Categories
нийгэм улс-төр

ТББХ: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.02/ хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН БҮЛЭГ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Далхаасүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 11-р сарын наймны өдөр батлагдсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжид бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бөгөөд Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороодоос ажлын хэсэг байгуулагдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах хуулийн төсөл боловсруулсан. Тус ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл гишүүдийн дэмжлэг авч чадаагүй.
Иймд 2025 оны төсвийг Засгийн газарт буцаах, хуулийг хүчингүй болгох шийдвэр УИХ-аас гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөв нь цоо шинэ төсөв биш засварлагдсан төсөв байх учир аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг батлагдахыг хүлээх шаардлагатай гэдгийг онцлон хэллээ.
Хуулийн төсөлд “Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална гэж төсөлд тусгасан.
Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 32дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог DNN.mn

Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Үүнээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнд зургаан нам парламентад суудал авсан. Үлдсэн улс төрийн 30 гаруй нам “гудамж”-аас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улс ардчилсан тогтолцоотой орон ч гэлээ гурван сая гаруйхан хүн амтай жижиг улсад гуч гаруй улс төрийн нам байх шаардлага байхгүй гэж зарим судлаачид ярьдаг. Гэвч ардчилсан тогтолцоо руу шилжсэнээс хойш улс төрийн нам борооны дараахь мөөг шиг олширсон. Бүр Дээд шүүхэд бүртгэлтэй атлаа даргаасаа өөр гишүүнгүй нам ч хэд хэд байх жишээний. Улс орны хөгжил, иргэдийн улс төр дэх оролцоог хангах, цаашлаад төрийн бодлогыг тодорхойлоход оролцдог гол институци бол улс төрийн нам.

Гэтэл олон намын тогтолцоог далимдуулан гарч ирсэн гишүүнгүй, бодлого, дүрэмгүй, хөтөлбөр зорилтгүй зүгээр л улс төрөөр мөнгө хийх гэж байгуулагдсан улс төрийн намууд хэдэн арваараа байдгаас болж улс төрийн намд, цаашлаад төрд итгэх иргэдийн итгэлийг эрс бууруулсан гэдэг судалгаа бий. Тиймээс л олон жил эрх зүйн өөрчлөлт хийгдээгүй Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Ингээд өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ-д өргөн баригдаж, сүүлийн 76 гишүүнтэй парламент хэлэлцэн баталсан байдаг. Улмаар дээрх хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан нь товчхондоо улс төрийн намуудыг төлөвшүүлэх, намын санхүүжилтийг нь ил болгох, мэргэжлийн институци болгох л байсан. Дээрх хуулийн шинэчлэл нь энэ зорилгоо хангасан эрх зүйн сайн өөрчлөлт болсон гэж хуульчид, судлаачид үздэг. Гэтэл энэ зорилгоос нь няцааж, Улс төрийн намын тухай хуулийн амин сүнс болсон улс төрийн намыг үүрэгжүүлэх гол заалтыг хүчгүй, амьгүй болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүллээ. Ямар зүйл заалт вэ гэхээр Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хууль гэж бий.

Таван зүйл заалттай уг хуулийн хоёр дахь зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна. Энэ нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэд уялдуулан дүрэм, хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд өөрчилж түүнийгээ Дээд шүүхэд хүргүүлэх заалт юм. Адаглаад улс төрийн нам нийт хүн амын нэгээс доошгүй хувьд хүрсэн буюу 35 мянгаас доошгүй гишүүнтэй байх, дэргэдээ судалгааны төвтэй байх, намын санхүүжилтээ шилэн болгосон байх, байгуулагдсан цагаасаа эхлээд дүрмийнхээ дагуу намын их хурал, бага хурлаа явуулсан байх зэрэг шаардлага шинээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуульд орсон.

Тиймээс эдгээр шаардлагуудыг биелүүлээд, улмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой заалт гэсэн үг. Энэ хуулийн заалтаар товлогдсон хугацаа нь ирэх оны нэгдүгээр сард дуусна. Гэтэл хуулийн хугацаа дуусах дөхөж байхад дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлсэн улс төрийн нам ердөө долоо байгаа нь асуудал болж байна. Нөгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас ердөө долоон нам яг одоогийн байдлаар шинэчилсэн материалаа бүрдүүлж өгсөн гэх. Ингээд үлдсэн 30 орчим улс төрийн нам ирэх оны нэгдүгээр сараас өмнө их хурлаа хийгээд, дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлж амжихгүй гэжээ. Тиймээс дээрх хуулийн хугацааг дор хаяж хоёр жилээр сунгаж өгөхийг Засгийн газраас хүссэн байна. Өнгөц харахад Улс төрийн намын тухай хуулийн оролцогчид болох улс төрийн намууд тулгамдсан асуудлаа хэлж байгаа мэт боловч цаанаа Монголын улс төрийн намуудын тар нь танигдаж байна. Нэг үгээр хэлбэл, 37 намын дийлэнх нь нам байх чадамжгүй гэсэн үг. Тэгвэл энэ олон чадамжгүй улс төрийн намууд төдийгөөс өдийг болтол яагаад тарчихгүй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад байдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь маш тодорхой. Хатуухан хэлэхэд, Монголын улс төрийн намуудын ихэнх нь хүссэн үедээ хэнд ч үзэл бодлоо худалдаж, хэний ч төлөө юуг ч хийж чадах улс төрийн “биеэ үнэлэгчид”. Тэр дундаа 30 гаруй жил төрийн эрхийг барьсан эрх баригч намын гар хөл бологсод нь жижиг гэж ярьдаг улс төрийн намууд юм. МАН-ын гар хөлийн үзүүрт сайн зарагддаг нам нь зарим сонгуулиар парламентад ганц нэг суудал авдаг.

Үүнийгээ улс төрийн гуравдагч хүчин гарч ирлээ гэж бусдад итгүүлэх гэж оролддог. Эдгээр улс төрийн намуудын сонгуульд оролцдог гол зорилго нь МАН-аас бусад намуудын саналыг тараах, тарамдуулахад оршдог. Ингэснийхээ шанд тэд МАН-аас далдуур санхүүжилт авдаг. Энэ бол Монголын улс төрийн намуудын бодит байдал. Улс төрийн намуудын ихэнх нь нэг намын гар хөл байна гэдэг нь Монгол Улсад ардчилал хөгжихөд хамгийн том саад болж байна гэсэн үг. Улс төрийн намын үүрэг юу вэ гэдгийг энэ жижиг намууд огт мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Учир нь тэд намыг компани, улс төрийг бизнес болгон харж үйл ажиллагаагаа явуулж ирсэнтэй холбоотой. Улс төр, бизнесийн бүлэглэл гэдэг нь үнэндээ энэ. Өнгөрсөн хугацаанд явуулж байгаа энэ бүлэглэлийн үйл ажиллагааг үндэсний хэмжээний том нам болох Ардчилсан нам биеэрээ мэдэрсэн байх ёстой. Сүүлийн хэдэн удаагийн УИХ болон Орон нутгийн сонгуульд АН ямар үр дүнтэй оролцож ирэв гэдгээс л тодорхой харж болно. Сонгууль болгонд МАН, түүний дагагсад болон АН дангаараа гэдэг байдлаар хуваагдан өрсөлдөж ирсэн. Ингээд МАН саналаа авдгаараа авч, үлдсэн саналыг АН болон МАН-ын дагагсад хуваан авдаг. Үр дүнд нь МАН олонх болдог. Үүнийг Ардчилсан нам болон ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд ойлгох хэрэгтэй гэж олон нийт үздэг. Гэхдээ тэд ойлгож байгаа. Ойлгосон атлаа үүний эсрэг тэмцэх сэдэл АН болон ардчилал чигийн улс төрийн хүчнүүдэд нийтэд нь алга байна уу даа гэж харагдахаар байна. Тиймээс улс төрийн намуудын МАН-дагагсад болон АН гэсэн хуваагдлыг цэгцлэхийн тулд л Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн. Хэрэв хуулиа яг мөрдөөд эхэлбэл хэдэн нам үлдэхийг дээрх тооноос та харсан байх. Яг ингээд хуулийг мөрдөөд эхэлбэл МАН ирэх сонгуулиудад тал хүчээ алдахаар байна. Үүнээс л эрх баригчид айж байгаа бололтой. Хамгийн ойрын хугацаанд болох сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль.

Тиймээс энэ сонгуулиар МАН тал хүчээ алдахгүйн тулд дагагсдаа улаан цээжээрээ хамгаалж, хэрэгжиж байгаа хуулийг хүч түрэн өөрчлөх гэж байна. Юутай ч Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ. Хэрэв УИХ хэлэлцэхийг нь дэмжчихвэл уг хууль ногоон гэрлээр батлагдана. Батлагдлаа гэж бодоход Монголд улс төрийн намууд хэзээ ч төлөвшиж, мэргэжлийн институци болж чадахгүй. Ирэх жилүүдэд болох сонгуулиар ч 30 жил эрх барьсан нам олонх болдгоороо болоод л явна. Эсрэгээрээ Монголын ардчилал унтарсаар л байх болно…

Э.МӨНХТҮВШИН

Categories
улс-төр цаг-үе

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг батлав DNN.mn

УИХ-ын өчигдрийн хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.

Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан.  2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы /2024.11.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн  гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай гээд хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай хэмээсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Сангийн сайдын хэлсэн саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариу тайлбар хийв. Тэрбээр, Бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн  90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн  хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ гэсэн хариулт өгсөн юм.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.

Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.

Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.

“Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаарх Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан холбогдох хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн гэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.

Түүнчлэн тогтоолын төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Амарсайхан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, Ж.Батжаргал, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Уг тогтоолд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр, 2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна гээд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.

Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн уг мэдээлэлд, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 65 зуух, 45 турбогенератор ажиллаж, системийн горим, ажиллагаа хэвийн байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор нийт 131 тэрбум төгрөгийн татаасыг шийдвэрлүүлсэн бөгөөд санхүүгийн дэмжлэгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийг бүрэн хангах, нүүрс, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, импортын эрчим хүч худалдан авах, тарифын алдагдлыг бууруулах, бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулах, компанийн санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулахаар шийдвэрлэсэн хэмээн дурджээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй холбоотой бэлтгэн нийлүүлэгчид үүссэн өр, төлбөрийг барагдуулахад 58.3 тэрбум төгрөг, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, эрчим хүчний компаниудаас нүүрсний уурхайд төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөр болон нүүрс олборлолтын бодит өртгөөс бага тогтоосон үнийн зөрүүгээс 9, 10 дугаар сард үүсэх алдагдлыг арилгахад нийт 32.0 тэрбум төгрөг, импортын эрчим хүчний тарифын зөрүүгээс үүсэх алдагдал, өр төлбөрийг барагдуулахад 16.5 тэрбум төгрөг, зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өглөгийг барагдуулахад 3.9 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 2025 оноос төсвөөс татаасгүй ажиллах зорилтыг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иудын богино хугацаат өр, төлбөрийг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбоотойгоор 4.5 тэрбум төгрөг, компани бүрийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 14.0 тэрбум төгрөг тус тус хуваарилан шийдвэрлэлээ. Дээрх тушаал, шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болгон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 27 төрийн өмчит үйлдвэр, компаниудад 125.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээд байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцолж байлаа.

Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй бөгөөд гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах төлөвтэй байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээсэн.

Түүнчлэн тэрбээр “Тавантолгой түлш” ХХК нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93.0 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 38 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 82,408 тонн шахмал түлшний нөөцтэй, үндсэн түүхий эд болох миддлинг 198.2 мянган тонн, барьцалдуулагч 9.4 мянган тонн, шуудай 20.0 сая ширхэг нөөцтэй үйлдвэрлэл хэвийн явагдаж байна гээд салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 2024 онд нийт 62 ажил төлөвлөснөөс бүрэн дууссан 57 ажил, хэрэгжих шатанд 5 ажил, дунджаар 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээлэл танилцуулсан.

Мөн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд 44821 ажилд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулаад буйг мэдээлэлд дурдахын зэрэгцээ салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээлэл өгсөн.

Орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн 34 байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажилд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 19.6 тэрбум төгрөг зарцуулан төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн 66 байгууллага байгаагаас 4 орон нутгийн өмчит, хувийн орон сууцны ашиглалтын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 22.7 тэрбум төгрөг зарцуулан 43638 нэр төрлийн ажилд биелэлт хангагдан Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдлаа.

Дараа нь мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Уг дүгнэлтэд, энэ мэдээлэл тайлан нь бүхэлдээ аймаг, сумын засаг даргын хэмжээний ажил, статистикийн байгууллагын тоон үзүүлэлт, салбарын яамны хэлтэс газрын мэргэжилтний улирлын тайлан төдий, нэг удаагийн гал намдаах агуулгатай байгаа нь тун хангалтгүй байна гэж Ардчилсан намын бүлгээс үзэж байна гэсэн байв. Мөн Засгийн газраас жил бүр давтагддаг “асуудал”-ын эх үүсвэр, шалтгааныг арилгахад анхаарах бус “өвлийг л давчихвал…” гэх хандлагаар аргацаасан байдлаар хандаж ирсэн нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг ийм эрсдэлийн хэмжээнд хүргээд байгааг О.Цогтгэрэл гишүүн дүгнэлтдээ онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, уг мэдээллээс харахад, хөдөө аж ахуйн салбар 86.7, эрчим хүчний салбар 94, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд 93 хувийн гүйцэтгэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэлийг хангасан нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  дунджаар 91.2  хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэхээр  байгаа ч тоон үзүүлэлт нь эргэлзээ төрүүлж байна гэв. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тусгасан талаар дурдаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус, бодлогын шийдэл болохуйц биш дутмаг төлөвлөгөө болжээ хэмээн дүгнэснийг А.Ундраа гишүүн хэлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын М.Нарантуяа-Нара үг хэлсэн. Тэрбээр, өвөлжилт хаваржилтийн бэлтгэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлогод Иргэний зориг ногоон намаас санал дэвшүүлж буйг онцлов. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг зуншлага, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн талаар мэдээлж ярихаас илүүтэй нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд бодлого боловсруулж ажиллах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай хийж, ногоон эрчим хүч рүү шилжих, эл салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар санал хэлж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Батчимэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариулт үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нар цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, дэмжлэг малчдыг зудын эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болж буй эсэх, нөөцийн мах бэлтгэл, үнийг тогтвортой байлгах талаар, дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц хэр бүрдүүлсэн зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилсан.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Азжаргал хариултдаа, Өнгөрсөн хугацаанд  нийтдээ 68500 орчим малчид  уг хоршооны гишүүнээр элсэж, 17000 малчин  558 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан гэдгийг дурдаад “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлд хамрагдсан 17000 малчин өвлийн болзошгүй эрсдэлийн бэлтгэлээ хангасан гэсэн дүгнэлт гарсан хэмээв.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн салбарт малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа. Улсын хэмжээнд 16 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсны 10 орчим сая нь дотоодын хэрэгцээнд,  6 сая нь экспортод гаргахаар төлөвлөсөн. Мах экспортлох орны тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Мөн  21 аймгийн түвшинд Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн идэш арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна гэж хариулт өгсөн юм.

Мөн тэрбээр хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хүрээнд арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас дээр дэмжлэг үзүүлдэг. Энэ салбарт ямар нэгэн  халамжийн бодлого байхгүй. Харин малчид руу чиглэсэн сүү, ноос, арьс ширний урамшууллыг үргэлжлүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин ажлын хэсгээс, нийслэлийн хүн амын 2024-2025 оны өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд 5500-6000 мянган тонн мах бэлтгэх тооцоо гаргасан. Нийслэлийн 2025 оны төсөвт 7.9 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг суулгах ажлыг зохион байгуулж байна хэмээн хариулж байлаа.

Түүнчлэн Эрчим хүчний яамны Хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 15-22 хоногийн нүүрсний нөөцтэй буюу өвлийн горимдоо орон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр өнгөрсөн жил болсон байгалийн гамшгаас салбарын яам ямар сургамж авч түүнийгээ өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөндөө тусгасан эсэх талаар, малын индексжүүлсэн даатгалд салбарын яамны баримтлах бодлогыг тодруулахын зэрэгцээ зудын гамшиг нүүрэлбэл иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах эсэх талаар тодруулсан иргэдийн асуултыг уламжилсан. Мөн тэрбээр, малын индексжүүлсэн даатгалын асуудалд салбарын яам дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай гэв.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хэсэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал тулгамдсан асуудал болдог. Өнгөрсөн жил улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хөдөлгөөнт багуудыг зам даваа хаагдсан бүс нутаг, айл өрхүүд рүү хүргэж ажилласан. Үүний хажуугаар сумын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нарыг дайчлан ажиллуулах зэргээр цасанд боогдсон, зудад нэрвэгдсэн, айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн гэв. Мөн цаашдаа цасанд боогдож, зудад нэрвэгдсэн бүс нутагт нөхцөл байдлыг нь үнэлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбарт шаардлагатай зохицуулалт хийх асуудалд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Ганбат: Нүүрсний үнэ унаж, бидний өөдрөгөөр төсөөлөөд байгаа бүхэн өдөр өдрөөр замхарч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Та нэлээд хатуухан байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Гол асуудал юунд байна вэ?

-Энэ хууль сүүлийн 17, 18 жил олон парламент дамжиж, шинэчилсэн найруулга явж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн бариад, бүх намыг оролцуулсан хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, бараг хоёр гурван жил ажилласан. Ажлын хэсэгт нь би ч байсан л даа. 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Уул нь баталсан өдрөөсөө эхлээд хуулиа хэрэгжүүлээд явъя гэсэн саналтай байж байгаад тухайн үеийн намуудын гаргасан саналаар хуулийн хэрэгжилтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлье гэж хойшлуулсан. Батлагдаад жил зургаан сар, хэрэгжээд жил болчихож байна. Улс төрийн намуудын дагах журмын тухай хуульд улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө, дотоод зохион байгуулалтаа, дүрмээ энэ хуульд нийцүүлж, энэ ондоо багтааж, бүртгүүлнэ гэсэн зүйл заалт бий. Гэтэл Засгийн газраас 2027 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжилтийг хойшлуулъя гэж хуулийн төсөл оруулж ирж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 4.10-д хэрэгжиж байгаа хуулийн талаар хэн нэгэн этгээд, ямар нэгэн байдлаар хууль өргөн барихгүй гэсэн тодорхой заалт байгаа юм. Гэтэл нэгдүгээрт, Засгийн газар энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Хоёрдугаарт, үүнээс гадна маш олон заалт зөрчигдөж байна. Хэлэлцүүлэг явах ёстой. Намуудаас санал авах ёстой. УИХ бас хууль зөрчөөд, хуулийг өргөн барьсныг хүлээж аваад, хэлэлцэх эсэхийг шийдээд байна. Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хуралдаад, 18 гишүүн буюу олонх энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй, хууль хэрэгждэгээрээ хэрэгжих ёстой гэсэн шийдвэр гаргасан.

-УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг зохицуулсан заалт холбогдох хуулиудад байхгүй. Одоо ямар дэгээр явах талаар шийдэлд хүрсэн үү?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй дэгийн байнгын хороо хамтарч хуралдаад, өмнө ийм зүйл байгаагүй тул хууль хэлэлцэх асуудлаар ажиллаж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчийг хориг тавихад дэмжсэн бил үү?

-Угаасаа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг орж ирэхэд “Энэ хуулиа тат аа. Монгол Улсын төсвийг том болгож болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хэмжээний зүйл заалт байх ёстой. Намуудын мөрийн хөтөлбөрт ч цомхон, хэмнэлттэй төсөвтэй байна гэж заасан байдаг. Гэтэл гурван нам мөрийн хөтөлбөрөө хэрэгсэхгүйгээр нийлээд ийм төсөв оруулж ирсэн. Алдагдал маш их, 1.9 их наяд. Нийт 35.8 их наядын зардалтай, 33.7 их наядын орлоготой төсөв баталсан. Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавьсны дараа мань мэтийн хүнээс бусад нь нэгэн дуугаар дэмжиж, баталсан төсвөө эргээд бараг 80 хувь нь хүлээн авсан. УИХ энэ бүхнийг засаж залруулах гээд ажиллаж байна.

-Засгийн газар ирэх оны эдийн засгийн өсөлтийг их өөдрөгөөр төсөөлсөн. Харамсалтай нь, өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгааг бид анхаарахгүй бол болохгүй байх. Та юу хэлэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлаас үзвэл 2025 оны маш өөдрөгөөр харах нь эрсдэлтэй байна. Нүүрсний үнэ унаж байна. Экспорт 60 хувь нь нүүрснээс шалтгаалж байна. Дэлхийн зах зээл дээр коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ унаж байгаа мэдээллүүд гарч байна. Ирэх жил нүүрсний үнийг тонныг нь 129 ам.доллараар тавьчихсан байгаа шүү дээ. Нөгөө талаар, 83 сая тонн нүүрс гаргана гэсэн. Гэтэл мухар төмөр замаа ч холбож чадаагүй байна. Түүнийг дахин гурван жилийн дараа холбоно гэж ярьж байна. Өргөн царигтай байгаа, маш их мөнгө үүнд дахин төлөвлөж байна. Мөн 14 мега төсөл ярьж байна. Мөнгө нь байхгүй. Эх үүсвэр байхгүй. Боловсон хүчин нь байхгүй. Өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн мега төсөл бас алга. Баахан зураг төсөл хийгээд, маш их үнэ тавьчихсан. Ийм байдалтай байна.

-Гурван нам Хамтарсан Засгийн газар байгуулаад, хэр сайн ажиллаж байна гэж та хэлэх вэ?

-За яах вэ, УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-нд болсон. Энэ сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулиар олонх болсон нам Засгийн газраа байгуулж ажиллана, бусад намууд хяналт тавьж, цөөнх болно гэж заасан. Нийт 68 суудалтай МАН Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраа байгуулсангүй. Өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ч сонирхол алга. Уул нь ингэж ажиллаад, болохгүй бүтэхгүй бол дараа нь Хамтарсан Засгийн газар байгуулж болно л доо. Гэтэл Үндсэн хуулийг хэрэгсэхгүй, ард түмний засаглах эрх хангагдахгүй байна. Нэлээд сөрөг хүчинтэй, олонх буюу эрх барьж буй намынхаа зөв зүйлийг дэмжиж өгдөг, буруу зүйлийг нь засаж өгдөг ийм парламентын давуу тал хаа ч байдаг. Ард түмэн ингэж засаглаж ажилла гэж сонгуулиар саналаа өгсөн шүү дээ. Гэтэл үүний эсрэгээр, Үндсэн хуулийг ч тоолгүйгээр ийм Засаг байгуулж байгаа нь харамсалтай байна. Энэ нь ч Монгол Улсын 2025 оны төсвийг баталж буй үйл явцаар тод илэрч гарч байна. Төсөв том, тэлж байна. Төр засаг дарга нарын тоо ихэсч байна. Данхайж байна. Төрийн өмчит компаниуд ямар ч ашиггүй ажиллаж байна. Ард түмний амьдрал, ядуурал буурахгүй байна гэсэн зүйлүүдийг хэлж болохоор байна.

-ОУВС мөчлөгийн шинжтэй нүүрс, зэсийн үнийг дагаад Засгийн газрын зарцуулалт өсч, буурснаар инцляцийг хөөрөгдөнө гэж анхааруулж байна. Гэтэл бид эдийн засаг өснө гэж тооцоолсоор байна. Цаашид ямар эрсдэл нүүрлэж болзошгүй гэж та бодож байна вэ?

-МАН буюу Засгийн газар эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байна гэж тооцоод байгаа. Олон улсын валютын сан зэрэг гадна, дотны байгууллагууд зургаан хувьтай байна гэж төсөөлж байснаа одоо бүр бууруулаад дөрвөн хувь руу орлоо. Он гараад АНУ, Хятад улс хоёрын хооронд тарифын буюу “худалдааны дайн” даамжирч, хоорондоо маш өндөр татвар тавилцах магадлал өндөр байна. Урд хөршийн эдийн засаг бас тийм сайнгүй байна. Энэ бүхнээс манай эдийн засгийн өсөлт шалтгаална. Нүүрсний үнэ унаж байна. Гэтэл энэ их өөдрөгөөр төсөөлөөд байгаа бүхэн өдөр өдрөөр замхарч байна. Бодит үнэн бол ийм байна.

-УИХ түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон. Тоо нэмэгдээд, чанар дээшилж байна уу?

-Миний хувьд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь, мөн жагсаалтын гишүүдтэй болох, намууд төлөвших тухайд 126 гишүүнтэй байх нь зөв байх гэж бодож байна. Би энэ хуулийг өргөн барьж, батлалцсан гишүүний нэг л дээ. Гэтэл бас хүлээлтэд хүрэхгүй байна. Яг өнөөдрийн байдлаар, намууд төлөвших ёстой. Төлөвших бүх замыг хааж байна. Парламентын засаглалтай улс орон Засгийн газрынхаа хараат юм шиг ажиллаж байна. Хоёр том гүрний дунд байгаа улс парламентын засаглалтай байж, олон намын систем байж байж Монгол Улсын тусгаар тогтнол баталгаатай байна. Энэ бүгд бидний сонгосон хамгийн зөв зам мөн гэж үзэж байна. Гэвч Засгийн газар нь хуулиа дээдлэхгүй, УИХ нь хууль биелүүлэхгүй байж Монголын ард түмнээс хуулиа биелүүлээч ээ гэж шахаж шаардаж байгаа нь цаашдаа маш их хор нөлөөтэй.

-Зарим хүн төсөв тэлбэл ард түмэнд ашигтай байх талтай гэж санал бодлоо илэрхийлж байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсвийг алдагдалгүй баталъя гэж бүхэлд нь хориг тавьсан. Би үүнтэй санал нийлж байна. Угаасаа 2025 оны төсвийн хэлэлцүүлэг хийж байхад “Монгол Улсын төсөв алдагдалгүй байх ёстой. Өөрийн хэр хэмжээндээ шууд зарцуулдаг байя” гэж хэлж ярьсаар ирсэн. Төрийн мөнгө гэж байхгүй. Байгалийн баялгаас орж ирж байгаа, ард түмэн, аж ахуйн нэгжээс авч байгаа татвараас төсвийг бүрдүүлж байгаа. Эндээс орж ирж байгаа нэг төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулах ёстой. Гэтэл энэ бүх зүйл эсрэгээр байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард төсвийн тодотгол хийж байхад нэг сайд дөнгөж албан тушаалд очингуутаа сэтгүүлийн ширээг 19 сая төгрөгөөр худалдаж авч байна, нөгөөх нь 10, 20 хүнийг Фукуок руу төрийн албаны туршлага судалж байна гэх нэрээр сайд нараа амраасан юм уу авч явсан. Хайнаньд олон давхраас төрийн албан хаагч унаж нас барсан зэрэг зүйлүүд удаа дараа гарч байна шүү дээ. Үүнд иргэд дургүйцээд байна л даа. Иргэд сонгогчидтой уулзаад явахад үүнийг байнга ярьж байна.

-Танай нам засагт хамтарчихаар сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандахад бэрхшээлтэй байна уу?

-Би өөрөө өөрийгөө дүгнэхгүй л дээ. Хэн нэг хүн ингэж яриад, засаж залруулаад байж байгаа бол би яриад байх шаардлага алга. Хамгийн гол нь улс оны ажлыг зөв зүйтэй явуулах. Болохгүйг хэлэхгүй, ярихгүй байж байгаад цаашаа газар авахуулбал хоног хугацаа, мөнгө төгрөг зэрэг эргээд олдохгүй шүү дээ. Энэ талаас нь тангараг өргөсөн УИХ-ын гишүүн, ард түмний элчийн хувьд үүргээ гүйцэтгэх гэж үзэж байна. Би өөрөө үзэл бодлын хувьд баруун төвийн буюу Ардчилсан намын баримталдаг үзэл санаатай байдаг. Түүнээс сандал ширээ, албан тушаалд автагдаад ч юм уу, эсвэл хэн нэгэн хүнд барьцаалагдах зүйл надад алга.

-УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаад удаагүй байна. Зарим хүмүүс уран ашиглахын эсрэг байдаг. Та дэмжсэн үү?

-Мэдээж хэрэг бид ураныг ашиглах ёстой. Хамгийн тэргүүний техник, технологийг оруулж ирж, байгаль орчин, оршин суугчдад аль болох бага сөрөг нөлөө үзүүлэхээр байх ёстой гэдгийг хэлж байгаа. Тийм тэргүүний техник технологитой, гуравдагч буюу хөгжилтэй улсуудын хөрөнгө оруулалт орж ирэхийг би сайн зүйл гэж бодож, дэмжиж байна. Энийгээ тухайн улс орон баталгаажуулах ёстой. Олон улсын жишигт нийцсэн гэрээ байгуулж ажиллах ёстой. Энэ асуудлыг олон жил, удаан хугацаагаар ярьж байна. Казахстан улстай л анх ярьж эхэлсэн гэж байгаа. Өнөөдөр Казахстан улс дэлхийн ураны зах зээлийн бараг 20 хувийг эзэлж байхад манайх ерөөсөө байхгүй байна. Ураны нөөцөөрөө манайх 5 хувьтай гээд байгаа. Цаашаа хайгуул хийгээд нэмэгдэх байх аа. Ашиглахдаа энх тайвны зорилгоор ашиглана гэсэн заалтыг хуулиндаа оруулж өгөхгүй бол өдрөөс өдөрт дэлхийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ улс-төр

Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно” хэмээн заасныг танилцуулаад, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай” 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгохыг дэмжлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хурапдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан авах арга хэмжээг тусгасан тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр тусгасан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.