Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Онгон шар тал

Онгон шар тал зурган илэрцүүд

Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит “Эх орон яруу найраг” наадам “Corporate hotel and Convention center”-д амжилттай болж өндөрлөв.

Тус наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртэж, 10 сая төгрөгөөр шагнуулав. Харин дэд байрыг МЗЭ-ийн гишүүн Х.Алагаа хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулсан бол гуравдугаар байрт А.Лхагва орж, таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрх гардсан юм.

Энэхүү наадамд 200 гаруй найрагч оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд 21 найрагч бүтээлээрээ өрсөлдсөнөөс шилдэг гурван бүтээлийг шалгаруулав. Уншигч танаа “Эх орон яруу найраг” наадмын тэргүүн байрын шүлгийг толилуулъя.

ОНГОН ШАР ТАЛ

Онгон шар тал руу

Ононы салхи үлээхэд

Олон адуу сүүлнээсээ эхэлж

Орчлонгийн зах руу хийснэ

Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл

Баримал шиг гуниглан зогсоод

Эрдэнийн толгой гудайлган

Эртний хүмүүсийг хүлээнэ

Зөөлөн салхитай онгон шар талд

Зөөсөн хөлөө зөв гишгэх

Хар дэлтэй тогорууд харсаар байтал

Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж

Харанхуйтай тэнгэрийг булаацалдан

Халиад ниссэнээ эргэж ирэн

Зүг чигээ алдмаар их талын дунд бууж

Зүрхээрээ өндгөө хучна

Ононы салхи сэвэлзэх

Онгон шар талд

Алсын алсыг ширтэх тэмээд

Асгарч эхлэнэ

Усан будаг урсах шиг

Улаан ноос нь хийсч

Тосон будаг шиг нүднээс нь

Торго шиг нулимс бөмбөрөн

Бөглүү талын тэмээдийг салхи

Бөхнөөс нь эхэлж зорно

Онгон шар талд төрсөн хүн

Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна

Хуур үүрсэн балчир хүү

Худам бичиг шиг харагдан

Алтан Дарь Овооныхоо наагуур

Аргусан хуурч шиг өнгөрнө

Сэвлэг нь хийсэх хүүг

Сэтэртэй Ононы салхи

Сэтгэлээс нь эхэлж сийлнэ

Монголын их шар талд

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Залуу насандаа заавал мэдэх шүлгүүд

Related imageМонголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна.

Д.Нацагдорж: Миний нутаг

Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолын үндэслэгч Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн.

1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд МАХН-ын II, III Их хуралд төлөөлөгчөөр оролцож, намын III Их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон “Монголын пионерүүдийн марш” дууг Монголын хүүхэд багачууд одоог хүртэл дуулсан хэвээр байна.

Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ, шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлж эхэлсэн юм.

Д.Нацагдорж бол уянгын их авьяас билэгт яруу найрагч төдийгүй түүний эхэнх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. “Д.Нацагдоржийн тухай дурсан ярих тутамд түүний зохиосон “Миний нутаг” шүлэг аяндаа сэтгэлд буудаг төдийгүй Монгол улсын дөрвөн зүг найман зовхисоор хөндлөн гулд аялах шиг болдог ” хэмээн гадны нэгэн эрдэмтэн дуу алдсан байдаг.

“Миний нутаг”

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд

Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд

Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд

Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд

Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд

Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд

Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд

Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд

Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд

Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг

Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар

Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд

Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой

Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй

Сайн эрс цугласан байц бэрх газартай

Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй

Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай

Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай

Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар

Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар

Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг

Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд

Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон

Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд

Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон

Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг

Алтан нарны туяанд энхжин тогтсон орон

Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг

Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон

Он онд идээшиж олон жилд дассан нутаг

Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө

Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж

Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

Б.Ринчен: Монгол хэл

Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн байв. Тэрээр 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1945 онд Цогт тайж түүх уран сайхны кино зохиол туурвиж Төрийн шагнал хүртжээ.

1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан тэрээр орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч үндэсний үзэлтэн гэдэг үндэслэлээр амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор амьдарсан билээ.

Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

“Монгол хэл”

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би

Урьдын бэрх цагт Монгол улсын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг мину сэргээсэн
Өөдлөн дэвшихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн бадрахын шинж нь бүрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтэрх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түм түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл юүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу, үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъяаст хөвгүүд дүү нар халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу, би

Цэндийн Дамдинсүрэн: Хоёр настай Ро

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. 1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд Хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хэвлүүлжээ. 1946, 1947, 1951 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

1950 онд “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” сэдвээр дэд эрдэмтэн, 1972 онд 1998 онд Монгол улсын засгийн газраас Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг буй болгож, утга зохиол судлагч, доктор, профессор Л.Хүрэлбаатар, Д.Цэдэв, ОХУ-ын монголч эрдэмтэн, профессор Л.К.Герасимович нарт анхлан олгожээ.

Хоёр настай Ро шүлгийн гол баатрууд хэн бэ?

1933 онд оюутан Ц.Дамдинсүрэн Ленинград хотноо анд Уртнасан, гэргий Сурмаажав, тэдний 2 настай охин Роза буюу Батнасангийн ойн баярт ирэхдээ энэ шүлгийг гардуулжээ. Ц.Дамдинсүрэн гуайн босоо монгол бичгээрээ мутарлан үлдээсэн эх ноорог эзэндээ буюу 2 настай Ро нэрт Батнасан бууралд хадгалаастай бий.

Түүхээс… “Майн нэгнийг тохиолдуулан 1935 оны 4-р сарын 27-нд монгол үсгээр бичиж Ленинградын Дорно Дахины Хүрээлэнгийн “ИВ Штурм” нэртэй ханын сонинд гаргасан шүлгийг Д.Цэдэв гуай 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчээ. Ц.Дамдинсүрэн гуай залуу цагийнхаа хүрэн бор өнгийн гэрэл зургийн ард монгол бичгээр бичсэн “Зургийг минь үзвээс…” эхлэл бүхий шүлгийг, дээрхтэй ижил гэмээр гэрэл зургийн ард “Уртнасан, Сүрмаажав нарт” гэж хандаж мөн монгол бичгээр бичсэн “Биеийн дүрс хэмээгч…” гэж эхэлсэн бадгийг буулгав…

“Хоёр настай Ро”

Дээшилж яваа Монголын

Дэвшиж яваа У-гийн

Дэлгэрч яваа Сү-гийн

Өсөж яваа Ро-гийн

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар

Тунгалаг толийн гэрэлтэй

Шүд нь хурц бөгөөд жижиг

Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан

Зөөлөн мяндасын ширхэгтэй

Зүс нь бор бөгөөд хөрслөг

Сайхан Монголын шинжтэй

Ариун тунгалаг ухаантай

Аз завшаан ихтэй

Алив хүсэл нь бүрдсэн

Амраг хөөрхөн дүү минь

Ангаахайн чинээ амандаа

Алим үмхээд бувалзана

Аягын чинээ гэдсээ

Амтат жимсээр дүүргэнэ

Толинд байгаа дүрстэйгээ

Тоглон инээн наадна

Тохойн чинээ биеэрээ

Бүжиг хийх гээд дэвхцэнэ

Аятай харагдсан бүгдийгээ

Ай е е гэж дуудна

Аав ээжээ харахдаа

Ааваа, маам аа гэж байна.

Балга хүрэхгүй шөлийг

Барж ядан ууна

Үмх хүрэхгүй махыг

Үлтэлж ядан иднэ

Үдээс үдэш болтол

Үүргэлж бүр ядарчихна

Үргэлж юм оролдсоор

Нойр нь бүр хүрчихнэ

Тэнд энд гишгэсээр

Тэнтэр тунтар явна

Тэвдэж яарч явсаар

Тээглэж бүдэрч ойчно

Бөгтөгнөж байгаад мөлхөнө

Бондгонож байгаад босно

Муу муу гээд заана

Хош хош гээд хараана

Боргоцой гараа сарвайгаад

Боов боов гэж бархирна

Өгөхгүй бол уйлж гарна

Уйлаад унжаад ирэхлээр

Нүүр нь улайн үрчийгээд

Нүд нь онийн гурвалжилаад

Нулимс нь ундран дуслаад

Нус нь бөнжигнөн гоожоод

Бий чадлаа шавхаад

Бияа бияа гэж бархираад

Аав ээжээ маажлаад

Аргадаж авахыг горьдоно

Эрээн мярааныг харуулбал

Ингэж уйлахаа больчихно

Ээж нь аваад аргадвал

Мээмээ хөхөөд тайвширна

Тохойн чинээ биетэй

Ханцуйн чинээ дээлтэй

Бээлийн чинээ малгайтай

Балчир нялх дүүгийн минь

Аавдаа алт болсон

Ээждээ сувд болсон

Энхрий булбарай бие нь

Эсэн мэндээр хүмүүжиг

Бага жаахан бие нь

Батжин сайнаар торниг

Бадамлянхуа цэцэг мэт

Бадран сайнаар дэлгэрэг

Ай хөөрхий Ро минь

Эрэгтэй хоёрын дээр

Эмэгтэй гурвын хамт

Тааруухан таван дүүтэй болоорой

Хуучин цагийн сүүлд

Хувьсгалт цагийн эхэнд

Харанхуй үеийн өнгөрөхөд

Гэгээн замын нээгдэхэд

Тохиолдож төрсөн зол байна

Олны үзэх гайхамшиг байна

Эрдмийг сурах завшаан байна

Энхжин жаргах заяа байна.

Арвидах шинийн сар шиг

Дэлгэрэх хаврын цэцэг шиг

Өдөр бүр өсөж байгаа

Цаг бүр чадалжиж яваа

Эрхэм янаг дүүдээ

Захих захиа, хэлэх үг

Заах сургаал, бэлэглэх ерөөл минь

Арав шахам наснаасаа

А, Б гээ холбосоор

Ахих шатаа дамжаарай

Арав тавыг нийлүүлсээр

Дөхөх замаа олоорой

Бэх цаас учруулсаар

Бичгийн эрдмийг сураарай

Эрдэм ажлыг хосолсоор

Эрхэм гавъяаг байгуулаарай

Хоёр хүрээгүй нялхдаа

Туурайт морины давшгүй

Тураг шувууны дэвшгүй

Түмний газар хүрчиж дээ

Гар нь ганзаганд хүрвэл

Гадаад далайг туулах байх

Хөл нь дөрөөнд хүрвэл

Хөрст дэлхийг тойрох байх

Ээ хөөрхөн Ро минь

Аэропланаар энд тэнд нисэж

Галт тэргээр газар бүр зугаацаж

Газар усны гайхамшгийг үзээрэй

Түүнээс Монголдоо буцаж

Төв журмаар явж

Түвшин голомтыг байгуулж

Түгээмэл ихээр жаргаж

Таван ханатай гэр барьж

Тал дүүрэн мал билчээж

Зуун адуу ууландаа хурааж

Мянган хонь гаднаа хотлуулж

Тогоо дүүрэн сүү хөөрүүлж

Торх дүүрэн өрөм хурааж

Суулга бүгддээ тараг бүрж

Сав бүгддээ аарц шүүж

Шинэ ааруул хүүдийгээр гаргаж

Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж

Шимийн архи аягаар бялхуулж

Шингэн зөөхий хувингаар уудалж

Аав ээждээ өргөн дэвшүүлж

Ах дүүдээ өгөн хүндэлж

Халуун зуураа найрлан цэнгэж

Харь олныг зочлон хуримлаж

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс

Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул

Ард олондоо их тус бол

Амар жаргалыг ихээр эдэл

Ч.Чимэд: Би Монгол хүн

Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг кииноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид 1927 онд Амгаланбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага дунд сургуульд сурч улмаар 1950 онд Монгол улсын их сургуулийг суралцаж төгсжээ. МЗЭ-ийн 1977 оны шагналтан.1976 онд М.Горькийн нэрэмжит шагнал хүртсэн. Ази Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг 1980 онд нэхэж олгосон. МУИС-д багш, “Үнэн” сонин, МЗЭХ, МонЦаМэ-ийн орлогч дарга, “Монгол улс” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хийж байсан.

Ч.Чимид нь 1937-1938 оны үеэс уран зохиол оролдож түүний анхны шүлгүүд 1938 оноос нийтлэгдэж эхэлсэн бөгөөд түүний яруу найргийн түүврүүд 1947, 1949, 1959 онуудад хэвлэгдсэн байна.

Гол бүтээлүүд нь: “Би монгол хүн” /1959/, “Эрин цаг” /1964/, “Шүлэг найраглал” /1969/, “Морьтон ардын дуу” /1976/, “Сэтгэлийн дуудлагаар” /1964/, “Маш нууц” /1978, “Хавар намар” /роман/ 1962, “Магеллан хаагуур гарсан бэ” /1975/,”Холбоо тууж” зэрэг болно. Тэрбээр А.С.Пушкины “Евгений Онегин”, “Л.Н.Толстойн “Дайн ба энх” болон Либо, Шекспир нарын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулсан байна.

“Би Монгол хүн”

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Үлээж байгаа салхи нь

Үнсээд ч байгаа юм шиг

Өршөөлт ээжийн минь гар

Илээд ч байгаа юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад

Элэг зүрх минь догдолж

Хосгүй баярын нулимс

Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа

Өвчүүн дээр нь төрөөд

Өнөр уудам талынхаа

Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг

Ариун нандин заншилтай

Өвгөд хөгшид дээдсийн минь

Үрээ гэж найдаад

Үлдээж надад өгсөн

Өнөр Монгол орны

Нар нь намайг гийгүүлж

Нарийн салхи нь үлээж

Найртай сайхан орон минь

Надтай хувь нэг байдаг тул

Унасан энэ нутгаа би

Эхийн сүү шиг санадаг

Энэ нутагтаа би эзэн нь юм

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм

Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох

Их үүргийг хүлээсэн юм

Хэрэв хүн эх орноо

Хамгаас үнэтэй гэдэг бол

Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ

Ард түмнийхээ төлөө

Алхах гишгэх болгондоо

Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан

Атаатны хорт сумыг

Аюуш шиг цээжээрээ таглаж

Амиа өгөхөөс буцахгүй бол

Энэ хүн Монгол хүн

Эх орондоо хайртай хүн

Энэ хайр нь монголчуудад

Эртнээс хэвшсэн хайр билээ

Би Монгол хүн болохоор

Биндэрьяа нутгийнхаа төлөө

Бие амь бүх насаа

Авч байгаа амьсгалаа

Оргилж байгаа зоригоо

Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн

Нарны туяанд хайртай би

Төвшин талдаа цуурайтсан

Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа

Харах тусмаа баясаж байна

Халуун амиа хайрлахгүй

Зүтгэх зориг нэмэгдэж байна

Онгирч хөөрсөн сэтгэлээс биш

Оргилсон баярт сэтгэлээ

Орчлон дэлхийн өмнө

Одоо дахиад давтах юм бол

Би Монгол хүн болохоор

Нарлаг Монгол нутгийнхаа

Найдварт хөгжлийн төлөө

Насаа зориулсан улс аа

Анд нөхөдтэйгээ

Алаг бяруу шиг номхон байна гэж

Алалдах дайсан учирвал

Арслан бар шиг догшин байна гэж

Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй

Зүрх сэтгэлээрээ монголжсон

Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс

Зүглэж хэлэхэд бэлэн байна

Б.Явуухулан: Би хаана төрөө вэ?

Бэгзийн Явуухулан (1929-1982) нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд мэндэлжээ. Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар морджээ. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд “Мөнгөн хазаарын чимээ”, орос хэлээр хэвлэгдсэн “Лирика – (уянгын шүлэг) нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Тэрээр 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

1955 онд Би чамд хайртай шүлгээ 1957 онд Туулын урсгал шөндөө сайхансан 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ бичиж 1961 онд Мөнгөн хазаарын чимээ номоо 1964 онд 1970 онд Тэхийн зогсоол 1972 онд Вансэмбэрүү 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь – хүлэг минь шүлгээ 1978 онд Улаанбаатар шүлгүүдээ бичжээ.

Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

М.Цэдэндорж: Морин хуур

1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт (Бурхан буудай уулын өвөрт) нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж мэндэлжээ. 1951 онд (19нас) Багшийн сургууль төгссөн. 1953 оноос (21нас) уран бутээлийн гараагаа эхлүүлж байжээ. 1964 онд (32 нас) Морин хуур шүлгээ бичсэн. 1970 он орчим Зөвлөлтийн шилдэг яруу найраг орчуулгийн 2 боть ном гаргасан.

“Морин хуур”

Унаган xөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч xатуужиж сууxдаа

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xолбож яаж дуулаxаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа уярана вэ
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа баясана бэ

Буурал xорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Xолбож яаж дуулахаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Xорвоо гэдэг хоёрхон өнгө
Xар цагаан хосолсон
Xотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий хагацал гэж бий

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xоёрхон чавхдасанд багтааж
Xолбохийн учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй

Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол

Орчин үеийн Монголын яруу найраг, найраглалын зохиолын нэрд гарсан төлөөлөгч, МУ-н төрийн шагналт /1981/, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчны гэрт төржээ. Нутагтаа бага дунд сургуулийг төгсөөд 1953 оноос Улаанбаатар хотноо улсын хөгжимт драмын театрт ажиллах болсон нь урлаг уран зохиолын авъяасаа нээхэд сайхан боломж болжээ.

Удалгүй Зөвлөлт холбоот улсын Москва хотноо М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1964 оноос одоог хүртэл МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ.

“Тусгаар тогтнол”

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

П.Бадарч: Есөн эрдэнийн орон

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төржээ. 1960 оноос уран бүтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг цагаан сувд, Хэрлэн зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

1981 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1981 онд Д.Нацагдоржийн шагнал хүртжээ.

“Есөн эрдэнийн орон”

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ

Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ

Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ

Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны “тэнгэр” саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.

Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Ижийтэйгээ байхад би баян байсан

МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Өнжүүл суманд төржээ. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.

1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан. “Бүлээн нурам”, “Араатан” , “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.

“Ижийтэйгээ байхад би баян байсан”

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан

Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных

Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чинийх бишээ амраг минь

О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ

Эгэлгүй тансаг энэ л мөрийг цаг хугацааны торгон мөчлөгийн тэртээ алсад шүлэглэж, зүрх сэтгэлээрээ, оюун бодлоороо, суу билиг, бүхий л хүсэл тэмүүллээрээ хөх Монголын төлөө шатаж, хүмүүний нандин амьдралд “хайрлан дагуулахуйн онгод” бадрааж явсан хөвүүн бол Очирбатын Дашбалбар билээ.

Дорнод Монголын хөдөөх талд мэндэлж наран мандахад уясаж агтын төвөргөөнд торниж, эгэл бор амьдрал ханхалсан дов толгодоос эрийн цээнд хүрч монгол түүхийн нэгэн их овоо болсон эх оронч тэрбээр халуун сэтгэлтэн, цогтой тэмцэгч, шантрашгүй зоригтон, хайрлан дурлагч хийгээд хайрлан дурлуулагч, билэг танхай яруу найрагч, басхүү уран илтгэгч байжээ.

Энэ гэгээн их хүн 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгсч 1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаад 1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р анги дүүргэж 1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцжээ. ЗХУ-д төгсч ирээд 1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор, 1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1990-1991онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч, 1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.

“Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ”

Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрла

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Охин үрээ хайрла” шүлгийн бүтсэн түүх

“Охин үрээ хайрла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ.

“-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш “Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь “Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад “Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндөө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд…”, “…Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана. Тэгээд л гомдол зангираад байхаар “Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ. Бичээд л байсан, бичээд л байсан. Тэгээд нэг дууссан. Гомдол ч тайлагдаж байна. Охиныхоо өрөөнд ортол уйлж байна. Аргадаад, “Миний охин, маргааш өглөө аав нь цай чана гэвэл битгий босоорой, за юу” гэж хэлсэн. Тэгээд л унтлаа. Өглөө манай хүн “Цайгаа чана” гээд нударч байна. Хариуд нь би “Өө, би гоё зүүд зүүдэлж байна. Зүүдээ дуусгана. Та өөрөө чанахгүй юу. Крант онгойлгохоор ус байж байгаа. Плитк залгахаар гал байж байгаа. Эмэгтэй хүн очдогтой адил эрэгтэй хүн очсон ч асна” гээд буруу хараад хэвтчихсэн. Мань хүн “Болихгүй юу, чи. Би цайгаа чануулах охинтой, мэдэв үү” гээд охиныхоо өрөө рүү орлоо. Бас л “Чадахгүй ээ, мэдэв үү” хариу сонслоо. Бүр уурлаад “Энхтуяа чи хар. Хүүхэд нэг удаа оройн кино үзэхэд ингэж эвдэрч байна шүү дээ” гээд л амандаа үглээд гал тогоо явлаа. Тэр хооронд нь би дугхийчхэж. Сэрсэн чинь Хүрлээ нэг гартаа халуун савтай сайхан цай барьчихсан, нөгөө гартаа миний гал тогооны ширээн дээр бичээд орхисон шүлгийг барьчихсан инээгээд зогсож байна. Тэгснээ “Чамайг уурлуулбал овоо юм гарах юм байна. Дажгүй шүү” гэж байна. Тэгж л “Охин үрээ хайрла” шүлэг маань төрсөн дөө.”

Охин үрээ хайрла!

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла

Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Арлааны Эрдэнэ-Очир: Голын тохой дээр

90-ээд онд Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан Ичинхорлоо, Бавуудорж, Мөнхцэцэг нарын шижигнэсэн залуус орж ирсний нэг нь говь нутгийн хүү Арлааны Эрдэнэ-Очир. “Давхар уяаны морьд” зэрэг хэд хэдэн номоо хэвлүүлэн өдгөө нас болоод уран бүтээлчийнхээ хувьд догь суусан түүнийг хайрын шүлгийн мастер гэх нь ч бий. Ийнхүү түүний бичсэн “Голын тохой дээр” хэмээх шүлгийг хүргэж байна.

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Дуу: Намрын өнгө

Image result for намрынНамрын сар хэдийн гарчээ. Налгар сайхан намрын тухай бодол хүн бүхний сэтгэлд өөр өөрийн гэсэн хөг аялгуутай. Ард олны сэтгэлд хоногшсон намрын тухай дуугаар уншиг түмнийхээ сэтгэлийг баясган хүргэж байна.

“Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө”, “Тэмээн сүргийн говь”, “Эмчээ дуулъя” зэрэг сайхан дуунуудын шүлгийг нь бичсэн О.Цэрэндэндэв үг, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцсэн, ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн аялгуу, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийн дуулсан “Намрын өнгө” хэмээх уран бүтээлийг хүргэж байна.

Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа

Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргийн амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа

Ургах наран төөнөсөн
Усны шувууд ганганасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн намар юм аа


Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн Явуухулан: Хар ус нуурын шагшуурга

Холбоотой Зураг

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагvй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ

Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Данзангийн НЯМСҮРЭН: Дөрвөн цаг

Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан.

Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан.

Шөнө дөлөөр хүлэг морь янцгаах нь сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.

2.
Өглөө болоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсөг тэрэг гарч ирэх сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн доороос шувуу нисэх сайхан.

Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан

Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-.. Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан

Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан
Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан
Цаг гэрт цохилсоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан.

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэрээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээн цавд цас орох сайхан

3.
Цас хайлж, ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг руу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэргэлтэх нь сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу? гэх сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын эрэгт, хоёулаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэх нүдний нулимс гарах нь сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исэгрэн давхих сайхан
Дөрвөн туухай хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуур цог дээр дусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгэээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран дуулмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
Навч ганц нэг унах сайхан
Наран толгодын цаанаас харах сайхан
Сэв сэв салхи үлээх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Гол мяралзан урсах сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Хол ойрыг санагалзах сайхан
Хот айлаас хэн нэгэн нь явахад үг захимаар сайхан

Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Аяа хөөрхий гэж.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Бавуудорж: Сэтгэлийн аяз

Холбоотой Зураг

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг”

Related imageИлд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би

Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо

Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна

Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа

Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би

Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн ЯВУУХУЛАН: Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал зурган илэрцүүд

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа л хөвдөг сөн

Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон

Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртай сан.

Шившин шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдагсан

Сөөг моддын нь нэгийг түшин

Шөнөжин сууж би сонсдог сон.

1957 он.