн салбарын оны онцлох хүн”: – Б.Дэлгэрсайхан

Дорноговь аймгийн уугуул Б.Дэлгэрсайхан “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан байна. Улмаар Дорноговь аймгийн махны үйлдвэр, хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч өргөжүүлсэн нь хожмын “Дорнын говь” компани юм. Тус компани тухайн үед аймгийн төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байснаараа МҮХАҮТ-ын “Үндэсний ТОП-10” компаниар удаа дараа шалгарч байжээ. 2000 онд Сэлэнгэ аймагт махны үйлдвэрийг, 3000 тонн багтаамжтай хөргөлтийн агуулахыг, 2004 онд Багануур дүүрэгт 2500 тонн хөргөлттэй агуулахыг махны үйлдвэрийн хамт тус тус байгуулж, тухайн үедээ Монгол Улсын нийт махны экспортын 60 хувийг дангаараа бүрдүүлж байв. 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

“Улс төрийн салбарын оны онцлох хүн”: С.Бямбацогт

Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын нарийн бичгийн дарга. Тэрбээр 2015 онд УИХ дахь МАН-ын бүлэг улс орны эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулахын тулд бүтээлч санал санаачлага гаргаж, зөвшилцлийг эрхэмлэн ажиллажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сүлд модны наадам” дуу 53 дахь шинэ жилтэйгээ золгож байна

Тэртээ жаран хоёр оны өвлийн шинэ жилийн баяр болох гээд хүн бүр хөөрөн догдолж байх тэр мөчид уран бүтээлийн дотно анд нөхөд болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт төлөөлөгч Жамцын Бадраа, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Самбын Гончигсумлаа хоёрт шинэ жилийн тухай дуу хийх санаа сэдэл төрсөн байна. Сайндаа ч биш гэнэ. Мань хоёр аливаа ёолк цэнгүүнд уригдаж очиход шинэ жилийн тухай санаанд хүрсэн уран бүтээл сонсогдохгүй байж л дээ. Тэгээд шинэ жилийн тухай дуу хийхээр тохиролцжээ. Удаа ч үгүй Бадраа гуай “Сүлд модны наадам” хэмээх шүлэг бичээд Гончигсумлаадаа утсаар сонсгосон гэдэг. Гончигсумлаа Бадраагийнхаа шүлгийг утсаар сонсох даруйд л аялгуу нь ороод ирсэн байна. Тэгээд яруу найрагч нөхрийгөө гэртээ урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигналдаж байх цаг дор “Сүлд модны наадам” дууныхаа аялгууг зохируулсан байна.

Энэ тухай хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад нэгэнтээ “Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүн ёсны хувьд ойр дотно харилцаатай явснаа санах бүрийд бахархах сэтгэл төрдөг. Надад маш дотно элэгсэг ханддаг байсан. Жаран хоёр онд зохиосон “Сүлд модны наадам” дуугаа, жаран гурван онд зохиосон “Жаргаах зүрхэн” дуугаа миний хоолойд зориулж бичсэн юм” хэмээн өгүүлсэн билээ. Сүлд модны наадам дууг Гончигсумлаа гуай зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж, дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтруулж дуулуулахаар аялгууг нь тааруулсан гэдэг. 1962 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол радиогийн бичлэг хийлгэхэд Зангад дуулж, гавьяат жүжигчин Бандийн гэргий Т.Григорьева төгөлдөр хуур дарж, Гончигсумлаа гуай өөрөө удирдан найруулсан түүхтэй. Ингэж жилийн жилд шинэ жил ирснийг Зангадын хоолойгоор зарлан тунхаглаж эдүгээ 53 дахь өвөлтэйгээ учран золгож буй “Сүлд модны наадам” дуу төрсөн түүхтэй юм. Уг дууны шүлгийг та бүхэндээ хүргэе.

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая аа

Өөдлөн дэвших хишгээрэээ

Улирах жилийг бялхаасан

Өрнөн даргих буянаараа

Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо

Өндөр хөгжлийн ерөөцгөөж

Сүлд модныхоо наадамдаа

Өвгөн ааваа дайлцгаая аа

Түмэн галавт дурсгалтай

Баатрын алдар цуурайтсан

Түвшин энхэд суурьшилтай

Баярын магнай тэнийсэн

Сүрлэг Монгол орныхоо

Агуу алдрыг ерөөсөн

Сүлд модныхоо наадамд

Яруу дуугаа өргөцгөөе өө.


Ө.Манлай


Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнгөн шөнө” цэнгүүний хөтөлбөр

21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21.00: Beat Box Ray /1 номер/
21.05: хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /1 номер/
21.10: Хөтлөгч: Дуучин Солонгоогийн танилцуулга /2 дуу/
21.20: Хөтлөгч: Дуучин A Cool танилцуулга /2 дуу/
21.30: Хөтлөгч: Дуучин Тэнүүний танилцуулга /2 дуу/
21.40: Хөтлөгч: Дуучин Аминагийн танилцуулга /2 дуу/
21.50: Хийлч Дээгий/1 номер/
21.55: дуучин Өнөрөө /3 дуу/
22.10: Хөтлөгчид: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР” мюзиклаа толилуулахад бэлэн болсныг танилцуулна.

22.15: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын эхний хэсэг (LED дэлгэцээр мюзиклын ерөнхий утга санаа гарч, дуучид бүжигчид тайзнаа мюзиклын дууг дуулж, бүжиглэнэ) (20 мин)

22.35: Хөтлөгчид: DJ БАЧКА-г танилцуулна.Үзэгчдийг бүжиглүүлнэ.

Хөтлөгчид Нийслэлд болсон 2015 оны бүтээн байгуулалтын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

22.40: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 2 дахь хэсэг (25 мин)

23.05: DJ БАЧКА болон Хөтлөгчид үзэгчдийг бүжиглүүлэн хөгжөөнө.

Хөтлөгчид: Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд болсон бүх үйл явдалын тоймыг үзэгчдэд хүргэнэ.

23.10: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 3 дахь хэсэг (20 мин)

23.30: Хөтлөгчид: Мюзикл гэж юу вэ?Шинэ жил гэж юу вэ? Гэсэн сэдэв хөндөж үзэгчидтэй ярилцах

Үзэгчдийг Бүжиглүүлэх

23.35: “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклын 4 дахь төгсгөлийн хэсэг (10мин)
Жүжигт оролцож байгаа гол дүрүүд гэнэт айсуй яваа Өвлийн өвгөн аавыгаа олж харах ба Өвлийн өвгөн цасан охидын хамт Чингисийн талбайд орж ирнэ.

23.45: Бүх жүжигчид Шинэ жилийн дууг хамтдаа дуулан Өвгөн аавыг хүлээн авна.
Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт тайзны өмнө хүрэлцэн ирнэ.Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлэн нийслэлчүүдтэй мэндчилнэ.

23.55: Хөтлөгч: Өвлийн өвгөнийг цасан охидын хамт хүсэн хүлээсэн мөч ирж буйг зарлана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл үг хэлнэ.
/Фанфар/

23.59.50: Шинэ жил гарахаас 10 секундын өмнө хонх дуугарч эхэлнэ. Хонхтой цуг тоо болон хотын тухай дүрслэл гарч Нийслэлийн удирдлагууд талбайд цугласан иргэд, хөтлөгч нарын хамт 10-аас доош тоолон шинэ он гарна.
00.00: Шинэ он гарахад Салют буудаж эхэлнэ.
00.00: “Үйлсийн сайхан Улаанбаатар” нийт уран бүтээлчид
00.10: Үйл ажиллагаа өндөрлөх

Categories
мэдээ соёл-урлаг

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн маргааш Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлнэ. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.

Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

190 найрагчийн хайрын шүлгийг нэг номоос

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралыг хэвлүүлжээ. Энэхүү номын нээлт өнгөрөгч ням гарагт боллоо. Номыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан эрхлэн, залуу яруу найрагч Б.Алтанхуяг, М.Батбаяр нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн юм байна. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн хэвлэх үйлдвэр номыг хэвлэн гаргажээ.

“Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” хоёр дахь цувралд билгүүн номч Б.Ринченгийн бүтээлээс эхлээд тун саяхан шинэхэн номоо өлгийдөн авсан яруу найрагч Д.Эрдэнэзулайн шүлгийг хүртэлх 190 яруу найрагчийн хайрын шүлэг багтжээ. Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа нар “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын нээлтийн хүндэт зочид байсан юм.

Энэхүү номын эхний цуврал нь 2014 онд хэвлэгдэн гарсан. Тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, уг уншлагад оролцсон найрагчдын хайрын шүлгээр эл номыг бүтээж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Арван жилийн дараа дахин амилсан “Оддын дайн”

Алдарт “Оддын дайн” киног үзээгүй, ядаж нэрийг нь дуулаагүй хүн үгүй биз ээ. Энэхүү цуврал кино нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг арван киноны жагсаалтад багтдаг. Тус алдарт уран бүтээлийн сүүлчийн долдугаар анги арванхоёрдугаар сарын 18-ны өдөр дуулиантайгаар нээлтээ хийлээ. Зургадугаар цувралаас хойш арван жилийн дараа “Хүч сэлбэсэн нь” нэртэйгээр гарч буй энэхүү анги зураг авалтаа хийж эхлэхээсээ өмнө л киноны хорхойтнууд, үзэгчдийн дунд дуулиан дэгдээж, 2015 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн киногоор тодроод байсан юм. Америкт л гэхэд “Оддын дайн” цувралын хорхойтнууд долдугаар ангийг үзэх гэж нээлт эхлэхээс хэд хоногийн өмнөөс кино театруудын гадна урт дараалал үүсгэн, зарим театрын өмнө майхан сууц барин хүлээжээ. Лос-Анжелос хотын “Хятад” кино театрын хашаанд аятайхан суудалтай тасалбар олж авахын тулд хэдэн зуун хүн цугласан хэмээн мэдээлж байв. Сүүлчийн анги нь мөн л өмнөх ангиудтайгаа адил шуугиан дэгдээж, гарсан даруйдаа бокс оффисийн рекордыг эвджээ.

“Оддын дайн”-ы долдугаар анги болох “Хүч сэлбэсэн нь” анги нь 1980 онд нээлтээ хийсэн “Жеди эргэж ирсэн” нь хоёрдугаар ангийн үргэлжлэл бөгөөд 30 жилийн дараахь үйл явдлыг гаргаж байгаагаараа онцлог. Тус цуврал киноны эхний зургаан ангийн зохиол, найруулгыг нэрт найруулагч зөгнөлт киногоороо алдаршсан Жорж Лукас бичсэн юм. Харин долдугаар ангийн найруулагчаар Жи.Абрамс ажилласан бөгөөд кино зохиолыг Лауренс Касдан бичжээ. Дүрүүдийн тухайд өмнөх ангиудад тоглосон жүжигчдээс Харрисон Форд, Карри Фишер, Марк Хамилл нар тоглосны зэрэгцээ шинээр олон жүжигчин нэмэгдсэн байна.

Киноны урлагт томоохон орон зай эзэлж, түүхийг бүтээлцэж яваа “Оддын дайн” киноны анхны цувралыг Америкийн кино найруулагч Жорж Лукас одоогоос 38 жилийн өмнө буюу 1977 онд бичиж, найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Багын уралдааны машинд хоббитой байсан тэрбээр эл киноноос өмнө “Америкийн Граффити” киногоороо шинэхэн нэр алдрыг хүртээд байв. Харин “Оддын дайн” киног үзэгчдийн хүртээл болгосноор тэрбээр дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий найруулагчдын жагсаалтад албан ёсоор орж чадсан билээ. Энэхүү бүтээл түүний хамгийн анхны агуу бүтээл. Түүнээс хойш тэрбээр “Индиана Жонс”, зэрэг алдартай кино зохиолууд найруулан тавьсан ч “Оддын дайн”-тай эн тэнцэхүйц амжилтыг хараахан үзүүлээгүй юм.

Жорж Лукасын амьдрал “Оддын дайн” киног хийхээс өмнө тийм ч сайхан байсангүй. Татвар, өр зээлэндээ баригдсан тэрбээр “Америкийн Граффити” киноныхоо дараагаар өрөө дарж гүйцсэн ч эхнэрийнхээ багахан цалингаар л амьдралаа болгож байжээ. Тэрбээр бүхий л найдвараа урт хугацааны турш боловсруулсан “Оддын дайн” кинонд тавиад байв. Гэвч зөгнөлт, хүүхдийн зохиолын төрөлд багтсан энэхүү киног нь найз нөхөд болон зөвлөгчид “Чи галзуурчээ” хэмээн дүгнэжээ. Санал тавьсан хоёр ч студи нь татгалзсан хариу өгөөд байж. Ингээд эцсийн найдвар тавин “Хорьдугаар зуун фокс” кино компани дээр очиход азаар тэд зөвшөөрсөн хариу өгчээ. Ийнхүү “Оддын дайн” нь түүнд 3.9 тэрбум долларын ашиг болон алдар хүнд авчирчээ. Тэрбээр хожим “Хэрвээ “Хорьдугаар зуун фокс” зөвшөөрөөгүй бол би хар ажил л хийх байсан байх даа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Тус киноны хоёрдугаар анги нь 1980 онд “Жеди эргэж ирсэн нь” нэртэйгээр гарч байсан бол 1983 онд “Эзэнт улс руу довтолсон нь”, “Сүнсний түрэмгийлэл” зэрэг ангиуд гарч тус бүрнээ ашиг орлогоороо тэргүүлж байв. Улмаар 1999-2005 онуудад дараагийн ангиуд нь гарсан билээ. Мөн эл зохиолоор нь хийсэн хоёр, гурван хүүхэлдэйн кино болон сонирхогчдын кино ч гарсан байдаг.

“Оддын дайн” киноны сонирхолтой түүх, баримтаас:

*“Оддын дайн” киноны тулааны хэсгийн дуу авиа, сансрын хөлгүүдийн хөдөлгүүрийн дуу авиаг гаргахын тулд олон зүйлээс дуу оруулсан байдаг. Тухайлбал, “TIE” хөлгийн хөдөлгүүр асч байгааг зааны дуугаар гаргажээ.

*Нэрт кино найруулагч, зохиолч Стивен Спилберг энэхүү киног хэдэн хувийн ашиг орлого олох талаар найруулагч Жорж Лукастай мөрийцөж байжээ.

*“Оддын дайн” киноны зураг авалтыг хийхийн тулд сансрын хөлөг, од гариг эрхсийг илэрхийлсэн олон дуураймал жижиг байгууламжийг барьжээ. Түүний нэг хэсэг болох жаалхүү Энакен Скайуокерын төрөлх нутаг “Татиун” хэмээх элсэрхэг гаригийн жижиг загварыг Тунисын элсэн цөлд босгосон байна. Скайуокерын амьдардаг хотын шавар байшингууд одоо ч тэнд хэвээрээ байдаг бөгөөд киноны шүтэн бишрэгчдэд зориулж хадгалан үлдээжээ.

*Киноны 1-3 дугаар ангиудын зургийг ч Тунист байдаг берберчүүдийн 1500 жилийн настай агуйн хот Матмат болон Эль-Джерид хэмээх хужрын орд, Нефта хотын ойролцоох баян бүрд зэрэг газруудад авчээ. Дөрөвдүгээр эпизодод гардаг босогчдын баазыг Хойд Гватемалд орших майяачуудын 2500 жилийн настай Тикаль нэртэй сүмийн балгасанд авсан байна.

*Набу гаригийн хатан хаан Падма Амидалагийн хувцас хэрэглэл, толгойн гоёл, нүүр будалт зэрэг нь монгол хатны хувцас хэрэглэлээс хуулбарласан гэмээр адилхан байдаг. Гэхдээ түүнийг монгол үндэсний хувцаснаас хуулбарласан гэх баталгаа байдаггүй юм.

*Тус кинонд Веж Антиллегийн дүрийг бүтээдэг жүжигчин Денис Лоусон нь Холливуудын од Эван Макгрегорын нагац ах юм. Дашрамд дурдахад Эван Макгрегор 2004 онд Монгол Улсад зочлохдоо “Жамъян” хэмээх монгол охин өргөн авч байсан.

*Киноны Жидай дайчин “Luke skywalker”-ийн нэрийг “Luke Starkiller” хэмээн нэрлэх гэж байжээ.

*Кинон дээр гардаг Грийдо омгийнхны хэлийг Өмнөд Америкийн нэгэн жижиг аймгийн хэлэн дээр тулгуурлан зохиосон бол Жава омгийнхны хэл зулу хэлэн дээр тулгуурлан зохиожээ.

*Мастер Йода нь энэ кино туульсын сайн талын ганц баатар нь. Намхан бие, жижигхэн чихү үлгэрийн баатрынх шиг гадаад төрх нь үзэгчдийн сэтгэлд их нийцдэг. Тэгвэл Йодад анх баг өмсгөсөн сургуулилттай сармагчинг тоглуулж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​Өсвөрийн хийлчдийг М.Анужин тэргүүлжээ

Өсвөрийн хийлчдийн олон улсын тэмцээн Улаанбаатар хотод анх удаа болжээ. Монголоос гадна Япон, Канад, Англи, БНСУ-ын өсвөрийн хийлчдийг М.Анужин тэргүүлж, гранпри шагналыг хүртсэн байна. М.Анужин охин 11 настай юм байна. Уралдаанд нийтдээ 60 гаруй хийлч хүүхэд бага, дунд, ахлах насны ангилалд оролцжээ.

Цаашид “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна.