Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж буйг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулав.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг онцлоод УИХ-ын төдийгүй Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгээр ажлын гурав хоногийн завсарлага өгч буйг тайлбарлалаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Гансүх: Дуучид, бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийж чадах юм бэ DNN.mn

Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Гансүхтэй ярилцлаа. 


-Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарын томилгоо нийгэмд зөв мессэж өгч байна. Залуу, шинэ үеийнхнийгээ бодлогоор дэмжиж, гаргаж ирлээ. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Өмнө нь ямар ажил эрхэлж байсан туршлагатай вэ?

-Би хуульч мэргэжилтэй. Хувийн хэвшилд гэвэл “Монос групп”-ийн экспорт, гадаад худалдаа эрхэлсэн захирал, “БЭЛ холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Мөн Эрүүл мэндийн сайдын ажлын алба, Гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн дэд бүтэцийн төслүүдэд удирдах албан тушаалд ажиллаж байсан. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

-Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн жил Ардчилсан намаас бизнес эрхлэгчидтэй уулзаж бодит нөхцөл байдлыг ойлгох үүд нээс Эдийн засгийн форумыг Монгол орон да яар амжилттай зохион байгуулсан. Тус форумд миний бие үндсэн илтгэгчээр оролцож хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, тэдний бодит байдалтай танилцан, санал зөвлөмж авсан. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгах, цаашид урт хугацаанд Монгол Улсад баруун төвийн үзэл баримтлалтай төрийн бодлого явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Бид иргэдээ сонсож, тэдэн рүү чиглэсэн, хөрсөн дээрээ буусан, бодит бодлого ярих цаг болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр намын аль аль нь зүүний бодлого буюу иргэдийн саналыг авах үүднээс халамжийн бодлого явуулсан нь манай эдийн засгийг үндсээр нь буруу чиглэлд хандуулсан. Ажилтай орлоготой дундаж давхарга байхаа больж 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан харамсалтай нөхцөл байдалд орсон энэ цагт бид эрс шинэчлэл хийх шаардлагатай байна. Уул уурхай гэдэг ганц салбарт тулгуурласан эдийн засагтай боллоо. Газрын доорх баялагтаа нэмүү өртөг шингээх биш олборлоод шууд урд хөршид түүхийгээр нь зөөж байгаа нь харамсалтай.

-Монголд бизнес хийхэд амаргүй. Татварын дарамт их. Тэгэхээр залуу хүний хувьд бизнесийн салбарыг хөгжүүлэхэд бодлогоор хэрхэн дэмжих ёстой гэж харж байна вэ?

-Манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь 1-9 ажилтантай, үндсэндээ ЖДҮ гэсэн үг. Өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн бүр өндөр хүүтэй зээл төлж байна. Дээр нь төрийн дарамт их байна. Яаж ашигтай ажиллах биш яаж зээлээ төлөх вэ гэдэгт л толгойгоо гашилгаж байна. Бид хувийн хэвшлийг дэмжихийн тулд эхлээд төсвийн бодлогоо зөв болгох хэрэгтэй. Үүнтэй уялдаж мөнгөний бодлого зөв болж, бодлогын хүү болоод инфляци буурна. Ингэж байж сая бодитоор хямд эх үүсвэртэй зээл бий болно. Энэ бол бодитой дэмжлэг. Бусдаар нэр төдий төр, хувийн хэвшлийн гэсэн гоё форумууд хийгээд юу ч өөрчлөгдөхгүй. Өнөөдрийн улстөрчид амьдралаас тасарч, улс эх орноо буруу чиглэлд залж байгаад судлаач хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг.

-Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ёстой гэж байнга ярьдаг. Үр дүн байна уу?

-Ганцхан жишээ хэлэхэд, саяхан цахим спортод монгол залуучууд түрүүлж эхний таван байрт Монголын гурван баг орсон. Тэд 400 мянган ам.долларын шагнал авсан. Гэтэл тэднийг төр огтхон ч дэмжээгүй атлаа татвар авах талаар шуугьсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан даа. Энэ асуудал олон нийтийн эсэргүүцэлтэй тулгармагц төр татвар авахаа больсон. Тэднийг эх орондоо ирэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын тэргүүн гэдэг төмөр тэмдэг өгсөн. Энэ бол инээдэм ч юм шиг атлаа бодит байдал. Өнөөдөр төр оролцохгүй, дэмжих нэрийдлээр цөөн хэдэн аж ахуйн нэгжид давуу байдал олгохгүй байх нь л төрийн бодит дэмжлэг болоод байна. Манай улс тэрбум мод тарихад ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулна гэсэн. Гэтэл шинжлэх ухааны судалгааны салбарт ДНБ 0.4 хувьтай дүйцэхүйц мөнгө зарцуулдаг нь харамсалтай. Цаашид уул уурхайгаас орж ирэх орлогыг шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Ядаж л хууль эрх зүйн зохицуулалтуудаа тодорхой болгох хэрэгтэй байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, хууль эрх зүйн таатай орчин, тогтвортой байдал, хөрөнгө оруулалт татахад зориулсан татварын уян хатан зохицуулалт. Хоёрдугаарт, төрийн дэмжлэгтэй бусад хөгжингүй орнуудын эрдэмтэн судлаачдыг урьж авч ирэх, харилцан туршлага солилцох. Өндөр хөгжилтэй оронтой хамтарсан технологийн стартап инкубатор төвүүдийг олноор байгуулмаар байна. Гуравдугаарт, Монгол Улсын нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай салбар болгон зарлаж, хүний нөөцийн бодлогоор чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг олон бодит ажил хийх хэрэгтэй.

-Улс төр гэдэг бол цаг зав, асар их хөрөнгө хүч зарцуулдаг салбар. Залуу хүний хувьд яагаад улс төрийг сонгох болов?

-Миний хувьд нийгэмд болж бүтэхгүй олон зүйлийг ядаж өөрийн чадах хэмжээндээ засах юмсан гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөглөж улс төрд орсон. Залуучууд улс төрд орохоос татгалздаг. Гэвч бидний алдагдсан боломжийг тооцож үзвэл Монгол Улс хөгжих хангалттай боломжууд байсан. Тэр боломжийг өнөөгийн ужгирсан улс төрчид хулгайлсан гэж боддог. Харин улс төр гэдэг бохир, асар их мөнгө төгрөг, танил тал зарцуулдаг гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд олон залуучууд улс төрд орох ёстой. Ингэж байж л бид энэ улс төрийг, энэ нийгмээ өөрчилнө.

-Яавал Монголын улс төрд шинэчлэл хийж чадах бол?

-Намууд бодлогын өрсөлдөөн явуулж байж сая шинэчлэл жинхэнэ утгаараа явагдана. Өнөөдөр бусад улс хөгжил ярьж байхад бид хулгай л ярьж байна.

-Өмнөх сонгуулиудаас харахад залуучуудын ирц хангалтгүй дүнтэй байдаг. Тэгэхээр ирэх сонгуульд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн хэрхэн манлайлж ажиллах вэ?

-Юуны өмнө сонголттой сонгууль хийх хэрэгтэй. Намууд зөв хүнийг дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч бодлого ярьдаггүй, нутаг усандаа нэр хүндтэй олны танил дуучид бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийх вэ дээ. Ардчилсан нам 2024 оны сонгуульд маш олон залуус, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлох мэргэжлийн багийг дэвшүүлнэ.

-Ингэхэд ахмад болон дунд үеийнхэнтэйгээ хэрхэн хэлхээ холбоотой ажиллах вэ?

-Улс төрд нэг үе дангаар явах ойлголт байхгүй. Бид туршлага, шинэчлэл хоёрыг ухаалгаар уялдуулах хэрэгтэй. Тиймээс ахмад, дунд үетэйгээ бид цуг явна. Нэг үеийг онцгойлон дөвийлгөх эсвэл нэг үеийг үзэн ядах нь өөрөө хэт туйлширсан хандлага гэж бодож байна. Цаашид ч энэ үзэл бодолдоо тууштай байх болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

П.Галиндэв: Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм DNN.mn

Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэвтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын хувьд УИХ-д өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яагаад эсэргүүцээд байгаа вэ. Энэ талаараа та тодорхой тайлбар хэлэх үү?

-Манай намын хувьд аливаа шуурхай шийдвэрүүд Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж гардаг. Тэр утгаараа уг хуулийн төсөл батлагдсанаараа Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилийн хугацаанд найр тавьж өгөх агуулгаар Ч.Хүрэлбаатар санаачлан батлуулахаар зүтгэж байна гэж үзсэн. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хуулийн төслийн зүйл заалт бүрийг маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөлтэй холбоотой Ардчилсан намын байр суурийг тодорхой болгох үүднээс энэхүү шийдвэрийг Улс төрийн зөвлөл гаргасан гэж ойлгож болно.

-Асуудал Ч.Хүрэлбаатар хууль өргөн барьсанд байна уу. Эсвэл уг хууль нь үнэхээр хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн акт биш гэж үзээд байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэхээс илүү Монгол Улсын газар нутгийг гаднынханд давуу байдал бий болгож өгөх эрх зүйн орчин бүрдэх гэж байна гэдэгтээ асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд ч олгогдоогүй эрх зүйн давуу байдлыг гадныханд өгөх гэж байгааг эсэргүүцсэн гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын хувьд энэхүү хуулийг нэгдүгээрт, батлуулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө буюу энэ богино хугацаанд хэлэлцэх ёсгүй. Харин сонгуулийн дараа буюу дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд уг асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна

Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд парламентын хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа. Тэгвэл энэ хугацаандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаараа татаж чадсан уу. Эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан уу. Үгүй. Эсрэгээрээ Монгол Улсын нийт гадаад өр 33 тэрбум ам.доллар болж өслөө. Монгол Улсын нэг иргэнд ноогдох гадаад өр 35 сая төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын гадаад өрийг хоёр дахин нэмэгдүүллээ гэж хэлж болно.

-Та гадаад өр ярьж байна. Гадаад өр энэхүү Хөрөнгө оруулалтын хуультай ямар холбоотой гэж…?

-Бидний хувьд энэхүү Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байгаа нэг том шалтгаан бол гадаад өртэй холбогдоно. Тухайлбал Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хууль хэрэв батлагдвал Монгол Улс гадаад өрөндөө гадаадын иргэнд газраа өгөх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. УИХ-ын отгон чуулган өндөрлөх гэж байна. Хэдхэн сарын хугацаа үлдлээ. Тиймээс энэ богино хугацаанд энэ чухал хуулийг яаран сандран хэлэлцээд батлах ёсгүй л гэж үзэж байгаа юм. Тиймээс уг хуулийг зайлшгүй хойшлуулах хэрэгтэй.

-Ардчилсан намын тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт эдийн засгийг дээдлэх үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа нь танай намын үзэл баримтлалд харшлахгүй юу?

-Ардчилсан намын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих талд байнга зогсдог. Таны хэлдэгээр бидний үзэл баримтлал ч гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах хуулийн төсөл, бодлогоо тун удахгүй гаргах болно. Мэдээж намын бодлого бий. Тэрхүү бодлогоо бид илүү сайжруулах, илүү боловсруулах чиглэлд ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нэрийн дор гаднынханд газар нутгаа өгөх хуулийн төслийг бид эсэргүүцнэ. Энэ хуулийн төслийг эсэргүүцэх нь манай намын үзэл баримтлалд харшлахгүй.

-Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьчихсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн яг ямар заалтыг та бүхэн эсэргүүцэж байгаа юм бэ?

-Юуны өмнө Ч.Хүрэлбаатар гэх нөхөр бол аливаа асуудлыг өмнөх рүүгээ чихсэн, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд байнга худал үгээр олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж ирсэн хүн. Хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдаж, 2013 онд шинэчлэгдсэн эрх зүйн баримт. Харин одоо 2023 онд дахиад уг хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нь батлагдсанаар гадаад улсын иргэд Монгол Улсад нэг ширхэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулагч статустай болон Монгол Улсад хаа дуртай өөрийн сонгосон газартаа 100 жилээр гэр бүлээрээ оршин суух эрхтэй болж улмаар татварын болон татварын бус олон урамшууллыг авах эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь дараах хуулийн төслийн зүйл заалтаар нотлогдоно. Мөн тэдгээр хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутгаа хараат бусаар сонгож холбогдох шийдвэрийг бие даан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах эрхтэй хэмээн зааж өгсөн нь Үндсэн хууль, ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байгаа юм.

-Одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдаж байгаа ямар зүйл заалт байна вэ?

-Тус хуулийн 3.1.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж заасан байгаа. Энэхүү заалтыг хассан. Өөрөөр хэлбэл 100 мянган ам.доллар гэх заалтыг Ч.Хүрэлбаатар тэг болгосон. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднын хөрөнгө оруулагч болох боломжийг бий болгож байна гэсэн үг. Хуулийн хулгай гэдэг ийм аюултай. Ганц нэг үгийг хасах, нэмэх тохиолдолд л тухайн хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгддөг.

-1993 онд батлагдсан хуулиараа газрын асуудал 60 дээр нэмэх нь 40 хэлбэрээр явж байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа шүү дээ…?

-Мэдээж өмнөх хуульд ийм заалт бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгдсэн байж л энэ эрхээ эдэлдэг эрх зүйн зохицуулалт байсан. Харин үүнийг Ч.Хүрэлбаатар болиулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жил эзэмшин ашиглах эрх өгчихөж байгаа юм. 100 жил газар эзэмшинэ гэдэг бол тухайн хүн гурван үеэрээ тухайн нутагт эзэн сууна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл та бүхний харж байгаагаар тус хуульд орж байгаа ноцтой заалтууд нь яг юу юм бэ. Та үүнийг хуулийн зүйл заалттай нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Уг хуульд орсон ноцтой 10 гаруй заалт бий. Үүнээс би таван зүйл заалтыг нь хэлье. Тус хуулийн төслийн 5.1.1-д хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулна гэж заасан байгаа. Компани байгуулахад сайндаа л нэг сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр сая төгрөгөөр л гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статустай болох боломж нээгдэж байгаа юм. Тэгвэл 5.1.4-т компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж болно гэж. Гадаадын компани дотоодын компанитай нийлсэнээрээ шууд хөрөнгө оруулагч болж хувирч байна. Хамгийн их анхаарал татаж байгаа заалт бол 5.1.5. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах гэж байгаа. Жишээ нь таны компанийн менежментийг би хийе гээд л хөрөнгө оруулагч болчихож байна. Бүр танай компанийн марктенгийн гэрээг би хийе гээд л хөрөнгө оруулагч статустай болчихно. Энэ мэт ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч болох боломжийг уг хуулиар нээгээд өгчихөж байна.

-Хөрөнгө оруулагч болсоноороо ямар давуу тал эдлэх гээд байна вэ?

-Тус хуулийн төслийн 5.2-т Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно гэж байгаа. Хуулиар хориглоогүй л бол аль ч нутагт, ямар ч салбарт хөрөнгө оруулж болохоор байна гэсэн үг. Цаашаа 7.1.1-т хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын аль ч цэгт хөрөнгө оруулалт хийгээд бие даасан хараат бус шийдвэр гаргах боломжтой болчихож байна. Ийм хуулийн томьёололтой эрх зүйн акт гэж байх уу. Харин 7.1.5-д санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх гэж. Нөгөө хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хаана ч очоод ямар ч салбарт нь хөрөнгө оруулалт хийчихээд нэмээд байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргаж болох нь л дээ. Бүр түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй болгон өгч байна. Монгол Улсын иргэнд ч ийм эрх бараг байхгүй шүү. Тэгэхээр Монгол Улсын газар нутгийг эзэмших, ашиглахыг иргэдээсээ илүү эрхтэйгээр гаднынханд олгох гэж байгаа нь өөрөө Үндсэн хуульд харшилж байгаа зүйл. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах хуулийн төсөл огт биш. Харин эсрэгээрээ гаднынханд газар нутгаа өгөх эрх зүйн орчныг нээж өгсөн хуулийн төсөл.

-Улс төрийн хүчний хувьд энэхүү асуудлыг эсэргүүцэх, мэтгэлзэх, бодлогын түвшинд өрсөлдөх зэрэг асуудал байх нь энгийн үзэгдэл л дээ. Харин уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэнэт гарч ирээд эсэргүүцэж байгаа нь ямар учиртай вэ. Мэдээж танай намын лидерүүдийн нэг. Ардчилсан нам Х.Баттулга хэмээх улстөрчөөр уг асуудлыг гарган ирж эсэргүүцэж байгаагийн цаад учир нь юу юм бэ?

-Монгол Улсаа, эх орноо боддог хүн бүр л энэхүү асуудалд дуугарах ёстой л доо. Гэвч тодорхой шалтгаан, мэдээлэлгүйгээс болоод зарим иргэд маань дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх шиг байна. Харин энэхүү хуулийн төслийг уншсан, судалсан, улс төрийн өнгө аясыг нь ойлгож байгаа хүн болгон л эсэргүүцлээ илэрхийлж байгаа болов уу. Уг асуудалд манай намын дарга ч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр утгаараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч тодорхой байр сууриа илэрхийллээ. Намын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсэх нь тийм ч чухал биш. Монгол Улсын иргэн хүн гэдэг утгаараа уг асуудлыг анхаарахгүй байх арга үгүй шүү дээ. Цаашид иргэн бүр уг асуудалд анхаарлаа хандуулж, уг хуулийн төслийг эсэргүүцээсэй гэж хүсч байна. Монгол Улсын газар нутаг гэдэг бол ард түмний өмч. Газар нутаггүйгээр улс орон оршин тогтонох ямар ч боломжгүй. Тиймээс бид аливаа хуулийг баталж болно. Гэхдээ үндэсний язгуур эрх ашигт нийцээгүй хууль тэр дундаа гаднынханд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг маш нарийн авч үзэх хэрэгтэй.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэн УИХ-ын дарга Г. Занданшатарт шаардлага өглөө DNN.mn

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр/2024.01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гаднын хөрөнгө оруулалт маш их багасаад байна гэж байна?

-Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Япон улсын тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.

Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болсон. Тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байв.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын энэхүү хуулийг баталчихвал эрсдэл нь юу байна гэж та харж байна вэ?

-Өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал намын бүлэг гурван сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.

-Хөрөнгө оруулалтын төслийг орж ирэнгүүт төмөр замаар танк ороод ирнэ гэдэг шиг тактик яваад байна гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд ямар бодлого шаардлагатай гэж та харж байна вэ?

-Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын төслүүдэд хориг тавьж байсан. Хувь хүн талаас нь хандаад байгаа юм уу?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй.

-Нүүрсний сонсголд ямар шалтгаанаар ирээгүй вэ?

-Ирсэн. Ирээд тайлбараа өгсөн. Ерөнхийлөгч нар оффтэйк гэрээ хийдэггүй юмаа.

-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэж хардаад байх шиг байна.

-Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байх шиг.

-Та оросуудтай хуйвалдаад үнэхээр нөлөөлөөд байдаг юм биш үү?

-Юу гэж тийм юм байхав.

-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Мухар төмөр зам биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр монголчууд өөрсдөө эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн юм. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Маш өндөр дүнгээр барьсан гээд байгаа?

– Үгүй, үгүй.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх.

Categories
мэдээ улс-төр

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

П.Галиндэв: 100 төгрөг байхад л гаднын хөрөнгө оруулагч статустай болох боломж бүрдэж байна DNN.mn

Ардчилсан намын Дэд дарга П.Галиндэв, Ш.Түвдэндорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир, Т.Батцогт, Ц.Одонтунгалаг нар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Дэд дарга П.Галиндэв: Өнөөдөр нийгэм даяараа гаднын хөрөнгө оруулагчийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын гэх хууль 2023 оны 06-р сард УИХ-д өргөн баригдсан. Энэ хууль гадаад иргэдийг Монгол Улсад суурьшуулах зорилго бүхий хууль юм. УИХ-д анх өргөн баригдах үед Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар мэдэгдэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Гэтэл дахин УИХ-аар батлуулахаар орж ирлээ.
Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хууль болж байна. Гэтэл дахин хэлэлцэгдэх гэж байна. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын аж ахуй нэгж зуун мянган доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч болох тухай заасан байдаг. Харин Хүрэлбаатарын энэ хуулийн төсөлд зуун мянган доллар гэдэг босгыг авч хаясан өөрөөр хэлбэл зуун төгрөг байхад л гаднын хөрөнгө оруулагч статустай болох боломж бүрдэж байна.
Ингэснээр Монгол Улсын иргэнд байхгүй маш олон давуу талыг гадаад иргэд эдэлж эхэлнэ. Монгол Улсын иргэд улсдаа газар эзэмшиж ашиглаж чадахгүй байна. Гэвч уг хуулиар гадаад улсын хөрөнгө оруулагч нь дуртай аймгийнхаа дуртай сумандаа байнга хараат бусаар оршин суух эрхийг өгөх гэж байна.
May be an image of 3 people and text
Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир: Гаднын хөрөнгө оруулалтаа татъя гэвэл гаднын хөрөнгө оруулагчдадаа зориулж мэргэшсэн шүүх тогтолцоо гаргая, эрхийг нь харилцан хамгаалъя гэсэн хууль байх ёстой. Яг өнөөдрийн энэ хуулиар гаднын хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа орж ирэх боломжгүй. Эсрэгээрээ энэ хууль хулгайн хууль болж байна. Татварын бус хөрөнгө оруулалт урамшуулал гэдэг дээр нь газар өгнө гээд заачихсан. Газраа урамшуулалд өгчихдөг нэг ч гаднын улс орон байхгүй ээ. Газар өгөөд хөрөнгө оруулалт авчирдаг биш хууль эрх зүйн таатай орчноор татдаг байх ёстой.
Гэтэл гаднын хөрөнгө оруулалт манай шат шатны авлигаас л айгаад ирэхгүй байгаа юм. Дээрээс нь нэмээд хөрөнгийг нь булаадаг. 2013 онд Ардчилсан нам Оюутолгой шиг дараагийн төслүүдийг эхлүүлж байсан. Гадаадын иргэн харьяатынхаа хуулиар, Газрын тухай хуулиар, хөрөнгө оруулагч бол хөрөнгө оруулагч монгол, гадаад гэхгүйгээр харин аль аль талдаа ашигтай байдлыг бий болгох хэрэгтэй.
Ардчилсан нам засаглаж байх үед 100 жилээр 5 толгойн ордыг Хятадын компанид өгөхийг цуцлаагүй байсан бол бидэнд өнөөдөр ирж байгаа шиг Тавантолгойн ашиг, орлого ирэхгүй байх байсан. Энэ ордын орлогоор бидний цалин тэтгэмж, бүгдийг хийж байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг илтэд зөрчиж байгаа хууль болж байна. Геополитикийн нөхцөл байдал хүнд байна. Манай Улсын гадаад өр 33.8 тэрбум долларт хүрлээ. Энэ бүх өрөндөө ашигт малтмалын ордууд, дархан цаазат газрууд, дараа нь бэлчээрээ өгч дусах уу. Тийм ч учраас энэ хуульд ухаалаг хандах хэрэгтэй.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг: Хөрөнгө оруулалтын тухай хууль бол гаднынхныг суурьшуулах хууль болсон байна. Монгол Улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдах эрсдэл бий болж байна. Ямар хэмжээний хөрөнгө оруулж ирэх нь тодорхой заагдаж байж хөрөнгө оруулагч байх ёстой. Хувьцаа эзэмшигч гэдэг нэр аваад л Монгол Улсын оршигч суугч болох хууль бий болж байна. Монгол Улсын газраар урамшуулал олгоно гэдэг бол хууль бус үйлдэл.
Улс төрийн зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: Ч.Хүрэлбаатар гэдэг хүн яагаад Монгол Улсын газар нутгийг гаднынханд бэлэг болгож өгөх гээд байгаа юм бэ. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг хуулийн нэр томьёог халхавч болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд зуслангийн 0,7 га газар авахын тулд маш их ажил болдог.
Өнөөдөр Засгийн газар иргэдэд зуслангийн газрыг нь өмчлөх харилцааг бүгдийг нь зогсоосон байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголчуудын өөрсдөө эзэмшиж, ашиглаж чадаагүй байгаа газрыг маш таатай нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал энд хөндөгдөж байна. Гаднын иргэн Монгол Улсад 1 сая төгрөгийн компани байгуулаад 25%-ийн хөрөнгө оруулалт хийхэд л энэ хуулиар хөрөнгө орлуулагч болж байгаа юм.

Энэ асуудлыг бид хөндөж байна. Хэний захиалгаар, ямар учир шалтгаантайгаар энэ хуулийг санаачлан оруулж ирж дахин дахин УИХ-аар батлуулах гэж улайран зүтгэж байна. Ардчилсан намын хувьд үүн дээр хатуу байр суурьтай байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Алтанхуяг: Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулан ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Олны анхаарал татсан нэг том хууль бий. Тэр нь Эрүүгийн хууль. Уг хуулийн төслийг энэ долоо хоногоос эхэлж хэлэлцэж байна. Таны хувьд уг хуулийн төслийн ажлын хэсэгт багтан орсон шүү дээ?

-Хоёр том хууль явж байгаа шүү. Нэг нь эрүүгийн хэргийн тухай хууль. Нөгөөх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль явж байна. Нэг нь материалаг хууль. Нөгөөх нь процессын хууль гэсэн үг. тэгэхээр миний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах асуудал гарч ирэв ээ. Тэгэхээр манайд шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. баривчлагдсан хүмүүсийн дийлэнх буюу 90 орчим хувь нь дандаа шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдсан гэсэн үг.

Олон улсын шинжээчид хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл манайд ирээд энэ хуулиа янзал, өөрчил гэсэн. Үүнийг Засгийн газар дэмжээд, зөв чигтэй ажлыг эхлүүлж байгаа нь сайн.

-Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсанаараа шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг байдал зогсох уу?

-Зогсоохын тулд л энэ хуулийн шинэчлэлийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. аливаа этгээдийг баривчлахын тулд заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой болно гэсэн үг. Зарим нэг тохиолдолд заавал баривчлах зүйл гарч ирнэ. тэгвэл маш түргэн хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргах ийм зохицуулалтыг тус хуульд оруулж байгаа. Наанадаж хагас, бүтэн сайн өдөр шүүгчид амрахгүйгээр ажилладаг болно. Нөгөөтэйгүүр одоо манайд ямар практик байна гэхээр хүнийг баривчилчихаад хугацааг нь сунгаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг бариад хорьчихлоо гэхэд тэр хүнийг 1-12 сар хүртэл баривчилж болдог эрх зүйн зохицуулалт байна. Үүнийг энэхүү хуулиар цэгцлэх гэж оролдож байна. монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж. Өнөөдрөөс эхлээд байнгын хороод дээр ярина. Улмаар энэ чуулганы хугацаанд батлагдчих болов уу гэж ойлгосон.

-Сонгуулийн тойрог, мандаттай холбоотой өөрчлөлтүүд батлагдлаа. Энэ бол маш том өөрчлөлт гэж иргэд дүгнэж байна. Таны хувьд уг өөрчлөлтийг ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?

-Том өөрчлөлт гэдэгтэй нь санал нэг байна. харин үүнийг хийхдээ цагийг нь тулгаж байгаад баталчихсан нь жаахан тиймхэн санагдсан. Үүнээс хойш манай улс бүсчилсэн хөгжлөөр мандан бадрах юм шигээр ярьж байна. тиймээс үүнийг би бол монголчуудын тархийг угаах гэсэн нэг оролдлого гэж харсан. яах вэ, ерөнхий санаа нь бол буруу юм биш.

Сонгууль болохоос зургаахан сарын өмнө энэ том өөрчлөлтийг маш богино хугацаанд шийдчихэж байгаа нь өөрөө хардалт төрүүлж байгаа юм. МАН-ын хувьд 2024 оны сонгуульд оролцоход маш хүнд байгаа. Намын хувьд ч улстөрчдийнх нь хувьд ч тэр. Ихэнх нь хулгайд нэр холбогдчихсон.

– Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна-

Тиймээс үүнийгээ бодож тооцоолоод сонгуулийн энэхүү тогтолцоогоор явах нь илүү ашигтай гэж үзсэн байх. Тэр утгаараа сонгуулийг зөв, шударга, зарчимтай явуулъя гэхээс илүү энэ сонгуульд бид яаж ямар тогтолцоогоор оролцвол илүү ашигтай вэ гэдгээ юун түрүүнд харж ийм шийдвэр гаргасан болов уу. Түүнээс биш улсын хөгжил энэ тэр бол дараагийн асуудал байх аа.

-Тэгэхээр энэхүү сонгуулийн тогтолцоо танай намд ямар ч ашиггүй гэж үзээд байна уу?

-Тэр чинь өөр асуудал. Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая орчим иргэн байна. Үүний тал нь Улаанбаатарт, үлдсэн хэсэг нь орон нутагт байна. Тэр утгаараа тойргоос сонгогдох 78 мандатынх нь хуваарилалт шог болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос 20 гаруйхан хүн гарч ирнэ. Үлдсэн нь хөдөө орон нутгаас. Үүнийг нь хэлэхээр эрх баригчид өөрсдийгөө зөвтгөж дандаа ярьдаг. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл эхлээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх шаардлагатай биз дээ. Гэтэл энэ олон асуудалтай газраас гарч ирж байгаа төлөөлөл нь хамаагүй цөөн болчихож байгаа юм.  Тиймээс зарчим гэхээс илүү өөрсдөдөө илүү ашигтайгаар энэхүү тогтолцоог хийжээ гэж надад харагдаж байна. Нэмээд хэлэхэд тогтолцоо, үндсэн асуудлаар өөр нэг зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Мөнгө. Манай ард түмэн бүгд л харж байгаа байх. Нүүрсний хулгайчаас эхлээд асар их мөнгө эрх баригчдад байна. Тэр утгаараа хэн мөнгөтэй нам, улстөрч нь ялдаг сонгуулийн тогтолцоо руу битгий явчихаасай гэж бодож байна. Гэтэл тойргийг томсгочихлоо. Тэгэхээр гурван аймгийн “атаманууд” мөнгөө нэгтгээд зүтгэчихвэл бусад нэр дэвшигчдэд тун хүнд сонгууль болно л доо. Жижиг нам болон залуу нэр дэвшигчдийн хувьд танигдах цаг хугацаа болон санал аваад гараад ирэх боломж асар бага л болно.

-Тэгэхээр бүсчилсэн тойргийн давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Хэрвээ шударга явагддаг бол бас давуу тал харагдаж байна л даа. Угтаа том тойрог гэдэг бол улс төрийн намуудын тулалдаан болно гэсэн үг. Гэтэл манайд олон нам гэхээр зүйл алга байна шүү дээ. Тойргоо томсгочихоор улс төрийн жижиг намууд бараг алга болсонтой адилхан гэсэн үг. Тэгэхээр МАН болон АН л үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр намын тулалдаан л болно. Угтаа улс төрийн нам өөрсдөө зөв зохион байгуулалтад ороод явбал маш том боломж. Гэвч тэгж чадахгүй л дээ, манай жижиг намууд.

-Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Нам гэж ярьсных та өнгөрсөн сонгуулиар намаасаа гарч бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа бие дааж нэр дэвших үү, Ардчилсан намаас гарч ирэх үү?

-Би энэ удаа намаасаа нэр дэвшинэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар намайг энэ намаас зүгээр л хасаад хаячихсан. Тэгэхээр намгүй хүн чинь яах вэ дээ, бие дааж л нэр дэвшинэ биз дээ. Гарцаагүй намгүй учраас өөр арга байхгүйгээр бие даасан болохоос биш. Намаа орхиод амиа бодсон юм байхгүй. Энэ Ардчилсан намыг байгуулалцаж явсан хүний нэг нь би. Ардчилсан намын асуудлыг би цагтаа мэддэг байсан. Харин одоо удирдлага биш болохоор төлөөлж байр суурь илэрхийлэх боломж алга. Бидний хувьд зориг зүрх муутай, унхиагүй л ажиллаж байна. Тухайлбал, саяны энэ томсгосон тойрог дээр МАН-тай нийлээд нэг цаас бариад дэмжээд зогсох шаардлага манай намд огт байхгүй шүү дээ. Учир нь жар гаруй хүн хуулиа баталъя гэвэл манай намтай намгүй л батална. Тэгэхээр хам хэрэгтэн болох ямар ч шаардлагагүй байсан юм.

-Таны хувьд Ардчилсан намын “Алтангадас” фракцад нөлөөтэй хэвээрээ байгаа юу. Таныг сонгууль дөхөөд ирэхээр энэ намын дарга болно гэсэн мэдээлэл гадуур мэр сэр явж байна. Та үнэхээр сонгуулийн өмнө АН-ын дарга болох уу?

-Юуны өмнө Ардчилсан намаасаа би нэр дэвшинэ. Харин намын дарга болох асуудал өөр шүү. Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна. Ер нь надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. Монгол Улсын хувьд тэртээ 1990 онд ирсэн ардчилал хаачив. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэх мэт маш олон эрх чөлөө өнөөдөр алга болсон. Үүнийг шинэ залуу үеийнхэн маань огт анзаарахгүй байх шиг байна. Надад бол хуучин байсан хар цагаан кино, өнөө цагийн өнгөт кино хоёрын ялгаа асар их мэдрэгддэг. Үүнд л их санаа зовж байна. Тиймээс би зөвхөн Ардчилсан намын тухай яримааргүй байна. Харин тэр 1990 оноос олж авсан монголчуудын эрх, эрх чөлөө хаана байна гэдгийг л нэхмээр байна даа. Чи ярилцлагынхаа эхэнд асуусан, УИХ өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэж. Энэ УИХ хоёр ч удаагийн сонсголыг маш сайн хийлээ гэж харж байгаа. Нэг нь Хөгжлийн банкны сонсгол, нөгөөх нь Нүүрсний сонсгол. Ардын намын бүх юм нь муу биш шүү. Энэ намын хулгайчид л муу байхгүй юу. Тэр хулгайчдад ер нь нам ч байхгүй л дээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүдийн санаачилсан Хяналт шалгалтын хууль маш сайн хууль болсон. Энэ хуулийн хүрээнд л дээрх хоёр сонсголыг явуулсан гэж харж байгаа. Эхний удаа хийж байгаа учраас жижиг алдаанууд бий. Гэхдээ хийж байгаа нь өөрөө маш том амжилт юм.

-Нийгэмд “одоо сонсгол хийгээд л суугаад байх уу. Өөр ямар нэгэн хариуцлага тооцохгүй юм уу” гэдэг хандлагатай байна. Таны хувьд ч гэсэн ийм бодолтой байна уу?

-Тиймээс л бид УИХ дээр сонсголын дараа эхлээд хуулиуддаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Дараа нь холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой юм. Сонсгол болоод дууссан. Одоо таны хэлдгээр маш олон шийдэл үлдчихлээ. Үүнийгээ УИХ сонгуулиас өмнө шийдээд явах байх аа. Одоо “Ногоон автобус”ны сонсгол хийнэ гээд явж байна. Үүнийг дээрх хоёр сонсгол шиг хийх л хэрэгтэй.

-Эрх баригчдын төсөвт олон жил дарамт үүсгэсэн гадаад өрийг тэглэлээ гэдэг зүйл ярьж байгаа. Уг өр нь таныг Ерөнхий сайд байх үеэс эхэлж тавигдсан гэдэг. Та үүнд тодорхой байр суурь хэлэхгүй юу?

-Өр гэдэг дээр би хоёрхон тоо хэлье. Намайг Ерөнхий сайдаас огцруулдаг жил буюу 2014 онд Засгийн газрын өр 3.5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр энэ өр 8.5 тэрбум ам.доллар болж өссөн. Өөрөөр хэлбэл Чингис бондыг гурав дахин үржүүлсэн их мөнгийг эд нар нэмж зээлсэн гэсэн үг. Үүнийг та бүхэн хаанаас ч харчихаж болно. Одоо яаж байна гэхээр нүүрсний хулгайн мөнгөөрөө эд нар маш буруу суртал ухуулга хийж байна. Өр анх тавьсан. Одоо тэр өрийг л дарах гэж махаа идэж байна гэдэг. Тэгэхээр би түрүү нь хэллээ шүү дээ, анх 3.5 тэрбум ам.долларын өр байсан. Үүнийг эд нар дараагүй. Харин нэмчихсэн байгаа биз дээ, 8.5 тэрбум болгоод.  Одоо тэгээд тухайн үед өр тавьсан нь буруу мэтээр ойлгуулах гэж эд нар хичээж байна. Үүнийгээ маш сайн явуулж байна. Яах вэ, хулгайчид асар их мөнгөтэй л байгаа юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:
– “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
– Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар,

– “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

АН: Үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй DNN.mn

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ.

АН “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Хувь хүн аливаа нэр дэвшигчдийг дэмжиж үзэл бодлооо илэрхийлсэн нь тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иргэд олон нийт сайн дураарараа нэр дэвшигчдийг дэмжсэний улмаас торгуулах, шийтгэл хүлээх санкци бий болж байна. Хэн нэг иргэн санаатай болон санамсаргүй байдлаар 10 хүртэлх саяар торгуулах эрсдэл хүлээж болзошгүй байна.

Тиймд олон дагагчтай хүн гэдэг тодорхойлолтыг маш тодорхой болгох шаардлагатай. Аливаа хууль, шийдвэрүүд иргэн төвтэй, иргэдэд ээлтэй байх байтал иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байна” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Орос ах, орос ах” гэж солиороод байхаар чинь бидний төлөө тэд ирж байлдах нь гэж бодох нь зөв DNN.mn

ОХУ-ын Россия-1 сувгаар энэ сарын 4-нд тус улсын үзэл сурталч В.Соловьев “Бид 150 сая хүнтэй. Гэсэн ч яагаад заавал бид байлдана гэж. Сайн дураараа байлдах Хойд Солонгос, Монгол гээд улсууд байна” гэж ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав. Ерөнхий сайд, ОХУ-д Элчин сайд асан С.Баяр энэ нөхрийн талаар “Оросын одоогийн гол суртал ухуулагч Соловьев. Том дарга нарынхаа хэлж зүрхлээгүйг шууд хэлдэг байсан талийгаач Жириновскийн ор. Санаандгүй юм шиг ийм үг унагаад, гадна дотноос хэн юу гэх нь вэ гэж ажиглана, дүгнэлт хийнэ, акц зохионо. Бүхэл бүтэн институц” гэж тодорхойлсон байв. Энэ бичлэгийг тойрсон байр суурь одоо ч цахим сүлжээнд үргэлжилж байна.

Харин тодорхой нэг зүйл нь оросууд биднийг ингэж дүгнэхээр хэмжээнд цуст дайныг монголчууд дэмжсэнд байгаа юм шүү дээ. Орос байтугай бид дотооддоо нэгнээ гайхахаар үйл явдал энэ хоёр жилийн хугацаанд өрнөсөн. Украинчууд муугаа мэдэхгүй өрвөлзлөө, хошин шогийн жүжигчин улсаа самарч байна, энэ улс сүйрлээ гэх зэргээр шүүмж битүү өрнөсөн. Дайныг эсэргүүцэж жагссан “No war”-ын залуусыг “Босоо хөх Монгол” тэргүүтэй нөхөд дарамталсан. Өөр нэг хэсэг нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж дуу дуулалдан клип хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргасан. Хэн нь ч албан ёсоор дайныг буруутгаагүй нь бүүр гайхаш тасармаар байна. Яг ийм явдал бидэнд тулгарвал яах юм бэ, үгүй гэх арга байхгүй байна шүү дээ гэж хэлээд байгаа нэгнээ уралдан үзэн ядацгаасан. Яагаад ингээд байгаа, хэн ингээд байгаа нь ойлгогдохгүй хоёр жил болж байна. Сошиал сүлжээн дэхь сэтгэгдэл л лав тэр чигтээ Оросын дайныг дэмжиж байдаг. Тэр нэр ус нь дан хуурамч л юм шиг байдаг. Энэ бүхэн Украинд түрэмгийлэл үйлдсэнээ зөвтгөж ядаж буй Орос, ОХУ-ын Элчин сайдад маш сайхан далим болж, өөрийн хийсэн ажил мэтээр цааш уламжилж байсан нь лавтай.

Монголчууд бид гучхан жилийн өмнө социалист нийгэмтэй байв шүү дээ. Төр засаг, дарга даамлын ажил яаж явагддагийг мартаагүй. Өөрсдийнх нь үзэл сурталд таалагдсан бүхэн манайх, биднийх болдог, өөрсдөө хийсэн мэтээр сурталддаг зан коммунистуудын унаган төрх. Бидний дээрх тэнэглэл орос Элчинд ялгуусан ялалт мэт л байсан нь гарцаагүй. Тийм ч учраас дайныг эсэргүүцсэн монгол залуус, АН-ын эсрэг гаднын улсын Элчин сайд мэдэгдэл гаргаж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байлаа шүү дээ. Гэвч үүний эсрэг Монгол Улсын төр засаг дорвитой хөдөлж, байр сууриа хамгаалж чадаагүй.

ОХУ Украин руу дайн өдөөж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ явдалд Монголоос бусад бүхий л улс орон байр сууриа тодорхой илэрхийлж, хариу арга хэмжээ авч ирсэн. Харин ганц Монгол Улс ганхийх ганц үггүй өнөөдрийг хүрлээ. Ноцтой нь дотоодод болж буй бүхий л үйл явдал нь дайныг дэмжсэн агуулгатай болж хувирч буй нь ерөөсөө хилийн чанадад Монгол Улс түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн пайз болоод л хувирчихлаа. Дайныг эсэргүүцсэн бүх улс оронд Оросын хөшөө дурсгалаас эхлээд иргэдтэй нь харьцахаас зайлсхийж байхад манайд Жуковын хөшөөн дээр сүр жавхлантайгаар явж очоод баярын хундага өргөж байгаа нь орос Элчин нутагтаа уламжлах арвин их гавьяатай болсон байж таарна. Нэг ёсондоо Монгол даяар ОХУ-ын хийж байгаа дайныг дэмжиж байна гэдэг буруу ойлголтыг дээр доргүй төрүүлчихлээ шүү дээ.

Түүх сөхвөл ийм эндүүрэл манайд анхных биш ээ. Олон нийтийн дунд анзаарагдаагүй өнгөрсөн ч хэвлэлийнхэн дунд одоо ч яригддаг нэг зүйл бий. В.Путин манай улсад хийсэн сүүлчийн айлчлалынхаа үед хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Манай УАЗ 469 машинд очерлож байгаад авдаг монголчуудад баярлалаа” гэсэн агуулгатай зүйл ярьж байв. Хэвлэлийнхэн бие биенээ гайхаж хараад л өнгөрсөн. Аль эрт хэрэглээнээс гарсан, хөдөө баг сумдад л ганц нэг үлдсэн “69”-д дугаарлаж зогсоод авдаг түүх өнгөрөөд арваад жил болчихсон үед шүү дээ. Ерөөсөө ийм түүхийг Монголд суусан Элчин сайдууд нь л зохиодог юм шиг байна лээ.

Өнөөдөр яг л энэ түүх давтагдаж байна. Энэ бол шинэ зүйл биш. “Оросын төлөө сайн дураараа байлдах монголчууд байна” гэх ойлголтод монголчууд өөрсдөө л хүргэж байна. Монгол дахь Оросын талын нөлөөлөл ч өргөн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс цааш нь хэд өсгөөд л мэдээлдэг байлгүй яав гэж.

Хамгийн ноцтой нь ийм зүйлд Монгол Улс хариу өгдөггүй, байр суурь илэрхийлдэггүй. Хоёр жилийн өмнө Оросын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев гэгч “АНУ Монгол Улсад биологийн зэвсэглэлийн лаборатори байгуулж байна” гэж мэдэгдэж байв. Мэдээж тийм юм байгаагүй, юу байдгийг нь ч бид ойлгоогүй өнгөрсөн. Одоо харж байхад амин чухал эд байсан байна лээ. Эм тань хүнс бодис барилгын материал ч болтугай шинжилж чаддаг лаборатори хэчнээн хэрэгтэйг бид сүүлд л ойлгоцгоосон. Гэвч үүний эсрэг хэн ч, ямар ч өндөр албан тушаалтан эсэргүүцэж мэдэгдэж чадаагүй дуугүй өнгөрсөн. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөн гэсэн үг. Хүн төрөлхтний харилцаанд байдаг хэлбэр энэ.

ОХУ-аас Монгол Улс руу өдөөн хатгасан агуулгатай мэдээллүүдийг үе үе ингээд цацдаг болоод удлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд суртал ухуулагч хүртэл аманд орсноо ярьж байна. Одоо бүр цуст дайндаа татан оролцуулах, тэр битгий хэл сайн дураараа очих монголчууд байна гэж хүртэл эндүүрч байна. Ийм буруу ойлголт төрүүлсэн манай суртал ухуулга сошиал сүлжээн дэх хэсэг бусаг хүмүүс буруутай. Үүнд бид арай ч тийм дээ тулж сайн дурынхан очих хэмжээнд хүрээгүй гэж хариулт өгөх Монгол Улсын төр засаг гэж байна уу.

Манайд өнөөдөр ч ёс юм шиг нийгмийн дунд байдаг хандлага бий. Тэр бол хятадууд муу, орос сайн гэсэн буруу үзэл суртал. Ямар сайндаа манай төрийн сайд түшмэдүүд хүртэл хятад цустай гэдэг үгнээс айж мэгдэж, үй олон баримт дэлгэж сандрах вэ дээ. Харин оросууд бол мужик гэдэг ойлголт хаа сайгүй л байна. Гэхдээ туураг тусгаар улсад ах дүүсэг харилцаа байдаггүй гэдгийг одоо л нэг зах зухаас нь ойлгож байна. Харилцан ашигтай харилцаа л байна уу гэхээс бидний хуучин суртлаар боддог шиг тийм харилцаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй юм билээ л дээ. Ийм тэнэг хандлага даарин дээр давс болж, дайнч оросуудад далим болж байгаа юм шүү дээ.

Бидний тухай буруу ойлголт дэлхий дахинд төрүүлэх элдэв худал мэдэгдэл үзэл сурталд Монгол Улсад төрийн эрх барьж байгаа МАН юу ч болоогүй мэт дуугүй байсаар л байна. Зарим юман дээр албан ёсоор хариу өгч буруу зөрүү ойлголтыг дэлхий дахинд залруулж баймаар болжээ. Ер нь ч ийм өөх ч биш, булчирхай ч биш дүлэгнэсэн МАН-ыг төрийн эрхээс зайлуулахгүй бол мөдхөн захын гэр хорооллын ажилгүй хүмүүсийг “Мөнгө өгнө” гээд дайнд ачиж ч мэдэх нь. Дээр, дооргүй л орос ах, орос ах гэж солиороод байхаар чинь хэн ч гэсэн “Эд нар бидний төлөө ирж байлдах нь” гэж бодох нь зөв л дөө.

Б.ЭНХЗАЯА