Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Нарангэрэл: Ээж минь Монголын ард түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ танигдсан гайхамшигтай эмэгтэй DNN.mn


Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн охин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлч хүн байнгын формтай байхын тулд үргэлж дасгал сургуулилалт, бэлтгэлтэй байдаг. Ганцхан удаа тайзан дээр гарч дуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Үүнийхээ дагуу сүүлийн үед дасгал сургуулилалт, бэлтгэлээ хийж байгаа. Шинэ уран бүтээлийн хувьд Цэн.Эрдэнэбатын аялгуу “Нутаг ижий хоёр”, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдын “Ижийгээ санасан сэтгэл” гэдэг дуунуудад төвлөрөн ажиллаж байна.

-Таны дахин амилуулсан “Магнаг цэнхэр дэлхий” дуу олон түмэнд их хүрсэн. Та анх хэрхэн энэ дууг дуулах болсон бэ. Түүхээс нь хуваалцахгүй юу?

-“Магнаг цэнхэр дэлхий” дууг олон түмэн сонсож байгаад уран бүтээлчийн хувьд их баяртай байна. Би хамгийн анх зургадугаар ангид байхдаа “Магнаг цэнхэр дэлхий” дууг А.Долгор багш дуулж байхыг CD-нээс нь сонсож, ямар гайхамшигтай сайхан дуу вэ гэж тухайн үедээ бодож байлаа. Түүнээс хойш А.Долгор багшийнхаа шавь болж, 2018 онд багш минь гуравдугаар сарын 8-нд жил бүр уламжлал болгон хийдэг тоглолтоо шавь нартайгаа хамтран хийсэн. Тэр үед багш минь шавь нартаа дуулах уран бүтээлүүдийг нь хуваарилан өгөхөд надад “Магнаг цэнхэр дэлхий” дуу оногдож багш минь дуул гэсэн юм. Энэ сайхан бүтээлийг тухайн үед дуулахдаа өөртөө нэлээн чамлангуй хандсан. Хоёр, гурван жилийн дараа багшдаа хамтран дуулах санал тавьж энэ дууг хамт дуулсан.

-Таны хувьд анх хэрхэн урлагийн салбарт орж дуу хөгжимд татагдах болсон бэ. Гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү?

-Мэдээж гэр бүлийн орчин чухал нөлөө үзүүлсэн. Бага байхдаа Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад эмээ өвөөгийндөө амрахдаа радиогийн “Хүсэлтийн хариу” их сонсдог байлаа. Тэр үед эмээ минь надад “Ногоон зүлэг байна аа гээд

Наадмын ёстой бөх шиг” (дуулав) гээд дууг зааж өгсөн. Энэ дуу миний хамгийн анхны дуулж сурсан дуу юм. Эмээгээрээ дуу заалгаснаас хойш дууг сонсох дуртай болж, урлагт татагдаж эхэлсэн. Хот руу гэртээ буцаж ирэхэд ээж минь үргэлж тоглолтод намайг дагуулж явна. Үргэлж урлагийн орчинд байсан нь намайг урлагийн хүн болоход их нөлөөлсөн байх. Мэдээж гэр бүлийн орчин, хүмүүжил хүнд маш чухал нөлөө үзүүлдэг учраас гэр бүлийн орчин минь урлагийн салбарт ороход маш том нөлөө үзүүлсэн.

-Таны ээж “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг шүү дээ. Та ээжийнхээ тухай болон гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

-Ээж минь “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан. Монголын үзэгчдэд танил болсон энэ сайхан кинонд өөрийн залуу насаа мөнхөлсөнд нь ээжээрээ бахархдаг. Түүнчлэн хамтран ажилласан киноны бүх уран бүтээлчдийг хүндэлж биширч явдаг даа. Ээж минь Монголын ард түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ танигдсан гайхамшигтай эмэгтэй. Гэр бүлийн хувьд ээж минь үнэхээр ухаантай, ажилсаг, маш их үлгэр дуурайлыг үзүүлдэг. Биднийг хүмүүжүүлэхдээ хийх ёстой зүйлсийг зааж загнахгүйгээр өөрөө үлгэр жишээ байж тод томруун жишээгээр үзүүлж хүмүүжүүлдэг. Мэдээж хүн бүрийн л ээж үр хүүхдэдээ энэ дэлхийн хамгийн сайхан нь байдаг. Үүнтэй адил би гэр бүл, ээж ааваараа үргэлж бахархаж явдаг. Энэ хорвоод хүмүүн заяаг хайрласан ижийдээ “Өдрийн сонин”-оор дамжуулан маш их баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. Тандаа хайртай шүү. Таны эрч хүчтэй, уйгагүй, ажилсаг, хичээнгүй, хүн бүхний төлөө гэсэн гайхамшигтай сайхан сэтгэлийг охин нь чадах чинээгээрээ өвлөн авч хүмүүст тусалж, таныхаа нэрийг сэвтээхгүй, гэр бүлийнхнийхээ удам судрыг өндөрт өргөж явахыг хичээх болно.

-Та МУАЖ А.Долгор багшийнхаа тухай ярихгүй юу?

-Би 2004-2009 онд Ардын жүжигчин А.Долгор багшийнхаа удирдлагад Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр таван жил суралцаад төгссөн. Монгол түмний дунд хүндлэл хүлээсэн сайхан дуучин багшийнхаа шавь нь болсон хувь заяандаа үргэлж талархаж явдаг даа. Багш минь шавь нартаа байгаа бүхнээ зориулж, үр хүүхэд шигээ хайрлаж, санаа тавьж бүх эрдэм мэдлэгээ зориулж, дуулах урлагийн талаар зөвлөхөөс гадна амьдрал дээр биеэ хэрхэн авч явах зэрэг маш их зөвлөгөө өгдөг. Он цаг хугацаа өнгөрөх тусам багш минь яг л найз шиг минь болж дотнын нандин зүйлсээ хүртэл хуваалцан ярьдаг болтлоо дотносчээ. Надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн сайхан багшийг минь мэднэ дээ.

-Өнгөрсөн сард өөрийн анхны бие даасан тоглолт болох “Магнаг цэнхэр дэлхий мину” тоглолтоо хийсэн. Үзэгч түмэн олон хэрхэн хүлээж авсан бэ?

-2023 оны дөрөвдүгээр сарын 15-н буюу хаврын нэгэн сайхан өдөр миний хамгийн анхны бие даасан тоглолт болж өндөрлөсөн. Үзэгч түмэн олон маань намайг чин сэтгэлээсээ дэмжиж, маш гайхамшигтай сайхнаар хүлээж авсан. Үүнд маш их урам орж үнэхээр илүү сайн дуулж, сайхан уран бүтээлээр үзэгч олноо дайлах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрлээ. Тоглолтын тасалбар маань тоглолт болохоос гурван хоногийн өмнө борлуулагдаж дууссан. Өөртөө итгэж өгөхгүй, сайхан тоглолт хийх юмсан гэсэн догдлол дүүрэн байлаа. Тоглолт маань олон хүний дэмжлэгээр маш сайхан болсон. Ганц хүний амжилт гэж байдаггүй шүү дээ. Гайхамшигтай сайхан авьяаслаг хүмүүсийг цуглуулж тоглолтыг бэлтгэхэд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, “Анир” студи, уран бүтээл дээр минь хамтран ажилладаг хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гээд маш олон хүн хамтарч ажилласны үндсэнд гайхамшигтай сайхан тоглолт болсон. Мэдээж ар гэрийн зүгээс ханийн минь түшиг хамгийн чухал байлаа. Гэр бүлийнхэн аав, ээж, ах эгч нар маань намайг дэмжиж, чадах чадах зүйлээрээ бүх зүйлд тусалж энэ том давааг давахад ачаанаас минь хөнгөлж өгсөн. Гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Намайг зорин ирж үзсэн үзэгч түмэндээ хязгааргүй баярлалаа. Энэ сайхан өдрийн дараа илүү их сайхан уран бүтээл хийх эрч хүч урам зориг дүүрэн болсон.

-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ”, “Ижийтэй орчлон” зэрэг ард түмний сонсох дуртай сайхан дуунуудын талаар ярихгүй юу. Анх хэрхэн эдгээр дууг дуулах болсон бэ?

-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууны үгийг Д.Дашдондов, аяыг Б.Бямбабаяр зохиож энэ дууг ээж минь хамгийн анх дуулсан байдаг. Тийм учраас бага наснаасаа л сонсож өссөн гэсэн үг.

Хамгийн анх ээж минь “Мөнхөд эгшиглэх дуун” тоглолтоо МҮЭСТО-д хийхэд “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууг тайзан дээр ээжтэйгээ хамтран дуулж байсан. Энэ дуу бид хоёрт утга, агуулга нь их таарч тохирдог. Мөн намайг дуучин болгосон анхны минь дуу юм. Ээжтэйгээ адилхан юм гэж хэлэхэд хүн бүр дуртай байдаг байх. Ээжийнхээ сайн сайхан чанаруудыг илүү сайхан өвлөж авах юмсан гэж боддог. Энэ сайхан дууг их олон жил дуулж байна. “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуундаа их хайртай. Ард түмэн сайн мэддэг дуу шүү дээ. Ээжтэйгээ тайзан дээр хамтран дуулахдаа үнэхээр жаргалтай байдаг. “Ижийтэй орчлон” дууны үгийг Г.Мөнхцэцэг бичиж, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал аялгууг зохиосон. Б.Мөнхжаргал эгч минь надад зохиож өгч байсан. Ямар ч уран бүтээлч байсан сайхан уран бүтээл хийх юмсан гээд үргэлж шинэ уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг. Б.Мөнхжаргал эгч минь намайг оюутан байхаас тусалж, дэмждэг байлаа. Намайг уран бүтээлч болж дуучин мэргэжлийг сонгоход мөн л томоохон нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Эгч минь надад “Хайрын домог”, “Ижийтэй орчлон,”, “Чи минь” гэсэн гурван дууг өгсөн юм. Түүний нэг нь “Ижийтэй орчлон”. Энэ дууны үг, ая нь үнэхээр гайхамшигтай.

Энэ сайхан дууг дуулсандаа баяртай байдаг. “Цагаан дарь эх шиг миний л ижий

Цагийн уртад залбирч л яваа даа

Цаанаа наанаа эндүүтэй хорвоог

Цайгаа өргөөд аргадаж л суудаг сан” гээд үнэхээр сайхан дуу. Дууг минь хүмүүс сонсож, тэдэнд дуу минь хүрч байгаад үнэхээр баяртай байна.

-Та цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Цаашдын зорилго, тэмүүлэл дүүрэн байна. Одоогийн байдлаар гол төлөвлөсөн ажлуудаа нууц хэвээр үлдээе. Мэдээж уран бүтээлч хүний хувьд чанартай, сайхан уран бүтээлүүдийг гаргахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл санхүүжилт авчээ DNN.mn

Шилэн ажиллагааны хүрээнд зургаан сангийн мэдээлэл нээлттэй болсныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн мэдээлэл нээлттэй болжээ.

Тэрбээр “Тусгай сангууд мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханган машинд уншигдах байдлаар бидэн рүү илгээх ёстой. Мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ирүүлсний дагуу shilen.gov.mn системд машинд уншигдах байдлаар есөн сангийн мэдээллийг нээлттэй байршуулсан. Өнөөдөр таван сангийн мэдээллийг ирүүлсэн байдлаар нээлттэйгээр хүргэж байна.

Манай улсад 25 тусгай сан байдаг. 14 сангийн мэдээллийг нийтэд мэдээлсэн. Одоогоор огт мэдээлэл ирүүлээгүй нэг сан байгаа нь Спортыг дэмжих сан юм.

Үйл ажиллагаа явуулаагүй сан хоёр бий. Үүнд,

  1. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  2. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан нууцын зэрэглэлтэй” гэв

Кино урлагийг дэмжих сангийн тухайд одоогийн байдлаар 11 төслийн мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр 11 төслийн санхүүжилтийн нийт дүн 1,071,200,000 төгрөг байна. Эдгээр санхүүжилтийг бүгдийг 2023 онд олгожээ.

зураг

Нээлттэй болсон мэдээлэл дундаас хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авчээ

Categories
мэдээ соёл-урлаг

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг “Алдарт эхийн одон” хүртлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн баярыг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одон гардууллаа.

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одон авчээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртэж байна.
Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн бүжигчдийн улсын XVI наадам боллоо DNN.mn

Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой, “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний авьяас чадварыг хөгжүүлэх, шинэ авьяастан төрүүлэх, бүжгэн дэгийн өв, урын санг баяжуулж сурталчлан таниулах, урлагаар дамжуулан хүүхэд багачуудад гоо зүйн хүмүүжил төлөвшил олгох, соёлын өв, уламжлалт бүжгийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын XVI наадам” амжилттай боллоо.Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын XVI наадам” шүүгчдийн шагналаар:
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн 20 дугаар зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга шагналыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Болор шигтгээ” хамтлаг
  • Монголын урлагийн ажилтны холбооны нэрэмжит шагналаар: Өмнөговь аймгийн “Мөнхийн шүтээн” хамтлаг
  • Монголын урлагийн ажилтны холбооны нэрэмжит “Алтан-Од” шагналаар:Замын-үүд сумын Очгэрэл багш
  • Монголын бие биелгээ өвлүүлэх холбооны “Авьяаслаг сурагч” медалиар: Завхан аймгийн Бямбажавын Соёл
  • Монголын бие биелгээ өвлүүлэх холбооны “Авьяаслаг сурагч” медалиар: Төв аймгийн Өнөрбаярын Ану
  • СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд элсэн суралцах эрхийн бичгээр:
Одхүүгийн Цэрэндэндэв, Алтайгийн Марал-эрдэнэ, Ганжаргалын Мөнхжин, Төрбатын Төгөлдөр, Энхбаатарын Будрагчаа нар тус тус шалгарлаа.
БАГА НАСНЫ ХАМТЛАГ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн-7” хамтлаг
Дэд байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн “Саран хөхөө-2” хамтлаг
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн “Саруул дэнж-2” хамтлаг
Тусгай байр: Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 3 дугаар сургуулийн “Шивээ ганхаа” хамтлаг
БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ГОЦЛОЛ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн клубийн Лхагва-Очирын Сумъяа
Дэд байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Мэнд-Очирын Энэрэл
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Алтангэрэлийн Тэнгис
Тусгай байр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Амарсайханы Анир
БАГА НАСНЫ ЭМЭГТЭЙ ГОЦЛОЛ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мөнхнарангийн Маргад
Дэд байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн клубийн Ариунбат Анирмаа
Гуравдугаар байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo’s dance клубийн “Сүүн зам” хамтлагийн гоцлол бүжигчин Нарангэрэлийн Хулан
Тусгай байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Үүрийнтуяа
ДУНД НАСНЫ ХАМТЛАГ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн-6” хамтлаг
Дэд байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн “Цэцэгс” хамтлаг
Гуравдугаар байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo’s dance клубийн “Гал голомт” хамтлаг
Тусгай байр: Дорноговь аймгийн “Саруул дэнж” хамтлаг
ДУНД НАСНЫ ГОЦЛОЛ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн сурагч Баттайваны Эрхэм-Эгшиглэн
Дэд байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Сансармаагийн Анар
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн “Саруул дэнж-2” Ганчулууны Дөлгөөн
Тусгай байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo’s dance клубийн сурагч Эрдэнэ-Очирын Буянбадрах
ДУНД НАСНЫ ГОЦЛОЛ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo’s dance клубийн “Гал голомт” хамтлагийн гоцлол бүжигчин Сууринбүрнээбаатар Анужин
Дэд байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн клубийн сурагч Долгорсүрэнгийн Эрдэнэцэцэг
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Энхбаярын Ариун-Эрдэнэ
Тусгай байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн сурагч Доржготовын Сугармаа
АХЛАХ НАСНЫ ХАМТЛАГ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Odnoo’s dance клубийн “Гал голомт” хамтлаг
Дэд байр: Дорноговь аймгийн 1 дүгээр сургууль “Уран дэг” хамтлаг
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн “Говийн уянга” хамтлаг
Тусгай байр: Өвөрхангай аймгийн хүүхдийн ордны дэргэдэх “Эрчист эрмүүн” хамтлаг
АХЛАХ НАСНЫ ЭРЭГТЭЙ ГОЦЛОЛ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р сургуулийн сурагч Батнасангийн Одбаяр
Дэд байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн сурагч Энхболдын Өнөмөнх
Гуравдугаар байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн сурагч Ядамсүрэнгийн Түмэн-Эрдэнэ
Тусгай байр: Дорноговь аймгийн “Саруул дэнж” хамтлагийн Мөнххуягийн Алтангэрэл
АХЛАХ НАСНЫ ЭМЭГТЭЙ ГОЦЛОЛ ТӨРӨЛД:
Тэргүүн байр: Дорноговь аймгийн лабораторийн 2 дугаар сургуулийн Цэрэнбаатарын Буянхишиг
Дэд байр: Дорноговь аймгийн Magic dance клубийн сурагч Очбадрахын Батгэрэл
Гуравдугаар байр: Улаанбаатар Чингэлтэй дүүрэг Dance lab сургалтын төвийн сурагч Отгонбаатарын Хүслэн
Тусгай байр: Дорноговь аймгийн 5 дугаар сургуулийн сурагч Амарсанаагийн Анударь
ШИЛДЭГ БАГШ: МУСТА Б.Дашжаргал, Сэлэнгэ аймгийн МУСТА Б.Одонтуяа, Багануур дүүрэг МУ гавьяат багш Б.Балжинням
ГРАНПРИ ШАГНАЛААР: Өвөрхангай аймгийн “Ирмүүн” хамтлаг тус тус тодорлоо.
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Д.Отгонбаяр: 2024 оны гуравдугаар сард “Бүсгүй” дууны клипийг задлан үзүүлсэн уран сайхны романтик киногоо нээнэ DNN.mn

“Хурд” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болон уран бүтээлийн талаар Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин, продюсер Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Тун удахгүй “Хурд” хамтлагийн 30 жилийн түүхэн ойн тоглолт болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн, хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Энэ жил “Хурд” хамтлагийн түүхэн ойн жил учраас ойн баярын тоглолтын бэлтгэлийг эртнээс хийж эхэлсэн. Урьд урьдын концертуудыг бодвол харьцангуй эрт буюу он гараад нэгдүгээр сараас эхлэн бүх төлөвлөлтөө хийсэн. 30 жилийн ойн тоглолт маань “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Зургадугаар сарын 10-ны өдөр болох концерт яалт ч үгүй Монгол туургатны томоохон хөгжмийн наадам болох юм. Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд дэлхийн монгол туургатнуудаас маш олон аялал, жуулчлалын компаниуд маркетингийн албатай холбогдон, тоглолтын тасалбараас эхлүүлээд нарийн зохион байгуулалтуудыг, VIP суудлыг их сонирхож байна.

Зөвхөн хамтлагийн 30 жилийн ой гэж ярихад 30 жил тасралтгүй зүтгэж явсан хамтлаг учраас монголчуудын баяр юм. Монголчууд маань бидэнд их хайртай, хаа ч очсон “Миний Хурд” гэж л хүмүүс хэлдэг болсон. Бид ч өөрсдөө их урам зоригтой, бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийж байгаа.

-Анхны тоглолтоо 1995 онд хийж үзэгч түмэн олондоо хүргэж байсан. Энэ хугацаанд тоглосон 33 тоглолтоо 30 жилийн ойн баярын тоглолт юугаараа илүү онцлог байх вэ. Үзэгч түмэн олондоо ямар гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа юу?

-Дууны хөтөлбөр тоглолтод их чухал. 30 жилийн түүхэнд хитийн хит болсон дуунуудаа тоглох гэж байна. Энэ хитүүдээсээ шигшээд 60 гаруй дуу болчихоод байсан учраас 36, 37 дуун дээр тогтсон байгаа. Энэхүү шигшмэл дуунуудыгаа нийтэд нь нэг болгон дуулж түүх болгон хурааж, 30 жилийн ойдоо тоглох гэж байна. Тэгэхээр анхны “Чамайг зорино”, “Цэргийн бодол” дуунуудаас эхлүүлээд энэ он цагуудыг туулсан дуунуудаас тоглогдох юм. Тоглолтын үеэр шинэ дуунууд ч мөн тоглогдоно. Хамгийн сүүлд гарсан “Норсон зүрх” гэх мэтчилэн рок дуунууд дуулагдана. Монгол хүний амьдрал ахуйтай “Хурд” хамтлагийн нэг түүх, нэг дуу заавал холбогддог. Магадгүй хурим дээрээ найз бүсгүйгээ гуйх гэж “Чи минь байгаа болохоор” дууг тавих зэрэг маш том дурсамжуудын он цагийн хэлхээсүүд байдаг. Тийм учраас тоглолтын онцлог гэвэл яг энэ хэлхээсүүдийг л бид үзэгч түмэн олондоо үзүүлэх юм. Тоглолтоос урам, сэтгэлийн таашаалыг авч баяр баяслыг мэдрэхийн тулд бүгд зорьж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний 30 жилийн ойн тоглолтоос дуу хуураас гадна эв нэгдэл гэдэг зүйлийг харах ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 мянган хүн цуглана. Тэдний дуу, хоолой цуурайнаас ямар сайхан энерги ялгарах бол газар газраас, хөдөө орон нутаг баруун, зүүн аймгуудаас ялангуяа анги хамт олон, найз нөхдөөрөө он цагийн хэлхээсүүд бүгд цуглана гэдгээрээ өвөрмөц юм. Түүнчлэн тоглолтод хөгжмийн дуугаралт, тайзны гэрэл тавилт маш чухал. Бидний хувьд маш том тайз засч, тайзан дээрээ үсэрч, гүйж харайна. 1993 оны гүйж харайдаг байсан залуучууд шиг үсэрч, гүйж харайж байж эрч хүчээ ард түмэндээ бэлэглэж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тийм учраас бид ид бэлтгэл дээрээ спортоо ч хийж хөнгөн шингэн, эрүүл байх хэрэгтэй зэрэг олон хүчин зүйлс байна. Хамгийн гол нь бидний түүхт 30 жил тохиож байна. 30 жил нэг л удаа тохионо. Магадгүй бид 40 жилийн ойгоороо Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч түмэн олонтойгоо дахин уулзалдаж магадгүй байх аа. Бидний 30 жилийн ойг “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар Стратегийн түнш “Рио Тинто” ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.

-20 жилийн ойн баяраараа алтан пянз гаргаж байсан. Энэ жил мөн пянз гаргаж буй гэсэн үү?

-Тийм. Бид 20 жилийн ойгоороо гаргасан алтан пянзныхаа орлогыг бид цуглуулан хүүхдийн нярайн тасгийг тохижуулж явдаг. Болж өгвөл нийгмийн бусад эмзэг, тусламж хэрэгтэй байгаа салбар руу иргэнийхээ үүргийг биелүүлэн “Хурд” хамтлаг, урлагаар дамжиж орж ирсэн түмэн олны буяныг бусадтай хуваалцах нь бидний үүрэг байх ёстой. Яагаад гэвэл бид Монгол эх орондоо төрсөн, эх оронсог хамтлаг. Тийм учраас “Ковид-19” цар тахлын үеэр “Буцааж нэхэхгүй хайр” цахим хандивын тоглолтын үеэр цугласан 340 сая төгрөгийг цуглуулж Улсын онцгой комисст нэг ширхэг маск, нярайн хүүхдийн тариа болчихоосой гэж концертыг санаачлан анхдагч болж хийж байсан. Энэ жилийн пянзны хувьд дөрвөн улирлыг бэлгэдсэн өнгөтэй, дөрвөн төрлийн “Хурд” гэсэн үгний үсгүүдээс бүрдсэн, нийлүүлж авбал “Хурд” болдог пянзыг гаргаж байна. Түүнчлэн амьд хөгжим сонирхдог залууст өдөр тутмын хэрэглээний малгай, пудволк, малгайтай цамц, зүүлт зэргийг гаргана.

-1993 оноос хойш өдийг хүртэл хөгжмөөс холдолгүй 30 жил тасралтгүй урлагтаа зүтгэжээ. Эргээд харахад их хугацаа өнгөрсөн ч “Хурд” анх байгуулагдаж байсан шигээ эрч хүчтэй, дүрэлзэж байна. “Хурд” хамтлагийн амжилтад хүрэх гол түлхүүр, амин сүнс нь юу вэ?

-“Хурд” хамтлагийн амин сүнс нь Монгол шүү дээ. Тэр чигээрээ л монгол рок хамтлаг. Бид гадны өндөр хөгжилтэй рок хөгжмийг Монголынхоо цаг уур, мэдрэмж, пентатоник аялгуутайгаа хольж энэ урсгалыг нутагшуулсан. Тийм ч учраас дахин давтагдашгүй цорын ганц “Хурд” байгаа юм. Гадаадын томоохон хамтлагуудыг яг адилхан дуурайж тогловол бид араас нь хөөгөөд хэзээ ч барахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Монгол үнэртэй, монгол зүрх сэтгэл нь “Хурд” хамтлагийн амин сүнс.

Түүнчлэн миний хувьд “Хурд” хамтлагийн амин сүнсийг ижийгээ гэж боддог. “Хурд” хамтлагийн амин сүнс нь миний ээж юм. Миний ээж бага байхаасаа л Монголын хамгийн алдартай дуучин болно гэж арван хүү, нэг охин алтан хэвлийгээсээ төрүүлсэн. Ээж минь залуудаа “Би Монголын Бөмбөгөр ногоон театрын хамгийн алдартай дуучин болно” гэж ярьдаг байсан. Миний ээж цангинатал сайхан дуулдаг байсан. Энэ бүхнээс эхтэй хүсэл мөрөөдөл нь өөрийнх нь алтан савнаас Монгол орон даяар “Хурд”, “Чоно” хамтлаг болон асгарсан байна л гэж боддог доо. Тэгэхээр “Хурд” гэдэг бол ээж минь юм. Монгол эмэгтэй хүний зүрх сэтгэлээс агуу хүчтэй хүсэл мөрөөдөл нь асгарч, ундарч одоог хүртэл 30 жил тасраагүй баярлуулдаг их хүчтэй байна.

-“Эх орон”, “Цэргийн бодол”, “Хамаг Монгол” гээд үе үеийн хитийн хит уран бүтээлүүд бүтсэн түүхүүдээс хуваалцахгүй юу?

-Энэ бол хүн төрдөг шиг би 1973 онд төрөх л ёстой байсан болоод ээж аавынхаа ариун нандин хайраас ундарч гарч ирсэн гэдэг шиг “Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог” дуунуудын шүлэг нь Төрийн соёрхол хүртсэн. Үүний араас “Эх орон” дуу. “Эх орон” бол “Цэргийн бодол” дуунаас эхтэй. “Цэргийн бодол” дуу хайрын сэдэвтэй юм шиг хэрнээ цаад утгаараа эх орон, гэр бүлээ хайрлах, тэдэн рүүгээ тэмүүлэх сэтгэлийг өдөөж өгсөн дуу учраас 45 жил тасралтгүй дуулагдлаа. Тэгэхээр “Хурд” хамтлагийн он цагийн хэлхээс болсон эх орны дуунууд дээр авч үзэхэд яг л хүн төрдөгтэй адил, цаг үеэ олсон. Цаг үедээ ирээд буцдаг гэдэгтэй адил ирээд л яалт ч үгүй он цагийг эзэлж, одоо хүртэл буухгүй эзэлж байна шүү дээ. Учир нь амин сүнс нь “Хурд”. Одоо л идэр насан дээрээ 30 насны ойгоо тэмдэглэж байна. Монголын ард түмний өв соёл болтлоо зүрхэнд нь оршдог хайртай хамтлаг болтлоо явлаа. Тэгэхээр Монголын ард түмний өмч болчихож байгаа юм. Тийм учраас эх орны дуунууд цаг үеэ олж, түүний араас нэлээд олон он цагийг туулсан, Монголын ард түмнийг соён гэгээрүүлсэн, хайр, урам зоригийг багтаасан сэдвүүдийн дуунууд бий. Эх орны тухай сэдэв бол “Хурд” хамтлагийн хамгийн хүчтэй зэвсэг.

-Таны хувьд телевизийн дэлхийн хэмжээний томоохон шоунд шүүгчээр ажилласан. Дараа дараагийн ажиллах томоохон энтертайнмент төслүүд юу байна вэ?

-Одоогийн байдлаар “Хурд” хамтлагийнхаа 30 жилийн ойд анхаарч ажиллаж байна. Одоо ажлын саналууд ирж байгаа ч миний хувьд маш сайн судалдаг. Би чадахгүй байвал яах юм бэ, чаддаг юмандаа хүн бардам орох ёстой байдаг. Чадахгүй байж зурагтаар гарахын дон туссан юм шиг, би түмний нүдэн дээр ил байж од байх ёстой зэрэг амбицид их дургүй хүн. Чаддаг зүйлдээ л би орж ажиллана. Ирэх жил уран сайхны киногоо нээчихээд “Хурд”-тайгаа хийх нэг том мөрөөдөл байна. Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимтэй Бурхан Халдун уул дээр очиж оркестртой “Хурд” хамтлагийнхаа шилдэг 12 дуу, “Эх орон” дууг тоглох хүсэлтэй. Үүнийг л биелүүлж, Бурхан Халдун уул дээрээс дэлхий даяар цацмаар байна даа. Ер нь бид чинь их энгийн шүү дээ. Бидний хажууд л бүх амьдрал байж байдаг. Аз жаргалыг хаанаас ч хайгаад хэрэггүй, аз жаргал хүний сэтгэл дотор л буцалж байдаг юм. Түүнийг өөрөө маш сайн мэдрэмж гаргаж, төлөвлөж чадвал салбар салбарт байгаа монголчууд их чадалтай. Монголчууд ямар хүчтэй вэ гэдгийг би монгол хүнээс мэдэрдэг. Чехэд гутлын үйлдвэрт ажил хийхэд монгол хүн хамгийн түрүүнд хийж дууссан байх жишээтэй. Энэ мэтчилэн хувирах чадвар сайтай, мэдрэмж өндөртэй, бүтээлч чанартай. Монгол сэтгэл нэгдэж зөв эерэг энерги бадарч бие биенээ сайхан хайр, уучлал талаас нь харж найрсаг, хүндлэлтэйгээр яг ижий аавтайгаа байгаа юм шиг хандаж харьцах хэрэгтэй. Бид нэг усны ундарга булгаас ус ууж, нэг агаараар амьсгал авч буй шиг монгол сэтгэл, нэгдэл буюу өөрт буй зүйлээ бага зэрэг амирлуулахад миний Монгол ямар хурдтай хөгжих вэ. Хамгийн гол нь хүн нь хөгжих хэрэгтэй байгаа юм. Бидэнд байшин барилга, машин хангалттай байна. Дэлгүүрт ороход бараа бүтээгдэхүүнүүд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрал хэцүү байгаа тухай бид ярьдаг ч тэр хүний сэтгэл чухал. Хөдөлмөрч хүн талхгүй хонохгүй, барааны савангүй болохгүй, гэр орноо бохир заваан болгохгүй. Тиймээс сэтгэлийн тэвчээртэй, урам зоригтой өглөө бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Ирж буй он цагуудад надад олон адал явдал, энтертайнмент саналууд орж ирнэ. Хэрвээ надад хэрэгтэй биш миний Монголын соёл урлагийн хөгжилд хэрэгтэй л гэвэл би зүтгэнэ.

-Одоо орчин үеийн шинэ залуу хамтлагууд их гарч ирж буй ч “Хурд” шиг дүрэлзэж, амжилтад хүрч чадахгүй байх шиг харагддаг. Та залуу уран бүтээлчдэд хандан зөвлөгөө өгөхгүй юу?

-Тийм. Энэ нь нэг талаасаа нийгмээс их шалтгаалдаг. Өдөр тутмын мэдээлэл зэрэг ч багтана. Хамтлаг байгуулна гэдэг бол гитар бариад тайзан дээр дуулахын нэр биш. Энэ бол асар том зохион байгуулалт, асар их мэдрэмж, бие биенээ хүндэлж найрсаг, эв нэгдэлтэй байх юм. Хамтлаг л болсон хойно санал зөрөлдөх, хэн нэгэнд гомдох, нэгнээ гомдоох зэрэг муудаж, маргалдах маргалдаан байлгүй л яах вэ. Өдөр тутмын амьдрал л болсон хойно олон зүйл тохиолдож байгаа шүү дээ. Шинэ залуу хүүхдүүд мэдээлэл ихтэй байж тэд өдөр бүр хувьсаж өөрчлөгдөж байна. Хүний сэтгэл, оюун бодол өнөөдөр ямар салхи шуурга шиг болсон байгаа билээ. Үүнтэй л холбоотой юм. Нийгэм ч гэсэн өнөөдөр маш савлагаатай байна. Нийгэмд нэг асуудал гарч ирж шуурахад бүгд л хуйлардаг, яг л дөрвөн улирлынхаа шинж чанарыг агуулсан хэлбэртэй байна. Бид уг суурь их системээ бүх салбарт маш зөв болгох ёстой юм шиг байгаа юм. Систем бага зэрэг гажуудаж савлагаатай болж эхлэх үед нийгэм савлагаатай болно. Нийгэмд юм таалагдахаа больж, хүн бүр байгаа зүйлдээ сэтгэл ханаж чадахгүй, аливаа зүйлд би л болж байвал болоо гэж боддог сэтгэл илүү их давамгайлж байна.

Бид хөгжинө, хөгжинө гэж ярьдаг. Яг үнэндээ Монгол айхавтар хөгжиж буй орон шүү дээ. Намайг 19, 20 настай байх үед дэлгүүр бүр хов хоосон зөвхөн бор давс, 45-ын гутал, бор гутал байсан цаг үеийг эргэж бодоод одоогийн Улаанбаатар хотоо харчих л даа. Бид үнэхээр хөгжихгүй биш хөгжиж байгаа. Өнөөдөр хамгийн гол нь монгол хүний сэтгэл хөгжих хэрэгтэй байна. Байшин барилга, орчин үеийн сүүлийн ухаалаг гар утастай, орчин үеийн болсноороо хөгжөөд байгаа юм биш ээ. Хүн өөрөө хөгжих хэрэгтэй байна. Хүний хөгжил илүү хоцроод байгаа болов уу гэж хардаг. Тэгэхээр орчин үеийн хамтлаг дуучдын тэсвэр тэвчээр, урлагтаа үнэнч, хүний үгийг сонсож дааж сурах, хүнтэй нөхөрлөж сурах, зөв амьдралын хэв маяг, өдөр тутмын төлөвлөлт зэрэг бүх зүйлээс хамаарна. Түүнээс биш хамтлаг байгуулаад хүн харахад тайзан дээр тоглож байгаа нь л хүмүүст гоё харагддаг боловч үүний ард өдөр бүрийн төлөвлөлт, бэлтгэл гээд нэг бодлын хүн залхмаар байдаг. Тийм учраас маш их тэвчээр хэрэгтэй. Ер нь хөгжимчдийн амьдрал уучлал, тэвчээр хоёр дээр л тогтдог гэж би боддог. “The Voice of Mon­golia” шоунд шүүгчээр ажиллаж байхад орчин үеийн авьяастай хүүхдүүд ямар их төрж, мундаг дуулж байна гэж бодно. Гэхдээ яагаад тэд тэсэрч гарч ирч чадахгүй байгаад маш их учир бий. Түүнээс урлаг гэдэг бол телевизээр гарч, тайзан дээр дуу дуулахын нэр ерөөсөө биш юм. Урлаг гэдэг бол өөрийн амин сүнстэй. Түүнийгээ өөрөө боловсорч, дуртай байж, уйгагүй өдөр шөнөгүй зүтгэж бэлдэж төлөвлөлтөө хийж байж үр шимийг нь хүртдэг болохоос биш өнөөдөр зүгээр нэг хамтлаг байгуулчихаад сар болоод тарвал энэ урлаг хийж байгаа асуудал биш юм. Тэвчээр, уучлал, тэгээд өөрийн өмнөх дуртай зүйлээ хийж, энерги таардаг найз нөхөдтэйгөө нийлж хамтлагаа байгуул. Магадгүй 30 жилийн дараа “Хурд” хамтлагаас илүү явахыг л бид хүсч байна. Өнөөдөр “Хурд” хамтлаг магтаал, алга ташилтыг 30 жилийн турш ард түмнээсээ хангалттай авлаа шүү дээ. Одоо бид Төв цэнгэлдэх хүрээлэнд шинэ стандарт, дуугаралт, шинэ найруулгатай, монголын рок хамтлаг, гадаад, дотоодын жуулчдад Монголын нүүр царай юм.

Гэртээ гитар тоглож буй 19 настай хүүхдэд 30 жилийн дараа Отгоо ах шигээ хамтлагаа байгуулна гэх үлгэр жишээ нь болж итгэл, найдвар урам зоригийг өгмөөр байна. Тэгэхийн тулд “Хурд” хамтлаг энэ жил 30 жилийнхээ ойг их онцгой хийж байгаа. Түүнчлэн ирэх есдүгээр сард хамтлагийнхаа дуунуудаар дэлхийн стандартад нийцсэн мюзикл тоглох гэж байна. 2024 оны гуравдугаар сард “Бүсгүй” дууны клипийг задлан үзүүлсэн уран сайхны романтик киногоо нээнэ. Бид “Хурд” контентыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 28-наас Бурхан Халдун уулнаас эхэлж Монголын 30 үзэсгэлэнт газарт очиж аккустик тоглолтыг хийсэн нь цуврал болон цацагдаж эхлэх гэж байна. Энэ мэтчилэн асар том үлгэр жишээ, хөдөлмөрч зан, үлгэр жишээг залуустаа үлгэрлэж байна даа. Бид бусдад заах гээд байгаадаа биш юм. Зүгээр л салбар бүрийнхэн чаддаг зүйлээ хийж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаа үргэлж хүндэлж хайрлаарай. Үүний маш том жишээ нь “Хурд” хамтлаг. Бид хийдэг зүйлсээ хийгээд, хангалттай алга ташилтыг авч, өнөөдөр үнэхээр сайхан байна. “Хурд” хамтлаг Монголын ард түмэндээ чин зүрх, үнэн сэтгэлээсээ маш их баярлаж, талархаж, мөргөж, залбирч явдаг даа.

-Таны бодлоор Монголын урлаг ямар түвшинд байна вэ. Урлагийн хөгжлийг цаашид хэрхэн харж байгаа вэ?

-Урлагийн хөгжил өдөр ирэх тусам дэвшиж, техник хэрэгсэл, лед гэрэл, дэлгэц, тайзнынхан гээд маш сайн сайжирч байна. Урлагийн арын албаныхан маш сайн хөгжиж, маш сайн хөрөнгө оруулалтуудыг хувийн хэвшлүүд хийж, нэг үеэ бодвол Монголд сүүлийн үеийн тайз, гэрэл, хөгжим гээд бүгд орж ирж байна. Нөгөө талаасаа хүн хөгжихгүй байгаа юм. Инженерүүд маань сургуулиа төгсөж ирэх шаардлагатай байна. Хөгжмийн дуугаралт, сонсгол гэдэг бол томьёо, одоо шинжлэх ухаан болчихоод байна. Ийм гадны томоохон сургалтуудад залуус маань хамрагдаж амьд хөгжим, симфони оркестр, студи, телевизийн дуугаралт гээд дэлхийн стандартад нийцсэн мэргэжилтнүүдээ бид бэлтгэмээр байна. Сая цахим хуудаст сурагчдын тэтгэлэг, оюутны зээлийн талаар асуудал хөндөгдөх үеэр би улсын тэтгэлгийн талаар судалж үзэхэд нэг ч хөгжмийн нарийн мэргэжлийн сургалтад тэтгэлэг байдаггүй юм байна. Энэ бол маш эмгэнэлтэй. Монгол Улс спортын салбартаа маш сайн мөнгө зарцуулдаг ч урлагийн салбартаа мөнгө зарцуулж чадахгүй байна. Яах вэ эдийн засаг, цаг үе ийм байна гээд чадах ядахаараа бид мөлхөж байгаа ч Монголын нийгмийн нүүр царайг урлагаар тодорхойлно шүү. Урлагаар дэлхийд маш хурдацтай гарах гарц, урлагийг эдийн засаг болгох аргачлалууд байна. Бидэнд дэлхийд гайхагдах ямар их өв соёл, нөөц байдаг билээ. Дэлхий ертөнцийн булан тохойг нэгжээд ч олдохгүй тийм их өв соёл бидэнд байгаа юм. Үүнийг зах зээлийн эргэлтэд оруулж, илүү авьяастнуудыг дэмжих хэрэгтэй. Солонгост уул уурхайтай газар байхгүй ч бүтээлч чанараараа буюу кино, хөгжим, хоолны соёлоороо жилдээ зөвхөн дуу хөгжмөөрөө 56 тэрбум ам.доллар олж байна. Бидэнд ийм нөөц бололцоо маш их бий. Монголын The Hu хамтлаг очиж фестивальд тоглоход тэд өвөг дээдэс, дэлхийг удирддаг удирдагчид нь ирсэн юм шиг хүлээж авч байна. Энэ бол бидэнд маш том боломж байгааг харуулж байна шүү дээ. Тиймээс нийгэмд соёл, урлагийн салбарыг дэмжих нь зүйтэй. Компаниуд болоод улс нийтээрээ соёл урлагийн салбарыг эдийн засаг болгож, уул уурхай, соёл урлагаараа биет болон биет бус өв соёлоороо дэлхийгээс хэдэн тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой. Оюуны бүтээл монголчууд шиг дотоод сэтгэлийн хүч чадал тэнхээтэй ард түмэнд өндөр байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Баттулга: Бид 60 жилийнхээ түүхэнд нэг шинэ алхам, шинэ зүйл хийхийг зорьсон, түүнийхээ захад хүрсэн байх гэж бодож байна DNN.mn

Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч С.Баттулгатай ярилцлаа.


-Ерөнхий найруулагчаар ажиллаад удаагүй байна. Саяхан Ж.Вердийн “Макбет” дуурийг найруулж үзэгчдэд хүргэсэн шүү дээ. “Макбет” дуурийн талаар та ярихгүй юу?

-Нэгдүгээр сард Дуурь бүжгийн эрдмийн театрт ерөнхий найруулагчаар томилогдсоноосоо хойш Ж.Вердийн “Макбет” дуурь дээр ажиллаж, өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд нээлтээ хийлээ. Дуурийн театр маань энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Энэ хүрээнд томоохон дуурийг үзэгч олондоо хүргэе гэж манай хамт олон зориг гарган Ж.Вердийн “Макбет” дуурийг сонгон ажилласан. Театр гэдэг бол хамтын бүтээл байдаг учраас энэ бол манай хамт олны бүтээл. Ямар ч байсан энэхүү дуурийнхаа ард нь гарлаа. Сайн мууг үзэгч олон, сонгодог урлаг сонирхогчид маань шүүх байх. Бид 60 жилийнхээ түүхэнд нэг шинэ алхам, шинэ зүйл хийхийг зорьсон, түүнийхээ захад хүрсэн байх гэж бодож байна даа.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой өнгөрсөн оны намрын нээлтээр эхэлсэн. Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Тийм ээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойтой, гоцлол дууны ангийн 70 жилийн ой давхцаж таарсан. 60 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Түүнчлэн энэ зургадугаар сарын эхээр “Хурмастын дагина” шинэ балетыг үзэгч түмэн олондоо хүргэнэ. Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван гуайн хөгжим “Хурмастын дагина” балетыг 60 жилийн ойн хүрээнд үзэгч түмний хүртээл болгохоор ажиллаж байна. 60 жилийн ойдоо зориулан зорьж хийсэн хамгийн том ажил бол “Макбет” дуурь маань байлаа. Дуурийн театрын бүх ажилчид оролцсон, сэтгэл зүрхээ шингээн ажилласан бүтээл болсон. 60 жилийн ой тэмдэглэх хүрээнд энэ намар гадна, дотоодын уран бүтээлчидтэй хамтарсан фестиваль, гала концерт хийхээр ажиллаж байна. Хөгжмийн театр гэдэг юугаараа онцлог гэдгийг харуулахаар хичээж ажиллаж байгаа. Дуулах, хөгжимдөх бол хамгийн эхний даалгавар. Тайзан дээр дуулахаас гадна жүжиг тоглож буй учраас дүр бүтээх ёстой.

Макбет дүрийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА шинэ залуу дуучин Л.Бүүвэйбаатар, нэлээн туршлагатай олон жил театрт дуулсан СТА Э.Бумхүү хоёр залуу уран бүтээлчид бүтээлээ. Өөр өөрийн дүрийн онцлогууд их харагдаж байсан. Миний хувьд их бахархууштай байгаа зүйл нь дуучид маань дуулахын сацуу дүр бүтээх гэж маш их хичээлээ. Энэ нь ч хүмүүст хүрч эхнээсээ “Дүрийн гаргалгаа их сайхан байлаа” гэж хэлж байна. Мэдээж В.Шекспирийн “Макбет” зохиол бол маш их алдартай олон хүнд хүрсэн байдаг бол Ж.Вердийн хөгжим туурвиж дуурийн бүтээл болгосон “Макбет” ямар байдаг вэ гэсэн ялгааг бид харуулахыг зорьсон юм. Ж.Вердийн “Макбет”, В.Шекспирийн “Макбет” хоёр өөр юм гэдгийг хөгжим сонирхогчид маань ойлгосон байх. Хөгжим дээр тулгуурлаж хөгжмийн хэлээр дүрийг хэрхэн тодотгож болдог вэ гэдгийг манай Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Б.Энхнаран гайхалтай харууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран гэх гайхалтай сопрано хоолойтой хоёр дуучин маань хатагтай Макбетын дүрийг дүр болгож чадсан гэж би харж байгаа. Дуулах бол нэг хэрэг, хөгжим дээр тулгуурлан, суурилж дүр бүтээнэ гэдэг ямар байдгийг харуулсан. Бид дүр бүтээж байна гээд хөгжмөөсөө салаад явчихаж болохгүй. Тэгэхээр хөгжим ямар утга агуулга илэрхийлж буй, ямар интонаци, тональность дуугарч байгаа, яагаад заавал тэнд харматик өнгөнүүд буй, ямар учраас Ж.Верди ингэж бичсэн гэдгийг заавал гаргаж, түүнд тулгуурлаж байж дүрийг гаргана. В.Шекспирийн драмын жүжгийн зохиолын дүрээр үүнд гаргавал хөгжмийн хэл үгүй болно. Тийм учраас хөгжим дээр суурилсан дүр ямар байдаг гэдгийг манай уран бүтээлчид гаргаж чадлаа. Тэр тусмаа гол дүрд дуулсан дөрвөн дуучин үнэхээр сайн гаргасан гэж бодож байна. Тус дуурь дээр ажилласан найруулагчийн зүгээс харахад Макдуф гэх томоохон дүрийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал гайхалтай гаргалаа гэж харж байгаа. Бидэнд мэдээж алдаа оноо байсан байх, шинэ уран бүтээл учраас байлгүй л яах вэ. Шинэчлэлт хийх гэж хичээж ажиллаж, техник технологийн хувьд өргөн ашиглаж инноваци шингэсэн бүтээл хийх гэж оролдлоо. Энэ маань театрт анхдагч байсан учраас алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Юутай ч бид зорьсон зорилтдоо өндөр хувьтайгаар хүрч чадсан гэж бодож байгаа.

-Та анх урлагийн салбарт хэрхэн орох болсон бэ. Багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?

-Би анх одоогийн Бадмаараг ахлах сургуулийг Соёлын коллеж байх үед дуу хөгжмийн багшийн ангид элсэж орж байсан. Багадаа урлагт маш сонирхолтой, дуу хуурт дуртай хүүхэд байлаа. Соёлын коллежид ороод хөгжмийн боловсролыг анх эзэмшиж байлаа. Үнэхээр сургалт сайтай байсан, одоо ч тийм байх. Тэр үед манай элсэлтэд 80 гаруй хүүхэд орсон ч хагас жилийн дараа 34-үүлхэнээ л үлдсэн. Үүнээс дахин нэг жилийн дараа гэхэд үнэхээр суръя, хийж бүтээе гэсэн 22 хүүхэд үлдсэн. Сургууль маань маш сайн сургалттай байсан, их зүйлийг сурч авсан. СУИС-ийг Монгол Улсын ардын багш, хүндэт профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2008 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Ингээд Дуурь бүжгийн эрдмийн театртаа найрал дуучнаар 10 жил ажиллаж, ОХУ-ын Москвад Театрын урлагийн их сургуульд (ГИТИС) хөгжмийн театрын найруулагчаар суралцаж төгсөж өнгөрсөн жил ирсэн. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 30-нд дипломын ажил болгож Р.Леонковалло “Паяцы” дуурийг найруулан нээж байлаа. Яг жилийн ой дээрээ дахин дуурь нээсэн нь их ховор аз завшаан юм. Тухайн үед “Паяцы” дуурийг сонгодог урлаг сонирхдог хүмүүс ирж үзээд их өндөр үнэлгээ өгч явсан. Түүнээс хойш хичээх ёстой юм байна гэж бодож явна даа.

-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч гуайн шавь шүү дээ. Багшийнхаа тухай ярихгүй юу?

-Тийм. Анх ОХУ-д найруулагчаар суралцах үүд замыг нээж өгсөн хүн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган дуурийн театрыг их олон жил нуруун дээрээ үүрч явсан гайхалтай агуу багш минь юм. Би багшийнхаа хамгийн отгон сүүлийн шавь нь. Багш минь миний цаашаа хаа хүрэх, юу хийх зэргийг зааж өгч сургасан ачтай буянтай хүн. Багш бид хоёр нэг нутгийнх.

-“Хурмастын дагина” балетаас гадна дэлхийн болон Монголын ямар сонгодог дуурь, балетын тоглолтыг үзэгч олондоо хүргэхээр төлөвлөж байгаа вэ?

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр нь 58 дуурь, 58 балетаар урын сангаа баяжуулж ирсэн түүхтэй. “Макбет” дуурь нь 59 дэх дуурь болж 60 жилийн ойн дээр мэндэлсэн. “Хурмастын дагина” балет 59 дэх балет болж зургадугаар сарын эхээр үзэгч түмэн олны хүртээл болно. Ирэх намар мөн нэгэн балетыг үзэгчдийнхээ хүртээл болгохоор бэлдэн ажиллаж байна. Тухайн үед нь балетын нэр нь зарлагдана. Ер нь цааш цаашдаа Дуурь бүжгийн эрдмийн театр маань дэлхийн алдартай сонгодог дуурь, балетуудыг үзэгч түмнийхээ хүртээл болгоно гэж зорихоос гадна үндэсний дуурь, сонгодог бүтээлүүдээ дэлхийн түвшинд хүргэж хилийн чанадад тоглох зорилт тавин ажиллаж байна. Томоохон бүтээлүүдийг шинээр бүтээж, захиалгаар хийх ажлууд яригдаж байгаа. Дэлхийн тайзан дээр дуучид аль хэдийнэ гарч алдар цуугаа мандуулж буйг бүгд л харж байгаа байх. “Макбет” дуурийг тавихад дуулах дуучин манайд байхгүй, манайд ахадсан зүйл гэж их олон хүн ярьж байсан. Өнөөдөр тэр хүмүүс харж байгаа байх. Манайх ямар ч бүтээлд уран бүтээлч талаасаа бэлэн, бэлэн болсон гэдгийг харууллаа гэж хувь хүнийхээ зүгээс бодож байна. Дэлхийн хэмжээний уран бүтээлчид театрт байдаг. Театр гэдгийг зөвхөн байшин барилга гэж битгий хараарай гэж миний хэлэх дуртай үг байдаг. Театр бол уран бүтээлчид дээр суурилдаг уран бүтээлчийн байгууллага. Тийм учраас уран бүтээлч чанартай байж тухайн театрын чанар хамт яригдаж байдаг. Түүнээс уран бүтээлчгүйгээр зүгээр л эртний түүх дурсгалын үнэт өв болсон барилга л болж үлдэнэ. Тиймээс театр гэдэг нэр бол уран бүтээлч хүмүүс дээр суурилдаг гэдгийг үзэгч олон маань ойлгож аваасай гэж хүсдэг.

-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуайгаас гадна өөр ямар алдартай найруулагчидтай хамтран ажиллаж байсан бэ?

-Би Ё.Цэрэндолгор найруулагчийг “Риголетто” дуурийг дахин сэргээж найруулж байх үед нь найрал дуучнаар хамтран ажиллаж байсан. Г.Эрдэнэбаатар найруулагчтай олон жил хамтран ажилласан. ОХУ-д Георгий Исаакян маш алдартай, өнөө цагт дуурийн урлагт од болон гялалзаж буй хүний удирдлага дор таван жил суралцсан. Багш минь өөр нүдээр дуурийн урлагийг харах, өнөө цагт яаж холбох, юу нь зөв юу нь буруу гээд бүх л номын дууг сонсгож, заасан хүн.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол” кино маргааш нээлтээ хийнэ DNN.mn

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Монгол” нэртэй уран сайхны кино маргаашаас кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

Энэ нь түүний ерөнхий найруулагчаар ажилласан хоёр дахь бүтээл бөгөөд түүхэн, драм төрлийнх аж. Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж бүтээлээ. Би киногоо нэг л удаа үздэг биш он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм. Өнөөдөр Монголд итгэл найдвар, урам зориг хамгийн их хэрэгтэй байна” гэсэн юм.

“17” продакшн, ДДЭШ ТВ болон “Гэр комплекс”-ийн хамтын бүтээл энэхүү киноны гол дүрд Б.Амарсайхан, Т.Солонго-Уянга нар тоглож, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, гавьяат жүжигчин З.Жарантав, жүжигчин Л.Энхбаяр, Э.Батнямбуу, Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан нарын уран бүтээлчид оролцон тогложээ.

Ташрамд дурдахад, жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1, 2” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, “Хохирогч” олон ангит кино, “Эргэж ирэхгүй намар” бүтээлээ үзэгчдэд хүргэж байв.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

​“Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам” батлагдлаа DNN.mn

Музейн тухай хуульд тусгагдсан “Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам” 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа.
Манай Улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 11 музей, орон нутгийн өмчийн 24, хувийн өмчийн 2 музей тогтмол үйл ажиллагаа явуулж, төрийн захиргааны байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх үзэсгэлэнгийн 20-иод танхим ажиллаж байна.
Музейн сан хөмрөгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлтийг хийж, бүх түвшинд бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь музейн үйл ажиллагааны чухал хэсэг юм.
Энэхүү журам батлагдсанаар музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгын аюулгүй байдлыг хангах, буцаан байршуулах зэрэг үйл ажиллагаа тодорхой болж эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Ж.Вердийн “Макбет” дуурийг анх удаа ДБЭТ-ын тайзнаа тоглоно DNN.mn

Алдарт зохиолч Уиллиам Шекспирийн “Макбет” зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн “Макбет” эмгэнэлт дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг ДБЭТ-ын Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болгоно.

Хөгжим: Ж.Верди
Цомнол:
Франческо Мария Пиав
Удирдаач: Стефано Торболи
Найруулагч: С.Баттулга
Ерөнхий зураач: О.Баярмагнай

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 8,9-нд тоглоно DNN.mn

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд “Учиртай гурван толгой” дуурийг толилуулахаар болжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан байдаг.

Тус бүтээлийн Юндэнд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Нансалмаад Б.Энхнаран, М.Дариймаа, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Н.Туяа нар гоцолно.

Удирдаач: СТА Ц.Гансүх

Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган

Зураач: Ардын зураач .Гунгаасүх

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар