Categories
мэдээ улс-төр

Ардчиллын тэргүүн дээд “Чингисийн одон”-гоор Р.Сэддорж шагнагдлаа DNN.mn

Монгол оронд Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг үнэлж Ардчиллын Тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-оор Р.Сэддорж шагнагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 27 минутад  эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн тул хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасныг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан гэв.

Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг Тэргүүн шадар сайд онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлаас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.

Төсвийн зардлыг бууруулж байгаа нь зарим салбаруудын өсөлтийг хязгаарлах хэдий ч бид зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан найман хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оноос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр байна. Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд бид 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг мөн давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэв.

Мөн зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ес орчим хувиар өндөр байна. Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос хоёр дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт өндөр байхаар байна. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний гурван улиралд 8.8 хувиар өслөө. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Эрчим хүчний салбар энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өслөө. Тус салбарт хэрэгжиж байгаа Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд нийт эдийн засгийн  хүчин чадлыг дэмжинэ гэж тооцож байна. Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно. Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний  гурван улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь цаашид боловсруулах салбарын өсөлтийг дэмжихээр байгааг Л.Гантөмөр сайд танилцуулгадаа дурдлаа.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Тэрбээр,  Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Мандхай, Э.Болормаа, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Да.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан, Б.Заяабал нар асуулт асууж, хариулт авсан.

Гишүүдийн зүгээс төсвийн орлогын 95 хувийг бүрдүүлж байгаа татварын ачааллыг багасгахад төрийн өмчит аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хувьчлах, олон нийтийн өмчит болгох асуудалд ямар бодлого баримталж буйг лавлав. Мөн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн уялдааг хангасан эсэх, төсөлд тусгасан эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт бодитой эсэх, 2025, 2026, 2027 оны төсвийг алдагдалгүй байхаар тооцоолсон шалтгааны талаар илүүтэй тодруулж байлаа.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариултдаа, татварын орлогын тооцоололд хувийн хэвшлээс гадна төрийн өмчит компаниудыг хамруулж байгаа бөгөөд улмаар “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг нь татварын хамгийн томоохон орлого бүрдүүлэгчид. Харин бид төсвийн  хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхдээ эдийн засаг дахь төрийн өмчит компаниудын оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан. Иймд цаашдаа Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнийхөө үндсэн чиглэлд туссан улсын үйлдвэрийн газруудын үр ашгийн тооцоог богино хугацаанд хийж, хамгийн ашигтай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох ажлыг хийж байна. Харин ашиггүй байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зогсооно. Ер нь Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийж байна гэсэн тайлбарыг өгөв.

Парламентаас тусдаа Засгийн газрын бодлого гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг Улсын Их Хурал баталсан. Уг төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилтыг тусгасан. Эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана. Найман хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн шалтгаан нь импортын  өсөлт идэвхжсэнтэй холбоотой. Тухайлбал, 2.9 тэрбум ам.долларын  үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж орж ирсэн байх жишээтэй. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь эргээд төдий хэрийн олборлолтын хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариулж байлаа.

Мөн тэрбээр, ирэх дөрвөн жилдээ дотоодоос дайчилж буй төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний  хоёр хувийн ашигтай байхаар тооцож, гадны зээл тусламжийг авахдаа хоёр хувийн алдагдал хүлээхээр тусгаж оруулсан. Үүнээс Улсын Их Хурал татгалзсан. Улсын Их Хурлын байр суурь нь бүрэн эрхийн хугацаанд хадгалагддаг тул бид дөрвөн жилийнхээ төсөөллийг хийхдээ алдагдалгүй төсөв батлах бодлогыг баримтална хэмээх тайлбарыг өгөв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, Ж.Баярмаа нар байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцэн баталсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлоод төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахад баримталсан зарчмаа танилцууллаа.

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулаагүй гэв.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулна:

а/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.

б/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.

в/эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.

г/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахыг Л.Гантөмөр сайд онцлов.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээлийн ашиглалтыг төлөвлөхөд баримталсан зарчмаа танилцуулсан.

Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгана.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн 512 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг бууруулаагүй буюу 2,080.7 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Хоёр.Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулна.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр батлагдан ирэх онд үргэлжлэн хэрэгжих боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 117.8 тэрбум төгрөгийг хойшлуулсан.

2/Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд 38 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж бүс нутагт нэн тэргүүний, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт ачаалал бага үүсгэх төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр 29 төсөл, арга хэмжээнд 497.0 тэрбум төгрөгийг тусгасан.

Гурав.Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулна.

1/Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах найман  төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулсан.

2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг төрийн үйл ажиллагаагаар хэвийн хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын барилгуудын тоног төхөөрөмжийн зардлыг 2025 оны төсвийн төсөлд анх төлөвлөж өргөн барьсан хэмжээнээс 20 хувь бууруулсан.

Дөрөв.Хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулна.

1/Үндэсний хиймэл дагуулын төсөл хэлэлцээрийн шатанд байгаатай холбогдуулан 2025 оны зээлийн ашиглалт 211.6 тэрбум төгрөг, зарим зээлийн төслүүдийн санхүүжилтийг 300.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нийтдээ 511.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг төсвийн төсөлд буурууллаа. Мөн тус зээлийн ашиглалттай холбоотой Монголын талын санхүүжилтийг бууруулах зарчим баримталлаа.

Тав. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгасан гэдгийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон юм.

Мөн нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцлоо. Үүнд, гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлого 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар байна.  Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор дурдаад Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байна гэлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 33,470.0 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувь байхаар, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасныг дурдаж байлаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцснийг дурдахын зэрэгцээ цаашид анхаарах  асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна. Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэв.

Түүнчлэн төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байгаад анхаарах шаардлагатай гэсэн юм.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр үргэлжилсэн.

Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулав. /дүгнэлтийг бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулж Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хороонд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн дүгнэлтэд тусгагдсан төсвийн зарлага хэт хурдтай өсөн нэмэгдэж байгаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг хангалтгүй байгаа талаар дурьдсан дүгнэлтүүд, мөн Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригт тусгагдсан үндэслэлүүдийг харгалзан үзээд төсвийн үрэлгэн, оновчгүй зарлагыг бууруулах, төсвийн тэнцлийг сайжруулах зарим алхам хийгдсэн, 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн үр ашиггүй зарлагыг бууруулах арга хэмжээ авах талаар тодорхой заалтуудыг тусгасан зэрэг нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарсан нь зөв зүйтэй эхлэл болжээ гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс үзэж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн холбогдох бүлэг, заалтуудын талаарх дүгнэлтийг хураангуйлан танилцууллаа.

Тэрбээр, төсвийн орлогыг анх удаа бууруулан тодорхой тооцоолол үндэслэлийг гаргасан нь эерэг үр дүн юм. Өмнө төлөвлөгдсөн төсвийн орлогыг тодорхой хувь хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд, болзошгүй эрсдэлийг бууруулахад эерэг нөлөөлөх өөрчлөлт болсныг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнд урсгал зардал дийлэнх хувийг эзэлсээр байна. Төсвийн урсгал зарлага 2018 онд 7,350.3 тэрбум төгрөг байсан бол 2024 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 26,034.6 тэрбум төгрөг, 2025 оны төсвийн төсөлд 25,308.6 тэрбум төгрөг байхаар тусгагджээ. Нөгөө талаар урсгал зардлыг байнга өсгөж байгаа нэг зардал бол цалин, хөлсний зардал бөгөөд 2009 онд  Монгол Улсад 100 хүн ам тутамд 4.4 төрийн албан хаагч ногдож байсан бол 2015 онд 5.7, 2023 онд 6.4 болж өссөн байна. Төрийн албаны тогтолцоонд институцийн болон бүтээмжийн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч буй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага, онцгой байдал, батлан хамгаалахаас бусад салбарт төрийн албан хаагчдын тоог царцаах, цаашид аажмаар төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэх бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх нь чухал байна гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, урсгал зардлыг бууруулахдаа тавилга эд хогшил, сургалт, уралдаан тэмцээн, соёлын эрхийн бичиг зэрэг зардлыг 100 хувь, гадаад, дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувь, байр ашиглалт, хангамж, бараа материал, бараа үйлчилгээний зардал гэх мэтийг 10 хувиар бууруулах бодлого баримталж үүнийг хэрэгжүүлэхдээ хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэснийг дэмжиж байна гэв.

Хөрөнгө оруулалтын удирдлага, төлөвлөлтийн системийг сайжруулах шаардлагатай байна. Улсын хөрөнгө оруулалтын удирдлагыг хөгжүүлэхэд цогц бөгөөд нэгдмэл арга барилыг баримтлах, улсын хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн багцыг үр ашигтай оновчтой болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү хэрэглэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад төлөвлөлтөөс эхлээд тайлагнах, хэрэгжүүлэх бүхий л үе шатыг ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах шаардлагатай байна. Төсвийн хөрөнгийн ба урсгал зардал хоорондын хамаарлыг тооцож улсын төсвийг төлөвлөдөг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө тухайн хөрөнгө оруулалтын обьект хэрэгжсэний дараах төсөвт үзүүлэх ачаалал, өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийн зардал болон урсгал зардал хоорондын уялдааг хангаж тооцож байх шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга дүгнэлтдээ онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара  төсвийн төсөлд тусгасан  ижилд байршилд, адилхан хүчин чадалтай сургууль барихад төсөвт өртөг нь 1-2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа шалтгаан болон нийслэлийн утааг бууруулахад төсвийн төсөлд хэчнээн төгрөг тусгасныг тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр, ижил төрлийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүү гарах тохиолдол байдаг. Энэ  нь газрын байршил, дэд бүтцийн хол ойр, газар хөдлөлийн бүс, гадна шугам сүлжээ  нь төсөвт орсон, ороогүй эсэхээс шалтгаалдаг талтай. Хуулийн хүрээнд бүх зүйлийг хийж байгаа хэмээн хариулсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг харахад нийслэлийн утааг бууруулах зардал байхгүй юм шиг харагдах байх. Утаатай тэмцэхийн тулд маш зөв цогц асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нийслэлийн зүгээс сүүлийн хоёр жилийн турш газар чөлөөлөх, орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах, дэд төвүүд, дагуул хотууд байгуулах гээд томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ асуудалд  бонд гаргах, газар чөлөөлөлтийн санхүүжилтийн асуудалд бид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн урсгал зардал тэлж буй нь төрийн албан хаагчдын тоо үндэслэлгүй өссөнтэй холбоотойг дурдаад төрийн албан хаагчдыг багасгах, цомхотгох, ажлын байрны тодорхойлолтыг бүрэн хийхэд анхаарч ажиллах шаардлагатай гэхийн зэрэгцээ боловсролын салбарын урсгал зардлыг тодрууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр, тус салбарын урсгал зардалд 3.9 их наяд төгрөг төсөвлөснөөс цалин, хөлсний зардал 2.3 их наяд төгрөг,  217 тэрбум төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх зардал болдог гэв. Мөн урсгал зардалд байр, бараа үйлчилгээ, хангамж, байр ашиглалттай  зэрэг тогтмол зардлууд байна гэсэн тайлбарыг өглөө.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төсвийг танасан атлаа эдийн засгийн өсөлт  найман хувь, инфляц 7.2 хувь хэвээрээ байгаа шалтгаан болон төсөв танаснаар нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, аж ахуйн нэгжүүд ашиггүй гээд хаагдаад байхад татварын орлого 20 хувиар өсөж буй шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд ирэх жил  хуулийн дагуу олгогдох байсан хэчнээн хэмжээний зардал хасагдсаныг тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан, Энэ удаа төсөв алдагдалгүй байхад бодлого, зарлагаа төлөвлөсөн. Дараагийн том сорилт нь төсөв дотроо илүү үр ашигтай, бүтээмжээ нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төсөв танагдсан гээд зорилтоосоо ухрахгүй. Гэхдээ сөрөг дарамтууд, ачааллууд бол ирнэ. Засгийн газар эдийн засгаа хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэгт хичээж ажиллана хэмээн хариулав. Мөн тэрбээр, 2019 онд Татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш татварын хувь, хэмжээ өөрчлөгдөөгүй. Татварын өсөлтийн нэмэлт орлогууд нь экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь тэлэхээр татварын орлого бүрдүүлэлтэд огцом нөлөө үзүүлж байна гэсэн үг гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Түүнчлэн Сангийн сайд хариултдаа, Ирэх жилийн урсгал зардлыг нэмэгдүүлсэн 3.5 их наяд төгрөг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 26 хууль тогтоомжтой холбоотой. Мөн хууль тогтоомжид туссан ч төсөлд тусгагдаагүй 4.5 их наяд төгрөгийн зардал хүлээгдэж байна. Энэ удаа хасагдаж, хэмнэгдэж байгаа зардалтай холбоотой салбар салбарын долоон хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн долоон заалтыг нэмж, нийтдээ 250 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломж нээгдсэн гэдгийг онцолж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь төрийн эдийн засагт ачаалал үзүүлдэг данхайсан бүтцээ эргэн харах, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмждэг эрх зүйн орчинг шинэ нөхцөлд харах боломжийг олгож байна гээд Улсын Их Хурлаас байгуулагдах ажлын хэсэг төсвийн төсөлд няхуур ажиллаж, Байнгын хороо, Улсын Их Хурлаар шуурхай ажил хэрэгч хэлэлцэж батлах нь чухал гэсэн саналыг хэлсэн.

Мөн  хуулийн төслүүдийг дэмжсэн, дэмжээгүй эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, П.Сайнзориг, П.Мөнхтулга, О.Номинчимэг, Ж.Баярмаа, Х.Булгантуяа нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ  шат шатны төсвийн захирагч бүрийн төсвийн 0.5 хувийг утааны хордлогыг сааруулах, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэгт зарцуулах чиглэл өгөх, мөн улс орны хөгжлийн суурь асуудалд түлхэц өгөх тэр хэмжээгээр экспортыг дэмжих, импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлийг ажлын хэсэг барьж ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуульд олгодог хувьсах зардлыг гурван ээлжээр үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд болон дотуур байрны асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэх, яамдын үйл ажиллагаатай давхацсан комисс, үндэсний зөвлөл, хороо зэргийг татан буулгах ажлыг зоригтой хийх, Хөдөө аж ахуйн их сургуулийн тодорхой хэсгийг нүүлгэх гэх мэт санал хэлсний зэрэгцээ Улсын Их Хурал цаашид төсөв хэлэлцэхдээ ямар бодлого баримтлах вэ гэдэгт нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь  Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгчид бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.

Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.


Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Халзан Бүрэгтэй дээр хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй DNN.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас Халзан Бүрэгтэйн ордын талаар тодрууллаа.


-Халзан Бүрэгтэйн орд дээр салбар яамнаас ямар бодлого барьж ажиллах вэ?

-Сүүлийн үед дэлхий тодорхой шилжилтүүдийг хийж байгаа. Үүний нэг нь эрчим хүчний шилжилт, ногоон шилжилтүүд байгаа юм. Тэр ч утгаараа уул уурхайн салбарынхны ярианы 50 хувь нь чухал ашигт малтмал, газрын ховор элемент болчихоод байгаа. Халзан Бүрэгтэйн энэ орд бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон лицензийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр ард түмнээ буруутгамааргүй байна. Ямар нэгэн буруу зөрүү тайлбарыг хийгээд ураны агууламж өндөртэй, цацраг идэвхт юм гэсэн ойлголтыг өгснөөр ард түмэн ийм байдалд хүрсэн байж магадгүй. Гэвч бид дэлхийн чиг хандлага, газрын ховор элементээс таван жил алдахад л дэлхийгээс бүрэн хоцроод дахин ярих боломжгүй болно. Тэгэхээр Монгол Улс зөв ойлголтуудаа өгч, иргэдээ мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажлаа сайн хийх шаардлагатай байна. Халзан Бүрэгтэй дээр хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй.

-Хариуцлагын асуудал яригдах уу. Засгийн газраас нь бодлого гаргаад явуулах гэхээр нэг аймгийнх нь Засаг дарга жагсаал зохион байгуулаад хаалгачихдаг байдлыг яах юм бэ?

-Бид нэг тийшээ харж хөгжил яриад, нөгөө тийшээ хараад эдийн засгийг нэмэгдүүлэх салбараа муулаад байж болохгүй. Тэгэхээр ийм зөрчилтэй асуудлууд дээрээ ажиллах л хэрэгтэй байна. Салбар яамны зүгээс төслөө хамгаалах ёстой. Тийм ч учраас мэдээллээ өгөөд явж байгаа. Гэвч тухайн аймгийн хил дотор Монгол Улсад мөрдөгдөж байгаа 800 гаруй хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах л ёстой.

-Үүргээ биелүүлээгүй Засаг даргын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танай яамнаас оруулах боломжтой юу?

-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэвч салбарын сайдын хувьд тухайн Засаг даргатай уулзана л гэж бодож байгаа.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.05) хуралдаан 12 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурад уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон.

Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн болохыг тэрбээр дурдав.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгажээ.

Инфляц 2023 оны эцэст 7.9 хувь байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 7 хувь байгаа аж. Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар тооцон, хуулийн төсөлд тусгасан байна.

Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэсэн.

Улсын Их Хурлаас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.

Төсвийн зардлыг бууруулж байгаа нь зарим салбарын өсөлтийг хязгаарлах хэдий хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзсэн болохыг Л.Гантөмөр сайд танилцуулав. Тухайлбал, энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оноос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн потенциал хүчин чадлыг нэмэгдүүлэхээр байгаа аж.

Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүржээ. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давах тооцооллыг дурдсан. Ирэх 2025 онд бид 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг мөн давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс 9 орчим хувиар өндөр байгаа гэлээ.

Уул уурхайн салбар энэ оны эхний 3 улирлын байдлаар 11.4 хувиар өссөн байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбар өндөр өсөлттэй байх магадлалыг дурдсан. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний 3 улиралд 8.8 хувиар өссөн байна. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.

Эрчим хүчний салбар энэ оны эхний 3 улиралд 5.2 хувиар өссөн байна. Тус салбарт хэрэгжиж байгаа Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд нийт эдийн засгийн потенциал хүчин чадлыг дэмжинэ гэж тооцож байна. Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хөдөө, аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний 3 улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй байгааг Л.Гантөмөр сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Ирэх оноос хөдөө, аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж эхэлнэ гэж тооцож байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн байна. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь цаашид боловсруулах салбарын өсөлтийг дэмжих тооцооллыг дурдав.

Эдийн засгийн бодит салбарууд дээр бий болж байгаа дээрх боломжуудыг 2025 онд бүрэн ашиглаж, эдийн засгийн өсөлтийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувьд хүргэх зорилтыг хангах боломжтой гэж үзэж байгааг төсөл санаачлагчийн илтгэлийн төгсгөлд дахин тэмдэглэв.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна DNN.mn

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.12.05) Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буйгаараа энэ хурал онцлог болж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан” МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Б.Чимид агсан идэр залуу 30 гаруй насандаа Монгол Улсын их сургуульд хууль зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрчаар ажилласан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн хэмээн намтар түүхээс нь товч дурдаад, түүний оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд нь өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолж байна гэсэн юм. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанарыг түүний ном, зохиолоос хардаг тухайгаа тэмдэглээд, Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг Б.Чимид агсан нэр төртэй гүйцэтгэсэн гэлээ. Түүнчлэн, Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төрийн түшээдэд ухуулан таниулах, зөрүү буруу хэрэглэхээс сэргийлэх нь Б.Чимид агсны амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлсэн юм. Б.Чимид агсны охин Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх зорилгоор хууль зүйн судалгаа, шинжилгээ болон эрх зүйн салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Чимид сан”-гаас эрхлэн явуулдаг тэрхүү олон үйл ажиллагааны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. “Чимэд сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа хэлсэн үгэндээ, 2013 оноос зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аавынхаа 80, 85 насны ойгоор буюу 2014, 2019 онд олон улсын хурал болгон хийснийг дурдаж, эдгээр хурлуудад Монголын болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон Улсын эрдэмтэн судлаач нар оролцсон бөгөөд энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд АНУ, ХБНГУ зочин илтгэгчээр оролцож байгааг танилцуулав.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат, Төрийн шагналт, академич С.Нарангэрэл, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа. Илтгэгчид Б.Чимид агсны үйл хэргийн биелэл, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хандаж байсан түүний хандлага, Монголын хууль зүйг шинжлэх ухаан болон эрх зүйн боловсролд оруулсан хувь нэмэр, 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар амжилттай өрнүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр зэргийг онцлон дурслаа.

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг  хэлэлцлээ.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн.

Мөн хууль тогтоолын төслүүдийг яаралтайгаар хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 93 гишүүний 81 нь буюу 87.1 хувь нь дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхцэцэг: Эрх баригч нам сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактик явуулж байна DNN.mn

Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Дэлхийн маш олон оронд энэ жил сонгууль явагдаж байна. Эдгээрээс Азийн бүс нутгийн сонгуулиудын онцлог, үр дүнгийн талаар ярихгүй юу?

-2024 он сонгуулийн супер жил боллоо. Гурван тэрбум шахуу сонгогч оролцсон 80 орчим сонгууль дэлхий даяар болж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. Азид нэгдүгээр сараас томоохон сонгуулиуд эхлээд боллоо. Жишээлбэл, Японы сонгууль 2024 оны аравдугаар сарын 27-нд болсон байна. Монгол Улстай ардчиллаараа ойролцоо яваа улсуудын нэг Тайванийн сонгууль нэгдүгээр сарын 10-нд, Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болсон байна. Энэтхэгт Азидаа хамгийн том сонгууль зургадугаар сарын 1-нд, Индонезэд 204 сая сонгогч оролцсон том сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болсон байна. Монгол Улсын сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 29-нд болсон. Энэ мэтээр Азид сонгуулиуд шил шилээ дараад боллоо.

-Сонгууль бол ардчиллыг хэмжих эхний чухал хэмжүүр гэдэг?

-Ардчилсан тогтолцоог сонгуулиа хийж чадаж байна уу, ард түмнийхээ хүсэл зорилгод нийцсэн засаг бүрдэж чадаж байна уу, үгүй юү гэдгээр хэмждэг шүү дээ. Дээрх улсуудын жишээнээс үзвэл, сонгуулиуд харьцангуй гайгүй, хүчирхийлэлгүй, тайван болж өнгөрлөө. Монголын сонгууль ч тайван боллоо. Хоёрдугаар үзүүлэлт нь сонгогчдын ирц. Сонгуульд итгэж байгаа бол иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоно. Тэр үзүүлэлт манай бүс нутагт харьцангуй гайгүй байгаа нь харагдлаа. Монголд ч гэсэн урд жилүүдийнхээс буурсан ч гэлээ чамлахааргүй 69.8 буюу бараг 70 хувийн ирцтэй орсон. Япон хамгийн бага 53.8 хувь байсан. Индонез энэ бүс нутагтаа 71 хувьтай, Тайвань 71 хувьтай, манайхаас арай жаахан дээр байх жишээтэй. Өмнөд Солонгос 66.9 хувь, Энэтхэг 66.6 хувьтай, нийт 968 сая 821 мянган хүн оролцсон. Сонгогчид идэвхтэй оролцож байна гэдэг сонгуулийн үр дүнгээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна гэсэн үг шүү дээ.

-Сөрөг хүчнийг илүү дэмжсэн нь дэлхийн сонгуулиудын энэ жилийн нэг онцлог болов уу?

-Монголыг оруулаад сөрөг хүчнүүдийг дэмжиж, саналаа өгч байгаа байдал бүх улсад харагдаж байна. Жишээ нь, Японд болсон сонгуулийн тухайд ярихад, 2009 оноос хойш анх удаа эрх барьж байгаа томоохон нам анх удаа олонх болж чадсангүй. Тайваньд бас Ардчилсан намдаа илүү итгэл үзүүлэх байдал харагдсан. Хууль тогтоох байгууллагадаа эрх барьж байгаа нам нь төдийлөн хангалттай суудал авч чадаагүй байдал харагдсан. Солонгос маш сонирхолтой, одоогийн ерөнхийлөгчийнх нь нам олонх болж чадаагүй. Энэтхэгт Модигийн нам олон суудал авч чадсан ч гэлээ анх удаа сөрөг хүчний эвсэлд маш их суудал очлоо.

-Монголын хувьд?

-Эрх барьж байгаа нам 68 суудал авчихаад, бусад намуудад 58 суудал очсон. Өөрөөр хэлбэл, нийт суудлынх нь 46 хувь сөрөг хүчинд очиж байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт болж таарч байна. 2016 онд манай эрх баригч нам 65 суудалтай, нөгөөдүүл нь 11, 2020 онд 62, нөгөөдүүл нь 15 суудалтай гээд сөрөг хүчинд орон зай нэг их байхгүй байсан. Гэтэл 2024 оны сонгуулиар Монголын сонгуульд ижил хандлага харагдаж байна. Эндээс сонгогчид парламентын ардчилалд гүйцэтгэх үүрэг, ялангуяа сөрөг хүчний үүргийг чухалд үзэж байна гэсэн үг. Сонгуулийн дараа парламентад хамгийн их суудалтай гурван нам нэгдээд, эвсэл болсон. Хамтарсан засгийн газарт Ардчилсан нам 42, ХҮН нам 8 гээд, түрүүний хэлсэн 58 суудлаас 50 нь алга болчихож байгаа биз дээ. Сонгогчид түрүүн хэлсэн 46 хувийг нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэ гээд сонгосны дараа 6.3 хувь болгоод одоо бууруулчихаж байна.

-Саяхан та Азид болсон сонгуулиудыг дүгнэсэн томоохон уулзалтад оролцоод иржээ. Тэнд юуг онцолсон талаар ярихгүй юу?

-Үндсэн хуулийн эрх зүйчид, улс төр судлаачдын дугуй ширээний уулзалт болсон. Түүн дээр Азид ардчилал ухарч байна гэж дүгнэх үү, эсвэл урагшилж байна гэж дүгнэх үү гэдгийг олон талаас нь хэлэлцлээ. Нэг сонирхолтой жишээ яригдсан нь сөрөг хүчний оролцооны тухай асуудал байсан. Монгол, Индонез хоёрыг их сонирхолтой жишээ болгож ярилаа. Эрх баригч нам нь бараг стандарт бус хамтарсан Засгийн газар үүсгэсэн байна. Жишээлбэл, Индонезийн сонгуулийн үр дүнд найман нам парламентад орж ирсний долоо нь эвслийн Засгийн газартаа орсон байна. Монголд ч бас яг ийм ижил юм яваад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө эрх баригч намын зүгээс сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактик явуулж байгаа юм. Энэ нь ардчилалд тийм таатай юм биш.

-Улс төр судлаачдын хувьд сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактикийн талаар ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

-Тэд намыг артельчлах үзэгдэл буюу гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүйгээр эрх баригч намаа сөрөх чадваргүй болж байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний үндсэн чиг үүрэг нь бодлогын оновчтой алтернатив хувилбар олонход санал болгох, улмаар гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, шударга, үр ашигтай байдлыг хангах, төрийн байгууллагуудын болон албан тушаалтны зүгээс эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх үндсэн дээр нийтийн эрх ашгийг хамгаалах явдал юм гэж Олон улсын парламент хоорондын холбооноос гаргасан тодорхойлолт байдаг. Энэ үүргүүдээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь Монголд бас ажиглагдаж байна.

-Жишээ татаж ярихгүй юу?

-Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцэх явцыг бид харлаа. Ерөнхийлөгч бараг л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ. Сөрөг хүчний гол намаас мэдээж ганц нэг гишүүн маш их идэвхтэй байсныг хүмүүс харсан болохоор их дэмжлээ. Гэхдээ манай сөрөг хүчнүүд үүргээ хангалттай сайн гүйцэтгээгүй гэж хүмүүс нэлээд шүүмжилж байна. Дээрээс нь төсвийн хажуугаар яригдаж буй бас нэг асуудал бол Улс төрийн намын тухай хуулийг хойшлуулах асуудал. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрчлөлтийг дэмжихгүй, энэ хууль маш чухал, явж байх ёстой гэж байхад тус бүлгээс засагт орсон гишүүд эсэргүүцэж, дотроо нэлээд хуваагдсан байдал харагдаад байгаа юм. Яг эрх барьж байгаа намаас, Засгийн газраас гаргаж ирж байгаа үндэслэлүүдийг хэлээд, яг тэр намын хүмүүс шиг хуулийн төслийг дэмжсэн байдалтай явж байгаагаас алтернатив буюу өөр өөр бодлогын хувилбар, өөр өөр мэтгэлцээнүүд ажиглагдахгүй нэг талдаа гарчихаж байгаа юм. Эндээс сонгогчид ч мэдээлэл авахад их ойлгомжгүй болчихож байна. Парламент хэний төлөө ажиллаад байна вэ гэдэг нь ч эргэлзээтэй болчихож байгаа юм. Энэ нь парламентын төлөөллийн чанарыг дээшлүүлэх, парламентын ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх үүргийг илүү үр дүнтэй болгох гэсэн, өмнөх 2019 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад явсан олон том реформыг хойш нь чангааж, түүнийг саармагжуулаад байна уу гэсэн бодол надад байгаа юм.

-Манайд сөрөг хүчний нөлөөг багасгахын тулд ямар тактик хэрэглэж байна гэж үзэж байна вэ?

-Азийн дугуй ширээний уулзалт дээр яригдсан. Сөрөг хүчний нөлөөг багасгахын тулд ямар тактик хэрэглэж байна вэ гэхээр нэн яаралтай горимоор хуулийг олон нийтээр хэлэлцүүлдэггүй, мэтгэлцүүлдэггүй баталдаг тактик хэрэглэж байна. Энэ бас Монголд ажиглагдаж байна. 2020-2024 онд нийтдээ 260 хуулийг парламент баталжээ. Үүний 131 нь бие даасан хууль байсан байна. Энэ дотроос 13-ыг нь нэн яаралтай гэдэг горимоор баталжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мэтгэлцээн явагдах, олон нийт хэлэлцэх бололцоогүйгээр баталсан нь ажиглагдсан. Энэ бол ардчиллаас ухарч байгаа парламентуудын муу тактикийн нэг жишээ болж яригдаж байгаа юм.

-Сөрөг хүчний оролцоог хэрхэн хангах боломжтой вэ?

-Сөрөг хүчний оролцоог хангахтай холбоотой нэг тоо хэлье. УИХ-д бүлэг байгуулах тухайд яг сонгуулиас өмнөхөн яарч баталсан хоёр, гурван хууль байгаа. Түүний нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль. Энэ хуулинд үг хэлэх эрхийг нэлээн хязгаарласан заалт орж ирсэн. Уг нь үг хэлэх эрх УИХ-ын гишүүний гол эрх юм. Одоо хэн үг хэлэх вэ гэдгийг авсан суудлынх нь тоог харж байгаад, хувь тэнцүүлсэн байдлаар цаг хуваарилчихаж байна. Тэгэхээр цөөнхөд олдож байгаа цаг багасаад, бүлэгтэй цөөнхөд өөр, бүлэггүй цөөнхөд бүр хэцүү болчихож байна.

-Энэ хуулийг хэлэлцэж байхад иргэний нийгмийнхэн ихэд шүүмжилсэн санагдаж байна?

-Солонгост авсан суудлыг нь үндэслээд, үг хэлэх хугацааг нь хуваарилж өгч байгаа ч гэсэн гишүүндээ таван минут чөлөөтэй үг хэлэх эрхийг нь өгч байна. Өөрөөр хэлбэл, үг хэлэх эрхийг нь хязгаарладаггүй. Манайх олон улсад байхгүй зүйлийг хуульчилсан байна. Зөвхөн урьдчилж мэдэгддэг. Дүрэм зөрчвөл гишүүнээ үг хэлүүлэхгүй, хөөж гаргах гэсэн өндөр хариуцлага Дэгийн тухай хуулиндаа суулгаад өгчихсөн. Тэгэхээр яг ардчилсан парламент шиг ажиллаж чадах уу, үгүй юү гэдэг нь бас эргэлзээтэй болж эхэлж байгаа. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал байвал урьдчилж мэдэгдэнэ гэж байгаа. Гэтэл байнгын хорооны хурал хэзээ болох нь тодорхойгүй байж байснаа гэнэт болчихоор горимын санал оруулах бололцоогүй болдог, амьдрал дээр үнэхээр бидний дуу хоолойг хорьсон дэг болчихжээ гэдгийг УИХ-ын гишүүд өөрсдөө ярьж байна.

-Сөрөг хүчнийг хүчтэй байлгах ямар боломж бий вэ?

-Парламент дахь цөөнхийн оролцоог бид яриад байгаа юм. Бүлэг байгуулах босго бий. Үүнийг бас манай улс сонгуулиас өмнө өөрчилсөн. Хуучин 76 гишүүнтэй байхад 9 байсан, одоо 10 болгочихож байна. Үүнийг бид багасгах шаардлагатай. Намууд эвссэний дараа үлдсэн 6.3 хувь нь л сөрөг хүчин хийх гээд байна. Тэгэхээр манайд эд нарт ямар дуу хоолой хүргэх вэ, ямар эрх мэдэл өгөх вэ гэдэг асуудлыг нухацтай хэлэлцэхээс өөр арга байхгүй. Бүлэг байгуулах олон янзын бололцоо байна. Манайх 10 хувь гээд нэгэнт тогтсон бол зарим газар хуулийнхаа хүрээнд бүлэггүй гишүүд нийлж бүлэг байгуулах боломж олгож байгаа. Бүлэгтэй болно гэдэг чинь тодорхой хэмжээнд хүмүүс авч ажиллуулна, тодорхой хэмжээнд нөөц бололцоо, илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ. Тийм учраас их чухал.

-Одоогийн хуульд 10 хувь гээд туссан?

-Энэ нь 126 гишүүний 7.9 хувь байхгүй юу. Энэ босгыг бусад улсуудтай харьцуулж үзсэн. Канадын парламентын доод танхим 3.6, манай хамгийн их дуурайх дуртай Германы бундестаг таван хувь, Эстонийн парламент 4.9 хувь гээд уг нь гайгүй ардчилалтай явж байгаа улсуудын хувьд бага байгаа. Солонгосын хувьд 6.6 хувь. Тэгэхээр бид 7.9 гэдэг хувиа бууруулаад, бодит байдлаа харж байгаад, орж ирсэн цөөнхдөө бүлэг байгуулах хэмжээнд боломж олгох асуудлыг эргэж харах шаардлагатай гэх маягаар манай парламент цөөнхийн, сөрөг хүчний оролцоог ялангуяа хяналт тавих, үг хэлэх оролцоог хумих тактиктай хуулийн өөрчлөлтүүд явчихжээ гэж би дүгнэж байна. Дээрээс нь үүний ард бидний хамгийн их айж, эмзэглэдэг зүйл бол нийтийн эрх ашгийн талд биш, хоорондоо эвсэж үгсэж, улс төрийн явцуу зорилгоор илүү үйл ажиллагаа явуулдаг артельчлах үзэгдэл рүү бид ерөнхийдөө явж байх вий дээ гэсэн болгоомжлол байна. Бид арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт “Blue Mon”-д энэ олон тоо болон сонгуулийн үр дүнг харьцуулсан, эндээс гарах дүгнэлтүүдийг танилцуулсан үзэсгэлэн гаргаж байна. Улс төр судлаачдын цуврал ярилцлагууд явна. Улс төр сонирхдог, сонгуулийн үр дүн улс төрд яаж нөлөөлж байгаа дүн шинжилгээг сонирхож буй хүмүүс тэнд очоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
улс-төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 10 цаг 47 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.5 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолд Төсвийн байнгын хороо 12 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байв.

Хуралдаан Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

“Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх төрийн аудитын сэдэв”-ийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Б.Түвшин, Г.Дамдинням, Д.Батлут, Х.Булгантуяа, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын 25 тусгай сангуудын найм нь хуультай, 17 нь  журмаар зохицуулагддагаас төсвийн хариуцлага, сахилга бат сул байгаа тул төрийн аудитын хийж, үр дүнгийн тайланг сонссоны дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, нухацтай ажиллах шаардлагатай гээд Ахмадын санд аудит хийх учир шалтгааны талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Ахмад настны тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд Ахмадын сан байгуулах асуудал учир дутагдалтай, хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулах бөгөөд сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учир шалтгааныг тодруулахаар аудит хийнэ хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Оюутолгой” компанийн зээлийн ашиглалт, үр дүн, гэрээний хэрэгжилт гээд асуудлыг иж бүрнээр нь харж, анхаарах шаардлагатай талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Оюутолгой компанид төрийн аудит хийсэн. Аудитын баг тус компанийн үйл ажилгааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, тодорхой хэмжээний ам. долларын акт, албан шаардлага тавьсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, нефть боловсруулах үйлдвэрийн явц, зээлийн зарцуулалт, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалтад өмнө нь аудит хийсэн эсэх талаар тодрууллаа.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Я.Самбууням, Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудалд төрийн аудит хийгээгүй. Харин эрчим хүчний салбарын үнэ, тариф зохицуулалтын талаар 2019-2021 оныг хамруулсан аудитыг 2022 онд, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудлаар 2018-2020 оныг хамруулж Монголбанканд 2021 онд аудит хийсэн гэлээ.

Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  56.5 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Энэ хүрээнд  тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс “нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр” хэмээн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтииг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад Аль-Сауд-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон, айлчлалын хүрээнд яригдсан зүйлс эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслүүдийн талаар танилцуулж, эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Саудын Арабтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ханхүү Турки бин Мухаммад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоо ихээхэн байгааг онцолж, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.