Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуульд 2.238.360 иргэн саналаа өгнө DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль өгөх иргэдийн насны ангилалд хуваан танилцууллаа. Нийт санал өгөх насны 2238360 иргэн байгаа бөгөөд үүний

355533 нь 18-25 насны,

536079 нь 26-35 насны,

521594 нь 36-45 насны,

390942 нь 46-55 насны,

434212  нь 56 ба түүнээс дээш насны иргэн байна.

Ангиллаар нь авч үзвэл 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355533 хүн, харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна. Тэд санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив DNN.mn

О.Машбатын Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.

Санал хураалтад оролцон гишүүдийн 65.8 хувь нь дэмжсэн тул О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.29) хуралдаан 15 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр  томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажилласан нэр дэвшигч Р.Батрагчаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар захирамжаараа Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас хариулт авав. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 буюу 72.7 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Цэдэвийн Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ. Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ц.Цолмонг нэр дэвшүүлэхдээ онол, эрдэм шинжилгээний болон судалгааны ажлын мэдлэг ур чадвар, хууль тогтоох байгууллагад ажилласан туршлага, ур чадвар, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын түвшинд ажилласан туршлага болон шүүх байгууллагад ажиллаж байсан туршлагыг үндэслэн хууль зүйн өндөр мэргэшилтэй, улс төр, хуулийн салбарт ажилласан туршлага, онол, практикийн мэдлэг боловсролыг харгалзсан хэмээн Г.Занданшатар дарга танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ц.Цолмон нь нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Их Британийн Эксетерийн их сургууль, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд тус тус суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.

Тэрбээр ажлын гараагаа Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтнээр эхэлсэн бол 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа мэдлэг, туршлагатай нэгэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн энэхүү саналтай холбогдуулан гишүүд асуулт асуух, нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 11 гишүүний 6 нь Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Ц.Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Я.Содбаатар дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа хүргүүлсэн гэв. О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны 01 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ. Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасан “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга танилцуулав.

Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчийн танилцуулга болон нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Д.Цогтбаатар гишүүн үг хэлэв. Тэрбээр О.Машбатыг шаардлага хангаж буй мэдлэг, туршлагатай нэгэн гэдгийг тэмдэглээд “Хууль сахиулах үүргээ чандлан биелүүлж нягт, нямбай ажиллахын сацуу хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаарай. Хууль хяналтын байгууллагууд төрийн нэрээр хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдол олон байгаа талаар иргэд ярьж байна. Та хуулийн манаанд зогсохдоо хамт хүний эрхийн манаанд зогсох юм. Гэм буруутан бүр гарцаагүй ял шийтгэл хүлээдэг зарчим үйлчлэх ёстой. Гэсэн ч байнга хүний эрхийг хангах талаар бодож, анхаарч ажиллаарай”  гэв.

Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилохоор Монгол Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Хуулийн төслүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар ажиллажээ. Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 27, 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын 7 томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 22 санал, төслийн бүтэц нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг бэлтгэжээ. Энэ хүрээнд шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд үнэн бодит мэдээллийг авах боломжийг тэгш хангах зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа нь нууцын холбогдох хууль тогтоомжийг шүүхийн шатанд хэрхэн зохицуулах талаар уялдаа холбоог хангаж нарийвчлан тусгажээ. Шүүх Монгол Улсын шүүхийн тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байх төслийн зохицуулалтыг өөрчлөн найруулж, шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батлахаар, “шүүхийн цахим платформ” гэж шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон түүний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий үндсэн программ хангамж, техник хангамж, мэдээлэл, хуулийн сан, бусад бүрэлдэхүүн системийг хэлнэ гэсэн тайлбарыг төсөлд тусгах, Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.9-д заасан нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллийг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх, иргэд нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдаанд оролцох дэг журмыг баримтлан шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэх зэргийг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр /илтгэгч/, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нар хуралдсан байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг томилогджээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх маргааныг хэлэлцээд, гаргасан дүгнэлтийг Ц.Мөнхцэцэг гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчид … дараахь зүйлийг хориглоно:” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “…, үйлдвэрчний эвлэлийн …, үйлдвэрчний эвлэлийн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол …-ын үүднээс … олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт, тайлбар өгөв. Цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахад санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Д.Цогтбаатар дарга танилцуулав. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар
  • Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар
  • “”Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
  • “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Туршлагатай улстөрчид, чадварлаг пиарчид сониныг үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл хэмээн үзэж байна DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа далд байдлаар аль хэдийнэ эхэлсэн. Сурталчилгаанд нэр дэвшигчид сониныг түлхүү ашиглаж байна. Тэр дундаа туршлагатай улстөрчид сониныг төрөл бүрээр л ашиглаж байна. Учир нь айлаас айлын хооронд гар дамждаг, баттай эх сурвалж, сонгуулийн пиарт алга болохгүй ганц сурталчилгааны хэрэгсэл гэдгийг мэдсэн нэр дэвшигчид сонин руу шуурч байна. Сонгогчдодоо өгөхөд ядаж л гал түлж болох юм гэсэн хошин яриа хүртэл гарах вэ дээ.

Үүнээс гадна сонин бол хамгийн зардал багатай сурталчилгааны материал. Сонгогчдын сэтгэл зүйд үнэн бодитой мэдээлэл өгдөг гэдэг итгэл үнэмшил хэвээр хадгалаатай байгаа. Ийм л онцлогтой сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болж хувирлаа.

Пиарчид өнөөдөр юу гэж зөвлөж байна гэхээр сонин хэвлэлд гарах ярилцлага, сурталчилгааны материалуудаа зургадугаар сарын 10-наас өмнө маш хурдан бэлдэх хэрэгтэй хэмээх зөвлөгөөг өгч байна.

Хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 10-нд сонгуулийн сурталчилгаа эхлэхэд сониноор түгээх материалууд бэлэн, редакцууд дээр овоорох төлөв үүслээ. Тиймээс нэр дэвшигч бүр цаг алдалгүй сонины редакцуудтай холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Ер нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд сошиал орчинд сурталчилгааны цунами, үер болно.

Өнөөдөр ч энэ нь ажиглагдаж байна. Тэр цунами дотроос сонин л ялгарна. Үүнийг туршлагатай улстөрчид, олон сонгуульд орсон пиарчид ярьцгааж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан нам оролцохгүй нь гээд нэг хэсэг нь бөөн л хөөр болцгоож байх шиг байна. Уг нь ч баярлаад байх зүйл биш л дээ. Монголын ардчиллын түүчээлэл, дархлаа бүдгэрч, Монголын улс төрийн нэг тулах багана нурахын цондон л болж байгаа хэрэг.

Монголын эдийн засаг, улс төр, авлигын болоод ардчиллын индекс өнөөдөр ямархан түвшинд байгааг аливааг наанатай цаанатай боддог хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд тогтолцооны шинэчлэлийг хийлээ шүү дээ. Олон намын төлөөллийг хангах гэж, ардчилал, парламентын дархлаа, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг… баталгаажуулах гэж тэр.

Нөгөөтэйгүүр багагүй хугацаанд тун ярвигтай замаар туучсан Ардчилсан намын эв нэгдлийг монголчууд зүрх даран хүлээж суусан. Ардчилсан нам, ардчилал сэргэхийг тэсэн ядан хүлээж байсан. 2023 оны хоёрдугаар сард Дээд шүүх тус намын даргыг бүртгэхэд дан ганц АН-ын гишүүд дэмжигчид бус монголчууд нийтээрээ баяртайгаар хүлээж авсан. Ардчилсан нам одоо л нэг өндийх нь дээ гэж улс төр сонирхдог хэн бүхэн өндөлзөж суусан. Гэтэл нэр дэвшигчдээ тодруулах явц юу ч болчихов доо. Эв цавдаа нэгэнт орж чадсан хойно сонгуулийн тэр бүх ажлаа жин тан болгоод орохгүй дээ гэж нэг талаас урам хугармаар.

Нэр дэвшигчдээ тодруулж байгаа нүд халтирмаар гэмээр үйл явцыг олон нийтийн сүлжээгээр л нэг түгээж байна. Яахав, санаа зовниж харвал бас л байх шүүмжлэл, өнцөг мөн. Гэхдээ үнэхээр эргэлт, шинэчлэлийн төлөө ийн галтай, эртэй тэмцэж босч байна гэдэг сайхан талаас нь ч харахад нэг их буруудахгүй л байх. Яг энэ ир, оргилсон энэ үзэл бодлын болоод бусад тэмцлийн сууриас Ардчилсан нам л Монголд ардчиллыг авч ирж дээ гэдэг нь залуу үед анзаарагдам байлаа. Битүү, хаалттай, гишүүд дэмжигчдээ хайрцаглаж харизм, үзэл бодлын хувьд нунж дорой мэтээр хайрцаглаж байснаас шөвөлзөцгөөж босоод буруу зөвөө дэнсэлнэ гэдэг нь ардчилал гэж л цагаатгахаас.

Гэхдээ одоо бид болж өнгөрсөнд төвлөрөх бус Ардчилсан намыг сонгуульд оролцох эсэхэд л төвлөрөх хэрэгтэй байна. Учир нь монголчууд бидэнд энэ чухал. Бид чухал цаг үед, чухал улс төрийн хүчнийг тойргийн гадна орхиод “тоглоно” гэдэг юу гэсэн үг вэ.

Хэрвээ Ардчилсан нам сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг нэн тэргүүнд ойлгомоор байна. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдах манай төр засгийг дэлхий нийт хууль бус гэж үзнэ. Хууль бус Засгийн газартай хэн гэрээ хэлцэл хийх вэ. Наанадаж л бидний хүслэн болчихоод байгаа гадаадын хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх үү. Эсвэл зугтах уу. Олон улсын зээл тусламж, дэмжлэг, дэлхийн худалдааны гэрээ хэлцэл яаж өрнөх бол. Донор орнуудын байгууллагууд санхүүжилтээ хэрхэх бол… Мэдээж бүгд зогсоно. Энэ нь Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд сүйрлийн байдалд орж хоёр хөршийн дагуул орон болох нөхцөл бий болно.

Тиймээс Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй нь гээд гуяа алгадаад гүйх нь даруухан хэлэхэд баярлаад байх хэрэг биш. Яалт ч үгүй л Ардчилсан нам сонгуульд оролцох ёстой. Тэгэхгүй бол Монголын хувь заяа тусгаар тогтнол ардчилал “балартана”.

Ардчилсан намынхан ч өөрсдөө сонгуульд оролцох гэж зүтгэх хэрэгтэй. Танайх Монголын улс төрийн өнгөнд яваа, Монголын сонгогчдын жинтэй хувийг эзэлдэг, олон нийтэд сөрөг хүчин гэж хүлээн зөвшөөрөгдөөд хэдэн арван жилийг ардаа үдчихсэн учраас оролцох нь та нарын үүрэг. Үүргээ ухамсарлаж, биелүүлэх л хэрэгтэй. Тиймээс дотроо нэн тэргүүнд учраа олж үүргээ одоо биелүүлцгээ.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн Ардчилсан намыг оролцуулах талаар хичээж ажиллах хэрэгтэй байна. Мөн нэг нам давамгайлчихаад байгаа өнөөгийн УИХ үүнд анхаарах ёстой. Та 76 гишүүн бол улс орны ирээдүйн хувь заяаны төлөө ажиллана гэж тангараг өргөж олны итгэлийг авсан улс. Тиймээс улс төрийн тогтолцоотой холбогдохуйц, олон улсад нэр нүүр гарах энэ асуудалд маш өөриймсүү хандмаар байна. Болохгүй бол зарим хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Учир нь манай Сонгуулийн хууль их хатуу. Аль болох оролцуулахгүй байх заалттай. Тиймээс өнөөгийн УИХ дараагийнхаа төр засгийг хорлож болохгүй. Хорлох эсэх нь одоогийн УИХ-ын мэдэлд байна.

Ер нь энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш, Монголын ирээдүйн асуудал. Монголыг дэлхий нийт Азийн цээжин дэх ардчиллын баян бүрд хэмээн үнэлдгээ аль хэдийнэ зарлачихсан. Мэдээж Азийн цээжин дэх ардчиллын баян бүрдийн гол эзэн АН. Үүнийг ярихаар АН-ынхан ардчиллыг өмчиллөө гээд л олон тайлбар хийцгээдэг л дээ. Гэхдээ АН ардчилагч гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Яаж ч үгүйсгэсэн түүхийг арилгана гэж байхгүй шүү дээ. Бид муу хэлэхийн тулд АН-тай, АН-гүй болно гэцгээдэг. Үгүй. Бас ч гэж Монголын сонгогчдын жин дарах хувийн дэмжлэгтэй, хүний эрх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл, үзэл суртлын жанжин шугам болж яваа учраас хөгжсөн орнуудын үзэл санаа нэгт байгууллагууд АН-тай хамтарч ажилладаг юм шүү дээ.

Өнөөдөр АН-ын дарга АНУ-д эсвэл ХБНГУ-д юмуу, гуравдагч орон болох Япон, БНСУ-д яваад очиход яаж хүлээж авч, ямар яриа өрнөдөг билээ. Энэ УИХ-ын сонгуульд оролцох, гарын үзүүрт ойр байгаа Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам ч юмуу, Ардчиллын шинэчлэл нам ч гэдэг юмуу тэдний удирдлагууд очиж байв уу. Дэлхийд хөгжлөөрөө ноёрхож яваа орны, эсвэл гуравдагч хөршийн, бүр хөрш орнуудын аль намын, эсвэл улс төрийн өндөр дээд алба хааж байгаа хэнтэй нь уулзаж, ямар яриа өрнүүлж байсан билээ. Ардчилсан нам л энэ бүгдийг хийж чаддаг. Энэ Ардчилсан намын хүлээн зөвшөөрөгдөлтийн наад талын жижиг кэйс биш үү. Мэдээж бусад орны нэр нөлөөтэй үзэл санаа нэгтэй улс төрийн хүчнүүдтэй өндөр дээд түвшний харилцаа институци ихтэй гэдгийг хэн бүхэн мэдэх болохоор ингээд үлдээе. Эцэст нь дахин хэлэхэд, АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс АН дотроо учраа олж, бусад инситуциуд сонгуульд оролцуулах талаас нь ажилламаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Гадаадын 31 улсад байгаа 2459 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 31 улсад байгаа 2459 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.

Гадаад улсад байгаа сонгогч та Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхдээ

Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад дараах хаягт хандана.

https://consul.mn/news/c/162

Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ?

https://m-election.mn/news/6340 дэлгэрэнгүй мэдээллийг хаягт хандан авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.28/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага өнөөдрийн байдлаар 496 орон тоотойгоор 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагыг хамруулан гүйцэтгэл, нийцлийн аудит хийж байна. Манай улсын эдийн засаг өсөж байгаагийн хэрээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлж, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улсын төсвийн нийт орлого, зардал өсөн нэмэгдэж байгаатай уялдан төсвийн сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлага улам бүр ихсэж, төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын тоо, ажлын цар хүрээ өргөжиж, ажлын ачаалал нэмэгдэж байна. Тодорхой жишээ дурдвал, сүүлийн гурван жилийн дунджаас харахад нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 2.2 хүн өдөр зарцуулахын зэрэгцээ 200 гаруй гүйцэтгэл, нийцлийн аудит гүйцэтгэж, нэг аудитор 4.7 аудит гүйцэтгэж, аудит зарцуулах дундаж хугацаа 80 орчим хуанлийн хоног байгаа нь гүйцэтгэлийн аудитыг 90-180 хоногт гүйцэтгэдэг олон улсын жишгээс 2.6 дахин богино байна. Энэ нь аудитын үр дүн, илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна гэв.

Мөн хүний нөөц дутмаг байгаагаас шалтгаалан зарим санхүүгийн тайлангийн аудитыг хувийн аудитын хуулийн этгээдээр, гүйцэтгэл, нийцлийн аудитад мэргэшсэн инженер, нарийн мэргэжлийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах шаардлага байнга тулгарч байна. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан орон тоог 99 аудитороор нэмэгдүүлж, дээд хязгаарыг 585 болгох тооцоо, судалгааг хийсэн. Уг асуудал шийдэгдсэнээр хуульд заасны дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл сайжирч, аудитын илрүүлэлт нэмэгдэх, шат шатны төсвийн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан, Байнгын хорооноос 2025, 2026, 2027 он буюу гурван жилийн хугацаанд төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож өгч байгааг тодотгоод орон тоогоо нэмэгдүүлэхдээ ажилд нэмэр болох, аудитор хийх чиг үүргийн албан хаагчдыг авч чадавхжуулах, цаашлаад орон нутгийнхаа нэгжийн байгууллагын ачааллыг бууруулахад онцгой анхаарч ажиллах ёстой гэв. Мөн төрийн аудитын байгууллага орон тоогоо нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийг өглөө.

Дараа нь Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Оюунтуяа: Сонгогчдын санал нууцлалтай болохоор ямар нэг нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх хэрэгтэй DNN.mn

Сонгогчдын боловсролын төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.


-Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа. Энэ удаагийн сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Төөрч будлихгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлээд сонгуулийн системийг хуульчилж өгснийг бүгд мэдэж байгаа. Системийн тогтвортой байдлыг хангахад том шинэчлэл болсон. Ер нь аливаа сонгуулийн хуулийн шинэчлэлийг дандаа улс төрийн намууд, хууль тогтоогчид л хийгээд байдаг. Нөгөө талдаа саналаа өгдөг сонгогчдоосоо асуудаггүй, бас зөвлөлддөггүй. Сонгуулийн хууль шинэчлэгдсэний дараа манай төвөөс судалгаа хийж үзсэн л дээ. Нэг үеэ бодвол сонгогчид саналын хуудсыг яаж тэмдэглэхийг маш сайн мэддэг болсон. Харин тэд сонгуулийн системтэй холбоотой шинэчлэлийн асуудлаар мэдээлэл авахыг хамгийн их хүсч байна гэж хариулсан. Мөн улс төрийн намуудын болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй холбоотой мэдээллийг чухал гэж үзэж байна л даа. Өмнө “Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг олж үзье, нэр дэвшигчид юу амлаж байна харъя” гэдэг хандлага үнэхээр сул тааруу байлаа шүү дээ. Тэгвэл сонгуулийн системийн өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд сонгогчид намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг сонирхох хандлага дагаад сайжирч байна. Жишээлбэл, 2020 оны сонгуулиас өмнө Сонгогчдын боловсролын төвийн лавлах утсанд ирж байгаа дуудлагыг ангилж үзэхэд сонгогчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой нэр дэвшигчид, нам, эвслүүдийн амлалт нь улс орны хөгжлийн бодлого, алсын харааг юу гэж харж байгаа талаар тийм ч их асуулт ирдэггүй байсан. Тэгэхээр 2020 оны сонгуулиас эхлээд ялангуяа залуучууд маань улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалтыг нэлээд сонирхдог, сонгуулийг бодлого мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн гэж хардаг шинэчлэл ажиглагдаж байна л даа.

-Сонгуулийн тойрог томссонтой холбоотой иргэд, сонгогчид, нэр дэвшигчдэд ямар зүйл ажиглагдаж байна вэ?

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд манай улс холимог системийг хоёр дахь удаагаа хэрэглэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор нэг төвөгтэй зүйл нь гэвэл хоёрдугаар сарын 1-нд сонгуулийг товлон зарлахтай зэрэгцээд тойрог байгуулсан явдал.

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд орсон нэг өөрчлөлт нь системийн өөрчлөлт. Ерөнхийдөө 2020 онд сонгуулийг зохион байгуулж байсан хуулиараа үргэлжлүүлээд бид энэ сонгуулиа явуулах гэж байгаа. Уг нь сонгуулийн системтэй уялдуулж процедур нь хийгдэх ёстой. Гэтэл сонгуулийн процедур урьд нь хийгдчихсэн болохоор сурталчилгаа, улс төрийн намууд ямар дүрэм журмаар тоглох юм бэ гэдэг тэр бүх процесс нь өмнөх хуулиараа байгаа гэсэн үг. Гэтэл нэмээд тойрог байгуулж байна гэж дахиад орвонгоор нь эргүүлчихээр улс төрийн намуудад хүртэл сонгуульд орж өрсөлдөхөд нь төвөгтэй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэнэт тойрог томсгочихоор сонгуулийн кампанит ажлын хугацаа их давчуу болчихож байгаа юм.

-Сонгуулийн зардал нэмэгдэж байгаа. Мөнгөний сонгууль болох нь уу?

-Ер нь сонгуулийн зардлыг яаж тогтоох юм гэдэг дүрэм журам нь өмнөх хуулиараа хийгдэнэ. Тойргоо томруулчихаар сонгуульд зарцуулах зардлын мөнгөн дүн дагаас өснө. Уг нь Сонгуулийн тухай хульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гол үзэл баримтлал нь сонгуулийг мөнгөний нөлөөнөөс бага болгох юм шүү дээ . Нам эвсэл улстөрчид нас, хүйс, албан тушаалын хувьд сонгуульд өрсөлдөхдөө гарааны тэгш байдлыг хангахад хамгийн гол бэрхшээл учирч буй зүйл нь мөнгө санхүүжилтийн асуудал байна гэж үзсэн. Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа санхүүжилтийг бууруулна гэсэн. Тэгвэл эсрэгээрээ сонгуулийн тойргийг томсгож, санхүүжилтийг нэмэгдүүлснээрээ мөнгөний нөлөөг нэмэгдүүлэх гэж байна. Зарим тойрогт сонгогчдын тоо 200 мянга хүрч байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, амлалт, зорилтуудаа танилцуулах боломж хомс. Тогтолцооны хувьд ийм тулгуу байгаа нь мөнгөний хүчин зүйлээр л нөхнө. Тийм болохоор энэ сонгуульд мөнгөний нөлөө нэмэгдэх юм болов уу гэж харж байна.

-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа ямар онцлогтой болохоор байна?

-Анх удаа маш олон нэр дэвшигчид, улс төрийн намууд сонгуульд оролцох гэж байна. Мажоритар тойрог дээр нэр дэвшигчдийн тоо намуудаа дагаад нэмэгдэж таарна. Сонгуулийн сурталчилгааны хувьд маш богино зайд яаж үр дүнтэйгээр, хүртээмжтэйгээр сонгогчидтойгоо ажиллах вэ гэдэгт бэрхшээл гарч таарна. Магадгүй илүү цахим талбарт сонгуулийн сурталчилгаа голдуу явагдах болов уу гэж харж байна. Яагаад гэвэл дөрвөн аймгийн 40, 50 суманд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг боломжгүй. Нөгөө талдаа сонгогчид сурталчилгааны 18 хоногийн хугацаанд яаж улс төрийн нам нэр дэвшигчдийн талаар бүрэн мэдээлэл авах юм бэ. Сонгогчдын хувьд өдөрт 10, 20 нэр дэвшигчдийн материал судлахгүй бол амжихгүй. Тэгэхээр цахим байдлаар сонгуулийн сурталчилгаа нэлээд өрнөх байх.

-Сошиал бол хуурамч мэдээлэл, хар пиар хүчтэй цацагддаг талбар. Тэгэхээр сонгогчид үнэн, худалд яаж шүүлтүүртэй хандах вэ?

-Сонгогчдын хувьд яалт ч үгүй цахим дээр байгаа мэдээллийн эх сурвалжийг нягтлах тал дээр илүү хэрсүү байх хэрэгтэй болж байна л даа. Хуурамч мэдээлэл, сонгуулийн далд сурталчилгаа, бусдын нэр хүндэд халдах технологи сонгууль болгоноор л хэрэгждэг шүү дээ. Тухайлбал, албан тушаалтай буюу УИХ-ын 76-гийн хувьд гишүүний ажлын тайлангаа тавих нэрээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сонгогчидтойгоо уулзалт хийж л байна. Энэ нь сонгуулийн кампанит ажлын хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүст давуу тал бий болгож байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдалд гажуудал үүсч байгаа юм.

-Эцсийн бүлэгтээ сонгогчдод сонгох эрх нь байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл ухаалаг сонголт хийхийн тулд яах ёстой вэ?

-Сонгууль бол ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх боломж. Ирээдүйгээ сонгож байгаа маш том боломж гэж ойлгох хэрэгтэй. Иймд сонгогчид маань хариуцлагатайгаар, мэдлэгтэйгээр, мэдээлэлтэйгээр, шүүлтүүртэйгээр сонголтоо хийх ёстой. Хэдийгээр бид төлөөллийн зарчмаар өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлж байгаа ч тэр төлөөлөл нь миний ашиг сонирхолд нийцсэн чиг үүргээр ажиллаж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг харьцуулж судлах нь байна. Сонгуульд оролцож саналаа өгөх боломжоо эдлэхийн тулд сонгогчийн нэрсийн жагсаалтаа шалгах нь байна. Сонгууль гэдэг бол гоё ганган үг, амлалтаар уралддаг биш. Бодлого мөрийн хөтөлбөрөөрөө уралдах ёстой. “Ирэх дөрвөн жилд таны ажиллах хөдөлмөрийн орчин ямар байх юм. Эрүүл аюулгүй амьдрахын тулд та ямар боломжоор хангагдах юм. Хэдий хэмжээний татвар төлөх юм бэ. Танай хүүхдүүдийн сурч боловсрох чанар, хүртээмжийн асуудал яаж сайжрах юм” гэдэг нь зөвхөн таны саналаас хамаарна. Тэгэхээр энэ болгоны төлөө саналаа өгч байгаа гэдгээ ойлгох ёстой. Нэр дэвшигчдийн өнөө маргаашийн бэлэг сэлтэд хууртах биш. Сонгууль бол сонгогчдын хувьд эрх баригчидтайгаа хариуцлага тооцдог нэг хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, одоогийн эрх баригчид үнэхээр таны амьдралыг сайжруулсан таатай бодлого хэрэгжүүлж байна гэж үзвэл үргэлжлүүлэн сонгоод итгэл үзүүлж болно. Хэрэв эд нар үнэхээр ажиллаж чадсангүй гэж бодож байгаа бол цэг тавиад хариуцлага тооцож болдог.

-Нийт сонгогчдын масс нь нийслэлийн гэр хорооллын иргэд, хөдөөгийн малчид байна. Тэгвэл улстөрчид, нэр дэвшигчид тэдэн рүү чиглэдэг. Тухайбал, хорооны хэсгийн ахлагчид амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хүнсний талоноор нь хязгаарлана гэж сүрдүүлдэг ч юм уу. Эсвэл төрийн албан хаагчдыг ажил албан тушаалаар нь барьцаалж санал авахыг оролддог хандлагын талаар бишгүй яригддаг. Тэгвэл сонгуулийн дүнд жин дарах тэр том массын сонгогчдын боловсрол дээшилсэн болов уу?

-Энэ бол сонгогчид боловсролгүй, мэдээлэл дутмаг байгааг нь ашиглаж маневлаци хийж байгаа хэлбэр шүү дээ. Сонгогчдыг төөрөгдүүлж, айлган сүрдүүлж байна. Эсвэл саналыг нь хуурч авах гэж байна гэсэн үг. Сонгуулийн үйл явц ил тод байдаг ч гэсэн нууц байдаг ганц зүйл нь та хэнд, ямар улс төрийн намд саналаа өгч байгааг танаас өөр хэн ч харах, мэдэх боломжгүй. Тэгэнгүүт хүмүүсийг “Санал авах байранд суурилуулсан камераар хэнд саналаа өгч байгааг чинь харна шүү. Саналын тооллогын машин өөрөө эрэмбэлээд бүртгэлийн хуудасны дугаараар чинь чамайг олчихно” гэж хуурдаг ч юм уу. Тийм ямар ч боломж байхгүй. Сонгогч нэрийн жагсаалтад гарын үсэг зураад санал бэлтгэх бүхээгт орно. Дараа нь таны бөглөсөн саналын хуудсыг машинаар уншина. Тэр бүх үйл явцад таны санал нууцлалтай, аюулгүй байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Та өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх ёстой. Сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн үндсэн зарчим бий. Таны чөлөөтэй сонголтоо хийх энэ эрхэд хэн нэгэн айлгах юм уу, авлига өгөх замаар нөлөөлж болохгүй гэдэг зарчим. Таныг саналаа нууцаар өгөх бүх боломжийг сонгуулийн байгууллага хангаж ажилладаг. Мөн сонгуулийн санал авах үйл явц, сонгогчдын саналыг нууцалж чадаж байна уу гэдгийг хөндлөнгийн байгууллагууд, сонгуульд оролцож буй улс төрийн намууд гээд маш олон нүд харж, ажиглаж байдаг учраас сонгогчид ямар нэг айдасгүйгээр, дарамт шахалтгүйгээр өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх боломжтой. Ийм боломжтойг сонгогчид мэдчих юм бол саналыг чинь худалдаж авах гэж оролдохгүй шүү дээ. Хэрэв хийдэг ажил, төрөөс авдаг нийгмийн халамж, туслалцаагаар чинь барьцаалж байгаа бол таны саналыг худалдаж авах гэж оролдож байна гэсэн үг. Хэрэв сонгогчид саналаа худалдах юм бол өөрсдийнхөө ирээдүйг, өөрсдийнхөө амьдралыг арилжаалж байгаатай адилхан. Нэгэнт таны саналыг худалдаж авах гэж байгаа хүмүүсээс бид сайн үр дүн, шударга ёс хүлээгээд хэрэггүй.

Ямар нэг байдлаар сонгогчдын саналыг худалдаж авах оролдлогууд хийсээр ирсэн нь худлаа биш. Яалангуяа сонгуулийн үед улсын хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн мега төслүүдийг явуулна гэх нь элбэг. Энэ бол сонгогчдыг амлалтаар хуурч буй хэлбэр. Тэгэхээр сонгогчид маань худал, хууль зөрчсөн амлалтуудад маш шүүлтүүртэй, хэрсүү байх хэрэгтэйг дахин хэлмээр байна.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санал гээгдсээр ирсэн. Явуулын хайрцгаар санал авах боломжтой юу?

-Сонгуулийн тухай хуульд сонгогчдыг саналаа өгөх уян хатан, олон янзын хувилбар байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхийн үндсэн хаяг дээр санал өгнө гэдэг ганцхан зохицуулалттай. Энэ бол маш хатуу шаардлага. Яагаад гэвэл сонгууль зуны дэлгэр цагт болдог. Амралт, зугаалгын цаг шүү дээ. Хамгийн чухал нь эдийн засаг идэвхждэг үе. Манай хөдөлмөрийн зах зээл дулааны улирлын чанартай байдаг. Зам тээвэр, уул уурхай, барилга, газар тариалан гээд ажлын байрууд олноор бий болдог. Үүнээс улбаалаад сонгогчдын оролцоонд тодорхой хэмжээнд асуудал үүсдэг. Дээр нь Хөдөлмөрийн тухай хуулиар уурхайн ажилтнууд 14:14 хоногоор ротын зохион байгуулалттай. Тэгэхээр өөрийнхөө үндсэн хаяг дээрээ саналаа өгөх хуулийн шаардлагатайгаа нийцдэггүй. Энэ нь маш олон тооны сонгогчид саналаа өгч чадахгүйд нөлөөлдөг. Том зургаараа сонгогчдын ирцэд ч нөлөөлдөг. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент аль болох олонхыг төлөөлөх ёстой. Гэтэл сонгуулийн ирц дөнгөж 50 хувьдаа хүрч байна. Энэ нь нийт улсынхаа 50 хувийн ашиг сонирхлын хүрээнд хууль тогтоох байгууллага бүрдэж байна гэсэн үг. Аль болох сонгогчийн ирц өндөр байх тусам ардчилал, олонхын хүсэл зорилго, олон ургалч үзэл маань парламнетад очиж тусгалаа олох ёстой. Тэгэхээр энэ тал дээр эрх зүйн хувьд дорвитой шинэчлэл хийхгүй бол техникийн энэ амьдралын технологийн хурдтайгаа сонгуулийн порцедур нийцэхгүй байна. Энэ нь эргээд сонгогчдыг сонгуульд оролцох боломж олгохгүйд хүргээд байна. Зөвхөн нэг шалтгаан нь уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн байна.Томоохон уул уурхайд гэхэд 90 мянга орчим хүн албан ёсоор ажиллаж байгаа судалгаа бий. Тэдний 90 хувь нь эрэгтэйчүүд. 80 хувь нь 18-40 насныхан байгаа. Яг саналаа өгөх ёстой нийт сонгогчдын дотор 44 хүртэлх насны сонгогчид 63 хувь байгаа юм. Сонгуулийн үр дүнд нөлөөтэй эдгээр насны бүлэг амьдралын шаардлагаар олон удаа шилжилт хөдөлгөөнд ордог. Үүнээс үүдэн үндсэн хаяган дээр санал өгөх ёстой гэдэг шаардлагаас болж залуус сонгуульд санал өгөхөд төвөгтэй байдал үүсдэг юм уу гэж хардаг.

Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Дөрвөн жилд ганц удаа олддог засгийн эрх барих эрхийг хэрэгжүүлэх өдөрт зориулж төр тусгайлан арга хэмжээ авч байгаа хэлбэр. Мэдээж сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа байгууллага байх юм бол удирдлага нь заавал ажилтнуудаа санал өгүүлэх үүрэгтэй гээд хуульд заасан. Тэгэхээр байгууллагын удирдлагууд сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой.

-Жил ирэх тусам сонгогч-дын ирц буураад байна. Яаж дээшлүүлэх вэ?

-Хүмүүс сонгуулийн маргааш нь “Юу болчихов оо” гээд гайхцгаадаг. Тэгж хэлэхгүйн тулд бүгдээрэ санал авах байр руу очих ёстой. Очсоноос илүү очихгүй байгаа нь сонгуулийн үр дүнг шийддэг гэдэг. Хариуцлагагүй улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар гарч ирдэг нь худлаа биш. Тэгэхээр бүгдээрээ очиж саналаа өгөхийн төлөө хичээцгээе. Ер нь ирц буурч байгаа нь бүхий л улс орнуудад ажиглагдаж байгаа зүйл. Ялангуяа ковидын дараа болж буй сонгуулиудад ирц буурч байна. Ер нь сонгуулийн санал авах уламжлалт хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгогчдын хувьд сонгуульд оролцох нь бэрхшээлтэй, хүртээмжгүй байж болохгүй. Тэгэхээр сонгуульд оролцох боломж нь хүртэл сонгогчидтойгоо ойртсон ээлтэй хүртээмжтэй, тенологид суурилсан илүү хялбар байх тал дээр шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг шинжээчид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна л даа. Бид өнөөдөр сонгуулийн холимог системийг хэрэглэж байна. Ядаж шилжин суурьшсан байгаа сонгогчдын хувьд үндэсний хэмжээний улс төрийн намуудыг жагсаалтад орж байгаа пропорциональ системд саналаа өгөх боломжоор хангагдах ёстой. Жишээлбэл, Өмнөговь аймгийн сонгогч Өвөрхангайд саналаа өгөх боломжгүй байлаа гэхэд улс орон даяар бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж байгаа Улс төрийн намын жагсаалтад саналаа өгөх эрх нь бүх иргэдэд адилхан байж болохоор. Энэ бол техникийн болон зохион байгуулатлын л асуудал. Сонгогчдын хувьд өөрийнхөө хувь заяаг өөр хүнээр шийдүүлэхгүйн тулд санал авах байр руу эрт очоорой гэж захимаар байна. Яагаад гэвэл сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчдын хувьд хоёр саналын хуудас бөглөнө. Арван мандаттай тойрогт 10 нэр дэвшигчийг олж, дугуйлж тэмдэглэнэ гэдэг бол сонгогчдоос нэлээд анхаарал, хугацаа шаардана. Санал авах байр хаагдах үед ачаалал үүсэх эрсдэлтэй. Тиймээс аль болох эртхэн очиж саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы өнөөдрийн /2024.05.28/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 “Их Эзэн Чингис хаан”