Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.


-УИХ-ын босго намсаж байна, чадамжгүй байна гэх шүүмжлэл тодорхой хүрээнд гардаг байсан. Энэ удаагийн парламент тэр дундаа энэ намрын чуулганаар нүүрсний сонсголыг хийсэн нь авлигын эсрэг том алхам боллоо хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж буй. Та энэ удаагийн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна?

-Олон хуульд өөрчлөлт орууллаа. Хээл хахууль авлигатай холбоотойгоор ялын бодлогыг чангарууллаа. Дэлхийн хамгийн чанга авлигын эсрэг ялын бодлоготой орны нэг болсон. Ашиг сонирхлын болон зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ нь улстөрч болон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендерт оролцохгүй, төсөв, сангийн төсөл хөтөлбөрт хамрагдахгүй гэхчилэн чанга зохицуулалттай хуулийг баталлаа.

Намрын чуулганаар реформын шинжтэй хэд хэдэн том хуулийг баталсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилж баталсан. Бүсчилсэн хөгжил нь Монгол Улсын ирээдүйд маш чухал эерэг дүн авч ирнэ. Улс орон хөгжинө гэвэл бүсчилж хөгжих ёстой. Мөн үндэсний аюулгүй байдал, стратеги, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Учир нь өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдардаг. Улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь нь Улаанбаатарт байна. Нэг ёсондоо Монгол хот улс болох гээд байна л даа. Тиймээс бүсчилж хөгжиж, түгжрэл, бөөгнөрлөөс ангижирвал дагаад хөрсний, агаарын бохирдол зэрэг олон асуудлаасаа давхар салах том гарц. Хоёрдугаарт, бүсчилж жигд хөгжиж байж Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байна.

Бүсчилсэн хөгжил нь ойрын болон дунд хугацааны ирээдүйд эдийн зааг, нийгэмд ихээхэн эерэг үр дүнг авч ирнэ. Намрын чуулганаар Монгол Улс түүхэндээ анх удаа 27 их наяд төгрөгийн төсөв баталлаа. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого” үр дүнгээ өгч байгаагийн бодит илрэл. Мөн Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар баталсны үр дүнд 27 их наяд төгрөгийн төсөв батлах суурь бүрдсэн. Ингэснээр  ДНБ 70 их наяд төгрөгт хүрэх бололцоог бүрэн хангаж өгч байна. Мөн эдийн засгийн өсөлтийг 2023 онд 6.8 хувьд хүргэж чадсан. Монголбанкны гадаад нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэн эерэг үзүүлэлтүүдийг авч ирж байна. Одоо эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхийн тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол дараагийн том ажил гэж харж болно.

-Та Инновац, цахим бодлогын байнгын хороог даргалдаг. Энэ намрын чуулганаар танай байнгын хороо хэр үр дүнтэй ажиллав?

-Намрын чуулганаар бидний хамгийн том ажил бол нэр бүхий 109 хуульд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх талаар нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан явдал байлаа. Энэ нь “Цахим үндэстэн” болох зорилтын дараагийн шинэ алхам болж байна.Бүхэлд нь харвал төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх гэхээс илүү эдийн засаг, нийгмийн бүх салбарт цахим харилцааны боломжийг нээсэн гэж хэлж болно. Үүнийг дагаад эдийн засгийн том хэмнэлт гарна. Бизнесийн шинэ салбарууд өсч бий болох үүд хаалгыг нээлээ. Тэр дундаа банк санхүүгийн салбар, мөн финтекийн салбар цааш өсөх, хөгжих үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно. Мөн хүнд суртал, цаг хугацааны хэмнэлтийг авч ирнэ. Жишээлбэл, өмнө нь компани байгуулахад наад зах нь биечлэн 11 алхам хийдэг байсан. Компанийн дүрмээ батлаад гарын үсэг зураад заавал улсын бүртгэлд цаасаар өгдөг байсныг цахимаар болгосон. Ингэснээр Монгол Улсын иргэн компьютерийн урд сууж байгаад гар утсаараа компани байгуулах бүрэн боломжтой боллоо. Мөн банкинд зайнаас данс нээх боломжийг нээлээ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх УИХ-ын тогтоолын төслийг оруулж батлууллаа. Тэтгэвэрт гарах гэж байгаа иргэнийг тэр дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тийм бичиг баримтыг авч ир гэж нааш цааш явуулдаг байсныг болиулна. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа ийш тийшээ явж бичиг цаас авч ирдэг бус, нэг ёсондоо бүрэн “нэг цонхны” үйлчилгээтэй болох хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

-Жишээ нь, уул уурхайн цахим биржийн арилжаанаас харахад цахим шилжилт нь авлигатай тэмцэх том гарц болж байна, тийм үү?

-Мэдээлэл технологийн систем авлига нэхэхгүй. Хүнд суртал гаргахгүй. Хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэг. Хүнээс, гарын үсгээс хамааралтай болж эхлэхээр л хээл хахууль авлига үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс салах гарц нь цахимжуулах. Цахимд шилжчихээр бүртгэл нь байнга цахимаар ил тод явж байна. Яригдаад байгаа бүртгэлгүй машин нууцаар гарсан, бүртгэлгүй нүүрс гарсан гэдэг асуудал бүрэн байхгүй болж байна. Үүнийг дагаад “алдагдсан боломж”дахиж яригдахгүй. Цахим биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш гаалиар гарч байгаа Монголын нүүрс бодит эдийн засагт орж Монголбанкны гадаад валютыг нэмэгдүүлж эхэллээ. Өмнө нь долоон ам.доллараар зарсан гэж бүртгэл хийчихээд цаанаа 70, 80 ам.доллараар зардаг асуудал байсан. Үүний зөрүү мөнгийг тодорхой хүмүүс оффшор дансанд, эсвэл өөр нэг байдлаар уусаад алга болдог. Эдийн засагт бодитой нөлөө авч ирдэггүй байсан бол тэрхүү мөнгө Монголдоо үлддэг боллоо. Биржийн арилжаа ч цахимаар явж байгаа. Тэгэхээр мэдээлэл технологийн цахимжилт бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үндэс суурь нь. Үүнээс бид хоцрох ёсгүй. Монголчууд бид цахимыг нутагшуулж, эдийн засгийн өгөөжийг хүртэх гэж зорьж байна.

-УИХ “E-Petition”-ийг нэвтрүүлээд тодорхой асуудалд долоо хон хоногийн дотор 100 мянган иргэний санал авсан. Энэ бол иргэд төлөөллийг хангах маш үр дүнтэй, бодитой хэрэгсэл гэдэг нь харагдлаа?

-“e-Petition” буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн журмыг 2023 оны нэгдүгээр сард Инновац, цахим бодлогын байнгын хороо баталсан. Үүнийг дагаад аравдугаар сард тус системийг нээсэн. Үүний хамгийн том ач холбогдолтой зүйл нь Монгол Улс иргэнээ цахимаар таньдаг болсон. Нэг хүн нэг удаа л санал өгөх хязгаарлалт хийсэн нь иргэдийн саналыг бодитой болгож байгаа юм. Ямар нэгэн тролл ч гэдэг юм уу, хуурамч санал ирэхгүй гэсэн үг л дээ. Тиймээс цахим гарын үсэг юмуу, банкны дансны эрхээр баталжуулж байж нэвтэрдэг.

Гэхдээ энэ систем шинэ зүйл биш. Герман, Англи, Солонгос зэрэг улсууд “Petition”-ийг сүүлийн 50 жил байнгын хэрэглэж байна. Манай нэг онцлог нь үүнийг цахимаар хийж байна. Цаг хугацаа, хүнд суртлыг арилгаж шууд хийх бололцоог нь нээж өгч байна. Ийн Монгол Улсын иргэн бүр өнөөгийн парламентын 77 дахь гишүүн болох бололцоог нээсэн. Иргэд тулгамдаж байгаа асуудлаараа УИХ-аар хууль батлуулах боломжийг  нээсэн. Тухайн асуудлыг 100 мянган иргэн дэмжвэл хуулийн төсөл болж, УИХаар хэлэл цүүлэгдэнэ. Ийм нөлөөг үзүүлэх бодит боломж нээгдсэн. Жишээ нь, УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтын асуудлаарх саналыг байршуулсан. Маш богино хугацаанд 100 мянган хүний санал авсан. Үүний дагуу УИХ-ын дарга энэ асуудлыг Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн. Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарсан. Одоо тэр ажил татварын том реформын эхлэл болсон. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Монгол Улс нэгдсэн татварын системтэй гэж олон нийт хардаг. Гэтэл салбар бүрт татварын дарамт нь өөр байдаг. Уул уурхай салбарын татварын дарамт нь мэдээлэл технологийн ч юм уу, бусад салбарынхтай адил байгаа нь шударга бус байна. Тиймээс салбар бүрийн татварын дарамтад дүн шинжилгээ хийнэ. Үүний зөв зохицуулалт нь юу байна, яаж тэрхүү зохицуулалтыг хийж, тодорхой салбарын нийгмийн хариуцлагыг өндөр болгох вэ гэдэг асуудал яригдана.

-Та эдийн засагч хүн. Тиймээс 2024 оны эдийн засгийн төлөвийг ярилцъя. 2024 онд эдийн засагт сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл нь эрчим хүч гэж шинжээчид мэдэгдэж байгаа. Та 2024 оны Монголын эдийн засгийг хэрхэн харж байна. Манайд ямар эрсдлүүд тулгарах бол?

-Мэдээж эрсдэл бий. Гэхдээ эдийн засгийн пирамидыг харахад Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байх болов уу. Учир нь нэгдүгээрт, манай улсын худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 15 тэрбум ам.долларын экспортыг Монгол Улс хийж чадлаа. 70 сая тонн нүүрс экспортоллоо. Төлбөрийн тэнцэл 900-аад сая төгрөгөөр эерэг гарсан. Монголбанкны валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэнгээр Монголын түүхэнд байгаагүй эерэг үзүүлэлтүүд гарсан. Түүнчлэн анх удаа нэг тэрбум ам.долларыг аялал жуулчлалын салбараас оллоо. Аялал жуулчлал Монголын эдийн засгийн дараагийн том тулгуур болох бололцоо байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн Засгийн газар Монголоо сурталчлах ажлыг амжилттай хийсний үр дүнд Монгол Улс аялахад хамгийн таатай, хамгийн сонирхолтой орнуудын тоонд 2024 онд орсон. Тиймээс энэ жил 600 мянгаас илүү, бараг нэг сая жуулчин авах бололцоо бүрдсэн. Үүнийг дагаад үйлчилгээ, аялал жуулчлалын салбар хөгжих, ажлын байр, орлого нэмэгдэх бололцоотой болсон. Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсэг нь уул уурхайн салбараас гарна. Урт хугацаанд боловсруулах үйлдвэр гэхчилэнгээр явах ёстой л доо.

-Эдийн засагт нүүрс гол нөлөөтэй. Төсөвт та вигд сан дүнгээсээ ч их хэмжээгээр нүүрсний экспорт хийх боломжтой талаар та ярьдаг. Гэтэл нүүрсний эрэлт өнөөгийнх шигээ байх уу гэсэн бол гоомжлолыг нөгөө талаас хүмүүс тавьдаг шүү дээ?

-2024 оны төсөв дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн зорилт тавьсан. Бодит хүлээлтийг харахад энэ жил 75 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж харж байна. Учир нь коксожсон нүүрсний хэрэглээ БНХАУ-д өндөр байна. 2023 онд БНХАУ-ын дотоодын эдийн засаг 5.2 хувиар өслөө. Дэлхийн хоёр том эдийн засгийн нэг нь ингэж өсч байгаа нь манайд эерэг зүйл. БНХАУ-ыг харахад коксожсон нүүрсний эрэлт хэвээрээ байна. Гурван хувиар өснө гэсэн шинжээчдийн дүгнэлт бий. БНХАУ мөнгөний бодлого болон Засгийн газрын төсвөөр эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд 740-аад тэрбум ам.долларыг эдийн засгийг идэвхжүүлэх бодлогод зарцуулсан.

Мөн 400-аад тэрбум ам.долларыг үл хөдлөх болон барилгын салбар руугаа хийх төлөвлөгөө гаргасан. Барилга баригдана гэдэг нь арматур, төмөр, гангийн эрэлт нэмэгдэнэ. БНХАУ энэ жил ойролцоогоор нэг тэрбум тонн ган хайлуулах прогнозыг шинжээчид гаргасан. Нэг тонн ган хайлуулахад дунджаар 700 кг коксожсон нүүрс шаардагддаг. Мөн дотоодын хэрэгцээ гэхээсээ илүү гадаадад их хэмжээний боловсруулсан төмөр болон ган экспортолдог. 2023 онд Хятадын арматурын экспорт гэхэд 43 хувиар өссөн. Түүнчлэн орон нутаг, дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс коксожсон нүүрсний эрэлт өндөр байх нь ойлгомжтой.

Сараар нь харвал, манай улс өнгөрөгч 11, 12 дугаар сард түүхэн дээд хэмжээнд нүүрс экспортолсон. Ялангуяа 11 дүгээр сард 7.9 сая тонн нүүрс экспортолж чадсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр ОХУ түүхий эд экспортын тариф, татвар тавьсан. БНХАУ Оросоос их хэмжээний нүүрс авдаг байснаа багасгаад Монголоос авдаг болсон. Өөрөөр хэлбэл, Оросын нүүрс нь илүү үнэтэй, Монголынх хямд болчихоор зах зээлийн өрсөлдөөний зарчмаар манайхаас шууд авч эхэлж байна.

Түүнчлэн манайх Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын нэвтрэх чадамжийг дээшлүүлсэн. AGV автомат технологийг нэвтрүүлсэн. Түүнчлэн төмөр замын асуудал ч мөн яригдаж байна. Гашуунсухайтаас Зүүнбаян хүртэл төмөр зам баригдсан. Мөн Ханги-Мандалын төмөр зам гэхчилэнгээрбоомтын сэргэлт эрчимтэй явагдаж байна. Төмөр замын холболтоо хийчихвэл манай экспорт их хэмжээгээр өсөх бололцоо нээгдэнэ.

Хоёрдугаарт, дэлхий нийтийн ковидын дараах эдийн засгийг харахад эхний хоёр жил үйлчилгээний салбар болон аялал жуулчлалын салбар их эрчимтэй өссөн. Харин аж үйлдвэрийн салбар бүрэн сэргэж чадаагүй байна. 2024 онд дэлхий нийтээр аж үйлдвэрийн салбарын өсөлт эрчимтэй явагдана гэсэн хүлээлт байгаа. Тэр дундаа Герман, АНУ, БНХАУ-ынх. БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн дийлэнх нь түүхий эд үйлдвэрлэж экспортод гаргадаг байснаа болиод нэгдүгээрт, дотоодын хэрэглээ. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэр. Гуравдугаарт, мэдээлэл технологийн салбар руу анхаарч эхэлж байна. Энэ бол манайд эерэг мэдээ. Учир нь зэсийн эрэлт, үнэ дээр эерэг нөлөө авч ирнэ. Тэр дундаа цахилгаан машины борлуулалт дэлхийд моданд орж байна. Нийт борлуулж байгаа машины 12 хувийг цахилгаан машин эзэлж байна. Харин Хятад улс үүний 26 хувийг эзэлж байгаа. Өнгөрөгч онд Хятадын цахилгаан машины BYD компани Tesla-г давчихлаа. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд 90 кг зэс шаардагддаг. Энгийн машин үйлдвэрлэхэд 14-20 кг зэс шаардлагатай. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зэсийн эрэлт харагдаж байна. 2024 онд дэлхий нийтэд борлуулагдаж байгаа машины 20 хувийг цахилгаан машины эрэлт эзэлнэ гэдэг дүгнэлтийг шинжээчид гаргасан. Тэгэхээр шинээр 11 сая цахилгаан машин зарагдахаар байна. Учир нь дэлхий нийт дунджаар 50-55 сая машин шинээр үйлдвэрлэдэг. Үүний 20 хувь нь гэж тооцоолохоор 11 сая машин гэсэн үг. Тэгвэл нэг машинд дунджаар 90 кг зэс шаардлагатай гэхээр дэлхийд эрэлт нь байж байна л гэсэн үг.

-Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахын тулд ямар бодлого хэрэгтэй вэ. Иргэдийн бодит орлого өсөхгүй байна шүү дээ?

-2024 оны улсын төсвийг батлахдаа тодорхой салбаруудыг дэмжих төсөв баталсан. Тэр нь боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гаалийн татвар авахгүй, чөлөөлсөн. Ингэснээр 2024, 2025 онд боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжих бололцоо үүссэн. Нүүрс угаах, ноолуур, зэс боловсруулах гэхчилэн аж үйлдвэрийн сэргэлтийн том төслүүд бий. Цаасан дээр байгаа эдгээр төслүүд бодит болж Монголын экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох бололцоо нээгдсэн.

Эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит орлогод шингээж эерэг нөлөө авч ирэхийн тулд анхаарах хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрх нь, үнийн өсөлт. Үнийн өсөлт нь худалдан авах чадварыг шууд бууруулж байгаа. 2024 оны сүүлээр Монголын үнийн өсөлт 7.9 хувьд хүрсэн. Нэг оронтой тоонд орсон сайн хэрэг. Гэхдээ бүтцийг нь харвал 7.9 хувийн 42 хувь мах, гурил, будааны үнийн өсөлт эзэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна. 2024, 2025 онуудад үр шимээ өгч эхэлнэ гэж бодож байна.

Үнийн өсөлт, тэр дундаа хүнсний үнийн өсөлтөд онцгой анхаарах ёстой. Тээвэр логистикийн болон гадаад үнийн өсөлт ковидын үеэс харьцангуй буурсан. Тиймээс манай улсын үнийн өсөлтийн гол асуудал нь хүнс дээр байна. Үүн дээр Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж байж нийлүүлтээ яаж хийх, ямар механизмаар авч ирэх гэдэгт онцгой анхаарах ёстой. Бид махны үнийн өсөлттэй жил бүр тулж байна. Нөөцийн махны механизм ажиллахгүй байгаагийн бодит жишээ энэ. Тиймээс нөөцийн мах бүрдүүлэхээс илүү зах зээлийн бусад шинэлэг механизм бий болгох нь зүйтэй. Ялангуяа орон нутгийн бүсчилсэн ХАБ-ууд байгуулж, зуншлага тарган байгаа газраас мал мах авч бусад газрууд руугаа тараадаг балансыг нь зөв олдог механизм хэрэгтэй байна.

Хоёрдугаарх нь, банкны зээлийн хүү. Банкны зээлийн хүүг буруулж байж бодит орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажлын байр бий болгож, үүгээрээ дамжуулж эдийн засгаа өсгөж, татвар, экспортын орлогыг нэмэгдүүлэх нь зөв. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийе гэхээр мэдээж банкнаас зээл авах шаардлага гардаг. Гэтэл банкны хүү өндөр, дээр нь тоног төхөөрөмжөө худалдаж авч хүүгээ төлж ашиг хийхийн тулд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөнө. Ингэж байж ашигтай ажиллаж, зээлийн хүүгээ дарах чадвартай болно. Энэ нь үнийн өсөлт авч ирээд байгаа юм. Тиймээс үүн дээр анхаарч ажиллах нь зөв.

-Анхаарч ажиллана гэхээр ямар зохицуулалт хийх тухай та ярьж байна вэ. Жишээ нь зээлийн хүүг буулгах ямар гарц байгаа юм бэ?

-Зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүтэй шууд хамааралтай байдаг. Бодлогын хүүгээ буулгах суурь нөхцөлийг эхлээд үүсгэх ёстой. Энэ нь юу гэхээр өнөөх инфляци. Эдгээр нь бие биетэйгээ шууд уялдаатай байдаг. Өнөөдөр инфляц нэг оронтой тоо руу орж 7.9 хувьд хүрлээ гэсэн статистик гарч байна Цаашдаа хүнсний нийлүүлэлтийн механизмаа зөв хэрэгжүүлж чадвал зорилтод үнийн өсөлтийг зургаан хувьд барина гэж Монголбанк “Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-д тусгаж батлуулсан. Зургаа хувьдаа хүрчихвэл хүнсний барааны инфляци буурах бололцоо бүрдэнэ.

Гэхдээ өнөөдөр Монголын М2 буюу мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг дагаад эдийн засгийн хэт хөөргөдөл үүсэх нөхцөл бий болох гээд байдаг. Үүнийг дарахын тулд,мөн валют, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахын тулд Монголбанк бодлогын хүүгээ 13 хувь болгож өсгөсөн. Өнөөдөр ч хэвээр хадгалсаар байна. Тэгэхээр хэрвээ инфляци тодорхой хэмжээнд бага түвшинд байж, валютын ханш төлбөрийн эерэг тэнцлээс хамаарч тогтвортой байвал бодлогын хүүгээ бууруулах бүрэн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой болон Монголд ам.доллар оруулж ирдэг бусад том аж ахуйн нэгжүүдийнхээ валютын орлогыг Монголбанк өөрөө төгрөг болгодог. Ингээд тэр ам.доллараар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байна. Өнөөдөр гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нөхцөлд валютын тодорхой хувийг нь арилжааны банк, зах руугаа нийлүүлэх нь зөв. Ингэж байж төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах суурь нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт, Монголбанк шууд ченж хийгээд байхаар мөнгөний нийлүүлэлтээогцом өсгөөд байгаа юм. Монголдоо арилжааны банкуудын харилцах дансанд экспортын орлого нь бүрдэж, тухайн аж ахуйн нэгжүүд нь цалингаа тавих болон бусад үйлчилгээ авахын тулд ам.доллараа төгрөг болгож солиулаад арилжааны банкуудын төгрөг ам.долларын активын зохистой харьцаанд ам.доллар нэмэгдчихвэл арилжааны банкууд хоорондоо ам.доллараа арилжаалах, бүр төгрөг олдохгүй бол Монголбанк руу ам.доллар зарах нөхцөл үүсч байж органикаар ам.долларын ханш буурна.

Тэгэхгүй өнөөдөр арилжааны банкуудад ам.доллар органикаар өсөхгүй байна. Үүний бодит жишээ нь, Мон голбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютаа дуудлага худалдаагаар дунджаар 100 сая ам.доллар нийлүүлж байгаа юм. Ингэж байж арилжааны банкуудын ам.долларын хэрэгцээг хангаж байна. Тиймээс илүү экспортын орлоготой аж ахуйн нэгжүүдийн харилцах дансыг нь дотоодын банкны дилерүүд сольж, зарж, худалдаж авбал энэ нь төгрөгийн ханшийг сулруулах үндсэн нөхцөл үүснэ. Тиймээс ийм арга хэмжээг 2024 онд Монголбанк хийх ёстой гэж эдийн засагч хүний хувьд би боддог.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Мөнгөтэй хүн л улс төр хийдэг юм шүү дээ… DNN.mn

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, сайд, дарга болох мөрөөдөлтэй улстөрчид ордноор дүүрэн хольхилдоно. Яг л багш нараасаа дүн гуйж, хамаг зовлонгоо хэлэн шаргууцалдах оюутнууд шиг шаагилдаж байна. Гэхдээ ихэнх нь мөнгөгүй. Мөнгөтэй байсан ч өөрөөсөө нэг ч төгрөг зарлагадахгүйгээр сонгуульд өрсөлдөх сонирхолтой улстөрчид олон бий. Угтаа улс төрийг мөнгөтэй хүн хийдэг гэдгийг дэлхийн аль ч улс орны улс төрийн үйл явцаас тодорхой харж болно. Харин манайд энэ зарчим эсрэгээрээ ажилладаг нь сонин. Мөнгөгүй атлаа улс төрийг сонирхож, энд тэнд хор хутган бусдын нэр төрийг харлуулж, улмаар түүгээрээ зарим сонгогчдод таалагдан нэр дэвших муу аргатай. Энэ аргандаа бүр гаршчихсан улстөрчид ч цөөнгүй. Гэхдээ одоо цаг үе өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бусдаар хэлүүлэлтгүй мэддэг болж. Тиймээс улиг болсон мөнгөгүй улс төрчдийн энэ арга одоо хол явахгүй биз. Харин жинхэнэ улс төрийг мөнгөтэй, мэдлэгтэй хүмүүс хийдэг гэдэг зарчим энэ сонгуулиар хүчтэй үйлчлэхээр харагдаж байна. Энэ бол ардчилсан улс орнуудад тогтсон эрүүл зарчим. Дэлхийн улс төрийн энэхүү сонгодог жишгийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголд тод харуулж чадлаа. Тэрээр энэ парламентын эд эс байсан ч явцын дунд албан тушаалын хэрэгт нэр холбогдож, гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар сүүлийн хоёр жил гаруй чимээгүй байсан тэрээр улс төрд дахин орж ирж байгаагаа чангаар зарлалаа. Түүний хувьд ирэх сонгуулиар Монголын ногоон нам, МүАН-ыг нэгтгэн “Үндэсний эвсэл” байгуулан оролцохоо мэдэгсэн. Энэхүү мэдэгдэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ердийн цаг үеийн үйл явдал байдлаар цацагдсангүй. Харин эсрэгээрээ Монголын өдөр тутмын бүх сонины нэгдүгээр нүүрт энэхүү мэдэгдлээ нийтлүүлэн ард түмэнд хүргэлээ. Н.Номтойбаяр бол байдаг л нэг улстөрч биш. Тэр ч утгаараа тэрээр Монголын улс төрд нүүр бардам орж ирж байгаагаа зарлахын тулд Монголын өдөр тутмын бүх сонинд төлбөрөө төлж, нэгдүгээр нүүр дээр нь мэдэгдлээ тамгалав. Ингэж зангарагатайгаар улс төрд орж ирж байгаагаа зарладаг хүн цөөхөн. Хувь улстөрч битгий хэл улс төрийн намуудаас ч ийм эрүүл зарчим гарах нь ховордсон. Эрх баригч нам мөнгөтэй. Тэр чинээгээрээ Монголын улс төрийг удирдаж байгаа. Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас ард түмэн улс төрийн зоригтой том акц өрнүүлэхийг өнгөрсөн хугацаанд анхааралттай ажиглалаа. Гэвч тэд хоорондоо толхилцож, маргалдсанаас өөр онцгой зүйлгүйгээр ээлжит сонгуультай золгож байна. Үнэндээ сөрөг хүчинд мөнгө алга. Мөнгөгүй учраас хүссэнээрээ улс төр хийж чадахгүй байгаа нь нууц биш. Хөрөнгө мөнгө босгож чаддаг, зарж, зарцуулж чаддаг улс төрийн нам, улстөрчид л ирэх сонгуулиар ялна. Түүнээс биш аль гоё сайхан ярьсан нам, улстөрчид улс төр хийдэггүй. Угаасаа улс төр хийх ямар ч боломжгүй. Тиймээс ардчилсан, чөлөөт зах зээлтэй орнуудын адил эрүүл, ил тод эдийн засгийн аргаар улс төр хийх цаг нь болсон.

Categories
мэдээ улс-төр

М.Баярсайхан: Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү DNN.mn

Социологич, улс төр судлаач М.Баярсайхантай ирэх сонгуулиар иргэд ямар улстөрчийг сонгож гаргах нь зөв эсэх талаар ярилцлаа.


-Сонгууль болоход ердөө таван сар гаруй хугацаа үлдлээ. Мэдээж Цагаан сарын дараа сонгуулийн уур амьсгал ид орох байх. Таны хувьд ирэх сонгуулийг хэрхэн явагдах бол гэж харж байна вэ?

Монголын ард түмэн түүхэндээ байгаагүй шинэ сонголт хийх цаг дөхөж байна. Та сонгуулийн уур амьсгал цагаан сарын дараа ид орох байх гэлээ.

Үгүй ээ, улс төрийн хүрээнд бол сонгуулийн гал хэдийнэ дүрэлзэж эхэлсэн. Улс төрийн нам, улстөрчдийн дунд байрлалаа эзлэх хөдөлгөөн эхэлчихсэн явж байна. Тэр нь тойрогт дэвших үү, тойрогт дэвшлээ гэхэд хаана очих вэ, эсвэл намын жагсаалтаар яаж орох вэ гэдэг байрлалаа эзлэхээр бужигналдаж байна. Мэдээж ирэх сонгуулиар бид 126 хүнийг гаргаж ирнэ. Ингэхдээ 78 хүнийг сонгож, үлдсэнийг нь намд нь даатгана. Тэгэхээр тойргоос гарч ирэх хүмүүст бус намаас орж ирэх улстөрчдийг бид анхааралтай харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нам ямар хүмүүсийг жагсаалтдаа багтаасныг сайн үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв тухайн улс төрийн хүчин намын жагсаалтаар орж ирэх 48 хүнийхээ дунд нэг, хоёр хулгайчийг оруулж ирсэн л бол тэр намд саналаа битгий өгөөрэй гэж хүсье.

-Нэг, хоёр муу нэртэй улстөрчид орлоо гээд үлдсэн 40 гаруй улстөрчийг үгүйсгэх хэрэг байна уу?

-Улс төрийн нам гэдэг бол ганцхан зорилготой. Тэр нь олонх болж Засгийн эрхийг барих. Дангаараа төр барих гэсэн үг. Нөгөөтэйгүүр 48 хүн гэдэг бол нэг баг гэсэн үг. Тэр утгаараа багт хулгайч байж л байвал тухайн намын бодлого зөв явахгүй. Тиймээс намын жагсаалтад орсон гишүүдээ танилцуулах явцад нь иргэд сонгогчид маш сайн судлах шаардлагатай. Томсгосон тойрог учир зүс таних хүмүүсээ дэмж гэсэн зүйл байхгүй. Таны таньдаг, таньдаггүй хүн гэхээс илүү улс төрийн манлайлал нь юу вэ, ямар бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ гэдгээр нь дүгнэлтээ хийх хэрэгтэй.

-Ирэх сонгуулийг бид шинэ тогтолцоо, шинэ хуулиар явуулахаар болсон. Үүнд сонгогчид хэр идэвхтэй оролцох бол. Учир нь сонгууль өгөөд яах ч юм билээ, адилхан л хулгайч гарч ирнэ гэсэн бодолтой иргэд цөөнгүй байна л даа?

-Мэдээж төрд итгэх иргэдийн итгэл суларсан нь үнэн. Хамгийн сүүлийн судалгаагаар улс төрийн томоохон гэгдэх хоёр нам нийлээд ч цагаан сонголтод хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын санал авах рейтинг цагаан сонголтоо давж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд улс төрийн намууд хэнийг хаана дэвшүүлэх вэ, хэнийг жагсаалтаар гаргаж ирэх вэ гэдгээ сонгогчдодоо эртхэн зарласан нь зөв байх. Учир нь энэ багаараа энэ имиджээрээ сонгуульд оролцвол судалгааны дүн худлаа хэлэхгүй болов уу. Тэр утгаараа улс төрийн ууган хүчнүүд тойргийн хуваарилалтыг маш нарийн бодож төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэн, ямар нам өрсөлдөж байгаагаас үл хамаараад Монгол төрийн сонгуульдаа оролцох ёстой. Ингэж байж бид эрх зүйт төрөө үргэлжлүүлэн авч явна. Ингэж байж бидэнд ардчилсан тогтолцоогоо засах, сайжруулах боломж гарч ирнэ. Бүх нийтээрээ төрийн хулгайтай тэмцэж байна. Тэр утгаараа иргэдийн хамгийн үр дүнтэй тэмцэл бол сонгуульдаа оролцох. Саналаа өгөх. Хэрэв санал өгөхгүй, сонгууль надад хамаагүй гэсэн хандлагатай байвал төрийн хулгай улам л гаарна.

-Ер нь судлаач хүний хувьд бид энэ сонгуулиар яг ямар хүнийг сонгох ёстой вэ. Сонголтоо хийхийн тулд ямар шалгуур тавих нь чухал бол?

-Түрүүний асуултад нэмээд нэг судалгааны дүн хэлье. SICA судалгааны байгууллагаас залуучуудын дунд явуулсан судалгаагаар 70 хүртэлх хувь нь 25-40 насны нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэгэхээр ирэх сонгуулийн үр дүнд бүрдэх парламентын ихэнх хувь нь энэ насны залуучууд байх болов уу гэсэн таамаг байна. Юуны өмнө ямар ч хулгай, тендер, аливаа сангийн зээлд нэр холбогдоогүй улстөрчийг сонгох хэрэгтэй. Энэ шалгуурыг олон хүн сонголтдоо тавих байх. Улстөрчийн хамгийн үнэт зүйл бол нэр төр. Тиймээс энэхүү сонгуулиар тэрхүү нэр төр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ард түмэн улстөрчдөд ойлгуулсан сонгууль болоосой гэж хүсч байна. Учир нь аливаа хулгай, луйварт нэр холбогдсон улстөрчдөд дараагийн сонгуулиар ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Одоо манай улстөрчдөд нэг зүйл их тодорхой харагдаж байна. Тэр нь би бусад улстөрч шиг дөрөв, таван хэрэгт нэр холбогдоогүй. Ганц хоёр хэрэгт холбогдсон гэх мэт хэргийнхээ тоогоор өөрсдийгөө өршөөх хандлагатай болж ирлээ. Ийм зүйл байж болохгүй. Хэрэг хийсэн л бол их, бага нь хамаагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хэн илүү хөрөнгө зарж сонгуульд оролцож байна, түүнийг анхааралтай ажигла. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас нас, хүйс, боловсрол, ажил амьдралын туршлагын хувьд аль болох өөр, олон янз байж чадвал ард түмнийг төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн аль болох алаг, өөр өөр байх ёстой.

-Үе үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад голцуу хуульч, эдийн засагчид их орсон байдаг. Та бол парламент аль болох алаг байх хэрэгтэй гэж байна шүү дээ…?

-Тухайн нэр дэвшигч ямар мэргэжилтэй вэ гэдгээс илүү юу хийх вэ гэдэг нь л чухал. Өөрөөр хэлбэл бид хуульч, эдийн засагч учраас заавал сонгоно гэсэн үг биш. Хуульч гээд ярихад Үндсэн хуулийн үнэт зүйлийн эсрэг ажиллаж байсан хуульчид ч нэр дэвшиж байх жишээтэй. Тиймээс Үндсэн хуульт ардчилалд үнэнч эсэх нь тухайн нэр дэвшигчийн суурь шаардлага байх хэрэгтэйг хэлэх хэрэгтэй.

-Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс бид юуг хамгийн түрүүнд шахаж, шаардах ёстой вэ?

-Өнгөрсөн хоёр ч сонгуулиар нэр цэ вэр, шинэ залуу байх шаардлагыг тавьж байсан. Энэ жил ч гэсэн энэхүү шаардлага дээрээ нэмээд боловсролтой, тухайн улстөрчийн хувийн хандлагыг илүү харах бололтой. Гэхдээ нэг зүйл хэлье. Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү. Нөгөөтэйгүүр өндөр боловсролтой гэж өөрийгөө сурталчилж байгаа ч яг тэр өндөр боловсролоо нийтийн эрх ашгийн төлөө зориулна гэх баталгаа ч байхгүй. Тиймээс явж явж сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр  иргэд, сонгогчид өөрсдөө байнгын хяналттай л байх хэрэгтэй. Нэр дэвших явцад нь тухайн нэр дэвшигчийн амлалтыг авч, хэрэв сонгогдоод гараад ирлээ гэхэд тухайн гишүүнээс амлалтыг нь байнга нэхэж, хянаж байх шаардлагатай гэсэн үг. Иргэд, сонгогчдын ийм идэвхтэй бүлгүүд л үүсч байж бид хүсч буй өөрчлөлтөө авчирна.

-Сонгууль дөхсөнтэй холбоотой гишүүд ажлын тайлан сэтгүүлээ гаргасаар байна. Тус тайланг нь харахад гишүүд хөгшчүүдийн эмчилгээ, хүүхдүүдэд англи хэлний курс хичээллүүлсэн, зам талбай зассан гээд олон ажлыг бичсэн байна. Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүний үндсэн ажил мөн үү?

-Уг нь тухайн гишүүн хүүхдүүдэд англи хэл зааж явахын оронд үндсэн үүрэг болох боловсролын холбогдолтой хуулиудыг нь сайжруулахыг санаачилж, боловсруулж, батлах ёстой. Мэдээж УИХ-ын гишүүн гэдэг нийт ард түмний төлөөлөл байна. Тэр утгаараа улс орны хэмжээний асуудлыг бодлого, эрх зүйн хувьд өөрчлөх, шинэчлэх, засах, сайжруулах ажлыг л хийх ёстой. Тиймээс одоо улиг болсон зам талбай, сургууль цэцэрлэг барих гэх мэт зүйл ярьсан улстөрчдийг сонгохгүй, дэмжихгүй байхад л болно. Үүнийг харин бид Засгийн газрын салбар салбарын сайд нараас илүүтэй шаардах хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган ирэх сарын 5-нд ээлжит бусаар хуралдахаар болжээ DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5 буюу ирэх даваа гаригт хуралдуулахаар болжээ.

Эл хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг хуулийн төсөлтэй уялдуудан“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа DNN.mn

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө УИХ-ын ээлжит намрын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дэд даргын хувьд энэ чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ удаагийн чуулганаар бие даасан 12 хууль баталж, 200 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэлээн ачаалалтай ажилласан чуулган болж өнгөрлөө. Миний хувьд хэд хэдэн хууль дээр илүү төвлөрч ажилласан. Юуны түрүүнд төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдал, төсвийн хүрээний мэдэгдлүүдийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг улс орны урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэх талд саналаа тусгасан. Дэлхийг хамарсан цар тахал, дайн байлдаан, бүс нутгийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төсөвт учирч болох эрсдэл, түүнийг урьдчилан тооцож ажиллах нь зөвхөн 2024 он төдийгүй цаашид анхаарах нэг чухал стратеги мөн. Сонгуулийн жил угтан төсвийн хэт тэлэлт хийж, цалин хөлс нэмэхээс авахуулаад нийгмийн халамжийн шинжтэй бодлого хэрэгжүүлж байгаад нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дүн жилээс жилд өсч байгаа ч тэр өсөлт айл өрхийн хаалгаар орж мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь инфляци хөөрөгдсөн төсөв, мөнгөний бодлоготой холбоотой.

-Тэгэхээр ядуурал их байна гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр инфляци нэг оронтой тоо руу орсон гэж мэдэгдээд байгаа шүү дээ…?

-Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу, ядууралд ойр хүний тоог нэмбэл бараг хоёр хүний нэг нь ядуу байна. Өдөрт 7000 төгрөгийг амьдралынхаа хэрэгцээнд зарцуулж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол албан бус татвар болох инфляци шүү дээ. Статистик тоогоор инфляци нэг оронтой тоонд орсон гэж байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн цалин орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Миний бие төсөв мөнгөний бодлоготой уялдуулан АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэн баталчихвал улс орны хөгжлийг зөвхөн төсөв, мөнгөний бодлогоор хязгаарлалгүй уул уурхайгаас олж буй орлогыг дараа дараагийн хөгжлийн бодлогод чиглүүлэх алхам хийгдэнэ гэж найдаж байна.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын талаар оруулж хэлэлцүүлсэн хууль тун ховор санагддаг. Харин саяын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Та энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль бол анх удаа цоо шинээр батлагдаж байгаа хууль. Ер нь 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд давамгайлж байсан эмнэлэгт шүтсэн тогтолцоог өөрчилж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн тэргүүний зорилт болгон хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл иргэн хүн өвдсөн хойноо эмнэлэгт ирэх бус өвдөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг. Энэ үеэс л Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль яригдаж эхэлсэн ч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байсангүй. Уг хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйл, халдварт болон халдварт бус өвчнийг тандах, судлах, үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг өргөн хүрээтэй асуудлыг зохицуулах учраас маш их ач холбогдолтой хууль. Тийм учраас үйл ажиллагаанд баримтлах НЭМТҮ-ний зарчим, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын байгууллага, Засаг дарга нарын чиг үүргийг тогтоож өгсөн.

-Нэг зүйлийг тодруулахад НЭМ-ийн ажилтны нийгмийн баталгаа гэж юу байдаг юм бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хэрэгжээд явж байгаа шүү дээ. Тухайлбал Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно, 29.5-д Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн заалтад хамрагдаж байгаа.

-Энэ хуулийн хэрэгжилтийн хугацаан дээр та маргаан үүсгэж байсан. Ямар учиртай юм бэ?

-Анх энэ хууль орж ирэхдээ хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сараас гэж байсан. Гэтэл ажлын алба дахин боловсруулж оруулж ирэхдээ дөрөвдүгээр сарын нэгнээс гэж оруулж ирсэн. Энэ хууль анх удаа хэрэгжих гэж байгаа учраас бэлтгэл ажил ихтэй гэдгийг олон хүн надад хэлж байсан. Би ч өөрөө тийм ойлголттой байсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түүний төсөв, зардал, үнэлгээний тооцоо судалгаа хийх, Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажил үүргийг тодорхойлсон журам гаргах, аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв, зоонозын төв, лабораториуд, эмнэлгийн нэгж албад гээд олон байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой олон дүрэм журам боловсруулж мөрдүүлэх шаардлага гарах юм билээ. Тэгээд ч одоо УИХ-ын ээлжит сонгууль гээд бужигнаж эхэлнэ. Энэ үеэр төрийн захиргааны ажил маш их цалгарддаг гэдгийг мэдэх учраас л хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс болгочихооч гэж хүссэн. Харамсалтай энэ саналыг хүлээж аваагүй. Ер нь бид хуулийн хэрэгжих хугацааг тооцоо судалгаатай хийхийн оронд сэтгэлийн хөөрлөөр дайрдагаа болих хэрэгтэй.

-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуульд таны санаачилсан хэд хэдэн заалт тусгагдсан. Энэ талаар та тодруулж ярихгүй юу?

-Намрын чуулганаар батлагдсан маш чухал хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсан гэх ноцтой баримт тусгагдсан. Би үүнийг анх УИХ-ын чуулган дээр мэдэгдэж энэ асуудлыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайн үед гишүүд юу яриад байгаа юм гэх нь холгүй байсан. Үүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын 22 дугаар илтгэлд 2020-2022 онд 2694 хүн баривчлагдсаны 2674 нь буюу 99 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан. Үүний 50 хувь нь шаардлагагүй баривчилгаа байсан гээд суллагдсан тухай илтгэлд дурдсан. Ингэснээр НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлт батлагдаж байгаа юм. Бид өөрсдийгөө цөөхөн монголчууд гэж тодотгодог. Гэтэл цөөхөн монголчууд бид нэгнийхээ эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсээр байна. Иймээс миний зүгээс өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг долоон удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдсан.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэт хуучинсаг заалтууд байсаар байгааг хөндөж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид чинь Ардчилсан Үндсэн хуультай улс. Гэтэл одоо хүртэл коммунизмын үеийн хуулийн заалтуудаа өөрчлөхгүй хэвээр байлгаад байж болохгүй. Байлгаад байвал мэдээж хэрэг хүний эрх зөрчигдсөөр л байх болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд одоо ч хэт хуучинсаг заалтууд орсоор байгаа харагддаг. Бүр БНМАУ-ын үед хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн заалтууд олон байна. Хэлмэгдүүлэлтийн үед хар машинтай ногоон малгайтай хүмүүс шөнө оройн цагаар сүр дулиантай ирээд хүмүүсийг баривчилдаг, ойр хавийн хүмүүс том жижиггүй айж эмээдэг, сүрддэг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл одоо ч гэсэн их хэлмэгдүүлэлтийн үед байсан энэ хар технологи байсаар байна шүү дээ. “Хойшлуулшгүй” гэх үгээр халхавчлан гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад тухайн сэжигтнийг баривчилж байна. Тиймээс миний бие “хойшлуулшгүй” баривчилгааны асуудлыг цэгцлэх цаг болсон гэж үзсэн.

-Тэгвэл таны санаачилсан заалтууд хуульд тусгагдсанаар Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, “хойшлуулшгүй” ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдаж байгаа юм. Өмнө нь “хойшлуулшгүй” ажиллагаа нэрээр мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субъектив байдлаар ханддаг байсан. Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Энэ хууль батлагдсанаар долоо хоногийн долоон өдөр 6-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм. Бас баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан. Нөгөө талаар хүмүүсийг олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна.

-Баривчлах, цагдан хорих асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ гэж ойлголоо. Зөв үү?

-Хүний эрхийн комиссын 22 дугаар илтгэлд нийт баривчилсан хүмүүсийн 46 хувь нь нэг, хоёр хоногийн дараа хорих шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэрээр суллагдсан байсан шүү дээ. Мөн өмнөх хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа л бол тухайн хүнийг шууд цагдан хорьдог байсан бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох гурван үндэслэлийг тусгасан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан бол, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол баривчилна гэж хуульд заасан. Бас Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг дээр заасан гурван үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн гурван үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор хуульд тусгасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай заалтаар хорих ялаар шийтгүүлэх хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Хууль хэрэгжиж эхэлснээр тухайн хүн хамгийн дээд тал нь 90 хоног найман жилээс дээш ял авахаар байгаа бол түүнийг 18 сараас илүүгүй хорихоор зохицуулагдсан.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-2024 оны наймдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.

-Хотоос сонгогдсон гишүүний хувьд замын түгжрэл, утаа гээд хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх талд УИХ юу хийсэн бэ?

-Үнэхээр хотын утаа, түгжрэл, стресс, халтиргаа гээд өдөр тутам тулгарч буй эдгээр асуудал нэг далайлтаар шийдэгдэхгүй. Нэг үгээр хэлэхэд урт хугацааны буруу төлөвлөлт, буруу шийдвэрийн үр дагавар. Яг үнэндээ Э.Бат-Үүл даргаас хойш нийслэлд тэр гээд хэлчих дорвитой бүтээн байгуулалт, шийдэл гарсангүй. Тийм учраас хотыг удирдаж буй нөхдийг юм хийх болов уу гээд хоттой холбоотой шийдвэр санаачилгыг бүрэн дэмжиж, идэвхтэй оролцож ирлээ. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн бухимдал стресс, цаг мөнгөний хамгийн том толгойн өвчнийг шийдэх эрх мэдэл үүрэг хариуцлагыг хотын удирдлагуудад бүрэн өглөө. Асуудал ужгирсан боловч асуудлын шийдлийг гарган хариуцах эзэнтэй болгож, үр дүнг шаардах цагийг эхлүүллээ. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэл хот олон улсад бонд гаргаж хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудаа ямар нэг асуудал, буруутан хайлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бий болголоо.

-УИХ-ын намрын чуулган хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэн үү?

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүд, даатгалын тухай болон холбогдох хуулийн төслүүд, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл гээд цаг үеийн шаардлага тулсан, иргэд олон нийтийн хүлээж буй зарим хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж амжилгүй хаалаа. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралтай хүлээж буй Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирсэнгүй. Зах зээлийн эдийн засгийн гол хуулийн нэг шинэчлэгдэхгүй үлдэж байгаа нь шударга өрсөлдөөн бий болгох, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хуучнаар нь үлдээж байна гэсэн үг. Мөн энэ хууль шинэчлэгдсэн тохиолдолд бизнесийн эрх чөлөө өргөжиж, төрөөс үзүүлэх нөлөөлөл буурна гэсэн хүлээлттэй байна.

-Саяхан томоохон маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байсан бэ?

-Гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалт маш чухал, Хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн өсөлт явагдахгүй. Дэлхийн бүхий л улсууд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар зөвхөн мөнгө гэлтгүй ноү-хау, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ажиллах хүчнээ сургаж авах гээд олон давуу талыг олж авдаг. Гэхдээ аль салбарт хөрөнгө оруулалт татах, түүнийг хэрхэн дэмжих, дотоодын компаниудтай хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр зөв бодлого хэрэгтэй. Маргаан дагуулсан нэг гол асуудал болсон 100000 долларын босго ч үүнтэй холбоотой. Уул уурхайн компанийн хувьд маш бага мөнгө байдаг бол худалдаа үйлчилгээний салбарт хангалттай хөрөнгө байж мэднэ. Ингэхээр салбаруудын хөгжил, хэрэгцээ шаардлагаа харах нь зөв. Газар эзэмшүүлэхтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн заалтыг засах хэрэгтэй. Гэхдээ үүнийг газрын тухай багц хуулийг хэлэлцүүлсний дараа илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

-Ажилгүйдэл ядууралтай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч ядуурлын хэмжээ буурахгүй байгаа. Яаж бид ядуурлыг бууруулж чадах вэ?

-Зүгээр халамж, хүнсний талон тараагаад ядуурал буурахгүй. Харин байнгын орлоготой байх арга замуудыг санал болгох хэрэгтэйг олон сая хүнийн ядуурлаас гаргасан Хятад, Энэтхэгийн жишээ харуулдаг. Том салбар, олон хүнийг хамарсан гэхээсээ илүү тодорхой үр дүн гарах хүрээнд сайн жишээ үзүүлэхийг бодож оёдлын салбарыг дэмжих талаар ажиллаж байна. Хамгийн бага зардлаар ажлын байр бий болгож байнгын орлоготой болдгоороо онцлог. Өнөөдөр 300 гаруй жижиг том оёдлын цех, компани үйл ажиллагаа явуулж тэдгээрт 4000 гаруй хүн ажиллаж байна. 4000 гаруй айл өрхийн амьжиргааг Оёдлын холбоо, Best хөтөлбөртэй хамтран хийсэн судалгаагаар энэ салбарыг хэрхэн дэмжиж хөгжүүлэх талаар дүгнэлт зөвлөмжүүд гарсан. Үүний эхний алхам болгож оёдлын салбарт ашиглагдах үндсэн болон туслах түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх хууль дээр ажиллаж байна. Мэдээж дараагийн алхам нь ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгох хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн хөдөлмөр халамж, Оёдлын үйлдвэр, ажилтан гурвыг холбосон гурвалсан гэрээ байгуулах замаар ажил эрхлэлтийг дэмжинэ. Ялангуяа гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, бусад шалтгаанаар гэртээ сууж олон эмэгтэй ажилтай орлоготой болно. Энэ мэт бодитой арга хэмжээний үр дүнд ядуурал буурна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Ш.Идэрхүү: Монголчуудыг тэр дундаа улстөрчдийн үйлдэл, бодлого, шийдвэр болгоныг гаднынхан маш анхааралтай харж байгаа DNN.mn

Хууль зүйн магистр, олон улс судлаач Ш.Идэрхүүтэй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэлгүй чуулганыг хаалаа. Судлаач, хуульч хүний хувьд уг шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Энд тийм том шалтгаан гээд байх зүйл байхгүй. Миний хувьд олон ч гишүүний хуулийн төслийн багт ажиллаж байсан хүн. Тэр утгаараа Ч.Хүрэлбаатар сайдын боловсруулсан энэхүү хуулийн төслийг хуульч хүний хувьд цаг үеэ мэдэрсэн их зөв зохицуулалт гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хувьд сайн бичигдсэн төсөл гэсэн үг. Харин эсэргүүцэгчид, хэлэлцэхээс цааргалагчид энэхүү хуулийн төслийг бүрэн гүйцэд уншаагүй, унших сонирхолгүй, хэн санаачилсанаас хамаарч сонгуулийн оноо авах зорилгоор санаатай гацаалаа гэж ойлгож байна.

-Санаатай гацаа гэж та хэллээ. Яагаад санаатай гацаана гэж. Энэ хууль батлагдсанаараа хэний эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм бэ. Ердийн органик хууль л биз дээ?

-Хууль битгий хэл УИХ, Засгийн газрын тогтоол дээр хүртэл гишүүд, сайд, улс төрчид хоорондоо санаатай болон санамсаргүйгээр зөрчилддөг. Санаатай гэдэг нь цаанаа улс төрийн тохироо, эрх ашиг явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин санамсаргүйгээр зөрчилдөнө гэдэг бол тухайн хуулийн төслөө бүрэн уншиж судлаагүй, бусдын зорилготой үгэнд автаж, дэндүү нэг талыг барьсан өнцгөөр тухайн эрх зүйн өөрчлөлтөд хандана гэсэн үг. Энэ удаад санаатайгаар буюу улс төрийн далд зорилго, улстөрчийн нэр хүндээ өсгөх гэсэн үйлдэл л нь тодорхой харагдаж байна. Бие биедээ өс санадаг. Бие биенийхээ эрх ашгийг хүндэлдэггүй. Бодлогын зөрчилдөөн гаргана гэхээс илүү хувийн харилцаанд тулгуурлан улстөрждөг байдал манай улсын төрд газар авсан асуудал. Дээр дооргүй л ийм хандлагатай улстөрчдөөр дүүрсэн гэхэд хилсдэхгүй дээ. Мэдээж хуулийн төслийн хувьд агуулгаараа тийм айхавтар том эрх зүйн акт биш шүү дээ. Үндсэн хууль шиг Үндэсний эрх ашиг, язгуур сонирхол, үзэл бодол дээр тулгуурласан хууль огт биш. Өдөр тутамд өөрчлөгдөх боломжтой буюу цаг үеэ дагаад шинэчлэгдэж байдаг хуулиудтай л адилхан хууль.

-Хуулийн төсөлд Үндэсний эрх ашиг, Монгол Улсын тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зүйл заалт бий юу?

-Инээдтэй л асуудал. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Гэхдээ зүгээр нэг дээшээ хараад ч юм уу эсвэл тухайлсан нэг асуудал гарч ирэхээр түүнд нь зориулаад хууль биччихдэг гэсэн зүйл огт байхгүй. Байдаг байсан ч тэр нь хууль болж батлагдах нь тун ховор. Хууль батлахын тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөх шаардлагатай.

Хэрэв Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд ямар нэгэн тусгаар тогтнолыг ганхуулсан, үндэсний эрх ашгийг хөндсөн зүйл заалт битгий хэл нэг үг, өгүүлбэр байвал санаачилсан болон боловсруулсан ажлын хэсгийнхэн бүгд хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл ийм агуулга оруулсан л байвал Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлээгүй гэх заалтаар Эрүүгийн хариуцлага ч хөндөгдөх боломжтой. Тэр утгаараа хэн хариуцлага хүлээнэ гэж хуулийн төсөлд иймэрхүү агуулга оруулах билээ. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөл батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг сонирхох, хөрөнгө оруулах урсгал нээгдэнэ. Тэр утгаараа ирээдүйд бодит ач холбогдол нь гарч ирэх хуулийн төсөл байсан. Үүнийг Ч.Хүрэлбаатараас өөр хүн УИХ-д оруулж ирсэн бол магадгүй хэдийнээ батлагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Гол нь Ч.Хүрэлбаатар оруулаад ирчихсэн болохоор түүнд гавьяа наах дургүй улстөрчид ашиг сонирхлоороо нэгдээд улс төржүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хувьд энэ хүнтэй нэг ч уулзаж үзээгүй. Нэг ч хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж байгаагүй. Гагцхүү судлаач хүний хувьд дээрх байр суурийг илэрхийлж байгаа гэдгээ хэлмээр байна.

-Цаашид энэхүү хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэх процесс хэрхэн үргэлжлэх бол?

-Хуулийн төсөл нэн яаралтай л батлагдах ёстой. Ингээд хойшлоод байвал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрх зүйн орчин тогтворгүй, улстөржилт ихтэй гэдэг сөрөг мэдээлэл авчихна. Ихэнх нь одоо бараг авчихсан байгаа. Энэ бол Монгол Улсын эдийн засагт үнэхээр том сөрөг нөлөө учруулна. Хөрөнгө оруулалт гэдэг нэг талдаа хөгжлийн том тулгуур. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг татах, тогтоох асуудал маш эмзэг байдаг. Учир нь энэ бол бизнес. Бизнес эрсдэлээ тооцоолж нэмэгдэх үү, багасах уу, үргэлжлэх үү, зогсох уу гэдэг харилцаа дээр явагддаг. Эрсдэлтэй байна, гэхдээ яваандаа гайгүй болчих байлгүй гэсэн дундын үзэл зарчмаар явдаггүй. Эрсдэлтэй байвал зогсоно. Эрсдэлгүй байвал үргэлжилнэ. Ерөөсөө ийм хоёрхон зарчимтай. Гэтэл манайд хуулиа батлах гээд ч байгаа юм шиг. Эсвэл бүр өөрчлөх гээд ч байгаа мэт ийм тогтворгүй байвал гадаадын битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид ч үргэнэ. Тиймээс бид гадны хөрөнгө оруулалт, гадаад харилцааны асуудалд нэгдсэн бодлого, нэгдсэн зарчим, нэгдсэн хандлагатай болох цаг ирсэн. Монголд ярьж байгаа асуудлыг монголчуудаас өөр хэн мэдэх юм гэсэн буруу хандлагаасаа салах хэрэгтэй. Монголчуудыг тэр дундаа улстөрчдийн үйлдэл, бодлого, шийдвэр болгоныг гаднынхан маш анхааралтай, нарийн тооцоололтой харж байгаа. Цаашид хууль батлагдах процесс үргэлжилнэ. Хуулийн төслийг санаачлагчид нь буцаан өгөөгүй л бол хэлэлцэх нь цаг хугацааны асуудал. Хаврын чуулган гуравдугаар сарын 19-нд нээнэ. Тэр үеэр хэлэлцэгдэх хамгийн эхний асуудал нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл. Тиймээс уг хуулийг судлаач хүний хувьд даруй батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Зарим улстөрчдийн хувьд уг хуулийн төслийг чуулган хаах цаг хугацаатай давхцуулан өргөн барилаа. Эрх баригчид ингэж хуулийн хулгай хийдэг мэтээр эсэргүүцээд байгаа шүү дээ. Үнэхээр хуулийн хулгай явагдах гээд байгаа юм биш үү. Үгүй бол яагаад намрын чуулганы эхэнд эсвэл бүр хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлж болоогүй юм бол?

-Хуулийн төсөл хэзээ өргөн баригдах нь тийм ч чухал асуудал биш. Гэхдээ олон улсын чиг хандлага ямар байна. Хаашаа явж байна. Олон улсын харилцаан дахь Монгол Улсын бодлого байр суурь ямар байгааг хүргэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь бий. Жишээ нь Монгол Улс авлигажсан, авлигын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын сүүлд орж байна. Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулагчид гэлтгүй гуравдагч, дөрөвдөгч хөршүүдийн бодлого Монгол Улс руу чиглэхгүй. Өөрөөр хэлбэл дэлхий Монголыг огт сонирхохгүй гэсэн үг. Монголыг сонирхох гадны улс цөөрөх тусам бидэнд л ашиггүй. Бид хөгжиж чадахгүй. Тэр утгаараа дэлхийд муу нэрээ өсгөхгүй нь тулд Монголын төр бодлогоор зарим эрх зүйн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэлтийг хийдэг. Түүний нэг жишээ бол энэ намрын чуулганыг Авлигын эсрэг чуулган болгон зарласан шүү дээ. Мэдээж нэг удаагийн нэг чуулганы хугацааг авлигын эсрэг зарлаад авлигал алга болохгүй. Харин ингэж зарлаж байгаа нь олон улсад Монгол Улс авлигатайгаа тэмцэж байгаа шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм. Яг үүнтэй адил Монгол Улсад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт маш их шаардлагатай байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд томоохон үйлдвэр, том төсөл рүү дангаараа орох боломж тааруу байна. Ямар нэгэн гаднын компани, гаднын хөрөнгө оруулалт байж л том төсөл, том бүтээн байгуулалтыг эхлүүлж чадна. Гэтэл уриад, гуйгаад орж ирэхгүй байгаа хөрөнгө оруулагчдыг яах вэ. Дэлхий нийтээрээ Монгол Улсад хөрөнгө оруулаад ашиггүй гэсэн ойлголттой байхад яах ёстой вэ. Мэдээж Монголын төр эрх зүйн болоод тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай болно. Яг ийм цаг үед энэхүү Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирсэн болов уу. Түүнээс биш намрын чуулган хаах гэж байна, хурдхан шиг хуулиа батлаад авъя гэдэг байдлаар асуудлыг харах нь дэндүү өрөөсгөл ойлголт.

-Таны хэлсэнээр бол гаднын чиг хандлагыг өөрчлөхийн тулд Монголын төр, засаг аливаа хуулийн болоод тогтолцооны өөрчлөлтүүдийг хийдэг гэсэн үг үү?

-Нэг талдаа тэгэж ойлгох хэрэгтэй. Хүний харилцаагаар төсөөлөн бодъё л доо. Монгол Улсыг нэг хүн гэж ойлгоё. Тэгвэл энэ хүний өмссөн хувцас нь хуучин, боловсрол нь сул. Дээр нь харилцааны наад захын соёлгүй. Бүдүүлэг. Амиа хичээсэн зантай. Бүр бусдыг өөрөөсөө дутуу гэж хардаг зан суртахуунтай. Нэмээд эрүүл мэндийн хувьд асуудалтай. Хүнээр бол Монгол Улс нэг иймэрхүү нөхөр л гарч ирж байна. Тэгвэл ийм хүнтэй бусад хүн ойр дотно харилцах нь битгий хэл аль болох хол байхыг л хичээнэ биз дээ. Ийм хүнтэй харилцахаас илүү соёлтой, боловсролтой, асуудлыг зөв өнцгөөс нь ойлгодог, нийтэч, харилцан ашигтай ажиллах чадамжтай хүнтэй харилцана. Тэгвэл бид яаж ийм хүн, ийм улс болох вэ. Хамгийн түрүүнд хандлагаа өөрчлөх ёстой. Амин хувиа хичээдэггүй байх хэрэгтэй. Энэ бол тогтолцооны өөрчлөлт. Дараа нь бусдын нүдэнд аятай харагдах шинэ хувцас авч өмсөх хэрэгтэй. Эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай. Боловсролоо дээшлүүлэх ёстой. Энэ бүхэн бол хуулийн өөрчлөлт, шинэчлэлт. Хамгийн чухал нь хаана ч хэзээ ч нэг зангаараа байх ёстой. Энэ бол эрх зүйн тогтвортой байдал. Тэр утгаараа биднээс шалтгаалаад гадны хөрөнгө оруулагчид зугтаад байхад буруугаа бусдаас хайх хэрэггүй шүү дээ. Өөрөөсөө алдаагаа хайж олоод засах хэрэгтэй. Яг үүн шиг бид Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан алдааг эрж олоод засах гэж байна. Үүнийг нь эсэргүүцэх хэн бүхэн нэг бол илүү сайн хуулийн төсөл боловсруулчихаад тэмцээд байна. Нэг бол Монгол Улсын хөгжлийг хурдасгах сонирхолгүйгээсээ болоод эсэргүүцэж байна гэж л ойлгох юм.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ричард Л.Буанган: Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс DNN.mn

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар ирээд жил орчим болж байна. Таны ирээд хийсэн хамгийн анхны ажил юу байв?

-Аливаа Элчин сайдын хувьд томилогдон ирснийхээ дараа нэн түрүүнд хийх ажил нь тухайн улстайгаа танилцах явдал гэж би боддог. Хэрэв ард түмнийг нь, түүх соёлыг нь ойлгохгүй бол сайн элчин сайд байж чадахгүй. Тиймээс миний хамгийн эхний ажил бол гадагшаа гарч, хүмүүстэй уулзан, өгүүлэх түүхийг нь сонсож, энэ орны баялаг бөгөөд олон талт соёлыг мэдрэх байсан. Надад дипломатчийн төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөн дэвжихэд дөхөм болсон гайхалтай цаг хугацаа байлаа. Намайг найрсаг дотноор хүлээн авч, цаг заваа гарган нутаг орноо танилцуулсан нийт монголчуудад гүнээ талархаж байна. Элчин сайдаар ажиллах хугацааны амжилт ололт бүхэн Монгол Улс намайг өөриймсгөөр угтсанд талархсан сэтгэлээс минь үүдэлтэй.

-Монгол орон таны төсөөлснөөс өөр байв уу?

-Монгол Улс яг л миний төсөөлж байсан шиг өргөн уудам, гайхам үзэсгэлэнтэй, бахархам түүхтэй, мөн эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэнтэй улс юм.

-Ялтад 1945 оны хоёрду гаар сарын эхээр болсон холбоотон гүрнүүдийн тэргүүн Франклин Рузвельт, Иосиф Сталин, Уинстон Черчилль нарын оролцсон бага хурлын шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход АНУ ил, далдаар ихээхэн тусалсан гэдгийг монголчууд өнөөдөр ч мартаагүй. Тэгвэл өнөөдөр хоёулаа ардчилсан улс болоод байгаа манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны онцлог юу вэ?

-Манай хоёр агуу үндэстэн одоогоос яг 37 жилийн өмнө албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш бид ардчиллын төлөө хамтдаа тууштай зүтгэсээр ирсэн бөгөөд бидний харилцаа хамтын үнэт зүйлс дээр суурилсан байдаг.

Бид Монгол Улсын стратегийн түнш болон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархаж, ардчилсан институцүүд, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг дэмжиж байна. Ардчилал хэдий чинээ бат бэх байна, эдийн засаг төдий чинээ хүчирхэг байдаг тул хууль дээдлэх, засаглалыг дэмжих, авлигатай тэмцэх, суурь эрх чөлөөг хангахад хэрхэн хамтран ажиллах талаар бид нэлээд ярилцаж хэлэлцдэг.

-Монгол Улс социализмаас ардчилалд шилжиж байсан 1990 оны үед АНУ “Хандивлагч улсуудын бүлэг” байгуулах зэргээр монголчуудыг хүнд хэцүү үеийг даван туулахад үнэлж баршгүй том тус хүргэсэн. Тэгвэл цагаачдын асуудал хаа сайгүй хүнд болоод байгаа энэ үед авторитар дэглэмтэй хоёр том улсын дунд байгаа ардчилсан Монгол Улсын АНУ-д байгаа цагаач иргэдэд давхар иргэншил болон ажлын байр олгох асуудлаар Цагаан ордон тусалж чадах болов уу?

-Америкийн нэгдсэн улс үргэлж цагаачдын орон байсаар ирсэн, олон соёлын жинхэнэ сүлэлдээн юм. Монгол гаралтай америкчууд манай улсын бүх иргэнд нээлттэй байдаг боломжуудыг ашиглан, үр шимийг нь хүртэхийн зэрэгцээ манай үндэстний онцлог шинж, хүчирхэг байхын гол цөм болох олон талт байдалд хувь нэмрээ оруулж байгааг харахад бахархалтай байна. Гэхдээ миний бодлоор бидний ярилцах ёстой сэдэв бол Америк дахь монголчуудын ажлын байр биш, харин энд, Монголд байгаа монголчуудын ажлын байрны асуудал гэж би бодож байна.

-Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд ардчилсан улсуудаас орж ирэх хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй. Иймээс АНУ-аас манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшин, ирээдүйг та юу гэж харж байна вэ?

-АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалт 2022 онд 700 сая ам.долларт хүрсэн байдаг ч бид илүү шаргуу ажиллахыг хүсч байна. Мэдээж уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татдаг, үүн дээр цэвэр эрчим хүч, хагас дамжуулагчийн технологид шаардлагатай байдаг чухал ашигт малтмалын судлагдаагүй нөөц Монгол Улсад байх магадлалтайг дурдах хэрэгтэй байх. Мөн манай хөрөнгө оруулагчид, компаниуд бөөний болон жижиглэнгийн худалдаа, санхүү, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, хүнс, ундааны үйлдвэрлэл зэрэг олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Бид сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуйн салбарт илүү ихийг хийж байгаадаа баяртай байна. Энэ нь зөвхөн бизнесийн боломж ихтэй учраас биш юм. Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай адилтгаж үзэх учиртай. Манай Засгийн газрын зүгээс Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорациараа дамжуулан Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 100 гаруй сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид илүү их ажил хийхээр зорьж байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, ялангуяа дүрэм журам мөрдөх болон маргаан шийдвэрлэх тал дээр ил тод, тууштай, шуурхай байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Монголчуудын хэлдгээр, дэлхийн ардчиллыг АНУ өнөөдөр “цээжээрээ хамгаалж” байна. Та АНУын элчин сайдын хувьд дэлхийн маргаашийг яаж харж байна вэ?

-Америкт ч гэсэн “Юу тарина, түүнийгээ хураана” гэж үг бий. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засагт итгэдэг Америк, Монгол гэх мэт улс орнууд эдгээр нийтлэг үнэт зүйлсээ дэлхий дахинд хадгалж хамгаалахын тулд хамтран ажиллах нь маш чухал гэж би бодож байна. Бусдын эрхэнд заналхийлж буйг нь эсэргүүцэж, өөрийгөө хамгаалах чадамжгүйг нь өмгөөлж, хаана төрснөөсөө үл хамааран бүх хүн амар амгалан, аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгон, тэдний нийтлэг эрх ашгийг хүндэтгэж, цэцэглэн хөгжих тэгш боломжоор хангахын төлөө бид ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах ёстой.

-Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. Монгол Улс  жижиг улс. Монголчууд бид яавал америкчуудад тус болж АНУ-ын ач, тусыг бага ч болов хариулж чадах бол?

-Өмнөх асуултад хариулсантай ижил хариулт өгъе. Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс. Амаргүй байсан ч энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийн төлөө зогс. Ялангуяа амаргүй үед. Ганц сум амархан хугардаг ч багласан сум юунд ч хялбар дийлдэхгүй гэж Алунгуа эх сургадаг. Монголчууд эх орноо жижиг гэж бодож болохгүй. Монгол Улс газар зүйн хувьд маш өргөн уудам, мөн чухал бүс нутгийн яг төвд нь байдаг. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг олон улсын харилцааны олон салбарт хавьгүй том үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэж байна.

-Сүүлийн жилүүдэд Монголд хэвлэлийн эрх чөлөөг маш ихээр хааж, чөлөөт хэвлэлийн орон зайг хумьсаар байна. Хууль хүртэл гаргаж эдийн засгийн шахалт чөлөөт хэвлэлд шууд утгаар нь үзүүлж байна. Ийм нөхцөл байдлыг олон улсад яаж даван туулдаг юм бол?

-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бусад бүх эрхийг баталгаажуулахад тусалдаг үндсэн эрх. Иргэд эрхээ эдлэх боломжийг шууд хаах, эсвэл хүсэл зоригийг нь мохоох хууль гаргахгүй байх нь маш чухал.

-“NO WAR” хөдөлгөөнөөс гаргасан зургийн үзэсгэлэнг үзээд явж байсан тэр агшин тань ардчилалд хайртай маш олон хүнд итгэл найдвар төрүүлсэн. Ингэхэд үзэсгэлэн танд таалагдсан уу?

-Мэдээж хэрэг Украин дахь Оросын түрэмгийллийг АНУ эсэргүүцэж, дайныг хурдан дуусна гэдэгт найдаж байна. Дэлхий даяар, тэр дундаа монголчууд ч мөн ийм бодолтой, энэ мэдрэмжийг хуваалцаж байгаад баяртай байна.

-Өнгөрөгч 12 дугаар сард Монгол-Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар ямар асуудлууд ярьж шийдэв?

-Бид эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт байгууллагууд дахь хамтын ажиллагаа, АНУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөл гэх мэт хамтран ажиллаж буй бүхий л асуудлуудаар ярилцлаа. Та бүхэн хоёр орны зөвлөлдөх уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлээс энэ талаар дэлгэрэнгүй унших боломжтой.

-Саяхан болсон “АмЧам Монгол”-ын тайлангийн хурлын үеэр Та хэлсэн үгэндээ “нэн чухал ашигт малтмал, цахим эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих нэмэлт хүчин чармайлт гаргана” гэж онцолсон. Энэ хүрээнд онцлох ажлуудаасаа дурдахгүй юу?

-Монгол Улсын ашиглагдаагүй асар их нөөц бололцоо гэвэл сэргээгдэх эрчим хүчийг хэлнэ. Эдийн засгийн өсөлт, төрөлжилт, үндэсний аюулгүй байдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гээд энэ бүх асуудал нүүрс буюу чулуужсан түлшнээс татгалзаж чадах эсэхээс хамаарна. Дэлхий дахин үүнийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хурал дээр тунхагласан байдаг. Монгол Улсад уг шилжилтийг хийх нар, салхины нөөц бий, одоо зөвхөн улс төрийн хүсэл зориг л хэрэгтэй.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр өнгөрөгч онд дулааны үр ашиг, зохицуулалт, цэвэр эрчим хүчний хэрэглээг сайжруулах чиглэлээр эрчим хүчний салбарт ажиллалаа. Хөтөлбөрийн зүгээс АНУ-ын зохицуулах хороодтой хамтран ажиллаж, эрчим хүчний зах зээлийг сайжруулах талаар илтгэл тавьж, сүлжээний шинэчлэлийн талаар семинар зохион байгуулсан. Эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эрчим хүчний шударга шилжилтийг баталгаажуулдаг гэдгийг мэдэх учраас бид Монголд анхлан “Цэвэр эрчим хүч ба эмэгтэйчүүд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Бид Засгийн газартай гар нийлэн ажиллах болно. Монголын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх гол хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт юм гэдгийг дурдах хэрэгтэй. Зохицуулалт, хууль эрх зүйн орчин нь зөв байвал гадны сэргээгдэх эрчим хүчний компаниуд Монголд буй боломжийг миний адил олж харах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой нэгдүгээр сарын 27-нд тохиож байна. Элчин сайд та хоёр орны харилцаан дахь өнгөрөгч оны ололт амжилтуудыг дурдаад энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө уншигчидтай хуваалцана уу.

-Яг энэ талаар бид Монголын засгийн газрын түншүүдтэйгээ өнгөрсөн сард Вашингтон хотноо болсон зөвлөлдөх уулзалтаар хэлэлцлээ. Өнгөрөгч онд урьд хожид байгаагүй олон тооны, өргөн хүрээг хамарсан, өндөр түвшний айлчлалууд Вашингтоноос Монголд хийгдсэнээс хоёр орны харилцаа хэр зэрэг далайцтай байгааг ойлгож болох байх. Өнгөрсөн зун Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Цагаан ордонд хүлээн авч нэн өндөр хүндэтгэл үзүүлсэн нь манай хоёр агуу үндэстний аль алиных нь тусын тулд энэхүү стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөөх хамтын хүчин чармайлтыг тодотгож өгсөнөөрөө онцлог юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны онцлох үйл явдал бол “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох замыг зассан явдал байлаа. Үүнээс гадна дурдахуйц олон зүйл бий. Бид чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж эхлэхээр гэрээ байгуулсан бөгөөд үүнийг энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Наймдугаар сард баталсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д дурдсан сансрын технологи, дижитал хөгжил, цэвэр эрчим хүчний салбарт хамтрах арга замуудыг судлах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын усны дэд бүтцийг хөгжүүлж, хойч үеийнхээ усны хэрэгцээг хангах зорилго бүхий Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ ч мөн томоохон ахиц дэвшил гаргасныг тэмдэглэхэд таатай байна. 462 сая ам.долларын өртөгтэй уг төсөл хэрэгжиж дуусахад нийслэлийн цэвэр усны хангамж 80 хувиар нэмэгдэх юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэсэн гарамгай бөгөөд эерэг үүргээ Монгол Улс зохих ёсоор үнэлүүлж байгаад би баяртай байна. Манай хоёр улсын зэвсэгт хүчин олон жилийн турш туршлага, мэдлэгээ солилцож ирсний жишээ нь Хаан Куэст, Номхон далайн элч, Говийн чоно зэрэг хамтарсан сургуулилалтууд бөгөөд тэдгээр нь энэ онд ч мөн үргэлжилнэ. Энхийг сахиулах үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээрээ Зэвсэгт хүчний Бригадын генерал Г.Болор “Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагнал”-ыг өнгөрөгч онд хүртсэн нь бидэнд их урам зориг өглөө. Мөн Бригадын генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар сонгосныг өнгөрсөн долоо хоногт сонслоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд бахархам жил болж, дэлхий дахинд энх тайвны төлөөх түншүүдийн тоонд бид хамт багтаж байгаад баяртай байна.

Өнгөрсөн онд бид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх тал дээр ихээхэн амжилт гаргалаа. Хамтран хэрэгжүүлж буй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрт оруулах хувь нэмрээ Монголын Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлснээр илүү олон монгол залуус АНУ-д боловсрол эзэмших боломж бүрдлээ. Монголын соёлын өвийг хууль бус наймаанаас хамгаалах зориулалттай гэрээ байгуулах ажлыг бид хамтдаа эхлүүлсэн бөгөөд энэ онд уг ажил үргэлжлэх болно. Энхтайвны корпус Монголд эргэн ирж, сайн дурын ажилтнууд орон даяар ахлах сургуулиудад англи хэл зааж байна. Мөн Америкийн Гүүгл компани Монголын Засгийн газартай хамтран хамгийн сүүлийн үеийн инноваци, технологийг Монгол Улсын сум суурин бүрийн багш, сурагчдад хүргэхээр ажиллаж байна. Энэ бол төр, хувийн хэвшил хамтран ажиллавал ямар үр дүнд хүрдгийн том жишээ юм. Хамтын ажиллагааны уг жишээг Монголын эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилов DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Хууль зүйн бодлогын зөвлөхөөрөө Р.Батрагчааг томилжээ.

Уг томилгоотой холбогдуулан Р.Батрагчааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдсон Р.Батрагчаагийн эзэмшсэн боловсрол:

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/.
Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ын дарга болон НИТХ-д албан шаардлага хүргүүллээ DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд агаарын бохирдол, авто замын түгжрэл, замын халтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол, гэмтлүүд гээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчигдүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүллээ.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү : Нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй хот болгох вэ гэдэг дээр Ардчилсан нам зарчмын байр сууриа илэрхийлж байна.

2024.01.25-ний өдөр болсон галын аюул бол Улаанбаатар хотод болж буй маш олон алдаа завхралуудын зөвхөн ил харагдаж буй мөсөн уулын орой хэсэг нь юм. Өвөлдөө агаарын бохирдол, утаа, зундаа үер, усны аюул, галын аюул гээд маш олон эрсдэлийг дунд нийслэлчүүд амьдарч байна. Энэ гамшгийн эрсдэлийг бууруулахыг төр хариуцах ёстой атал эсрэгээрээ эрсдэлийг илүү их нэмэгдүүлж байна. Асуудал гарсан хойно нь бие биедээ барьцаалагдсан дарга нар нэгнээ буруутгадаг тогтолцоо бий болж ямар ч хариуцлага тооцохгүйгээр үлдэж байна.

Хаана, ямар алдааны үндэс байна вэ. Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй болгох вэ гэдэг бид байр сууриа илэрхийлсээр байх болно. Онцгой байдлын үйл ажиллагааг хэрхэн оновчтой, зөв байлгах талаар санал шаардлагыг хүргүүлж байна. Нийслэл Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэр маш их байна.

Ардчилсан нам 2012-2016 онд нийслэлийн ачаа тээврийн горимд өөрчлөлт оруулж байсан. Үүний нэг жишээ гэвэл Улаанбаатар хотын төмөр замаар маш аюултай ачаа зөөгдөж байсан горимд өөрчлөлт оруулсан боловч эргээд эрсдэл бий болсон. Бүх салбарт аюулын улаан гэрэл асчихлаа. Ийм учраас Монголын төр ажил хэрэгчээр бүх шатанд хуралдаж аюул, эрсдэлийн менежментээ оновчтой хийх шаардлага үүсэж байна. Эрх баригчид алдаа, аюул болсны дараа хэсэг шуугиад өнгөрөх биш ямар өөрчлөлт хийх вэ гэдэг чиглэлээр Ардчилсан нам шаардлага хүргүүлж байна.

НИТХ-ын орлогч Батбаясгалан нийслэлчүүдийн гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах шаардлагатай байна. Онцгой байдлынхан дарга нь хангалттай хувцас, техник, хэрэгсэл байхгүй гэж байна. Гэтэл хангалттай хэмжээний төсөв онцгой байдалд төлөвлөгдсөн байна. Төсөвт хяналт тавих ёстой Аудитын байгууллага байх ёстой атал тэр байгууллага нь шүдгүй арслан болсон байна. Аудитын байгууллага ажлаа хийхийг шаардаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар зөвхөн генерал төрүүлдэг байгууллага болсон ч галын аюулын үед гал унтраах ганцхан шат байна. Монгол Улс гамшгийн эрсдэлд бэлэн байна уу гэдгийг хөндөх хэрэгтэй. Өвөл болохоор утаа ярьдаг, зун болохоор үер ярьдаг биш буруу тогтолцоогоо халмаар байна.

Стандартыг мөрдүүлдэг, стандартын дагуу төлөвлөдөг, ашиглаж байгаа дээр нь хяналт тавьдаг байх талаар шаардлага хүргүүлсээр байх болно. Нийслэлд засаглалын хямрал үүслээ. Ардчилсан намын байр суурь бол Үндсэн хуулийн концепцоо хэрэгжүүлэх явдал юм. Бид бүхэн эхлээд тогтолцоог нь зөв болгоё. Хуулийг мөрдүүлье, хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьж байна.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг: Галын аюулын улмаас 3 монгол айлын хүүхдүүд өнчирч үлдлээ. Онцгой байдлын Ерөнхий газар 4 дэх оршуулгаа хийж байна энэ бол сүүлийн 2 сард бий болсон үйл явдал. Бусдыг аврах ёстой аврагчид яагаад амь насаа алдаад байна вэ, мэргэжлийн удирдлага ер нь хаана байна вэ, гамшигт бэлэн байх ёстой хүн нь тэр хүн биш үү. Онцгой байдлын алба хаагчид хэзээ орон байртай болох вэ, Газын дэлбэрэлтэд 600 гаруй алба хаагч шуурхай ажиллаж гал унтраасан гэж байгаа. Гал унтраах дүрмээ уншмаар байна.

Аврагчид өнөөдөр 1 сая төгрөгийн цалин авч байна. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нь өөрөө ТТ-1 зэрэглэлээр цалин авч байхад аврагчид, алба хаагчид ТТ-ын 15 буюу хамгийн бага зэрэглэлээр цалинжиж байна. Энэ шударга ёс мөн үү. Яагаад өдий олон жилийн туршид Гамшиг, эрсдэлийн тухай Монгол Улсын стандарт гэж байдаггүй юм бэ. Бид энэ тогтолцооны өөрчлөлт рүү явах ёстой, засаглалын хямралыг үгүй болгох ёстой.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа: Дэлхий дээр байгаа 400 гаруй хот бол дэлхий нийтээр түгээгдсэн концепцийн дагуу хөгжиж ирж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгохын тулд маш олон тооцоолол шаардлагатай байна.

Ардчилсан намын үед эрүүл, аюулгүй байдлын индекс төлөвлөгдөж байсан. Галын аюулын үед тэсрэмтгий бодис хэрхэн цацарсан талаар дүн шинжилгээ хийх, хэвийн горимд орох хүртэл хэрхэн хамгаалах эсэх талаар зөвлөмж өгдөг ч тэсрэлт бий болсноос хойш нэг ч удаа иргэдэд санамж, зөвлөмж өгөөгүй байна. Эрүүл мэнд, агаарын чанарын хэмжилт хийдэг багаж байхгүй байгаа ч иргэдийг 24-48 цагийн хугацаанд ойр орчмоор явахгүй байх, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөх шаардлагатай байдаг.

Стандартыг нь сайжруулж шинэчлэхгүй бол дүрэм, горимыг мөрдөх боломжгүй болдог. 2012 онд агаарын бохирдолтой түвшний хэмжээг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эрх зүйн шинэчлэлийг хийсэн ч хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймд эдгээр асуудлуудад нэн шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.

#Ардчилсан_нам
#дөрөв_арван_нэг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх цаг ирсэн байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяртай ярилцлаа.


-Сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү, эсхүл улс орны маань амьдрал ахуй үнэхээр тааруухан байгаа юм уу, сүүлийн үед үндэсний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар янз бүрийн зүйлс гарах боллоо. Үндэсний аюулгүй байдал гэдэг маш ойлгомжтой юм шиг хэрнээ ард нь нээж болохгүй зүйлс ч их байх шиг. Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгийг маш ойлгомжтойгоор хэлж өгөхгүй юу?

-Маш энгийн, хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад, Үндэсний аюулгүй байдал гэж тухайн улсын оршин тогтнохуйн язгуур эрх ашиг, аливаа аюул заналаас найдвартай хамгаалагдсан байхыг хэлнэ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэж томьёолсон байгаа. Хүн төөрч будилаад байх зүйл байхгүй.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг уншиж байсан. Гэхдээ уг үзэл баримтлалыг шинэчлэх шаард лагатай гэж яригдаад багагүй хугацаа өнгөр чихлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг ихээхэн чухалчилж төслийг нь боловсруулсан гэж дуулсан. Энэ ажлыг удирдан зохион байгуулсан хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Аливаа улс өөрийн гэсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай байдаг. Түүндээ тулгуурласан төрийн гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа нь тууштай байж оршин тогтнодог юм.

Ер нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь өмнө хэлсэнчлэн үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын тулд төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогц буюу монгол төрийн бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо улс төр, эрх зүйн суурь баримт бичиг.

Уг үзэл баримтлалын суурь нь үндэсний язгуур эрх ашгийг маш оновчтой тодорхойлоход оршиж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасан.

Цаг үе, нийгмийн шаардлагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах цаг нь болсон тул Төрийн тэргүүн үүнд анхаарч ажиллаж байна.

​-Тодорхойлолтын​ хувьд ​ойлгомжтой ​байна.​ Үндэсний​ язгуур​ эрх​ ашиг​ гэдэгт ​улс ​орны​ ирээдүйн​ хувь ​заяатай​ холбоотой,​ түүний ​дотор​ хаалттай​ хязгаартай,​магадгүй​ төрийн​ хар ​хайрцагны ​гэж​ ярьдаг ​бодлогод​ хамаарах​ зүйлүүдийг​ авч​ үздэг ​байх.​ Энэ​ талаар​ тодруулан ​ярьж​ өгөх​үү?

Юуны өмнө Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний язгуур эрх ашигт хамаарах учиртай. Энэ нь хэн бүхэнд тайлбарлалтгүй ойлгогдох байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал байх ёстой. Монголчууд төрт ёсоо дээдэлж ирсэн олон зууны турш газрыг улсын үндэс гэдэг байсны утга учир үүнд л байгаа юм. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй л дээ.

Түүнчлэн хувь хүний эрх чөлөөтэй, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрал болон хүний эрх баталгаатай хангагдсан байх нь маш чухал. Ийм сэтгэл зүй байхгүй бол бид үндэсний аюулгүй байдлаа хангаж, тусгаар улс байж чадахгүй. Тиймээс хэзээ хэзээнээс илүү ойлгож, ухаарах цаг болж байна.

-Монгол​ Монголоороо​ байх,​хөндөж​ болохгүй​ язгуур ​эрх​ ашиг​ юу​ байх​ вэ.​Сошиалын ​их ​солиорол​ дунд​ бид​үнэт​ зүйл,​язгуур​ эрх ​ашгаа​ ч ​огоорох ​болсон​ санагддаг​ л ​даа…

Эх орны агаар мандал, ус, газар шороо, түүний хэвлий, амьтан, ургамал бүгд Монголын ард түмний баялаг, өв хөрөнгө. Үндсэн хуульдаа ч бид заагаад өгчихсөн. Эдгээрийг эзэмших Монгол Улсын иргэн хүний эрх баталгаатай байх нь манай нэг гол язгуур эрх ашиг байх болно гэж бодож байна. Монголын ард түмэн хэдэн зуун дамжин энэ газар нутагт бүтээж үлдээсэн эд өлгийн баялаг, оюуны сан, үндэсний өвөрмөц ахуй, хэл, соёл, үндэсний технологи язгуур эрх ашиг юм. Үүнийгээ үл тоож эхэлсэн цагаас бид Монгол Улс, монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ алдах аюултай.

Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал ч язгуур эрх ашгийн нэг яах аргагүй мөн. Алдаа, оноотой бидний хамт туулсан өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шинэчлэлтээр үүнийхээ үнэ цэнийг бид бие, сэтгэлээрээ ойлгосон болохоор нэмж нурших шаардлагагүй гэж бодож байна.

-Сүүлийн ​үед ​нийгмийг​ талцуулсан,​ хагалан​ бутаргасан ​үйл​ явдлууд​ өрнөх​ боллоо. ​Гадна​ талаас​ ч​ нөлөөлөх​ нөлөөлөл​ их​ болсон​ талаар ​учир​ мэдэх​ хүмүүс ​ярих​ болсон ​байна.​ Эх​ орон ч​ нэрээр ​ард ​түмнээ​ талцуулсан​ хүмүүс​ ч ​олон​ болж.​ Жинхэнэ​ эх​ оронч​ эсэхийг ​нь ​хэлж​ мэдэхгүй​ юм. ​Бид ​анхаарвал​ зохих​ ямар​ асуудлууд ​байна​ вэ?

Монгол үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл нь үндэсний язгуур эрх ашгийн нэг чухал зүйл гэдэг нь гарцаагүй. Өнгөрсөн түүхээ харахад монголчуудыг энэ хоёр үзэл л удаа дараагийн аюулаас аварч ирснийг бид мартаж болохгүй. Хүн амын удмын сан, эрүүл мэнд нь өнөөгийн нөхцөлд тулгамдсан маш чухал зүйл болчихоод байна. Бид үүнийг хамгаалсан төрийн мэргэн бодлоготой байж л монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ хадгалж үлдэх болно. Олон улсын энх тайван байдал, хөрш хоёр болон бусад оронтой найрамдалт, найрсаг харилцаатай байх нь өнөө үед юу юунаас чухал үндэсний язгуур эрх ашиг болж байгааг хаа хаанаа бид санаж явах хэрэгтэй байна.

-Та​ сая​ “Үндэсний​ язгуур ​ашиг ​сонирхол”,​ “Үндэсний ​язгуур ​эрх​ ашиг” ​гээд​ хоёр ​янзын ​нэр​ томьёо​хэрэглэчих​ шиг​ боллоо.​ Энэ​ хоёр ​нэг ​ижил​ зүйлийг​ нэрлээд ​байна ​уу,​ эсвэл ​ялгаа​ байна ​уу?

Та маш гярхай ажигласан байна шүү. 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “үндэсний язгуур эрх ашиг” гэх томьёоллоор орсон байдаг. Харин 2010 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “үндэсний язгуур ашиг сонирхол” гэж туссан байгаа. Тэгэхээр “язгуур ашиг сонирхол” нь яах аргагүй өнөөдрийн албан ёсны нэр томьёо гэж ойлгож болно. Гэтэл бид өдөр тутмын яриандаа үүнийг тэр бүр хэлж эвлэхгүй байгаа нь мэдрэгдэж байна уу.

-Нээрээ,​тийм​ байна…

“Үндэсний эрх ашиг” гэхээр цаанаа л нэг наалдацтай буугаад байгаа юм шүү дээ. Өрнө дахины олон үндэстний хэлээр латин гаралтай “интерес”, “interest” гэх нэг л үгээр илэрхийлдэг ухагдахуун монгол хэлээр хоорондоо арай ялгаатай хоёр ойлголт болж буудаг. “Хувийн ашиг сонирхол” ч гэдэг юм уу, “их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил” гэх мэтээр. Ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн санаархлыг илэрхийлсэн байдалтай, сөрөгдүү ч гэмээр утгыг тээж байх шиг.

Харин “улс үндэстний эрх ашиг” гэхээр цаанаасаа заяагдмал, яг л хүний түгээмэл эрхтэй адил, хэн ч үгүйсгэх ёсгүй, булааж авах ёсгүй, тийм оролдлого гарвал тас цохиж, хамгаалж байх ёстой үнэт зүйлийг хэлж байгаагаар сэтгэлд буудаг. Тиймээс үзэл баримтлалыг тодотгон шинэчлэхдээ энэ жижиг мэт ялгааг ч анзаарах ёстой гэсэн итгэл үнэмшлийн үүднээс хандсан.

-Таныг​ ааваар ​тань​ бодсон​ ч​ өөрөөр​ тань​ бодсон​ ч ​батлан​ хамгаалах​ салбараас​ салгаж ​ойлгох​ аргагүй.​Монгол​ Улсын​ Үндэсний​ аюулгүй ​байдлыг​ хангахад​ Зэвсэгт ​хүчний​ гүйцэтгэх​ үүрэг​ хэр​ байна​ вэ?

Үндэсний аюулгүй байдал гэдэг нь дотроо цэргийн аюулгүй байдлыг заавал агуулж байдаг. Тухайн улсын эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийгдэхгүй болон бусдын явуулах дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохгүй, түшиц газар нь болохгүй байх нь олон улсын харилцаа, өөрийнх нь төр, нийгмийн үйл ажиллагаагаар үндсэндээ баталгаажсан нөхцөлийг цэргийн аюулгүй байдал гэж үздэг.

Ийм нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг батлан хамгаалах бодлого гэж нэрлэдэг. Тиймээс төрийн хууль тогтоомжоор баталгаажсан батлан хамгаалах бодлогыг цэргийн салбарт хэрэгжүүлэх буюу дайныг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах, ямар зэвсэгт хүчинтэй байх, түүнийгээ ямар үед яаж ашиглах талаар баримтлах төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогцыг төрийн цэргийн номлол гэдэг юм.

-Энэ ​асуудалд​ хүмүүс​ янз​ бүрээр ​л ​ханддаг​ бололтой ​байгаа ​юм.​ Шулуухан ​асуухад​ өнөө​ үед​ манайд ​учрах​цэргийн​ аюул ​гэж​ байна​ уу?

Монгол Улсад учирч болзошгүй цэргийн аюул занал өнөө үед байхгүй гэж ярьж нотолж байгаа хүмүүс мэр сэр бий. Тэгвэл, цэргийн шинжлэх ухаанд цэргийн аюул, цэргийн заналхийлэл гэсэн хоёр нэр томьёо хэрэглэгддэгийн мөн чанарыг ойлгох учиртай юм. “Цэргийн аюул” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг дайн түрэмгийлэл хийгдэж болзошгүй буюу түүний дайнд өртөх, татагдан орох зэрэг өргөн хүрээтэй нөхцөлийг тодорхойлсон ерөнхий ойлголт л доо. Энд аль нэг улсыг болзошгүй дайсан гэж тодотгодоггүй онцлогтой.

Харин “Цэргийн занал хийлэл” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийж болзошгүй нь тодорхой болсон бодит этгээдийн бодлого, үйл ажиллагааны тухай ярихад хэрэглэгддэг нэр томьёо юм.

-Байхгүй​ гэж ​бодож​ болохгүй​ юм​ байна ​гэж​ ойлголоо.​Зөв ​үү?

Монгол Улсад одоогоор цэргийн заналхийлэл байхгүй боловч цэргийн аюул оршсоор байна гэж үзэж болох юм. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд “Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гээд заачихсан байгаа. Үндсэн хуульдаа зүгээр ч нэг заачихсан юм биш шүү дээ. Ер нь зэр зэвсгийн асар их нөөц хуримтлагдсан, ямар ч улс орон зэвсэгт хүчнийг улс төрийн зорилгоор ашиглах үзэл, бодлоосоо бүрмөсөн татгалзаагүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ зэвсэглэлээр хөөцөлдөх явдал улам газар авсаар байгаа өнөө үед цэргийн аюулд өртөхгүй нь баталгаатай болсон улс, үндэстэн дэлхий дээр байхгүй.

-Одоо ​шууд ​өнөөгийн​ байдлын ​тухай ​ярилцвал​ яасан ​юм.​Монгол ​Улсын​ үндэсний ​аюулгүй ​байдал​ маш​төвөгтэй​ байна ​гэдгийг​ ярих​ болсон.​Үнэхээр​ хүүхдийн​ зулай​ мэт ​тийм​ эмзэг ​байгаа​ юм​уу.​​Учир,​ шалтгаан​нь​ юу ​вэ.​Мэдээж​ гадна,​ дотнын​ олон​ хүчин​ зүйлээс ​хамаарах​ байх?

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж байна. Үүний улмаас том гүрнүүдийн гео улс төр, гео эдийн засаг болон гео стратегийн ашиг сонирхол өөр хоорондоо хүчтэй зөрчилдөн, олон туйлт ертөнц бодитой болж байгаа нь эдгээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болсон. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй нь тодорхой. Тэр ч байтугай Монгол Улс үүнд нэлээд гүнзгий татагдан орж болзошгүй байна.

Манай орны хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах гэсэн бие даасан эрмэлзэл, стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршил, ашигт малтмалын асар их баялаг, нүүдлийн ахуй соёл болон онгон уудам байгаль орчин зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг улам бүр хүчтэй татах болсон нь нууц биш. Бидний оршин сууж буй газар нутаг маань тэдний геополитикийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирах магадлал  хүчтэй мэдрэгдэж эхэллээ.

Үүний зэрэгцээ манай улсад дотоодын үүдэл сэдэл бүхий олон шинэ эрсдэл сорилт тулгарах болж, зарим нь лавшрах хандлагатай байна. Улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр, нийгмийн хэсэг бүлэг хоорондын зөрчил сөргөлдөөн үргэлжилсээр байна. Эдийн засгийн тэнцвэртэй хөгжил төдийлөн хангагдаж чадахгүй, сайн засаглал бий болгох ажил удаашралтай байна. Авлига, шударга бус явдал, хуулийг үл тоомсорлох үйлдэл газар авч, ард түмний нэлээд хэсгийн амьдралын түвшин сайжрахгүй байгаа зэргээс улбаалан нийгэмд тогтворгүй, хуваагдмал байдал бий болох нөхцөл ажиглагдаж байна.

-Энэ​ бүхний​ цаад​ учир​ нь ​юу​ юм ​бол?

Монгол Улс Ази, Европын соёл иргэншил, дэлхийн гурван том шашны уулзвар, төр, нийгмийн өөр тогтолцоот улс орнуудын зах нийлсэн заагт оршдог. Орос болон Европоос Ази руу, Хятадаас Орос болон Европ руу дамжих их замын дунд байдаг нь Евразийн уужим том нутаг дэвсгэрийн төвд орших манай орны гео стратегийн чухал байршил болдог. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг эртнээс татаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эзэлж байгаа геополитикийн орон зай дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг хүчтэй татаж эхэлсэн. Манай улс тэдгээрийн гео стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирч байгаа нь нэгэнт бодит зүйл болжээ.

-Шалтгаан​ нь?

Маш товчхон хэлье. Нэгдүгээрт, өөр тогтолцоо, өөр улс төрийн дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан оршиж байгаа ч ардчиллыг хөгжүүлэх талаараа социализмын дараах орнуудад, ялангуяа Азийн улсуудад үлгэр жишээ болж байгаатай холбогдож байна. Хоёрдугаарт, дэлхий нийтийн хувьд тогтворгүй байдлын нэг үндэс болоод байгаа лалын ертөнцтэй хил залгаа оршдогтой мөн холбогдож байгаа юм. Гуравдугаарт, Орос, Хятад гээд одоогоор далд боловч өөр хоорондоо болон АНУ тэргүүтэй барууны орнуудтай ноцтой зөрчил, сөргөлдөөнтэй хоёр том улсын дунд оршиж байна. Дөрөвдүгээрт, нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмалын асар том ордуудаа бусад оронтой хамтран ашиглаж эхэлсэнтэй холбоотой зүйлс бий. Монгол Улс хоёр их хөрш, АНУ болон гуравдагч бусад улс оронтой олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэсэн ч их гүрнүүдийн зүгээс Монгол Улсад улс төрийн нөлөөллийнхөө давамгай байдлыг бий болгох, эдийн засгийн тодорхой салбаруудыг хараандаа оруулах, улсын хөгжлийг зөвхөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн экспортод түшиглэсэн, олон улсын зах зээлээс хэт хамааралтай байдал руу хөтлөхийг оролдох болсон. Эцсийн дүндээ өөрсдийн геополитикийн харааны орон байлгах гэсэн хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй ажиглагдаж эхэллээ.

-Та​ амаргүй​ л​ зүйл​ ярьж​ байна.​Үүнд ​гарц​ гэж​ байх​ уу?

Хамгийн түгшээж байгаа зүйл бол харьцангуй тайван амгалан байсан 30 жил ард хоцорчээ гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхий ертөнц ийм тайван амгалан мөчлөг, хямрал, сөргөлдөөнт хурцадмал мөчлөгийг ээлжлэн туулж ирсэн. Хүний нийгмийн түүхэн зүй тогтол гэж хэлчихэд бараг хилсдэхгүй байх. Тайван цагт улс орнууд хөгжил дэвшлийнхээ зорилтуудыг нэн тэргүүнд тавьж, бодлогынхоо цөм болгодог. “Улс орны гадаад бодлого бол дотоод бодлогынх нь үргэлжлэл байдаг” гэсэн хэлц үгийг та сонссон байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө эрх ашигт захируулж гадаад бодлогоо хэрэгжүүлдэг гэсэн үг.

Тэгвэл аюул, эрсдэл бодитой өсөн нэмэгдэж буй цаг үед “дотоод нөхцөл байдал бол гадаад орчны шууд тусгал” гэдэг үг үйлчилнэ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх буюу үндэстнээрээ, нийт нийгмээрээ, төр, ард түмэн хамтран аливаа эрсдэлийг бууруулах, аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх, сөрж бэхжих чадавхыг цогцлоохын төлөө чармайх цаг ирсэн байна. Гадаад орчноос үүдэлтэй шок буюу цочроог тэсч гарах улс төрийн, эрх зүйн, иргэний нийгмийн, оюун санааны, эдийн засгийн, мэдлэг мэдээллийн цогц чадавх гэсэн үг. Үүнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэлийн нэг томоохон агуулга оршиж байгааг мөн нэмж дурдъя.

Өөр олон зүйл ярьж болно. Гэхдээ энэ удаад ингээд өндөрлөе. Нэлээд ч ярилцлаа. “Үндэсний үнэт зүйлс болон язгуур эрх ашгаа хадгалан хамгаалах суудлыг үе үеийн хаад ноёд, төр жолоодогч нар үндэсний ухаантнуудынхаа хүрээнд, ард иргэдийнхээ чин хүсэл эрмэлзэлд тулгуурлан тусгайлан бодож боловсруулан, үүнийхээ цөм үндсийг “хар хайрцагны бодлого” хэмээн нэрийдэж, хамгийн чандаар хадгалан хамгаалж, эрхэмлэн баримталж, үйл ажиллагаандаа тууштай мөрдлөг болгон, дараагийн залгамжлагчдаа өвлүүлэн үлдээж ирсэн нь Монгол төрийн эрхэмсэг уламжлал юм. Үүнийгээ л дагах ёстой гэж хэлмээр байна.

​-За,​ танд​ маш​ их​ баярлалаа.​Та​ бид ​хоёр​ энэ ​удаа​ үндэсний​ аюулгүй​ байдлын ​үндсэн ​асуудлын​ талаар​ярилцлаа. ​Дараа​ таны ​хөндөөд​ орхисон​ аюулгүй ​байдлын​ гадаад​ орчин,​ батлан​ хамгаалах​ салбарын​талаар​ илүү​ тодорхой​ ярилцмаар ​байна.​ Болно​ биз​дээ.

Бололгүй яах вэ. Баярлалаа.