Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт зохиолч Галсангийн Болормаа: Уран зохиолын ертөнцөд намайг Санжийн Пүрэв багш минь тосч авсан DNN.mn

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаатай ярилцлаа.


-Саяхан таны шинэ уран бүтээл хэвлэгдсэн байна. Зохиолчдын тухай, гол нь бүтээлийнх нь судалгааны талаар та бичжээ. Сайхан санагдлаа. Эхлээд танаас Санжийн Пүрэв гэж тэр сайхан хүмүүний тухай асууя. Таны уран бүтээлийн багш хүн. Багшийнхаа тухай дурсахгүй юу?

-“Бийр бэхсийн тэмдэглэл” нэртэй баримтат уран сайхны нийтлэлийн номоо саяхан бүтээлээ. Би Санжийн Пүрэв багштайгаа төрсөн бууцанд нь гурван удаа хамт очиж байлаа. Алтай сайхан нутгаараа хамтдаа аялж явсан, азтай хүн. Миний багшийн олон олон бүтээл Алтай нутгийн түүхийг өгүүлдэг. “Хараат хайрхан” гэж төрсөн бууцыг нь хадгалсан сүрлэг сайхан хайрхан байдаг. Энэ мэт Алтай, Дарвийн нурууны үзэмж төгс байгалийн тухай, ухаант ард олны түүхийн тухай бичсэн зохиолынх нь уран сайхны дүр дүрслэлийн тухай энэхүү бүтээлдээ би бичсэн. Багшийн яруу тунгалаг, уран дүрслэлтэй, утга төгөлдөр бүтээлийг ялангуяа залуусыг шимтэн уншаасай гэж боддог.

“…Хэдэн жил голио царцаанд ноолуулан өнгө алдсан Хөх бүрд энэ намар өрөмтөн шаргалтаж, сул өвс нь алдуул сэвшээнд сугарч байлаа. Ийм цагийг үзэхгүй юм шиг бохирч суусан хөгшид бүү хэл, морины нуруу чилээж айлын ноход шуугиулж явдаг бид мэт ч намрын энэ өгөөмөрт хөөрч байв. Манайх Хүнчулуутын задгай намаржаанд буугаад хэд хонож байлаа… Нар хэвийж байхад манайхтай хаяа нийлэхээр ирсэн айл “хоёр тэмээт” Бөгөөнийх байлаа. Бөгөөн гэж номхон нүдэндээ гуниг хотлуулсан, цаг үргэлж ганцаардмал амьдралаа шүтэж явдаг нэгэн…” гэж гол баатрынхаа дотоод сэтгэлийг намрын өнгөтэй жишин харьцуулж бичсэн байдаг. Өгүүллэгийн дүр бүрийн дотоод болон гадаад шинжийг товойлгон гаргадаг онцлогтой Санжийн Пүрэв зохиолчийн “Өндөр Алтай”-нхаа тухай бичсэн хэсгээр нь дүр бүтээж энэ номдоо бичсэн дээ.

Чойсүрэнгийн Дагвадорж гуай бол олон сайхан дуутай, шүлэг найрагтай. Дээрээс нь Ш.Гаадамба гуайгаас аваад их утга зохиолын нэрт эрдэмтдийн гарын шавь, энэ цагийн нэрт эрдэмтэн хүн. Ч.Дагвадорж докторын ямар бүтээлийг нь судалсан бол?

-Би бас л азтай хүн гэж өөрийгөө хэлнэ. Яагаад гэвэл би их олон багштай хүн л дээ. Миний докторын судалгааны удирдагч багш маань доктор, профессор Ч. Дагвадорж. Энэ хүн Хотгойд хүн. Хотгойдын ард түмний дуу хуур, шүлэг найргийн онцлог их. Энэ номдоо багшийнхаа нэгэн дууны тухай бичсэн. “Цай тань боллоо, ээжээ” дууны шүлгийн тухай:

Зунд нь түүгээгүй шүүдрийг

Зудтайд цуглууллаа, ээж ээ.

Зуурханд ч ачлаагүйн гэмшлээ

Дуундаа шингээлээ, ээжээ… хэмээсэн нь ээж хүний ачлалыг зуны дэлгэр сайхан, санаа төвшин цагаар биш зудтай, цөхрөлтэй, сэтгэл гэгэлгэн цагт нь шүлгээр урласан цайгаа барин, бээрэгшлийг нь тайлан байх шиг. Энэ мөр шүлгээс мойногшсон гараараа дээлийнхээ хормойг хумин бариад аргал дүүргэн гэр өөдөө зугуу зугуухнаар алхаж явахдаа бөгтөр эмгэн алсаас ирэх хүүгээ саравчлан байгаа дүр аяндаа харагддаг өвөрмөц дүрслэлийн тухай энэхүү “Бийр бэхсийн тэмдэглэл”-дээ бичсэн юм.

-Навааннамжил гуайн тухай бас судалгаа хийсэн байна. Навааннамжил гэж энэ түүхэн хүнийг сүүлийн үед ярьдаг хүн цөөхөн болсон?

-Г.Навааннамжил 1882 онд Түшээт хан аймгийн ван Осорбазарын хошууны нутаг (одоогийн Төв аймгийн Өндөрширээт сум) “Үүдэн цөл” хэмээх хөндийн “Хэрлэн дэнж” нэртэй эртний хотын туурин дээр төржээ. Тэрээр эцгийн төрлийнхөө Галсанд үрчлэгдэн, хувь тохиолоо олсон нэгэн. Г.Навааннамжил бага наснаасаа хурга, тугал хариулж, хурдан морь унахаас эхлээд гэр зуурын ажилд оролцохын сацуу Ринчин хэмээгчээр монгол бичиг заалгаж, гойд сурч, 11 наснаас эхэлж, хошуу тамгын газарт дагалдах бичээчтэй эн зэрэгцэж, манж, төвд бичиг сурсан байна. Хошууны тамгын газарт сургууль хийж, бичиг үсэгт тайлагджээ. Улмаар орон нутгийн Тамгын газар, Их Хүрээнд Дотоод яамнаа ажиллаж байгаад 1921 оны хувьсгал ялахад Ардын засгийн анхны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Ийм бичгийн өндөр авьяастай, улс төрийн өргөн мэдлэгтэй хүний бичсэн “Өвгөн бичээчийн өгүүлэл” машид сонирхолтой ном. “Өвгөн бичээчийн өгүүлэл” ном тухайн зохиолчийн намтар туурвил боловч, угтаа хүмүүний ухаан сууж эхэлсэн цагаас Монголын нийгмийн түүхийн тухай эргэцүүлэн тунгааж бичсэн, баримтат, судалгааны бүтээл юм.

Г.Навааннамжил Монголын шинэ утга зохиолын 1929 оны 1-р сарын 9-ний гол үйл явдал, тэр үеийн нэрлэж байснаар Хувьсгалын уран зохиолчдын бүлгэмийг үүсгэн байгуулагч, анхны 17 хүний нэг нь. Г. Навааннамжил XX зууны эхэн үеийн Монголын төр шинжлэх ухаан, соёл, соён гэгээрлийн ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцсон бичгийн гол хүн байсан. Улмаар намтар бүтээлээрээ тухайн үеийн нийгмийн монголчуудын аж төрөхүйн соёлыг хошин аясаар, уран сайхны өндөр түвшинд бичиж үлдээсэн нь өнөөдөр хуучирсангүй, улам ч үнэ цэнэтэй, үр өгөөж ихтэй болохоо харуулдаг. Мөн хошин хэлбэртэй ийм нэгэн бүтээлийн зохиогчийг бид мартахгүй ёсгүй юм.

-Манай “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэнгийн бүтээлүүд дээр та бас судалгаа хийжээ. Амьтдын тухай цувралуудад нь судалгаа хийв үү. “Жижиг гэрийн эмээ бид хоёр”-оос эхлээд олон гоё өгүүллэгүүд бас бий дээ?

-Тийм ээ, сонирхолтой олон өгүүллэг байдаг. Би сэтгүүлч болоод хамгийн түрүүнд Ж.Мягмарсүрэнгийн бүтээлийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, судалгаа бичсэн. Энэ хүний бүтээл эрхгүй сонирхол татдаг. Одоо ховор болсон хоёр ном нь миний ширээний ном. Хүүхдүүдтэй энэ тухай ярилцахаар бидний дунд хөгжилтэй агшин бүрддэг. Ж.Мягмарсүрэн зохиолчтой би нүүр тулж уулзаж байгаагүй. Бүтээл нь л ая зөндөө сонирхол татсан. “Эмээтэйгээ үзсэн ёлко” илүү хөгжилтэй. Дүүгийнхээ тухай дэгсдүүхэн байтлаа, маш сонирхолтой бичсэн байдаг. Уншихад инээд хүрээд байдаг юм. Сумын улаан буланд өрнөж буй үйл явдал инээдтэй. Биднийг хүүхэд байхад яг тийм шинэ жилийн баяр болдог байсан. Ер нь Ж.Мягмарсүрэн зохиолчийн ном дүрслэл сайтай, аль ч амьтны тухай бичихдээ маш их сонирхолтой хэлбэрээр бичдэг зохиолч юм. Одоо түүний өөр ном гараасай гэж их хүлээдэг.

-Шаравын Сүрэнжав гэж тэр агуу найрагчийн бүтээлийн тухай юу хэлэхсэн бол. Үнэхээр нэг онгодтой, яалт ч үгүй “Тэнгэрээс заяасан найрагч” байсан нь мэдрэгддэг?

-“Би тэнгэрийн хүү” маш гоё, тийм ээ. Уран зохиолын бүхий л төрлөөр олон, арван зохиол бичсэн Шаравын Сүрэнжавын баримтат уран сайхны зохиолын тухайд авч үзэхэд “Долгионт жилүүдийн туужис”, “Жараад оны яруу туульс” зэрэг бүтээлүүд голлох байр суурьтай байдаг. Баримтат уран сайхны зохиолын онцлогийн үүднээс авч үзвэл зохиолч ардынхаа дунд бодитой оршиж буй баримт, хүмүүсийн үйл амьдралын тухай бичихдээ уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, нэгтгэн дүгнэх замаар нийтлэг шинжийг илэрхийлсэн байдаг. Ер нь Монголын уран зохиолын судалгааны бүтээлд баримтат чиглэлийн зохиолын түүхэн хөгжлийн асуудалд зохиолч Ц.Дамбадоржийн “Толбо нуур”, Д.Сэнгээгийн “Аюуш”, Ц.Уламбаярын “Энх тайвны манаа”, Л.Түдэвийн “Бүгд найрамдах улсын анхдугаар он” /2002/, Т.Очирхүүгийн “Тоомой панз миний аав” зэрэг баримтат тууж олон байдаг. Эдгээр бүтээлтэй харьцуулахад Ш.Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” бүтээл бүлэг бүхэндээ утга агуулгатай, олон янзын дүрийг бий болгож чадсан өвөрмөц бичлэгтэй. Ш.Сүрэнжавын зохиолын баримтат дүрийн хувьд авч үзэхэд амьдралд байгаа, байсан бодит түүхэн тодорхой бие хүний уран сайханжсан дүрүүд голлодог. Ийм нэгэн туужийнх нь тухай энэхүү бүтээлдээ шүүмж бичлээ.

-Гүр.Нямдорж гэж бас л сонин хувь тавилантай, онцгой ертөнц байсан. “Өнчин хоолой” өгүүллэг нь “Монголын сонгомол өгүүллэг” антологид багтсан бол “Олоон жил дэрлэсэн энэ дээлийг угааюу гэтэл саалийн үнэр нь хайран” хэмээх богино гурван мөртүүд нь сонгодог яруу найргийн номд багтаж байсан. Аргагүй л сонгодог зохиолч байж дээ, тэ?

-Тийм шүү, Гүр. Нямдорж онгодог зохиолч. Маш их авьяастай хүн байжээ. “Бэнсэн үлгэрч” ном нь бидэнд үлдэж. Гүр. Нямдоржийн зохиолын баатрууд амьд. Тэгээд эгэл энэ амьдрал дунд тэмцэл тулалдаанаа үргэлжлүүлж байгаа эртний баатрын хөрөг амилах шиг, басхүү шидэт шившлэгийнхээ шидийг үзүүлэхээр зориг шулуудсан гэгээнтэн шаргал дээлийн хормой дэрвэлзүүлэн, сэвэлзтэл алхан наашлах шиг болно. “Манай эриний хүн” өгүүллэг үүний нэг нь. Ийм сэтгэлгээний далдын нэгэн нууцлал шингэсэн өгүүллэг олон байгаа юм. Ер нь амьдралын үйл явдлыг маш их гярхай, хачирхалтай байдлаар дүрсэлж бичдэг зохиолч. Унших тусам их юм бодогдоно.

-Таны хувьд өгүүллэгийн номтой хүн. Дээрээс нь сэтгүүл зүйн бүтээлүүдтэй. Тэр бүгдийгээ бас ярихгүй юу. Одоо харин судалгааны бүтээл рүү орж байна уу гэж ойлголоо. Энэ тухай жаахан дэлгэрүүлбэл….?

-Би их сонин хүн шүү дээ. Азтай. Энд амьдралын түүхээсээ жаахан ярьчих уу.

-Тэг л дээ?

-Би малчин хүн байсан юм шүү дээ. “Өгөөмөрийн гол”-оор нутагтай, хонь хариулдаг хүн байлаа шүү дээ(инээнэ). Хувь заяа намайг эрдэм номын сургууль тийш хөтөлсөн гэж боддог. Ялангуяа ээж минь намайг заавал эрдэм боловсролтой болгоно гэдэг байлаа. Нэг шүлэг бичихэд хүртэл үнээ саахаас чөлөөлж, “Миний охин шүлгээ дуустал биччихээд гараад ирээрэй. Ээж нь үнээгээ сааж байя” гээд нэгэн намрын сэрүүн өдөр хэлэхэд би их санаа зовж, “өөдтэй шүлэг бичихгүй бол ээж гомдох нь байна” гэж бодож билээ. Аав минь ном их авч өгнө. Хөгшин ээж минь бидний багад үлгэр их ярьж өгдөг байлаа. Энэ бүгд намайг уран зохиолд дуртай болгосон. Жирийн нэг малчны охин, сүүлд жирийн нэг малчин хүн л МУИС-ийн сэтгүүл зүйд ангид 1998 онд хорин найман настайдаа, нөхөр, хүү, охиноо дагуулаад ирж байсан даа. Торгон дээлтэй малчин төрхтэй эмэгтэй л ирж байсан юм даа. Хамгийн түрүүнд доктор М.Зулькафил, Ч.Чойсамба хоёр багштайгаа уулзаж билээ. Зулькафил багш минь их дэмжсэн. Мөн сайн хүн шүү. Сүүлд доктор хамгаалахад Б.Болд-Эрдэнэ багш их дэмжиж билээ. Би багш нартаа маш их баярлаж явдаг юм. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 2002 онд төгсөөд МҮОНР-ийн “Уран зохиол”-ын албанд ажилласан. Санжийн Пүрэв багш минь тосч авсан. Өдгөө хорь гаруй жил болж байна. Энэ сайхан өгөөжтэй газарт ирээд олон уран бүтээлийн эзэн боллоо. “Монгол түгээмэл ёс заншлын тунгаамал өв” судалгаа шинжилгээ, сэтгүүлзүйн бүтээлээс гадна уран зохиолын “Арсайн цэнхэр зэрэглээ”,“Богцонд ирсэн шагай”, “Нойр хулжсан шөнө”, “Сэрүүн зүүдний амраг”, “Ув улаахан хацарт”, “Цэцэг сүлжсэн инээд” зэрэг өгүүллэгийн түүвэр, мөн Үлгэрийн долоон цуврал, “Туурайн тамгатай тал”, “Уулс ажрах аав”, “Хаяарах үүрийн туяа” хуурцаг, “Улаан Дамаагийн наадам”, “Бөгтөр хөх моддын дууль”, “Хөх тариан түрүү”, “Хөх уулсын бүсгүй” зэрэг радио жүжиг бичиж олны хүртээл болгосон. 2017 онд “Хотгойд яруу найраг, туурвилын зарим асуудал” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. “Бийр бэхсийн тэмдэглэл” ном миний судалгааны анхны ном боллоо. Чансаатай уран бүтээл туурвиж аав, ээж, багш нарынхаа ачийг хариулах юм шүү гэж ямагт бодож явдаг даа. Холын зорилго өмнөө тавиад сэтгэл дүүрэн явбал амьдралд олз, хишиг дүүрэн байдаг юм байна аа.


Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Аяланхан дуулмаар Алиа саарал DNN.mn

Алиа сааралыг уная гэсэн юм хө

Айлын адуунд хулжаагаад алдав аа х

Амраг хүүдээ очъё гэсэн юм хө

Айлын шоолоод горьгүйдээ хэмээн шуранхайлах “Алиа саарал” уртын дуу ард түмний дунд тасралтгүй хөг тасралтгүй явж ирсэн сайхан дуунуудын маань нэг билээ. Адуун сүрэгт сондгойрон зүслэх саарал морь бол эздийнхээ гангарааны хүлэг юм. Дуулагч сэтгэл алдарсан бүсгүйдээ очихоор алиа саарлыг сойвч,айлын адуунд алдасанаар дууны үг эхэлнэ. Ерөнхийдөө ийм морь зэхэх нь тэр чинээгээр хүчтэй хайр сэтгэлийг илчилнэ. Энэхүү аялгуут дууг алдарт дуучин Солийн Цоодол гуай анх дуулжээ. Алдарт дуучны дуулсанаар сонсоход нээрээ л алиа саарал морийг хулжаагаад алдаж байгаа юм шиг, түүндээ баярлаж байгаа юм шиг гомдож байгаа юм шиг сонсогдох аж. Үүнээс гадна энэ дууг нутаг нутагт дуулдаг бөгөөд энэ дууны талаар адуу судлаач,ахмад сэтгүүлч, түүхийн ухааны доктор А. Баярмагнай нэгэн дурсамжыг надад хүүрнэсэн юм. А.Баярмагнай ярихдаа “Би 1992 оны үед Монголын үндэсний телевизийн цагаан сарын нэвтрүүлгийг хөтөлсөн юм. Тус нэвтрүүлэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар. Ардын жүжигчин,төрийн соёрхолт Н.Норовбанзад гуай оролцсон юм.Уг нэвтрүүлэгт Н. Норовбанзад гуай“ Алиа саарал” уртын дууг дуулж билээ. Дуулахыг нь сонсож суухад дээшээ олгойдож тайз цоолчих нь уу гэлтэй цангинаж билээ.” uэж дурсч байв. Энэхүү дууг олон сайхан дуучин дуулсан байх ба орчин цагт Монгол улсын гавъяат жүжигчин Г.Энхбаатар хамгийн сайхан дуулжээ. Дуучин маань энэ дууны талаар “ Би багадаа энэ дууг сурч байлаа . Учир нь энэ дууны үгэнд нь их дурлаж дуулж сурсан хэрэг л дээ. Манай аав уртын дууны үг их мэднэ. Сайхан дуулна. Тийм учираас энэ дууг сурсан хэрэг л дээ. Тэр тусмаа “ амраг түүндээ очъё гэхээр , айлын хүүхдүүд шоолоод горьгүй нь” гэдэг мөр их сонирхол татсан л даа. Яагаад амраг хайртай хүндээ очих гэхээр “ айлын хүүхдүүд” шоолдог юм бол гэж бодогдсон л доо. Хөдөөний хүүхэд учир багаасаа л хурдан морины нуруун дээр адууны захад ээжийнхээ хийж өгсөн шинэ дээлийг ханзартал үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж өслөө шүү дээ.Хурдан моринд хүнддэж унахаа больсоноосоо хойш 15 жил хурдан морь уясан. Тийм болохоор уртын дуу сурахад надад их ойр байсан л даа.Би үндэсний бөхийн аварга хүний удам боловч удмыг нь үргэлжилүүлж барилдаагүй ч “уртын дуугаар барилдаж” явна даа.Харин 2004 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан болоод уртын дуучины арга барилаар “ Алиа саарал” уртын дууг уртын дуучин Л.Нямлхагвын арга барилаар сурсан. Энэ дууг дуулахад “Хөдөө өсөж төрсөн хүүхэд нас минь их санагддаг. Энэ дууг аялаад л адуундаа мордоно, үеийнхээ охидыг шохоорхдог байсан үе минь бодогдоно. “Алиа саарал” уртын дуу бол төв халх уртын дуу. Сүүлийн үед хүмүүс “Алиа саарал”-ыг шуранхай хийж дуулаад байх шиг байна лээ. Энэ бол уг дууны “ай”-голоогүй байна гэсэн үг. Шуранхай хийдэг дуу бол өөрийн үндсэн цараа дууссаныг илтгэсэний дараа хийгддэг аялгуу юм.Харин “ ай” гэдгийг маш энгийнээр тайлбарлавал “хурдан адуунд сайхан хэлбэр хийцтэй зэрэг шинжүүд байдаг. Тэгэхдээ хурдан шинжид жороо явдалтай адуу байлаа гэхэд тухайн морийг хурдан морийг жороолуулж болохгүй. Жороо морийг хурдан морь шиг битгий давхиул гэсэн үг. Тийм учираас багш маань надад “ миний хүү дуулж болноо ”харин дууныхаа “ ай”-г нь олж, аагийг нь олж байгаарай гэж захьдаг байлаа “ гэж байв..

Үүлэн борыг уная гэсэн юм

Үүрийн шөнөө хулжаагаад алдав аа хө

Үнэнч хүүдээ очъё гэсэн юм

Үеийн залуус шоолоод горьгүй дээ хө хэмээх нь үнэхээр л нэгэн сайхан идэр залуу дурлалт бүсгүйдээ сэтгэлийн жолоо алдан тэмүүлж. Хайртай бүсгүйдээ газрын хол усны уртыг үл анзааран тухайн залуу очих гэж тэмүүлэхдээ адуунаасаа хамгийн сайхан хийцтэй зүс сайхантай морийг сонгон унах гэж тэмүүлж буй нь илт. Дурлал гэдэг хэзээд хүрэн зүрхийг догдлуулан булгилуулж байдаг билээ. Яг л Д. Нацагдоржийн “ Шувуун саарал” өгүүллэгт “, Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг” хэмээн гардаг шиг санагдах аж. Чухамхүү “ Шувуун саарал” өгүүллэгт дурьдсанаар “ Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй,дэргэдүүр намрын хяруу гялтагнаж, эрвийн сэрвийн үзэгдэнэ” хэмээхтээ энэ мөр утга дүйж байна. Угтаа их зохиолч маань “ Алиа саарал” хэмээх дуунд дуртай байж энэхүү өгүүллэгээ бичсэн юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно. Их зохиолч энэхүү өгүүллэгтээ “Шувуун саарал морины шинжийг бичихдээ ташаа нь тэвхийж,хавирганы яс ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан гоо сайхан толгойгоо ийш тийш нь агаарт дэгдэж. Үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан хааяа нэг эзнийхээ сэтгэлийг баясгана гэжээ “ . Үүнээс үзвэл их зохиолчын өгүүллэгт гардаг шувуун саарал морь жигүүртэн язгуурт хүлэг бололтой. Жигүүртэн язгуурт хүлгийн талаар Монгол улсын манлай уяач Г. Батчулуунаас сонирхон тодруулвал тэрээр “жигүүртэн язгууртай адуу гэдэг бол бүх юм нь урагшаа хийцтэй, дээд яс хөнгөн, чихний үзүүр шовх босоо,сэрэвгэр,яс хөнгөнтэй, мах багатай бийрэн сүүлтэй байдаг. Эртнээс монголчууд гоёмсог хийцтэй мориор наадам болон хүндэтгэлийн арга хэмжээнд гангардаг байсан шүү дээ” гэж байлаа.

Харин хамгийн сүүлийн мөр нь

Мэнэрэнхэн харагдах нь

Мэдэхгүйхөндий байна

Мэдэл муутай төрсөнөөс хойш

Ингэлгүй ч яах вэ

Унасанхан морь минь

Ундаар муудаад байна

Учирсан хонгор минь

Санагдаад горьгүй дээ хэмээх аж. Аль эртнээс ардын дуундаа амраг хайрын сэтгэлээ шингээн дуулдаг түмэн минь . Алс нутгаас амрагаа мөрөөдсөн аль сайхан морио унан галгиулж яваа дурлалт залуу энэхүү “ Алиа саарал” хэмээх аялгуут дууг зохион дуулжээ хэмээн бодогдоно.

Аръяа.Доржханд

Categories
мэдээ тоглолтын-хуваарь утга-зоxиол энтертаймент-ертөнц

“Poetry Night” төслийн ерөнхий продюсер Ч.Ууганбаяр: Гэгээн хайрын баяраар үе үеийн шилдэг 14 найрагч хайрын шүлгээ уншина DNN.mn

Poetry Night яруу найргийн төслийг санаачлагч,ерөнхий продюсер, Болор цом-ын болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


– Зохиолын дуу, хошин шогоор биш яруу найргаар дамжуулан хүмүүст сэтгэлийн цэнгэл бэлэглэсэн, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг болсон энэхүү үдшийг зохион байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлээд асууя?


-Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болж, Ш.Гүрбазар найрагч “Тэхийн зогсоол” шүлгийг уншиж буй ховор бичлэг байдаг даа. Түүнийг үзээд яруу найргийн ийм гоё үдэшлэг хийх юмсан гэж санаа анх төрсөн. Германд таван жил сурч байхдаа “Po­etry Slam” гэж манайхаар бол яруу найргийн наадамд оролцсон. Дэлхийн олон улсад яруу найргийн ийм үдэш, уншлага болдогийг мэдсэн. Ингээд Монголдоо хийх бодол төрсөн. Яг тухайн үед манай “Болор цом” нэр нь жаахан уначихсан, тэр ч байтугай утга зохиолын маань нэр нэлээн уначихсан, хүмүүс ном уншихаас илүү өдрийн хоолоо боддог эдийн засгийн хүнд цаг үе байсан. Тэр үед хошин урлаг, энтертайнмент илүү хөгжиж байсан. Энэ бүхэнтэй утга зохиолоо яаж хослуулж болох вэ, эдэнтэй яаж өрсөлдөж, олон хүнд хүргэх вэ гэдэг нь зохион байгуулах болсон бас нэг шалтгаан. Би өөрөө утга зохиолын салбарын хүн. Тэгэхээр энэ салбараа өөд нь татахгүй бол би өөрөө энэ салбартаа олигтой байж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Та мэдэж байгаа, би өмнө нь “100 яруу найрагч 100 хайрын шүлэг”, “100 яруу найрагч 100 эх орны шүлэг” гээд л олон уншлага хийсэн. “Poetry night”- ийг Stand up Comedy хөгжиж байгаа энэ цаг үед шүлгийг ч бас Stand up хэлбэрээр найрагч нь өөрийнхөөрөө хүргэж байгаа байдлаар нь хөгжүүлэхийн сацуу мэргэжлийн тайз дэлгэцтэй, дуу хөгжим найруулгатай байх ёстой юм байна, мөн контент болгож авч үлдвэл би Б.Явуухулан найрагчийн бичлэгийг үзээд энэ ажлынхаа санааг олсон шиг хойч үе минь ч мөн адил одоо туурвиж байгаа сайхан хүмүүсийн залуу нас, дуу хоолой, уран бүтээлийг харах боломж гарах юм байна гэж харсан. Данзангийн Нямсүрэн найрагч шүлэг бүтээлээ өөрийнхөө хоолойгоор уншаад, тэр нь бидэнд үлдчихсэн зүйл байхгүй байна шүү дээ. Гэтэл бид ямар их дуртай билээ дээ. Тэгэхээр уран бүтээлчдийн шүлэг бүтээл, дуу хоолойг дэлгэцэнд мөнхөлж үлдээх нь маш чухал юм байна гэсэн санаа зорилготойгоор л хийж эхлүүлсэн.

Анхныхыг нь өөрийнхөө үеийн залуучуудаар хийсэн. Яагаад үеийнхнээрээ хийсэн бэ гэхээр ухаандаа, ерээд оныхонд юм уу, эсвэл танай үеийнхэнд, бүр Ардын уран зохиолчдод санал тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр өөрсдөө ийм болдог, ингэж хийх гэж байгаа юм гэдгээ харуулах хэрэгтэй байсан. Эхний үдэшлэгт маань үзэгчид ч цөөхөн ирсэн. Манай үеийнхэн ч зарим нь итгээгүй л дээ. Гэсэн ч эхнийх маань үнэхээр гоё болсон. Найруулга, гэрэл, дэглэлт, тайз, дэлгэц, хөгжим, дуу хуур гээд бүгд тансаг байсан. Би зориуд ойр дотныхоо шүлэг яруу найраг сонирхдоггүй хүмүүсийг хүртэл чирэх нь холгүй авчирч үзүүлсэн. Тэр хүмүүс маань би өөрийгөө шүлэг сонирхдоггүй гэж боддог байсан ч яруу найрагчийн өөдөөс харж суугаад шүлгийг нь сонсоход чих рүү биш зүрх рүү ордог юм байна гэж байсан.

-Дараа нь таван Ардын уран зохиолчоор Дахин давтагдашгүй гэж хийсэн. Тэд саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд Ш. Дулмаа гуайтай холбогдсон, Урнаа эгч их сайхан хүлээж авсан. Дараа нь П.Бадарч гуайн охин Бүжин эгч бас талархан хүлээж авсан. Настай хүмүүс учраас биеийн байдлыг нь харзнана аа л гэж байсан. Б. Догмид гуайд хэлэхэд намайг бүр гэртээ уриад, бид хоёр бүр дөрөв, таван цаг сууж яриад тайзан дээр ярих зүйлсээ бүгдийг нь нэг нэгээр нь тохирч байсан. Д.Цоодол гуай руу ярихад “Догмид орох юм уу, Бадарч байх юм уу, тэгвэл би орно шүү” гээд л. Тэр үед корона вирус яг сайн намжаагүй, дараагийн давлагаа омикрон хувилбар нь гараад ирсэн, настай хүмүүст халтай гээд бүгд санаа зовж байсан үе. Бас зохион байгуулах гэж байсан Corpo­rate маань байгууллагаараа тусгаарлагдчихсан ч байж таараад хойшлуулах гэж байтал Т.Галсан гуайн бие чилээрхээд. “Би энд л орохгүй бол дараа өөр юманд бараг орохгүй байх” гэхээр нь л зүтгээд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон доо, үзсэн хүмүүс бүгд бахархалтай үг хэлж байсан. Догмид гуайн “Хонгорзул”алдартай шүлгийг Д.Сосорбарам гуай унших гэж байгаад амжаагүй. Харин Н.Батцэцэг гавьяат үзэгчдийн суудлаас гарч ирээд уншиж байсан. Батцэцэг эгч Догмид гуайн үнэнч шүтэн бишрэгч юм билээ. Төрийн соёрхолт Д.Болд “Гоо амраг” дууг нь дуулах байсан ч ирээгүй. Уг нь ихэнх уран бүтээлчид уриалгахан хүлээж авдаг ч Д.Болдыг урьсан ч ирээгүй нь тоогүй санагдсан.

-Дараа нь ерээд оны таван найрагчийнх бас л ганган болсон?

-Тийм ээ, Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Д.Галсансүх нарыг уриад “Ерэн он руу буцсан нь” нэрээр зохион байгуулсан. Хамгийн түрүүнд би Чилаажав ахыг бодсон. “ Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Бүсгүй” гээд “Хурд”-ын тэр олон гоё хит дууг зохиосон найрагч. Чилаа ахыг утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн л мэдэхээс ард түмэн тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тоглолт үзсэн хүмүүс “Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ” гээд Хурдын Отгонбаяр ах, Дашнямтай, мөн Чилаа ах өөрөө дуулахад үнэхээр тансаг байсан. Дараа нь Б.Ичинхорлоо э г ч т э й холбогдсон. Их завгүй хүн шүү дээ. Эгч нь амжих болов уу гэ ж байсан . Тэгээд л Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Ц.Хулан найрагчид руу ярьсан. Ц.Хулан эгчтэй энэ үдэш л сайн танилцаж ярилцсан гээд бод доо.

-Одоо гэгээн хайрын өдрийг тохиолдуулан Хайр бол… хэмээх яруу найргийн үдэш болох нь ээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Тусгай дугаараа онцгойлсон нэг, хоёр найрагчаар юм уу, эсвэл нэг сэдвээр хийж байя гэж ярилцсан. Энэ удаагийн тусгай дугаарт дандаа хайрын шүлгүүд уншигдаж, хайрын дуунууд дуулагдана. Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, төрийн соёрхолт Ш.Гүрбазар тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 14 шилдэг яруу найрагч энэ сарын 13-ны үдэш “UB палас”-ын тайзнаа шүлгээ дуудна. Жинхэнэ хайрын сонгодог үдэш болно. Ер нь Poetry Night нийтдээ арван цуврал хийгдэх төлөвлөгөөтэй . Гурван жилийн дотор арван цуврал хийхээс хоёр нь тусгай дугаар байх юм. Цувралын дөрөв дэхийг Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Р.Чойном нарын шилдэг найрагчдын бүтээлээр хийнэ.

Тав дахь ньҮржингийн Хүрэлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар, Даваасүрэнгийн Ган-Очир нарын дууны уран бүтээлчдээр, зургаа дахь хип хоп төрлөөр, долоо дахь нь Мэнд-Ооёо гуайн үеийнхэн, найм дахь нь танай үеийнхнээр хийх юм. Гурван жилийн дотор ийнхүү 10 дугаар хийчихээд Улаанбаатарт “Poetry night Mongolia” гэдэг фестиваль хийхээр зорьж байна. Миний туйлын зорилго бол энэ фестиваль. Дэлхийн олон орноос зохиолч, яруу найрагчид, Нобелийн шагналтнууд Монголд ирээд Сүхбаатарын талбай дээр зүлэг дэвсч байгаад тухайн орных нь хэлээр шүлэг яруу найраг сонсоод тэдэнтэй уулзаад, талбайгаа тойруулж олон жижиг гэрүүд бариад, дотор нь нэг нэг яруу найрагч байрлаад, хүмүүстэй уулзаад зураг хөргөө авахуулаад хоёр, гурав хоногийн сайхан фестиваль зохиох мөрөөдөлтэй байгаа. Мөн үүний зэрэгцээ Их газрын чулуунд, эсвэл Мэнэнгийн талд бүгдийг нь аваачиж байгаад яруу найргийн задгай уншлага хийх бодолтой. Долоо хоногийн турш Монголд дэлхийн оюун санааны охь болсон уран бүтээлчдийг цуглуулах санаа зорилго бий. Үүнийхээ хүрээнд орчуулагч О.Чинбаяр ах, Г.Аюурзана ах гээд гадаад дотоодтой холбоотой хэлтэй устай, зөвлөгч нараараа гадагшаа холбогдуулж байна, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор ч юм уу, Гадаад харилцааны яамтай хамтраад төр засгийн хэмжээнд л хийх болно.

-Соёлын яам байгаад байвал бас хамтарч болох юм даа?

-Би бүх цувралаа хийхдээ Соёлын яаманд санал тавьдаг ч огт дэмждэггүй. Монголын ард түмэнд утга зохиолоо эргэн сэргээхийн тулд “Poetry Night”-ийг хийж байгаа, хоёрдугаарт энэ нэрийг Монголын гурван сая хүнээс ядаж тал нь мэддэг болчихоосой гэдэг үүднээс арван цуврал хийж байгаа. Бүх телевизээр үнэгүй цацаад байгаа шүү дээ. Дараа нь “Poetry night Mongolia”гэхэд монголчууд өөрсдөө тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Монголд нэг удаа хийчихээд дараа жил нь өөр улс энэ “Poetry Night”-ыг хийдэг байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд, Монголын оюун санаа, монгол хэлт уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах , ялангуяа хүүхэд залууст зориулж бүтээж байгаа энэхүү төслийг маань төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бодлогын түвшинд, санхүүгийн хувьд дэмжээрэй хэмээн уриалж байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол цаг-үе

“Алтан өд-2022” наадамд шалгарсан бүтээлүүд DNN.mn

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, уран зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2022” ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүдийг шалгаруулж, нэр дэвшүүллээ.

1. ЯРУУ НАЙРАГ
Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
Д.Эрдэнэзулай “Авгалдайн суурин”
2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/
Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
Ц.Буянзаяа “Улаагчин ингэж хэлсэн”
С.Пүрэвсүрэн “Хөх шуурга”
3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Богино хэмжээний бүтээл/
О.Цэнд-Аюуш “Хүйтэн тууж”
П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?”
С.Баатарцогт “Цасан хуй”
4. БАРИМТАТ ЗОХИОЛ
А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
Д.Дамдинжав “Суут нууц”
Ш.Баатар “Хайрхаан”
Х.Баатархүү “Улаанхүү”
5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
Н.Мандал “Шид мангас”
Б.Батцэцэг “Н.Норовбанзад”
Б.Төрмөнх “Д.Нацагдорж”
6. УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, ШҮҮМЖ
Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
Ц.Буянзаяа “Монголын уран зохиолын түүхэн товчоон” I, II дэвтэр
Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”
7. УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА
Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжгийн орчуулга
Орчуулагч М.Саруул-Эрдэнэ
Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
Орчуулагч П.Гангаамаа
“Хайрын цуурай”
Орчуулагч Ж.Оюунцэцэг
8. ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛ
Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
Э.Ган-Очир, Н.Майдар “Дасгалжуулагч” киноны зохиол
Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол
9. ШОГ ХОШИН БОЛОН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛ
Д.Жаргалсайхан “Тусаан бурхан”
Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2022” ёслол 2023 оны 2 дугаар сарын 2-ны 12.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

“Утгын чимэг 2022” наадмын шилдэг өгүүллэг “Тэнгэр үр”

Монголын Зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс зохион байгуулсан “Утгын чимэг-2022” богино өгүүллэгийн наадмын шилдгээр Сааюугийн Баттулгын “Тэнгэр үр” өгүүллэг шалгарлаа . Ингээд тэргүүн байр хүртсэн өгүүллэгийг хүргэе.


“ТЭНГЭР ҮР”

Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн “Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ” хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ.

Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ.

Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ “Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо” гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов.

Өнгөрсөн хаврын нэг шөнө ижий нь дэмийртлээ халуурч хоносныхоо дараа гэнэтхэн л муухай аашлан, хүүг өөрөөсөө түлхэж холдуулаад хаяаг нь битүүлж, өрхийг нь бүтээсэн илүү гэртээ орчихжээ. Ижий нь тэндээс яагаад гарч ирэхгүй удаад байгаад гайхширсан хүү хатавчных завсраар сэм шагайж харах гэсэн боловч гэрийнхэн нь “Боль, холд, цаашаа явж тогло” гэхчилэн загнаж зандчаад огтхон ч хавьтуулаагүй. Харин маргааш нь аймгийн төвөөс ирсэн эмнэлгийн тэргэнд суух үед нь хүү ижийгээ сүүлчийн удаа харжээ. Битүү цагаан хувцас өмссөн хүнээр түшүүлэн илүү гэрээс гарч ирсэн ижий нь ганцхан хоногийн дотор ихэд ядарч туйлдан, хоёр хөлөө арай ядан зөөж гэлдэрсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирсан байжээ. Ижийг нь суулган хөтөл давсан эмнэлгийн тэрэгний тоос газар бууж ч амжаагүй шахам байхад эцэг нь их гэрийнхээ бүслүүрийг тайлан, дээвэр туургыг нь хуулж эхлэв. Тийнхүү холгүйхэн буудал сэлгэхээр их гэрээ ачаалсныхаа дараа буурин дээр бариастай үлдсэн илүү гэр лүүгээ хайлсан шар тос цацан галдаж орхисон билээ.

Саяхан даа “Энэ Өөлөө үлэг өвчтэй болж мэдэх нь, ор дэрээ ч байнга нойтогнуулж орхих боллоо. Ерөөсөө Должинд дүүрч аваачаад өгчих үү. Хөөрхий бас л хань ижлээ, нялх үрээ алдаад гансарч сууна. Хөх нь ч ширгээгүй энгэр нь дарайчихсан юм усан нүдлээд л сууж байна лээ” гэсэн эцгийнх нь үгний хариуд “Нэртэйгээр нь тэр хүүхнийг хөтлөөд ирэхгүй юу чи, ядаж ганцхан жил тэсчихгүй дээ. Хүү минь…” гэх яриаг бас л шаналант зүүднийхээ аглагт чих дэлсжээ. Гэвч тэр бүхнийг анзаарах сөхөө хүүд байсангүй. Гагцхүү унтаа, сэрүүний алинд ч болов ижийтэйгээ хэрхэн уулзах тухай тархиа гашилтал бодох болжээ.

Тийнхүү нэгэнтээ гэрийн хаяа түшин алсыг харуулдан суухдаа оргил тэргүүн нь манан буданд бүрхэгдэн, үүлс сүвлэн дүнсийх тэртээх хайрхны оройгоор дамжин тэнгэрт гарч болох юм гэсэн гэнэхэн бодол тархинд нь харван орж ирлээ. “Хэрэв хайрханы оройгоор дамжаад тэнгэрт гарчихвал ижий минь намайг хараад яасан их баярлах бол?” хэмээн төсөөлөн бодоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Хайрхны оройгоор дамжин тэнгэрт гарч ижийтэйгээ уулзахаар шийдсэн хүү тэр дариу гэртээ гүйн орж ижийнхээ зурагны өмнөх амттануудыг хамж аван өвөртөллөө. Эдгээр амттануудыг хүү ижийгээ буцаж ирсний дараа хамтдаа идэхээр тэвчээртэйгээр хүлээсээр байсан билээ. Тэгэхдээ хатаж хорчийсон алим жимсийг нь хааяа гартаа барин үнэрлэж, чихэрнүүдийх нь цаасыг задлан ганц хоёрхон долоочихоод бушуухан буцаан боож тавьсаар өдий хүрчээ.

Гэрийнхнийхээ харцыг хариулан гуу жалга даган гэрээс холдсон хүү гүйх газраа гүйж, алхах газраа алхсаар тэртээх хайрханы бэлд хүрч арсгар барсгар хад асга, мод бутуудыг хэрж, хэжин дээш өгсөв. Өнгөрсөн шөнийн борооны хөлөөр өндийсөн өтгөн цагаан мананг хормойдон мацсаар манан дотор ороход тэнгэрт хөвөгч өтгөн их үүлсийн гүн рүү яваад орчих шиг л санагдав. Хүү ганцхан алхмын цаадтайх бүдэг бадагхан харагдах чийгтэй өтгөн цагаан мананг сэмлэн ижийгээ дуудан улам бүр дээш өгссөөр манангаас сугарч мянган хонь өлхөн хотолчихом дэвсэг дээр гарч ирлээ. Хүүгийн гарч ирсэн тэрхүү дэвсгийн өр дэх багахан гүдэн дээр хадаг, яндар намирсан урц хэлбэрт хус модон овоо харагдана.

Үлгэр домогт гардгийн адил үүлэн дээгүүр нисэж яваа мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх энэхүү дүр зургийг нусаа татаж, ам ангайн ширтсэн хүү тэнгэрийн оронд ирсэн гэдэгтээ бүрэн, дүүрэн итгэсэн байлаа. Өмнө нь харагдаж буй уг овоон дотор ижий нь өөрийг нь хүлээж суугаа мэт санагдахад тэр зүг яаран ухасхийхдээ өрөөсөн хөлөө хадны завсарт хавчуулж түрүүлгээ харан савж ойчлоо. Босох гэтэл хөлийнх нь шагай орчмоор тэсэхийн аргагүй янгинан өвдөж байсан тул өөрийн эрхгүй суун тусав. Нулимстай нүдээ гарынхаа араар шудраад харц гүйлгэн лавлаж харвал гутлынх нь хоншоор хажуу тийш эргэчихсэн мэт нэг л эвгүй харагдана. Бэртсэн хөлөө хадны завсраас арайхийн сугалж аваад хэсэгхэн хором амсхийлээ. Чанх дээр салхи исгэрэн шуугих шиг чимээ сонсогдоход толгой өргөн өлийж харвал айдас төрөм том хүрэн шувууд хүчирхэг далавчаа дэвэн эргэлдэж буй харагдлаа. Хүү махчин шувуудын хоол болохгүйн тулд шүд зуун өндийж, тэсэхийн аргагүй янгинан өвдөх өрөөсөн хөлөө чирэн цааш хүчлэн мөлхсөөр овооны үүдэнд хүрч доош навсайн унжсан олон өнгийн хадагны үзүүр доогуур толгойгоо шургуулан дотогш шагайж харлаа. Гэвч тэнд ижий нь байсангүй. Харин будаг нь холтортсон том шавар бурхан, хавиргаараа ойчсон зулын цөгц, сангийн бойпор, ирмэг хөвөөг нь хулгана, зурам мэрсэн боов боорцог, хөгцөрсөн цайны идээ, хадаг яндар тэргүүтэн хөглөрч үзэгдэнэ.

Ижий нь тун удахгүй, бүр мөдхөн хүрээд ирэх юм шиг санагдахад эндээ овоон дотор хүлээхээр шийдэв. Хөл нь тэсэхийн аргагүй өвдөнө. Хүү арайхийн зүтгэсээр босго даван дотогш ормогцоо өвөртөлж ирсэн амттануудаа бүгдийг нь гарган тахилын хавтгай чулуун дээр тавиад түрүүлгээ харсан чигтээ биеэ сул хаян нүдээ анилаа. Хором мөч өнгөрөх тусам хөлийнх нь өвчин улам бүр нэмэгдсээр хамаг бие халуурч эхэлсэн тул сүүлдээ унтаа сэрүүний алин болохоо ч мэдэхээ болилоо.

Нэг мэдэхнээ гангийн халуун наран дор ангамал их элсэн цөлийг гэтэлж явах агаад ам нь тэсэхүйе бэрх цангах ажээ. Рашаан лугаа ганцхан балга устайсан бол тэрхүү аймшигт үхмэл цөлийг өлхөн туулчихаж болмоор санагдана. Гэвч элсэн цөл хаяа, хярхаггүй мэт үргэлжилж харагдана. Яв, явсаар сүүлдээ эцэж туйлдан өвдөг сөхөрч, амаараа шороо үмхлэн ойчлоо. Гэтэл тэртээх үүлсийн чанадаас ижий нь нисэн ирээд хүүг дээш харуулан өвөр дээрээ толгойг нь дэрлүүлэв. Хүү ижийгээ хараад уруулаа өмөлзүүлэн хүзүүгээр нь тэврэх гэсэн боловч гар нь хүлээстэй мэт хөдөлж өгсөнгүй. Ижий нь дээлнийхээ энгэрийг яран хөхөө гаргаж ивэлсэн сүүгээ ам руу нь дусаалаа. Дусал, дуслаар шиврэн, шиврэх зөөлөн амттай сүүнд амных нь цангаа бага, багаар тайлагдаж эхлэв. Ижийнхээ хоёр хөхнийх нь сүүг дахин зөндөө залгилмаар байсан ч ижий нь түүнийг газар хэвтүүлээд энгэрээ хумин бослоо.

Гутлыг нь тайлж бэртсэн хөлийнх нь шагайг хурууныхаа өндгөөр тэмтрэх зуураа “Миний хүү дахиад ижийгээ эрж хайсны хэрэггүй. Ижий нь удахгүй дүү нь болоод эргээд ирнэ” хэмээн хүүрнэж байснаа тавхайг нь огцом мушгих шиг болоход тагхийсэн эвгүй чимээ гарч хүү орь дуу хадаасаар өөрийн эрхгүй ёолон өндөлзлөө. Гэтэл “Хөлийнх нь шагай мултарчихсан байсныг эгч нь буцаагаад оруулчихлаа. Одоо зүгээрээ” гэж хэлэх ижийгээс огт өөр хүний дуу сонсогдов. Хүү гайхсандаа цээжээ өндийлгөж харвал овооны үүдээр шагайх бидэрт цоохор сарны цагаан гэгээнд Должин эгчийнх нь шаналангуй царай сүүдэртэж харагдлаа. Хүү “Сонин юм даа. Яалт ч үгүй л ижий минь сууж байсан даа. Аль эсвэл намайг нүдээ нээхийн зуурт Должин эгчийн дотор орчихсон юм болов уу?” гэж итгэж ядан гайхширлаа. Энэ үед бүсээ цуу татан хөлд нь чиг тавин боогоод хоёр үзүүрийг нь холбон зангидаж суусан Должин “Муу үртэй минь яасан ч адилхан юм бэ? Эвий минь бас л эхийнхээ хөхнөөс гарч амжаагүй байж дээ” хэмээн хөөрхийлөн бодоод босч ядам хуруун дахь бөгжөө мултлан авч овооны нэгэн мөчирт өлгөлөө.

Должин өдөржин байж суух газраа олж ядахдаа аргал түүх нэрийдлээр араг үүрэн гэрээсээ гарсан ч ганцаархнаа уул өгсөж яваа хүүг олж харсан даруйдаа араг савраа хээр орхиод зөн совиндоо хөтлөгдөн хол саахалтын зайтай дагаж явсаар манан руу оруулан барааг нь алдсан ч хайрханы хад чулуу бүрийг нэгжих шахам эрж хайсаар сая л олж ирсэн нь энэ ажээ. Должингийн үйл хөдлөл бүхнийг нүд салгалгүй дагуулан ширтэж байсан хүү нааш эргэхэд чичирхийлсэн хоолойгоор “Ээж ээ” хэмээн тэсэлгүй дуудаж орхив. Хайртай бүхнийхээ араас хүүгийн адил мөн л олон өдөр харуусан гашуудсаар галзуурахын ирмэгт тулж ирээд байсан хөөрхий бүсгүй “Ээж ээ” хэмээн дуудсан хүүгийн дууг сонсоод өөрийн эрхгүй өмнө нь суун тусч өвдөг сөхөрлөө. Ухаан санаа нь дайвалзах мэт болохуйд зүүдний тэртээд одсон үрдээ амь тэмцэн тэмүүлэх мэт “Үр минь, хүү минь” хэмээн үглэж, нулимсаа асгаруулсаар хүүг тэвэрч авлаа. Өр өмлөж, зүрх сугалам эх, үрсийн хагацал зовлонг алд дэлэмхэн биесээрээ туулахдаа амьдын орчлонгоос нэг нь эхийгээ, нөгөө нь үрээ бэтгэртлээ санасан элэг сэтгэл сая л нэг уясан дэвтэж, уяран нялхарлаа.

Шөнө ханзарч үүр хаяарах үес Должин хүүг үүрэн гадагш гарав. Үлгэр домгийн цагаан манан дундаас бие, биесээ олсон ижий, хүү хоёр зовлон шаналангаа бүрмөсөн тайлж орхиод үүрийн шаргал гэгээн дор тэнгэрийн уулнаас бууж явлаа.

Тэртээ дор “Өөлөө Өөлөө”, “Должион Должион” хэмээн дуудах эрлийн хүмүүсийн дуу бүдэг бадагхан сонсогдоно.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

“Утгын чимэг” наадмын шилдэг өгүүллэг өнөөдөр тодорно DNN.mn

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр Хүүхэлдэйн театрт болно. Наадмын эхний шатанд 80 өгүүллэг ирснээс удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж , дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан юм.

1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадам нь 1990 оноос хойш зохион байгуулагдаж буй юм.

Categories
мэдээ утга-зоxиол үндэсний-бөx

Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан 128 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс гарчээ DNN.mn

Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор:

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
2. у.ар Энхтөгсийн Оюунболд
3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
4. у.г Өлзийтогтохын Бат-Орших
5. у.з Цэдэнбазарын Одбаяр
6. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
7. у.х Баянзулын Цэдэнсодном
8. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
9. у.х Ганцогтын Бадрах
10. у.н Болдын Эрдэнэхүү
11. у.н Чинчулууны Батчулуун
12. у.н Нурланы Мустафа
13. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
14. у.н Болдбаатарын Батжаргал
15. у.н Эрдэнэбатын Даш
16. у.н Бадамсамбуугийн Ганхуяг
17. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
18. у.н Балганы Хишигбаатар
19. у.н Шоовдорын Дарханбат
20. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
21. у.н Батбаярын Даваа-Очир
22. у.н Насанцогтын Баярбаатар
23. у.н Доржхандын Хүдэрбулга
24. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
25. у.н Цэрэнбатын Сандагдорж
26. у.н Бэгзийн Мижидсүрэн
27. у.н Эрдэнэбатын Нямаа
28. у.н Одхүүгийн Цэцэнцэнгэл
29. у.н Очирбатын Түмэн
30. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн
31. а.а Даваадоржийн Төрболд
32. а.а Улагпаны Береке
33. а.а Мальшийн Еркебулан
34. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
35. а.а Нямдоржийн Өсөхбаяр
36. а.а Цогтоогийн Мөнхбаяр
37. а.а Бүрнээгийн Баянмөнх
38. а.а Мөнхжаргалын Бямбадорж
39. а.а Ганболдын Төрмөнх
40. а.а Төмөрийн Дүүрэнсаран
41. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл
42. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
43. а.а Батхуягийн Батзориг
44. а.а Энхтөрийн Баасанжав
45. а.а Теликийн Эрболат
46. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
47. а.а Энхбатын Тулга
48. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
49. а.а Галбадрахын Дармаажанцан
50. а.а Алтанхуягийн Нармандах
51. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга
52. а.а Батсугарын Зоригтбаатар
53. а.а Баянжаргалын Төмөрбаатар
54. а.а Идэрийн Мандах
55. а.а Батсуурийн Бат-Орших
56. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
57. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
58. а.а Ганпүрэвийн Ганбаатар
59. а.а Чинбатын Алтангэрэл
60. а.а Тогтохмэндийн Сайханжаргал
61. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
62. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
63. а.а Будаагийн Батсайхан
64. а.а Баттулгын Нямсамбуу
65. а.а Бямбадоржийн Батдорж
66. ц.а Ганзоригийн Жамбалдорж
67. а.а Батжаргалын Чинбат
68. а.а Насан-Очирын Намнансүрэн
69. а.а Гүрзулын Ганцоож
70. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
71. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
72. а.а Элбэгийн Батсуурь
73. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
74. а.а Доржийн Ням-Очир
75. а.а Ганбаатарын Ганхуяг
76. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр
77. а.а Содномцэрэнгийн Майнбаяр
78. а.а Баттулгын Өсөхбаяр
79. а.а Наранболорын Баяржаргал
80. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
81. а.з Мөнхбатын Даваасүрэн
82. а.з Болдбаатарын Баянсүх
83. а.з Балтмөнхийн Бадамдорж
84. а.з Төрмөнхийн Төгсдөлгөөн
85. а.з Бямбаагийн Буянмөнх
86. а.з Алагаагийн Мягмаржав
87. а.з Батбаярын Мандалбат
88. а.з Болдын Даваадалай
89. а.з Ерболатын Көптилек
90. а.з Мягмарын Баттүвшин
91. а.з Жаргалсайханы Жавхлан
92. а.з Бөхбатын Анандпүрэв
93. а.з Баттөмөрийн Батбаян
94. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр
95. ц.з Өнөрбаянгийн Батсуурь
96. а.з Батболдын Тожил
97. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл
98. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ
99. а.х Мөнхсайханы Хаш-Эрдэнэ
100. а.х Оргодолын Үйтүмэн
101. а.х Энхсайханы Цэнд-Очир
102. а.х Галбадрахын Гантулга
103. а.х Жавзандуламын Хатанзоригт
104. а.х Базаррагчаагийн Дагвадорж
105. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан
106. а.х Болдбаатарын Одсүрэн
107. а.х Нямжавын Ширчинхүү
108. а.х Хуанышийн Танирберген
109. а.н Батсүхийн Баатарболд
110. а.н Тогтохын Эрхэмбаяр
111. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ
112. а.н Мишигдоржийн Лувсандорж
113. а.н Батбадралын Ганзолбоо
114. а.н Цэрэндолгорын Отгонбат
115. а.н Лонжоогийн Бат-Амгалан
116. а.н Пүрэвжавын Сандагдорж
117. а.н Баянмөнхийн Төрмөнх
118. а.н Нацагдоржийн Даваадорж
119. а.н Дашренчингийн Дэмиддорж
120. а.н Мейромбекийн Бекежан
121. а.н Даваанасангийн Төртогтох
122. а.н Батбаатарын Баянсайхан
123. ц.н Ганбатын Эрдэнэтогтох
124. а.н Намсрайжавын Амаржаргал
125. с.з Бямбаагийн Золоо
126. с.з Төгсийн Түвшин
127. с.з Довдоны Сумъяабазар
128. с.з Мягмаржаргалын Өсөхбаяр
129. с.з Отгонбатын Бат-Эрдэнэ
130. с.з Энхбаатарын Очирхуяг
131. с.з Балдангийн Мөнхбат
132. с.з Болд-Очирын Бадрах
133. с.з Болдбаатарын Ренчинжүгдэр
134. с.з Галбадрахын Дэлгэрхүү
135. с.з Энхбаярын Нямсанж
136. с.з Жаргалсайханы Ган-Эрдэнэ
137. с.з Болортөгсийн Анхбаяр
138. с.з Бямбажавын Мөнх-Алдар
139. с.з Лхагвадоржийн Сундуй нарын бөхчүүд бүртгүүллээ. Барилдаан маргааш 14:00 цагаас МБӨ-нд болно. Тасалбараа https://www.ticket.mn/event/1454/ -ээс захиалан аваарай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ утга-зоxиол

Б.Баярсайхан “Алаг заяа” өгүүллэг DNN.mn


Монголын зохиолчдын эвлэл “Жендерийн мэдрэмжтэй зохиолчид” төсөл хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг төслийн хүрээнд зорилтот бүтээл бүтээх 15 зохиолчийг нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзан сонгосон бөгөөд тэдний бүтээлийг цувралаар уншигчдад хүргэж байгаа аж. Түүнчлэн шилдэг нэг өгүүллэгийг шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг-2022” наадмын үеэр үзэгчдэд хүргэнэ.

Намрын тарлантсан шар талаар тарган морио бахардтал давхисаар Бадрах овоон дээр гарч буув. Амьсгаадсан морины цээжний хөх мах чичирч, шавартай хөлс сад тавин урсжээ. Бадрахын цээжийг дэлгээд харвал уур омогтоо дэлбэрэх шахсан зүрх “Яачихсан алаг заяа вэ. Яачихсан барагддаггүй үйл, яачихсан лай ланчиг вэ” гэж бачимдан оволзож байж таарна. Арван хэдтэй хүү байхдаа хүн дуурайж, халийвр үүрч тарвага эргүүлж яваад өрөөсөн нүд сохор тарвага нам буудчихаж билээ. Сохор тарвага байсанд цочин хэлмэгдэж, сэжиг төрөөд, амийг нь тасалсан өнөөх амьтнаа нүх рүү нь буцааж хийчхээд явсан атал өнөөх нь сэтгэлийн мухраас холдоогүй байж. Хэдхэн мөчийн өмнө сургуулийн захирлын хэлсэн үг чихийг нь өрөмдөж орчхоод, тэрэнтэй зэрэгцэн сохор тарваганы тухай хөндүүр дурсамж ахин сэрж, сэтгэлийг нь шаналган шархирааж байжээ.

Зургаан охинтой, ганц хүү хүлээж горьдсоор байтал отгон нь хүү байж, хүүтэй болсон дэнхэр Бадрах гэртээ багталгүй баярлан хөөрч байсан цаг саяхан. Юм гэдэг гаажтай. Хүсэн хүлээсэн ганц хүү нь харанхуй бүүдэн болохыг мэдэх цагт Бадрахын хөл доорх газар цөмөрчих шиг санагдсан юм. Яваагүй газар, хаалгыг нь татаагүй эмнэлэг үлдээгүй. Амьтан хүнээр дамжуулж, яриулж байж нэгэн хувийн эмнэлэг олжээ. “Цаг алдалгүй ирсэн байна. Нас нь зургаа долоо хүрчихвэл хараа орох магадлал бага байдаг” гэж эмч хэлэхэд Бадрах “Даанч дээ, тэр нэг гайтай явдлаас өөрөөр бол энэ орчлонд би хазгай гишгээгүй юм сан” гэж өөрийн золгүй хувь тавиландаа залбирч байв. Эхлээд нэг нүдэнд нь мэс засал хийжээ. Хүүгийнхээ боолттой нүд рүү итгэлийн оч сүүмэлзсэн нүдээр Бадрах, эхнэртэйгээ харж хэд хонов. “Мэс засал амжилттай болсоон, гам сайн бариарай. Миний өгсөн зааварчилгааг сайн дагаарай” гэж эмч хархүү хэлээд тэднийг үдэж өгсөн юм.

Бадрахын үйлийн лай барагдах болоогүй байжээ. Мэс засалд орсон ч хүү хараа орсонгүй. Ингэж тэгсээр бас хоёр жил өнгөрөв. Тэгтэл “Орбис” гэдэг гадаадын эмч нарын баг онгоцонд мэс засал хийдэг тухай яриа чих дэлсэж, “За даа, уулын мухарт суугаа биднийг хэн л нааш гэж тэрэнд оруулж өгөө аж дээ” гэж бодож байв. Хүний амьдралд муугаасаа сайн нь олон. Хүүд нь мэс засал хийсэн эмч хархүү, нэг өдөр давхиж иржээ. Бүр тэр холоос, хотоос зорин зорин ирсэн эмчид хатуурхаж, харилхаж чадсангүй. Эмч хархүүгийн зүрхэнд бас нэгэн гэмшил явсаар л байсан хэрэг.

– Миний хагалгаа муу болсон гэж хэлэхгүй ээ. Буруу байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ л амжилттай болоогүй гэдгийг бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. “Орбис” эмнэлэг гэж улс орнуудад онгоцоор нисэж очиж хагалгаа хийдэг лут мэс засалчид байдаг. Бид ажил хэргийн шугамаар холбоотой байдаг болохоор Монголд хийх хагалгааны нэрс дотор таны хүүг оруулсан юм гэв.

Бадрахын сэтгэл хачин ихээр догдолж, үелзээд ирэв. Эхнэр нь зуухны өмнө бөгтийгөөд суучихсан чимээгүй мэгшүүлж байлаа. Ингээд тэд хөдлөв. Хүү эцгийгээ үнэрээр нь дуу хоолойгоор нь танина. Аавынхаа өвөр дээр, тамхи ханхалсан энгэрт нь хярж наалдаастай хотын бараа харжээ.

Эмнэлгийн гадаа, модны сүүдэр бараадсан Бадрах зулай дээр голлох зуны нарны пүнхийсэн халуунд хөлсөө шударч суухад аанай л өнөөх гайтай сохор тарвага нүдэнд нь үзэгдэнэ. Тэгснээ нэг горьдлогын оч гялсхийн замхарчээ. “Үгүй ээ, нээрээ тэр муу тарвага өрөөсөн нүдтэй байсан шүү. Нүхээ олдог л байж хөөрхий. Миний муу хүү мөрөө үздэг болчихвол одоо гомдох юм алга” гэж аргаа баран бодож суув. “Сохор тарвага буудсанаас болов” гэж өөрийгөө цаг ямагт яллаж, өөрөөсөө бүх бурууг эрж, чадах бүхнээ хүүгийнхээ төлөө бүгдийг нь хийсээр ирсэн Бадрах тэр нэг хар дурсамжийн тухай эхнэртээ хэлээгүй юм. Бүсгүй хүн цөхөрч шантраад ирэхээрээ Бадрахын тарвага буудсан тэр явдлыг хэзээ ч уучилж чадахгүй гэдгийг зөнгөөрөө мэддэг болохоор энэ лай ланчгийг өөрөө л үүрье гэж шийдсэн авай.

Лут мундаг эмч нарын чадал, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүч буй заа, Бадрахын хүү нисдэг эмнэлгийн хагалгаанд ороод сар гаруй дараа мэс хийлгэсэн нэг нүдэндээ хараа оров. Үнэн эсэхэд эргэлзэх Бадрах тамхины асаагуурын гэрэл асаагаад тээр хол тавьчхаад “Миний хүү түүнийг аваад ир дээ” гэхэд хүү түүртэлгүй очоод авч иржээ. Ханцуйдаа залбирсан Бадрах “Миний үйл лай үүгээр хөнгөрдөг арга байна уу. Үр минь ямар юмных нь буруу байх вэ дээ. Юутай ч мөрөө үздэг боллоо. Одоо нэг сургуулийн бараа харуулж, нэрээ бичдэг болгочих юм сан” гэж санана.

Намар боллоо. Сургууль цуглав. Бадрах номхон хул морио барьж унаад, хүүгээ дүүрч, сумын төв рүү гэлдрүүлжээ. Асааж унах машин ч байна, мотоцикль ч уул нь бий. “Монгол хүн байна даа, морио унаж, уул усаа тайван тогтуун харж аваг” гэсэн эцгийн холын бодол байжээ.

Сумын төв хөл үймээнтэй, хүүхдээ хөтөлсөн улсаар дүүрэн байлаа. Хүүхэд бүртгэж байсан багш эмэгтэй Бадрахын хүүг ажиглаад бүртгэх үү, бүртгэхгүй юу гэдгээ шийдэж чадахгүй гацчихжээ. Бадрахын дотроос, бүүр их дороос нэгэн хар юм гол зуран өгсөж, “Би хүүгээ сургуульд бүртгүүлнэ. Миний хүү хүнтэй адилхан хүн. Хүүхэдтэй адилхан хүүхэд. Ном сурах эрхтэй” гэж чанга дуугарав. Сумын төв гэдэг жижигхэн, нэг гол, нэг хонхрын улс бүгд биесээ танина. Зарим нь хамаатан садан, ураг удмын холбоотой ч улс байна. Тэрүүхэндээ бяцхан бужигнаан болж, улс бүгд л “Бүртгэлгүй яадаг юм. Яалаа гэж ийм хөөрхөн хүүг сургуулийн гадна орхиж болох билээ” гэлцэв. Ингэж аав, хүү хоёр сургуульд оров.

Хүү сургуульд орсон тул эхнэр нь суманд хүүтэйгээ төвлөж, Бадрах хөдөө илүү гэрээр малаа харах болжээ. Цаг агаар тогтуун сайхан бол ганц өдрөөр саахалтдаа малаа захиж үлдээгээд, хүү рүүгээ яарна. Шуурч ирж, хүүгээ өвөрлөж ганц хоночхоод буцна. Ингэсээр тэгсээр таван жил өнгөрөв. Хүү энэ хавар тавдугаар анги төгсжээ.

Ахиад л намар болов. Хүү ангийнхнаа ярина. Сургуульдаа яарна. Бадрах нэг муу үг сонссон байжээ. Жирийн биш, бүрэн бүтэн биш хүүхдийг тавдугаар ангиас нь хойш жирийн сургуульд сургадаггүй, сургах дээрээ тулбал хотод тусгай сургуульд сурдаг гэж… Энэ үгнээс зунжин айж, эмээж явсан Бадрах ганц нэгхэн мөчийн өмнө сургуулийн захирлаас өнөөх үгээ өөрийн хоёр чихээр сонсоод ийн бухимдаж, багтарч ядан явсан юм.

– Нутгийн улс байна даа. Учраа олъё. Бага ангид бол бүх хичээлийг нэг багш заадаг. Дөрвөн аргын тоо, бичиж унших хичээл ордог. Дунд ангид ороод ирэхээр хичээл нарийсна. Багш нар нь олон болно. Хүн бүр адилгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлага байдаггүй. Тиймээс цаашид хүүг сургуульд үлдээж чадахгүй нь дээ. Захирал яг ингэж хэлсэн юм.

– Миний хүү хэнд ч гай болохгүй. Хэнээс ч дор орохгүй.

– Чиний хүүд байгаа юм биш… Тогтолцоо нь өөрөө ийм юм. Хүүхдүүдийн эцэг эхээс хэл ам гарна, багш нар илүү цалин нэхнэ. Эсхүл ийм хүүхэдтэй ажиллаж чадахгүй. Юу бодож ном заах юм, юу бодож дүн тавих юм гэлцэнэ шүү дээ, Бадрах минь. Чамд нэг юм зөвлөе. Хот ор, 29 дүгээр тусгай сургууль гэж бий гэв.

– Тэнд чинь тэгээд авах уу. Бүгд миний хүүтэй адилхан юм уу

– Янз янз даа Бадрах минь. Зовлон гэдэг хэлж ирэх биш. Хөөрхий минь, янз янзын бэрхшээлтэй хүүхдүүд бий. Ядаж л чи хүүгээ тэнд оруулбал бие биенээ дээрэлхэж хажиглаад байхгүй. Хэн нэг нь илүү үзээд, ад шоо болоод байхгүй шүү дээ. Ном сурах бичиг нь өөрсдөд нь зориулсан, багш нар нь бас ажиллаж дадсан улс байгаа даа гэсэн юм.

Цулбуураа тахимандаа хавчуулан тамхи татан хэсэг сууж тайвшраад Бадрах мориндоо дөрөөллөө. Эргээд санах нь аа, захирал голтой л юм хэлжээ. Одоохондоо хүүхдүүд жаахан байна, удахгүй л миний хүүг ад шоо үзэж эхлэх юм байна. Сохор, доголонгоор нь дуудна. Сэтгэлийг нь шархлуулан гэмтээнэ. Тиймээс тэр тусгай сургуульд нь оруулъя. Хэдэн малаа зараад хот бараадъя. Орчлон гэдэг алаг. Хүний заяа бас л алаг юм. Ганц миний хүү биш, олон арван ижил зовлонтой хүүхэд бий. Тэдэнтэйгээ хамт байвал жаргалтай байна биз дээ. “Хүн бүхэн адил тэгш эрхтэй. Хүн бүхэн юунд ч хүрч, яаж чиг өсөж болно. Саяхны жишээ, Стивен Хокинг гэж дэлхийд хэчнээн алдартай эрдэмтэн байв. Сандалд хадаатай тэр хүн харагдаж байгаагаасаа илүү ихийг хүн төрөлхтөнд өгсөн юм шүү. Чиний хүү тийм хүн болж болох шүү дээ” гэж захирал хэлсэн. Нээрээ, миний хүү бусдаас юугаараа өөр юм. Мөрөө үздэг. Нэрээ гаргадаг. Дэлхийд дуурссан эрдэмтэн ч болох юм билүү.

Намрын салхи сэвэлзэн, шанхны үс илнэ. Сэтгэл нь тайвширч, эхнэртээ, хүүдээ хэлэх үгтэй болсондоо баяртай явлаа. Хүү сургуульдаа сурах болно. Дэлхий ертөнцөөр аялах болно…Намрын тарлантсан шар талаар тарган морио бахардтал давхисаар Бадрах овоон дээр гарч буув. Амьсгаадсан морины цээжний хөх мах чичирч, шавартай хөлс сад тавин урсжээ. Бадрахын цээжийг дэлгээд харвал уур омогтоо дэлбэрэх шахсан зүрх “Яачихсан алаг заяа вэ. Яачихсан барагддаггүй үйл, яачихсан лай ланчиг вэ” гэж бачимдан оволзож байж таарна. Арван хэдтэй хүү байхдаа хүн дуурайж, халийвр үүрч тарвага эргүүлж яваад өрөөсөн нүд сохор тарвага нам буудчихаж билээ. Сохор тарвага байсанд цочин хэлмэгдэж, сэжиг төрөөд, амийг нь тасалсан өнөөх амьтнаа нүх рүү нь буцааж хийчхээд явсан атал өнөөх нь сэтгэлийн мухраас холдоогүй байж. Хэдхэн мөчийн өмнө сургуулийн захирлын хэлсэн үг чихийг нь өрөмдөж орчхоод, тэрэнтэй зэрэгцэн сохор тарваганы тухай хөндүүр дурсамж ахин сэрж, сэтгэлийг нь шаналган шархирааж байжээ.

Зургаан охинтой, ганц хүү хүлээж горьдсоор байтал отгон нь хүү байж, хүүтэй болсон дэнхэр Бадрах гэртээ багталгүй баярлан хөөрч байсан цаг саяхан. Юм гэдэг гаажтай. Хүсэн хүлээсэн ганц хүү нь харанхуй бүүдэн болохыг мэдэх цагт Бадрахын хөл доорх газар цөмөрчих шиг санагдсан юм. Яваагүй газар, хаалгыг нь татаагүй эмнэлэг үлдээгүй. Амьтан хүнээр дамжуулж, яриулж байж нэгэн хувийн эмнэлэг олжээ. “Цаг алдалгүй ирсэн байна. Нас нь зургаа долоо хүрчихвэл хараа орох магадлал бага байдаг” гэж эмч хэлэхэд Бадрах “Даанч дээ, тэр нэг гайтай явдлаас өөрөөр бол энэ орчлонд би хазгай гишгээгүй юм сан” гэж өөрийн золгүй хувь тавиландаа залбирч байв. Эхлээд нэг нүдэнд нь мэс засал хийжээ. Хүүгийнхээ боолттой нүд рүү итгэлийн оч сүүмэлзсэн нүдээр Бадрах, эхнэртэйгээ харж хэд хонов. “Мэс засал амжилттай болсоон, гам сайн бариарай. Миний өгсөн зааварчилгааг сайн дагаарай” гэж эмч хархүү хэлээд тэднийг үдэж өгсөн юм.

Бадрахын үйлийн лай барагдах болоогүй байжээ. Мэс засалд орсон ч хүү хараа орсонгүй. Ингэж тэгсээр бас хоёр жил өнгөрөв. Тэгтэл “Орбис” гэдэг гадаадын эмч нарын баг онгоцонд мэс засал хийдэг тухай яриа чих дэлсэж, “За даа, уулын мухарт суугаа биднийг хэн л нааш гэж тэрэнд оруулж өгөө аж дээ” гэж бодож байв. Хүний амьдралд муугаасаа сайн нь олон. Хүүд нь мэс засал хийсэн эмч хархүү, нэг өдөр давхиж иржээ. Бүр тэр холоос, хотоос зорин зорин ирсэн эмчид хатуурхаж, харилхаж чадсангүй. Эмч хархүүгийн зүрхэнд бас нэгэн гэмшил явсаар л байсан хэрэг.

– Миний хагалгаа муу болсон гэж хэлэхгүй ээ. Буруу байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ л амжилттай болоогүй гэдгийг бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. “Орбис” эмнэлэг гэж улс орнуудад онгоцоор нисэж очиж хагалгаа хийдэг лут мэс засалчид байдаг. Бид ажил хэргийн шугамаар холбоотой байдаг болохоор Монголд хийх хагалгааны нэрс дотор таны хүүг оруулсан юм гэв.

Бадрахын сэтгэл хачин ихээр догдолж, үелзээд ирэв. Эхнэр нь зуухны өмнө бөгтийгөөд суучихсан чимээгүй мэгшүүлж байлаа. Ингээд тэд хөдлөв. Хүү эцгийгээ үнэрээр нь дуу хоолойгоор нь танина. Аавынхаа өвөр дээр, тамхи ханхалсан энгэрт нь хярж наалдаастай хотын бараа харжээ.

Эмнэлгийн гадаа, модны сүүдэр бараадсан Бадрах зулай дээр голлох зуны нарны пүнхийсэн халуунд хөлсөө шударч суухад аанай л өнөөх гайтай сохор тарвага нүдэнд нь үзэгдэнэ. Тэгснээ нэг горьдлогын оч гялсхийн замхарчээ. “Үгүй ээ, нээрээ тэр муу тарвага өрөөсөн нүдтэй байсан шүү. Нүхээ олдог л байж хөөрхий. Миний муу хүү мөрөө үздэг болчихвол одоо гомдох юм алга” гэж аргаа баран бодож суув. “Сохор тарвага буудсанаас болов” гэж өөрийгөө цаг ямагт яллаж, өөрөөсөө бүх бурууг эрж, чадах бүхнээ хүүгийнхээ төлөө бүгдийг нь хийсээр ирсэн Бадрах тэр нэг хар дурсамжийн тухай эхнэртээ хэлээгүй юм. Бүсгүй хүн цөхөрч шантраад ирэхээрээ Бадрахын тарвага буудсан тэр явдлыг хэзээ ч уучилж чадахгүй гэдгийг зөнгөөрөө мэддэг болохоор энэ лай ланчгийг өөрөө л үүрье гэж шийдсэн авай.

Лут мундаг эмч нарын чадал, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүч буй заа, Бадрахын хүү нисдэг эмнэлгийн хагалгаанд ороод сар гаруй дараа мэс хийлгэсэн нэг нүдэндээ хараа оров. Үнэн эсэхэд эргэлзэх Бадрах тамхины асаагуурын гэрэл асаагаад тээр хол тавьчхаад “Миний хүү түүнийг аваад ир дээ” гэхэд хүү түүртэлгүй очоод авч иржээ. Ханцуйдаа залбирсан Бадрах “Миний үйл лай үүгээр хөнгөрдөг арга байна уу. Үр минь ямар юмных нь буруу байх вэ дээ. Юутай ч мөрөө үздэг боллоо. Одоо нэг сургуулийн бараа харуулж, нэрээ бичдэг болгочих юм сан” гэж санана.

Намар боллоо. Сургууль цуглав. Бадрах номхон хул морио барьж унаад, хүүгээ дүүрч, сумын төв рүү гэлдрүүлжээ. Асааж унах машин ч байна, мотоцикль ч уул нь бий. “Монгол хүн байна даа, морио унаж, уул усаа тайван тогтуун харж аваг” гэсэн эцгийн холын бодол байжээ.

Сумын төв хөл үймээнтэй, хүүхдээ хөтөлсөн улсаар дүүрэн байлаа. Хүүхэд бүртгэж байсан багш эмэгтэй Бадрахын хүүг ажиглаад бүртгэх үү, бүртгэхгүй юу гэдгээ шийдэж чадахгүй гацчихжээ. Бадрахын дотроос, бүүр их дороос нэгэн хар юм гол зуран өгсөж, “Би хүүгээ сургуульд бүртгүүлнэ. Миний хүү хүнтэй адилхан хүн. Хүүхэдтэй адилхан хүүхэд. Ном сурах эрхтэй” гэж чанга дуугарав. Сумын төв гэдэг жижигхэн, нэг гол, нэг хонхрын улс бүгд биесээ танина. Зарим нь хамаатан садан, ураг удмын холбоотой ч улс байна. Тэрүүхэндээ бяцхан бужигнаан болж, улс бүгд л “Бүртгэлгүй яадаг юм. Яалаа гэж ийм хөөрхөн хүүг сургуулийн гадна орхиж болох билээ” гэлцэв. Ингэж аав, хүү хоёр сургуульд оров.

Хүү сургуульд орсон тул эхнэр нь суманд хүүтэйгээ төвлөж, Бадрах хөдөө илүү гэрээр малаа харах болжээ. Цаг агаар тогтуун сайхан бол ганц өдрөөр саахалтдаа малаа захиж үлдээгээд, хүү рүүгээ яарна. Шуурч ирж, хүүгээ өвөрлөж ганц хоночхоод буцна. Ингэсээр тэгсээр таван жил өнгөрөв. Хүү энэ хавар тавдугаар анги төгсжээ.

Ахиад л намар болов. Хүү ангийнхнаа ярина. Сургуульдаа яарна. Бадрах нэг муу үг сонссон байжээ. Жирийн биш, бүрэн бүтэн биш хүүхдийг тавдугаар ангиас нь хойш жирийн сургуульд сургадаггүй, сургах дээрээ тулбал хотод тусгай сургуульд сурдаг гэж… Энэ үгнээс зунжин айж, эмээж явсан Бадрах ганц нэгхэн мөчийн өмнө сургуулийн захирлаас өнөөх үгээ өөрийн хоёр чихээр сонсоод ийн бухимдаж, багтарч ядан явсан юм.

– Нутгийн улс байна даа. Учраа олъё. Бага ангид бол бүх хичээлийг нэг багш заадаг. Дөрвөн аргын тоо, бичиж унших хичээл ордог. Дунд ангид ороод ирэхээр хичээл нарийсна. Багш нар нь олон болно. Хүн бүр адилгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлага байдаггүй. Тиймээс цаашид хүүг сургуульд үлдээж чадахгүй нь дээ. Захирал яг ингэж хэлсэн юм.

– Миний хүү хэнд ч гай болохгүй. Хэнээс ч дор орохгүй.

– Чиний хүүд байгаа юм биш… Тогтолцоо нь өөрөө ийм юм. Хүүхдүүдийн эцэг эхээс хэл ам гарна, багш нар илүү цалин нэхнэ. Эсхүл ийм хүүхэдтэй ажиллаж чадахгүй. Юу бодож ном заах юм, юу бодож дүн тавих юм гэлцэнэ шүү дээ, Бадрах минь. Чамд нэг юм зөвлөе. Хот ор, 29 дүгээр тусгай сургууль гэж бий гэв.

– Тэнд чинь тэгээд авах уу. Бүгд миний хүүтэй адилхан юм уу

– Янз янз даа Бадрах минь. Зовлон гэдэг хэлж ирэх биш. Хөөрхий минь, янз янзын бэрхшээлтэй хүүхдүүд бий. Ядаж л чи хүүгээ тэнд оруулбал бие биенээ дээрэлхэж хажиглаад байхгүй. Хэн нэг нь илүү үзээд, ад шоо болоод байхгүй шүү дээ. Ном сурах бичиг нь өөрсдөд нь зориулсан, багш нар нь бас ажиллаж дадсан улс байгаа даа гэсэн юм.

Цулбуураа тахимандаа хавчуулан тамхи татан хэсэг сууж тайвшраад Бадрах мориндоо дөрөөллөө. Эргээд санах нь аа, захирал голтой л юм хэлжээ. Одоохондоо хүүхдүүд жаахан байна, удахгүй л миний хүүг ад шоо үзэж эхлэх юм байна. Сохор, доголонгоор нь дуудна. Сэтгэлийг нь шархлуулан гэмтээнэ. Тиймээс тэр тусгай сургуульд нь оруулъя. Хэдэн малаа зараад хот бараадъя. Орчлон гэдэг алаг. Хүний заяа бас л алаг юм. Ганц миний хүү биш, олон арван ижил зовлонтой хүүхэд бий. Тэдэнтэйгээ хамт байвал жаргалтай байна биз дээ. “Хүн бүхэн адил тэгш эрхтэй. Хүн бүхэн юунд ч хүрч, яаж чиг өсөж болно. Саяхны жишээ, Стивен Хокинг гэж дэлхийд хэчнээн алдартай эрдэмтэн байв. Сандалд хадаатай тэр хүн харагдаж байгаагаасаа илүү ихийг хүн төрөлхтөнд өгсөн юм шүү. Чиний хүү тийм хүн болж болох шүү дээ” гэж захирал хэлсэн. Нээрээ, миний хүү бусдаас юугаараа өөр юм. Мөрөө үздэг. Нэрээ гаргадаг. Дэлхийд дуурссан эрдэмтэн ч болох юм билүү.

Намрын салхи сэвэлзэн, шанхны үс илнэ. Сэтгэл нь тайвширч, эхнэртээ, хүүдээ хэлэх үгтэй болсондоо баяртай явлаа. Хүү сургуульдаа сурах болно. Дэлхий ертөнцөөр аялах болно…

Categories
мэдээ утга-зоxиол

“Сычуаны сайн хүн” жүжиг хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна DNN.mn

Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох “Сычуаны сайн хүн” жүжгийг УДЭТ өнгөрсөн онд тайзнаа найруулан тавьсан. Энэхүү жүжгийг энэ сарын 27-ноос эхлэн тоглохоор болсон бөгөөд тасалбар худалдаанд гарсан байна.

УДЭТ-ын тайзнаа Б.Брехтийн жүжгүүд хэрхэн амилсан түүхийг сонирхвол 1972 онд найруулагч С.Галсанжав “Эхийн сэтгэл-Кавказын цэрдэн дугуй” жүжгийг, 1988 онд нэрт найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж “Галилейн амьдрал”-ыг толилуулж байжээ.

Б.Брехтийн жүжгийг 35 жилийн өмнө толилуулж байсан найруулагч Б.Мөнхдорж энэ удаа “Сычуаны сайн хүн” жүжгийн зөвлөх найруулагчаар ажиллаж буй юм.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно DNN.mn

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно.

Эхний шатанд уран бүтээлчид 82 өгүүллэг ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.

  1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
  2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
  3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
  4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
  5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
  6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
  7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
  8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
  9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
  10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”